Showing posts with label Travel. Show all posts
Showing posts with label Travel. Show all posts

Monday, 22 November 2010

Mining empire

Уул уурхайн вант улс

Ажлын шугамаар уул уурхайгаараа дэлхийг шуугиулаад байгаа том, жижиг таван толгойнууд байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Оюу толгой байрлах Ханбогд сум, цаашлаад Гашуун сухайтын хилийн боомт орж ажиллав. Ажил, амьдрал ид буцалж буйг захиалга өгөхгүй бол олдохгүй зочид буудал, Улаанбаатар хотын ресторантай бараг адил үнэтэй хоол, сар тутам шинээр баригдаж буй барилгын ажлаас нь бэлхнээ харж болно. Хэдхэн мянган хүнтэй Цогтцэций суманд гэхэд л бараг 10-аад арилжааны банкууд салбараа нээж, 2 ч АТМ суурилагдаж байна. Сумын цагдаагийн машин нь дандаа Ланд-80. Ер нь явж буй бүх машин нь жийп. Улсуудын ярьж буй бизнесийн хэмжээ нь дунджаар 1 сая ам.доллар буюу түүнээс дээш. Уудаг архи нь Соёмбо эсвэл виски. Болор архи ганзаглаж очоод хүмүүст ад үзэгдэв. Мэдмээр юм билээ золиг гэж.    

Өмнө тийшээ зам маш сайн баригдаж байгаа юм байна. Ирэх зун гэхэд Мандалговь хүртэл цэлийсэн сайхан өргөн зам баригдан дуусч, цаашилбал Оюу толгойгоос хилийн зурвас хүртэл хар зам дуусах бололтой. Зам зуур замын компаниудын инженерүүдтэй ганц хоёр шар айраг уун хууч хөөрөх зуур тэднээс гадныхан чадаж байхад бид нар яагаад чаддаггүй юм гэсэн хор шар, ижил хэмжээний техник, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө гаргаад өгвөл тэднээс хэд дахин илүү хийж чадах тухайгаа байж суун ярина билээ. Даанч төсөв батлагдаад мөнгө нь тэд нарын гар дээр ирэх хүртэл хэдэн дарга нарын гараар дамжиж, анх батлагдсан төсвийн бараг 30%-с доошхи дүн нь дансанд нь ордог гэж батлан ярих юм билээ. Даанч дээ л гэмээр байв.

Бас нэг ихэд анзаарагдсан зүйл нь хаа ч очсон, ямар ч байгууллагын шийдвэр гаргах төвшний хүмүүс, голлох менежерүүд миний үеийн залуус болжээ. Ахархан зуур танилцаж, хэл амаа ойлголцоход ч тун амар юм адилхан залуу улс болохоор. Аргагүй 70, 80-аад оны үеийнхний бүтээн байгуулалтын үе хүссэн хүсээгүй иржээ. Ханбогд сумыг Цогтцэций сумтай харьцуулахад арай л өөр дүр зураг бууж байх. Хүмүүс Energy Resources Монгол компани юм болохоор эх орондоо наах юм хийж байгаа. Харин Оюу толгой дээр ийм үлдэцтэй бүтээн байгуулалт байхгүй гээд байсан нь дэд бүтцийн байдлыг нь харахад үнэний ортой ч юм шиг зэрвэс ажиглагдав. Улаанбаатарын стандартыг сум дээрээ бий болгоно хэмээн зүтгэж буй Цогтцэций сумын засаг даргын амбиц ихэд таалагдсан бөлгөө.

Зам зуур байрлах хоолон гэрүүдэд үндсэндээ шөл, цуйван гэсэн хоёр төрлийн л хоолны сонголт байна. Харин нэг гэрт ороод ямар хоол гарах уу гэтэл дурын хоол гарна гэж байна. Гуляш авъя гэтэл гуляш гэж юу байдаг юм гэсэн гэдэг. Зам зуур хааяа нэг тааралдах говийн айлуудаас зам асуухад зарим айлууд нь гадаа нь машинаа сингалдаад байхад гарч ирэхгүй, хаалганы завсраар шагайж харчихаад буцаад эргэх юм билээ. Мань мэттэйгээ адилхан төөрсөн хүмүүсээс залхсан бололтой.

Уурхайн амнуудаас 60-100 тоннын чиргүүлтэй болон чиргүүлгүй хүнд даацын тэргүүдээр ёстой л өдөр шөнөгүй нүүрс зөөж байна билээ. Тэрхүү аварга тэрэгнүүдийн явдаг замыг “Мангарын зам” гэх агаад уг зам дээр дунджаар 7 хоногт 6 осол аваар гарч тэр тооны жолооч нар амь эрсддэг гэнэ. Анх ч хүн нас барлаа гэхэд хүү хаа гэдэг байсан бол сүүлдээ Хятад бол дүүрч, Монгол жолооч нас барсан бол хайран байна гэж халагладаг болжээ. Харин одоо нутгийн жолооч л биш бол уг зам дээр хүн нас барахад тоодог хүн бараг л алга болжээ. Тэр олон мянган машины цуваанаас үүссэн нүүрсний тоосжилт, замын тоос орчны үзэгдэх байдлыг хязгаарлаж, рейсний мөнгөө ахиухан авахаар нойр хоолгүй зүтгэж байгаа жолооч нар аваар хийдэг байна. Дээрээс нь согтуу жолооч нар, дээрээс нь хүнд даацынх хирнээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад аваар хийж буй тохиолдолууд зөндөө юм.

Хилийн цаана жолооч ах хүүгийн танилцсан өвөр Монгол залуугийн гэрт очиж гэр бүлтэй нь танилцан нэг сагс пийжүү уун ярих зуур өөрийгөө Монголоор тун муу ярьдгаа мэдрэв. “Love actually” кинон дээрх гардаг Англи залуу Америк явж Бритиш аялга бүхий англи хэлээр Америк бүсгүйчүүдийн эгдүүг хүргэдэг үзэгдэл санаанд байн байн орж, хэлсэн юмыг нь дахиад хэл дээ, энийг юу гэдэг вэ гэж байн байн нөгөө Өвөр Монгол залуугаас асууж инээдээ барж суув. Өвөр Монголчуудын хэрэглэж буй үгс нь утгын хувьд яалт ч үгүй бидний хэрэглэдэг үгнээс хамаагүй утга төгөлдөр байх юм. Хэдий анх сонсоход инээдтэй ч гэсэн. Жишээ нь, цайх бүрэх-цай хандлах, танай хэлийг төхөөрөхгүй-танай хэлийг ойлгохгүй, юутай вэ-хэдэн настай вэ буюу ямар жилтэй вэ, хөнгөн толгойтой цус-Монголоор бол п**** гэсэн хараалын үг, эхээ ухмар-mother****** (энэхүү хэллэгийг Хятадаас орж ирсэн гэх агаад Монгол хүмүүс яавч ийм зүйл бодож хэлэхгүй гэж байв), дотуур өмд-огтор өмд, мөнгө үйрүүлэх-мөнгө задлах, навч-тамхи, цэгээ-айраг, луухаан-хөгширч үхэх гэж байгаа хүн, авхай-гуай, Голомт Монгол-Ар Монгол, цахиур дэн-тамхины асаагуур, гэгээмсэг-агуу, хөл залгагдах-хугарсан хөлөө бороолохыг хэлж буй, сүүдэр авах-рентген зураг авахуулах гэх мэт. Хятадуудаа муу Хуцаа (Хужаа) гээд бас их дургүй юм. Хааяа Өвөр Монгол ба Хятадуудын хооронд зодоон болдог юм гэсэн. Улаанбаатар гэж дуулснаас очиж үзэхийг мөрөөдөхөөс ч айдаг энэхүү шавар тагзанд амьдарч буй Өвөр Монгол гэр бүлийг хараад өр өвдөх шиг л болсон сон. Нөхөр нь хүнд даацын тэрэгнүүдийн моторын тосыг солих агаад өдөр шөнөгүй ажиллах. Ажил хийхгүй л бол энэ олон зуун сая хүн дотор амиа хорлож байна л гэсэн үг гэх. Эдний хажууд Монголын өвгөнтийн хөндийнхөн бол үнэн жаргалтай амьдардаг юм билээ шүү.

Богинын болон алсын тээвэрт явдаг жолооч нар дээр хилийн цаана тээвэр хийж буй тэрэгнүүдийг оруулбал нийт 10,000 орчим хүнд даацын тэрэг Монголоос Хятад руу нүүрс зөөж байна. Хил давангаа Хятадын боомт хотод оройн хоол идэх зуур алсын тээврийн Монгол жолооч нартай ярилцахад сайн гүрийвэл сард 4-6 сая төгрөг хийдэг гэнэ шүү. Гэхдээ энэ мөнгийг их л зовж олохыг хэлнэ билээ. Уг боомтын хилийн наана, цаана байх Монгол, Хятадын тосгоныг шууд харьцуулбал Том Круз, Николь Кидман нарын тоглосон “Far and Away” киноны үзэгдэл. Зэрлэг өрнөд гэж ярьдаг байсанчлан Зэрлэг Өмнөд гэж хэлэхээр. Газар олж авахын тулд яаж тэмцэж, эмх замбараагүй, бохир заваан хотод хэрхэн амь зууж буйг харуулдаг билээ түүнтэй яг адил. Хүмүүсийн ярихнээ 1990-ээд оны Эрээн хот гэх. Тун удахгүй Эрээнээс том, Эрээнээс өндөр хөгжилтэй хот болгохоо тосгоны дарга амласан байна билээ. Хилийн цаана байрлах энэхүү тосгонд нүүрс хүлээн авах асар том байгууламжууд ээлж дарааллан баригдаж байна.   

Харин Өмнөговь аймгийн маань засаг даргад маань ийм том амбицтай төлөвлөгөө, алсын мөрөөдөл бий болов уу? Эрээн ба Замын Үүдийн түүх энэхүү хилийн зурвас дээр бүү давтагдаасай билээ гэж буцах замдаа дотроо залбирч явлаа. Бид уул уурхайн баялаг маань дуусах үед Монгол улсдаа, өөрсөддөө юу авч үлдэх юм бэ гэдгээ одооноос сайтар бодож, үйл хөдлөлөөрөө хийж явахгүй бол ч...

Thursday, 28 October 2010

Tim Cope Journeys

Tim Cope хэмээх Австрали залуутай жил хагасын өмнө анх танилцаж түүний хийсэн гайхамшигт аялалуудын тухай танилцуулгыг нь сонсож байсан билээ. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг Австрали руу үдэн гаргаж өгөх үдэшлэгт уригдан очиж түүнтэй дахин уулзаж далимдаа товч ярилцлага авч блог уншигч нартаа хүргэе хэмээн сэтгэсэн бөлгөө. Энэхүү үдэлтийн үдэшлэг Амстердам кафед болсон агаад Цэрэн тур компани мань эрийн хувьд Монгол дахь хамгийн том туслагч бөгөөд хамтрагч нь юм.

·         Өөрийгөө товч танилцуулаач хөө?
·         Би Австралийн Викториа мужид төрж өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав маань аялал жуулчлалын салбарт ажилладаг байсан тул би багаасаа л энэ салбарыг мэдэрч өссөн гэх үү дээ. Жишээ нь аав ой шугуй болон далайн аялалуудыг хүмүүстэй хамтран их олон удаа зохион байгуулдаг байсан юм. Анх 16 настайдаа Балбын вант улс руу явсан нь миний хувьд хилийн дээс алхсан анхны тохиолдол байсан юм.
·        Яагаад анх аялах болсон, тэр дундаа адал явдалт аялалын кайф нь юундаа вэ?
·         Балба явж ирсний дараа миний хувьд ертөнцийг үзэх үзэл эрс өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэр хүмүүсийн найрсаг зан, хамтын амьдрал миний хувьд онцгой сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Дараа нь оюутан болоод Европ тивээр бараг бүтэн аялсан. Үүргэвчээ үүрээд л замын машинд дайгдаад явдаг байлаа. Тухайн үед иргэний дайн хийж байсан улсуудаар хүртэл явж байсан. Энэ үеэр баруун ба зүүн европын ялгааг маш ихээр мэдэрсэн. Дараа нь Австралидаа буцаж ирээд хуулийн ангид элсэн орж байлаа. Миний хувьд адал явдалт аялал буюу үүргэвчээ үүрээд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан (замын унаанд дайгдах, завь, дугуй, морь ашиглах гэх мэт) аялах нь тухайн орон нутгийн хүмүүстэй илүү дотно танилцах боломж олгодог нь аялалаас авч буй хамгийн том таашаал байдаг. Ихэвчлэн ганцаараа аялдаг. Учир нь аялалын баг олон хүнтэй байх тусам тэр тоогоор ялгаатай хүсэл, сонирхол, тухайн хүмүүсийн аялал туулах чадварын ялгаа ихсэж тэр хэмжээгээр зөрчилдөөн үүсэх, цаг хугацаа алдах асуудал гардаг.
·         Хэдэн улсаар одоогоор аялаад байна? Аль нь хамгийн их онцлог байв?
·        Одоо яг хэдэн орноор аялаад байгаа тоог нь шууд хэлж чадахгүй байна. Миний хувьд Монгол улс хамгийн сонирхолтой гэж хэлэх байна.
·         Анх Монгол Улстай хэрхэн яаж холбогдсон бэ?
·        1999 онд Оросоос Хятад хүртэл дугуйгаар (recumbent bike) аялах замдаа Монгол Улсаар дайрч гарсан нь миний хувьд Монголтой танилцах анхны боломж минь байсан юм. Ямар ч хашаагүй цэлгэр уудам газар, нүүдэлчин соёл зэрэг нь миний хувьд маш их сонирхолтой санагдсан. Тухайн үед Хятад Улс руу дугуйгаар нэвтрэн орохын тулд виз авах ёстой болсон. 2000 онд визээ хөөцөлдөн Хятадын элчин сайдын яаман дээр явж байхдаа анх Цэрэнгийн гэр бүлтэй танилцаж одоог хүртэл анд нөхдийн сайхан холбоотой явж байна.
·        Аялал жуулчлалын салбарын талаарх Монголын сул болон давуу талыг та юу гэж харж байна?
·         Байгалиа хамгаалах, түүхээ соёлоо эрхэмлэн хадгалж үлдэх нь маш чухал гэж бодож байна. Хүмүүс Монголд өндөр байшин үзэх гэж ирдэгүй, тансаг буудал, амралын газарт амрах ирэх гэж ирдэггүй. Тэд чухам л ялгаатай соёл заншил, түүх, тухайн орон нутгийн өвөрмөц байгалийн тогтоц, үзэгдлийг л үзэх гэж мөнгө төлж ирдэг. Анх би Балба явахдаа Австралиас тодорхой хэмжээний мөнгө босгон авч яваад нутгийн хүмүүст өгч багахан ч болов тус болсон нь тэдгээр хүмүүсийг маш их баярлуулсан бөгөөд энэ нь миний хувьд тэр улс руу явсан хамгийн гайхалтай сайхан дурсамж нь болон үлдсэн. Үүнээс хойш аялан явж буй улсуудын сайн сайхныг үзээд, тухайн улсуудыг соёл уламжлалаас сурахаас гадна аянчин, жуулчин хүн өөрөө тэр улсуудад ямар нэгэн зүйл үлдээх, өгөх, тодорхой бодит ажлуудыг хийх ёстой юм байна гэдэгт улам бүр итгэсэн. Яг үүнтэй холбоотойгоор “Responsible Tourism буюу “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголт байдаг бөгөөд миний дээр хэлсэн санаа нь үндсэндээ энэ юм. Гадаад эзэнтэй том аялал жуучлалын компаниудаар дамжин ирж буй жуулчдын мөнгө тэр компани руугаа л дийлэнх нь ордог. Үүргэвчтэй аялал хийдэг хүмүүс том компанийн шугамаар ирсэн жуулчидтай харьцуулахад бага мөнгө үрдэг нь ойлгомжтой. Иймээс үндэсний компани буюу орон нутгийн уугуул эзэнтэй аялалын компаниуд Монголд олон болох тусмаа тустай. Одоогоор миний анзаарснаар жуулчдын ихэнх мөнгө Улаанбаатарт үлддэг. Хөдөөд бодит хөрөнгө оруулалт болж “наалддаг” нь тун цөөн. Орон нутаг, хөдөөд аялал зохион байгуулахдаа орон нутгийн хүмүүсийг хөлсөлж, орон нутагт бодит ажил хийж үлдээж байвал уул нь зүйтэй юм. (Жич: Цэрэн Тур компани Австрали жуулчидтай хамтран Увс аймгийн Ховд сумын арван жилийн сургуульд 10,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг 2011 онд хийхээр баталгаажуулаад байна.) Үүнийг л “Responsible Tourism” гэж байгаа юм аа. Дахин хэлэхэд жуулчид, аялалын компаниуд Монголын соёл, байгаль, түүхийг өөрсөддөө хэрэгтэй нөөц болгон ашиглаж байгаа тул эргээгээд тэрхүү нийгэмд, улсад шууд болон шууд бус хэлбэрээр бодит хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаагаа харж ажилладаг компани, бизнесийн хувьд заавал хэрэгжүүлэх ёстой зүйл.
·        Хөгжиж буй орнууд руу явж байгаа аянчин, жуулчдын хувьд энэхүү “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголтыг мэдэрч болохоор байна. Харин өндөр хөгжилтэй орнуудыг зорьж буй аянчин, жуулчдын хувьд энэхүү ойлголт нь ямар утгаар байх ёстой вэ?
·        Үндсэндээ адилхан шүү дээ. Гэхдээ энэ нөхцөлд тухайн улсынхаа соёлыг хүндэтгэн авч үзэх, хууль журмыг нь алхам тутамдаа чанд мөрдөн дагах, байгаль орчныг нь хайрлан хамгаалах, тухайн улсын иргэдийг хүндэтгэн харьцах нь “Хариуцлагатай аялал жуулчлал”-ын нэг хэсэг болно.
·         Ямар нэг шашин шүтдэг үү?
·        Бүх шашныг хүндэтгэн авч үздэг ч аль нэгийг нь тухайлан шүтдэггүй. Гэхдээ Чингис хааны түүхийг судалж байхдаа олж мэдсэн “Хөх тэнгэрийн дор нэг хаан байх ёстой”  гэдэг үзэл баримтлал маш их таалагдсан. Улс орнуудаар аялаад явж байхад шашин тухайн үндэстэний соёлд шууд нөлөөлдөгийг анзаарсан. Харин хүчээр нутагшуулсан шашин хэзээ ч тухайн улсад суурьшдаггүй гэдэгт бат итгэдэг.
·         Тэгвэл даяарчлал ба үндэсний соёлыг хэрхэн хооронд нь зохистой баланслуулах нь зүйтэй бол?
·         “Thing globally, Act locally” гэдэг үг байдаг даа. Надад нэг Орос хүн хэлж байсан юм. Тэр нь аливаа хүн өөрийн улсаа мэдэхгүй, түүхээ ойлгохгүй бол бусад хүнийг, бусдын түүхийг хэрхэн ойлгож чадах юм бэ гэж билээ. Монгол Улс хоёр хөлтэй хүн гэж тооцвол нэг хөл нь Монгол, нөгөө хөл нь дэлхий байх ёстой. Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях ёстой. Жишээ нь гар утас, түүний хөгжил Монголд хэрэгтэй. Гэвч дулаан орны газар тариалангийн технологи Монголд хэрэгтэй байж чадах уу? Би өөрөө хөдөө төрж өссөн. Миний анзаарснаар Монголын хөдөөгийн нүүдэлчид байгаль дэлхий, ан амьтадтай цаг үргэлж харьцдаг тул байгалийн экосистемийг маш сайн мэдэж, тэр чинээгээр зохистой буюу тэнцвэртэй харьцааг нь хадгалахын төлөө хайрлаж хамгаалж явдаг. Гэтэл хотын хүмүүсийн хувьд жишээ нь зуд боллоо гэхэд хотын хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх нөлөөлөл бага. Харин хөдөөгийн хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралын маш хүнд сорилт болдог. Өөрөөр хэлбэл капиталист нийгмийн бүх юм нь төгс биш шүү дээ. Жишээ нь Балбад явж орон нутгийн хүмүүсийн найрсаг зочломтгой зан нь гайхалтай байсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс материаллаг баялгаас илүү гэр бүл, найз нөхдийн харьцааг үргэлж эрхэмлэдэг юм. “Sense of community” буюу амьдралын үнэ цэнэ нь ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсээс өөр. Жишээ нь хөгжилтэй орнуудад баян, ядуугийн ялгаа их байдаг бол Балбад хүмүүсийн амьдрал жигдхэн. Хөгжиж буй орнуудын хувьд хэт олон хүний урсгал байх нь байгаль орчинг сүйтгэн аялалыг аялал биш болгодог сул талтай байдаг.
·        “Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүд Туслах Сан”-д өөрийн чинь болон Цэрэн Тур компанийн зохион байгуулсан аялалын аялагчид маш их тусламж дэмжлэг үзүүлсэн, одоо ч үзүүлж буйд маш их баярлаж явдаг. Ер нь өмнө нь хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байв уу?
·        Энэ бүх ажил маань Балбад туулсан миний анхны аялалын туршлагаас эхтэй бөгөөд хүн баярлуулах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл одоо хүртэл байсаар байгаа.  Түүнчлэн энэхүү ажил нь дээр дурдсан “Хариуцлагатай Аялал Жуулчлал” гэсэн ойлголттой нягт уялдаж буйг анзаарч буй биз ээ. Монголын хувьд World Expedition компанийн шугамаар нилээд олон Австрали жуулчид танай улсад ирж, Цэрэн Турын зохион байгуулсан аялалын ачаар Монгол улсын хүн ард, ёс заншилтай танилцан өндөр сэтгэгдэлтэй буцсан. Би одоогоор Австралид амиа хорлохын эсрэг хөдөлгөөний сайн дурын элч хийдэг юм. Хамгийн анх Балга явж ирээд тэнд харсан үзсэн зүйлсээ үеийн найз нөхөдтэйгээ хуваалцан, дараа нь арван жилийн болон их сургуулиудад энэ чиглэлээрээ лекц уншиж эхэлсэн юм. Харин одоо бол энэ ажил миний карьер болоод байгаа шүү. Одоо бол миний лекцийн билет 5 доллараар үнэлэгддэг юм.
·        Цаашдын төлөвлөгөө чинь одоогоор юу байна вэ?
·        Хоёр дахь номон дээрээ ид ажиллаж буй. Гурван ч кино хийсэн. Киноны эрхээ бусад мэргэжлийн байгууллагад зарсан тул Монголд гаргах боломжтой эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч “The Trial of Genghis Khan баримтат кино маань миний хувьд хамгийн том төсөл минь болж байгаа. (Жич: Мань эр энэхүү бүтээлээ хийхийн тулд Монголоос Унгар улс хүртэлх 10,000 км зайг мориор 3 жил гаран туулж, уг бүтээлээ нийт 6 жилийг зарцуулан хийсэн юм.)

·        Ийм хүнд хэлбэрийн (extreme and adventurous trips) аялал хийдэг хүн ямар төрлийн даатгалтай байдаг нь сонин байна?
·        Тусгайлсан янз бүрийн даатгал байхгүй ээ. Энгийн л даатгалтай явдаг.
·        Өөрийн тань цахим хуудаснаас харж байхад дэлхийд нэр хүндтэй багагүй шагналуудыг “түүсэн” юм билээ. Эдгээрээс хамгийн эрхэм нь аль нь байдаг бол?
·        2006 онд хүртэж байсан "Australian Geographic Adventurer of the Year Award" маань миний хувьд хамгийн эрхэм гэж хэлж болно. 
·        Монголчуудад зориулан таны зүгээс хэлэх зүйл байгаа болов уу?
·        Өөрийн үндэснийхээ бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг гэж битгий бодоорой. Төв Азийн орнуудаар явж байхад ихэнх улсууд нь Орост уусчихсан байсан. ЗХУ задран нурахад тэд юу ч үгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үндэсний соёл, уламжлалтай гэхэд хэцүү, огт байхгүй гэхэд бас хэцүү. Иймээс өөрийн гэсэн юмтайгаа үлдэх ёстой шүү. Танай орны байгалийн баялаг нөөц дуусахад барууны компаниуд гараад л явна. Тэр үед л та нар юутай үлдэх вэ гэдгээ одооноос сайн бодоорой.
·        Сонирхолтой ярилцлага өгч цаг гарган надтай уулзсанд баярлалаа!
·         Баярлалаа!

Monday, 6 September 2010

Sayonara Japan

Япон улсад жил гаран амьдарч буй нь миний хувьд Австрали улсад хоёр жил MBA хамгаалан сурсны дараах удаан амьдарсан хоёр дахь улс маань болж буй юм. Бразил ба Япон улсууд миний хувьд очиж үзэх, болбол хэсэг хугацааг өнгөрүүлэх юмсан гэж бодож явдаг хоёр улс маань байсан бөлгөө. Акедемик сургалтын хувьд элдэв янзын тэтгэлэг олдох боломж Австралийг бодвол маш их байдаг нь гайхалтай байв. Жаахан Япон хэл гадарладаг бөгөөд хичээл, олон нийтийн ажилдаа идэвхтэй бол сургалтын болон амьжиргааны тэтгэлэг олох боломж асар өндөр гэж дүгнэв. Зарим нэг “сул” оюутнууд бараг зүгээр байж байгаад янз бүрийн тэтгэлэг авч байгаа нь гайхмаар. Гэвч барууны болон миний уулзсан бүх Япон профессорууд Японд битгий PhD-гээ хийгээрэй гэж захих юм. Учир нь Японы докторын зэрэг баруунд үнэлэгддэггүй бөгөөд АНУ-д доктор хийх нь хамгийн зөв сонголт гэж байв.

Өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг аз жаргал хэмээнэ гэж хүмүүс ярьдаг боловч зарим хүмүүс өөрт байгаа “юмнуудаа” бусадтай хуваалцаж байж жинхэнэ аз жаргалыг мэдрэх юм. Японы нийгэм хүний төлөө гэж улсууд хэлэлцэх. Ухаан нь эмнэлэгт очоод тариа тариулахад сувилагч нь таныг одоо бага зэрэг өвтгөх нь байна шүү, намайг уучлаарай гээд онц ноцтой гэмт хэрэг хийсэн юм шиг л аашлах. Тэрийг нь зарим хүмүүс наадуул чинь тэгж л байж цалин авч, ажил дээрээ тогтож байгаа шүү дээ, жинхнээсээ тэгж байгаа юм биш гэж дүгнэх юм билээ. Үүнтэй агаар нэгэн Япон хүний хамгийн сайхан зан бол за гэвэл ёстой ёогүй. Үнэхээр найдвартай улс. Гэм нь үгүй гэж хэлж чаддаггүй буюу дотоод сэтгэл, бодлоо чөлөөтэй гадагш барагтай бол гаргахгүй л над шиг “задгай” хүнд үнэн төвөгтэй, зарим үед “цохиж аваад”, удаан үйл хөдлөлийг нь өргөж аваад сэгсэрч цочроомоор санагдах. Хэдийгээр өөрсдөө багаар ажилладаг, хүний төлөө нийгэм гэж ярьдаг ч нэг гайхшруулсан зүйл нь вагонд настай хүн, хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь тун ховор юм билээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай суудал байх боловч залуус нь суучихаад унтаж буй дүр үзүүлээд босно оо гэж гонж. Нүдээ нам аниад, амаа байдгаараа ангайгаад аймшигтай гүн нойрсож буй мэт боловч буух буудал нь болоод метроны хаалга онгоймогц юу ч болоогүй юм шиг гэнэт босоод гараад явчихна. Холливүүдэд иймэрхүү авъяас их үнэлэгдэнэ шүү. 6 настай нэг бандиа хөтлөөд 6 сартай болов уу нярайгаа энгэртээ тэвэрсэн ээж орж ирэхэд би өөрийн мэдэлгүй босоод суудал тавьж өгөхөд тав тух алдуулсанд уучлал гуйгаад, суухгүй гэж гүрийж гүрийж миний суудал дээр сууж байгаа юм. Буух буудал нь болоод буух үедээ нөгөө 6 настай бандидаа энэ ах чинь суудал тавьж өглөө баярлалаа гэж хэл гээд нэмж хүзүүн дээр нь дарж миний өмнө хүчээр бөхийлгөж байх юм. Тэр жаахан банди зайлуул юугаа мэдэх билээ. Галт тэрэг хөдөлж байхад би цонх руу хараад сууж байхад хоёр хүүхэдтэй нөгөө ээж маань миний өмнөөс бөхийн хүндэтгэл үзүүлсээр буудал дээрээ үлдэж билээ.

Маш сонирхолтой нийгэмтэй бүхий улс. Одоог хүртэл Японы ажил олгогч, ажилтан хоёрын харилцааны тухай уулзсан Япон болгонтойгоо “ном хаялцаад” л яваа. Японы бизнесийн орчин албан тушаал, нас, хүйс дээр голлон суурилах тул нэг компанид ажилд орсон Япон хүн тэр ажлаа солих нь өдрийн од мэт ховор. Мизухо банкинд ажилладаг найзаасаа Сити банк чамд хоёр, гурав дахин өндөр цалин өгье гэвэл чи ажлаа солих уу гэхэд эргэлзэх юмгүйгээр үгүй гэх. Яагаад гэхээр Мизухо банкинд арав гаруй жил болсон түүх, нэр хүнд маань цалингаас үнэтэй гэх. Түүнчлэн үнэхээр та нар хүнээ боддог юм бол дарга нь яваагүй байхад явж болдоггүй ажлынхаа соёлыг юу гэж боддог вэ. Хийх ажлаа цагтаа дуусгасан ч гэсэн дарга нь ажил дээрээ хэд хүртэл оройтно тэр хүртэл бүх ажилчид нь сууж л байна. Хүнээ үнэхээр боддог юм бол тэр олон ажилтнаа гэр рүү нь явуулж эхнэр, хүүхэдтэйгээ тоглох цагийг нь өгөхөд яадаг юм гэж Япончуудтай хааяа ярихаар бараг хэрүүл болох дөхнө. Дипломын ажлын судалгаагаа хийхээр Солонгос явж Самсунг дээр дадлага хийгээд ирсэн ангийн 4 Япон оюутнууд хэлэхдээ Япон гайгүй хэвтэнэ, харин Солонгосын компаниуд бол бараг армийн зохион байгуулалттай, Японы компаниудаас хамаагүй чанга, хүнд сурталтай юм билээ гээд толгой сэгсэрч байх юм билээ. Үнэхээр ч хамгийн олон цаг ажилладаг улсаар Солонгос, хамгийн бага ажилладаг улсаар Франц шалгарсан байсан тухай ойрмогхон нэг судалгааны ажлаас уншиж байсан юм байна. Япон улсын бие биенээ дэмжин түшин тулж буй амьдралын хэв маяг нь бизнес, улс төрд тэр хэмжээгээрээ том масштабаар дүрслэгдэж буйг “Япон загвар” гэсэн энэхүү бичлэгээрээ бичиж байжээ.

Нилээд олон удаа парти хийж ууж идэн нүүр хагарсаны дараа буюу номүникэйшн хийсний дараа Япон найзууд маань өөртөө байхад нууц дансны тухай дурдсан юм. Бараг эрчүүд болгон нэг болон нилээд хэдэн банкны нууц данстай байдаг юм байх. Илүү цагийн цалин, бонус зэргээ тэр дансандаа хурааж хуримтлуулах аж. Өглөө ажилдаа гараад л шөнө гэртээ орж ирдэг тул эхнэр, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг тун хомс. Тийм учир эхнэр нь хэзээ нэгэн цагт хаяад явлаа гэхэд нөгөө хураасан мөнгөөрөө болгох юм гэсэн. Өчигдөрхөн гуч дөнгөж гарч буй Япон залуутай уулзан жаал хууч хөөрөхөд саяханыг хүртэл Япон улсыг буюу эх орноо дэлхийн дугаар нэг улс гэж бодон бусад улсыг сонирхох ямар ч хүсэлгүй амьдарч байснаа өгүүлсэн юм. Хагас жилийн өмнө АНУ явж ирээд Япон улс энэ дэлхий дээрх өчүүхэн арал юм байна гэдгээ би мэдэрсэн гэж бага зэрэг гунигтай хэлж байв. Мань эрийг арван жилд байхад нь дэлхийн түүх, дайны тухай хичээл дээр нь Японы эерэг талуудыг заагаад сөрөг талуудыг бодлогоор дурддаггүй байсан юм билээ. Яг энэ залуутай адил сая сая Япон залуучууд энэ арал дээр амьдарч байна. Дотоод хэрэглээ өндөр, түүхий эдийг эс тооцвол дотоодын нөөцөөрөө бараг бүхий л зүйлсээ өөрсдөө хангаж чаддаг тул “байгаа юмандаа сэтгэл ханасан” гэх юм уу даа. Саяхан эндэхийн ТВ-ийн мэдээгээр их сургууль төгсөж буй оюутнуудаас санал асуулга авахад 70 хувь нь гадаадын улсуудад сурч, ажиллах ямар ч сонирхолгүй, Япондоо үлдэнэ гэсэн байсан билээ.

Амьдралын үндсэн философийн хувьд Монгол ба Япон улсууд төстэй мэт. Ах захаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах хайрлах тал дээрээ. Хамгийн энгийн жишээ нь Тоторо (Totoro) гээд Японы дээр үеийн хүүхэлдэйн кино байна. Уулын лус савдагийн тухай. Барууны залуус үзээд шууд ойлгоход хэцүү боловч Монгол хүн үзэхэд их ойлгомжтой буюу энгийн сэдэв байх. Япон хэл үзэж буй хүмүүст тохирсон их хөөрхөн кино билээ. Гэвч багийн ажил, хувь хүний үнэ цэнийн хувьд нилээд ялгаа Япон ба Монгол хүмүүсийн дунд буйг нэгэн Япон хүн дээр үед бичиж байсныг энд оруулж байжээ. Бушидо хэмээх зүйл энэ улсад өнөөг хүртэл хүчтэй оршсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Японы зураач нэгэн эмэгтэйтэй хууч хөөрч байхад Япон хүүхдүүдэд том цагаан цаас өгөөд зураг зур гэхээр тэрүүхэн тэнд нь жижигхэн зүйлс зурдаг. Харин Монгол хүүхдүүд нөгөө цаасаа дүүртэл буюу том том “масштабаар” зургаа зураад багтахгүй болохоороо дахиад шинэ цаас нэхдэг гээд инээж байсан юм. Ерөнхийд нь ажиглахад нь Япончууд хүн чанар гэсэн ойлголтоос хэдийнээ хальж байгаль орчин гэсэн дараагийн шат руу масс нийгэм нь шилжээд удаж буй бололтой. Нэг жил богино мэт боловч багагүй зүйлсийг Япон улсад ирснээр мэдэрч, харж, сурч авсан нь миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт байлаа. Хөгжиж буй орны хувьд хөгжингүй орноос сурах зүйлс асар их нь ойлгомжтой ч ганц хоёр улсаар аялан “нүд тайлсан” хүмүүс одоо алийн болгон гадаадууд гэдэг юм бэ, Монголчууд өөрсдөө чадна гээд сайн дурын буюу Монгол хүүхдүүдийг үнэгүйгээр оношилж, эмчлэхээр очсон Япон эмч нарыг буцааж, зарим Монголчууд бүр тэднээс “Монгол хүүхдүүдийг үнэгүй эмчлэх үйлчилгээний хөлс” гэж мөнгө нэхсэн тухай хэд хэдэн баримт сонсоод гутрахаасаа илүү дахин иймэрхүү байдал гаргуулахгүйн төлөө Монголдоо энэ долоо хоногтоо очоод улам эрч хүчтэй ажиллах хор шар хөдөлж байнам.

Эцэст нь дүгнэхэд Япон улсад богино хугацаагаар аялах, амралтаараа ирэхэд гайхалтай улс боловч миний хувьд урт хугацаагаар ажиллаж амьдрахад нилээд тэсвэр тэвчээр шаардах улс байх бөлгөө. Нэмээд хэлэхэд энэ улсад бүхий л төрлийн дэд бүтэц, нийгмийн архитектур нь өндөр хөгжсөн боловч энэхүү дэд бүтэц, сүлжээг ашиглан түгээгдэх мэдээллийн урсгал, шинэ санаачлага, галзуу санаанууд нь өдгөө арай л цөөдөөд байгаа юм болов уу гэж өнгөц ажигласан бөлгөө.

Arigato my Japanese friends and Sayonara Japan!

Sunday, 27 June 2010

It is better to have a look rather than hearing hundred times


I was lucky enough to be a part of DSAM delegates last week to explore Japan’s experience and knowledge for differently abled children and adults. We had a one week busy visit in Tokyo and Yokohama and it was impossible to have this great opportunity without help of Mr.Nobushige Yamauchi (M.Ed) who is Managing Director of Learning Disabilities Association Kanagawa and Mr.Hiroyuki Oyaizu who is Director General of NISVA (Nippon Skilled Volunteers Association). On behalf of all members of DSAM, I would like to express my deepest gratitude to our Japanese friends. Even though it was a one-week trip, every single minute was precious for all of us. We were all energized by the Japanese professionals’ supportive actions and challenging discussions. As a developing country with limited resources, DSAM tries to position itself to have vision with passion for its long term successful operation in Mongolia. It was amazing experience to feel that not only Japanese people’s real actions and tight collaboration but also methods and methodologies how Japanese synergize education and business communities with mentally challenged people. This trip allowed us to meet Mr.Shuichi Ohno, Managing Director of Nippon Foundation which is the core sponsor of NISVA.  

Personally, I always believe that the love is the fundamental factor of the meaning of mankind’s life. However there are many different people in the world, we should have the same life principle to create what we call “perfect world”. Our life meant to be a pleasure for all of us unfortunately it has become a pressure for most of us. It is very sad to acknowledge that only 1% of world population owns 40% of the planet’s wealth and 50% of the world’s population lives on less than 2 dollars a day. I did not mention here about disabled people’s statistics. Therefore, if we cannot change this situation, then what is our responsibility as a human being? It seems that passion is one of the most important parts of human life which makes people to be the agent of change. It is an exceptional human nature to contribute their inputs to others’ societies. Moreover, I would say that respect is a treatment to be tranquilized. With respect, all we can create synergy among our society. I strongly felt all these positive energies last week throughout of the trip.

We have a very small and fragile boat which is called the earth but we are on the deep blue ocean so called the universe. Due to the rapid technological development and globalization, the weight and consumption of our boat has exceeded what it should be. We have two paddles so called an economy and a society. If we do not balance these 2 paddles, the boat will lose its direction where it meant to reach! But who is the captain to lead the boat crew? It can be said that the governments. The government consists of various minded politicians. Politicians are financially supported by big corporations, companies, and the public. Behind these organizations there are entrepreneurs and employees! Hence, it can be said that it is very difficult to create a pleasant community if there is lack of passionate people.

There is no doubt that you, me, and we all human being who are totally dependent on natural law but not really on social law. Every single person has a different feeling, different culture, different attitude, different behavior, and different value than others. Based on our different feelings, we all have different commitments to each other. This is our society. These are who we are! Quality of human beings in our society goes up from mass to niche group whereas the quantity of people who belonged into those certain groups is increasing from the niche to mass group. It cannot be said that these kinds of different groups exit because of people’s different IQ or basic skills. But it is because of just the love! I would argue that both developed and developing countries are being challenged by this issue nowadays.

Today human beings can do almost everything as they wish because of their knowledge, skills, and technology. But sometimes the only thing missing is love! Japan has all but the love has been positioned in combination with its unique culture as a bottom part of Japan society’s pyramid to maintain its sustainable development. To sum up, I would like to say that there is a Mongolian proverb saying that “It is better to have a look rather than hearing hundred times”. It was indeed a wonderful experience for us to bridge our “in house” knowledge with best Japanese practices in real life. 

Sunday, 6 June 2010

Toyota

Японд ирчихээд Тоёота машины үйлдвэр тэргүүтэнтэй нь танилцаагүй бол Францад очоод Эйфелийн цамхаг үзээгүйтэй адил гэж зарим хүмүүс ярих аж. Corolla, Vitz, iQ загваруудыг үйлдвэрлэдэг Тоёота корпорацийн Такаока хэмээх үйлдвэрт нь зочлох завшаан тохиов. Энэхүү үйлдвэр нь Нагояа хотоос холгүй орших Тоёота хотод байрлах бөлгөө. Тоёота хотод амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь Такаока үйлдвэрт ажиллах бөгөөд уг хотод Хонда, Ниссан зэрэг өөр машинууд гудамжаар нь явж байхыг харахад жаахан эвгүй л юм билээ. Зөвхөн Такаокагийн үйлдвэр л гэхэд өдөрт 680 машин буюу жилд 250,000 машин үйлдвэрлэдэг юм билээ. Хоёр ээлжийн ажилчидтай байх агаад бараг бүрэн автоматчилагдсан үйлдвэрт роботуудын тусламжтайгаар гулдмай ган төмрийг нүд ирмэх зуур хэрхэн машин болгож буйг харахад үнэхээр сонирхолтой байв. Ажилтан тус бүр нэг л төрлийн ажлыг хийх агаад хоёр ээлжийн ажилтантай гэж тооцвол нэг хүн өдөрт 340 нэг ижил үйлдлийг давтан хийдэг гэж хэлж болох юм. Дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд ирж буй залуу туслах ажилтанаар ороход дунджаар 1,600 ам.долларын цалин авдаг юм билээ. Их сургууль болгоны supply chain management, logistics, strategic management хичээлүүд дээр үздэг Тоёотагийн алдарт “Just in time системийг газар дээр нь ийнхүү үзэв. Нэг автомашин маань том, жижиг нийлсэн 30,000 эд ангиас бүрддэг юм байна. Тоёотагийн хувьд ихэнх эд ангиа аутсорсинг буюу бусдаар захиалан гүйцэтгүүлдэг тул Тоёота дампуурлаа гэвэл хэдэн мянган жижиг, дунд бизнесүүд Япон төдийгүй дэлхий даяар даган муужрах юм байна. Саяхан нэг эд ангийг нь хийдэг бэлтгэн нийлүүлэгчийн үйлдвэрийн газарт нь газар хөдлөлт болоход Тоёотагийн бүхий л үйлдвэрлэл хэдэн өдрөөр саатсан гэж байна билээ. Хэдий бүх зүйл нь роботуудын тусламжтайгаар хийгдэх ч хүний оролцоогүйгээр машин босно гэж байхгүй юм билээ. Будгийн тасаг нь хамгийн их цахилгаан зарцуулдаг аж. Гурван давхар будаг явж байж машинаа будаж дуусгадаг юм билээ. Профессор маань Тоёота корпорацийн Тоёота үйлдвэрлэлийн систем ба Apple корпорацийн iPhone-ийн бизнес загваруудыг экосистем, ложистик, зардал, технологи, нэмүү өртгийн талаас нь судлан харьцуулалт гаргаж, ижил төрлийн бизнес загвартай гэж батлахыг оролдож буй нь бас их сонирхолтой ярианы сэдэв байлаа.

Тоёота корпораци нь Токио, Нагояа, Тоёота хотуудад оффисуудтайгаас гадна Япондоо 12 үйлдвэртэйгээс би нэг үйлдвэр дээр нь очиж үзсэн нь энэ буюу. Эдгээрээс гадна дэлхийн 26 улсад нийт 53 салбар компани, үйлдвэрүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 320,000 гаран ажилчидтай гэж ярих агаад групп доторх охин компаниудыг нь тоолбол 520 гараад явах юм байна. Хэдийгээр 2009 оны 3-р улирлын байдлаар нийт 20,529 тэрбум иэнийн борлуулалт хийсэн ч 436 тэрбум иэнийн алдагдалтай ажиллаад буй юм билээ. АНУ болон бусад улсуудад гарсан автомашины доголдол, дефектээс болоод өнөөдрийг хүртэл уг компани том асуудалтай байсаар л байна. Жолоочийн аюулгүй байдлаас гадна хэрэв жолооч хүн дайрлаа гэж бодоход машин хамраараа хүн мөргөхөд ямар тохиолдолд, ямар хэлбэрийн хамартай машин хийвэл мөргүүлж буй хүнд хамгийн бага аюул, хохирол учруулах боломжтойг хүртэл судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байх юм билээ. Хамгийн сүүлийн үеийн Lexus, Corolla-д сууж үзэхэд үндсэндээ дотоод бүх хяналт, үйл ажиллагааны систем нь бүрэн компьютер болсон байна. Том кристал дэлгэц, түүнийг удирдах хулгана тэргүүтэн нь яг л онгоцны удирдах салоныг санагдуулж байв. Хэдий ийнхүү бүх юм хурууны үзүүрээр удирдах боломжтой болсон ч нэг жижиг алдаа системд гарвал тун хэцүү болохыг алдарт Prius–ийн жишээ харуулсаар байна. Гэнэт хааз нь нэмэгдээд жолоочийн удирдлагаас гарч буй проблемийг олохын тулд инженерүүд нь уг машины хэдэн арван чипийг нэг бүрчлэн ухаж буй гэж ярилцах юм билээ. Орчин үеийн машин дунджаар 15 микро процессортой болсон гэж манай профессорын нэгэн нийтлэлд дурдсан байсан. Prius-ийн энэхүү үл мэдэгдэх гажигаас болоод АНУ-д 52 хүн уг машинийг унаж яваад амь насаа алдаад байгаа тухай CBS news 3 сард мэдээлж байсан. Вирус оруулаад системийг буруу ажиллуулах, эвдэх боломжууд ч байх бололцоотой. Ингэж бодохоор дээр үеийн 69-өө л сайхан унаад явж байх нь өлзийтэй ч юм шиг. Ихэнх шинжээчид энэхүү проблем нь hardware биш software-ийн проблем гэсэн онош гаргаад буй юм билээ. Гэсэн хэдий ч 1997 онд анх массаар үйлдвэрлэгдэж эхэлсэн дэлхийн хамгийн анхны hybrid мотор бүхий Prius машин нь автомашины зах зээлд нэг шинэ хуудсыг нээсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Энэхүү машин нь 2008 онд байдлаар нийт 1.7 сая зарагдаад байгаа юм билээ. Энэүү машинтай холбоотой гарсан сөрөг мэдээллүүд Facebook, Twitter-р дамжин асар түргэн хугацаанд дэлхий даяар тарсан нь Тоёота корпораци Social networking site-уудыг бизнесийн үйл ажиллагаандаа стратегийн зорилгоор ашиглахад хүргэсэн удаатай. Sony корпораци хөгжим болон ТВ-ийн бизнес дээрээ хэт их анхаарал тавьж, интернэтийн хөгжлийг огоорсноос болж Apple компанид далаараа цэвэр тавиулсан гашуун түүх Япончуудад байдаг. Sony-ийн энэхүү алдааг Тоёота тойрон гарч чадах уу гэдэг том асуудал үүсээд байх шиг байгаа юм. Манай профессор нийтлэл дээрээ ингэж бичжээ. Хэдий зарим хүнд мөрөөдлийн мэт санагдаж болох ч энэ цаг тун удахгүй гэдэгт би хувьдаа итгэж буй.

“If the car behaves like a modern electronic gadget that could be connected to Internet – Indeed automobiles are increasingly becoming web-enabled – the problems can be more or less monitored in real time and the fixes can be done cheaply and swiftly. That is where a big threat to an established player like Toyota could come.”

Энэхүү компанийг үндэслэгч эрхэм Сакичи Тоёода нь 1867 онд төрсөн бөгөөд анхны седан машинаа 1936 онд хийж дуусгаснаар Тоёота компани 1937 онд албан ёсоор үүссэн түүхтэй юм байна. Crown-ийн хамгийн анхны загвар буюу дээж нь 1957 онд АНУ-руу ачигдаж байснаас гадна Corolla 1966 онд төрсөн юм байна. Харин Lexus брэнд 1989 онд АНУ-д зориулан бүтээгдэн үүсч байсан ч Япондоо дөнгөж 2005 онд танилцуулагдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл АНУ Тоёотагийн хувьд ямар чухал зах зээл болохыг энэхүү мэдээллүүд харуулж байна. АНУ-ын зах зээлд нэвтрээд бараг 50 жилийн дараа буюу 2007 онд Тоёотагийн борлуулалт анх удаа Форд, Крайслер-ийн борлуулалтаас давсан түүхтэй.   

Нилээд хэдэн долоо хоногийн өмнө Тоёота корпорацийн Corporate Value Creation Department-ийн дарга нь хоёр цэрэг, нэг инженертэйгээ ирж бидний хэдэн оюутантай workshop хийсэн юм. Эдийн засгийн болон компанийн хямралын энэхүү хүнд нөхцөлд төсвөө тануулаагүй үлдсэн цорын ганц нэгж нь энэ хэлтэс нь юм билээ. Энэхүү залуучуудын гол зорилго нь next generation car зохион бүтээх. Тэр ч утгаараа нилээд хэдэн жилийн өмнө i-Unit прототайфийг бүтээгээд байгааг нь Тоёота хотод нүдээрээ үзэв. Мань нөхдүүд цаасаар хүртэл машин хийж үзсэн гэж байгаа. Гол концепц нь машин бол зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш хүний амьдралын салшгүй үнэ цэнэ байх ёстой гэсэн үзэл байна. Ингэхдээ машин нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байхаас гадна байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо халгүй байх ёстой гэсэн нөхцөлтэй. Мань этгээдүүдийн ярьж буй зүйлийг сонссон хүмүүсийн ихэнх нь ямар тэнэг юм сэдэж, ярьж явдаг байна аа гэж бодохоор. Мөрөөдлийн шинжтэй, бүр зөгнөлт ч юм шиг сонин зүйлс ярихаас гадна бидний сэтгэхүйгээс тэс өөрөөр сэтгэж юмыг бодож байгаа нь гайхалтай санагдаж билээ. Тэрийг нь хэлэхээр бидний хийж байгаа юмыг хүмүүс одоо ойлгохгүй, олон жилийн дараа ойлгоно, тэрнээс гадна бидний бүтээл масс зах зээлд биш тодорхой хүрээнд л эхэлж зориулагдан гарна гэж байсан юм. Одоогийн байдлаар ирээдүйд Тоёота хаашаа явах вэ гэдгийг Living Beautifully, Adequate Existence, Human-like Encounters гэсэн гурван үзэл баримтлалаар баримжаалаад байгаа юм билээ. Та бүхэн гүүглэдээд үзвэл эдгээрийн зарим нэг зураг, видео файлуудыг олох байх. 
Нагояа хотод орой нь очиж буудаллан жаал сонирхон явахад Токио хотыг бодвол нилээд өргөн гудамжуудтай юм шиг санагдав. Хүмүүстэй ярьж үзэхэд тийм, учир болбоос дэлхийн 2-р дайны хөлд хамгийн их нэрвэгдэж, агаарын бөмбөгдөлтөөс хамгийн их хохирол амссан хот нь Нагояа юм байна. Дайны дараа сэргээн босголт хийхдээ ийнхүү өргөн гудамжууд зассан бололтой.

Wednesday, 31 March 2010

Tokyo trip day 3 – NISVA

Энэ удаагийн аялалынхаа сүүлийн өдөр Токио хотод амжуулах ёстой байсан нэг том ажил маань NISVA (Nippon Skilled Volunteers Association) буюу Япон улсын нарийн мэргэшлийн сайн дурынханы холбоотой уулзах байсан юм. Энэ холбоог Ниппон сан (Nippon Foundation) шууд санхүүжүүлдэг аж. Энэхүү холбоо нь мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нь хөгжиж буй орнууд руу илгээж тухайн хүмүүсийн туршлага, мэдлэгийг тухайн оронд нутагшуулах, хоёр улсын иргэдийг хооронд нь улам дотно болгож хамтын ажиллааг өргөжүүлэх үндсэн зорилготой аж. Өнгөрсөн жил Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан энэхүү холбооноос Япон багш урин авч ирж хагас жил 25-р тусгай сургууль дээр ажиллуулсан билээ. Энэ хагас жилийн хугацаанд Япон багш хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдэдэд маш үнэтэй зөвлөгөөг өгч, Монголчууд бидний хувьд даунтай хүүхдүүд, хүмүүстэй хэрхэн харьцах, хэрхэн нийгэмд хөтлөн оруулах тал дээр нэг шинэ хуудас нээсэн гэж би хувьдаа дүгнэдэг юм. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж өгсөн УИХ-ын гишүүн Оюун ба Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэчулуун эгчид баярлах ч дэндүү багадаад байгаа юм.  

NISVA-гийн тэргүүн нь Марубени корпорацид ерөнхий менежерийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм байх агаад одоогийн ажлаа машид их кайфтай хийх аж. Ер нь Япон хүмүүс тэтгэвэртээ гараад юу хийх билээ, хийх юмгүй бол яадаг билээ гэж их санаа зовдог бололтой. Угаасаа хар залуугаасаа ажлын өндөр ачаалал авч ажиллаж байгаад гэнэт хийх юмгүй болохоор бараг амиа хорломоор санагддаг бололтой. Японы амьдралын хэв маяг Монголоос тэс өмнөө юм. Хүмүүс нь хар залуугаасаа сайн ажиллаж мөнгө хураана. Ингэхдээ Японы стандартын дагуу нэг компанид Life Time Employment нөхцөлтэйгээр ажиллана. Хар залуугаараа хэд хэдэн ажил сольсон манийн CV-г хараад Япон компаниуд бараг ухаан алдаад унах юм шиг байгаа юм. Хүүхдүүдээ насанд хүрэнгүүт нь шууд бие даалган амьдруулдаг тул ач гуч маллах, эмээ, өвөөгийн үүрэг гүйцэтгэх хүнд даалгавар Японы өндөр настангуудад бараг байхгүй. Эргээд тэд өөрсдөө явж чадахгүй болж, хэвтэрт орох үедээ хүүхдүүдийнхээ тусламжийг ч нэг их харахгүй, бараг найдах ч үгүй. Тэтгэвэрийнхээ мөнгөөр асрамжийн газарт очоод насан өөд болтлоо байдаг юм байна. Асрамжийн газар нь байршил, үйлчилгээнээсээ шалтгаалан сарын 1,000-2,000 ам.долларын хөлстэй байх агаад бүр нас нь өндөр болсон хэвтрийн хөгшчүүдэд хоолой болон давсганд нь гуурс залган хоол болон ялгадасыг нь гуурсаар өгч, гуурсаар гаргах юм билээ. Өвлийн амралтаараа аялаж байгаад ийм асрамжийн газар орж үзсэн бөгөөд үүнийг нэг талаас нь харвал Японы өндөр настангууд зонхилсон нийгэмд маш том бизнес болоод байгаа бололтой. Япон залуучуудын яриагаар бол мөнгөө сайн хурааж, сайн ажиллаж, сайн тэтгэвэр тогтоолгож байгаад эрүү, өвдгөө нийлэхээрээ тэндээ очоод “хэвтэнэ” дээ гэж ярих.   

Япон хүмүүсийн нэг онцлог нь ажлаа сар, жилээр урьдчилан төлөвлөх явдал. Миний хувьд Япон хүмүүсийн хамгийн том чанар бол за гэвэл ёогүй байдал. Өөрөөр хэлбэл Япон хүнд найдах шиг, хэлсэн юманд нь итгэлтэй байх шиг сайхан зүйл энд алга. Би Монголынхоо “инерциэр” заримдаа “are you sure, hontoni гээд хэд хэд асуухаар чи яагаад дандаа ингэж байдаг юм бэ гээд гомдох маягтай болно. Тэгэхээр нь эргүүлээд “cross-cultural shock” гэхээр инээгээд л явчихна. NISVA-гийн тэргүүнтэй уулзаж байхад өнгөрсөн жил Монголд очсон тухайгаа, хүмүүстэй уулзаад юу юу ярьж байсан тухайгаа, буудалдаа очоод шөнө нь ямар хэлбэрээр Монголтой хамтран ажиллах боломжтой тухайгаа тоймлон зурж байсан схемээ гарган надад үзүүлж үг бүрчлэн тайлбарлаж байлаа. Гайхмаар ба бахархмаар. Өнгөрсөн жил Монголд ажилласан Япон багшийн хувийн тайланг ч надад үзүүлж үсэг, үг бүрээр нь орчуулж өгөв. Япон хүний даруу зангийн илрэл болгож уг багш маань бидний зарим нэг дутагдлыг хэлэлгүй явсан байв. Харамсалтай бөгөөд ичмээр зүйлс дурдсан байсан нь Монголчууд хууль, дүрэм гаргах боловч тэрийгээ мөрдөх нь өдрийн од шиг, цаг барьдаггүй, зарим үед орчуулагч нь хэлсэн санааг бүрэн илэрхийлж орчуулж багш нар, хүүхдүүдэд хүргэж чадаагүй гэж дурдсан байв. Хоёр дахь багш дээрээ энэхүү алдааг хэрхэвч давтаж болохгүй тухай маш том анхааруулга энэ болов. Энэ жил Монголд ажиллуулахаар урьж буй бөгөөд NISVA-гийн зүгээс санал болгож байгаа 38 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүстэй ажиллаж буй энэ сард тэтгэвэртээ гарах багштай ярилцлага хийж уг шийдвэрийг баталгаажуулах хүндтэй бөгөөд ахадсан үүргийг Монголоос надад өгсөн юм. Хөөрхий зайлуул Япон багш маань намайг нэг л том дарга гээд бодсон бололтой. Ярилцах зуураа их л сандарч, хөлс нь цутган, хэдий тийм халуун байгаагүй ч халуун байна шүү хэмээн том цагаан алчуураар хөлсөө байн байн арчин суух. Миний уг мэргэжилтэнг шилж сонгох ч юу байх вэ гол нь Монголд ажиллавал юу юу анхаарвал зохилтой талаар, өмнөх Япон багшийн туршлага дээр үндэслэсэн зарим нэг мэдвэл зохилтой зүйлсийг тайлбарлаж өгсөн болой.

Түүнчлэн Токиогийн Их Сургууль дээр Ундраа доктортой уулзсаны дараа нэг профессор нь биднийг оройн хоолоор дайлсан бөгөөд нэг зүйлийг биднээс гайхан асууж, өөрчлөх боломжтой эсэхийг лавлаж байсан юм. Тэр нь сургуулийн багш нарын зуны амралт. Япон профессорууд зун Монголд очоод Монгол эрдэмтэн, багш нартай ажил ярих гэхээр хөдөө яваад олдоггүй, зарим нь гар утас нь ч холбогдох боломжгүй байдаг тухай. Яагаад тэгдэг юм вэ гээд гайхаад байх. Зуны амралт чинь оюутан, сурагч нарын хувьд л амралт болохоос багш, профессоруудын хувьд ид судалгаа, шинжилгээний ажлаа хийж байх үе нь бус уу гээд нүдээ эргэлдүүлэн асуугаад, би наана нь амаа ангайлган хариулт өгөөд таарав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хэрхэн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхуулах тал дээр Наран улсаас сурах зүйлс их байна аа. Хамгийн их таалагдсан зүйл нь хүмүүсийн тэтгэвэрийн сан буюу данс. Ухаан нь Япон хүн бүрт тэтгэвэрийн нэрийн данс байж, ажилласан сар, жилийн тоогоор тэр нь өсөж байдаг. Гол зүйл нь тухайн хүн өөрийн хүсэлтээр уг мөнгөө бусдад шилжүүлэх, бэлэглэх, гэрээслэх, өвлүүлэн үлдээдэг юм байна. Өөрөөр хэлбэл ид насан дээрээ ажиллаж байгаад гэнэтийн байдлаар амь насаа алдвал уг мөнгө нь төрд харъяалагдах бус тухайн хүний аль нэг төрөл төрөгсөд, хамаатан саданд очдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй бараг бүх эцэг эхчүүд нь хүүхдүүдийн нэр дээрээ тэтгэвэрийн дансаа гэрээсэлсэн байдаг юм байна. Монголд ийм схем яагаад байж болдоггүй юм бол? Улсад өчнөөн жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарахаасаа өмнө тухайн хүн ямар нэг байдлаар тэнгэрт хальвал тэрхүү мөнгө нь хаашаа ордог юм бэ? 76 гишүүн тус бүрийн нижгээд тэрбум төгрөгийнх нь төсвийг бүрдүүлж байгаа бол үнэн гомдмоор л юм. Гомдохоосоо илүү дэндүү шударга бус зүйл бус уу? NISVA-гийн тэргүүн болон менежер бүсгүй намайг Swan буюу Хун хэмээх нэртэй кофе болон нарийн боов, бялууны сүлжээ кафетериад оруулж үзүүлсэн юм. Гол зорилго нь энэхүү кафед хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг агаад Японы засгийн газар ийм төрлийн бизнесийг татвараас чөлөөлдөг юм байна. Нэгэнт татваргүй үйл ажиллагаа явуулж буй бизнес тул бүтээгдэхүүн, гарцын өртөг нь тэр хэмжээгээр бага байдаг тул хүмүүс нь их орж үйлчлүүлдэг гэнэм. Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс харьцангүй хямд үнэтэй тул. Энэ мэтээр Монголд интернэт кафе, кофе шоп энэ тэр ажиллуулбал ямар вэ гэж NISVA-гийн тэргүүн сонирхож байна билээ.

Миний баталгаажуулах ёстой гол ажил маань Монголоос төлөөлөгч нарыг Японд авч ирж, туршлага судлуулах асуудал байлаа. Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн гишүүд болон 25-р тусгай сургуулийн багш нарын төлөөллийг зун Японд ирүүлэн Токиод байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн тусгай сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хөдөлмөр сургалтын төвүүдээр зочлуулан туршлага судлуулахаар тохиров. Дараагийн чухал зүйл маань Япон улсын даунын холбоотой, тэр дундаа холбооны тэргүүн профессор Тамайтай уулзах уулзалтыг баталгаажуулсан явдал байв.

Токио явахын урьд өдөр Ричард Гирийн тоглосон Хачи хэмээх нохойны кино үзсэн чинь хэд хоног бодогдоод болдоггүй. Уг киноны гол дүр болох Хачико хэмээх нохой нь бодит түүх дээр үндэслэсэн дүр бөгөөд уг нохой 1923 онд Японд төрөөд хоёр жилийн дараа буюу 1925 онд эзэн нь болох Токиогийн Их Сургуулийн профессор нас барснаас хойш бүтэн 9 жилийн турш эзнээ метроны зогсоол дээр буцаж ирэхийг нь үхэн үхэтлээ хүлээж 11 жил амьдарсан юм гэдэг. Энэхүү нохойнд зориулсан хүрэл хөшөө нь Шибуяад байдаг гэхээр нь тэрийг нь үзэх гэж зорьж зорьж Шибуяа орсон боловч түм түжигнэсэн тэр газраас нь яг хөшөөг нь олж чадаагүй. Харин уг нохойны нэрээр нэрлэсэн метроны гарц байхаас гадна уг гарцны гаднах ханан дээр тэрхүү үнэнч нохойны хэд хэдэн зураг, хананд суулгасан баримал байна билээ. Энэ зорилгоор Шибуяа орж санаагаа амрааснаар миний Токио хотод хийсэн гурван өдрийн аялал өндөрлөж, би бээр сургуулийн зүг хүлгийн жолоо залсан бөлгөө.

Monday, 29 March 2010

Tokyo trip day 2 – Nuclear Energy

Аялалынхаа хоёр дахь өдөр Стэнфордын их сургуульд багшилдаг Ундраа доктортай уулзаж танилцах завшаан тохиов. Энэхүү хүн маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд багшлахаас гадна Монгол улсын гадаад хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөхөөр ажилладаг өнөө цагийн Монгол эмэгтэйчүүдийн түүчээ болсон эрхэм байлаа. Ундраа докторын Токиод ирсэн шалтгаан нь Токиогийн их сургуулийн Инженерийн салбар сургуулийнх нь Цөмийн инженер ба удирдлагын тэнхим (Department of Nuclear Engineering and Management, School of Engineering, The University of Tokyo) дээр “North-East Asia and Mongolian Nuclear Initiative” гэсэн сэдвээр лекц уншсан явдал байсан юм. Би энэхүү сонирхолтой лекцийг сонсоод зогсолгүй Токиогийн их сургууль, Токиогийн технологийн институтийн цөмийн энергийн салбарын хэд хэдэн профессор, эрдэмтэдтэй танилцсан бөлгөө. Цөмийн энерги миний сонирхолыг ингэтлээ татна гэж огт бодсонгүй явлаа.

Стэнфордын их сургуулийн дэргэд Олон улсын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны төв буюу Center for International Security and Cooperation гэж байдаг юм байна. Олон улсын аюулгүй байдал гээд ярихаар цөмийн зэвсэг тэртэй тэргүй шууд болон шууд бус замаар холбогдоод ороод ирэх ажээ. Цөм гээд ярихаар үндсэндээ эрчим хүч ба зэвсэг гээд хоёр том сэдэв руу шууд орж болохоор юм шиг надад санагдсан. Ундраа докторын лекцэнд дурдсанаар бол алив улс хэдий чинээ их эрчим хүч үйлдвэрлэж чадна, төдий чинээ хөгжлийн манлайд хүрнэ гэж томъёолж байв. Түүнчлэн дэлхийн 6 тэрбум хүний 2 тэрбум гаруй нь өнөөг хүртэл цахилгаан хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн сацуу дахиад өдий тооны хүмүүс цахилгаан найдвартай эх үүсвэртэй холбогдож чадаагүй л байгаа аж. Цөмийн эрчим хүчний технологи нь бусад эх үүсвэрийг бодвол маш том боломж, хүчин чадалтай боловч эргээд нөгөө талаасаа сүүлийн үеийн технологи, аюулгүй байдал, боловсон хүчний өндөр стандартыг шаардах нь гарцаагүй юм. Түүнчлэн цөмийн энергийг иргэний зорилгоор ашиглах, эс ашиглах нь стратегийн хувьд асар том асуудлыг улс хооронд үүсгэх юм. Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийгөө 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Мөн цөмийн эрчим хүчний салбарт уран олборлох, цаашилбал анхан болон дунд шатны боловсруулалт хийх, цөмийн реактор барих асуудлууд одоо яригдаж байна. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах нь чухал. Гэхдээ энхийн зорилгоор халхавчлан цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх аюул хаа хаанаа байх. Дэлхийн том гүрнүүд цөмийн зэвсэглэлээр хоорондоо сүрээ бадруулахаас гадна 20 сая хүнтэй Хойд Солонгос л гэхэд бүс нутгийн хэмжээнд ямар их дарамт, стресс үүсгэж буйг та бүхэн мэдэж байгаа. Бие засах өрөөнд хүн ороод өөрөөс нь өөр хүн байхгүй бол тухайн хүн гараа угаалгүй гардаг. Харин хүн байвал дуртай дургүй гараа угаадаг гэсэн судалгааг Ундраа доктор жишээгээр авч дээрх асуудалтай холбоно билээ. Санхүүгийн салбарт Herder’s instinct гэсэн нэр томъёо байдагтай адилхан юм уу даа. Монгол улс хэдий цөмийн зэвсэгээс ангид бүс гэж олон улсад зарласан ч Орос, Казакстан, Хятадад хийгддэг цөмийн зэвсгийн туршилтуудын нөлөө Монгол Улсын хилийг нэвтрэн орж ирдэг тухай, цацраг идэвхит бодис мэдрэгддэг тухай хэлж байсан нь нэг байтугайг бодогдуулж байв.

Үй олноор хөнөөх зэвсэг буюу цөмийн зэвсэглэлээр Монгол улс хөөцөлдөхгүй нь тодорхой боловч ураны нөөцөө бизнесийн зорилгоор хэрхэн ашиглаж ёстой эсэх дээр нөхдүүд дээр дооргүй толгойгоо уралдуулж буй бололтой. Үүний нэг жишээ нь өнгөрсөн зун батлагдсан Цөмийн энергийн тухай хууль гэж хэлж болох. Дэлхий дээр уран баяжуулах салбарт Орос улс хаанчилдаг агаад нийт зах зээлийн 46 хувийг дангаараа эзэлдэг аж. Үүний дараа Франц улс буюу Арева нийт зах зээлийн 20 орчим хувийг дангаараа эзэмшиж байна. Үүний дараа Европ (Герман, Голланд, Англи улсууд) ба хойд Америк ордгоос гадна стратегийн үүднээс европ ба америкийг нэг бүлэгт оруулж үздэг ажгуу. Өөрөөр хэлбэл уран, цөмийн эрчим хүч гээд ярихаар Орос эсвэл Баруун гэсэн хоёр сонголт нь үндсэндээ Монголд байгаад байх шиг. Дэлхийн ураны зах зээл дээр тэргүүлэгч Франц улсын Арева компани Монголд сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд тун чиг тэвчээртэй байж буй юм билээ. Энэ оны эхэнд Аревад Япон Улсын Мицүбиши компани санхүүжилт хийн Франц ба Япон улсын хамтарсан групп Монгол улсын уранийн нөөцийг ашиглахаар зэхэж байна. Эдгээр тоглогч нараас гадна бусад улсуудын стратегийн сонирхол Монгол улсад байгаагаас гадна сүүлд сонсогдсон сонирхолтой мэдээлэл бол Билл Гэйтс Японы Тошиба корпорацид санхүүжилт хийн дахиж цэнэглэхгүйгээр дор хаяж 100 орчим жил ажиллах цөмийн реактор барих төсөл эхлүүлж буй тухай юм.

Энэхүү асуудлууд нь Монгол улсын хувьд бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргах, мэдээлэл солилцохыг хүссэн хүсээгүй шаардах бөгөөд үүний нэг илрэл нь Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа гэж хэлж болох. Энэхүү бүс нутагт Оросын алс дорнод, Монгол, Тайванийг оролцуулаад Хятад улс, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсууд багтдаг. Бараг Монголоос бусад улсууд цөмийн энергийн хэрэглэгч нар бөгөөд өдөр тутам нэмэгдэж буй хэрэглээгээ хангахаар үстэй толгойгоо маажилцаж байгаа бололтой. Харин Монгол улс тэрхүү хэрэглээг нь хангах түүхий эдийн нөөц буюу уранийн ордуудаараа энэхүү бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болж эхлээд байгаа гэж хэлж болмой. Тэр дундаа Монгол улс нь зөвхөн уран буюу цөмийн түүхий эд экспортлох биш боловсруулсан бүтээгдэхүүн гаргах (дор хаяж шар нунтаг гаргах) стратегийн зорилго тавиад буй. Одоо батлагдсан уранийн нөөцөөрөө Монгол улс дэлхийд 14-т орж буй юм билээ. Батлагдаагүй нөөцийн хэмжээг оруулбал дэлхий дээрх цөмийн түүхий эдийн тэргүүлэгч орон болох боломжтой. Монгол улс өнгөрсөн жилээс эхлэн гол гол улсуудтай хамтран ажиллах баримт бичгүүдийг баталгаажуулаад байгаагийн дотор Япон, Орос, Энэтхэг, Франц улсууд багтаж байгаа. Гэвч цөмийн энергийн салбарт боловсон хүчний асуудал маш хүндээр тусч байна. Ойролцоогоор 100-120 Монгол мэргэжилтэн байгаагаас 50 орчим хувь нь мэргэжлийн зэрэг цолтой бололтой. Ярианыхаа төгсгөлд Ундраа доктор Япон профессоруудад хандан энэ чиглэлээр боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтээ хэлэхэд өөр өөр сургуулиудын профессорууд хоорондоо Японоор ярилцан их л нухацтай бодож буй харагдаж байсан. Үүнийг тал талаас нь дэмжээд Япон багш, мэргэжилтэн нарыг Монголд аваачих, Монгол залуусыг Японд энэ чиглэлээр системтэй сургах асуудал маш чухал гэдэг нь ойлгомжтой. Уулзалтын төгсгөлд Япончууд удахгүй Монгол улс сумогоор биш цөмийн энергиэр Япон улсыг байлдан дагуулах юм байна гэж байхуй. Өөрсдийнх нь хэлснээр бол nuclear sumo шүү.