Monday 23 August 2010

Plagiarism

Цагаан махны хэрэг 

Plagiarism гэдгийг бодож байгаад цагаан махны хэрэг гэж Монголоор буулгав. Улаан махны хэрэг гэж айхтар хэрэг байх агаад шоронд иймэрхүү хэргээр орсон хүмүүс шоронгийн хамгийн адгийн бүлэг хүмүүст тооцогдон тэр чинээгээрээ тохирсон доромжлолоо амсдаг гэж улсууд хүүрнэх юм билээ. Оюуны хулгайг хийгч хүний гавал доторхи уураг тархи нь бодвол бусад энгийн хүмүүстэй адил цагаан гэж тооцоод цагаан махны хэрэг орчуулж буй бөлгөө. Мэдлэг дээр суурилсан эдийн засгаар хөгжлийн манлайд хүрнэ гэж тунхаглаж буй өнөө үед бусдын мэдлэг, мэдээллийг улаан цагаан хулгайлж буй хүмүүсийг би бодохдоо бөндгөрөө ашиглан ажлын байран дээрээ бүтээмж гаргахаас илүүтэйгээр толгойноос бусад энд тэндээ байрлах элдэв долоон эрхтэнээ “ашиглан” ажлын байран дээрээ тогтож буй хөөрхийс юм уу л гэж дүгнэх юм. 

Монголд бол оюуны хулгай нилээд газар авсан гэж ярьдаг ч үүнийг таслан зогсоох талаар дорвитой хийж буй ажил юм билээ? Тухайн сурвалжлагч, хааяа хүний оюуны бүтээл хулгайлдаг хүмүүсийг чичлэхээс илүү бид улсынхаа боловсролын тогтолцоонд анхаарлаа илүү хандуулах ёстой юм шиг. Хөгжилтэй орнуудад Plagiarism буюу цагаан махны хэргээс хэрхэн сэргийлэх тухай, яаж бусдын бүтээлийг өөрийн бүтээлдээ зөвөөр ашиглах тухай маш их мэдээлэл байдгаас гадна нэгдсэн стандартууд байдаг билээ. Их дээд сургуулиудын консорцум гээд байгууллага байдаг санаж байна. Уг байгууллага санаачлаад их сургууль болгоноос нэг нэг төлөөлөгч оруулаад ажлын хэсэг байгуулаад Монголын улсдаа тохирсон стандарт гаргая гэвэл үсрээд л долоо хоногийн л ажил болно доо уул нь. Учир нь дэлхийд жишиг болсон стандартууд аль хэдийн байгаа тул тэдгээрийг ашиглан зарим зүйлсийг нь Монголдоо нутагшуулах хэлбэрээр өөрчлөлт хийчихвэл. Энэхүү ажлыг хийгээд арван жилийн сургуулиас эхлэн докторын түвшний бүхий л шатанд хэрэгжүүлбэл ядаж сургууль төгсөж буй хүмүүс нь ингэвэл болно, болохгүй гэсэн нэг ойлголттой болох санж. Улаан цагаан бусдын дипломыг хуулаад эрдмийн ажил хийгээд “амжилттай” төгсөж буй оюутнаас илүү тэрхүү оюутныхаа цагаан махны хэргийг илрүүлж чадаагүй багшийн буруу болох учиртай. Оюутнаасаа бага мэдээлэлтэй байвал багш байхын хэрэг юусан билээ. Цаашилбал их, дээд сургууль болгоныг оюутнуудын дипломын ажлын цахим хэлбэрт оруулж, Монгол улс даяар эрдмийн ажлын нэгдсэн мэдээллийн сантай болчихвол уул нь. Шинэхэн бичигдэж эрдмийн зэрэг горилон буй дипломын энэхүү мэдээллийн сангаас цагаан махны хэрэгтэй холбоотой үгүйг нь хэдхэн товч дараах тун амархан тогтооно доо. Сурвалжлагч нар эрхбиш бие биенээсээ хулгай хийдэггүй гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад маань оюуны “innovation” ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь дурын мэдээллийн хэрэгсэл уншиж үзэхэд л мэдрэгдэх юм. Түүнчлэн бид ч гэж өөрсдөө хэргийн эзэд. Учир нь ихэнх маань иймэрхүү төрлийн болохгүй зүйл хийсэн нөхдийг ёстой сайхан гар юм даа, хүнд гар шүү нээрээ тээ, бараг л яавал тэрэн шиг энд тэндээс юм “хусаж” амьдрах вэ гэж хоорондоо ярих. Уул шугамандаа бол жигшиж ярих ёстой байтал бараг бахархаж яриад байгаа ойлголтыг сонсож буй хүмүүстээ шууд төрүүлэхээр. 

Хэд хоногийн өмнө мэдээллийн сайт дээр нэгэн сурвалжлагч бүсгүй нилээд аятайхан мэдээлэл бичсэн байв. Харамсалтай нь дунд хэсэгт нь миний блогоос хэдэн өгүүлбэрийг тэр чигээр “хусчихсан” байв. Хэдэн жилийн өмнө бол бичлэгийг тэр чигээр нь хуулаад дор нь өөрийнхөө нэрийг хэнэг ч үгүй тавьдаг байсантай харьцуулахад энэхүү бичлэг нь бас ч гэж нэг шатаар ахисан түвшиний цагаан махны хэрэг юм. Учир нь урд, хойно нь оруулсан өгүүлбэрүүдээ бас чиг гэж тун хөөрхөн холбоод найруулсан байгаа юм. Браво! Хэдэн жилийн өмнө нэгэн банкны газрын дарга нь лут ярилцлага өдөр тутмын сонинд өгсөн байж билээ. Ярилцлагын оршил болон дунд хэсэг нь цэг, таслал, үг үсгийн алдааг нь хүртэл яг тэр чигээр нь хуулчихсан миний блогийн нэг бичлэг байж билээ. Тэсэлгүй утас аваад мань эртэй ярихад харин манай маркетингийн залуус юм бичээд ороод ирэхээр нь уншаад хэвлүүлсэн юм гэсэн билээ. Монголын жижгийг хэлэх үү, миний юм уншиж байгаад өөрийн бичсэн бичлэгийн хэсгийг олохдоо гярхайг хэлэх үү хуулсан хуулуулсан хоёр нь дараа нь зөндөө л ичих юм даа золиг гэж. Эдгээр нөхдийн алдар нэрийг нь энд зарлаж хөөрхийсийг миний блогийг уншдаг (followers) 100 гаруй хүн болон тэдгээрийн нохой, шувууны доог болгоод юу хийх билээ. Ядаж байхад би өөрөө хүний өмнөөс тамтаггүй ичих юм. 

Саяхан Японы нэг сонин дээр Токиогийн их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалан улмаар тухайн сургуульдаа багшилж буй эрхмийн эрдмийн ажил нь хуулан бичлэг байсан нь мэдэгдсэн билээ. Үр дүн нь нэр хүнд бүхий Токиогийн их сургуулийн докторын дипломоо хураалгаад зогсохгүй ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гарсан байв. Өөрөөр хэлбэл олон жилийн дараа хэргийг нь илрүүлсэн байгаа юм. Хэрэг хуучирдаггүй ээ гэж энэ буюу. Мань эрийн докторын эрдмийн ажлын 70%-с илүү хэсэг нь бусдын бүтээлийг ашигласан байсан бөгөөд уг салбарын шинжлэх ухаанд яг мань эрийн өөрийнх нь оруулсан хувь нэмэр юу ч байхгүй байлаа гэж уг мэдээн дээр дурдсан байна билээ. Ганц хоёр удаа хүний юм “хусахыг” яах вэ гэж Монгол хүний уужуу зангаар та бид өөр хоорондоо ярилцаж болох боловч хүний юмаар хүүдэгнээд богино хугацаанд амжилт олно уу гэхээс бус урт хугацаанд нэрийн хор биз ээ. Цагаан махны давтан хэрэгтэн! Аа яа яа, тун чиг эвгүй муухай сонсогдож байгаа биз? Иймээс цагаан махны хэрэгтэнгүүд мину зээ хямдхаан оюуныхаа бузар хуял тачаалаа хянаж сурч, өөрийн гэсэн үнэ цэнээ гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаа үүсгэвэл яасан юм бэ?

Friday 20 August 2010

The U.S will remain the number one!

Дэлхийг хэрсэн санхүүгийн хямрал оргил цэгээсээ бууж байгаа өнөө үед бараг хүн болгон АНУ дэлхийд тэргүүлэх эдийн засаг бүхий улс байхаа больж байна, харин Хятад улс гэрлийн хурдаар хөгжиж буй талаар мэдээллийн маш олон хэрэгсэл дурдаж байна. Саяхан Lester Thurow-ийн нэгэн ярилцлагыг сонингоос олж уншаад ихэд кайф авав.

Хямрал хэзээ дуусах талаар асуусан сэтгүүлчийн асуултанд дахиад 2-3 жил үргэлжлэх байх учир нь энэ хямрал V хэлбэрийнх биш харин U хэлбэрийн хямрал тул цаг авна гэж айлджээ. Бүхий л системүүд ямар нэг асуудалтай байдаг бөгөөд бүхий л харилцааг гайхалтай зохицуулсан нийгмийн төгс систем хаа ч байхгүйг нотлоод дэлхийн 2-р дайнаас хойш нийт 12 санхүүгийн хямрал дэлхийн хүн ардыг дайрч гараад байгааг тоолсон байна. Саяны энэхүү хямрал нь үл хөдлөх хөрөнгөөс үүдэлтэй бол ирээдүйд гарах хямралын шалтгааныг хэлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Ямартаа ч хэнбугай ч ирээдүйд гарах хямралыг зогсоож чадахгүй гэж итгэлтэй хэлсэн байх юм.

Мань эр Хятадын ДНБ-ийн жилийн дундаж өсөлт 10% байгаа ба ирэх жил 11%-р өснө гэж ярьж буйг худал мэдээлэл гэж эрс няцаасан байв. Энэхүү няцаалтаа дараах байдлаар баталж байна. Хятадын засгийн газар өөрсдөө дараах мэдээллийг хийсэн юм байна. Энэ нь өнөөдрийн байдлаар нийт 900 сая Хятад хүн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй бөгөөд эдгээр хүмүүсийн эдийн засгийн өсөлт 0%-тай байгаа гэж. Тэгвэл хот сууринд амьдарч буй 400 сая Хятадууд нь нийт улсынхаа 10%-ийн өсөлтийг хангахын тулд жилд дунджаар 33%-ийн өсөлтийг үзүүлэх ёстой болж байна. Үнэндээ бол Хятадын засгийн газрын хэлээд байдаг жилийн 10%-ийн өсөлт бол томоохон хотуудын эдийн засгийн үзүүлэлт бөгөөд Хятадын хүн амын 2/3-ийг оруулж тооцоогүй тоо юм. Хэрэв хөдөө, орон нутгийн хүмүүсийг оруулж тооцвол Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар 3%-тай байна гэжээ. Сайхан гаргалгаа. Дээрх хэлснээр ихэнх судлаачид 2040 он гэхэд Хятад дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий улс болно гэж дүгнэж байгаа ч 2008 оны байдлаар Хятадын нэг хүнд ногдох ДНБ нь 3,400 ам.доллар байхад Америкт 47,000 ам.доллар байсан билээ. Өөрөөр хэлбэл Хятад ДНБ-ээ жилийн 10%-р өсгөөд өсгөөд АНУ-ыг гүйцэж түрүүлэхэд дор хаяж 100 жил шаардагдахаар байна. Магадгүй 22-р зуунд л Хятад дэлхий дээр эдийн засгаараа тэргүүлэх биз гэж хөөрхөн ёжилсон байх юм билээ. Өөр сонирхолтой тоонуудыг ухаж үзвэл АНУ-ын эдийн засаг 1830 оноос эхлэн Английн эдийн засгийн өсөлтийг гүйцэж түрүүлж эхэлсэн ч нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээрээ дөнгөж 1919 онд Английн өмнө гишгэсэн байдаг юм байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий улс болох Японы хувьд АНУ-ыг нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээр гүйцэж түрүүлэх гээд 140 жил болж буй ч одоог хүртэл бараагүй л байна. Түүнчлэн Энэтхэгийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд итгэхгүй байгаагаа хэлж байв. Энэтхэг 1990-ээд оны үед 3%-ийн эдийн засгийн өсөлт үзүүлж байсан бол өдгөө 8% гэж дуугарч байна. Гэтэл нүдэнд үзэгдэж, гарт баригдах дорвитой ямар ч бүтээн байгуулалт энэ улсад бий болоогүй хэмээн маргах аж.

Мань эр АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд, тоонуудад итгэдэг гэж хэлэх агаад учир нь эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүдийг цуглуулж нэгтгэн, тоо “үйлдвэрлэдэг” институтын дарга нь бусдаас хараат бус буюу зөвхөн АНУ-ын конгресс л халах эрхтэй байдаг аж. Ихэнх хөгжиж буй улсуулад ерөнхийлөгч нь юм уу ерөнхий сайд нь статистик, нийгэм, эдийн засгийн тоог дуртай үедээ өөрчлөх, өөрчлүүлэх эрхтэй, боломжтой байдаг. Өөрчлөхгүй гүрийсэн нөхрийг ядаж л ажлаас нь халуулах хэмжээний бохир арга тэд нарт эрх биш байх ажгуу. “Статиктикчид зөвлөлдөж байна” гэсэн гарчигтай энэ мэдээллийг уншаад мань хүмүүс өөрсдийнхөө институцийн бие даасан, хараат бус байдлаа хир хэлэлцэх бол гэж бодож л сууна.  

Бас нэг сонирхолтой жишээ дурдсан байсан нь Египт улсын жишээ байв. Уг улс 4000 жилийн турш эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байсан боловч үүний дараа 2000 жилийн турш эдийн засгийн ямар ч өсөлт үзүүлж чадаагүй аж. Учир нь экспорт дээр хэт их дулдуйдсан эдийн засгийн бүтэцтэй байжээ. Улс орны дотоод хэрэглээг урамшуулах ёстой гэсэн санааг мань эр хэд хэд давтсан байх юм. Уул уурхайгаас илүү уур уурхайг дагалдах бизнесүүд илүү чухал гэж Монголд зарим хүмүүс яриад байгаатай агаар нэгэн буюу.

Японы хувьд инноваци (энэ үгийг Монголоор хэрхэн яруу тунгалаг буулгах вэ) дутагдсанаас өдийг хүртэл дэлхийд эдийн засгаараа тэргүүлж чадахгүй байгааг шүүмжилсэн байна. Ухаан нь Японы Стив Жобс хаана байна гэж асууж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл бусдын санааг хуулбарлан эдийн засгаа эрчимжүүлж бусад оронтой хөгжлөөрөө мөр зэрэгцэж болох боловч өөрсдийн гэсэн шинэ санаа, санаачлага байхгүй бол бусад улсыг хөгжлөөрөө тэргүүлэх асуудал байхгүй гэж түс тас хэлсэн байна. Энгийн логикоор бодоход энэ нь мэдээжийн асуудал. Инноваци хэмээн сүүлийн үед Монголчууд маань бас их ярих болж бас ч гэж бузгай ажлууд энд тэнд хийж эхэлж буй мэдээлэл үе үе сонсдог. Гэхдээ ихэнх мэдээлэл нь төртэй холбогдсон байх юм билээ. Уул нь боловсролын салбартай нягт уяад өгвөл төртэй төргүй болоод явчих ч юм шиг “амархан” санагдаад байдаг.

Түүнчлэн Япон улс өдийг хүртэл хямралын сүүдрээс гүйцэд гарч чадаагүй нь Японд шинэ компани үүсэхгүй байна гэж мань эр шүүмжилжээ. Энэ их гоё ажиглалт болсон байв. Жишээ нь Японы одоогийн бараг бүх томоохон компаниуд нь дэлхийн 2-р дайны дараа буюу Америкуудын нөлөөгөөр бий болсон байна. 2000 оноос хойш үүсгэн байгуулагдсан томоохон компани Японд алга. Маш олон Япон бизнесменүүд Япон биш харин АНУ-д компаниа байгуулан АНУ-ын эдийн засгийг тэтгэж байгааг баримтаар хэлсэн нь үнэхээр сонирхолтой байв. Үйлдвэрлэл биш мэдлэг дээр суурилсан эдийн засгийн эрин үед бид амьдарч байна. Тиймээс залуусыг би эдийн засагч биш биологч бол гэж зөвлөдөг гэсэн байх юм. Учир нь ирээдүйд ургамал, амьтан, бүр хүн зэргийг биологийн мэргэжилтэнгүүд хийж байгаль дэлхийн тэнцвэрийг барих болно. Одоо ч гэсэн асар их хөрөнгө биологийн салбар руу урсан орж, гярхай хүмүүс ихэнх мөнгөө энэ салбарт хөрөнгө оруулж буйг дурдсан байна. Хэдий эдийн засагч нар алив систем, зүйлийн хүчин зүйлсийн нөлөөллийг сайн хэлж, хэлэлцэж чаддаг боловч үр дүн гарах цаг хугацааг баримжаалан хэлэхдээ тун тааруу гэж өөрийн мэргэжлээ тайлбарлажээ. 

Wednesday 18 August 2010

What you are seeking is seeking you!

Санаа сайн бол заяа сайн!

Аливаа асуудлыг шулуунхандуу, болж өгвөл байгаагаар нь бодитоор түс тас хэлчихдэг хүмүүс уул нь ажил явуулахад амар байдаг. Гэвч одоо байгаа нөхцөл байдалдаа санаа зоволгүйгээр үл барам яваандаа болно доо болно гээд суудаг буюу нэг бодлын хэнэггүй ч гэмээр нөгөө бодлын өөдрөг үзэлтэй ч гэж хэлмээр хүмүүс ч ажлын байран дээр элбэг тааралддаг. Энэ хоёр төрлийн хүмүүсийг хальт анзаарахад хэнэггүйдүү хүмүүс нь ажлын байран дээрээ илүү аз жаргалтай байхаас гадна түс тас хийтэл нь аваад хаядаг нөхдүүдийг бодвол илүү олон найз нөхөдтэй байх нийтлэг хандлага байгаад байх шиг.

Нилээд туранхай нэг бүсгүй байх. Гэтэл хажуугаар нь тэр бүсгүйгээс харваас туранхай биш боловч илүү аятайхан биетэй, тэрийгээ тодруулан гаргасан хувцас өмссөн бүсгүй өнгөрөх үед нөгөө туранхай бүсгүй маань ёооё, яаж ингэж турах вэ гэж дуу алдах. Энэхүү уулга алдсан бүсгүйн найз нь ямар нэг хариулт хэлэх шаардлагатай болно. Найз нь нэг бол чи саяны бүсгүйгээс туранхай шүү дээ, гол нь биеийн хэлбэрээ л засвал гэж нэг хэлэх байх, үгүй бол харин тийм ээ, яаж ингэж туранхай болдог байна аа гэж нэг амыг нь дагуулан долигнож, чи турна аа гэж хоосон хөөргөх байх нөгөөхөө.

Аливаа хүнд магтаал сайшаал хэрэгтэй боловч тэр нь зөв бөгөөд үнэн байх ёстой мэт. Хуурамч магтаалаас үнэн боловч хатуу шүүмжлэл хамаагүй дээр. Монголчуудын маань амны билгээс ашдын билэг гээд хэлэлцдэг нь нэг бодлын сэтгэлзүйн хүч болох боловч нөгөө бодлын хэт өргөн зорилго, том мөрөөдөл өмнөө тавиад насны эцэст аль ч үгүй суух аюултай ч юм шиг. Ухаан нь аливаа зорилго аль болох тодорхой байх тусам тэрхүү зорилгод хүрэхэд илүү амар дөт болох билээ. Дээрх бүсгүйн зорилго нь эрүүл мэндийн хувьд өөртөө тохирсон жинтэй байх юм уу, эсвэл зөрж өнгөрсөн гуалиг бүсгүй нэг бүрээс илүү “туранхай” байх юм уу гэдэг нь үнэхээр тодорхой бус аж. Үнэндээ энд биеийн жин биш хэлбэрийн асуудал байгааг хэн хэн нь мэдэж буй боловч аль аль нь хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бололтой.

Дээрх энгийн жишээтэй агаар нэгэн хэний янаагүй хувийн зорилгоо аль болох тодорхой болгож түүндээ тууштай үнэнч байж эцсийг нь үзэж сурах ёстой юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол та бид бүгд өөртөө байгаа олон проблемийнхаа шийдлийг олж чадахгүйгээр үл барам өөрөө тэрхүү бүх проблемийнхоо цөм нь болж гозойн бусдад адлагдсаар байгаад хадан гэртээ харих аюул байх. Хамгийн гол нь хувийн зорилгоо тодорхойлохын өмнө хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах ёстой юм шиг байгаа юм. Энэ нь эргээд л чи хэн бэ, би хэн бэ гэдэг асуулт руу хөтлөх бололтой. Өөрийгөө ойлгоно гэдэг нь өөрийнхөө одоо байгаа болон ирээдүйд олж авахаар хүсч буй үнэт болон үнэт бус зүйлсээ мэдрэх юм болов уу даа.   

Monday 2 August 2010

The highest result of education is tolerance

Японд суралцах нэг жилийн хугацаа маань харвасан сум шиг өнгөрч, хичээл, шалгалт, дипломтой холбоотой бүхий л ажлуудаа дуусган төгсөлтийн баяраа хүлээх зуураа Монгол руу авч явах ачаа бараагаа багладаг юм уу гэсэн шиг сууж байна. Нэг жилийн курс болохоор овоо шахуу хөтөлбөртэй буюу гурван семестерийн турш дор хаяж 30 кредит цуглуулах ёстой байв. Сайхан юм нь энэхүү кредитийг хэтрүүлэн авч илүү хичээл судалсан ч нэмж сургалтын төлбөр шаардахгүй тул энэхүү боломжийг чадлаараа ашиглаж хэдэн хичээл нэмж үзсэн нь үнэхээр кайфтай байлаа. Аль дивангаравын үед Аристотел ах нэгэнтээ “Боловсролын үндэс нь гашуун боловч жимс нь хичнээн амттай” гэж хэлсэн байдаг билээ. Ухаан өндөр ачаалал, хүнд шалгалт шүүлэг, заримдаа эцэс төгсгөлгүй гэмээр эрдмийн маргаан, мэтгэлцээний дараа сургуулиа амжилттай төгсөөд цээж дүүрэн инээж байх үеийг хэлэх гэж оролдсон юм болов уу.

Өмнө нь яагаад ч юм би гадаадад төгссөн хүмүүсийг автоматаар “лаг” хүн байх ёстой гэж ойлгодог байж. Гэвч энд тэнд сургуульд сурахад заавал сонгох хичээлээс гадна хамгийн хүнд хичээлүүдийг, хамгийн чанга багш нарыг сонгон судлаж өөрийнхөө жинхэнэ “тарыг” таних, эсвэл хамгийн хөнгөн буюу “сулхан” профессорын хичээлүүдийг албаар сонгон дүнгийн хойноос гүйх боломж ч байдаг юм байна. Сургуульд маань яаж энэ сургуулийн босгыг давж орсон юм бол гэмээр хөгийн оюутнууд байхад үнэхээр толгойтой, энэхүү сургууль нь багадаж буй мундаг оюутнууд ч байх. Түүнчлэн амнаас нь гарч буй үг болгоныг нь алдаж боломжгүй агуу багш нар байхад хэлж байгаа юмыг нь ойлгоход хэцүүгээс гадна асуултанд тодорхой хариулт өгч чадахгүй буюу “Маш сайхан асуулт байна. Чи өөрөө энэ асуудлыг юу гэж бодож байна” гээд эргээд маниасаа асуун, янз бүрийн асуулт асуучих вий гэсэн шиг нүдний харцаа мөргөлдүүлэхгүйг хичээн сандран барин хичээлээ заах ч профессорууд байна. Үнэхээр ч нийгмийн зарим нэг шинжлэх ухаанд тийм эсвэл үгүй гэдэг хариултаар ам таглах асуудлууд тун ховор гэдгийг маш сайн ойлгосноос гадна гадаадад мундаг дүнтэй төгссөн хүн болгон амьдрал дээр сайн мэргэжилтэн байх боломжтой гэж дүгнэж болохгүйг улам ихээр мэдрэв. Хорвоо гэдэг энэ буюу. Тийм ч болоод The highest result of education is tolerance” гэж Helen Keller өнгөрсөн зууны эхээр хэлсэн байдаг буй заа. Тэсвэр тэвчээр буюу хүлээцтэй байдал, сахилга бат, ёс суртахуун гурав боловсрол хэмээх түүдэг галын тулгын гурван чулуу юм шиг хааяа бодогдох. Ухаан нь боловсрол гэсэн түүдэг галыг хэдий чинээ өндөрт асаахыг хүснэ төдий чинээ энэхүү гурван тулгын чулуугаа бат бэх сууринд нь бэхжүүлэх ёстой мэт.

Японд ирсэн зорилго маань өөрийнхөө тарыг таних байсан агаад хүлээж байснаасаа ялимгүй өндөр GPA-тэй сургуулиа төгсөж буй нь миний хувьд амттай жимс болж байна. Мэдээллийн технологи, санхүү, маркетинг гурвыг хослуулан судлах гэж хичээснээс гадна эдгээр хичээлүүд дээр ашиглаж байсан кэйсүүд үнэхээр их зүйлс өгсөн. Хэдий зарим хичээлийнхээ тухай блог дээрээ товч мэдээлэл оруулж байсан боловч зохиогчийн эрхийн асуудлаас болоод одоог хүртэл тэр гайхалтай кэйсүүдийг амьдрал дээрх бодит шийдэлтэй нь блог дээрээ орчуулан бичиж чадахгүй байнам. Энэхүү блогийн маань нэг зорилго маань ч Япон улс, хичээл ном дээрээ үзсэн зүйлс, энд тэнд харсан юмаа бусадтай хуваалцах байсан тул тэрхүү зорилгоо бага ч болов өнөөдрийг хүртэл биелүүлж чадсан байх гэж горьдох юм. Өдийг хүртэл блогийг маань амь оруулж байсан уншигч та нарт талархая.

Эцэст нь сургууль төгсөж буй оюутнуудын хувьд дараагийн хамгийн том даваа нь ажилд орох асуудал байдаг. Монгол руу ажил сураглах гэхээр асуусан хүн болгон уул уурхай гэх. Нөхдүүдийг тэгж хэлэх бүр “In a gold rush, do not invest in gold diggers but in sholves!” хэмээн хэлсэн Andre Kostolany-ийн үг шууд толгойд буух. Ямартаа ч linkedin дээрх өөрийн профайл дээрээ “has started looking for a challenging position in the field of finance, mining, consultancy, and trade which cover the international arena. Preferably want to be positioned in Mongolia and I am available from September 2010” гэсэн статус үлдээж орхилоо. Гэснээс ер нь манийг нь тоож ажилд авах байгуулага, хүмүүс Монголд бий болов уу, үгүй болов уу гэсэнJ