Friday, 1 May 2009

Chairman of Gods

Бурхадын эзэн

Ертөнцийн амьд бурхан минь болсон ээждээ зориулж бичлэг бичмээр санагдаад өнөөдөр. Угаасаа ч бичих ёстой өдөр, бичих ёстой сэдэв. Эргэн тойронд байгаа ээжүүдийг хараад хүүхдүүдийнхээ төлөө хаанаасаа ийм их дуусашгүй хайр, зүтгэл, хөлс хүч гардагийг нь гайхмаар шүү. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүдийн хувьд. Насны зөрүү багатай олон хүүхдүүдээ хэрхэн хооронд нь эвтэйхэн өсгөж, зөв хүмүүжүүлж буйг, тэрхүү амьдралын туршлагыг далайцтай судлан системтэй эрдмийн ажил хийвэл бараг Нобелийн шагнал авна шүү. Магадгүй улс орон, төрийн засаглалын хамгийн оновчтой зөв бүтэц, схем гарахыг ч үгүйсгэхгүй гэж би боддог. Ээж минь 5 хүү төрүүлсэн дарханаар тогтохгүй бэр. Ах нар бага байхдаа тус бүрдээ сард нэг нэг гутал, улиралд нэг гитар элээдэг байсан гэж байгаа. Би олон ахтай тул оюутан болтлоо ямар ч шинэ хувцас бараг авч үзээгүй, харин ч моодны хувцаснуудаас хоцрохгүй яваад байдаг байж билээ.

Төрөхийн орон дээр таныг өвтгөн өвтгөн хорвоод ирсэн нь магадгүй хамгийн бага зовлон байсан байх. Үүний дараа өсгөн хүмүүжүүлэх гэж таны ямар их уур, нерв, гомдлыг барсан, одоо ч заримдаа барж байдаг бол доо гэж бодохоор заримдаа өөрийгөө цохиод авмаар болдог юм. Ижий минь багаасаа өнчин өсч амьдралын зовлон жаргалыг эртнээс мэдэрсэн болохоор бидний хэдэн хүүхдүүдээ ёстой юунаас ч дутаахгүй өсгөсөн. Дарханд байхдаа лав “нам засгаас” үлгэр жишээ гэр бүл энэ тэр гэсэн өргөмжлөл социализмийн үед нижгээд авч толгой сайтай ах нарын тухай сургууль даяар шуугин ярьж багш нар маань намайг дандаа ах нартай минь жишин харьцуулж үнэлдэг, хичээлээр шахдаг байсан сан. Бараг 30 жилийн өмнө намайг нярай байхад хэрэглэж байсан хувцас хунар, эдлэл тэргүүтэнийг миний хүүхдэд хэрэглүүлэхээр шинэ юм шиг хадгалан байснаа гаргаж өгөхөд ямар их тэвчээр, ямар их нямбай зан бэ гэж өөрийн эрхгүй дотроо дуу алдсан сан. Таны хоёр авдар дотор гэр бүлийн маань ямар агуу түүх, дурсамж хадгалагдаж байгаа бол гэж бодохоос уярахгүй байхын аргагүй. Ачийгаа биднээс харамлан хааяа хэд хоногоор өөрсөд дээрээ байлгахаар аваад явахаар хүний хүнд өгч байгаа юм шиг тийм хоол тэдэн цагт өгөөрэй, тэгж усанд оруулж ингэж бие засуулаарай гэсэн түмэн захиасыг тань сонсоод таны өмнөөс зөндөө ичдэг. Намайг хайрладаг хайр дуусахаар барахгүй миний хүүхэд хүртэл хальж байх нь гайхамшиг. Далайн давалгаа, салхи зэрэг дуусашгүй энергийг ашиглан эрчим хүч гаргах санаа хүн төрөлхтөнд эртнээс төрөн ажил хэрэг болгож байгаа. Харин дэлхийн бүхий л ээжүүдийн хүүхдүүдээ, хорвоог хайрлах хайрыг “тусгай төхөөрөмж”-ийн аргыг ашиглан хэрэглэж болох эх үүсвэр болговол бүхий л зүйлсийг тэтгэгч мөнхийн хөдөлгүүр болно доо гэж хааяа боддог юм.

Олон хүүхэд, нярайн дотроос өөрийнх нь л хүүхэд хамгийн өхөөрдөм хөөрхөн ээжид нь харагддаг. Ямар ч хэрэг хийсэн байсан ээжид нь хүүхэд нь л гэмгүй гэнэн байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй гадаадын орнуудад ээж нь, гэр бүлийнхэн нь хүүхдийхээ эсрэг мэдүүлэг шүүх дээр өгөхгүй байх бүрэн эрхтэй байдаг. Бүхэл бүтэн шүүхийн системийг хүртэл уяруулж чадсан ээжийн хайрын хамгийн энгийн жишээ энэ. Хэдий та жаахан юманд баярлаж хүүгээ үнсдэг ч энэхүү талархлын өчүүхэн хувьд ч хүрэх ачийг би хариулж амжаагүй л явна. Өнгөрсөн Эмэгтэйчүүдийн баяраар танд хүү нарынх нь тоотой ижил сарнай цэцгийн багц авч өгөхөд та ээж нь ямар ийм юм авч байсан биш, энэ мөнгөөрөө эхнэр, хүүхэддээ юм авч өг гэж хэсэг авахгүй гүрийж байснаа үүнд мөнгө үрж байснаас ээждээ талх, сүүний мөнгийг нь өгчихгүй гэж хэлэхэд тань уурлах ч хэцүү, инээх ч хэцүү болж билээ. Та бүхэн хамгийн сүүлд, хэрхэн ээжийгээ баярлуулсанаа, эргээд ээж тань ямар хариу үйлдэл үзүүлж байснаа эргээд заавал нэг санаарай! Ээжийгээ баярлуулж чаддаггүй юмаа гэхэд голд нь ортол гомдоохгүй явах нь үр хүүхэд та бидний үндсэн хууль байтугай том хуулиудаас ч илүүгээр хүлээх ёстой үүрэг бус уу. Ээжийгээ гомдоосон бол үтэр түргэн очиж уучлал эрээрэй. Магадгүй тэрхүү үйлдэл чинь л таны ээжийгээ хамгийн их баярлуулсан явдал болох бий вий. Гэхдээ би ээжийгээ баярлуулахын тулд эхлээд зовоо гэж хэлж байгаа хэрэг огтхон ч биш шүү.

Намайг өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлж, өдийг хүртэл дуусашгүй хайраараар бөмбөгдөж байгаа таны ачийг би энэ насандаа хариулж чадахгүй. Яагаад гэвэл таны хайр, ач хязгааргүй. Энэхүү ач буяныг хэмжихэд миний мэдэх тооны хэмжүүр хүрэхгүй. Замбараагүй баахан юм биччихлээ. Цэгцтэй яруу найргийн хэлбэрээр бичигдсэн Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ээр энэхүү бичлэгээ 5-р сарын 2-ны цоо шинэ өдөр эхэлж буй энэхүү шөнө дундын заагт түр өндөрлөе. Өндөрлөхөөсөө өмнө ертөнцийн бүхий л бурхадын эзэн болсон ижий таньдаа хязгааргүй хайртай гэдгээ хэлье. Энэхүү шүлэгийг англиар орчуулаад өгөх хүн байвал их сайн байна шүү. Би өөрийн модон англи хэлээ голохоос гадна энэ том агуу сэдэвтэй шүлэгийг гардан орчуулж төрөлх англи хэлтэй хүмүүст үзүүлэх зориг үнэндээ хүрэхгүй байнам.

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай

Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан

Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж

Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа

Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй

Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд

Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг

Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь

Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд

Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч

Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь

Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ

Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ

Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань

Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!

Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд

Зүгээр л дэргэд минь байж хайрла

Ижий! гэж дуудах болгондоо баярладаг

Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

Monday, 27 April 2009

How to Make a Woman Happy

How to Make a Woman Happy
Сая интернэтээр хэсч яваад энэхүү "бэсрэг" тайлбарыг олов. Уншихаар инээдтэй гэхэд хэцүү, эмгэнэлтэй гэхэд бүр ч хэцүү санагдаад байх юм. Хүйс, жендер болон ганц бие, гэрлэсэн залуусын харьцаа аюумшигтайгаар алдагдаж буй өнөөгийн нөхцөлд бидэнд тохирсон тайлбар ч юм шиг. Monglish руу орчуулах гэснээ залхуурсан тул English-р оригоор нь тавьлаа. Нэгийг бодолцож хоёрыг тунгаалцая.
It's not difficult to make a woman happy. A man only needs to be:
1. a friend
2. a companion
3. a lover
4. a brother
5. a father
6. a master
7. a chef
8. an electrician
9. a carpenter
10. a plumber
11. a mechanic
12. a decorator
13. a stylist
14. a sexologist
15. a gynecologist
16. a psychologist
17. a pest exterminator
18. a psychiatrist
19. a healer
20. a good listener
21. an organizer
22. a good father
23. very clean
24. sympathetic
25. athletic
26. warm
27. attentive
28. gallant
29. intelligent
30. funny
31. creative
32. tender
33. strong
34. understanding
35. tolerant
36. prudent
37. ambitious
38. capable
39. courageous
40. determined
41. true
42. dependable
43. passionate
44. compassionate
WITHOUT FORGETTING TO:
45. give her compliments regularly
46. love shopping
47. be honest
48. be very rich
49. not stress her out
50. not look at other girls
AND AT THE SAME TIME, YOU MUST ALSO:
51. give her lots of attention, but expect little yourself
52. give her lots of time, especially time for herself
53. give her lots of space, never worrying about where she goes
IT IS VERY IMPORTANT:
54. Never to forget:
* birthdays
* anniversaries
* arrangements she makes
HOW TO MAKE A MAN HAPPY
1. Show up naked
2. Bring food

Thursday, 16 April 2009

Freedom

Эрх чөлөө

Эрх чөлөө гэж юуг хэлэх вэ, тэрхүү эрх чөлөөгөө та бид хүссэн хэмжээгээрээ эдэлж чадаж байна уу? Би лав дэндүү их эдэлж байгаа гэж хэлнэ. Харин асуудал юунаас эхэлж үүсч болох вэ гэхээр чи би аль нь илүү эрх чөлөөтэй вэ гэдэг маргаанаас, зөрчилдөөнөөс, өрсөлдөөнөөс. Тийм ч учраас хууль, дүрэм, журам үүсээд яваандаа ёс суртахуун, төлөвшил болоод, бүр яваандаа ёс заншил, уламжлал болоод байсан юм шиг байгаа юм. Өнөөдөр машин барьж яваад яг ижил дөрвөн тохиолдолтой тааралдлаа. Машины зогсоол булаацалдаж байгаа байдал, гэрэл дохио дээр урдуур дайран гарч байгаа байдал, 3 машины зай дээр 1 машин хөндлөн тавьж байгаа байдал. Том жийптэй залуу эксэлтэй өвөөг миний зогсоол дээр зогслоо, дайрч орлоо гээд зодох шахаж байсан бол үнэхээр ухраад зогсох гэж байсан зогсоол руу хулгайч нохой шиг арын машин нь дайран орж байгаа байдал. Тэрийг нь хараад би тэвчихгүй очоод наад машин чинь машин гарахыг хүлээж байгаад ухраад орох гэж байна шүү дээ гэтэл жолооч залуу хажуудаа эхнэр хүүхэд, нэг ширхэг замын цагдаатай суулгачихсан энэ ямар хэн нэгний өмчлөөд авчихсан газар юм уу гээд хээв нэг хэлж байх. Нөгөө сууж яваа замын цагдаа нь ёстой хувцасны гол байна лээ дээ. Өөрөө цагдаа хүн байна энэ хүн ингэх зөв үү гэсэн чинь ижил хариу хэлж байна лээ. Тэгэхээр нь би бас жолооч хүн ийм зан авир гаргаж явж болох уу гэсэн чинь болно оо гэж тэр төрийн тангараг өргөсөн замын цагдаанцар хэлсэн шүү. Дээрэмчингээс ердөө ялгаагүй санагдсан. Хичнээн сайхан журам, дүрэм байсан ч энэхүү арчаагүй цагдаа шиг таньдаг хүндээ болохоор дүрэм, ёс зүйгээ үл хайхран бүдүүлгээр аашилж байгаа бол хэн ч гэсэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явж чадна даа. Тэгвэл энэ нийгэм хөгжихгүй тул нэг хэсэг тийм тэвчээртэй, “золиосны” хүмүүс байж гэмээнэ энэ байдлыг баланслан алсдаа “аятайхан” нийгэм байгуулцах нигууртай юм шиг байгаа юм. Тэр группт би хааяа орох гэж хичээгээд заримдаа стресс, нервээ барьж чадахгүй болохоор дээр дурдсан замын цагдаа шиг тэнэг аашлах гээд байдаг болсон байна лээ. Энэ бүхнийг бүгдийг нь үл тоон чихгүй, дүлий хүн шиг явъя гэхээр амьдрал үнэн уйтгартай болохоор юм билээ.

Бид бүхэн өнөөдөр хувийн машинтай мөртлөө зорчигчоо зодон дээрэм хийдэг, монетан бөгжтэй мөртлөө халаас ухдаг, хаустай мөртлөө авилга авдаг, авахуулдаг тийм л эрх чөлөөтэй “төгс” нийгэмд амьдарч байна шүү дээ. Өчигдөр дэлгүүрээс хүнсээ цуглуулаад гарч явахад зөрөөд нэг залуу утсаар ихэд чанга ярин явж байна. За тэр асуудлыг би хөөцөлдөж байгаа. Мэддэг том том хүмүүсээр нь яриулж байгаа гээд л тэр хавьд цор ганцаараа байгаа юм шиг л утсан дээрээ орилж өгч байна. Монголд маань ажил бүтээнэ гэдэг нь “том том” хүмүүстэй ярих, тэдний гарыг хүндрүүлэх болсон гэж үү? Дэлгүүр дотор утсаар ярьж байсан энэ залууг эрх чөлөөгүй гэж та нар хэлэх үү? Бас нэгэн түүх санаанд орлоо. 2 жилийн өмнө хөдөө аймгуудаар томилолтоор ажиллаж байгаад замдаа нэгэн аймгийн сумаар дайран гарсан юм. УБ-т байдаг ТҮЦ-нээс 2 дахин жижигхэн мухлаг дээрээ их том, тодоор Супермаркет гэж бичсэн байж билээ. Анх инээд хүрч байснаа сүүлдээ супермаркетэд байх ёстой стандартыг хангаагүй мөртлөө энэ нэрийг ийм зоригтой тавьж байгаа эрх чөлөөт хувиараа бизнес эрхлэгч залууд “атаархаж” билээ. Шөнө дунд ирээд гаражаа онгойлгуулах гээд шөнөжин дуут дохиогоо хангинуулж буй тэрхүү жолоочид тэгж аашлах эрх байгаа хэдий ч тэрхүү гаражны дээр оршдог, ертөнцөд ирээд хэдхэн хонож буй бяцхан охинд минь шөнө амгалан тайван унтах эрх чөлөө ч мөн байгаа гэдгийг хуулиар биш тэрхүү жолооч эрхэмийг өөрийг нь нялх хүүхэдтэй болгож байгаад гэр бүлийн бултаар нь шөнө дунд сигналаар нүдэх үед л ойлгуулах боломжтой байгаад байгаа яг өнөөдрийн нөхцөл байдалд. Хэлээрээ биш хийснээрээ гэсэн үг. Ийм зарчмаар манайхан эрх чөлөөг ойлгоод аашлаад байгаа болохоор бие биендээ бодож байснаас хамаагүй их төвөг учруулаад байгаа хэрэг.

Хэдэн долоо хоногийн өмнө найзуудтайгаа уулзаад орой нь найт клаб орон электро, хаус хөгжим сонсон кайф авч байхдаа тэнд байгаа залуусын чөлөөт байдал, сонсож буй, бүжиглэж буй байдлаасаа үнэн сэтгэлээсээ таашаал аван баясаж байхыг хараад эрх чөлөөг үнэрлэх шиг л санагдаж билээ. Түүчлэн караокед нилээд халамцуу ч гэсэн өөрийгөө юун тэр American Idol, энэ ертөнцийн хамгийн шилдэг дуучин хэмээн төсөөлөн нүдээ анин, бичигхээн солгой хоолойгоор танхим дүүрэн дуулж бусдыг болон өөрийгөө хөгжөөж буй залууг харахад бас л нул эрх чөлөө амтагдана шүү. Өөрөөр хэлбэл миний хэлэх гээд байгаа санаа нь эрх чөлөөгөө “зориулалтын” газар нь, бусдад төвөг болохгүйгээр, ижил зорилго, нэгдэл бүхий группын дотроо, тухайн нөхцөл байдалд тавигдсан шаардлага, хууль, дүрмийн дагуу эдэлбэл хаа хаанаа шударга бөгөөд аз жаргалтай мэт. Нэгэн бодит жишээг бас л гэнэт саналаа. Оросын сэтгүүлчийг Японд ажиллаж байхад нь барилгын хувцас өмссөн залуу хаалгыг нь тогшоод гоёмсог туузаар чимэглэсэн хайрцаг ба дугтуйтай бичиг өгөөд гарсан бөгөөд хайрцагт 3 өнгийн тансаг саван зурвасын хамт байжээ. Зурвас дээр “Гудамжинд байгаа муу усны хоолойг шинээр солин гэж байгаа тул газар өрөмдөн та нөхдийн тав тухыг алдагдуулах гэж байгаадаа хүлцэл өчье” гэсэн байсан гэдэг. Япон хүний бусдад төвөг учруулах вий гэж эмээдэг ёсорхог зангийн энэхүү илрэл л чухамхуу эрх чөлөөний дээд хэлбэр гэж би ойлгодог.

Бидний зарим нөхөд л нилээд хааяадаа л жаахан даврах, байгаа бүх юмаа л хэтрүүлэх гээд байдаг болохоос биш нийгэм маань, оршин буй хүрээлэн газар маань өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байгаа гэдэгтэй би санал нэг байдаг. Ямар ч сайн үр дүн гаргахын тулд саар юм заавал дагалдах ёстойгоос гадна үр дүнд хүрэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг гэдгийг өдийг хүртэл явсан туршлагаасаа машид сайн ойлгож буй. Сайн саарын холимог “package”, цаг хугацааны мөчлөгийг удирдаж буй жолооч нь та бид бүгдээрээ. Хүсэл тачаал, хүний шуналд хязгаар үгүй гэдэг хэдий ч хуулиар болон төрөхөөсөө эхлэн олгогдсон эрх чөлөөгөө бултаараа соёлтойгоор, “харилцан ашигтайгаар” эдэлцгээе. Өөрөөр хэлбэл FREEDOM SYNERGY залуусаа!

Monday, 6 April 2009

Thailand

Тайланд Улс

Тайланд оронд зочлох боломж надад Худалдаа Хөгжлийн Банкинд ажиллах байхад олдсон юм. Нэгэн өдөр оффис дээрээ сууж байтал Гүйцэтгэх Захирал маань дуудаад Тайландад ийм хурал болох юм байна, судлаад шаардлагатай гэвэл банкаа төлөөлөөд яваад ир гэсэн үүрэг өгч билээ. “Regional Business Forum on E-Finance” хэмээх сэдвийн дор 2 өдөр чуулах уг хуралд Бангладеш, Бутан, Энэтхэг, Малайз, Балба, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Сингапур, Швейцар, Англи, Вьетнам зэрэг арав гаруй улсуудын 200 гаруй төлөөлөгчид оролцож бүс нутгийн цахим санхүү, бизнесийн талаар хэлэлцэхээр төлөвлөж Монгол улсыг, тэр дундаа ХХБ-ыг онцолж урьсан нь санаандгүй хэрэг биш байсан юм. 2006 онд болсон энэхүү чуулганд би Монгол улсаа төлөөлөн ганцаараа оролцож хамт олныхоо хамт хийсэн, хийж байгаа, хийх гэж байсан төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан хагас цагийн танилцуулга хийснээс гадна сүүлийн өдрийн үдээс өмнөх дэд хуралдааныг нь даргалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож билээ. ХХБ тухайн үед мэдээллийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, дэд бүтцээрээ хамгийн шилдэг нь байсан. Монголд хамгийн анх хамгийн олон функц бүхий хоёр шатлалт хамгаалалтын арга бүхий интернэт банкны шийдлийг зах зээлд гаргаж, тусгай хамгаалалт бүхий интернэт худалдааг нэвтрүүлэн хэрэглэгч нартаа хүртээл болгосон. Одоо ч хамгийн шилдэг нь байгаа гэж итгэдэг.

Бангкок хот надад их таалагдсан. Дулаан чийглэг уур амьсгалаас гадна хүмүүсийнх нь уриалгахан сайхан зан, ялдам сайхан үйлчилгээ, өндөр зэрэглэлийн стандарт гээд л. Нутаг орны хэлбэр нь инээж байгаа ам шиг, дээрээс нь сайхан зочломтгой зангаасаа болж Smiling country албан бус нэрийг дэлхий нийтээс авсан юм билээ. Мөн ямар ч улсад эзлэгдэж байгаагүй гэдгээрээ онцлогтой юм билээ. Тайландын Вант Улс буюу эзэн хаантай улс бөгөөд хаан нь ард түмнийх нь шүтээний дээд. Гудамж талбай, өрөө тасалгаа гээд л бүхий газар баруунд боловсрол эзэмшсэн хааны зураг нь хаа сайгүй байхаас гадна ард түмэн нь ч үнэн сэтгэлээсээ хүндлэн биширдэг юм билээ. Онгоцны буудал руу нь ороход Хааны нэрэмжит татвар авч байсан санаж байна.

Дэлхий гэж жаахан шүү. Австралид Мастераа хийж байхдаа цуг сурч байсан ангийнхаа Тайланд найзуудтайгаа уулзан тэд маань намайг богино хугацаанд Бангкок хот, Тайланд оронтой танилцуулах боломжийг олгосон юм. Тэд маань бүгд барууны том фирмүүдэд шийдвэр гаргах түвшиний менежер болсон байсан нь бахархалтай санагдаж байв. Тайланд улсыг сүм хийдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Алтан дээвэр бүхий буддын сүмүүд алхам тутамд байх бөгөөд ёс заншилаа маш их дээдлэхээс гадна жигтэйхэн цэвэрхэн. Манай Гандан, бусад хийдүүд шулуухан хэлэхэд бараг хамаг юм нь хир дагиндаа баригдсан, үйлчилгээний стандарт гэсэн зүйл ховор байдаг шүү дээ. Гоё байлгаж болох л юм байна лээ. Баар, зоогийн газруудад ЗБ буюу зохион байгуулагч гэж байдаг. Тэрэн шиг Ганданд тийм хүн заавал байх ёстой юм шиг. Бангкок хот дундуур урсах жижиг голоор завиар аялан Тай үндэсний амтат хоол, дессерт амсан, халууны ногооны амтанд нь хаширан хаширан явж байж билээ. Сувенир болгож Тайландын симбол болсон Зааныг заавал худалдаж авах ёстой юм билээ. Сүмээсээ дутахгүй олон байх зүйл нь байшингийн өнцөг булан бүрт байх Тай массажны газрууд. Их хямдхан. 3.000 төгрөгөөр блок гаргах бүтэн биеийн массаж хийлгэж байсан санаж байна. Анхилуун цэцгийн ханд бүхий усанд хөл зад угааж оруулж байгаад гавар түрхээд ёстой хамаг үений блог гаргаж чилээ тайлж билээ. Тай эйрлайнсаар явсан бөгөөд онгоцон доторх сэтгүүлд Тайланд улсад буугаад анхаарах, болгоомжлох хамгийн гол зүйл нь царайлаг эмэгтэйчүүдээс болгоомжил гэсэн байсан. Тэд нар нь ихэвчлэн лэди мэн буюу хүйсээ солиулсан нөхдүүд байдаг болоод тэр. Аз болж хэт царайлаг бүсгүйчүүдтэй тааралдаагүйгээс гадна шахуу хөтөлбөртэй богино хугацаанд явсан болохоор тэр алдарт шоунууд, гайхамшигт арал, наран шарлагын газрууд, Emerald Palace буюу маргад эрдэнийн ордон руу нь явж үнэндээ амжаагүй.

Бангкокийн төв гудамжууд нь барууны том хотуудын гудамжнуудаас давна уу л гэхээс бус огт дутахгүй. Юмны үнэ хямд биш. Матрын арьсан тэлээнд санаархаад үнийг нь сонирхоход бараг 600.000 төгрөгийн үнэтэй болж байсан санана. Балба, Пакистан, Бутан улсуудын зарим нэг төлөөлөгч нар үнэн хүнд гарууд байсан шүү. Хуралдаа суухгүй таслаад эр эмгүй дэлгүүр хэсээд явчихна. Өмнөөс нь санаа зовмоор. Авсан юмнууд нь дандаа алтан гинж, үнэт эдлэлүүд. Хар арьсан дээр нь гялалзаад зохиж байна гэж жигтэйхэн, тэрийг нь эелдэгээр хэлэхээр баярлаж хөөрцөглөөд жигтэйхэн. Балбын нэг нөхөр хөөрхий амьтан хулдаасан хэвлэл хийлгэх гээд өдөржин явсан гэсэн. Тэдний улсад тийм юм байдаггүй гээд байсан. Тайланд улсын хөгжлийг нэг л жишээгээр илэрхийлье. Бидний орсон рестораны ханануудад том дэлгэц бүхий ТВ-нүүд байх бөгөөд галын өрөөнд хоол хийж буй тогооч нарын үйлдэл, миний захиалсан хоолыг хэрхэн хийж байгаа нь шууд харагдаж байгаа юм. Зөөгч нар нь ирээд захиалга авахдаа i-Touch маягийн төхөөрөмжөөр (Bluetooth-р холбогдоод байх шиг байсан) хоолны захиалгаа бичихэд тэр нь wireless-р шууд галын өрөөний захиалгын дэлгэцэн дээр гарч байх жишээтэй. Ёстой ярих юм биш.

Сүүлийн үед Монголчууд маань Тайланд руу жуулчлалаас гадна эмнэлэгт үзүүлэх гэж их явдаг болсон дуулдаж байгаа. Түүнчлэн оюутнууд ч бишгүй байдаг байх. Миний мэдэх нилээд хэдэн сайн залуучууд Тайландын Технологийн Институтийг дүүргэсэн байдаг. Яагаад ч юм Тайландтай технологиор холбогдон анх танилцаад байгаа. Хоёр өдрийн хурлын гол үр дүн маань хэдэн цаг хэлэлцэн гаргасан зөвлөмж дүгнэлт байсан юм. Үүнийг энэхүү чиглэлийг сонирхдог хүмүүст хэрэг болж магадгүй гээд дор хавсаргалаа.

Regional Business Forum on e-Finance

ASEAN and SAARC Region

6-7 March 2006

Bangkok, Thailand

The Forum is the response to the requests from the region for capacity building on ICT adoption for trade development through bridging potential of technology vendors and financial institutions with the needs of SME.

The Forum was a joint initiative of the International Trade Centre (ITC) and Thailand Investor Service Center ( TISC) , under Fiscal Policy Office Ministry of Finance, Software Industrial Promotion Agency (SIPA), the Association of Thai Software Industry (ATSI). There were over 200 participants drawn from banking and financial institutions, policy makers from government agencies, representatives of SMEs, IT technology providers and inter-mediatory from 11 countries in the region. The country participated included Thailand, Philippines, Mongolia, Pakistan, Bangladesh, Bhutan, India, Nepal, Malaysia, Sri Lanka and Vietnam.

Topics Covered

Topics deliberated by the experts and the participants included

• Developments in online finance and banking

• Building supportive environment for e-Finance

• Best Practices adopted by various countries in migrating from offline to online: needs & solutions

• Affordable application for integrating supply chain payment management

• Proliferation of benefits of e-Finance among SMEs and other economic operators.

• Capacity building for use of e-finance technology by SMEs and other inter-mediatory

• Security issues for online transactions

• Internet banking and mobile banking initiative of various banks

Impact of the e-Finance Forum

The Forum created the basis for a regional network on e-Finance and resulted in better understanding of relevant issues in ICT application for e-Business, e-Finance and e-Payment development.

Issues Emerged

The forum identified the numbers of barriers for expansion of e-Business and e-Finance in the region, namely;

• Lack of a regional and national platforms for information sharing on e-Finance

• Lack of awareness of e-Finance systems both at government and business

• Insufficient interoperability ( both technical and operational) amongst financial institutions and traders

• Lack of e-Finance focus for SMEs in development strategies of financial and government institutions

• Ignorance of e-Security issues

• Lack of confidence in e-Finance and in e-Business

• Lack of sound business models for e-Financing

• Insufficient gender inclusion into e-Finance development

• Lack of skills and capacity building initiatives on e-Finance

Drive for Regional Consolidation

To overcome the above mentioned barriers, the Forum recommends:

• Enhance regional consolidation amongst the e-Finance stakeholders.

• Continue showcasing and sharing the best practices based on experience in close cooperation with international institutions.

• Organize specialized business roundtables / seminars on specific issues, such as, e-Security, e-Finance business models, regulations, and associated technology solutions, both at national and regional levels.

Maintaining Success and Call for Support

• The participants of the Forum, unanimously appreciated the efforts and contribution made by Thai authorities and ITC in initiating this e-Finance Forum. They addressed the Thai authorities to consider the possibility to keep this event as an annual regional forum.

• The Participants of the Forum asked ITC and its donors to support such initiatives and mobilize necessary resources to help regional partners to arrange such events as an efficient mechanism to showcase success stories and knowledge transfer in E-Finance.

• The Participants committed to actively support E-finance initiatives in their respective countries and actively collaborate with other regional partners, ITC and international organizations.

************************************

Thursday, 2 April 2009

Swearword

Хараал

Хүмүүс уурлаж бухимдахаараа яагаад хараал хэлдэг юм бол оо? Магадгүй ямар нэгэн юм бувтнаж, уурлаж буй этгээд, объект руугаа орилж байж нерв стресс нь тайлагдаж, цусны даралт нь буудаг нигууртай байх. Улс орон болгон хоорондоо хэлэлцсэн юм шиг “үүнд” хэрэглэдэг онцгүй үг, өгүүлбэрүүд байдаг нь үнэхээр гайхалтай. Хамгийн хурдацтай глобальчлагдаж буй талбар ч байж болох юм. Дал орчим жил Оросуудтай нилээд зузаан байсны нөлөөнд Монголчуудын нийтлэг хэлдэг хараал, бухимдлын үг нь орос гарвалтай үг ба гарын салаавч. Харин сүүлийн үед залуус дунд хуруугаа гозойлгохоос эхлээд англиар хальт хараадаг болоод байх шиг байгаа юм.

Хараалд хэлж буй үг өгүүлбэрийн заримынх нь утгыг сайтар бодоод үзсэн чинь үнэхээр аймаар санагдав гэнэт. Жишээ нь: Цусаар урсмар гэдэг нь. Та нар төсөөлөөд бод доо. Тэр хүн нь тэгээд урсаад хэвтэж байна гээд. Харин Тосоор гоож гэдэг нь хараал уу, ерөөл үү гэдгийг бас сайн ойлгохгүй л яваад байгаа. Хараал бол цусаар урс гэдгээсээ аймаар үг болох гээд байдаг? Ална гэдэг үг бол бид нарын хамгийн анхан шатны бөгөөд “элементаарний” хараал болоод хэдэн арван жил болж байна. За тэгээд дундаж настангуудын хэлдэг сонгодог Монгол хараалуудыг цааш нь жагсаавал заяа нь хаясан хулгайч, заяа нь тээглэсэн хар хүүр гээд л. Эргэн тойронд сонссоор байгаад чих дөжирсөн боловч яг тайван суугаад нүдээ аниад утгыг нь бодоод үнэхээр аймшигтай үгнүүд байгаа биз. Заяа нь тээглээд байхдаа яах вэ дээ. Хүүр гэдэг үгийг та нар төсөөлж байна уу? Орчин цагийн залуусын үгний цуглуулгыг энд бичих гэхээр үнэхээр хуруу эвлэхгүй байна.

Эдгээр үгсийг хэлэх яах вэ бүр хэрэгжүүлж хараал хийдэг хүмүүс байдаг гэж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй гэж хэлэхэд тун хэцүү ч бараг бүхий л хүмүүс сэтгэлзүйгээрээ дарамтлуулаад итгэдэг бололтой. Шар сонингуудын зар, ТВ чатуудаар хүртэл хараал хийнэ, ханийн тэнгэр дуудна, үрийн заяа үнэрлүүлнэ ч гэх шиг инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү зарууд явдаг болж. Ямар үлбэгэр, арчаагүй хөгийн гарууд нь тэдний үйлчлүүлэгчид байдаг бол доо. Хүн төрөлхтөний сэтгэл санааны депрес нь улам хямраад цаашаагаа ер нь шашин энэ дэлхий дээр үүссэн биз ээ. Шашны талаар дээхнэ үед энэхүү бичлэгийг бичиж байсан юм байна. Хараал хийдэг, ерөөл хийдэг лам нар, чаддаг хүмүүсийг нь өөд өөдөөс нь харуулж байгаад ном хаялцуулан бие бие биенийх нь эсрэг өрсөлдүүлэн хамаг ид шидийг нь үзэх юмсан.

Хараалын үгсээ багасгаж ерөөлөөр бие биенээ шидэлцэн явбал ямар вэ? Жишээ нь заяа нь дэлгэр ч гэдэг юм уу. Аягүй бол бие биендээ хэлээд дараа нь ичиж барьж “алиатна” аа. Нөгөө ерөөлгүүлсэн хүн нь ч тэр “За битгий мангартаад бай” энэ тэр гээд. Бид нар ийм л болсон байна шүү дээ.

Tuesday, 24 March 2009

Russia

Миний мэдэх Орос Улс

Тэртээ 1989 онд аав, ахтайгаа “Зөвлөлт Холбоот Улс” улс руу аялж билээ. Одоо Зөвлөлт гэж бичээд утгыг нь ойлгох гэж хичээхэд хэцүү болсон байна шүү. Энэхүү аялалын үеэс л эхлэн оюутан болтлоо би өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм билээ. Хэд хоногийн өмнө новшоо ухаж байгаад Орос руу явж байхдаа бичсэн “Оросын нэгэн вагоноор хэмээн эхэлж буй мангар бацаан”-ы бичсэн тэмдэглэлээ уншаад өөрийгөө ямар их өхөөрдөв өө. Ямар ч байсан Москва хүртэлх бүхий л точик, зогсоолыг нэг бүрчлэн жагсаан бичсэн байх. Одоо миний санаанд шууд орж байгаа зүйл бол зогсоол болгон дээр бабушка нарын зардаг цаасанд боолттой жимс, савтай напитокнууд. Бодсон чинь шууд арааны шүлс асгарч байна. Одоо зайлуул тэр эмээ нар байхгүй болсон ч энэ гоё ориг жимс, жүүснүүд нь байгаа болов уу? Дараагийн санаанаас огт гардаггүй зүйл нь Орос залуугийн ой мод мэт тэр их үстэй цээж. Ялаа цээжин дээр нь суугаад явж чадахгүй орооцолдож байгааг ажин хэвтэхдээ харь гаригийн хүн харсан юм шиг л байж билээ.

Тюмень хотод ахын минь сурдаг сургууль байх бөгөөд анх удаагаа спортын хувцас, хэрэглэлээр дагнасан их дэлгүүрээр орж, гудамжны шоу, барааны захаар зочилж өрнийн ертөнцийн зах зухаас харж аялал минь эхэлсэн. Монгол залуусын оюутны байр, Динамо багийн плакат дүүрэн бүхий хана, оюутны гуанз, чайка, жигули, лада машинууд, кукла шиг шав шар үс, цэв цэнхэр нүд бүхий хүмүүстэй дасах гэж дотроо хэсэг юм болж байж билээ.

Тэгээд Тюмениэс Владивосток орж тэндээсээ цахилгаан хурдан галт тэргээр Москва явсан гэнэ ээ. Энэ талаараа би яагаад ч санаж чаддаггүй. Хэт жаахан байсан уу, үгүй байх аа. Шөнө дунд намайг унтсан хооронд үүрээд явсан байх аав, ах хоёр. Хэхэ. Харин ёстой тэр үед Москва хот биднийг бороогоор угтаж авсаныг тодхон санаж байна. Яагаад гэвэл таксин дотор ах минь яг ингэж хэлээд намайг тэмдэглэл дээрээ ингэж бичээрэй гэж захиж байсан юм. Москвад хийсэн, үзсэн юмны тэмдэглэл маш товч. 20 жилийн өмнө бичиж байсан юмаа тэр чигээр нь буулгавал: “Москвад ирээд метро гэдэг хурдан галт тэргэнд суусан. Өөр цахилгаан шатаар явсан. Кремлийн ордон үзсэн. Зураг авахуулсан. Кремлийн ордны цагийг дуугарахыг үзсэн. Их дэлгүүртэн орсон. Ресторанд орсон. Өөр улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтын үзэсгэлэн үзсэн. Арбатын гудамжаар явсан. Зоо парк үзсэн. Телевизорийн цамхаг дээр гарсан. Кутузов үзсэн. Тэгээд Ленинград явсан” хэмээжээ. Одоо тэр Кутузов энэ тэр нь юу байсан юм, бүү мэд. Останкино дээр гарч бүр алтан зааланд нь орж хооллосон гэж байгаа. Хоол идэж байх хооронд заал нь тойрон эргэж хотыг харах боломжийг олгож байсан санаж байна.Тэр үед би загасны үнэр авч ерөөсөө чаддаггүй байсан ба нилээд тураад Монголд ирж билээ. Арбатын гудамжинд үнсэлдэж явж байгаа хосыг хараад ямар ч байсан “хэвийн бус” юм хийж байна гэхдээ болохгүй нь юу гэж хэмээн “хөндлөнгөөс дүгнэн“ алхаж байснаа харин санаж байна шүү гэж. Овоо муу гар шүү.

Москвагаас Ленинград руу харин онгоцоор явсанаа ёстой санадаг юм. Яагаад гэвэл тэр үед моторны хажууд нь сууж таарсан уу, яасан, нислэгийн туршид чих минь өвдөж дарсаар байгаад бууж билээ. Тэр онгоц нь Ту-154 гэдэг онгоц байсан гэж 20 жилийн өмнөх жижигхэн Ганзориг бичсэн байна. Аав, ахын найз Володя ах, Зина эгчийнд очсоноо их тод санадаг юм. Орос Улс мундаг байсан шүү. Тэр үед нь одооны биднээр бол орцондоо Домофон системтэй байсан юм даа. Муухай хар мууртай. Би тэрэнд нь дургүй гэж. Тэр нь тэгсэн нойлын өрөөндөө орж өөрөө биеэ засаад усаа татдаг амьтан байсан. Одооний зарим нэгэн хөдөөний гэхэд ч хаашаа юм, соёлгүй залуусаас хамаагүй дээр. Цагаан шөнө нь таараагүй үзэж чадаагүй буцсан. Түүчлэн Оросын хааны ордон үзэж, бас л анх удаагаа “Метеор-4 ингэдэг порхоодонд суусан” гэжээ. За тэр үед анх удаагаа шилтэй Пепси ундааг ууж амтанд нь орсон сон. Одоог хүртэл надад Кока коланаас Пепси кола нь хамаагүй илүү, гоё амттай санагддаг. Даанч энэ Номин Холдинг оруулж ирэхгүй бараагаа тасалсан байна лээ.

Ленинградаасаа буцаад Тюмень руу онгоцоор явсан. Гэхдээ билет нь олдохгүй нилээд юм болж байгаад авснаас гадна онгоцны буудал дээр аав, ах хоёр надаас нуугдаж, алга болж хүн айлгаж уйлуулж байсныг хальт санаад байгаа юм. Монголоос хамаг цайны хувцас, пионерийн гал улаан галстукаас авч яваад Оросоод ёстой шавайгаа ханатал өнгөт зураг даруулж байгаад ирсэн өдгөөг хүртэл зургийн цомогт минь байдаг юм.

Тюмениэс вагондоо суугаад Монголдоо ирж билээ. Шөнө унтаж байхад нэг эмээ л намайг тойроод эргэлдээд байх шиг санагдаад би нойрондоо дийлдээд огт анзааралгүй унтаж өгсөн. Өглөө бостол эмээ намайг ортой цуг дангинатал хүлчихсэн байж билээ. Би жаахан амьтан хоёр давхрын орон дээр унтсаныг сайхан сэтгэлтэй эмээ хараад орноосоо уначихна гээд хаанаасаа ч юм олс олоод уясан тухайгаа өглөө нь бидэнд хэлж билээ. Ах, аав хоёр “хүнд гарууд” намайг хаяад нам унтааский. Бодвол жаахан пиво энэ тэр уусан биз тэр үед. Би лав хүүхдээ ядаж нэг давхрын орон дээр нь тавьж байгаад уух байлаа гэж гээл үү.

Дарханд буухад ижий, дүү, ах, эгч нар тосоод л. Ижийдээ хайж хайж хөлд нь амар зөөлхөн буузан хоншоортой гутал авч очиж байснаа бас тодхон санаж байна. Би ч бөөн баатар вагоноос бууж байсан. Даанч тэр үед хэдхэн хүн вагоноос буугаад. Уул нь кинон дээр гардаг шиг “алалдана” гэж бодож байлаа. Ихэнх зорчигч нь Улаанбаатарт буудаг гэж тэр үед миний балчирхан ухаанд хэрхэн буух билээ.

Тэрхүү үеэс эхлэн Орос, Монгол, Хятад гурвын дунд цөм эргэдэг наймааны алтан үе эхэлсэн юм шиг байгаа юм. Би уул нь нилээд юм үзсэн боловч балчирхан ухаан нь шингээж чадалгүй өдийг хүрээд ихэнх дурсамжаа мартсан байна. Одооны Орос орныг Дэлхийн баавгайтай би зүйрлэн харж байна. Бас мафиараа их алдартай болсон гэж байгаа. Шилжилтийн үеийг хүндхэн туулсан том гүрнийг хэлэх үү харилцааны соёл бас болоогүй л байна лээ. Ноднин жил Герман явахдаа Москвагийн онгоцны буудал дээр сувенир авах гэж дэлгүүрээр нь хэсэж байгаад муухай ааштай Орос авгайд хэмх загнуулж билээ. Өөдөөс нь хэрэлдэх гээд Орос үг, өгүүлбэр толгойд орж ирдэггүй, хэлгүй Каролиа царайлж нүдээрээ хэрэлдэж байгаад гарч билээ. Дараа нь өө нээрээ “чорт бабири” гэдэг байж гэж санасан гэж байгаа. Уул нь арван жилд байхдаа Радуга 1-7 хүртэл долоон жил Орос хэл үзэж, ангидаа номер нэг нь байж, Оросоор зохион бичлэг энэ тэрийг сараачдаг байлаа шүү дээ. Зуны амралтаараа хөдөө хамаатаныдаа очоод приставкаар гаргадаг орос орчуулгатай видео киног байшин дүүрэн сууж үзэх хүмүүст орчуулж өгдөг байлаа цаг сайхан байхад. Хэрэглээ нь байхгүй болохоор ямар ч эрдэм алга болох юм даа. Эргэж Орос хэлээ сэргээх юмсан, дахиад нэг орчин үеийн Орос оронд тухтай зочлохсон.

Monday, 23 March 2009

Aphorism

Муу дарханы багаж олон

Сайн хүн явснаа

Муу хүн идсэнээ

Дэлхий дээрх аугаа юм бүхэн айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй

Ааш занг засахаас эвдэх илүү амархан

Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа

Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр

Сурахаасаа хэвших нь чухал

Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай

Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар

Мөнгөөр сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний сүүлээ шарвахыг худалдан авч чадахгүй

Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авъя. Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү

Явж сурахаасаа өмнө мөлхөж сур

Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог

Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй

Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг

Унаж үзээд босож сур

Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах

Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил

Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй нэгд

Амжилт гэдэг амжих гэсэн үг

Удирдагчийг ухаанаар нь үнэлэхээс насаар нь ялгадаггүй

Бүгдэд таалагдахыг хүсэх нь сүйрлийн эхлэл гэсэн үг

Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай

Нулимснаас ч дор инээд гэж байдаг

Бага зүйлд дэндүү махруу хүн аугаа зүйлд чадвар муутай байдаг

Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ

Мөрөөдөгч нар ганц бие байдаг

Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийн биелүүлбэл татвар авна

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг

Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэг алга

Сүүлийн судалгаагаар бол хүүхдүүд бус эцэг, эхчүүд гэрээсээ их дайжжээ

Үзэгчгүй баатар гэж байдаггүй

Зарим нэгний амьдрал дөч гараад тэгширдэг байхад заримынх нь зуун граммын дараагаас эхэлдэг

Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх явдал

Зөвлөгөөг хэн ч худалдаж авдаггүй учраас үнэгүй байдаг

Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг