Tuesday, 15 July 2008

Bull shit

Бухын баас

Наадмын яг өмнөх өдөр оффисынхоо өрөөний хаалганы гадна, дотно талд энэхүү sign буюу зургийг наалаа. Миний өрөөнд худлаа ярих, хов жив тараах, хоёр нүүр гаргах гэх мэт ёс суртахуунгүй, бизнесийн болон хувийн этикгүй зан, авир, хандлага гаргахыг хатуу хориглоно гэсэн ухаантай. Миний өрөөнөөс гарвал энэ бүхнийг хийж болно гэсэн үг бас биш шүү гэж. Хүний үгийг мушгих “дуртай” нөхдүүд байдаг тул нэмж энэхүү тайлбарыг хэлж байна. Энэхүү тэмдэг маань надад ч бас хамаатай. Өнөөдөр хийнэ гэсэн ажлаа маргааш хийх, бүр долоо хоногоор хойшлуулах, уулзана гэж байсан хүмүүстэйгээ уулзаж амжихгүй явах зэргээр би ч бас өөрөө өөртөө худлаа ярьж, өөрийгөө хуурч яваад байгаа юм золиг чинь. Энэхүү зангуудаа өөрөөсөө эхлээд өрөөл хүртэл засъюу л гэсэн юм. Мэдээж хаалган дээрээ ганц зураг хадангуут л бүх юм засрана гэж юу байх вэ. Гэхдээ энэ бол эхлэл, энэ бол болохгүй байгаа юмаа болгох гэж байгаа хариу үйлдэл. Болдогсон бол энэ зургийг бүх төрийн байгууллагын дарга нарын үүдэн дээр нь нүүр рүү нь харуулаад хадчих юмсан. Мөн ширэн нүүрлээд худлаа яриад яваад байдаг гаруудын зүрхэн дээр нь сийлчих юмсан гэсэн аймшигтэй эктрем бодол хааяа нэг зурсхийх.

Ер нь бол байна шүү дээ, би бодоод байдаг юм. Ямар ч хүн өөрөө өөртөө худлаа ярихаа болисон цагтаа л хүмүүсийг битгий худлаа яриад байгаач гэж шаардах эрхтэй гэж. Түүнтэй адилхан гэр орон, албан тасалгаандаа цэвэрхэн тохилог суудаг болсоныхоо дараа л гудамж, орцныхоо ариун цэвэрт анхаарлаа хандуулж эхэлдэг болов уу даа ихэнх хүмүүсийн хувьд. Гэр орондоо, оффис дээрээ хог, нус, цэр, өмхий самхайгаар дүүрсэн гудамжтай адилхан заваан, балиар амьдардаг, суудаг хүмүүс л гудамжинд эрээ цээргүй нус, цэр гэх мэт байж болох хүний нүх сүвнээс гаргадаг бүх юмаа “цуглуулж цуглуулж” гаргаж хаядаг байх. Гэр орон нь сайхан бол тэр хүн чинь ойр орчмын гудамжиндаа эрхбиш анхаарал тавих байлгүй дээ. Өөрөөр хэлбэл нүүр энэ тэр дээр нь юм гарахаар хүмүүс тос, түрхэлгэ түрхээд гадна талаас нь “нялаад” байдаг бол эмч нар дотор эрхтэнээ эхэлж үзүүлж эмчил гэж зөвлөдөгтэй адилхан аливаа асуудал, болохгүй байгаа юмыг бид өөрсдөөсөө буюу дотроосоо эхэлж хайж байвал хувийн ч бай, хувьсгалын ч бай аливаа ажлын хувьд эерэг үр дүн гарахад арай дөхөмтэй юм уу даа. Нас намба суугаад өр зөөлөн болоод бусдын гэмийг уучлаад ч байгаа юм биш шүү ард түмээн. Өөрийнхөө толгой дээрх томоос том өмхий үнэртэй “бухын баас”-ыг харахгүй, тэрийгээ цэвэрлэж чадахгүй байж өрөөлийн толгой дээрх “бичигхээн хөөтэй халтар хотын болжмор”-ыг хараад элдэв зан гаргаад байдаг хүмүүс юу эс мундах аж.

No more bull shit human units!

Monday, 7 July 2008

Some of my favorite quotations

Зарим нэгэн миний дуртай ишлэлүүд

I could not find and it would take lots of my time to find the names who said the following famous and fantastic words and statements. It would be my fault indeed, if the authors had complained to me for not asking their permission to use. Anyway, I really could not resist sharing these beautiful quotations with you guys. I do apologize if you think that my Mongolian translation is not professional enough for these contexts.

Эдгээр үг, өгүүлбэр болгоныг хэлсэн хүмүүсийг нь хайгаад олсонгүй, хайхад их цаг авах гээд байгаа тул нэр хаяггүй бичлээ. Хэлсэн хүмүүс нь миний хэлсэн, бичсэн үгийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэвэл өнгөрөө л гэсэн үг. Гэхдээ эдгээр үгсийг та нартайгаа хуваалцахгүй байж чадсангүй. Монголоор халтар хултар орчуулмар аядлаа. Утга төгөлдөр, уянга яруу орчуулж чадаагүй бол гүнээ хүлцэл өчиж байна.

Do not steal! The government hates competition.

Битгий хулгай хий! Засгийн газар өрсөлдөөнийг үзэн яддаг юм шүү дээ.

Being a full-time mother is one of the highest salaried jobs... since the payment is pure love.

Цэвэр хайраар тэтгүүлж байх үед бүтэн цагаар ээж байж, хүүхэд асрана гэдэг нь энэ ертөнцийн хамгийн өндөр цалинтай ажлуудын л нэг гэсэн үгJ

First you forget names; then you forget faces; then you forget to zip up your fly; and then you forget to unzip your fly.

Эхлээд өөрөө хүмүүсийн нэрийг мартаж эхлэнэ; дараа нь царай зүсийг нь мартаж эхэлнэ; дараа өмднийхөө цахилгааныг татахаа мартаж эхэлнэ; дараа нь өмднийхөө цахилгааныг нээхээ мартаж эхэлнэ.

Time is like a river. You can't touch the same water twice, because the flow that has passed will never pass again. Enjoy every moment of your life.

Цаг хугацаа бол урсаж буй голтой адил юм. Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй бөгөөд учир нь яг чамайг орж байх үед урсаж байсан голын урсгал хэзээ нь дахин чиний хажуугаар урсахгүй. Иймээс амьдралынхаа цаг мөч болгоныг хэзээ ч харамсахгүйгээр өнгөрөөгтүн.

The importance of a good friend in our lives is like the importance of our Heartbeats! Though they are not visible, they silently support our Life.

Сайн найз нөхөд гэдэг бол бидний зүрхний цохилттой адилхан чухал зүйл юм. Тэд цаг үргэлж бидэнд ил харагдаж явдаггүй ч бидний амьдралыг чимээгүйхэн тэтгэн дэмжиж байдаг.

Every Morning you have two Choices... Continue your Sleep with Dreaming... OR Wake up and chase your Dreams... Choice is yours. Good morning and have nice day.

Өглөө болгон чамд хоёр сонголт байдаг. Сайхан зүүдээ үргэлжлүүлэн нойрсох эсвэл босоод тэрхүү зүүдээ биелүүлэхийн төлөө зүтгэх. Сонголт чинийх. Өглөөний мэнд хүргэе. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.

If someone pointed out your mistake, be happy that at least someone is interested in what you have done!

Хэрэв хэн нэгэн чиний алдаа дутагдал болон сул талыг чинь хэлбэл түүнд баярла. Хэн нэгэн чамайг болон чиний хэлсэн, хийсэн юмыг чинь ихэд сонирхсон байна.

If you can't be a pencil to write anyone's happiness, then try at least to be a nice rubber to erase everyone's sorrows!

Хэрэв чи хэн нэгний аз жаргалыг зурж чадах үзэг байж чадахгүй юм бол ядаж хэн нэгний уйтгар гунигийг арилгагч баллуур байхыг хичээгтүн.

There are only two people, who can tell you the truth about you... A friend who has lost his temper & an enemy who starts loving you.

Чиний тухай чин үнэнийг хэлэх хоёрхон нь хүн бий. Нэг нь биеэ барьж чадахгүй болтлоо уурласан чиний дотны найз, нөгөө нь чамд хайр зарлаж эхэлсэн чиний дайсан.

We tend to forget that happiness doesn't come as a result of getting something we don't have, but rather of recognizing and appreciating what we do have.

Бид аз жаргал гээч зүйлийг бидэнд байдаг зүйлсээ мэдрэх, хүлээн зөвшөөрөх мэдрэмж гэдгийг мартаад харин ч эсрэгээрээ байхгүй юмаа өөрсөддөө байлгах, олж авсны үр дүн гэж бодох буруу хандлагатай болох гээд байна.

Nobody will ever remember how you look, how you speak, what you did or anything else. But the only thing they would remember is how you made them Feel.

Хэн ч чиний зүс царай, яриа, юу хийснийг чинь болон бусад юмыг чинь санахгүй. Гэхдээ тэд чиний тэдэнд мэдрүүлсэн мэдрэмж, хандлагыг л санах болно.

Love and Death are two uninvited guests. Nobody knows when they come, but both do the same work, one takes the Heart and the other takes its Beats.

Хайр болон үхэл хоёр нь бидний хувьд эсрэг тэсрэг зочид юм. Тэдний хэзээ ирэхийг нь хэн ч мэдэж чаддаггүй бөгөөд ирсэн бол хоёулаа л ерөнхийдөө адилхан ажил хийдэг. Нэг нь бидний зүрхийг авдаг бол нөгөө нь бидний зүрхний цохилтийг авдаг.

Living in the favorable and unfavorable situation is called Part of living. But, smiling in all those situations is called Art of living.

Амьдралын тааламжтай болон тааламжгүй нөхцөлд амьдрах нь бидний амьдарлын нэгэн хэсэг яалт ч үгүй мөн бөлгөө. Гэвч энэ бүх нөхцөл байдлыг инээмсэглэн өнгөрөөж амьдрахыг амьдрахуйн урлаг хэмээмой.

Love the people who love you because they like something in you, develop it. Love the people who hate you because they hate something in you, change it.

Чамд сайн хүмүүсийг чи хайрлах ёстой. Учир нь тэд чиний ямар нэгэн юманд чинь дуртай тул тэр чанараа улам хөгжүүл. Чиний ямар нэгэн зүйлд чинь дургүй болоод чамайг үзэн яддаг хүмүүсийг ч мөн хайрла. Үүний тулд өөрийгөө өөрчил.

Why we have so many temples if God is everywhere? Air is every where but we need a fan to feel it. Think it.

Хэрэв бурхан энд тэндгүй байдаг л юм бол бид яах гэж, яагаад эргэн тойрондоо ийм их сүм, хийд барьсан юм бэ? Харин агаар хаа сайгүй байдаг боловч чухам түүнийг л мэдрэхийн тулд бид сэнс хэрэглэдэг. Бодмоор л юм.

Tuesday, 1 July 2008

Parliament election result

Парламентийн сонгуулийн үр дүн

Сонгууль дуусаад хоёр хонож байгаа ч гэсэн хэрүүл маргаан, тэмцэл хөдөлгөөн гудамжинд тасрахгүй л байна. Урьдчилсан дүнгээр бол МАХН бараг үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Ардчилсан нам цөөнх болсоноос гадна ИЗН, бие даагч, Ногоон нам гэсэн субъектуудаас тус бүр нижгээд хүмүүс гарсан юм уу даа албан бус мэдээллүүдийг харж байхад. БНН-ийн Жагаа, ИЗН-ийн төлөөллүүд, баахан болсон болоогүй бие даан нэр дэвшигч нар, Магнай, Батзандан гээд бужигнуулаад байсан нөхдүүдээс сураг үл дуулдана. Уул нь олон мандаттай тойрогт аль нэг нам, эвсэл бусдаасаа гоц ялгаатай илүү, дутуу санал авахгүй, санал тарамдаад, эвсэл байтугай эрээвэр хураавар засгийн газар бүрдээд ядаргаа болох байх гэж байсан чинь сонгуулийн урьдчилсан дүн яг эсрэгээрээ гардаг байна шүү. Үүний цаана ид шид байсан уу, их мөнгө байсан уу?

Албаар тог тасалсан, хэвлэл мэдээллийн сувгуудыг хаасан гээд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс ярьж бичигдэж байна. Хэрэв тийм бол ёстой гунигтай байна. Баримт байхгүй, хажууд нь байгаагүй болохоор улаан цагаан дүгнэлт хийж болохгүй байна л даа. Гэхдээ миний үеийн залуус бухимдаад, зарим нэг нь чин үнэнээсээ уурлаад мессенжерээр энэ тухай ярьж бухимдалаа тайлан, өнөө оройны цуглаанд дуудаж, энд тэндгүй Хонхны дуу эгшиглэж байхыг бодвол нэг л юм болж дээ гэсэн хар өөрийн эрхгүй төрөхөөс яанам билээ. Аль нам нь ялгаагүй цаагуураа ямар их хор найруулж, ямар их стресстсэн бол доо. Одоо ялсан нь ялсан гээд, ялагдсан нь ялагдлаа гээд энд тэндгүй салам архидаж байгаа байх гэж тааж байна. Энэ үеэр бараг хэд хоног архи зарахыг нь хоригловол таарна. Эс бөгөөд бие биенээ алах вий дээ энэ хэдэн нөхдүүд.

Лав намайг өглөө саналаа өгч байхад бараг нам болгоноос л хянагч нар камер, аппарат барьчихсан цэмцийтэл хөдөлгөөнгүй суугаад бүх явцыг хянаад, бие биендээ давхар хяналт тавьж байсан даа. Тэр гарууд одоо ажлаа хийгээгүй юм уу хаашаа юм. Чухам тэд нар чинь л энэхүү маргааныг гаргахгүй байх үүрэгтэй, нам болгоноос томилогдсон албан ёсны төлөөлөгч нар биз дээ? Сонгуулийн хэсэг болгон дээр дор хаяж иймэрхүү арваад хоолны савнууд сууж байж хяналтаа тавьж чадахгүй байгаад нь үнэхээр гайхаад барахгүй юм. Эсвэл хоорондоо тохироод, дараа нь аль нэг муриад, эсвэл аль нэг нь найдваргүй болонгууд нэг хэсэг нь биеэ үнэлээд юу юу болж болох магадлалтайг эс хэлэх үү.

Нэг бодлын амар ч юм шиг. Аль нэг тал нь үнэмлэхүй олонхи болоод үтэр түргэн шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд, хариуцлагаа үүрээд явж байвал болох гээд байгаа юм. Гэхдээ энэ нь шударга бөгөөд хариуцлагатай сонголт байвал шүү дээ. Баяр дарга сайн “менежер” юм аа. Удаа дараа сонгуулийн ажлуудыг амжилтанд хүргэж байна. Гэхдээ ингэж их хэл ам дагуулаад байгаа нь тун чиг тоогүй. Хэл ам, хэрүүл тэмцлийг нь шүүн ялгадаг, хариуцлага тооцдог, мэдээлдэг бүх сувгууд нь эрх баригч нарын гарт байгаа болохоор нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг энэ хэл ам ингэсгээд л дарагдах болов уу даа бараг. Ер нь бол бидэнтэй хөгжил сацуу яваа улсуудын сонгуулийн дараах үр дүн, ярьж маргаж байгаа сэдвүүд нь их нийтлэг юм. Ганцхан Монголчууд л сонгуулиа хийж чадахгүй хөгөө чирч байна гэж хэлэх ямар ч үндэслэл алга. Тэр эсэргүүцээд эцсийг нь үзэх гээд байгаа хүмүүс нь хоорондоо эвлэлдэн нэгдээд ном дүрмийн дагуу хүсэлт, шаардлагаа тавих ёстой болохоос биш бусдыг хүчээр нэгдүүлэх, зам талбай хааж, мөрөөрөө ажлаа хийгээд гэлдэрч байгаа хүмүүсийн цаг зав, халтуураа хийгээд явж байгаа жолооч нарын бензинийг үрэх хэрэггүй болов уу. Ямар ч хүн хүсэл зорилго, дур тачаал, уур ундууцалаа хаа ч хамаагүй, яаж л бол илэрхийлэх эрхтэй болов чиг хажууд байгаа хүмүүсийнхээ адилхан мэдэрч байгаа мэдрэмжинд халдаж болохгүй гэдэг үнэт зарчимаа барих ёстой. Зарим нэр дэвшигч нар маань өөрсдөө л сонгогдоогүй учир энэ сонгууль шударга бус боллоо маягийн юм ярих гээд байх шиг. Хөөрхөн ш д. Нөгөө талд нь МАХН-д саналаа өгсөн нөхдүүд гэмт хэрэг хийчихсэн юм шиг байх ёстой ч юм шиг. Байдаг юмаа бариад, барьцаалаад сонгуульд үзээд гарч чадаагүй нөхдүүд аймшигтай шатсан хиншүүг нь би бараг үнэртээд л байна. Одоо ялагдсан хүмүүс нь хоорондоо нэгдээд түр хороо байгуулна энэ тэр гээд байна. Олон мандаттай тойрогт өрсөлдөж байж анхнаасаа нэгдээд орохгүй юугаа хийсэн хогнууд аж! Муугаа мэдэхгүй баахан амбицлаад тусдаа нам, эвсэл байгуулаад байсан мөртлөө одоо болохоор ардчилалын төлөө нэгдэгтүн гээд л өөрсдөө гудамжаар дүүрэн гуйгаад гүйгээд байна. Үүний логикийг нь би ухаад сайн ойлгохгүй юм. Иодтой давс ахиу хүнсэндээ хэрэглэж эхлэхээс.

Одоо төрийн бодлогод Орос ах нарын эрх ашиг мэдэгдэхүйц орж ирэх магадлалтайгаас гадна уул уурхайн бизнест монополь байдалтай байгаад байгаа барууны зарим нэг компаниудын хулхи нь бага зэрэг буух болов уу. Арилжааны 16 банкны 4 нь Орос эзэн, захиралтай байгаа бөгөөд энэ дөрвөн банкны нийт актив, үйл ажиллагааны цар хүрээг нийлүүлээд үзвэл Монголын санхүүгийн зах зээлийг хөөрхөн хөдөлгөх чадвартай л байгаа. Зарим хүмүүс ярихнээ Хятадууд байснаас Оросууд байсан нь дээр шүү дээ гэх. За даа, миний хувьд ч үгүй гэх том шалтгаан алга. Ямар ч байсан хүн болгоны 1.500.000 төгрөгийг тараах гээд банкуудын теллер нар л нэг хэсэг аймшигтай ачаалалтай ажиллах болох нь дээ:)

Одоо ёстой хэсэг хүмүүсийн тар танигдах биз. МАХН муухай, тэнэг гээд цор цор хийдэг хэдэн нөхдүүдэд дарга, сайдын суудал өгөөд аманд сүүл үмхүүлсэн нярай шиг дуугай болгох байх. Иймэрхүү сүүл үмхэх гэсэн гарууд хоорондоо бас авалцаад, багахан хэмжээний “орон нутгийн” сонгууль болох биз. Нижгээд хүмүүс МАХН-д элсэхийг үгүйсгэхгүй. Хэдэн төгөлдөршилүүдийн үр дүнг л бүгдээрээ дөрвөн жилийн дараа л харж дүгнэх л үлдлээ дээ. Бие бие рүүгээ мэс далайлгүй байж, хааяа ч гэсэн хүний үнэр, нинжин сэтгэл гаргаж улсаа удирдан, бага л идэж уугаасай билээ төрийн түшээд минь. Иймэрхүү сэдвээр бичихэд үнэхээр миний “кругозор” хүрэхгүй юм байна. Хэн ч билээ нэг хүн хэлсэн юм гэсэн. Хүнтэй эвтэй байя гэвэл секс, шашин, улс төрийн талаар хэзээ ч битгий ярьж бай гэж. Хүмүүстэй муудалцахаасаа өмнө ингэсгээд дуусгая даа:)

Sunday, 22 June 2008

Art of communication

“Дольдогнох урлаг”

Өнөөгийн нийгмийн сөрөг тал, сонгуулийн хэнээрхэлд стрессдэж, нервтсэн ууртай орчуулагч лав ингэж орчуулахад би лав гайхахгүй дэг. Манай нийгмийн дийлэнх хэсэг нь бусад хүмүүс өөрийнх нь үгэнд үг дуугүй ордог, хэлсэн болгоныг нь зөвшөөрдөг тийм хүмүүсийг сайн хүмүүс, сайхан хүмүүс гэж дүгнээд байх шиг. Нөгөө талаасаа зарим нөхдүүд “сайн хүн”, ”сайхан хүмүүс” болохын тулд хууль бус, зарчмын бус, хүнлэг бус, ёс суртахуунгүй зүйлсийг шууд болон шууд бусаар нь хийж байгаа нь манай нийгэмд түгээмэл үзэгдэл болоод байгаа юм уу даа л гэж харагдаад, мэдрэгдээд байгаа юм даа. Одоо жишээ нь энэ сонгуульд нэр дэвшээд яваа барилгачин, барималчин, балинчин, бөхчин гаруудын хэлж ярьж буй юмнуудыг нь сонсох гэхээр элгээ гамнаад байх юм. Хэдийгээр хэнбугай ч сонгуульд нэр дэвшин, сонгох ба сонгогдох эрхтэй болов ч бие биенийгээ ингэж гүжирдэн гүтгэж, үгээр байлдаан хийж, тэрэндээ хэдэн тэрбум төгрөг зарцуулах хэрэг юу байсан гэж? Гэнэтхэн эх орны хүү, охин болж, гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайртай болохын оронд одоо хийж байгаа ажлаараа их хуралд нэр дэвшсэнээс илүүтэйгээр энэ нийгэмд тус болохоо мэдрэхийг хүсэхгүй юм зарим хүмүүс маань. Тэгээд тэрийгээ тайлбарлахдаа бараг хүн болгонд шахуу улаан цагаан доль цохихыг нь харахаар бурхан гомдмоор юм. Чингэс хаан тэднийг дээрээс хараад “Oh, shit” гээд л сууж байгаа байх даа зайлуул.

Хувийн амьдрал ч бай, хувьсгалын ажилд ч буй ялгаагүй ёсзүйн зарчим ч байдаг юм уу (code of ethics), харилцааны соёл, бие биенийгээ хүндлэх, тус болохгүй юм аа гэхэд гай болохгүй явахыг бие биедээ зааварласан, чиглүүлсэн систем байдаг шүү дээ. Нэг нөхрийн далбаан дор дэрвэн явж байж насаа элээх гэж байгаа хүмүүс шиг овилгогүй аашлан өчигдөр за гэсэн зүйлсээ өнөөдөр үгүй гэж хэлэн “нохойтох” овоо муу гаруудыг хааяа ч болтугай өөрсдийгөө дотроосоо биш гаднаасаа “толинд харж” үзээсэй билээ гэж боддог юм. Иймэрхүү гаруудыг хамгийн арчаагүй, дэндүү хямдхан биеэ үнэлэгчээс долоон дор хүнтэй зүйрлэхэд ч дэндүү гоёдмоор.

Гэхдээ нөгөө талаас хүмүүс яагаад ийм болоод байна гэдгийг харж үзвэл бас өөр дүр зураг гарах байх. Би бодоод байдаг юм. Иймэрхүү арчаагүй нөхдүүд ямар нэгэн зүйлээрээ тэр бөгсийг нь долоогоод байдаг хүмүүстээ барьцаалагдчихсан байдаг байх гэж. Эсвэл тэр хүнээс, тэр группээс холдох л юм бол өөрөө бие даан амьдрах ямар ч чадваргүй, өөртөө итгэлгүй, хамгаалалтгүй болчих учраас л үхэн хатан байгаа байран дээрээ хонгоо хорстол эргэлддэг буй заа гэж таамаглал дэвшүүлж байна. Ингэж явах бас авъяас байх шүү. Тэдгээр хүмүүсийг бас ингэж явуулж, удирдаж, хурууны үзүүрээрээ хөдөлгөж чадаж байгаа нь бүр агуу авъяас шүү! Гэхдээ цаана нь хэдэн халтар бохир мөнгө байхгүй тохиолдолд шүү дээ. Хир баргийн хүмүүс ийм зан гаргаж удаан явахгүй байх гэж бодож байна, ялангуяа бидний үеийн залуусын хувьд.

Тэрнээс биш жинхэнэ “Art of communication”-тай хүн гэвэл хамгийн гол нь жаахан ч гэсэн хүний үнэртэй, улаан цагаан хоёр нүүргүй, цуг явж байгаад нэгнээ араас нь түлхдэггүй, жаахан овилгогүй зан гаргах гээд байгаа нэгнээ эвтэйхэн зөв зам руу оруулаад ичээчихдэг, хэлэх гэсэн, хийх гэсэн юм аа түс тас хэлээд хийчихдэг, нэг тийм ноён нуруутай хүмүүс байдаг даа харахад нэг Озеки Кайо шиг:)

Бидний харьцдаг хүн болгон өөр өөрийн гэсэн ялгаатай түлхүүртэй болов ч тэр түлхүүр болгонд нь нэг бодгал тааруулж харьцана гэвэл түлхүүр тааруулан байр ухдаг хулгайч шиг болох бус уу. Харин хүн болгоны түлхүүр нь аливаа байгууллага, хувь хүний эрхэм зорилго, хүн чанар, мөс жудаг, хүндлэл, шударга бөгөөд зарчимч, ил тод байдал гэдэг том өргөн хаалганд заавал таардаг байх ёстой. Тийм нэгэн “зарчмын” түлхүүрээр бид энэ нийгмийнхээ хаалгыг хааяа ч гэсэн цоожилж байхгүй бол дурын баагий нар орж ирдэг хогийн сав боллоо шүү дээ! Тийм түлхүүр байхгүй, тийм түлхүүр бүхий цоожоор өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байгаа нохдуудыг хашааны гадна байлгавал зохистой.

Энэ бичлэгээрээ би үеийнхээ залуучууддаа юу гэж уриалах гээд байна вэ гэвэл “Guys, do not be an ass kisser! Just be the man!”

Monday, 16 June 2008

Bayan-Ulgii, Western Mongolia

Баруун Монголын хязгаар Баян-Өлгий аймаг

6 сарын дундуур Аэро Монгол компанийн Фокер-50 онгоцыг хөлөглөн анх удаагаа Баян-Өлгий аймгийг зорин явлаа. Изинис компанид ажилладаг найз маань манай онгоцоор ниссэнгүй гэж утсаар гомдол тавьсаныг эс тооцвол Аэро Монгол компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Орон нутгийн нислэгээр мөн анх удаагаа нисэж байсан тул юм бүхэн надад шинэхэн бөгөөд сонирхолтой байв. Эелдэг, шуурхай онгоцны үйлчлэгч залуус, ил сэнс бүхий жижигхэн онгоц, Баян-Өлгий дэх шороон зам бүхий онгоцны буудал, мөнх цасан орой бүхий сүрлэг өндөр уулс, цавчим хурц хад асга бүхий нурууд, дээгүүр эргэлдэн нисэх элээ шувууд, шавар байшин, чулуун хашаанууд, хамгийн гол нь Монгол улсын маань нэгэн ам бүл болох Казах зон олон, тэдний амьдрал ахуй, ёс заншил, уламжлал нь онцгой анхаарлыг минь татаж байв.

Бороо хур багатайгаас болоод зуншлага хаа сайгүй тааруу байгаа нь хамгаас харамсалтай байлаа. Жаахан салхи гарангуут л нүүр нүдгүй шороо шуурах нь үнэхээр хэцүү. Ялангуяа Өлгий хавиар хад асга бүхий өндөр уулс, шороо, элсэн давхарга бүхий газар нутагтай бөгөөд энэ газраас хонь, ямаа нь яаж өвс, тэжээлээ олж идэн голоо зогоодог юм бол гэж гайхмаар бас өрөвдмөөр. Гэсэн ч санасныг бодвол Өлгий хот маань харьцангүй том суурин газар байсан бөгөөд гадаадын нэг хотод ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шашны хүмүүс, бүсгүйчүүдийнх нь өмссөн хувцас, алчуур, хэл яриа, үндэсний хоол зоог нь үнэхээр сонирхолтой бөгөөд дэгжин аж. Зарим хүмүүс Монголоор сайн ойлгодоггүй, Монгол хэлээр ярьж чадахгүй байснаас хэл нэвтрэлцэхэд үл ялиг бэрхшээл гарч байв. Харин Казах охидууд Халх охид бүсгүйчүүдийг бодвол нүд, хөмсөг сайтай юм байна гэсэн хувийн дүгнэлт хийгээд ирсэн гэж байгаа. Баян-Өлгийд очиж байсан “билгийн” нүдтэй нөхдүүд надтай санал нийлэх байх аа гэж бодож байна. Автомашин, өөрөө явагч хэрэгслийн тоогоороо Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа ордог гэдгийг өөрөө очиж үзээд л итгэлээ. Үнэхээр машин ихтэй газар байх боловч энэ аймагт амьдардаг 30,000 хүн маань зам харгүйн асуудлаа тийм ч сайн шийдээгүй нь мэдрэгдсэн.

Түрэг, Орос нөхдүүд цөөнгүй явж байснаас гадна суурин бизнэс эрхэлдэг бөгөөд гадны жуулчид их ирж Алтай Таван Богд, Цамбагарав Хайрханыг зорин явдаг юм байна. Энэ аймгийн давуу тал нь шууд Орос, Хятадтай хиллэх бөгөөд худалдаа арилжаа хийж чанартай, боломжийн үнэ бүхий бараа товаарыг Улаанбаатараас зөөлгүй авах боломжтой.

Махыг аймшигтай ихээр хэрэглэдэг ард түмэн байх аж. Нэг ам бүл өвөл идшиндээ дунджаар нэг адуу, нэг үхэр, арван хонь төхөөрдөг гэх. Үндэсний хоол болох чанасан мах, ногоо, гурил нь салахын аргагүй амттай. Хамгийн хүндтэй хүмүүстээ чанасан толгой бүхий тэргүүтэй цартай махыг өргөн барьдаг бөгөөд дундаа хоолоо тавин гараа угааж байгаад олуулаа хуваан иддэг нь энэ ард түмэн “багийн” тоглолт сайтайг илтгэж байгаа мэт бөгөөд ширээ тойрон сууж байгаа хүмүүсийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм билээ. Хоолныхоо өмнө мөн хамгийн настай, эсвэл хамгийн хүндтэй хүн нь ерөөл айлтгаж, Аллах тэнгэртээ залбирдаг бөгөөд би насны шалгуураар нь биш шүү гэхдээ нэрийн хуудсан дээрх “албан тушаал”-ын шалгуураар ерөөл хэлэх болж Аллах бурханд хамт олноо төлөөлөн нийт хамт олныхоо эрүүл мэнд, ажлын өндөр амжилтыг хүсэн хандсан билээ. Өдөрт таван удаа мөргөлийн цаг байдаг бөгөөд тухайн цагуудад аймгийн төв даяар цагаан хоолойгоор мөргөлийн дуу явж, хүмүүсийг мөргөлөө үйлдэхийг сануулдаг юм билээ. Сүмд нь очиж үзнэ гэж төлөвлөж байсан боловч цаг гаргаж амжаагүйдээ жаахан харамсаж сууна. Казах хүн казах хүнтэйгээ суухыг эрхэм болгодог ч сүүлийн үед залуус нь чөлөөт сонголт хийж байгаа гэж ярьж байна лээ. Хайр сэтгэл гэдэг хаашаа ч хамаагүй визгүй зорчдог зүйлийг ямар ч шашин барьж дийлэхгүй биз дээ.

Казах ард түмнийг хөдөлмөрч ард түмэн гэж ярьдаг нь хоосон яриа огт биш байсан бөлгөө. Бидний буудалласан казах эсгий гэр бүхий хотхоныг ямар сайхан тохижуулсан байсан гэж санана. Дээр хэлсэнчлэн хад асга, элс, шороо бүхий гудамжин дунд баянбүрд мэт нов ногоон орчныг бүрдүүлж, төрөл бүрийн үзэсгэлэнт мод тарьсан байхаас гадна зүсэн зүйлийн шувууд жиргэлдсэн диваажин мэт орчныг бүрдүүлсэн байлаа. Энэ хотхон руу ороход такс нь нэг зуун төгрөг гэх бөгөөд залуус оройдоо ирж төгөлд суун юм ярилцан хөгжилдөж чөлөөт цагаа өнгөрөөдөг юм билээ. Энэхүү хотхоны эзэн нь хийж буй ажил болох байгаль орчиноосоо үнэн кайф авдаг этгээд бөгөөд ёстой насны жаргалаа эдэлж буй атаархмаар хүн байх.

Казах эсгий гэрт хоног төөрүүлж, домборын гайхамшигтай аялгууг сонсон, тэнгэрийн хүчит араатан болох бүргэдийг гар дээрээ суулган дэвүүлж, үндэснийх нь чамин эдлэлээр гоён гангарч, “Найрамдал” уулан дээрээс нь Өлгий хотыг тольдон, спорт урлагийн төрлөөр хоорондоо өрсөлдөн, хамт олныхоо санал, сэтгэгдэл, шүүмжлэлийг сонсон Ховд голын эрэг дээр бултаараа хөгжилдсөн мартагдашгүй сайхан дурсамжийг тээн Улаанбаатар хотноо буцан ирлээ. Мартагдашгүй сайхан гэдэг нь Увс, Ховд аймгаас ирсэн салбарын залуус маань Өлгийн салбарынхан, Улаанбаатараас очсон бидэнтэй хэдий хоёрхон хоног цуг байж танилцсан ч хоёр жил цугтаа ажилласан юм шиг бие биенээ ойлголцон хамт олон, найз нөхөд болж, тус тусын аймаг, хот руу явахдаа бүгд бие биендээ хоргодон зарим хүмүүс нь нулимс унагаж байснаар хэмжигдэх буй заа.

Бид эх орондоо хайртай!

Tuesday, 10 June 2008

Disabled children issue and Down syndrome association established

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал ба Даун Синдромын Холбоо Монголд байгуулагдлаа

Хэдий Олон улсын бичил санхүүгийн хурал зохион байгуулаад завгүй байсан ч амласан ёсоороо яаж ийж байгаад зав гаргаад 6-р сарын 1 буюу Эх Үрсийн Баярыг угтаж ХасБанк Хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдэд бэлэг тарааж өгсөн юм. Энэхүү компанит ажлыг Английн хүүхдийг ивээх сан, АПУ компани зэрэгтэй хамтран хийлээ. Би өөрөө ажлынхаа 2 залуугийн хамтаар гурван айлаар орж амьдрал ахуйтай нь танилцан цаашид юу хийж болох талаар харж явлаа.

Тэр хөөрхөн хүүхдүүд яагаад ийм болдог, ямар муухай хүмүүс яагаад ийм болгодог юм бол гэж өөрөөсөө болон дотроо бурханаас асууж явлаа. Бүтэн болон хагас саажилттай, тахир дутуу, оюуны хомсдолтой гээд насан туршдаа хүний эрхшээлд байх эвий жаахан хүүхдүүдийг хараад тэдний өмнө юу ч хийж чадахгүй байгаадаа дэмий л өөрийгөө зүхэж сууж байлаа. Ялангуяа бид хамгийн хүнд амьдралтай айлуудыг сонгон авч очсон бөгөөд аав, ээж, ах, эгч нарынх нь амьдарлынхаа төлөө тэмцэж буй байдлыг бодит амьдрал дээр нь хараад хурал зохион байгуулаад өдөр шөнөгүй ажиллаад ядарч үхлээ гэж бодож, яриад яваад байснаа эргэж санан өөрөөсөө үхэтлээ ичиж билээ. Өөрөөр хэлбэл бид нарын ажил, амьдралын ачаалал, стресс, зовлон бол тэд нарын хажууд юу ч биш юм байна аа залуусаа.

Иймээс би, ХасБанк та нараас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах талаар бидэнтэй нэгдэж дорвитой ажил хийе гэж уриалж байна. Тун удахгүй Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооноос хэд хэдэн төсөл бичиж ирүүлэх болсон бөгөөд үүнийг нь бодит ажил хэрэг болгох тал дээр сайн санаатай, буянтай хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэж та бүхэндээ хичээнгүйлэн захин хэлмээр байна. Бидэнтэй цуг явж бэлэг тараасан манай банк дээр ажиллахаар ирсэн Америк залуугийн сэтгэгдэлийг доор хавсаргалаа.

Sam Grant

Children’s Day Toy Program

5-31-08

Last Friday I had the privilege to briefly exit the commotion of the MFC conference to accompany XacBank LLC in a visit to the north-eastern ger district. The purpose of our visit was to distribute gift bags to disabled children. XacBank LLC distributes over one hundred gift bags to these children right before the annual children and mother’s day holiday.

I noticed while driving out to the ger community a large disparity of infrastructure. Most of the ger community does not have access to running water or electricity and the roads are unpaved. Somewhere on the way we picked up a parents union representative who helped us locate the specific houses. She was very helpful and seemed to have a very strong relationship with the families.

The first house we visited was the home of a child who did not have much functional capabilities with his hands and instead used his feet. When we walked in he was playing a computer game using his foot to direct the mouse. The family was very gracious and sat us down for a cup of tea while Ganzorig explained why we were there. We visited two other ger’s that day to distribute gifts and each ger was equally hospitable.

It was very inspiring to see how happy the children and their families were despite their difficult living conditions. By making the brief trip I now feel better connected to the work that I will do at XacBank and the people I will hopefully be able to help. It is a wonderful program and I look forward to sharing similar experiences with the bank and the people of Mongolia in the future.

Үүнээс гадна та бүхэн анзаарсан бол Хөгжлийн бэрхшээл гэдэг том малгай дотор тахир дутуу, оюуны хомсдолтой, хэлгүй дүлий, саажилттай, осолд орсон гэх мэт бүх төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үзээд байдаг. Харин яг эдгээр хүүхдүүдийн бэрхшээлийн онцлогт тааруулсан буюу хүүхдүүдийг ангилж байгаад тухайн өвчин, бэрхшээлийг даван туулах тусгайлсан орчин, хөтөлбөр, сургагч нар тэр болгон байдаггүй. Иймээс эхний ээлжинд “Хромoсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” төрийн бус байгууллагыг хэсэг нөхөд, найзуудынхаа хамт байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ төрлийн хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхэд учир дутагдалтай бөгөөд харин жирийн хүүхдүүдтэй харьцуулбал биеийн болон сэтгэхүйн хөгжил нь хэдэн жилээр хоцорч явдаг тул эдгээр хөөрхөн хүүхдүүдэд зайлшгүй тусгай орчин, цэцэрлэг, сургууль, багш хэрэгтэй байгаа юм. Эхний ээлжинд энэ орчинг бүрдүүлээд цаашид үлгэр жишээ “community” байгуулах нь бидний мөрөөдөл юм. Бид холбооныхоо дансыг ХасБанкны төв салбар дээр нээсэн бөгөөд дансны дугаар нь 21000698, дансны нэр нь “Хромoсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” шүү. Бидэнтэй нэгдэн ажиллаж, хандив тусламж өгөх буянтай хүмүүст бид үргэлж нээлттэй байх ба бидэнтэй downsyndrome_mon@yahoo.com хаягаар харилцаж болно шүү. Тун удахгүй бид цахим хуудсаа хийгээд та бүхэнд ажлаа тайлагнан дэлхий даяар мэдээллээ хүргэх болно оо.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, саваагүй бяцхан үрс маань мөнхөд жаргалтай байг!

Monday, 2 June 2008

Brand ad for XacBank's 10th year's anniversary

ХасБанкны 10 жилийн ойд зориулсан брэнд реклам
ХасБанкны үндэс суурь тавигдсаны 10 жилийн ойд зориулсан нэрийн реклам бид хийлгэсэн юм. Маш чанартай, санаагаа сайн гаргаж чадсан гэж бид үнэлсэн бөгөөд уг рекламыг банкны зүгээс гардан хийлгэсэн, чанарын өндөр түвшинд хийсэн мэргэжлийн залуустаа баярлалаа, цаашид урт хугацаанд хамтран ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн энэхүү холбоосоор орон YouTube-р манай зарим рекламыг үзэх боломжтой шүү. Доорх рекламыг та нар яг юу гэж үнэлж байна? Ялангуяа шүүмжлэл сонсмоор байна:)

Sunday, 1 June 2008

XacBank hosted 11th Micro Finance Conference in Mongolia

Олон улсын бичил санхүүгийн 11-р бага хурлыг

ХасБанк Монголд зохион байгууллаа

Өнгөрсөн хэдэн хоног миний амьдралын хамгийн завгүй бөгөөд стресстэй мөчүүдийн нэг нь байлаа. Завгүй үед маань ар гэртээ санаа зоволгүй ажиллах боломжийг ямагт бүрдүүлж байдаг хамгаас хайртай ээж, аав, дүү, гэр бүлийн хүндээ маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. ХасБанкинд ажилд орсноос хойш бичил санхүү гэдэг зүйлтэй маш сайн танилцаж байгаа бөгөөд энэ төрлийн бизнесийн үр дүн, харилцагчид очиж буй өгөөжийн талаар сэтгэл хангалуун явж байна.

Ер нь бичил санхүү гэж юу вэ гэдэг талаар та бүхэнд эхлээд товч мэдээлэл өгвөл миний энэхүү бичлэг маань илүү логиктой болох байх. Бичил санхүү гэдэг нь санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, огт авч чаддаггүй, дундаж, дунджаас доогуур орлоготой бөгөөд алслагдмал газарт ажиллаж амьдардаг иргэдийн бичил бизнесийг дэмжих зорилготой санхүүгийн нэг шийдэл юм. Анх зөвхөн бичил зээл гэж ярьдаг байсан бол одоо харилцагч нар маань хадгаламж, даатгал, гуйвуулга, төлбөрийн карт, интернэт банк, харилцах дансны үйлчилгээ гэх мэт банкны цогц үйлчилгээ авахыг эрмэлздэг болсон байна. Хэдийгээр бичил зээл нь одоогоос 30 гаруй жилийн өмнө Бангладеш, Бразил зэрэг орноос гараагаа эхэлсэн түүхтэй боловч 1980-аад оноос дэлхий даяар хүчээ авч эхэлсэн гэж хэлж болохоор байна. Одоо хүртэл энэ төрлийн зээлийн хүү өндөр байдаг гэсэн маргаан тасардаггүй бөгөөд гол шалтгаан нь дээр дурдсан зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн нь бусадтай харьцуулбал тухайн үйлчилгээг хүргэх өртөг маш өндрөөс гадна эрсдэл ихтэй байдагт оршино. Хүүг бууруулах ид шид нь эцэс төгсгөлгүй хоосон цэцэрхсэн маргаан, дуусч өгдөггүй хурал хуйнаас илүү цэвэр бөгөөд шударга өрсөлдөөн бүхий бодит ажил хэрэг л байх болно. Гэсэн хэдий ч дэлхийн бичил санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн өгөөж нь дунджаар нь 2,5% байгаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаа мөн гэдгийг илтгэж байна. Бичил санхүүгийн гол зорилго нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангахад чиглэгддэг.

Монгол улсын хувьд бичил санхүүгийн пионер нь яах аргагүй ХасБанк юм. 1998 онд НҮБ-ийн 1 сая ам.долларын төслөөр эхлэн Монгол улсын анхны ББСБ болж, 2001 онд арилжааны банкны зөвшөөрөл авч байсан ХасБанкны 10 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус банк нь 300,000 гаруй харилцагч нарын итгэлийг хүлээсэн, Монгол орон даяар тархсан 70 салбар, нэгжээр үйлчилж буй нийт 1,100 гаруй ажиллагсадтай өнөр өтгөн айл болж өргөжсөний сацуу олон улсад нэр хүнд бүхий 10,000 гаруй бичил санхүүгийн байгууллагуудаас шилдэг 50-д аль хэдийн багтаад байна (http://www.mixmarket.org/en/demand/demand.show.profile.asp?ett=38&).

ХасБанк нь 2004 оноос хойш Монголоос анх удаа “Planet Rating”, 2006 онд “Moody’s Investors Service” үнэлгээний байгууллагаар тус тус хөндлөнгийн үнэлгээ хийлгэж өндөр үнэлгээ авсаар байна. Түүнчлэн Дэлхийн Банкны Санхүүгийн Ил Тод Байдлын Шагналыг 2004 оноос хойш гурван жил дарааллан хүртээд байгаагаас тус банк гадаад харилцаагаа өндөр төвшинд өргөтгөн хөгжүүлсэн нь харагдах буй заа.

ХасБанк 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлуудын нэг нь 2008 оны 5 дугаар сарын 29-өөс 31-ний өдрүүдэд Төрийн Ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Бичил Санхүүгийн 11 дүгээр бага хурал юм. Олон Улсын Бичил Санхүүгийн Төв нь Польш улсад төвтэй бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Европын 111 санхүүгийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж 700,000 гаран харилцагч нарт үйлчилдэг олон улсын томоохон байгууллага юм. Гишүүн байгууллагууд нь арилжааны банкуудаас гадна төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагч нар, хөгжлийн байгууллагууд юм. Энэ удаагийн чуулганд 42 орноос 800 гаруй гадаад, дотоодын өндөр хэмжээний зочид төлөөлөлөгчид бүртгүүлэн ихэнх хувь нь хүрэлцэн ирж оролцсон нь Монгол улсын банк санхүүгийн салбар дэлхий дахинд амжилттай хөгжиж байгаагийн тод илрэл юм.

Монгол улсын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж оролцсон нь манай бизнесийн байгууллагуудад олон улсын банк санхүүгийн тэргүүн туршлагаас суралцах, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга туршлагаа дэлхий дахинтай хуваалцах, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгосон.

Олон Улсын Санхүүгийн Корпораци, Blue Orchard, Mercy Corps, JP Morgan, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Хаан Банк, Кредит Монгол ББСБ, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, МИАТ, iFlex, UNDP, ING, GTZ, Deutsche Bank зэрэг банк санхүүгийн байгууллагуудаас гадна бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид оролцож, өөр хоорондоо үзэл бодол, эрдэм мэдлэг, арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Монгол улсын түүх соёл, ёс заншил, өв уламжлал, нүүдэлчин ахуйн аж байдал, байгаль орчин, соёл урлагтайгаа боломжийн хирээр танилцуулахыг хичээлээ. Энэ ажлын хүрээнд төлөөлөгч нарыг хотын болон орон нутгийн салбараар оруулж танилцуулахаас гадна харилцагч нарын бизнес, гэрээр орж танилцуулсан нь Монгол орны маань талаар илүү бодит мэдээллийг өгсөн болов уу.

Ер нь бол ийм төрлийн үйл ажиллагааны ложистик, маркетингийн ажил нь лайтай ажил байдаг юм байна. Зочдыг онгоцноос тосохоос эхлүүлээд яван явтал нь харж хандаж зохицуулах, маркетинг, олон нийтийн харилцаа хийх нь манай зохион байгуулах багийн хувьд амар биш байсан ч маш олон төрлийн хүмүүстэй уулзан танилцаж сайхан найзууд болсон нь юу юунаас илүү эрхэм зүйл байлаа миний хувьд.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч нар байж яагаад Хаан Банк энэ хурлын төлөөлөгч нарын нэг оройн хоол, үзүүлбэрийг өөрийн төв байрандаа зохион байгуулсан бэ, Монголчууд угаасаа ийм нийтэч, бие биендээ тусалдаг ард түмэн үү гэсэн асуултыг нижгээд удаа гадныханаас авч, “Yes, we are” гэж бардам хариулж байлаа. Хоорондоо нэгдэж, мэдээллээ солилцож, харилцан ашигтай хамтран ажиллаж байж бид энэ төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэхээс бус хойд болон өмнөд Солонгос шиг хоорондоо харьцаад байвал аль аль тал нь олигтой юм олж долоохгүй гэдэгт би итгэж явдаг.

Түүнчлэн миний хувьд маш их зүйл сурсан бөгөөд сонирхолтой хэсэг нь хурлын өмнөх болон дараах өдрүүдэд Micro Finance Center, Deutsche Bank, Micro Finance Center, Minlam Asset Management, Women’s World Banking, Cocky de Groot, Micro Finance Opportunities, Cyrano, Shore Bank Pacific, Blue Orchard, The Consultative Group to Assit the Poor, Symbiotics, Global Ag Risk, Micro Finance Management Institute, Micro Insurance Center, Developing World Finance, Standard and Poor’s, Advans, ResponsAbililty, Emerging Market Development, Harbin Bank, Benxi Urban Credit, Angkor Microfinance, Kompanion Financial Group, Joint-Stock Commercial Microcredit Bank of Uzbekistan зэрэг байгууллагуудын захирлуудын зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, дэд захирал, санхүү хариуцсан захирал, бүс нутгийн менежер, зөвлөх, хөрөнгө оруулалтын менежерүүд гэх зэрэг албан тушаалтай 20-д орны 30 гаруй төлөөлөгч нарт банк, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгаа хийж, ХасБанкны тэргүүн туршлагаас хуваалцан сургалт танилцуулга хийсэн явдал байлаа.

Мөн ХасБанктай холбоотой уг хурлын хамгийн бодит үр дүн маань нэг өдрийн дотор нийт 22 сая америк долларын гэрээнд арав гаруй этгээдтэй хийсэн явдал юм. Үйл ажиллагааны хүрээ нь зөвхөн зээл, хөрөнгө оруулалт төдийгүй техник технологи, банк санхүүгийн дэд бүтэц, түгээлтийн сувгууд, техник туслалцааны чиглэлүүд байгаа юм. Энэхүү зөвхөн мөнгөн дүнгээс гадна мөнгөөр үнэлж боломгүй ач холбогдол нь бие биетэйгээ танилцаж холбоо тогтоосон явдал бөлгөө.

Шууд бус үр дүнг бас тооцоолж үзэх юмсан. Өөрөөр хэлбэл гадаадаас ирсэн энэхүү олон зуун хүмүүсийн МИАТ-с авсан онгоцны билетээс авахуулаад зочид буудал, дэлгүүр, ресторан, уушийн газар, такси болон бусад үйлчилгээний газруудад үрсэн мөнгийг нь тооцоолбол нилээд их ногоон мөнгийг бид Монголдоо авч үлдэж, улсдаа орлого оруулсан шүү.

Эцэст нь уг хурлын амжилттай зохион байгуулахад гар бие, сэтгэл оролцсон бүх аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс, ажлын хэсгийн багуудын залуустаа маш их баярлалаа гэж чангаас чанга хэлмээр байна. ТА НАР ШҮҮ.

Monday, 19 May 2008

My words

Миний үгс

Эрээнтэй бараантай энэхүү замбуулин дээр

Элдэв муу нь эрээвэр сайнаасаа олон гэдэг ч

Эрхэм анд та өнгөрсөн муу бүхнийг эс мартваас

Эгэлхэн дэлхий маань ч танд амьдрахад багадах буюу

Бурууг хийсэн бусдыг уучилж, бузрыг нь цайруулах нь буян болов чиг

Бурхан чөтгөр зэрэгцэн байдгийн адил аливаад хязгаар гэж байх ёстой

Болсон болоогүй зугаа цэнгэлээр далимдуулан бусдыг гомдоох нь нүгэл болов чиг

Буруу, зөвийн туйлыг ялган мэдрэх хариуцлага гэж хэнбугайд ч байх ёстой

Мөнгө, эд баялаг гээч нь хүн төрөлхтөн бидний чанарыг

Мөнхөд зөрчилдүүлэн сорьж байдаг ачтан ч юм шиг

Маргад эрдэнээр ч үл солим ухаант бодгалийн аз жаргалыг

Мангас мэт залгин үгүй хийж чадах золиг ч юм шиг

Хов жив, атаа хорслоор мөнгө олж амьдрагмагсад байдаг ч гэлээ

Хосгүй авъяас билгээрээ торойн гарч ирэгсэд байж л таараа та биднээс

Худал хуурмаг, бялдууч зусараар амиа аргацаамарсад байдаг ч гэсэн

Хүн чанар, хариуцлагаа ухамсарлагсад түүчээлжилж таараа бид бүхнийг

Амьдралын жанжин шугам, үнэт зүйлсээ зөв сонгосон хүмүүний хувьд

Адгийн ядуу байсан ч баяр жаргалын гэгээг бусдад цацруулдаг юм гэсэн шүү

Агуурс, эд хөрөнгийг дэлхий даахгүй болтол хураасан ч гэсэн хөөрхийсийн хувьд

Аз жаргал гэдэг үгийг мэдрэх чадваргүй болчихсон нь цөөнгүй юм гэлцдэг шүү

Бурхан биднийг хүссэн цагтаа дууддаг гэдгийг мэддэггүй хэрэг үү

Байгаль орчин, бусад нөхдөө бодож амьдармаар юм заримдаг хүмүүс

Буян заяа, бузар нүглийг дэнслэх ёстой гэдгийг ухаардаггүй хэрэг үү

Буурал өтгөс, булбарай үрсээ дээдэлж өргөмөөр юм цэвдэг нөхдүүд

Ертөнцийн түмэн эрхэс, буман од орчидын дунд

Ерөөлт дэлхий минь хичнээн жижиг бөгөөд эмзэгхэн гэдгийг мэдрээч

Ердийн биш энэхүү жижигхэн цэнхэр гариг дээр

Ер нь өөрөө ямархан өчүүхэн бөгөөд арчаагүй эгэл эс гэдгээ ойлгооч

Tuesday, 13 May 2008

Leadership and manager

Манлайлал ба менежер

Хуучин цуг ажиллаж байсан Мөөгий эгч маань ийм сэдвээр бодлоо бичээч ээ гэсэн хүсэлт тавьсаны дагуу өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөрхөн Forbes Asia сэтгүүлийн 2008 оны 5 дугаар сарын 5-ны дугаарыг харж байтал хоёр хүний хэлсэн маш гоё ишлэл анхаарал татсан юм. “The measure of your quality as a public person, as a citizen, is the gap between what you do and what you say” by RAMSAY CLARK, “Private faces in public places are wiser and nicer than public faces in private places” by W.H. AUDEN. Хальт утгачилаад орчуулбал “Чиний хэлсэн ба хийсэн хоёрын хоорондын зөрүү чинь л чухам чамайг хир “чанартай” хүн бэ гэдгийг хэмжиж нийгэмд тодорхойлно”, ”Олон танигдсан нүүр нууцлаг газруудаар бүгэж байснаас хичнээн алдар цуутай ч олны газар бусадтайгаа цуг эгэл даруу явах нь ухаалаг бөгөөд зөв алхам” гэх юм уу даа.

Өөрөөр хэлбэл манлайлал гэдгийг би хүү нь аав, ээжийнхээ өмнө хүлээсэн үүргүүд болох хэрэг төвөг тарихгүй байх, гэр бүлдээ түшигтэй болж хүмүүжих, оюутан сурагч нарын хувь онц сурах буюу авах ёстой мэдлэг, мэдээллээ авч зөв ашиглаж сурах, ажилтны хувьд үнэнч сайн ажиллаж, компанийнхаа орлого ашгийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын ажилтаны хувьд авилга хээл хахууль авахгүй, татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой, ил тод зарцуулах, гудамжинд яваа залуусын хувьд нус цэр, шүлс, хогоо олон нийтийн газар хаяхгүй байх гэсэн үндсэн хийх ёстой юмаа л хийж, за гэсэн бол ёогүй байж, хүн шиг л хүн байвал манлайлал гэж ойлговол зохих мэт. Тэрнээс илүү том онолын юм ярих шаардлагагүй гэж бодож байна. Олон жилийн өмнө нэгэн ах маань надад гэр цэвэрлэх үүрэг өгөхөөр нь би өрөөнийхөө шалны ил хэсгийнх нь тоосыг соруулаад болчихлоо гээд хэлтэл “Ингэж цэвэрлэхгүй шүү дээ” гэж хэлээд сандал ширээ, орыг бүгдийг нь дээш нь болгож байгаад бүгдийг нь соруулаад, дээрээс тоос сорогчны хошууг нь авч байгаад нарийн хоолойгоор паарны завсар, булан тухай бүрийг цэвэрлэж үзүүлэн намайг айхтар ичээж билээ. Түүнчлэн бас нэгэн ах маань орцны ядруу жижүүр болох хэн ч тоодоггүй эгчтэй өглөө гарах, орой орох болгондоо мэндийг нь мэдэж, яриа өрнүүлэхэд тэр хүн ямар их баярладаг тухай ярьж байсан юм байна. Эдгээр энгийн жишээнүүдийн эзэд нь жинхэнэ манлайлагч нар бус уу? Манлайлагч гэхээр заавал улстөрч, эдийн засагт, хуульч, нийтэд танигдсан дуучин, бүжигчин, нөгөө гайхал 76 гишүүний нэг байх албагүй шүү дээ. “Анх удаагаа амьдаараа дуулах гэж байгаадаа маш их баяртай байна” гэж азаартан ам алддаг дуучинцар шиг юмыг оромдон хийж хиймэл орчинд амьдраад яах юм бэ? Маш сайн Монголоороо бичдэг, сэтгэлээсээ ажлаа хийдэг, маш сайн англиар, хятадаар ярьдаг, маш эелдэг хүнтэй харьцдаг, мундаг програм бичдэг буюу ажлын байр тус болгон дээрээ л бид өөрсдөө эхлээд манлайлагч байхгүй бол тэрнээс илүү өөрөөсөө ахадсан юм алгасаж яриад хийгээд учир жанцангүй биз дээ.

Тэрнээс биш манлайлал гэнгүүт бусдын өмнө гарах гээд л замын гэрэл дохио дээр явган хүний гарц дамнан уралдаж зогсоод байдаг бүдүүлэг жолоочонцорууд шиг байх ёсгүй л байхгүй юу. Түүнчлэн манлайлна гэнгүүтээ өөрөө чадахгүй байж буюу өөрийн толгой, авъяас чадлаараа бус мөнгө төгрөг (ямар ч их илүүдээ гарсан мөнгөтэй юм), танил тал (Монгол жижигхэнийг эс хэлэх үү ямар ч их архины найзуудтай юм), хормой хот (Ямар ч өргөн хормой, уужуу хоттой юм), хор найруулах (Ямар ч олон янзын нүгэл хураасан арга хэрэгсэлүүдтэй юм) замаар бусдын өмнө хүчээр гарч өөрийгөө нийтэд таниулахыг хичээмэр аядаж байгаа хөөрхийлөлтэй утсан хүүхэлдэйнүүд юу эс мундах аж бидний цөөхөн Монголчууд дунд. Хүний нөөцийн сургалтын аймаар арга байна лээ шүү дээ. Хүний нөөцийн мэргэжилтэн сургалт хийж байсан хүмүүстээ өөрсдийнхөө SWOT шинжилгээг хийгээд давуу тал, боломжийг гарга гэсэн чинь хүмүүс баахан юм бичээд байна гэнэ. Тэгэхээр нь бүх сурагч нараа дагуулаад оршуулгын газар очоод булшний нүхэнд хэвтүүлээд өөрийгөө нас барсан гээд бод, оршуулган дээр чинь хүмүүс үг хэлж байна. Энэ хүмүүс чамайг магтаж юу гэж хэлэх ёстой вэ, чи өнөөдрийг хүртэл бусдад, нийгэмдээ ямар тустай зүйл бүтээв ээ гээд багш нь асуусан чинь сурагч нар дотор нь оршуулган дээрээ хэдэн бүтэн өгүүлбэр уншуулах хүн маш цөөхөн байсан юм гэсэн шүү.

Яг үүнтэй холбоотой менежер гэж мундаг албан тушаалтай нөхдүүдийн талаар бичих ёстой болов уу. Агуу үг шүү дээ уул нь. Manage – Удирдах, Manager – Удирдагч гэж. Гэтэл удирдагч гэдэг цол гуншинтай байж ажлаа хийхдээ бэлэн хоол ам руугаа халбагадуулж идэх гээд байгаа янзтай ажилладаг залуус мэр сэр байх санж. Бүх юмыг А-с Я хүртэл нэгбүрчлэн хэлүүлж, зааварлуулж байж ажил хийгээд байхаар чинь ажил олгогчийн хувьд, удирдах ажилтаны хувьд ямар хэрэг байх билээ. Зүй нь ресторанд хүйтэн цай захиалтал халуун цай аваад ирвэл тэрийг нь хөртөл хүлээж суун цагаа барж буй нэгэн ба мөс захиалан хөргөж цаг хэмнэж буй нэгэнтэй агаар нэгэн бус уу. Хэдий буруу цай авчирсан зөөгчийн буруу боловч цаана нь ямар нэгэн шалтгаан, үндэслэл байсан эсэхийг лавлан учрыг нь эвтэйхэн олох нь менежер хүний үүрэг болов уу. Тэгэхгүй бас менежер, ахлах ажилтан, дарга энэ тэр болонгуутаа эмэгчин, эрэгчин барс лугаа адил ааш зантай болж, нүдний хараа нь муудаагүй атлаа хүн, амьтан албан тушаал, хувцас хунар, танил талаар нь ялгаж “таньдаг” болдог мутацууд үүсээд удаж байх шиг байгаа юм. Жирийн хүмүүс чинь тэгдэг байхгүй юу гэж ярьж, бичдэг “жирийн бус” хүмүүсийн хүрээ манай нийгэмд үүсчихээд байгаа нь та бүхэнд мэдрэгдэж байгаа болов уу?

Хүн хүнээрээ үргэлжид байж, ганцхан өөрөө өөрийнхөө төлөө биш гэр бүл, хамт олон, нийгэм, эх дэлхийнхээ төлөө амьдарч, сэтгэж, ажиллаж явах юм бол хүн болгон манлайлагч, менежер гэсэн үг гэж ойлгоном.