Showing posts with label Random thoughts. Show all posts
Showing posts with label Random thoughts. Show all posts

Friday, 16 December 2016

Power Shift

Эрх мэдлийн шилжилт

1990 онд Алвин Тоффлер “Power Shift” буюу “Эрх Мэдлийн Шилжилт” номоо гаргав. Уг номонд эрх мэдэл гэдэг зүйл хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн 3 зүйлсээр дамжин хүмүүс хооронд шилждэг гэжээ. Мэдээж хүй нэгдлийн үеэс эхлүүлээд саяхныг хүртэл хүмүүс булчин шөрмөс, буу зэвсэг дээрээ дулдуйдан эрх мэдлийг бусдаас хүчээр булаан авдаг байв. Хүйтэн дайны оршил ба одоог хүртэл том гүрнүүд цөмийн зэвсгээр хөөцөлдөж буй нь нэгийг хэлнэ. “Мөнгөөр асуудлыг шийдэж болж байвал тэр бол асуудал биш” гэсэн Еврэй хэлц үг байдаг. Мөнгөтэй, эд баялагтай хүмүүс өөрийнхөө нийгэм ба дэлхийн бодлогыг тодорхойлоход шууд болон шууд бусаар оролцдог. Харин өдгөө мэдлэг нь эрх мэдлийн шилжилтийн гол цөм рүү улам бүр дөхсөөр л байна. Учир нь мэдлэг үгүй бол технологи үгүй, технологи үгүй бол мөнгө байхгүй.  

Star Power

1960 онд бий болсон “Star Power” гээд тоглоом бий. Дүрэм нь дөрвөлжин, дугуй, гурвалжин гэсэн нийгмийн 3 бүлэгт тоглогчдийг хуваан хооронд нь арилжаа хийлгүүлнэ. Тоглогч бүрт тоглоом эхлэхэд тав таван чип өгөх ба энэ таван чип нь өөр өөр үнэлгээтэй байна. Оролцогчид аль болох хувийн баялгаа арилжаа хийх замаар өсгөж, тэр хирээр нийгмийн статусаа дээшлүүлж дөрвөлжин бүлэг рүү орох зорилготой. Тоглоомын эхний дүрмүүдийн нэг нь ямар ч үнээр хамаагүй хоорондоо тоглогчид заавал арилжаа хийнэ. Гэхдээ арилжаанд оролцох мөч хүртлээ нөгөө хүндээ чипээ үзүүлэх ёсгүй. Манайхаар бол нударган дотроо наймаа хийнэ гэсэн үг. Мөн нийгмийн 3 бүлэг бүрт ялгаатай үнэлгээ бүхий бонус чипийг олгох ба бүлгийн гишүүд хоорондоо хэлэлцэн санал хурааж хэндээ тэр чипээ өгөхөө шийднэ. Арилжаагаар болон бонусын чипээр хувийн оноогоо ахиулж, эд баялгаа арвижуулсан хүн нь нийгмийн дараагийн дээр хэсэг рүүгээ шилжинэ. Хэдэн удаагийн арилжааны дараа хамгийн баян бүлэг нь (Дөрвөлжин бүлэг) тоглоомын бүх дүрмийг хүслээрээ өөрчлөх эрхтэй болно.

Шударга бус байдал

Дээрх тоглоомын дүрмээр хүн болгон хувийн оноогоо нэмэгдүүлж дөрвөлжин бүлэгт орохыг эрмэлзэнэ. Учир нь дөрвөлжин бүлэг шийдвэр гаргаж тоглоомын дүрмийг тэр чигээр нь өөрчлөх эрх мэдэлтэй. Тэр шийдвэр гаргагчдын бүлэгт орохгүй л бол ихэнх хүнд хэн ч биш санагдана. Арилжаагаа өөртөө ашигтай хийхийн тулд оролцогчид яваандаа бие биенээ хуурч эхэлнэ. Мөн бонус чип авахын тулд бүлгийнхээ хүмүүст амлалт өгч, бонусаа өөртөө өгөхийг ятгаж гуйж, аргадаж, айлгах ч хүмүүс байна. Ингэж дээшээ буюу элит хэсгийн дөрвөлжин бүлэг рүү явсан ихэнх хүмүүс хуучин бүлгээ мартдаг болохыг тоглоомноос та харна. Хамгийн гол нь шийдвэр гаргах элит бүлэг буюу дөрвөлжин бүлэг нь тоглоомын бүх дүрмийг өөрсөддөө ашигтайгаар орвонгоор нь өөрчилнө. Жишээ нь, бонус чипийг хэн хэзээ хэнд хуваарилах, хэн хэнтэй арилжаа хийх, үл хийх, дөрвөлжин бүлгийн гишүүд бусад бүлгийн хэнтэй ч арилжаанд орохгүй байх, орвол нийлж байгаад хамгийн өндөр үнэлгээтэй чипийг бусад бүлгээс цуглуулж хуу хамж бусад бүлгээ улам хүчгүй, эрх мэдэлгүй болгох гэх мэт. Энэ нь хэдийгээр тоглоом мэт боловч эдийн засаг, нийгэм, улстөрийн бүхий л асуудлыг бид шийдэж буй загвар юм. Энэ тоглоомны өмнө гоё юм ярьдаг, сайхан дүртэй хүмүүс тоглоомны дараа бүгд нүүрний багаа хуулсан байдаг.

Тэгш бус байдал

Өнөөдөр дэлхий даяар тулгамдаад буй хамгийн том асуудал бол тэгш бус байдал. Кредит Суиссе 2016 оны байдлаар дэлхийн баялгийн пирамидийг зуржээ.



Энэхүү тайлангаар бол дэлхийн насанд хүрсэн нийт хүн амын ердөө 0.7% буюу 33 сая хүн л дэлхийн нийт эд баялгийн тэн хагасыг нь буюу 116 их наяд ам.доллартай тэнцэх баялгийг эзэмшдэг. Гэтэл 3.5 тэрбум хүн нөгөө үлдсэн дэлхийн тал баялгийн дөнгөж 2.4% дээр нь тоглож байна. Үлдсэн 1.25 тэрбум (насанд хүрсэн хүмүүсийн 26%) орчим хүмүүс 10,000-1,000.000 долларын баялагтай ажээ. Эндээс баян ядуу болон тэгш бусын ялгаа улам алсарч буйг бид харж байна. Зарим хүмүүс энэ 1% хүрэхгүй баян хүмүүс л үлдсэн 99%-иа тэжээж буй гэж нотлохыг хичээдэг бол зарим хүмүүс эсрэгээрээ 99% нь 1%-г тордож байна гэж маргадаг.

Азийн Африк Монгол

Бид саяхныг хүртэл муу муухай, бүтэлгүй юм болгоныг Африк тивийн улсуудтай зүйрлэдэг байв. Хэдхэн жилийн өмнөөс Африкийн улсууд ялангуяа уул уурхайн бүтэлгүй бизнес, геополитик, авилга, засаглалын муу жишээгээр Монголыг сонгож авч зүйрлэн бие биедээ хичээл заадаг болжээ. Хүн болгонд байгалийн өгөгдөл өөрөөр хүртээгддэг хэдий ч шийдвэр гаргагчдын хувьд алсыг харсан, нийгмийн бүхий л бүлгүүдийг хамруулсан оновчтой шийдлийг өөрийн гэр бүл, эд баялгаа бүрэн золиолж биш юм аа гэхэд авах гээхийн ухаанаар хандан гаргахад бэрх бололтой. Тоглоом тоглосон олон хүмүүсийн байгалийн реакц нь хичнээн ухаантай, мундаг, боловсролтой байснаас үл хамааран дөрвөлжин бүлэг буюу шийдвэр гаргадаг бүлэгт орсон л бол шууд арьсаа хамгаалах тактик руу шилжиж байв. Бусдыгаа бодох ёстой, шударга бусаар тоглох ёсгүй гэж дөрвөлжин бүлэг дотроо дуугарсан гишүүдийг бүлгийн бусад аажим аажмаар маш ухаалгаар бүлгээрээ шахан хөөн гаргахыг та бас харах болно. Энэ бол савраа нуусан муур шиг бидний байгаа л царай.

Мэдлэг

Нийгмийн тэгш оролцоо, идэвхитэй байх эсэх нь үнэхээр хувь хүний өөрийнх нь асуудал. Харин нийгмийн баялгаас хүртэх, шийдвэр гаргах процесст оролцох тэгш бололцоогоор хангах бол төрийн үүрэг мэт. Энэ том үүргийг хангах институцийг сонгох бүрэн эрх мэдлийг бид хэний янаагүй 4 жилд нэг өдөр л атгадаг. Харамсалтай нь бид эрх мэдлийн шилжилтийг мэдлэг бус эд баялаг, поп амлалт, цаашилбал хүчирхийллийг сонгон голцуу хийх гээд байх. Саяхныг хүртэл ерөнхийлөгчийн үзмэрч гэдэг албан цолтой төрийн далдыг харагчтай байсан бид Марз ууланд онгоц осолдоход онцгой байдлын албаа ашиглахаас илүү нисдэг тэргэнд 30 гаруй үзмэрчдийг чихэн суулгаад хайхаар одож байв. Одоо хүртэл бурзай бурзай гээд сошиал медиагаар могой, мөнгөний зураг лайкдаад баяжина гэж итгэдэг, хоосон түрийвчээ даллаад УБ паласыг дүүргэдэг, “боов” хадан дээр мордоод нөхөртэй, хүүхэдтэй болно гэж жинхнээсээ мөрөөддөг, шүүх хурал болохын өмнө шөнө бүх лам хардаг хүмүүсийг завгүй байлгадаг, улсын шалтгалтын өмнөх өдөр гандан дээр шавах оюутан залуустай хэвээр л байсаар байна. Жил гараны л өмнөдөө цэнгэлдэх хүрээлэндээ бид их эзэн Чингис хааныхаа хойд дүрийг тодруулан алдаа биз дээ (нээрээ хэн тодорсон бэ?). Бид нэгэнтээ бичиг үсэгт тайлагдсан байдлаараа цагтаа ЮНЕСКО-с шагнал авч байсан. Харин одоо уншсан юмаа яг ойлгож байна уу гэдгээ дахиад нэг ЮНЕСКО-гоор шалгуулмаар мэт. Мэдлэг агуулдаг ном бидний хувьд “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” бус “Мэддэггүйд нь мэргэн цоохор, Мэддэгт нь эрээн цоохор” болоод удаж байнам.


Saturday, 6 August 2016

АНУ ба Ази

"The stars" "Leaders of the Next Generation" холбооны судлаач имэйл ирүүлж мэдээлэл өгч байна. Гол мэдээлэл нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ба зүүн Ази дахь нөлөөлөл байна. Хэрэв Трамп ерөнхийлөгчөөр сонгогдон АНУ-ын дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэхээр бол Хятад ба АНУ хооронд дайн гарах эрсдэл нилээд өндөрсөх аж. АНУ-ын Ази дахь цэргийн бааз, түншүүд болох Япон, Солонгос, Филиппинээс Токио Бээжин хоёр тусдаа яриад эхэлсэн аж. Хэрэв Япон Хятадын талд орвол АНУ ази тив дэх нөлөө, цаашилбал дэлхийн усан зам, далайн тээврийн нөлөөгөө алдах нь байна. Нэг эвгүйтвэл 19, 20-р зуунд барууныханд доромжлуулж байсан Хятадууд ёстой ичсэн хүн хүн ална гэдэг шиг нилээд үзэх нь тодорхой буй аж. ССТV-н сошиал аккаунтуудыг та бүхэн сүүлийн хэдэн өдрөөр шүүгээд үзээрэй. Инстаграм дээр хүртэл арми, цэрэг, зэвсгийн сүр хүчийг үзүүлсэн видео, шторкуудыг эрчимтэй тавьж эхэлсэн байна билээ.
Аль нэг улсад экстрим лидер гарснаар голцуу дайн өдөөдөг сургамжийг Напелеон, Гитлер, Японы эзэнт гүрний генералуудын жишээгээр судалсан байх юм. Трамп дээр энэ магадлал нь өндөр байгаа бололтой. 
НАТО-р дамжуулан Европийг удирдаж буй АНУ Азийг хяналтаасаа алдвал тун удахгүй дэлхийн номер нэг эдийн засаг, мөнгөний эх үүсвэр болох Хятадыг дараа нь гүйцэж чадахгүй нь аж. 
АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хамгийн том сорилт нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байх нь ээ. Гаагийн шүүхийг үгүйсгэн томорч буй өмнөд хөршийнхөнд АНУ-ын ерөнхийлөгч хэн байх нь чухлаас чухал асуудал. Хятадтай учраа олж чадахгүй бол Вашингтон Сеүл ба Токиод цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх асуудал дээр нь хориг тавихгүй байх байтугай "бодлогоор дэмжих" тухай ч аль хэдийн яригдсан байх юм. Хүчний хамгийн том балансыг ингээд л цөмийн зэвсэг барьдаг байх нь ээ. Энэ дундаас Хойд Солонгос далимдуулж "гео-попдох" магадлал, аюул манай бүс нутагт бүр их болох нь.
Сеүл, Токио, Манила, Вашингтон, Бээжингийн хооронд ямар яриа явж, ямар тохироог босууд нь хийхээс Монголын эдийн засаг, улс төр ч дам дамаа хамаарах нь. Хамгийн энгийн жишээ нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хурцадмал байдалд ороод усан зам хаагдвал Австралийн нүүрс Хятад, Япон, Солонгос руу ирэхээ болих. Үүнийг нь ашиглаад бид нам унаад байгаа нүүрсний экспортоо нэмэх боломж ч гэдэг юм уу. 
Дээрээс нь Хятадуудын яриад хийгээд эхэлсэн Шинэ Торгоны Замын хэдэн зуун тэрбум долларын өртөгтэй Евроазийг холбосон дэд бүтцийн нүсэр төсөлд Монгол улс хаана нь, ямар байр суурь, оролцоотой байх юм бол доо? 
Найр, наадам, сандал ширээний баяр нь ч удахгүй дууслаа даа манай хэдийн...

Tuesday, 5 July 2016

Институцийн инноваци

Энэ долоо хоногийн эхээр Хятадын Тяньжин хотод Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Зуны Давос” гэж нэрлэгддэг чуулга уулзалт “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ба түүний нөлөө” гэсэн сэдвийн дор болов. Энэхүү хурлаас хамгийн их хожиж буй этгээд нь Хятад улс, тэр дундаа Тяньжин хот байнам. Зуны Давосыг Хятад улс 10 дахь жилдээ Тяньжин ба Далянь хотууддаа ээлжлэн зохион байгуулдаг. “Модоор бол 10 жил тордож усаллаа. Одоо үр жимсээ хурааж эхэлнэ ээ” гэсэн өгүүлбэрээр Хятадын ерөнхий сайд Ли форумын нээлтийн илтгэлээ эхлэв.

Хятад улс юу хүснэм?
Хятад улс өдгөө 13-р таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний нэг зорилго нь Тяньжин хотыг Хятадын аж үйлдвэр ба инновацийн төв болон өрнө ба дорныг холбосон ложистик ба технологийн гүүр болгох ажээ. Хятадын ерөнхий сайд Ли Коцянь форумыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс эдийн засгийн реформ ба инновациар улсынхаа хөгжлийн уламжлалт хэв маяг, голлох хөдөлгүүр болсон салбаруудаа тэр чигээр нь шинэчлэнэ” гэж маш хатуу мэдэгдлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн түүний илтгэлд уул уурхай, түүхий эд боловсруулалт, хөгжиж буй улс гэсэн ганц ч үг дурдагдсангүй. Харин ч квантум технологи, хиймэл оюун ухаан, инноваци, шинжлэх ухаан гэдэг үгсийг байнга хүчтэй давтаж байснаас гадна “Made in China” гэдэг ойлголтыг бид үндсээр нь өөрчлөх болно гэж 90 гаруй орны 2000 орчим улстөрч, бизнесменүүд цугласан Зуны Давосын форум дээр амлав. Эдийн засгаа уламжлалт хүчин зүйлсээр хэмжихгүй шинэ хэмжээсүүдээр хэмжих ба үүний хамгийн том нь инноваци байх болно хэмээв. 
Түүнчлэн Ерөнхий сайд Ли Коцянь улсын өмчийн бүх аж ахуйн нэгжүүдээ технологийн болон засаглалын инноваци хийхийг уриалж, гүйцэтгэх захирлуудтай нь үүлэн тооцоолуур, квантум физик, хиймэл оюун ухаан ярьж, зочдын өмнө хятадуудын хийсэн супер ухаалаг дугуй (super smart bicycle) унаж үзүүлэх нь үнэтэй машин тэрэг, онгоцоор гангалж онгирдог бидний хажууд дэлхийн том гүрний удирдагч гэхэд “жул” ч юм шиг санагдсаныг нуух юун. Хятадын амбиц бол дэлхийн санхүү ба технологийн салбарыг базна гээд шулуухан л хэлж байна. Товхондоо хэлэхэд, Хятад улс дэлхийн эдийн засгийн локомотив буюу зүтгүүр болсон. Бидэнд мөнгө, санхүүгийн нөөц байна. Харин үүнийгээ менежмент, маркетинг, судалгаа ба хөгжүүлэлт (R&D), инноваци, шинжлэх ухаан, технологиор солиход бэлэн байна гэж зарлалаа. 
Тяньжин хот юу хожив?
Энэхүү форумын дундуур 250 тэрбум долларын эдийн засаг бүхий Тяньжин хотыг удирддаг дарга нь гадаадын старт ап компаниуд, энтрепренерүүд манай хотод ирж ажиллаачээ гэж уриалаад, хэрэв бизнес, санаа чинь миний хотод амжилтгүй болбол бид эрсдлийг чинь мөнгөөр нь танд буцааж төлье хэмээн зарлаж “онгиров”. Тяньжин хотын ДНБ нь 1.65 их наяд юань буюу 250 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Тяньжин хотын нэг хүнд ногдох ДНБ нь 17,000 ам.долларт хүрчээ. 2016 оны эхний улирлын байдлаар ДНБ нь 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Хятад улсын өсөлтөөс даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Зөвхөн энэ хот 2017 онд нийт 10,000 аж ахуйн нэгжийг өөрчилж, технологи болон засаглалын инновацийг хэрэгжүүлнэ гэж байна. Компаниудын тоног төхөөрөмжийг шинэчлэхийн тулд тусгай санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж, хот нь зээл ба лизингийн бодлогоор дэмжиж буй аж. Энэ 2016 онд гэхэд л нийт 12,000 компани хаагдаж дампуурна, эсвэл тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлыг багасгах, агаарын бохирдол ба үр бүтээмжгүй шугамуудыг нь шууд хаах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Тянжин хот нийт 48 тэрбум юанийг компаниуддаа өгч давхар татварын бодлогоор дэмжиж байна. 
Хятад улсын бодлогыг хэрэгжүүлэн тус хот “The special entrepreneurial and Innovative Zone”-ийг байгуулснаар 2016 оны эхний хагасын байдлаар энэхүү бүст нийт 1,781 старт ап компани бүртгүүлжээ. Энэ нь сар бүр 300 шинэ бизнес, шинэ компани бий болж байна гэсэн үг. Орон нутгийн захиргааны мэдээллээс харвал дээрх компаниудаас 23 нь том бизнес болж жил бүр 1.5 сая ам.доллараас дээш хэмжээний татварыг хотод нь төлнө гэж тооцоолж байна. Энэхүү тусгай бүс нь 2015 оны 9 сард нээгдсэн бөгөөд Тяньжин хотын Binhai New Area хэсэгт байрладаг. Бүсийг байгуулахын тулд Тяньжин хот нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж тусгай журам, бодлогыг мөрдүүлж байна. Үүний үр дүнд барууны бараг бүхий л том корпораци болох Airbus, John Deere, Honewell, Schneider, Otis, Siemens, Toyota зэрэг компаниуд аль хэдийн ороод ирсэн байх юм. Хотын захиргааны бодлогоор агаар ба сансрын технологи, хүнд ба хөнгөн үйлдвэрлэл, био технологи, химийн үйлдвэр, электроникс ба мэдээллийн технологи, эрчим хүч ба сэргээгдэх материал, батлан хамгаалах технологи ба шинжлэх ухаан гэсэн 8 багц салбарыг сонгон хөгжүүлж, энэ нь эргээд Тяньжин хотын эдийн засгийг чирж явж байна. Энгийн жишээ дурдвал, Тяньжин хот жилд 44 Эйрбас А320 онгоц, 70 нисдэг тэрэг, 200 автомат жолоодлоготой онгоц үйлдвэрлэн шууд зах зээлд нийлүүлдэг болжээ. 
Хамгийн сонирхолтой нь, зургаан тэрбум юанийг Тяньжин хотын захиргаа гадаад ба дотоодын хөрөнгө оруулалттай старт апийн эрсдлийг хааж нөхөн төлбөр өгөх зорилгоор банкуудад байршуулан старт ап компаниудад олгосон зээлийн эрсдлийг нь шууд хааж байна. Найдваргүй болсон жижиг дунд бизнес, старт апийн зээлийн 50%-ийг хаах зорилгоор хот нь ингэж мундаг дэмжжээ. Ирэх жилээс энэхүү сангаа найдваргүй зээлийн 70 хүртэлх хувийг хаах зорилгоор хэмжээг нь ихэсгэж буйгаа ч форумын үеэр зарлаж байх юм. Ялангуяа мэдээллийн технологи, экспортын бүтээгдэхүүнүүд ба хөдөө аж ахуйн салбарт инноваци хийж буй компаниуд дээр онцгойлон ач холбогдол өгч буй аж. 
Боловсролын салбарын боловсрол
Хятад улс эдийн засгийн нийлүүлэлт дээрээ суурилсан реформ хийж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн бага өртгөөр, өндөр бүтээмжтэйгээр хийх тухай юм. Энэ реформыг хийхэд инженерүүд хамгийн чухал хүчин зүйл болдог ажээ. Монгол улс шиг жижиг зах зээлтэй, дотоодын хэрэглээ багатай улсын хөгжлийн түлхүүр нь магадгүй гадагш чиглэсэн эдийн засгийн нийлүүлэлтийн бодлого байхаар. Үүний тулд мэдээж Хятад болон бусад улсуудын хийж чадахгүй зүйлсийг, эсвэл хийж байгаа зүйлсийг нь илүү бага өртгөөр, илүү чанартай хийхээс гадна бусдад зарж борлуулж чаддаг байх шаардлагатай бид хүссэн хүсээгүй тулж байна. Бидэнд ийм боловсон хүчин, хүний нөөц байна уу? Эдгээр өндөр түвшинд бэлтгэгдэх мэргэжилтнүүдийг бэлдэж чадах дэлхийн стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн боловсролын институциуд Монголд маань байна уу? Байгаа хэд маань чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гээд олон асуултууд зүй ёсоор урган гарах ажээ. 
Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн судалгаагаар Монгол улс маань хоёр жилийн өмнө боловсролын салбарын чансаагаараа дэлхийн 122 улсаас 76-д жагсаж байв. Харин боловсролын системийн чанараараа 115-р байр буюу бараг хамгийн ард нь давхиж явна. Менежментийн сургуулиудын чанарын үзүүлэлт хамгийн муу буюу 116-р байранд байгаа нь бид удирдахуйн ухаанаараа бусдыг хараахан бишрүүлж чадахгүйг илтгэж байна. Сонирхолтой нь математик ба шинжлэх ухааны боловсролын чансаагаараа 60-р байранд орсон нь Монгол улсын боловсролын салбарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Болсон болоогүй хуульч, эдийн засагч төрүүлэх гэж үзэж байснаас инженерийн чиглэлд бодлогоо тодорхойлбол энэ нь өөрөө Монгол улсын хамгийн том давуу тал болж болох юм биш үү?
“Аз ба Эз”-ийн хөрөнгө оруулалт
Тяньжин хотын жишээ рүү эргээд орвол, хотын удирдлага том төслүүдээсээ гадна жижиг дунд бизнесүүдийг ч огт орхиогүй байна. Тус хотод нийт 72,000 жижиг дунд аж ахуйн нэгжүүд байгаагаас 3,400 нь асар ирээдүйтэй технологийн компаниуд аж. Тяньжин хотын дарга энэ жилдээ 100,000 жижиг дунд бизнесийг хотдоо байгуулж, тэдгээрийн 5,000-ийг нь Хятад даяар эсвэл дэлхийд алдартай технологийн компаниуд болтол нь дэмжих төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Тус бүр нь 50 сая юанийн хөрөнгө оруулалтаас эхэлж байгаа, нийт өртөг нь 300 тэрбум юаниар хэмжигдэх нийт 603 төслийг Тяньжин хот үйлдвэрлэл, үйлчилгээ ба дэд бүтцийн салбартаа хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь хот ба улсын түвшинд хийж буй энтрепренер үйл ажиллагаа юм. 
Улаанбаатар хот, Монгол улс яагаад ийм байж болдоггүй юм бэ? Бондын мөнгөнөөс энэ салбарт, ийм төслүүдэд хир мөнгө хуваарилагдсан юм бол?
Инноваци ба энтрепренер гэдэг үгсийг бараг өмчлөөд шахуу авчихсан, нийт 50 гаруй нобелийн шагналтнуудыг төрүүлсэн АНУ-ын MIT гээд сургууль байдаг. Өнөөгийн энэ статус, нэр хүнд, чанарыг бий болгох гэж 100 гаруй жил асар олон асуудалтай тулгарч давж гарч ирсэн түүхтэй. Амжилтын нууц нь анхнаасаа ашгийн төлөө ажиллаагүйгээс гадна үнэхээр мэдлэгийг хүний өмч буюу бодитой үнэлэгдэх хөрөнгө болгож чадсан гавьяатай боловсролын институци юм. Яг энэхүү сургуулийн загвараар ажиллаж эхлээд удаагүй байгаа “Шинэ Монгол” технологийн дээд сургууль өөрсдийгөө мөн л NMIT буюу New Mongol Institute of Technology гэж цоллон дэлхийн боловсролыг Монголдоо түгээхээр хичээн ажиллаж байгааг олж мэдсэндээ хувьдаа маш их таатай байна. Тус сургуулийг үүсгэн байгуулагч Галбадрах, Ганзориг захирлууд өөрсдөө Educational Venture буюу боловсролын салбарын аз ба эзийн хөрөнгө оруулагчид юм. Энэ салбарт хувь хүнийхээ цаг зав, мэдлэг, боловсрол, хөрөнгө мөнгийг зарцуулж тодорхой хэмжээний үр дүн гарч буй боловч хамгийн том амжилт нь Монгол улсын боловсролын системийг бага багаар нь дэлхийн стандарт руу аваачиж буй алхам билээ. 
Боловсрол бол хөгжлийн түлхүүр гэж хүн болгох шахуу тунхагладаг атлаа бодлогын түвшинд ялангуяа инженерийн боловсрол дээр бид бүхэн салбараараа, улсаараа том зургаа харах цаг нь болжээ. Хуучин автомашин ба ухаалаг гар утасны үнээр нь бид бүхэн Монголын боловсролын салбараа үнэлж, тэрхүү төлбөртөө таарсан үйлчилгээг авч байна. Байр орон сууц, авто машинаа дунд ба урт хугацааны хөрөнгө оруулалтанд тооцож худалдаж авдаг атлаа боловсролд зарцуулж буй мөнгөө шууд зардалд тооцдог ард түмэн мөнхөд баймааргүй байна бултаараа! 
Шинэ зорилго
Монгол хүн бүрийн бахархал болсон хүн бол Чингис хаан. 13-р зуунд дэлхийн дайдыг эзэлж байсан морьтон баатрууд бяр хүч, ааг омогоороо ертөнцийг чичрүүлж байлаа. Үүнтэй агаар нэгэн боловсролтой залуус, ялангуяа нарийн мэргэжлийн үндэсний инженер залуус маань дотооддоо төдийгүй гадагшаа чичрүүлэх шаардлага нэгэнтээ ирсэн байна. 13-р зуунд эзэнт гүрний хийж байсан дайныг 21-р зууны залуус бид мэдлэгийн дайнаар орлуулах үүргийг хүлээж гэмээнэ дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхахаар байна. 
“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, удирдлагуудтай нь уулзаж ярилцаж байхад бидний хамгийн дуртай хичээл философийн хичээл гэж дурдаж байсан нь анхаарлыг маань өөрийн эрхгүй татсан юм. Шинжлэх ухаан, мэргэжлийн хүнд хичээлүүдээс илүүтэйгээр амьдралын үнэ цэнэ, философийн хичээлийг онцлон, тэр нь бүр сургууль даяараа оюутнуудын хамгийн дуртай хичээл нь болсон гэхээр өөрийн эрхгүй бахархал төрнө. Энэ бол яах аргагүй Шинэ Монгол залуусын Шинэ Зорилго юм.  
Ажлын бүтээмж, үнэ цэнээ өсгөхийн тулд хүмүүн бодгаль бид хоорондоо бус роботуудтай өрсөлдөх болоод удаж байна. Нилээд өндөр чадвартай оёдолчны 30 минутаас 1 цагийн дотор оёж гаргадаг жинсэн өмдийг үйлдвэрийн робот 18 секүүндийн дотор ямар ч алдаагүй өгөгдсөн хэмжээгээр тачигнатал оёод гаргаад ирж байна. Хятадын нэгэн агаар шүүгчийн үйлдвэр 560 робот суурилуулаад 22,000 ажилтнаа шууд халж байна. Хятад улс үйлчилгээний салбартаа 2020 он гэхэд нийт 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж роботжуулахаа мэдэгдлээ. Ялангуяа насжилт өндөр болж байгаа Япон, Хятадын эрүүл мэндийн салбарт 80 настай буурайнуудыг нь 60 настай сувилагч нар асрахаас өөр хүний нөөцгүй болж байгаа асуудлыг роботоор шийдээд эхэлсэн байна. Түүнчлэн Uber ба Volkswagen компанийн захирлууд зэрэгцээд маш сонирхолтой мэдэгдэл саяхан хийлээ. Uber-ийн гүйцэтгэх захирал ирээдүйд машин худалдаж авах хүн байхгүй болно. Машин бол хүний өмч гэхээс илүү нэг удаагийн аяга таваг шиг хэрэгтэй үедээ ашиглаад орхидог тээврийн хэрэгсэл л байх ёстой гэж байна. Харин Volkswagen-ийн гүйцэтгэх захирал бид 2025 он гэхэд Mobility Operator болно гэж мэдэгдсэн байх юм. Өөрөөр хэлбэл машин зардаг компани биш машин ба тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани болно гэсэн үг.
Сайтар анзаарвал дэлхий даяар green economy, shared economy, circular economy гээд концепцүүд хүчтэй явж, бүр ажил болоод эхэллээ. Том компаниуд ч дагаад стратеги, бизнес моделио бодитой өөрчлөөд эхэллээ. Боловсролын байгууллагууд ч гибрид бүтэц рүү орж байна. Бүр сайн анзаарвал энэхүү асар том өөрчлөлтийн үндэс суурь нь дахиад боловсролын салбар нь болж байна. Энэхүү институцийн инновацийг бид хийх цаг нь болжээ. Чухам л үүнийг хэнээр ч хэлүүлж, шахуулалгүй хийгээд эхэлсэн Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олны өмнө мэхиймү.

Tuesday, 7 June 2016

Trolley Dilemma


Сонголтын золиос

Асуудлыг томоор харахыг хичээвэл юм болгон философи мэт. Хэрэв та хурдан галт тэрэгний зогсоол дээр зогсож байгаад асар хурдтай ирж буй галт тэрэгийг анзааралгүй зам засварын ажил хийж буй 5 залууг харжээ. Тэдэнд анхааруулах ямар ч боломж байхгүй, дээрээс нь тэд галт тэрэг ирж буйг харсан ч замаас нь амжиж гарч ирж чадахгүй дайруулаар байжээ гэж төсөөлье. Харин та гэнэт уг хурдан галт тэрэгний замыг солих хавхлагын хажууд зогсож буйгаа анзаарлаа. Замыг нь сольж өөр тийшээ шилжүүлэхэд тэр шилжсэн зам дээр нь нэг залуу согтуу хэвтэж байв. Та төмөр зам дээр ажиллаж буй 5 залуугийн амийг аврахын тулд замыг нь сольж согтуу залуу руу хурдан галт тэрэгийг шилжүүлэх байсан уу?

Үүнийг “Сонголтын золиос” буюу “Trolley Dilemma” гэх агаад 1967 онд философич Philippa Foot анх гаргаж ирсэн бөгөөд 1985 онд Judith Jarvis Thomson улам хөгжүүлсэн түүхтэй аж. Энэхүү сонголтын золиос нь биднийг өдөр тутам хийдэг үйлдлийнхээ үр дүнг тооцоолох, бидний хийсэн үйлдэл ёс суртахуун ба үнэ цэнийг агуулж чадаж байгаа эсэхийг шалгадаг сонгодог арга юм.

Ёс суртахуун гэгч энэүү зүйл биднийг амьдрал дээр олон зүйл дээр сорьж байна. Жишээ нь: дайн эхлүүлэх, хүнийг ялгаварлан гадуурхах, дроны зохистой хэрэглээ, үр хөндөлт, нэгэн эдгэшгүй өвчин туссан хүнийг зовоолгүй бурхны оронд илгээх эсэх гэх мэт асуудлууд дээр бид байнга хоорондоо маргалддаг.

Харин одоо дээрх хурдан галт тэрэгний жишээнээс арай өөр жишээг авч үзье. Галт тэрэгний зам дээрх гүүрэн дээр та зогсож байжээ. Яг галт тэрэгний зам дагуу мөн л 5 ажилтан ирж буй эсэхийг нь анзаарах, сонсох завдалгүй ажиллаж байв. Сонсож, мэдсэн нь замаас гарч амжихгүй дайруулахаар байв. Энэ удаад галт тэргийг өөр зам руу шилжүүлэх хавхлага байсангүй. Харин гүүрэн дээр таны хажууд нэгэн тарган эр цуг зогсож байлаа. Хэрэв тэр эрийг түлхээд хурдан галт тэрэгний зам руу унагаавал ямар ч байсан зам дээр ажиллаж буй 5 хүн хүртэл явж чадалгүй галт тэрэг зогсоно гэдэг найдлага танд 100 хувь байв. Та тэр хүнийг түлхэж хөнөөгөөд нөгөө 5 хүний амийг аврах байсан уу?

Дээрх 2 жишээг хүмүүсээс асуухаар ихэнх хүмүүс эхний жишээн дээр хавхлагыг түлхэж 1 хүний амийг зольж 5 хүнийг аварна гэж хариулдаг бол 2 дахь жишээн дээр ихэнх нь тарган эрийг гүүрнээс түлхэхгүй 5 ажилтаны амийг харсаар байж галт тэргэнд өгөх сонголтыг хийдэг. Үр дүнг нь тооцох юм бол аль аль нь нэг хүний амийг зольж таван хүн аварч байна. Гэтэл хүмүүс мораль буюу ёс суртахуунаас шалтгаалж өөр өөр сонголтыг хийдэг байна.

Дахиад л төсөөлж үзье л дээ бүгдээрээ. Та өөрийгөө эмч гээд бодно уу. Яаралтай эрхтэнээ солиулахгүй бол амиа алдах 5 ажилтан таны гар дээр байна. Гэтэл хөл нь хугарсан болохоос дотор цул 5 эрхтэн нь эв эрүүл залуу гараад ирлээ. Та тэр залуугийн 5 цул эрхтэнг авч амийг нь золин нөгөө 5 өвчтөндөө эрхтэн суулгах мэс засал хийж амийг нь аврах байсан уу? Энэ бол галт тэрэгний эхний жишээтэй яг адил жишээ юм. Гэвч ихэнх хүмүүс хөл нь хугарсан эрийн амийг солих сонголтыг хийдэггүй.

Хүмүүн гэдэг бодгаль бидний зөн совин, ёс суртахуун маань тэр болгон логиктой, тууштай, бас итгэлтэй байж чаддаггүй аж. Тэгэхээр бидний зөн совин, ёс зүйд нөлөөлдөг өөр хүчин зүйл байгаад байна. Дээрх галт тэрэгний 2 жишээний хувьд нэг нь хүнийг түлхэж хөнөөж байхад нөгөөг нь бид азгүй тэр хүний хувь тавилантай нь холбон тайлбарлахаар байна. Ухаан нь агсан эсвэл асан?

Тархины мэдрэл, эс судлалын түвшинд эрдэмтэд дээрх хоёр галт тэрэгний жишээг хүмүүс дээр туршихдаа тархины аль хэсгүүд нь илүү их ажиллаж хүмүүсийг шийдвэр гаргахад нь нөлөөлж буйг судалжээ. Галт тэрэгний хавхлага сольж 5 хүнийг аварч 1 хүнийг шууд бусаар хөнөөж буй үйлдэл дээр хүний тархины логиктой сэтгэх, асуудалд рациональ буюу эрүүл ухаанаар хандах функцуудыг идэвхжүүлж байжээ. Харин тарган залууг гүүрнээс түлхдэг жишээн дээр хүмүүс сэтгэл хөдлөл дээрээ шууд суурилан сонголтыг хийж байв. Энэ нөхцөлд бидний сэтгэл хөдлөл дээрээ суурилан гаргаж буй шийдвэр болгон зөв байж чадах уу амьдрал дээр? Эсвэл бид 5 хүний амийг аврахын тулд 1 хүний амийг золих ёстой юу?

20 хоногийн дараа болох УИХ-н сонгуульд сонгогч та бид тархиныхаа аль хэсгийг идэвхижүүлэн сонголтоо хийх ёстой юм бол оо? Хийх сонголтынхоо үр дүнг бид харж, тооцоолж, төсөөлж чадах уу? Эсвэл сэтгэл хөдлөл дээрээ суурилан хайрлан, өрөвдөж, эсвэл үзэн ядах сэтгэлээр төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгож өөрсдөө сонголтынхоо золиос болох уу?

Сонголт та бидний гарт хэдий ч бидний хэн хэн нь сонголтын золиос болохыг хэзээд үл хүснэм!

Thursday, 26 May 2016

Silk road - Brain roadmap and Technological road

Торгоны зам-Тархины зам-Технологийн зам

Бидний үнэт зүйл юу вэ гэхэд толгойтой болгон л “МОНГОЛ хүн бид өөрсдөө шүү дээ” гэж хариулдаг. Тэгвэл ШИНЭ МОНГОЛ улсын үнэт зүйл болсон бидний үнэ цэнэ юунд оршдог юм бол оо? Өдгөө энэхүү асуултанд ихэнх хүмүүс БОЛОВСРОЛ гэж хариулдаг болжээ.
БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Боловсролын үндэс нь гашуун боловч жимс нь хичнээн амттай” гэсэн Аристотелийн үг бий. Нийгмийн зарим шинжлэх ухаанд тийм эсвэл үгүй гээд ам таглах асуудал тун ховор ч байгалийн ухааны шинжлэх ухааны хувьд системтэй мэдлэг, боловсролгүйгээр урагш алхах боломжгүй. Нэг хүнд ногдох их, дээд сургуулийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлдэг. Гэвч Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2015 оны судалгаагаар Монголын дээд мэргэжилтэй боловсон хүчин нь ДНБ-нд оруулж буй хувь нэмрээрээ дэлхийд сүүл мушгиж буй үр дүн гарсан байх юм. 
Нэг хэсэг бид боловсрол гэдгийг “Диплом” гэдэг нэртэй цаас гэж ойлгон тооны араас хуйларч явжээ. Дотоодын боловсролын чанар муугаас болж хүүхэд, залуус гадаадын их, дээд сургууль руу сүүлийн хэдэн жил хуйларч байна. Гэвч гадаадад төгссөн болгон Монголынхоо амьдрал дээр сайн мэргэжилтэн байна гэж дүгнэх аргагүйг бизнесийн хүрээнийхэн улам ихээр ойлгож байна. Үүнийг Helen Keller “The highest result of education is tolerance” гэж өнгөрсөн зууны эхээр хэлсэн. Тэсвэр тэвчээр буюу хүлээцтэй байдал, сахилга бат, ёс суртахуун гурав боловсрол хэмээх түүдэг галын тулгын гурван чулуу бус уу? 
ЭНТРЕПРЕНЕР ГЭЖ ХЭН БЭ?
Сүүлийн хэдэн жилд бидний үгсийн санд энтрепренер гэдэг үг хүчтэй орж ирсэн. Эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг хүнийг энтрепренер гэж орчуулж болох мэт. Харамсалтай нь эрх мэдлийг эд баялаг болгох, эсвэл эд баялагаар эрдэм мэдлэгийг худалдаж авч болно гэж багагүй хүмүүс ойлгодог. Ингэж суурин дээрээ хий эргэх хирээр Монгол улсын хөгжил хойшоо чангаагдаж байна. Академик орчин буюу их, дээд сургууль, судалгааны хүрээлэн ба бизнесийн хослол нь энтрепренер төрүүлэх үндсэн хөрс нь болдог. Багш, профессор хүн гэхээр л байнга хүн загнадаг, зааварладаг, эсвэл бизнесийн байгууллага гэхээр л үргэлж ашиг харж ажилладаг гэсэн ойлголт орчин цагт бага багаар бүдгэрсээр байна. Багшаас давсан шавийн эрдмээр багшийн чансаа хэмжигддэг бол манайд одоо хүртэл багш бурхан гэдэг үзэл боловсролын салбарт хэвээр л буй.
Өндөр хөгжилтэй улсуудад старп ап бизнесүүдийн өлгий нь их сургууль, ялангуяа технологийн дээд сургуулиуд болоод удаж байна. Эдгээр сургуулийн багш нар хичээлээ зааж, судалгаагаа хийхээс гадна үүсгэн байгуулсан компаниуд, бойжуулж буй төслийн компаниудынхаа ТУЗ-д сууж мэдлэг, мэдээллээ хуваалцан ажилладаг болжээ. Монголд маань бизнесийн байгууллагуудын ТУЗ-д суудаг багш, профессор, эрдэмтэд хир олон байдаг бол?
ГУРАМСАН ОРООМОГ
Төр ба хувийн хэвшлийн түншлэл буюу Public, Partnership, and Private (PPP) схемээр олон улсууд мега төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Жишээ дурдвал алдарт Сүэцийн сувгаас эхлээд Монгол улсад хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтууд ч орно. Өөрөөр хэлбэл анхны хөрөнгө оруулалт болон тодорхой хэмжээний өгөөжийг амласны үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүх ажлаа бүтээлгэн тодорхой хугацааны дараа уг нүсэр дэд бүтцийг улс нь өөрийн бүрэн мэдэлд эргүүлэн авдаг зарчим. 
Харин барууны өндөр хөгжилтэй улсуудад энтрепренершип хүчтэй хөгжсөн шалтгаан нь зөвхөн төр ба хувийн хэвшлийн түншлэл байгаагүй ажээ. Гурамсан ороомог буюу Triple Helix “гэгч этгээд” нь барууны улсуудын хөгжлийн түүчээ болсон байна. Энэ зүйл нь их, дээд сургуулиуд, аж үйлдвэр буюу бизнесийн байгууллагууд ба төрийн гурвалсан түншлэл юм. 
Үнэндээ энэхүү түншлэлийн цөмөөс дэлхийд алдартай олон том компаниуд Хойд Америк тивээс төрөн гарсан байдаг. Энэхүү схем нь төр засаг нь их, дээд сургуулиудын санаачилсан төсөл, шинэ санаанд патент өгч зохиогчийн эрхийг нь баталгаажуулах бөгөөд хувийн хэвшлийнхэн нь санхүүжилт босгон бизнес болгодог бүтэц юм. Маш олон венчур хөрөнгө оруулалтын компаниуд энэ гурвалжин дотор төрдөг. Магадгүй яг л энэхүү загвар нь Монгол Улс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн гол хөрс нь болох бий вий. 
Товчхон дүгнэхэд хөгжиж буй улсуудын түвшинд төр ба хувийн хэвшлийн түншлэл голцуу яригддаг бол өндөр хөгжилтэй улсуудын хувьд эдгээр хослол дээр их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, тинк танкууд нэмэгдэж орж ирж хөгжлийн хурдасгуур болдог ажээ.
MIT
Энэхүү гурван үсгийг мэдэхгүй залуус ховор буй заа. Massachusetts Institute of Technology гэдгийг товчилсон үг ба технологийн чиглэлээр мэргэших хүсэл бүхий хүн болгоны очих мөрөөдлийн институци. MIT буюу Массачусетсийн Технологийн Их Сургууль нь Америк болон дэлхийн өнцөг булан бүрт түгсээр буй их сургууль ба аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ үлгэр загварыг бий болгосон анхны их сургууль юм. Дэлхийн хамгийн их энтрепренер их сургууль ч гэж нэрлэдэг. Энэхүү сургууль 1862 онд байгуулагдсан бөгөөд хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлийг туулсан ч өдийг хүртэл энтрепренер сургууль гэсэн статусаа нэр төртэй өргөж явсаар л байна. Уламжлалт академик орчны стандартуудыг эвдэн аж үйлдвэрүүд, бизнесийн байгууллагуудтай нягт харилцан ашигтай хамтран ажиллахаас гадна төр засагтайгаа хамтран оюуны өмчийн эрхийг их, дээд сургуулиудад шилжүүлсэн алдарт Бэй-Доулийн хуулийг АНУ-д батлахад ч MIT үлэмж нөлөөтэй оролцсон байдаг.
Эрдэмтдийг бизнес ба хөрөнгө оруулалтын удирдлагаар хангаж, тэдний санаа, ба технологийг үнэлэмж ба үнэ цэнийг баталгаажуулж, цаашилбал үйлдвэрлэлд нэвтрүүлэн олсон ашгаас хуваалцах энэхүү схем нь АНУ ба Европ тивийн олон улсуудын хөгжлийн хөдөлгүүр нь болсон юм. 
NMIT
Зэллэн ниссэх нүүдлийн шувуудын толгойг түүчээ шувуу гэдэг билээ. “Flying geese” гэсэн ойлголтыг анх Японы эрдэмтэн Kaname Akamatsu 1930-аад оны үед гаргасан бөгөөд дайны дараа буюу 1960-аад оны үед ид хүчээ авч байсан юм. Зэллэн нисэн буй шувуудын түүчээ нь Япон Улс бөгөөд дараа дараагийн шатны шувууд буюу бусад орнуудад технологи, хөгжлөө дамжуулж явдаг, хөгжиж буй орнууд нь энэ маягаар ашиг хүртдэг тухай хүүрнэж байжээ. Монгол улс энэхүү шувуун цувааны сүүл хавиар нисч байгаа нь тодорхой бөгөөд зиндаагаа ахиулахын тулд хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудаас суралцах, өөрсдийгөө нийтэд нээх, зарим хэмжээний эрсдлийг хүлээн зоригтой шийдвэрүүдийг гаргах ёстой юм болов уу гэж бодогдох бөлгөө. Тэр дундаа технологи гэгч зүйл хамгийн чухалд тооцогдно. 
2000 оноос ахлах сургуулиар шаваа тавин эхэлж байсан Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн хамт олон үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 2014 онд “Дэлхийн Боловсролыг Монголдоо Эзэмшицгээе” зорилготой New Mongol Institute of Technology (NMIT) буюу Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулиа байгуулжээ. Манай улсад эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлсон компани, аж ахуйн нэгж маш цөөн байдаг. Тэгвэл хувийн дээд сургуулиудын нэг болох Шинэ Монгол сургуулийн хамт олон Монгол улсаас анхны Нобелийн шагналтныг төрүүлж, нэг хүнд ногдох патент, оюуны лицензийн тоогоор дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавьж. Өмнөө тавьсан зорилгоо хийж буй судалгаа ба эдийн засгийн өгөөжтэй амжилттай холбож чадвал чухам энэхүү холбоос л ямар ч улсын хөгжлийн хурдасгуур болох бүрэн боломжтой юм. Ялангуяа энэхүү холбоос дээр үндэсний томоохон компаниуд болох MCS, Newcom, Шунхлай, Таван Богд, Макс групп гэх зэрэг нь орж ирээд MIT-ийн схемээр ажиллаж эхэлбэл шинэ санаа, санаачлагууд бодит ажил хэрэг болж, цаашилбал Монголын санхүүгийн зах зээлд ямар эерэг өөрчлөлт гарахыг таашгүй ээ. 
Харамсалтай нь мэдлэг шингэсэн үйлдвэрлэл гэж ярих дуртай хирнээ бид бүхэн технологийн их, дээд сургуулиудыг хуучны ТМС буюу техник мэргэжлийн сургуультай багагүй андуурдаг юм билээ. АНУ ба Хятад улсууд эдийн засгаараа өрсөлдөхөө болиод удаж байна. Харин тэд эзэмшиж буй патентийхаа тоогоор өрсөлдөөд эхэлсэн. Шинэ Монголчууд бид оюуны лиценз эзэмших цаг нь нэгэнт болжээ.

Tuesday, 17 May 2016

Axis of parasite

Паразитийн тойрог

Хэдхэн жилийн өмнө “Чөтгөрийн тойрог” гэдэг хэлц “моод” болж, бүтэж буй болон бүтэхгүй байгаа бүхнийг амтай болгон энэ муу чөтгөрийн тойргоос боллоо гэдэг тайлбар хийдэг байв. Шалтгаан нь “энгийн” хүн ойлгохын аргагүй философилог мэт мөртлөө их энгийн. Буруугаа л хэн нэгэн рүү чихэх, өөрсдийгөө өмөөрөх, хариуцлагаас зугтах. Энэхүү чөтгөрийн тойргоос болж улс орны хөгжил удааширч, бизнесийн орчин муужирч, төрийн засаглал доройтсон гэж ярих.

Мега болон макро түвшний энэхүү чөтгөрийн тойрог дээр яг хариуцлага хүлээх хүн байхгүй бөгөөд дандаа институци, биет бус объектууд “буруутан” нь болж асуудал дуусдаг байв. Харин бид хэзээ ч хувь хүн дээрээ эдгээр асуудлыг төдийлөн ярьж хөндөж байсангүй мэт.

Хувь хүн рүү дээрх хэллэг ба асуудлыг буулган хөрвүүлбэл бид өөрсдөө хачиг буюу “Паразитийн тойрог” болжээ. Бидэн дунд баялаг гэхээс илүү үнэ цэнэ, үнэт зүйл бүтээж бас түгээж буй хэсэг нь улам бүр цөөрсөөр байна. Тэдгээр цөөрч буй “үндэсний цөөнхөө” харх, жоом шиг хурдан үржиж буй нийгмийн олонхи, масс болсон хэсэг нь үнэндээ хачиг шиг шимж ажиллаж амьдарч байна. Гэхдээ бас ухаантай паразитууд. Шимж буй олзоо бүр үхүүлчихгүйхэн шиг гэхдээ бас “давруулчихгүйхэн” шиг сорж шимж амьдрах нь манай нийгмийн амьдралын хэв маяг болох нь ээ харамсалтай нь.

Ажил хийхийг хүсч буй хүмүүст нь, ажлыг чанартай бас үнэнчээр хийдэг хүмүүсийн үнэ цэнэ цалин, ажлын хөлс гэх мөнгөөр үнэлэгдэж хуваарилагдахгүй хирнээ ажлыг хийлгэхгүй гэсэн хэсэгт бүлэгт нь тэр хийлгэхгүй ажлыг нь хийлгэхгүй ээ гэж урамшуулал, хувь хүртээж буй улс, институци, аж ахуйн нэгж хэрхэн яаж өөдлөх билээ!

Хамгийн харамсалтай нь паразитанд шимүүлж ажиллаж, амьдарч буй хүмүүсийг харж буй микроскопийн дуран авайг алслан анзаарвал тэрхүү хүмүүс маань өөрсдөө бас хэдэн арваараа хэн нэг хүний паразит болж шимэн зоогдсон дүр зураг тодрох бөлгөө. Хэн нэгэнд шантаажлуулан шантаажлуулан ажиллаж амьдрах хирнээ хэзээ ч гомдоллодоггүйн нь шалтгаан нь өөрөө бас хэн нэгнийг шантаажилж гол зогоох урлаг нь бөлгөө.

Төр засгийн хэмжээнд алсын хараа үгүй тул институци нь өөрөө хөгжлийн хачиг болчихсон. Бизнес, компанийн хэмжээнд засаглал нь тунгалаг бус учир үнэ цэнийн хачиг болчихсон.  Хувь хүний хэмжээнд хандлага ба боловсрол нь ядмаг тул өөрийнхөө үнэт зүйлийнхээ хачиг болчихсон өөрийгөө шимүүлж, бусдыг шимж гол зогоож буй мэт.


Үүнийг паразитийн тойрог гэмой.