Thursday 28 March 2013

JCI

Идэр Залуу Иргэдийн Танхим

JCI гээд нэг байгууллага байна аа. Бүр JCI-чин гэдэг хэллэг хүртэл гараад удаж буй аж. Олон найзууд маань энэхүү байгууллагын гишүүн бөгөөд үе үе энэ байгууллагад гишүүнээр орооч гэж хэлдэг юм. Өнгөрсөн оны сүүлээр болсон JCI Монгол байгууллагын үндэсний чуулганд Улаанбаатар салбарын найзууд маань мандат өгч сонирхогч гишүүнээр анх орж үйл ажиллагааны цар хүрээтэй цухас танилцсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит академид мөн Их Хүрээ салбарын нэр дээр сонирхогч гишүүнээр оролцож үзлээ. Энэхүү байгууллагын талаар мэдлэг, мэдээлэл А ч байхгүй хүний хувьд мэдээлэл авах, зорилго, үнэ цэнийг нь мэдрэх зорилгоор эдгээр үйл ажиллагаануудад оролцсон бөгөөд энэ тухай мэдээллээ та бүхэнтэй мөн хуваалцах ёстой гэж сэтгэв. 

JCI гэдэг нь Junior Chamber International гэдэг үгийн товчлол бөгөөд Монголоор бол “Идэр Залуу Иргэдийн Танхим” гэж орчуулах аж. Учир нь 18-40 насны залуус нь энэхүү байгууллагын жинхэнэ гишүүн байх эрхтэй бөгөөд уг байгууллага нь дэлхийн залуучуудын хамгийн том байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогдоно. Одоогийн байдлаар дэлхийн 120 улсад нийт 5,000 гаруй салбар байгууллага бүхий 200,000 гаруй гишүүдтэй аж. Над шиг сонирхогч статустай гишүүд нь бол хэдэн саяараа байдаг бололтой. Гол зорилго нь гишүүд өөрсөддөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээх юм.

Уг байгууллагын эрхэм зорилго нь “To provide development opportunity that empowers young people to create positive change буюу “Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох” бөгөөд алсын хараа нь “To be leading global network of young active citizens буюу “Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх” бөлгөө. Миний хувьд хамгийн таалагдсан зүйл нь энэнхүү байгууллагын томъёолж, дагаж мөрдөн ажиллаж буй үнэт зүйлс байв. Дараах 6 зүйлсийг 70 жилийн өмнө томъёолж дагаж мөрдөж буй аж.  Үүнд:
  • That faith in God gives meaning and purpose to human life буюу итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт итгэдэг
  • That the brotherhood of man transcends the sovereignty of nations буюу ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт итгэдэг
  • That economic justice can best be won by free men through free enterprise буюу эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт итгэдэг
  • That government should be of laws rather than of men буюу хувь хүнээр бус хуулиар зохицуулдаг засаг төртэй байна гэдэгт итгэдэг
  • That earth’s great treasure lies in human personality буюу энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт итгэдэг
  • And that service to humanity is the best work of life буюу хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт итгэдэг
Мөн “Be better” буюу Илүү сайн байх гэсэн уриа үгтэй ажгуу. 

Энэхүү байгууллагын гарал үүсэл нь АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луйс хотоос эхлэлтэй аж. 1910 он буюу 103 жилийн өмнө Хенри гэгч залуу найзуудтайгаа нийлэн уламжлалт бүжгийн хэлбэрүүдийг хадгалж үлдэхийн тулд бүжгийн клуб байгуулсанаас үүдэлтэй. 1915 онд Сэйнт Луйс хотын хүндэт иргэн, хурандаа Морган гэгч уг бүжгийн клубын залууст хандан орон нутгийнхаа үйл ажилд илүү оролцохыг уриалсан гэдэг. Ингэснээр JCI-ийн анхны салбар байгууллага 1915 оны 10 сарын 13-нд АНУ-ын Сэйнт Луйс хотод байгуулагджээ. 1946 оны JCI-ийн анхны хуралдаан Панам улсад болж 16 улсын 44 төлөөлөгч оролцож байжээ. Энэхүү залуусын байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын логог ашиглагад цорын ганц байгууллага гэдгээрээ ихэд бахархах агаад үйл ажиллагаа нь 1944 оноос эхлэн тив дэлхийг хамарч эхэлжээ. 

Африк ба Ойрхи Дорнод, Ази ба Номхон далайн улсууд, Америк, Европ гэсэн бүс нутгуудаар хуваагдаж жил болгон бүсийн хурал хийх бөгөөд мөн жилд нэг удаа дэлхийн чуулга уулзалтыг зохион байгуулах аж. Нийт 200,000 гишүүний талыг нь Ази тивийн улсууд бүрдүүлэх юм. Энэ жилийн Азийн бүсийн чуулган 6 сард БНСУ-д, дэлхийн чуулган нь 11 сард Бразил улсад болох нь ээ. JCI University, Trainer, Designer, Presenter, Achieve, Admin зэрэг сонирхолтой загвар, сургалтын модулиуд байдаг юм байна. Мөн JCI Senate Club гээд 40 наснаасаа “харамсалтайгаар” мултарсан хүмүүс орж болох, арвин туршлагаа залуустай хуваалцах схемтэй аж.

Монгол улс яаж яваад JCI-тай холбогдсон нь сонин. JCI Монгол нь 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан буюу 1991 онд үүсэн байгуулагдаж, 1995 онд Англид болсон дэлхийн 51 дэх чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишүүн болжээ. 22 жилийн түүхтэй гэсэн үг бөгөөд тухайн үедээ “Залуу Үе Танхим” гол үүрэг гүйцэтгэсэн бололтой. Өнгөрсөн хугацаанд бага бус ажил хийсэн байна. Өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Капитал, Их хүрээ, УБ Централ, Лидер, Чэйрмэн, Эко гэсэн 9 салбар байгууллагын 500 гаруй гишүүдтэй болсон ажгуу. Түүнчлэн өнгөрсөн 22 жилийн хугацаанд дэлхийн нэр хүнд бүхий том шагналуудыг нь манайхан бишгүй л авч байжээ. Дэлхийн JCI-ийн “Шилдэг улстөрч” шагналыг 1992 онд С.Зориг агсан, 1993 онд “Шилдэг эдийн засагч” шагналыг одоогийн Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, 2007 онд “Оны шилдэг үндэсний ерөнхийлөгч” шагналыг Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан, бүсийн шилдэг шагналуудыг УИХ-ын гишүүн, сайд Л.Болд, М.Сономпил тус тус хүртэж байжээ.

Энэхүү байгууллагын бас нэг сонирхолтой зүйл нь байгууллагын дүрэм ба засаглал. Жил болгон явагдах ардчилсан сонгууль, нэг хүн нэг жил нэг л албан тушаал хаших дүрэм зэрэг нь хувь хүний манлайлал, удирдах чадвар, багаар ажиллаж мэдрэмжүүдийг нилээд шавхдаг бололтой. Ухаан нь энэ байгууллагад гишүүн болсноор таны хаана, хэзээ юу хийж байсан, одоо хийж байгаа тань огт хамаагүй бүх юм чинь гарааны зурхайнаас эхлэнэ гэсэн үг. Хир хурдан бусдаараа хүлээн зөвшөөрөгдөж дээшээ гарч ирэх нь хувь хүнээс шууд шалтгаалах аж. Ухаан нь өөрийгөө хурдан гүйдэг гэж үздэг хүн чухам энд орж л бусадтай уралдан түрүүлж өөрийгөө харуулах бөлгөө. Дээр дурдсан хоёр арга хэмжээнд оролцож байхад албан ажлаар уулздаг хүмүүс бүгд “багаа” хуулж хаях аж. Чухам өөрөөрөө байх цэнгэлийг энэ байгууллагад эдэлдэг бололтой мэдрэмж шууд төрж байлаа. Ингэхийн тулд хамгийн гол нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна та эхлээд өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Энэ боломж, уур амьсгал, экосистемийг л JCI олгодог гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл “Learn to lead by doing гэсэн үг. Гэхдээ бас хэт назгайраад, дундаа ороод байхгүйн тулд байгууллагын дотоод дүрэм, протокол, албан тушаал, ранкаа маш сайн баримтлах аж. Энэхүү соёл нь манайхан шиг байнга лифть ашиглан богино хугацаанд дээшээ гарахаар тэмүүлдэг хүмүүст маш сайн сургалт бөгөөд ёс суртахуун болохоор. Хүн ер нь өөрийгөө бүх юмыг мэддэг болсон, шавхаад сураад дуусчихсан гэж бодож эхлэхээрээ буруу тийшээ хазайгаар яваад өгдөг юм гэсэн. Магадгүй тиймэрхүү боловч дотроо тодорхой зорилготой нөхдүүдэд "цочроо" өгч, зөв тал руу нь чиглүүлэх нилээд аятайхан хэлбэр нь энэ байгууллага байж болохоор. Улс төр энэ тэр гэсэн сэдвийг энэ хүрээн дотор ярих хориотой юм гэсэн.

Нийгэм рүү чиглэсэн нилээд олон төсөл, хөтөлбөрүүдийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эдгээр залуучууд хийсэн боловч тэр бүрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилахыг нэг их урьтал болгодоггүй юм билээ.  

Товчхондоо энэхүү байгууллагад орсноор өөрийгөө хөгжүүлэх, бусдыг хөгжүүлэх, нийгэм рүү чиглэсэн бодит ажлуудыг хийх, бизнесийн боломжуудаа өргөтгөх, танил, найз нөхдийн тоогоо нэмэгдүүлэх, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх боломжтойгоос гадна хувь хүний хариуцлагын нилээд том сургууль болж болохоор аж. Юуны төлөө тэмүүлж, юуны тулд цаг хугацааг зарцуулж байгаа вэ гэдгээ тодорхойлохын тулд хувь хүн бүр нилээд тодорхой зорилготой байхыг энэ байгууллага бас шаарддаг ажээ.