Sunday, 10 December 2017
Friday, 16 December 2016
Power Shift
Эрх мэдлийн шилжилт
1990
онд Алвин Тоффлер “Power Shift” буюу “Эрх Мэдлийн Шилжилт” номоо гаргав. Уг
номонд эрх мэдэл гэдэг зүйл хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн 3 зүйлсээр
дамжин хүмүүс хооронд шилждэг гэжээ. Мэдээж хүй нэгдлийн үеэс эхлүүлээд саяхныг
хүртэл хүмүүс булчин шөрмөс, буу зэвсэг дээрээ дулдуйдан эрх мэдлийг бусдаас
хүчээр булаан авдаг байв. Хүйтэн дайны оршил ба одоог хүртэл том гүрнүүд цөмийн
зэвсгээр хөөцөлдөж буй нь нэгийг хэлнэ. “Мөнгөөр
асуудлыг шийдэж болж байвал тэр бол асуудал биш” гэсэн Еврэй хэлц үг
байдаг. Мөнгөтэй, эд баялагтай хүмүүс өөрийнхөө нийгэм ба дэлхийн бодлогыг
тодорхойлоход шууд болон шууд бусаар оролцдог. Харин өдгөө мэдлэг нь эрх
мэдлийн шилжилтийн гол цөм рүү улам бүр дөхсөөр л байна. Учир нь мэдлэг үгүй
бол технологи үгүй, технологи үгүй бол мөнгө байхгүй.
Star Power
1960
онд бий болсон “Star Power” гээд тоглоом бий. Дүрэм нь дөрвөлжин, дугуй,
гурвалжин гэсэн нийгмийн 3 бүлэгт тоглогчдийг хуваан хооронд нь арилжаа
хийлгүүлнэ. Тоглогч бүрт тоглоом эхлэхэд тав таван чип өгөх ба энэ таван чип нь
өөр өөр үнэлгээтэй байна. Оролцогчид аль болох хувийн баялгаа арилжаа хийх замаар
өсгөж, тэр хирээр нийгмийн статусаа дээшлүүлж дөрвөлжин бүлэг рүү орох
зорилготой. Тоглоомын эхний дүрмүүдийн нэг нь ямар ч үнээр хамаагүй хоорондоо
тоглогчид заавал арилжаа хийнэ. Гэхдээ арилжаанд оролцох мөч хүртлээ нөгөө
хүндээ чипээ үзүүлэх ёсгүй. Манайхаар бол нударган дотроо наймаа хийнэ гэсэн
үг. Мөн нийгмийн 3 бүлэг бүрт ялгаатай үнэлгээ бүхий бонус чипийг олгох ба
бүлгийн гишүүд хоорондоо хэлэлцэн санал хурааж хэндээ тэр чипээ өгөхөө шийднэ.
Арилжаагаар болон бонусын чипээр хувийн оноогоо ахиулж, эд баялгаа арвижуулсан
хүн нь нийгмийн дараагийн дээр хэсэг рүүгээ шилжинэ. Хэдэн удаагийн арилжааны
дараа хамгийн баян бүлэг нь (Дөрвөлжин бүлэг) тоглоомын бүх дүрмийг хүслээрээ
өөрчлөх эрхтэй болно.
Шударга бус байдал
Дээрх
тоглоомын дүрмээр хүн болгон хувийн оноогоо нэмэгдүүлж дөрвөлжин бүлэгт орохыг
эрмэлзэнэ. Учир нь дөрвөлжин бүлэг шийдвэр гаргаж тоглоомын дүрмийг тэр чигээр
нь өөрчлөх эрх мэдэлтэй. Тэр шийдвэр гаргагчдын бүлэгт орохгүй л бол ихэнх хүнд
хэн ч биш санагдана. Арилжаагаа өөртөө ашигтай хийхийн тулд оролцогчид яваандаа
бие биенээ хуурч эхэлнэ. Мөн бонус чип авахын тулд бүлгийнхээ хүмүүст амлалт
өгч, бонусаа өөртөө өгөхийг ятгаж гуйж, аргадаж, айлгах ч хүмүүс байна. Ингэж
дээшээ буюу элит хэсгийн дөрвөлжин бүлэг рүү явсан ихэнх хүмүүс хуучин бүлгээ
мартдаг болохыг тоглоомноос та харна. Хамгийн гол нь шийдвэр гаргах элит бүлэг
буюу дөрвөлжин бүлэг нь тоглоомын бүх дүрмийг өөрсөддөө ашигтайгаар орвонгоор
нь өөрчилнө. Жишээ нь, бонус чипийг хэн хэзээ хэнд хуваарилах, хэн хэнтэй
арилжаа хийх, үл хийх, дөрвөлжин бүлгийн гишүүд бусад бүлгийн хэнтэй ч
арилжаанд орохгүй байх, орвол нийлж байгаад хамгийн өндөр үнэлгээтэй чипийг
бусад бүлгээс цуглуулж хуу хамж бусад бүлгээ улам хүчгүй, эрх мэдэлгүй болгох
гэх мэт. Энэ нь хэдийгээр тоглоом мэт боловч эдийн засаг, нийгэм, улстөрийн
бүхий л асуудлыг бид шийдэж буй загвар юм. Энэ тоглоомны өмнө гоё юм ярьдаг,
сайхан дүртэй хүмүүс тоглоомны дараа бүгд нүүрний багаа хуулсан байдаг.
Тэгш бус байдал
Өнөөдөр
дэлхий даяар тулгамдаад буй хамгийн том асуудал бол тэгш бус байдал. Кредит
Суиссе 2016 оны байдлаар дэлхийн баялгийн пирамидийг зуржээ.
Энэхүү
тайлангаар бол дэлхийн насанд хүрсэн нийт хүн амын ердөө 0.7% буюу 33 сая хүн л
дэлхийн нийт эд баялгийн тэн хагасыг нь буюу 116 их наяд ам.доллартай тэнцэх
баялгийг эзэмшдэг. Гэтэл 3.5 тэрбум хүн нөгөө үлдсэн дэлхийн тал баялгийн
дөнгөж 2.4% дээр нь тоглож байна. Үлдсэн 1.25 тэрбум (насанд хүрсэн хүмүүсийн
26%) орчим хүмүүс 10,000-1,000.000 долларын баялагтай ажээ. Эндээс баян ядуу
болон тэгш бусын ялгаа улам алсарч буйг бид харж байна. Зарим хүмүүс энэ 1%
хүрэхгүй баян хүмүүс л үлдсэн 99%-иа тэжээж буй гэж нотлохыг хичээдэг бол зарим
хүмүүс эсрэгээрээ 99% нь 1%-г тордож байна гэж маргадаг.
Азийн Африк Монгол
Бид
саяхныг хүртэл муу муухай, бүтэлгүй юм болгоныг Африк тивийн улсуудтай
зүйрлэдэг байв. Хэдхэн жилийн өмнөөс Африкийн улсууд ялангуяа уул уурхайн
бүтэлгүй бизнес, геополитик, авилга, засаглалын муу жишээгээр Монголыг сонгож
авч зүйрлэн бие биедээ хичээл заадаг болжээ. Хүн болгонд байгалийн өгөгдөл
өөрөөр хүртээгддэг хэдий ч шийдвэр гаргагчдын хувьд алсыг харсан, нийгмийн
бүхий л бүлгүүдийг хамруулсан оновчтой шийдлийг өөрийн гэр бүл, эд баялгаа
бүрэн золиолж биш юм аа гэхэд авах гээхийн ухаанаар хандан гаргахад бэрх
бололтой. Тоглоом тоглосон олон хүмүүсийн байгалийн реакц нь хичнээн ухаантай,
мундаг, боловсролтой байснаас үл хамааран дөрвөлжин бүлэг буюу шийдвэр гаргадаг
бүлэгт орсон л бол шууд арьсаа хамгаалах тактик руу шилжиж байв. Бусдыгаа бодох
ёстой, шударга бусаар тоглох ёсгүй гэж дөрвөлжин бүлэг дотроо дуугарсан
гишүүдийг бүлгийн бусад аажим аажмаар маш ухаалгаар бүлгээрээ шахан хөөн
гаргахыг та бас харах болно. Энэ бол савраа нуусан муур шиг бидний байгаа л
царай.
Мэдлэг
Нийгмийн
тэгш оролцоо, идэвхитэй байх эсэх нь үнэхээр хувь хүний өөрийнх нь асуудал.
Харин нийгмийн баялгаас хүртэх, шийдвэр гаргах процесст оролцох тэгш бололцоогоор
хангах бол төрийн үүрэг мэт. Энэ том үүргийг хангах институцийг сонгох бүрэн
эрх мэдлийг бид хэний янаагүй 4 жилд нэг өдөр л атгадаг. Харамсалтай нь бид эрх
мэдлийн шилжилтийг мэдлэг бус эд баялаг, поп амлалт, цаашилбал хүчирхийллийг
сонгон голцуу хийх гээд байх. Саяхныг хүртэл ерөнхийлөгчийн үзмэрч гэдэг албан
цолтой төрийн далдыг харагчтай байсан бид Марз ууланд онгоц осолдоход онцгой
байдлын албаа ашиглахаас илүү нисдэг тэргэнд 30 гаруй үзмэрчдийг чихэн суулгаад
хайхаар одож байв. Одоо хүртэл бурзай бурзай гээд сошиал медиагаар могой,
мөнгөний зураг лайкдаад баяжина гэж итгэдэг, хоосон түрийвчээ даллаад УБ
паласыг дүүргэдэг, “боов” хадан дээр мордоод нөхөртэй, хүүхэдтэй болно гэж
жинхнээсээ мөрөөддөг, шүүх хурал болохын өмнө шөнө бүх лам хардаг хүмүүсийг
завгүй байлгадаг, улсын шалтгалтын өмнөх өдөр гандан дээр шавах оюутан
залуустай хэвээр л байсаар байна. Жил гараны л өмнөдөө цэнгэлдэх хүрээлэндээ
бид их эзэн Чингис хааныхаа хойд дүрийг тодруулан алдаа биз дээ (нээрээ хэн
тодорсон бэ?). Бид нэгэнтээ бичиг үсэгт тайлагдсан байдлаараа цагтаа ЮНЕСКО-с
шагнал авч байсан. Харин одоо уншсан юмаа яг ойлгож байна уу гэдгээ дахиад нэг
ЮНЕСКО-гоор шалгуулмаар мэт. Мэдлэг агуулдаг ном бидний хувьд “Мэддэгт мэргэн
цоохор, мэддэггүйд эрээн цоохор” бус “Мэддэггүйд нь мэргэн цоохор, Мэддэгт нь
эрээн цоохор” болоод удаж байнам.
Sunday, 27 November 2016
Globalization is good but...
Даяарчлал бидэнд эерэг нөлөө үзүүлж буй. ГЭХДЭЭ …
Таны бодлоор төрөл бүрийн салбарын
лидерүүд, нийгмийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын хувьд ирэх 5-10 жилд тэдний
үйл ажиллагаанд нь шууд нөлөөлөх гол хандлагууд юу юу байхаар байгаа бол?
Миний
бодлоор хоёр зүйл байгаа. Хүн амзүйн өөрчлөлт ба технологийн шинэ чиг
хандлагууд. Эдгээр өөрчлөлтүүд чөлөөт өрсөлдөөний орчинд юм болгонд, дэлхийн
хаана ч бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж байсан хамаагүй хүн болгонд шууд
нөлөөлж байна. Ирээдүйн манлайлагчид, шийдвэр гаргагчид энэ нөлөөллөөс ангид
байж чадахгүй.
Хүмүүс
яагаад ангид байж болохгүй гэж асуух байх. Би одоо хэлэх гэж буй санаануудаа яг
арван жилийн өмнө хэлж байсан. Тухайн үедээ магадгүй сонирхолгүй сонсогдож
байсан байх. Харин энэ сэдэв өөрөө өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон маш чухал
сэдэв нэгэнт болчихлоо.
Хамгийн
эхний асуудал бол хүн амын чөлөөт хөдөлгөөн буюу шилжилт, урсгал. Залуучууд
дэлхийн хүссэн газар руугаа явж ажиллаж, амьдарч байна. Зарим ажил олгогч нар ч
ийм хөдөлгөөнийг залуу ажилчдаасаа шаарддаг. Өөрөөр хэлбэл залуу манлайлагчид,
ирээдүйн шийдвэр гаргагчид маань өөр өөр улсад сурч, ажиллаж, амьдрах, ялгаатай
соёл, шашнуудыг хүлээн зөвшөөрөх, бусад үндэстнийг ойлгох, хүндлэх, тэс өөр
соёл бүхий компаниуд янз бүрийн албан тушаалд ажиллаж туршлагажаад эхэлсэн. Тэд
давхар иргэншил авах, өөр улсын түр болон байнгын оршин суугч болох зэргээр
хуулийн хүрээнд боломжит бүх давуу талуудыг өөрсөддөө бий болгож чадаж байна.
Өөрөөр хэлбэл чи ямар ч улсын иргэн байсан хамаагүй даяар дэлхийтэй л хөлөө
хэрхэн нийлүүлж алхахаас чиний ирээдүйн манлайлал, бусдад нөлөөлөх нөлөөлөл
шууд хамаардаг нийгэмд бид амьдарч байна.
Хүмүүсийн
шилжилт хөдөлгөөний асуудал компани, бизнесийн түвшинд ч нөлөөлнө. Яагаад вэ
гэвэл ажилчдынхаа тогтвор суурьшилтай ажиллаж буй байдал, компанидаа үнэнч буй
хэмжүүрээр хамгийн өндөрт тооцогдож эрэмблэгддэг бүх глобал компани ажилчидаа
дэлхий даяар ээлжлэн хуваарилан томилж, тэднийг ялгаатай соёл, орчинд дасган
сурган хөгжүүлдэг. Хэрвээ та хүмүүсийн ажилд орж ажиллахыг хамгийн их хүсдэг,
ажилчдынхаа компанидаа үнэнч байдлын индексээр тэргүүлдэг дэлхийн топ 100
компанийн жагсаалтыг харвал McKinsey, Mars, Novartis, Google зэрэг компаниудтай
тааралдана. Яагаад гэвэл эдгээр компанид ажилчиддаа байнга хөрөнгө оруулалт
хийдэг. Жишээ нь, мастерийн зэргээ хамгаалж сурахад нь төлбөрийг нь төлдөг,
хилийн чанад руу ялгаатай соёл, нийгэм рүү томилолт өгч ажиллуулж сорьдог гэх
мэт. Ийм учраас л эдгээр компаниуд нь өөрөө ажилчдынхаа айдентити буюу ялгарал,
ондоошил нь болсон байдаг юм. Залуу манлайлагчдын амжилтын нэг жор нь энэ.
Хоёр
дахь асуудал бол үнэхээр технологийн асуудал. Яг одоо бол бүтээгдэхүүн хариуцсан
менежерүүд бүтээгдэхүүн хөгжүүлэгчдээсээ өндөр цалин авч байгаа. Код бичдэг
залуусыг маркетинг, борлуулалтын залуустай харьцуулахад бага хөдөлмөрлөж буй
мэт ойлголт байдаг. Учир нь зөвхөн маркетингийн хүмүүсээс л мундаг санаа гардаг
гэсэн ойлголтоос гадна маркетингийн залуус зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас
бизнест ханддагаас үүдэлтэй. Энэ хандлага бага багаар аль хэдийн өөрчлөгдөөд
эхэлсэн. Алсдаа технологи нь хүн бүрийн суурь хэрэглээ болно. Ингэсэн цагт технологи
хэрэглэгчээс илүү технологи үйлдвэрлэгч нь илүү хүчтэй болно.
Олон
хүмүүс ирээдүйн гол хоёр хэл Англи ба Хятад хэл байх болно гэж үздэг. Миний
эхнэр үүнтэй санал нийлдэггүй. Түүнийхээр бол ирээдүйн даяар голлох хоёр хэл
бол Англи хэл ба Код байх юм. Мэдээж Хятад хэл бол маш чухал. Хэдэн арван сая
хүмүүс жил бүр Хятад хэлийг эхлэн суралцаж байгаа ч тэд яг Хятадын соёл, үндсэн
хөрс дээр нь бууж чадах уу гэдэг нь тусдаа асуудал юм. Иймээс код сурсан нь
дээр гэж зөвлөж байна. Код буюу технологийн хэл нь яваандаа хүн бүрийн
хэрэглээ, хоорондоо харилцах үндсэн хэл нь болно. Иймээс ирээдүйн манлайлагчдын
амжилтын хоёр дахь жор нь технологи гэж би хэлнэ.
Гурав
дахь хандлагыг би нэмж хэлмээр санагдлаа. Энэ бол гурамсан сэтгэлгээ. Өөрөөр
хэлбэл ирээдүйн лидерүүд амжилттай ажиллахын тулд төр, хувийн хэвшил, төрийн
бус байгууллага болон иргэний нийгмийн алтан холбоос нь байх ёстой болж байна.
Учир нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зорилго, ажиллах арга барил,
удирдлагын соёл, бүтэц, боломжит нөөцүүд, эрх мэдэл, шийдвэр гаргалтийн түвшин
нь өөр өөр байдаг. Эдгээр бүх ялгаатай давуу ба сул талуудыг нийлүүлж урлаж
ажиллаж гэмээнэ, эдгээр ялгаатай институциуд хоорондын гүүр нь болж байж
гэмээнэ залуучууд жинхэнэ манлайлагч болж чадна. Дээрх гурван салбарын аль нэг
рүү нь хэзээ ч битгий гүнзгий хазайж ороорой.
Хэрэв танд өөрийн улсынхаа боловсролын
системд өөрчлөлт хийх боломж олговол та ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхийн тулд
ямар өөрчлөлтүүдийг хийх байсан бэ?
Би
өөрийн хүсч буй өөрчлөлтөөс илүүтэйгээр шилдэг боловролын систем гэж өөрөө юу
вэ, түүнийг яаж тодорхойлох вэ гэдэгт хариулмаар байна.
Эхний
хэлэх зүйл бол төсөл дээр суурилсан сургалтын систем юм. Бага ангийн хүүхэд ч
бай өнөөдөр бидний оршин буй асар богино хугацаанд хурдан өөрчлөгдөж буй
нийгэмд нэг ангид нэг сандал дээр суугаад үргэлж самбар руу буюу нэг чиглэлд
хараад сурна гэдэг нь өөрөө ойлгомжгүй асуудал юм. Үүний оронд тэд бүлгээрээ
нийлж байгаад (4-5 сурагч) нэг ширээгээ тойрч суугаад яг тодорхой, өөрсөддөө
хэрэгтэй төслүүд дээр ажиллан суралцах ёстой. Жишээ нь, хүүхдүүд биологийн
хичээлээ яаж судлах ёстой вэ? Тэд цэцгийн сав, хөрс, бордоогоо бэлдэн, өөрсдөө
үрээ суулган үрслүүлж, ургамал цэцгээ усалж тордон ургуулах ёстой. Тэрнээс биш
багш самбар дээр шохойгоор савтай цэцэг зурмааргүй байгаа юм л даа. Өөрөөр
хэлбэл бодитой хийж байж суралцах нь илүү үлдэцтэй байдаг.
Хоёр
дахь хэлэх зүйл бол сурагч, оюутан болгонд таарсан, тэнцвэржүүлсэн сургалтын
хөтөлбөр юм. Нэг хичээлийг бусдыг нь хаян хэт улайран үзэж болохгүй. Ялангуяа
оюутнуудын хувьд онолоос гадна практик дадлага хийх, тухайн салбарын
мэргэжилтнүүдтэй холбогдож сурч ажиллах нь маш чухал гэж би хувьдаа боддог.
Боловсролын байгууллага оюутан ба мэргэжлийн хүмүүс, институци хоорондын гүүр
нь байх ёстой. Дунд болон ахлах ангиас нь эхлүүлэн сурагчдад илүү глобал мэдлэг
ба суурь ойлголтыг өгөх ёстой. Жишээ нь, тэдний сонирхож буй мэргэжил, хүсч буй
ажлын байрных нь онцлог, ажлын байрны шаардлага, эдийн засгийн утга учир,
тухайн мэргэжлийн үүрэг, хариуцлага ба салбар дахь мэргэжлийн онцлог, хэрэгцээ,
ажиллахаар зорьж буй бизнесийн салбар болон төрийн харилцаа, уялдаа холбоо,
сорилт, эдгээр сорилт, проблемийг тухайн сурагч, оюутан төсөл бичээд шийдэл
гарган шийдвэрлэх боломж зэргийг боловсролын байгууллага ойлгуулж мэдрүүлэх
ёстой. Үүнийг зарим хүмүүс дадлага хийх буюу intern гэж нэрлэдэг. Гэвч оюутан,
сурагчдын хувьд сургуульдаа сурч байх хугацаандаа жинхнээсээ дадлагажигч болох
боломжгүй юм. Миний эхнэрийн тодорхойлсоноор энэ бол Intership биш Externship.
Externship гэдгийг ажлын байран дээр гарах нас нь болоогүй сургуулийн насны
хүүхдүүдэд бизнесийн байгууллагууд, бусад нийгмийн институциуд нь өөрсдөө
сургууль, анги дээр нь ирэн асуудлуудаа ярьж таниулан сурагч, оюутнуудыг
оролцуулан бодит асуудлыг шийдэх шийдэл гаргах процес гэж тодорхойлж болно.
Гурав
дахь хэлэх зүйлс бол арван жилийн болон их, дээд сургуулиуд биетээрээ байхаас
гадна бүгд цахим сургууль болох ёстой. Танхимын болон оюутан, сурагчид дуртай
газраасаа сурч болох цахим сургалтын холимог загварыг бид ашиглах ёстой. Яг энэ
загвараар аль хэдийн хэд хэдэн сургуулиуд ажиллаад туршаад эхэлсэн байгаа.
Жишээ нь, Coursera-г дурдах ёстой. Мөн АНУ дахь Аризонагийн Их Сургууль байна.
Өнөөдөр бид энэ чиглэл рүү яваад эхэлсэн бол арван жилийн дараа аль хүртэл
явсан байхыг та төсөөлөөд нэг үзээрэй.
Таны хамгийн үнэ цэнэтэй өөрийн туршлагаасаа
олж авсан манлайлалын сургамж юу вэ?
Бие
даан, хэнээс ч үл хамааран шийдвэр гаргах эрх гэж хамгийн түрүүнд онцолмоор
байна. Эцсийн дүндээ манлайлагч хүн шийдвэр л гаргадаг. Дараагийн зүйл бол би
хамтын манлайлалын загварт итгэдэг. Миний бодлоор бизнесийн байгууллагууд,
засгийн газрууд Швейцарын холбооны систем, Хятадын холбооны систем шиг
ажиллавал илүү амжилттай байхаар санагддаг. Жишээ нь, Хятадад 7 хүнээс бүрддэг
төрийн төв зөвлөл гэж байдаг. Энэхүү зөвлөлд Хятадын номер нэг шийдвэр гаргагч,
ерөнхийлөгч Ши багтдаг хэдий ч шийдвэр хамтын буюу зөвлөлийн гишүүдийн олонхийн
саналаар гардаг. 7 толгой 1 толгойноос ямар ч байсан илүү учраас энэхүү
системийг Хятад улс баримталдаг болов уу. Иймээс хамтын шийдвэрийн үед
засаглалын асуудал хамгийн чухалд тооцогддог. Энэ дунд буй манлайлагч хүн гэдэг
бол зөвлөлийн гишүүн бүрийн давуу талыг чулуу болгож, тэдний мэдлэг, мэдрэмж,
ур чадварыг дээд зэргээр шавхан ажиллуулж, олон талуудын сонирхолыг
тэнцвэржүүлсэн, бүгдэд нь эерэг шийдэл хүртээх шийдвэр гаргах онцгой үүргийг
хүлээдэг.
Иймээс
бие даан шийдвэр гаргах чадал, зориг гэдэг бол жинхэнэ манлайлагч хүний хамгийн
чухал ур чадвар. Үүний дараа хамтын шийдлийн систем яригдана. Бие даан, бусдаас
үл хамааран шийдвэр гаргах гэдэг нь тухайн манлайлагч нь өөрийн сонгосон
сонголтын эрх чөлөөг эдэлж, хариуцлагыг үүрэх асуудал юм. Хятад улс 7 лидертэй
байхад АНУ-ын хувьд 1 лидер байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн засаглалын системээр
нэг хүн л эцсийн шийдвэрийг шууд гаргах ба Хятад улс шиг хамтын шийдвэрийн
систем байдаггүй. Ийм учраас АНУ-д төрийн бодитой шийдвэр гаргахаас илүү
шийдвэр гаргалтын “саажилт” явагддагийг бид үе үе хардаг. Энэ бол алсдаа
асуудал үүсгэнэ.
Энэ
асуулт дээр хэлэхийг хүсч буй гурав дахь зүйл бол мөн л гурамсан систем маань.
Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг нийгэм, улстөр, хүрээлэн буй орчин (санхүү үүнд
багтана) гэсэн гурван өнцгийг зайлшгүй харж тооцоолж гаргаж байх ёстой.
Манлайлагчид гаргах шийдвэр бүрийнхээ үр дүнг хувилбар бүрээр нь тооцоолж
чаддаг байх ёстой. Үр дүнг таамаглах, хэмжих, тооцоолох гэдэг бол миний хувьд
асар чухалд тооцогддог.
Дэлхийн эдийн засгийн форумын залуу
манлайлагч, стратегич, дэлхий даяар аялаж ажиллаж явдаг хүний хувьд асуухад
таны бодлоор олон үндэстний бизнесийн дунд амжилттай манлайллыг хэрхэн хийж,
яаж шилдэг манлайлагч болох вэ?
Өмнөх
яриандаа бид дэлхий даяарх хүмүүсийн чөлөөт урсгал, шилжилт, хөдөлгөөн ба
ялгаатай соёлуудад дасах, хүлээн зөвшөөрч сурах тухай дурдсан. Тэдгээр дээр
нэмээд нэг санаа хэлэхэд манлайлагчид амжилт олохын тулд бусдын хэл, соёлыг
сурч, тухайн улсын онцлог, ялгаатай талуудыг мэдэрч давуу тал болгох ёстой.
Жишээ нь, Fortune 500 жагсаалтын компаниуд нийт орлогынхоо 75%-ийг дотоод зах
зээлээсээ биш харин хилийн чанадаас олж байна. Иймээс манлайлагч залуусын
ирээдүйн амжилтын үндэс нь өөрийгөө мэдэхээс илүүтэйгээр бусдыг мэдрэхээс л
эхлэх болов уу.
Бусдыг
соёлыг зүгээр л сонирхон судалж мэдэх хангалттай биш. Академик, боловсролын
салбарын хүний хувьд би ялгаатай соёл, заншлуудын ижил төстэй талуудыг мөшгин
судлах дуртай. Өөрөөр хэлбэл биднийг зааглаж ялгаж байгаа зүйлсийн нэгдмэл мөн
чанар, дундын философи нь юу вэ гэдгийг олох нь манлайлагч хүний үүрэг. Бид
өдгөө шашин соёлын мөргөлдөөн, зөрчилтэй тайван бус нийгэмд амьдарч байна.
Гэсэн хэдий ч үүнийг шийдэхийн тулд гадаад хэл сурч, бусдын соёлтой танилцах
хангалтгүй ээ. Харин эдгээр ялгаатай талуудыг ижил болгон нийлүүлэх үнэ цэнийг
олох нь л манлайлагчдийн үүрэг. Би хэдий Хятад, Арабаар ярьдаггүй ч Хятад,
Араб, Европ хүмүүс нэгэн зэрэг юу бодож байна, юу хүсч байна, юунд тэмүүлж буйг
нь ойлгож мэдэрч чаддаг. Тиймээс дахин онцолж хэлэхэд ялгаатай соёлыг судлан
ойлгох нь чухал хэдий ч эдгээр соёлуудын ижил төстэй талуудыг нь нөхцөл
байдалдаа тулгуурлан олж тогтоох нь бүр чухал юм шүү.
Connectography
(Connectivity + Geography) гээд номоо би сая гаргасан. Энэ номны агуулгаар улс
үндэстнүүдийн дэд бүтэц, холбоос нь даяар эрх ашиг, нийтийн хэрэгцээний бараа
бүтээгдэхүүн, үйлчилгээ (public goods) юм гэдгийг гаргахыг зорьсон. Энэ бол
ерөөсөө нэг Америк, эсвэл Хятад, эсвэл нэг Энэтхэг хүний хүсэл биш юм. Энэ
сэдэв өөрөө биднийг нэгтгэх, бидний харилцааг дараагийн ахисан түвшинд авч ирэх
сэдэв учраас энэхүү номыг би аль нэг талыг барилгүй бичсэн. Би Америкуудын
төлөө, эсвэл Хятадуудын төлөө, эсвэл Арабуудын төлөө огт бичдэггүй. Би ХҮНий төлөө
бичдэг.
Таны шинэ ном болох Connectography-д “Connectivity буюу Айлсал гэдэг ойлголт нь
21-р зууны дэлхийн хөгжлийн үндсэн хөдөлгүүр болсон ба аль болох бусадтайгаа
сайн холбогдож, айлсаж чадсан улсууд л хожигч болно” гэж дурдагджээ. Гэхдээ
холбоосын голд байгаа хөгжилтэй орнууд болох АНУ, Герман, эсвэл холбоос,
айлсалын том тоглогч болох Хятад улсууд л энэхүү системээс хожих бус уу? Хөгжиж
буй улсуудад яг ямар ач холбогдол үүсгэхийг тайлбарлаж өгнө үү. Эдгээр улсууд
энэхүү айлсал, нэгдэлд бүрэн холбогдсоноор үүсэх эрсдэл юу байна?
Яг
үнэндээ айлсалаас тоглогч бүр хожно. Жишээ нь, 2002 оноос 2012 оны хооронд
Хятад ба Африкийн худалдаа 1800%-р өссөн. Энэхүү худалдааны эргэлтээс хэн
хожсон бэ? Хятад улс ба Африк тив аль аль нь хожсон. Хятад улс уул уурхайн
түүхий эд, бүтээгдэхүүн хямд авч чадсан, Африк тив суурин газраа хөгжүүлэх, дэд
бүтцээ барих мөнгө, хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Ийм хоёр оронтой өсөлтийг
Африк тив өмнө нь хэзээ ч үзүүлж байсангүй. Ингэж холбогдсоноор Африк тив
дэлхийн товаар, уул уурхайн зах зээлийн голлох тоглогч болж гарч ирсэн.
Даяарчлал
бүхий эдийн засагт зөвхөн том тоглогчид нь хождог гэвэл бас өрөөсгөл. Худалдаа,
санхүүгийн нээлттэй байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хүний чөлөөт шилжилт урсгалаараа
дэлхийд тэргүүлдэг топ 20 улсын 17 нь Сингапур, Швейцар зэрэг жижиг зах зээлтэй
улсууд байна. Хоорондоо холбогдсон улсуудаас жижиг улсууд нь ямагт ялагч
байдаг.
Индонези,
Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк зэрэг “дундаж” тоглогчдийн хувьд мөн л эдийн
засгаа нээлттэй байлгаж чадсанаар хожсон байдаг. Тэр нь зөвхөн түүхий эд
материалаа экспортод гаргана гэсэн үг биш юм. Тэдний үндсэн хэрэгцээ болсон
гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт
технологи, ур чадвар, туршлага, ноу-хау, дэд бүтэц, бүтээмж, чанар зэргийг бусадтай холбогдож байж л олж
авсан байдаг. Жижиг, буурай орнууд ч энэхүү айлсалаас хоцрох ёсгүй. Магадгүй
тэд холбогдоход хэсэг хугацаа зарцуулагдах байх. Энэхүү даяар холбоос,
айлсалаас хоцорч үлдэх нэг ч улс энэ дэлхийд байхгүй.
Том
зургаар нь харвал энэхүү айлсал, нэгдлээс хэн нэг нь ямар нэг юм алдах эрсдэл
байхгүй. Жишээ нь, сүүлийн 25 жилд нийт 10 сая Америкчууд аж үйлдвэрлэлийн
салбарт ажлаа байраа алджээ. Гэсэн хэдий ч энэ 10 сая хүний амьдралын өртөг
буурч, бусад салбарт, өөр орчинд ажиллах чадвар өсч, цахим хэрэглээ зэрэг шинэ
ур чадварыг эзэмшсэн байдаг. Ажлаа алдсан 10 сая хүний ихэнх нь өөр салбарт
дээрх чадваруудаа хөгжүүлэн ажилд орсон статистик байгаа. Хэрэв энэ тоог худлаа
гэж та бүхэн бодож байгаа бол тооцоод үзээрэй. Хэрвээ ажлаа алдсан Америкууд
өөр ажилд орж чадаагүй бол АНУ-ын ажилгүйдлийн хувь 25% байх байсан. Харин одоо
5%-тай л явж байна. Иймээс ажлаа алдсан хүмүүс өөр ажилд орж чаддагаас гадна
талаас илүү нь хуучин ажлаасаа нөхцлөө сайжруулж чаддаг байна. Нээлттэй
нийгмийн эрсдэл нь зарим хүмүүсийн ярьдаг шиг биш хэдий ч яг ажлаа алдсан хувьд
хүний түвшинд өөр. Иймээс бодлого тодорхойлогч нар Герман, Сингапур, Швейцар,
Хятад, Өмнөд Солонгос шиг хүмүүсээ сургаж хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь АНУ-д
шийдвэр гаргагчид нь хүмүүсээ ингэж хангалттай сургаж чаддаггүйгээс болж
асуудлууд үүсч байна. Энэ асуудал явсаар байгаад төрийн систем, түүний үр
ашигтай механизмтай хүссэн хүсээгүй холбогддог.
Даяарчлал нь бидэнд эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ хувь хүмүүсийн түвшинд зарим нэг сорилт тулгарч байгаа боловч нийтээрээ нөхцөл байдал дээшилж байгаа. Даяарчлалын нэг онцлог бол бизнес ба ажлын байрны байршлыг өөрчлөх нөхцлийг үүсгэдэг. Бодлого тодорхойлогчдын хувьд энэ асуудал дээр ухаалаг шийдвэр гаргах ёстой. Даяарчлалын нөлөөгөөр хурдацтай өсч буй салбар, урсгалын хурдыг бодлогоор сааруулж, бусад хүчин зүйлсийн үр дүнтэй уяах бололцоо бий. Жишээ нь, Америкчууд жилд 10 сая машин үйлдвэрлэх ёстой. Гэхдээ ямар зардлаар үйлдвэрлэгдэх нь сонин биш гэж бодъё (Австрали ба Канад улсуудад яг энэ бодлого хэрэгждэг). 10 сая машин үйлдвэрлэснийхээ дараа жил энэ салбар төрөөс улам их татаас нэхэж, үр ашиг, бүтээмжийн чанар улам бүр муудна. Дэлхийн худалдааны байгууллагын стандартаар бол энэ нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдоно. Гэсэн хэдий ч бид ажлын байраа хадгалахын тулд 10 сая машинаа хийдгээрээ хийнэ. Энэ схемээр ажлын байр хадгалах санааг би дэмжинэ. Гэхдээ бид АНУ-ын автомашины салбарын хөгжлийг шууд болон шууд бус утгаар боомилон ямар ч өрсөлдөх чадваргүй болгож байгаагаа анхаарах ёстой. Тиймээс бодлого тодорхойлогчид энэ цаг үед аль салбарын ямар ажлын байрууд дээр тусгай бодлого явуулахаа маш сайн томъёолох ёстой. Магадгүй энэ салбарын хүмүүсийг сургаж өөр салбарт ажиллахад бэлэн болтол нь бэлтгэх ёстой. Яг энэ ажлыг Хятад, Энэтхэг улсууд маш сайн зохион байгуулж байгаа. АНУ үүнээс суралцах ёстой.
Бүх
зүйлсийг тэнцвэрийг олж зохистой хэмжээнд хөгжлийг удирдах ёстой гэдэгтэй би
санал бүрэн нийлдэг. Би үнэндээ улс хоорондын төгс нээлттэй систем, хяналтгүй
хилийн шугам, замбараагүй, удирдлагагүй, зэрлэг капитализмийн эсрэг байдаг.
Тодорхой түвшинд бид тусгаар улс, бие даасан үндэстнүүдийн үүрэг хариуцлагыг
нуруун дээрээ үүрч явсаар л байх болно. Засгийн газар болгон өөрийн гэсэн үүрэг
хариуцлагатай. Ялангуяа Африкийн зарим улсын засгийн газруудын хувьд зарим
салбараа эдийн засгийн бодлогоороо хамгаалах, гадны хөрөнгө оруулалтыг аль
болох дотроо шингээх стратегиудыг барих ёстой. Эдгээр стратегийг Хятад улстай
амжилттай хэрэгжүүлж буй улсууд бол яах аргагүй Замби, Конго, Нигер улсууд юм.
Хятад улс Африкийн зах зээл рүү нэвтрэн орж ирж байгалийн нөөц, бараа,
үйлчилгээг их хэмжээгээр худалдан авч эхэлсэн. Энэ үед Африкийн улсууд Хятадаас
улс, тив дотроо үйлдвэр барьж өгөх хүсэлт гаргахаас гадна нутгийн ажилчдаа
сургах, хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, дэд бүтцээ хөгжүүлэх
шаардлагуудыг тавьсан. Хөгжиж буй улсуудын хувьд чухам ийм л шаардлагыг нөгөө
талдаа тавих ёстой. Би энэ чиглэлийг баримтлагч хүн.
McKinsey Global Institute-с хагас жилийн
өмнө гаргасан тайланд улс орнуудын хоорондын худалдаа, үйлчилгээ, санхүүгийн
орох, гарах урсгалын дэлгэрэнгүй мэдээлэл байсан. Түүнчлэн улс орнуудын айлсал,
холбоосын индексийг тооцож гаргаад, Сингапур улс энэ жагсаалтыг тэргүүлсэн
байсан. Сингапур шиг жижиг, онцлог улсын давуу ба сул талыг түр хаяад, ер нь
хөгжиж буй улсуудад Сингапур улсын бусад улсуудтай хэрхэн харилцан ашигтай
хамтран ажиллаж буй туршлагыг үзүүлэх ёстой санагддаг. Сингапурт амьдарч, төрийн бодлогын чиглэлээр
ажилладаг хүний хувьд та үүн дээр ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Сингапур
улс бол айлсал, холбоос гэдэг үгсийг үндэснийхээ уриа үгэнд оруулсан дэлхийн
цорын ганц улс. Сингапурын эдийн засгийн хөгжлийн зөвлөл “бүтээмж, айлсал буюу
холбоос, бүтээлч байдал” (productivity, connectivity, and creativity)-ыг
эрхэмлэж албан ёсоор томъёолсон. Сингапур улс нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний
импортоороо дэлхийд тэргүүлдэг улс. Түлш, шатахуунаа 100% гадаадаас мөн авдаг.
Хүнс болон эрчим хүч, шатахууны маш сайн импортийн түгээлт ба хуваарилалтын
системийг бүрдүүлэх ёстой. Хэдий жижиг арал улс боловч 17 тусдаа интернетийн
шугамтай. Дахиад 15 шугамыг тусад нь барьж байна. Түүнчлэн Сингапур улс нь
цахилгаан тасарсан үед хэрэглэх нөөцөлсөн эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд
тэргүүлдэг. Сингапур улсын туршлагаас бусад улсууд айлсал буюу холбоос, бие
даах чадвар, үндэсний дархлааг нь судлан суралцах ёстой. Бусадтай хир сайн
холбогдож чадна тэр хэмжээгээр улс үндэстний дархлаа хүчтэй байдаг.
Saturday, 6 August 2016
АНУ ба Ази
"The stars" "Leaders of the Next Generation" холбооны судлаач имэйл ирүүлж мэдээлэл өгч байна. Гол мэдээлэл нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ба зүүн Ази дахь нөлөөлөл байна. Хэрэв Трамп ерөнхийлөгчөөр сонгогдон АНУ-ын дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэхээр бол Хятад ба АНУ хооронд дайн гарах эрсдэл нилээд өндөрсөх аж. АНУ-ын Ази дахь цэргийн бааз, түншүүд болох Япон, Солонгос, Филиппинээс Токио Бээжин хоёр тусдаа яриад эхэлсэн аж. Хэрэв Япон Хятадын талд орвол АНУ ази тив дэх нөлөө, цаашилбал дэлхийн усан зам, далайн тээврийн нөлөөгөө алдах нь байна. Нэг эвгүйтвэл 19, 20-р зуунд барууныханд доромжлуулж байсан Хятадууд ёстой ичсэн хүн хүн ална гэдэг шиг нилээд үзэх нь тодорхой буй аж. ССТV-н сошиал аккаунтуудыг та бүхэн сүүлийн хэдэн өдрөөр шүүгээд үзээрэй. Инстаграм дээр хүртэл арми, цэрэг, зэвсгийн сүр хүчийг үзүүлсэн видео, шторкуудыг эрчимтэй тавьж эхэлсэн байна билээ.
Аль нэг улсад экстрим лидер гарснаар голцуу дайн өдөөдөг сургамжийг Напелеон, Гитлер, Японы эзэнт гүрний генералуудын жишээгээр судалсан байх юм. Трамп дээр энэ магадлал нь өндөр байгаа бололтой.
НАТО-р дамжуулан Европийг удирдаж буй АНУ Азийг хяналтаасаа алдвал тун удахгүй дэлхийн номер нэг эдийн засаг, мөнгөний эх үүсвэр болох Хятадыг дараа нь гүйцэж чадахгүй нь аж.
АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хамгийн том сорилт нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байх нь ээ. Гаагийн шүүхийг үгүйсгэн томорч буй өмнөд хөршийнхөнд АНУ-ын ерөнхийлөгч хэн байх нь чухлаас чухал асуудал. Хятадтай учраа олж чадахгүй бол Вашингтон Сеүл ба Токиод цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал дээр нь хориг тавихгүй байх байтугай "бодлогоор дэмжих" тухай ч аль хэдийн яригдсан байх юм. Хүчний хамгийн том балансыг ингээд л цөмийн зэвсэг барьдаг байх нь ээ. Энэ дундаас Хойд Солонгос далимдуулж "гео-попдох" магадлал, аюул манай бүс нутагт бүр их болох нь.
Сеүл, Токио, Манила, Вашингтон, Бээжингийн хооронд ямар яриа явж, ямар тохироог босууд нь хийхээс Монголын эдийн засаг, улс төр ч дам дамаа хамаарах нь. Хамгийн энгийн жишээ нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хурцадмал байдалд ороод усан зам хаагдвал Австралийн нүүрс Хятад, Япон, Солонгос руу ирэхээ болих. Үүнийг нь ашиглаад бид нам унаад байгаа нүүрсний экспортоо нэмэх боломж ч гэдэг юм уу.
Дээрээс нь Хятадуудын яриад хийгээд эхэлсэн Шинэ Торгоны Замын хэдэн зуун тэрбум долларын өртөгтэй Евроазийг холбосон дэд бүтцийн нүсэр төсөлд Монгол улс хаана нь, ямар байр суурь, оролцоотой байх юм бол доо?
Найр, наадам, сандал ширээний баяр нь ч удахгүй дууслаа даа манай хэдийн...
Tuesday, 5 July 2016
Институцийн инноваци
Энэ долоо хоногийн эхээр Хятадын Тяньжин хотод Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Зуны Давос” гэж нэрлэгддэг чуулга уулзалт “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ба түүний нөлөө” гэсэн сэдвийн дор болов. Энэхүү хурлаас хамгийн их хожиж буй этгээд нь Хятад улс, тэр дундаа Тяньжин хот байнам. Зуны Давосыг Хятад улс 10 дахь жилдээ Тяньжин ба Далянь хотууддаа ээлжлэн зохион байгуулдаг. “Модоор бол 10 жил тордож усаллаа. Одоо үр жимсээ хурааж эхэлнэ ээ” гэсэн өгүүлбэрээр Хятадын ерөнхий сайд Ли форумын нээлтийн илтгэлээ эхлэв.
Хятад улс юу хүснэм?
Хятад улс өдгөө 13-р таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний нэг зорилго нь Тяньжин хотыг Хятадын аж үйлдвэр ба инновацийн төв болон өрнө ба дорныг холбосон ложистик ба технологийн гүүр болгох ажээ. Хятадын ерөнхий сайд Ли Коцянь форумыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс эдийн засгийн реформ ба инновациар улсынхаа хөгжлийн уламжлалт хэв маяг, голлох хөдөлгүүр болсон салбаруудаа тэр чигээр нь шинэчлэнэ” гэж маш хатуу мэдэгдлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн түүний илтгэлд уул уурхай, түүхий эд боловсруулалт, хөгжиж буй улс гэсэн ганц ч үг дурдагдсангүй. Харин ч квантум технологи, хиймэл оюун ухаан, инноваци, шинжлэх ухаан гэдэг үгсийг байнга хүчтэй давтаж байснаас гадна “Made in China” гэдэг ойлголтыг бид үндсээр нь өөрчлөх болно гэж 90 гаруй орны 2000 орчим улстөрч, бизнесменүүд цугласан Зуны Давосын форум дээр амлав. Эдийн засгаа уламжлалт хүчин зүйлсээр хэмжихгүй шинэ хэмжээсүүдээр хэмжих ба үүний хамгийн том нь инноваци байх болно хэмээв.
Түүнчлэн Ерөнхий сайд Ли Коцянь улсын өмчийн бүх аж ахуйн нэгжүүдээ технологийн болон засаглалын инноваци хийхийг уриалж, гүйцэтгэх захирлуудтай нь үүлэн тооцоолуур, квантум физик, хиймэл оюун ухаан ярьж, зочдын өмнө хятадуудын хийсэн супер ухаалаг дугуй (super smart bicycle) унаж үзүүлэх нь үнэтэй машин тэрэг, онгоцоор гангалж онгирдог бидний хажууд дэлхийн том гүрний удирдагч гэхэд “жул” ч юм шиг санагдсаныг нуух юун. Хятадын амбиц бол дэлхийн санхүү ба технологийн салбарыг базна гээд шулуухан л хэлж байна. Товхондоо хэлэхэд, Хятад улс дэлхийн эдийн засгийн локомотив буюу зүтгүүр болсон. Бидэнд мөнгө, санхүүгийн нөөц байна. Харин үүнийгээ менежмент, маркетинг, судалгаа ба хөгжүүлэлт (R&D), инноваци, шинжлэх ухаан, технологиор солиход бэлэн байна гэж зарлалаа.
Тяньжин хот юу хожив?
Энэхүү форумын дундуур 250 тэрбум долларын эдийн засаг бүхий Тяньжин хотыг удирддаг дарга нь гадаадын старт ап компаниуд, энтрепренерүүд манай хотод ирж ажиллаачээ гэж уриалаад, хэрэв бизнес, санаа чинь миний хотод амжилтгүй болбол бид эрсдлийг чинь мөнгөөр нь танд буцааж төлье хэмээн зарлаж “онгиров”. Тяньжин хотын ДНБ нь 1.65 их наяд юань буюу 250 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Тяньжин хотын нэг хүнд ногдох ДНБ нь 17,000 ам.долларт хүрчээ. 2016 оны эхний улирлын байдлаар ДНБ нь 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Хятад улсын өсөлтөөс даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Зөвхөн энэ хот 2017 онд нийт 10,000 аж ахуйн нэгжийг өөрчилж, технологи болон засаглалын инновацийг хэрэгжүүлнэ гэж байна. Компаниудын тоног төхөөрөмжийг шинэчлэхийн тулд тусгай санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж, хот нь зээл ба лизингийн бодлогоор дэмжиж буй аж. Энэ 2016 онд гэхэд л нийт 12,000 компани хаагдаж дампуурна, эсвэл тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлыг багасгах, агаарын бохирдол ба үр бүтээмжгүй шугамуудыг нь шууд хаах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Тянжин хот нийт 48 тэрбум юанийг компаниуддаа өгч давхар татварын бодлогоор дэмжиж байна.
Хятад улсын бодлогыг хэрэгжүүлэн тус хот “The special entrepreneurial and Innovative Zone”-ийг байгуулснаар 2016 оны эхний хагасын байдлаар энэхүү бүст нийт 1,781 старт ап компани бүртгүүлжээ. Энэ нь сар бүр 300 шинэ бизнес, шинэ компани бий болж байна гэсэн үг. Орон нутгийн захиргааны мэдээллээс харвал дээрх компаниудаас 23 нь том бизнес болж жил бүр 1.5 сая ам.доллараас дээш хэмжээний татварыг хотод нь төлнө гэж тооцоолж байна. Энэхүү тусгай бүс нь 2015 оны 9 сард нээгдсэн бөгөөд Тяньжин хотын Binhai New Area хэсэгт байрладаг. Бүсийг байгуулахын тулд Тяньжин хот нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж тусгай журам, бодлогыг мөрдүүлж байна. Үүний үр дүнд барууны бараг бүхий л том корпораци болох Airbus, John Deere, Honewell, Schneider, Otis, Siemens, Toyota зэрэг компаниуд аль хэдийн ороод ирсэн байх юм. Хотын захиргааны бодлогоор агаар ба сансрын технологи, хүнд ба хөнгөн үйлдвэрлэл, био технологи, химийн үйлдвэр, электроникс ба мэдээллийн технологи, эрчим хүч ба сэргээгдэх материал, батлан хамгаалах технологи ба шинжлэх ухаан гэсэн 8 багц салбарыг сонгон хөгжүүлж, энэ нь эргээд Тяньжин хотын эдийн засгийг чирж явж байна. Энгийн жишээ дурдвал, Тяньжин хот жилд 44 Эйрбас А320 онгоц, 70 нисдэг тэрэг, 200 автомат жолоодлоготой онгоц үйлдвэрлэн шууд зах зээлд нийлүүлдэг болжээ.
Хамгийн сонирхолтой нь, зургаан тэрбум юанийг Тяньжин хотын захиргаа гадаад ба дотоодын хөрөнгө оруулалттай старт апийн эрсдлийг хааж нөхөн төлбөр өгөх зорилгоор банкуудад байршуулан старт ап компаниудад олгосон зээлийн эрсдлийг нь шууд хааж байна. Найдваргүй болсон жижиг дунд бизнес, старт апийн зээлийн 50%-ийг хаах зорилгоор хот нь ингэж мундаг дэмжжээ. Ирэх жилээс энэхүү сангаа найдваргүй зээлийн 70 хүртэлх хувийг хаах зорилгоор хэмжээг нь ихэсгэж буйгаа ч форумын үеэр зарлаж байх юм. Ялангуяа мэдээллийн технологи, экспортын бүтээгдэхүүнүүд ба хөдөө аж ахуйн салбарт инноваци хийж буй компаниуд дээр онцгойлон ач холбогдол өгч буй аж.
Боловсролын салбарын боловсрол
Хятад улс эдийн засгийн нийлүүлэлт дээрээ суурилсан реформ хийж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн бага өртгөөр, өндөр бүтээмжтэйгээр хийх тухай юм. Энэ реформыг хийхэд инженерүүд хамгийн чухал хүчин зүйл болдог ажээ. Монгол улс шиг жижиг зах зээлтэй, дотоодын хэрэглээ багатай улсын хөгжлийн түлхүүр нь магадгүй гадагш чиглэсэн эдийн засгийн нийлүүлэлтийн бодлого байхаар. Үүний тулд мэдээж Хятад болон бусад улсуудын хийж чадахгүй зүйлсийг, эсвэл хийж байгаа зүйлсийг нь илүү бага өртгөөр, илүү чанартай хийхээс гадна бусдад зарж борлуулж чаддаг байх шаардлагатай бид хүссэн хүсээгүй тулж байна. Бидэнд ийм боловсон хүчин, хүний нөөц байна уу? Эдгээр өндөр түвшинд бэлтгэгдэх мэргэжилтнүүдийг бэлдэж чадах дэлхийн стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн боловсролын институциуд Монголд маань байна уу? Байгаа хэд маань чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гээд олон асуултууд зүй ёсоор урган гарах ажээ.
Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн судалгаагаар Монгол улс маань хоёр жилийн өмнө боловсролын салбарын чансаагаараа дэлхийн 122 улсаас 76-д жагсаж байв. Харин боловсролын системийн чанараараа 115-р байр буюу бараг хамгийн ард нь давхиж явна. Менежментийн сургуулиудын чанарын үзүүлэлт хамгийн муу буюу 116-р байранд байгаа нь бид удирдахуйн ухаанаараа бусдыг хараахан бишрүүлж чадахгүйг илтгэж байна. Сонирхолтой нь математик ба шинжлэх ухааны боловсролын чансаагаараа 60-р байранд орсон нь Монгол улсын боловсролын салбарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Болсон болоогүй хуульч, эдийн засагч төрүүлэх гэж үзэж байснаас инженерийн чиглэлд бодлогоо тодорхойлбол энэ нь өөрөө Монгол улсын хамгийн том давуу тал болж болох юм биш үү?
“Аз ба Эз”-ийн хөрөнгө оруулалт
Тяньжин хотын жишээ рүү эргээд орвол, хотын удирдлага том төслүүдээсээ гадна жижиг дунд бизнесүүдийг ч огт орхиогүй байна. Тус хотод нийт 72,000 жижиг дунд аж ахуйн нэгжүүд байгаагаас 3,400 нь асар ирээдүйтэй технологийн компаниуд аж. Тяньжин хотын дарга энэ жилдээ 100,000 жижиг дунд бизнесийг хотдоо байгуулж, тэдгээрийн 5,000-ийг нь Хятад даяар эсвэл дэлхийд алдартай технологийн компаниуд болтол нь дэмжих төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Тус бүр нь 50 сая юанийн хөрөнгө оруулалтаас эхэлж байгаа, нийт өртөг нь 300 тэрбум юаниар хэмжигдэх нийт 603 төслийг Тяньжин хот үйлдвэрлэл, үйлчилгээ ба дэд бүтцийн салбартаа хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь хот ба улсын түвшинд хийж буй энтрепренер үйл ажиллагаа юм.
Улаанбаатар хот, Монгол улс яагаад ийм байж болдоггүй юм бэ? Бондын мөнгөнөөс энэ салбарт, ийм төслүүдэд хир мөнгө хуваарилагдсан юм бол?
Инноваци ба энтрепренер гэдэг үгсийг бараг өмчлөөд шахуу авчихсан, нийт 50 гаруй нобелийн шагналтнуудыг төрүүлсэн АНУ-ын MIT гээд сургууль байдаг. Өнөөгийн энэ статус, нэр хүнд, чанарыг бий болгох гэж 100 гаруй жил асар олон асуудалтай тулгарч давж гарч ирсэн түүхтэй. Амжилтын нууц нь анхнаасаа ашгийн төлөө ажиллаагүйгээс гадна үнэхээр мэдлэгийг хүний өмч буюу бодитой үнэлэгдэх хөрөнгө болгож чадсан гавьяатай боловсролын институци юм. Яг энэхүү сургуулийн загвараар ажиллаж эхлээд удаагүй байгаа “Шинэ Монгол” технологийн дээд сургууль өөрсдийгөө мөн л NMIT буюу New Mongol Institute of Technology гэж цоллон дэлхийн боловсролыг Монголдоо түгээхээр хичээн ажиллаж байгааг олж мэдсэндээ хувьдаа маш их таатай байна. Тус сургуулийг үүсгэн байгуулагч Галбадрах, Ганзориг захирлууд өөрсдөө Educational Venture буюу боловсролын салбарын аз ба эзийн хөрөнгө оруулагчид юм. Энэ салбарт хувь хүнийхээ цаг зав, мэдлэг, боловсрол, хөрөнгө мөнгийг зарцуулж тодорхой хэмжээний үр дүн гарч буй боловч хамгийн том амжилт нь Монгол улсын боловсролын системийг бага багаар нь дэлхийн стандарт руу аваачиж буй алхам билээ.
Боловсрол бол хөгжлийн түлхүүр гэж хүн болгох шахуу тунхагладаг атлаа бодлогын түвшинд ялангуяа инженерийн боловсрол дээр бид бүхэн салбараараа, улсаараа том зургаа харах цаг нь болжээ. Хуучин автомашин ба ухаалаг гар утасны үнээр нь бид бүхэн Монголын боловсролын салбараа үнэлж, тэрхүү төлбөртөө таарсан үйлчилгээг авч байна. Байр орон сууц, авто машинаа дунд ба урт хугацааны хөрөнгө оруулалтанд тооцож худалдаж авдаг атлаа боловсролд зарцуулж буй мөнгөө шууд зардалд тооцдог ард түмэн мөнхөд баймааргүй байна бултаараа!
Шинэ зорилго
Монгол хүн бүрийн бахархал болсон хүн бол Чингис хаан. 13-р зуунд дэлхийн дайдыг эзэлж байсан морьтон баатрууд бяр хүч, ааг омогоороо ертөнцийг чичрүүлж байлаа. Үүнтэй агаар нэгэн боловсролтой залуус, ялангуяа нарийн мэргэжлийн үндэсний инженер залуус маань дотооддоо төдийгүй гадагшаа чичрүүлэх шаардлага нэгэнтээ ирсэн байна. 13-р зуунд эзэнт гүрний хийж байсан дайныг 21-р зууны залуус бид мэдлэгийн дайнаар орлуулах үүргийг хүлээж гэмээнэ дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхахаар байна.
“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, удирдлагуудтай нь уулзаж ярилцаж байхад бидний хамгийн дуртай хичээл философийн хичээл гэж дурдаж байсан нь анхаарлыг маань өөрийн эрхгүй татсан юм. Шинжлэх ухаан, мэргэжлийн хүнд хичээлүүдээс илүүтэйгээр амьдралын үнэ цэнэ, философийн хичээлийг онцлон, тэр нь бүр сургууль даяараа оюутнуудын хамгийн дуртай хичээл нь болсон гэхээр өөрийн эрхгүй бахархал төрнө. Энэ бол яах аргагүй Шинэ Монгол залуусын Шинэ Зорилго юм.
Ажлын бүтээмж, үнэ цэнээ өсгөхийн тулд хүмүүн бодгаль бид хоорондоо бус роботуудтай өрсөлдөх болоод удаж байна. Нилээд өндөр чадвартай оёдолчны 30 минутаас 1 цагийн дотор оёж гаргадаг жинсэн өмдийг үйлдвэрийн робот 18 секүүндийн дотор ямар ч алдаагүй өгөгдсөн хэмжээгээр тачигнатал оёод гаргаад ирж байна. Хятадын нэгэн агаар шүүгчийн үйлдвэр 560 робот суурилуулаад 22,000 ажилтнаа шууд халж байна. Хятад улс үйлчилгээний салбартаа 2020 он гэхэд нийт 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж роботжуулахаа мэдэгдлээ. Ялангуяа насжилт өндөр болж байгаа Япон, Хятадын эрүүл мэндийн салбарт 80 настай буурайнуудыг нь 60 настай сувилагч нар асрахаас өөр хүний нөөцгүй болж байгаа асуудлыг роботоор шийдээд эхэлсэн байна. Түүнчлэн Uber ба Volkswagen компанийн захирлууд зэрэгцээд маш сонирхолтой мэдэгдэл саяхан хийлээ. Uber-ийн гүйцэтгэх захирал ирээдүйд машин худалдаж авах хүн байхгүй болно. Машин бол хүний өмч гэхээс илүү нэг удаагийн аяга таваг шиг хэрэгтэй үедээ ашиглаад орхидог тээврийн хэрэгсэл л байх ёстой гэж байна. Харин Volkswagen-ийн гүйцэтгэх захирал бид 2025 он гэхэд Mobility Operator болно гэж мэдэгдсэн байх юм. Өөрөөр хэлбэл машин зардаг компани биш машин ба тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани болно гэсэн үг.
Сайтар анзаарвал дэлхий даяар green economy, shared economy, circular economy гээд концепцүүд хүчтэй явж, бүр ажил болоод эхэллээ. Том компаниуд ч дагаад стратеги, бизнес моделио бодитой өөрчлөөд эхэллээ. Боловсролын байгууллагууд ч гибрид бүтэц рүү орж байна. Бүр сайн анзаарвал энэхүү асар том өөрчлөлтийн үндэс суурь нь дахиад боловсролын салбар нь болж байна. Энэхүү институцийн инновацийг бид хийх цаг нь болжээ. Чухам л үүнийг хэнээр ч хэлүүлж, шахуулалгүй хийгээд эхэлсэн Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олны өмнө мэхиймү.
Tuesday, 7 June 2016
Trolley Dilemma
Сонголтын золиос
Асуудлыг томоор харахыг хичээвэл
юм болгон философи мэт. Хэрэв та хурдан галт тэрэгний зогсоол дээр зогсож
байгаад асар хурдтай ирж буй галт тэрэгийг анзааралгүй зам засварын ажил хийж
буй 5 залууг харжээ. Тэдэнд анхааруулах ямар ч боломж байхгүй, дээрээс нь тэд
галт тэрэг ирж буйг харсан ч замаас нь амжиж гарч ирж чадахгүй дайруулаар
байжээ гэж төсөөлье. Харин та гэнэт уг хурдан галт тэрэгний замыг солих
хавхлагын хажууд зогсож буйгаа анзаарлаа. Замыг нь сольж өөр тийшээ шилжүүлэхэд
тэр шилжсэн зам дээр нь нэг залуу согтуу хэвтэж байв. Та төмөр зам дээр ажиллаж
буй 5 залуугийн амийг аврахын тулд замыг нь сольж согтуу залуу руу хурдан галт
тэрэгийг шилжүүлэх байсан уу?
Үүнийг “Сонголтын золиос” буюу
“Trolley Dilemma” гэх агаад 1967 онд философич Philippa Foot анх гаргаж ирсэн
бөгөөд 1985 онд Judith Jarvis Thomson улам хөгжүүлсэн түүхтэй аж. Энэхүү
сонголтын золиос нь биднийг өдөр тутам хийдэг үйлдлийнхээ үр дүнг тооцоолох,
бидний хийсэн үйлдэл ёс суртахуун ба үнэ цэнийг агуулж чадаж байгаа эсэхийг
шалгадаг сонгодог арга юм.
Ёс суртахуун гэгч энэүү зүйл
биднийг амьдрал дээр олон зүйл дээр сорьж байна. Жишээ нь: дайн эхлүүлэх,
хүнийг ялгаварлан гадуурхах, дроны зохистой хэрэглээ, үр хөндөлт, нэгэн
эдгэшгүй өвчин туссан хүнийг зовоолгүй бурхны оронд илгээх эсэх гэх мэт
асуудлууд дээр бид байнга хоорондоо маргалддаг.
Харин одоо дээрх хурдан галт
тэрэгний жишээнээс арай өөр жишээг авч үзье. Галт тэрэгний зам дээрх гүүрэн
дээр та зогсож байжээ. Яг галт тэрэгний зам дагуу мөн л 5 ажилтан ирж буй
эсэхийг нь анзаарах, сонсох завдалгүй ажиллаж байв. Сонсож, мэдсэн нь замаас
гарч амжихгүй дайруулахаар байв. Энэ удаад галт тэргийг өөр зам руу шилжүүлэх
хавхлага байсангүй. Харин гүүрэн дээр таны хажууд нэгэн тарган эр цуг зогсож
байлаа. Хэрэв тэр эрийг түлхээд хурдан галт тэрэгний зам руу унагаавал ямар ч
байсан зам дээр ажиллаж буй 5 хүн хүртэл явж чадалгүй галт тэрэг зогсоно гэдэг
найдлага танд 100 хувь байв. Та тэр хүнийг түлхэж хөнөөгөөд нөгөө 5 хүний амийг
аврах байсан уу?
Дээрх 2 жишээг хүмүүсээс асуухаар
ихэнх хүмүүс эхний жишээн дээр хавхлагыг түлхэж 1 хүний амийг зольж 5 хүнийг
аварна гэж хариулдаг бол 2 дахь жишээн дээр ихэнх нь тарган эрийг гүүрнээс
түлхэхгүй 5 ажилтаны амийг харсаар байж галт тэргэнд өгөх сонголтыг хийдэг. Үр
дүнг нь тооцох юм бол аль аль нь нэг хүний амийг зольж таван хүн аварч байна.
Гэтэл хүмүүс мораль буюу ёс суртахуунаас шалтгаалж өөр өөр сонголтыг хийдэг
байна.
Дахиад л төсөөлж үзье л дээ
бүгдээрээ. Та өөрийгөө эмч гээд бодно уу. Яаралтай эрхтэнээ солиулахгүй бол
амиа алдах 5 ажилтан таны гар дээр байна. Гэтэл хөл нь хугарсан болохоос дотор
цул 5 эрхтэн нь эв эрүүл залуу гараад ирлээ. Та тэр залуугийн 5 цул эрхтэнг авч
амийг нь золин нөгөө 5 өвчтөндөө эрхтэн суулгах мэс засал хийж амийг нь аврах
байсан уу? Энэ бол галт тэрэгний эхний жишээтэй яг адил жишээ юм. Гэвч ихэнх
хүмүүс хөл нь хугарсан эрийн амийг солих сонголтыг хийдэггүй.
Хүмүүн гэдэг бодгаль бидний зөн
совин, ёс суртахуун маань тэр болгон логиктой, тууштай, бас итгэлтэй байж
чаддаггүй аж. Тэгэхээр бидний зөн совин, ёс зүйд нөлөөлдөг өөр хүчин зүйл
байгаад байна. Дээрх галт тэрэгний 2 жишээний хувьд нэг нь хүнийг түлхэж хөнөөж
байхад нөгөөг нь бид азгүй тэр хүний хувь тавилантай нь холбон тайлбарлахаар байна.
Ухаан нь агсан эсвэл асан?
Тархины мэдрэл, эс судлалын
түвшинд эрдэмтэд дээрх хоёр галт тэрэгний жишээг хүмүүс дээр туршихдаа тархины
аль хэсгүүд нь илүү их ажиллаж хүмүүсийг шийдвэр гаргахад нь нөлөөлж буйг
судалжээ. Галт тэрэгний хавхлага сольж 5 хүнийг аварч 1 хүнийг шууд бусаар
хөнөөж буй үйлдэл дээр хүний тархины логиктой сэтгэх, асуудалд рациональ буюу
эрүүл ухаанаар хандах функцуудыг идэвхжүүлж байжээ. Харин тарган залууг
гүүрнээс түлхдэг жишээн дээр хүмүүс сэтгэл хөдлөл дээрээ шууд суурилан сонголтыг
хийж байв. Энэ нөхцөлд бидний сэтгэл хөдлөл дээрээ суурилан гаргаж буй шийдвэр
болгон зөв байж чадах уу амьдрал дээр? Эсвэл бид 5 хүний амийг аврахын тулд 1
хүний амийг золих ёстой юу?
20 хоногийн дараа болох УИХ-н
сонгуульд сонгогч та бид тархиныхаа аль хэсгийг идэвхижүүлэн сонголтоо хийх
ёстой юм бол оо? Хийх сонголтынхоо үр дүнг бид харж, тооцоолж, төсөөлж чадах
уу? Эсвэл сэтгэл хөдлөл дээрээ суурилан хайрлан, өрөвдөж, эсвэл үзэн ядах
сэтгэлээр төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгож өөрсдөө
сонголтынхоо золиос болох уу?
Сонголт та бидний гарт хэдий ч
бидний хэн хэн нь сонголтын золиос болохыг хэзээд үл хүснэм!
Subscribe to:
Posts (Atom)