Friday, 24 February 2012

Blue Card

 Хөх Гэрэг

2003-2006 оны хооронд Монголд ажилласан АНУ-ын элчин сайд Pamela Slutz нутаг буцахын өмнө хэлсэн үгнүүд нь Wikileaks дээр байх. Монгол Улс бол АНУ-ын стратегийн түнш биш гэж шулуухан бичсэн мэдэгдэл дээр нь хамгийн гол нь Монголчууд та бидний хувь хувьсгалын, этикийн болон ур чадварын талаарх өгүүлбэрүүд нь өөрийн эрхгүй анхаарал татах аж.

[Mongolia] still falls short in many areas: lack of a well-articulated national development strategy; a pervasive lack of transparency in government transactions; corruption, including widespread disregard for conflict of interest among elected and appointed officials; a combination of populism and lingering attachment to the state's role in the economy which are detrimental to the development of a friendly environment for foreign and domestic investment; police abuse of suspects and jail inmates; and an abysmal percentage of women among elected and civil servant decision makers. 


[...] As we proceed, we should keep in mind that Mongolia currently lacks the capacity to design and implement the policies and programs necessary to achieve sustainable economic growth. Specifically, Mongolia lacks western-educated, apolitical, well-paid, private and public sector professionals who are able to grasp the principles of and implement private sector-led growth and rule of law, the two determinants of sustainable economic growth. This lack of capable manpower is probably the single, largest obstacle to Mongolia's ability to move forward. The bulk of the current political leaders and senior bureaucrats are of a generation that was educated in the former Soviet Union and steeped in socialist doctrine, government by fiat, and central planning. On top of this, the social fabric of a small, inter-related populace abhors competition with its winners and losers and encourages a lowest-common denominator consensus approach to decision-making.


Хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал болж буйг Монголд төрийн болон бизнесийн бүхий л түвшинд ажилласан буй хүмүүс ойлгож байгаа. Дээрх нөхөр хэдий 2006 онд энэхүү үгийг хэлсэн ч одоо хүртэл нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй. Угаасаа үндэсний цөөхөн хэдхэн ажиллах хүчний цөм нь уул уурхайн салбар руу аажим шилжихийн хирээр бусад салбарт хүний нөөцийн хомсдол хүчтэй нүүрлэж байгаа нь бодит зүйл болоод байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг чухам энэхүү үед л Гадаадад буй Монголчуудын хувь нэмэр, эх нутагтаа буцан ирэх шийдвэр гаргах иргэний зориг ус агаар мэт хэрэгтэй гэж би хувьдаа харж явдаг. Энэ ч утгаараа Bring the World in Mongol ба Think Globally and Act Locally зэрэг нийтлэлүүдийг нилээд хэдэн сарын өмнө блог дээрээ бичиж байсан билээ.

Яруу найрагч Галсансүх хүртэл дараах зүйлийг хэлсэн байдаг.

Өнөөдөр Монголын хамаг л ухаантай, чадалтай эрчүүд гадагшаа гарлаа гэдэг. Би тэднийг урвагч гэж хэлнэ. Баян чинээлэг болохоор нь эх орондоо эргэж ирэх юм гэнэ. Тэгээд бас насны эцэст Монголдоо ясаа тавина гэдэг. Монгол оршуулгын газар уу. Бидний бүтээж цогцлоосон сайхан бүхэн дээр тэд ирээд, ясаа тавих гэнэ. Үр хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлээд, сайхан хүн болгоно гэж тэд ярьдаг. Эцсийн эцэст тэр хүүхдүүд нь хэзээ ч Монголд ирэхгүй шүү дээ. Гадаадаа шүтсэн амьтад л өсөж томорно.

Монгол хүн Монголынхоо төлөө “зүгээр” л байх нь учир дутагдалтай бөгөөд ямар нэг том жижиг бодит ажил хийж гэмээнэ үнэ цэнэ гарах болов уу. Гадаадад буй Монголчуудтай уулзаж байхад эрүүл мэнд ба боловсролын системээс хамгийн их айж зүрхшээн наашаа ирэх шийдвэр гаргаж чадддаггүй юм билээ. Олон улсын сургуулиуд аль хэдийн үйл ажиллагаагаа эхлэн, дараа дараагийн сургуулиудынх нь барилгын ажил нь дуусч байхаас гадна дэлхийн стандартад нийцсэн эмнэлгүүд аль хэдийн баригдаад эхэлсэн байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Personal Mission with Passion-тай хүнд юунд ч санаа зовохгүйгээр ажиллах саналыг Монголд буй компаниуд аль хэдийн тавиад эхэлсэн байна билээ.

Тийм ч учраас гадаадад буй Монголчууддаа зориулан Цахим Өртөө Холбоо ТББ дараах уриалгыг гаргасныг та бүхэнд мөн блогоороо дамжуулан уламжилж буйг болгооно уу.

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ “Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:

Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно.

Тэгвэл эдүгээ цаг нь иржээ. Монгол улс өнгөрсөн 20 жилд ардчилсан зарчмаар улс нийгмийнхээ хууль эрхзүй, эдийн засгийн бүтэц, төр захиргаагаа төвхнүүллээ. Өөрчлөх, засч залруулах зүйл аанай олон хэдий ч, хөгжлийн маш тодорхой ирээдүй, итгэл найдвар бидний өмнө цэлийж байна. Газрын хэвлийд заяасан баялагийг даган уул уурхай хөгжиж, төмөр зам, барилга хот, аж үйлдвэр, цахилгаан станц гээд богино хугацаанд аварга их бүтээн байгуулалт өрнөх гарааны зурхай дээр бид ирж, хэдхэн жилийн өмнө 600 сая долларт багтаж байсан үндэсний эдийн засаг даруй 6 тэрбумд хүрч, жилдээ ДНБ 20 орчим хувиар өсөх боллоо. Манай хүн ам энэхүү нөр бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд тоо дутаж, харийн мэргэжилтэн, ажилчдыг авчрахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хөгжлийн энэ алтан боломжийг ашиглаж, мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн бол, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Монгол хүний барааг хараад, монгол хэлээр ярихыг сонсоод нулимс дуслуулан байж угтдаг үндэс угсаа нэгт тэр л хүмүүс тэртээ чинадад суун байна. Тэд гал голомт болсон Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрх чөлөөт амьдралын тухай сонсоод баярладаг, тэдэндээ итгэл найдвар тээж явдаг юм. Сэтгэлийн тэр нуугдмал шижмийг амь оруулан биежүүлэх цаг иржээ. Сураг сонсоод уйлж суух бус, суудал засч ирээд хамтдаа хөгжих цагийг бид бүтээх ёстой.

Энэхүү хүсэл зоригоор Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцох зорилготой Цахим Өртөө Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн санаагаа цэгцлэн 2011 оны зун “Хөх Гэрэгэ” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино.

Энэ үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хялбар сэтгэж болохгүйг та бид сайн мэднэ. Олон зуун жил алслагдсан сэтгэлгээ, хэл яриа, соёлын ялгаа, мөн хүн амын олонд уусан хайлах болзошгүй эрсдлийг тооцохгүй бол горьгүй. Тиймээс дэлхийн монголчуудыг урьж ирүүлэх бодлоготой холбогдуулан Монгол угсаатны талаарх судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засаг-улс төрийн эрсдлүүдийг тооцсон бодлогын загварыг гаргах, энэ сэдвээр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэх, нийгмийн дунд нэгдмэл үзэл баримтлал бий болгох, хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлага урган гарч байна.


ҮҮНИЙ ТУЛД:

“Цахим Өртөө Холбоо” ТББ болон Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээний олон мянган гишүүд дэмжигчид 2011 оны 12 сарын 29 ны өдөр дэлхий даяар тархан суугаа Монголчууд, гадаадад суугаа Монголчуудаа эх нутагтаа эргэн дуудсан МУ-ын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдоржийн уриалгыг гүн талархалтай хүлээн авч, дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ “Хөх Гэрэгэ” төсөлд Монгол хүн бүр нухацтай хандан санаа тавьж, өөрийн зүгээс жижиг гэлтгүй боломжит бүх оролцоог нэмэрлэх, уг төслийн хүрээнд нээсэн www.bluecard.mn вэбхуудас болон бусад сувгаар өргөн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бодлогын баримт бичиг боловсруулахад хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА.



”Хөх гэрэгэ” төслийн хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк

Дансны дугаар: 499 172 343,

Хүлээн авагчийн нэр: "Цахим Өртөө Холбоо" ТББ



2012 он 1-р сарын 23-ны өдөр

-----------

Цахим Өртөө Холбооны тухай


Цахим Өртөө Сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээ юм. Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.



Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Одоогоор Монгол улс, АНУ, Австрали, БНСУ, Франц, ХБНГУ, ИБУИНВУ, Швейцари, Япон зэрэг орнууд дахь Монголчуудын холбоод, бүлгэмүүд хамтран ажиллаж байна.



Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг хуульчилах, АНУ, БНСУ зэрэг улс орнуудад Ажлын яармаг, Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулган зэрэг Гадаадад суугаа Монголчууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Хазара Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, алдарт эрдэмтэн Үмэсао Тадаогийн бичсэн “Могол угсаатныг сурвалжилсан нь” номыг орчуулан хэвлүүлсэн. 1999 оноос хойш Монгол угсаатантай холбогдолтой мэдээ материалуудыг олон түмэнд нийтлэн түгээх ажлуудыг идэвхитэйгээр хийж ирсэн болно.



Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот

Бага тойруу - 49, Улаанбаатар хот, Монгол улс

Утас/Факс: 976 – 11 – 312920


Tuesday, 27 December 2011

Former Nissan and Current Mongolia

Хуучин Ниссан ба Одоогийн Монгол

Стийв Жобсоос гадна миний хувьд дотроо хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол Carlos Ghosn билээ. Ливан гаралтай боловч Бразилд төрж, Францад боловсрол эзэмшсэн тэрээр дампуурлын ирмэгт байсан Ниссан корпорацийг хэрхэн босгосон нь үнэхээр менежемент болон бизнес харилцааны гайхамшиг гэж хэлж болох байх.

Нийт үйлдвэрлэдэг 43 машины загвараас ердөө 4 нь л ашиг хийдэг, нийт 22 тэрбум ам.долларын хуримтлагдсан өртэй уг компанийг 2 жилийн дотор хөл дээр нь босгож чадахгүй бол ажлаа өгнө гэж байсан хүн ердөө 18 сарын дотор бүх юмыг өөрчилж чадсан байдаг.

Амжилтын үндэс юу байсан бол гээд ном сонин судлаад үзэхээр нөхөр асуудлаа анхаасаа маш зөв олж харж тодорхойлж, тэдгээрт тохирсон зөв шийдлүүдийг асар богино хугацаанд маш зоригтойгоор хийсэн бололтой байдаг юм. Дараах хэдэн зүйлсийг проблем буюу асуудал гэж Ниссан дээр олж харсан байдаг.
  • Ашигаа юун дээр хийх ёстой вэ гэдэг компанийн бодлого байхгүй
  • Өрсөлдөгч нар дээрээ хамаг анхаарал, хүчээ хаяад харилцагч нараа үндсэндээ бараг мартсан байсан
  • Шийдвэр гаргалт асар удаан, гадаад орчны мэдрэмж муутай
  • Гүйцэтгэх удирдлагын хүрээнд зөвшилцөж баталгаажсан алсын хараа, хэтийн зорилго, дунд хугацааны төлөвлөгөө байхгүй
  • Дэлхийн хэмжээний том компани байж корпорацийн хэвтээ чиглэлийн харилцаа сул, хил дамнасан бизнес буюу ялгаатай зах зээл, соёлуудад үйлчилдэг компанийн нийтлэг стандарт, ялгаатай бодлого байхгүй

Дээрх асуудлууд дээр үндэслэн ердөө 3 шийдвэрийг л Ниссан дээр мань эр гаргасан байх юм билээ.
  1. Ил тод байдал, сайн засаглал. Учир нь удирдагч хүн өөрөө юу бодож байгаа, юу хэлж байгаа, юу хийж байгаагаа удирдаж буй хүмүүстээ мэдрүүлж, ойлгуулснаар байгууллагын хамтын ажиллагаа үр дүнтэй болдог. Японы босоо засаглал бүхий нас, хүйс, албан тушаал дээр суурилсан компанийн соёлд энэхүү хандлага нь бараг л цоо шинэ зүйл байжээ.
  2. Нийт ажлын 95% нь гүйцэтгэл байх ёстой. Стратеги нь 5% байхад хангалттай. Байгууллагын ашиг орлогын цөм нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өртөг, харилцагч нарын сэтгэл ханамжаар хэмжигдэх ёстой.
  3. Компани доторх мэдээллийн урсгал ба эрэмбэ, ач холбогдол. Ухаан нь босоо чиглэлд шийдвэр гаргахаасаа өмнө хөндлөн чиглэлдээ компани дотроо хангалттай мэдээлэл урсгаж, процесст оролцож буй бүх хүмүүсийг саналыг авч байх ёстой байх нь.

Дээрх шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийн тулд мань эрийн Ниссан корпорацийн хүн нэг бүртэй биечлэн уулзаж өөрийгөө танилцуулсан байдаг. Үүгээрээ тус компани доторх “гиннесийн ном”-нд бичигдсэн билээ. Чингис хааны аравтын системийг бас хэрэглэсэн байдаг нь ямар ч хүн өөрөө хамгийн ихдээ 10 хүнийг хамгийн үр ашигтай удирдаж, хамтарч ажилладаг гэдгийг баталгаа болов уу. Түүнчлэн газар хэлтсийн албадын дарга нарыг томилохдоо тухайн хүмүүсээс дутахгүй хамт олондоо нэр хүнтэй, хүмүүсийг дагуулдаг хүнийг хажууд нь тавьж (гэхдээ шууд шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтан) нөгөө даргаар тавьсан хүн алба, хэлтсийн шийдвэрийг дангаараа гаргах эрсдлийг нь багасгаж байсан юм билээ.

Нөхрийн хийсэн бас нэг том ажил нь хэт их оутсорсинг дээр суурилсан үйлчилгээ, зөвлөгөөг эрс хумиж, оронд нь өөрсдийн ажилчдыг санаа бодол, зөвлөгөөг үнэлэн авч эхэлсэн байдаг. Монголоор бол “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” юм уу даа.

Дээрх 3 том бодлогын шийдвэр гаргасны гол зорилго нь:
  • Шинэ машин бүтээх, түүнд тохирсон шинэ зах зээлийг олох
  • Ниссаны брэнд нэрийг сайжруулах
  • Судалгаа ба бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд дахин хөрөнгө оруулалт хийх
  • Зардлыг багасгах байсан байна.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Ниссаны 5 үйлдвэрийг хааж, 21,000 ажилчин буюу Ниссаны нийт ажиллах хүчний 14%-ийг халах зоригтой бөгөөд асар эрсдэлтэй шийдвэрийг Японы бизнесийн орчинд гаргаж байжээ. Түүнчлэн анх тохирсон гүйцэтгэлээ биелүүлээгүй менежер, захирлуудыг тайлбар сонсохгүй шууд халж, үүгээрээ ч Монголоор бол Япондоо “өмхий хужаагаараа” зөндөө дуудуулж байж. 

Миний хувьд хамгийн таалагдсан зүйл нь зөвлөх, зохицуулагч гэсэн ямар ч хариуцлага хүлээдэггүй албан тушаалуудыг бүгдийг нь болиулж хариуцаж байсан хүмүүсийг нь яг тухайлсан үйл ажиллагаа хариуцсан менежерүүд болгож, бүрэн хариуцлага хүлээлгэсэн яс тас гэрээ байгуулсан.

Жирийн нэг бизнесийн компани болох Ниссан корпорацийн энэхүү түүхийг жаахан томруулаад харвал миний хувьд Монголын өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай төстэй харагдаад байх юм. Улс орны хувьд асуудал юу байна гэхээр Карлосын тодорхойлдогтой адилаар бол:
  • Улс орны хөгжил юун дээр төвлөрөх ёстой, нэмүү өртөг хаанаас гаргах вэ гэдэг төрийн бодлого нь хүчтэй биш
  • Том тоо яриад, дэлхийн эдийн засаг, өрсөлдөх чадвараа хэт хэлэлцээд ард түмнийхээ бодит хэрэгцээ, шаардлагыг бүрэн мэдрэхгүй болтлоо багагүй хөндийрсөн
  • Стратегийн шинжтэй шийдвэр гаргалт удаан, гадаад орчны мэдрэмж муутай. Мэдрэмж сайн байгаад ч нөлөөлөх нөлөөлөл нь бага
  • Төрийн түвшинд, эрх барьж буй намуудын хүрээнд зөвшилцөж баталгаажсан улс орны алсын хараа, хэтийн зорилго, дунд хугацааны төлөвлөгөө байхгүй. Бараг ихэнх зүйлсийн шийдвэр 4 жилийн интерваль дээр суурилагдан гарч буй нь улс орны урт хугацааны алдагдсан боломжийн өртөг гэж хэлж болохоор
  • Баялагийн тэгш бус хуваарилалт болон нийгмийн халамжийн хавтгайруулсан бодлого, сонгуулийн популизм дээр суурилсан хоорондын харилцаа

Дээрх асуудлууд дээр үндэслэн ердөө 3 шийдвэрийг л Ниссан дээр гаргасан шиг бидэнд магадгүй 3 чухал зүйл нь:
  1. Ил тод байдал, сайн засаглал. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүстэй уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй билээ. “Алтан ургын хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
  2. 95% тултал нь хийдэг, 5% л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдуулахаар сонгох хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий үзүүлэлтүүд өндөр хөгжилтэй орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байгаа бус уу? Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс манай нийгмийн асуудал байна. Зарим хүмүүс дарга бол хийдэг биш ярьдаг хүн гэж боддог юм билээ. Өнөөгийн Монголд үгүй л болов уу гэж сэтгэнэм.
  3. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтой байх байдал дутмаг мэт. АН гэхээр Алтанхуяг, МАН гэхээр Батболд, МАХН гэхээр Энхбаяр гэж ойлгож болохгүй ч ихэнх хүмүүс маань автоматаар ингэж ойлгоод байгаа. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам ба улс төр хоорондоо холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт агаар нэгэн байнам.

Saturday, 17 December 2011

Tuesday, 29 November 2011

McKinsey Global Institute

McKinsey & Company хэмээх зөвлөх компани байдаг. Монголд төрийн болон хувийн хэвшилд зөвлөх үйл ажиллагаагаа үзүүлээд нилээдгүй жилийг ардаа үдэж буй. Энэхүү компанийн дэргэд байдаг McKinsey Global Institute нь бие даасан судалгааны институт бөгөөд ажиллаж буй судлаач, шинжээч нар нь аль нэг нам, улс төр, бизнесээс ангид үйл ажиллагаагаа явуулдаг тул эдний гаргаж буй тайлангууд нь эх сурвалжийн хувьд хамгийн бодит байх өндөр магадлалтай билээ. 

Нилээд хэдэн тайланг нь уншиж үзэхэд Монголчууд бидний хувьд төр, хувийн хэвшил, судалгаа, академик чиглэлийн бүх түвшний хүмүүсийн хувьд заавал уншиж мэдэх баримт, судалгаа, дүгнэлтүүд байх юм билээ. Ихэнх тайлангууд нь олон нийтэд зориулсан тул шууд татаж аваад үзэхээс гадна iPad зэрэгт зориулсан хувилбарууд байна. Холбоос нь:


http://www.mckinsey.com/mgi/ 


Ашиглаж л чадах юм бол бараг л бүхий бизнесийн чиглэлийн мэргэжлийн судалгаанууд байгаа тул хөрөнгө оруулах болон шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүмүүст нэмэртэй юм болов уу гэж сэтгэв.

Sunday, 27 November 2011

Managing the Boom

Өсөлтийг Удирдахуй

Кредит Сусси банкны дэргэд Кредит Сусси салон гэж байх агаад жил бүр дэлхийн шилдэг бизнесмен, шинжээч, эдийн засагч, сурвалжлагч, гүйцэтгэх захирлуудаас тухайн жилийн эдийн засаг, бизнесийн өнгө ямар байв, ирэх жилийн зорилгоо хэрхэн тодорхойлж буйг нь асуун тайлан маягаар хэвлэн хязгаарлагдмал хүрээнд тараадаг юм байна.

Эдгээр нөхдүүд хөгжиж буй орнуудын эдийн засгийн талаар нилээд сонирхолтой зүйлс бичсэнийг энэхүү бичлэгээр хүргэе. Хөгжиж буй орнуудын эдийн засгийг нийлбэр дүнгээр нь хөгжилтэй орнуудын эдийн засагтай шууд харьцуулах боломжгүй хэдий ч тусад нь салгаж ойлгоход бас төвөгтэй юм. Гэсэн хэдий ч хөгжиж буй орнууд нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүрт албан ёсоор тооцогдож буй. Энэхүү тогтмол бөгөөд хурдацтай эдийн засгийн өсөлтийг дагаад тэр хэмжээний эрсдлүүд үүсч буйг мэргэжлийн хүмүүс нь анхааруулсан байх юм. Энэхүү хөгжиж буй орнууд гэдэгт Монгол улс зүй ёсоор багтах билээ.

Мөнгөний тэлэх бодлогын хүрээнд хөгжиж буй орнуудын засгийн газрын болон корпорацийн бондын хүү буюу өгөөж өсч буй хандлага бий агаад энэ нь тухайн улсууд руу урсан орох шууд хөрөнгө оруулалт, бэлэн мөнгөний гол соронз болдог аж. Түүнчлэн хөгжиж буй орнуудын үл хөдлөх болон бусад хөрөнгүүд дэлхийн дундаж үнэтэй харьцуулбал доогуур үнэлгээтэй байдаг нь хөрөнгө оруулагч нарт таатай боломжийг үүсгэдэг. Улмаар орж ирж буй хөрөнгө оруулалтын хэмжээний хирээр тухайн улсын төрөл бүрийн хөрөнгүүдийн үнэ цэнэ, үнэлгээ өсдөг байна. Хөрөнгийн үнэлгээ өсч буй нь сайн хэрэг мэт боловч гадаадын хөрөнгө оруулалт дээр дулдуйдсан үнийн өсөлт нь эргээд нэг зүйлээс хамаарсан эрсдлийг бий болгож байгаа хэрэг юм. Жишээ нь Ази, Орос, Өмнөд Америк болон Мексик улсуудын гунигтай түүхүүд байдаг аж. Цөөн хэдэн томоохон хөрөнгө оруулагч нар нь тухайн бизнес болон тухайн улсаас гарч хөрөнгөө татах үед асар богино хугацаанд үнийн хэлбэлзэл үүсч буюу хөөс нь хагарч улс орны эдийн засагт хүндээр тусч байсан байна.

Түүнчлэн их хэмжээний хөрөнгө оруулалтын орох урсгалаас шалтгаалж валютын ханшийн хэлбэлзэл явагддаг буюу үндэсний валют нь чангарах үзэгдэл түгээмэл аж. Учир нь барааны үнэ бага зэрэг өсөхөд л ханшийн зөрүүнээс болж тухайн улс экспортын бүтээгдэхүүнүүдийн дэлхийд өрсөлдөх чадвар сулрах аж. Жишээ нь 1 ам.доллар 1000 төгрөгтэй тэнцэж байхад 100 ам.доллараар экспортолж нэгж бараанаас 100,000 төгрөгийн орлого олдог байсан бизнес нь 1 ам.доллар 500 төгрөг болоход 100 ам.доллараар зарлаа ч 50,000 төгрөгийн орлого олох юм. Гэтэл уг барааг үйлдвэрлэхэд зарцуулж буй бүх зардал дотоодын мөнгөн тэмдэгтээр ижил дүнгээр гарч байх жишээтэй. Том хэмжээний бизнес дээр энэ нь ямар том сөрөг үр дагаварыг дотоодын компаниудад үзүүлэх нь ойлгомжтой. Хэдий өндөр хөгжилтэй ч экспорт дээр дулдуйдсан эдийн засгийн бүтэцтэй Япон улсын сүүлийн үеийн байдал нь үүний сонгодог жишээ болно. Хятад улс хэрхэн үндэсний валютын ханшаа өөрсөддөө ашигтайгаар барьж олон улсуудын зүгээс шүүмжлэл хүртэж буйг бид олонтоо сонсож буй.

Эдийн засгийн өндөр өсөлт, хүчин чадлаасаа давсан үйлдвэрлэл, цалин ба үл хөдлөх хөрөнгийн инфляци зэрэг нь ерөнхийдөө мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг. Гэвч ихэнх хөгжиж буй орнуудын эрх баригч нар энэхүү бодлогыг явуулахыг нэг их хүсдэггүй байна. Энэ нь магадгүй улс төрч нарын нэг, хоёр жил эсвэл сонгуулийн циклээ харж боловсруулдаг мөрийн хөтөлбөр, хэт богино хугацааны зорилттой холбоотой болов уу. Энэ үед хэвлэл мэдээллийн байгууллага их үүрэгтэй оролцдог ба чухам тэдний нөлөөгөөр эрх баригч нар хөдөлдөг байна. Энэ нөхцөлд авдаг гол арга хэмжээнүүд нь валютын ханш дээр интервенц хийх, бодлогын хүү, бонд, хадгаламжий хүүг бууруулах, хөрөнгө оруулалтын хяналт болон шалгуурыг өндөрсгөх гэх мэт. Hot Money гэж сүүлийн үед манайхан ярьж буйтай агаар нэгэн бөлгөө. Бразил улс жишээ нь энэхүү асуудлаа шийдэхийн тулд гадаадын компаниудын бонд болон хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалтаас олж буй өгөөжөөс татвар авч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч улс орны тогтвортой өсөлтийг хангахад энэхүү арга нь дангаараа хүчрэхгүй нь батлагдаад байна.

Хөгжиж буй орнуудын дотоод хэрэглээ буюу эрэлт мөн маш чухалд тооцогдоно. 2010 онд жишээ нь хөгжиж буй орнуудын нийт хэрэглээ АНУ-ын дотоод хэрэглээнээс даваад байна. Тухайн улсын дотоод хэрэглээг тогтвортой байлгах гол хүчин зүйл нь дэд бүтэц гэж бүх шинжээч нар нэгэн зэрэг хэлж байна. Дэд бүтэцгүйгээр ирээдүйн өсөлт ба хувийн хөрөнгө оруулалт, хэрэглээг ярих нь утгагүй хэрэг байх нь.

Хэдийгээр хөгжиж буй улсуудын эдийн засгийн хүч өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа ч хөгжилтэй орнуудын эдийн засгаас шууд салгах ойлгох аргагүй билээ. Зарим шинжээч нар яваандаа хөгжиж буй орнууд заавал хөгжилтэй орнуудаас хамаарахгүйгээр хоорондоо харилцах замаар эдийн засгаа авч явах боломжтой гэсэн маргааныг хүчтэй өрнүүлдэг нь улам бүр даяарчлагдаж буй өнөө үед энэхүү үндэслэлийг батлахад хэцүү билээ. Гэсэн хэдий ч ерөнхийдөө хөгжиж буй улсуудын эдийн засгийн өндөр өсөлт ба хүчтэй интеграцийн нөлөөгөөр нийт хөгжиж буй улсуудын эдийн засгуудын өндөр хөгжилтэй орнуудаас хэт хамаарсан хамаарал өдөр ирэх тусах багасч байгаа нь илэрхий байна. Хятад улс дангаараа л хөгжиж буй орнуудын эдийн засгийн гол нөөц буюу хөдөлгөх хүч болоод байна. Хөгжиж буй орнуудын хоорондоо хийсэн худалдаа 1996 оноос 2010 онд 2 дахин өсч дэлхийн нийт худалдааны 15%-д аль хэдийн хүрээд байна. 2020 онд энэ хувь хэдэд хүрэхийг таашгүй.

Дээрх зүйлсийг базаад дүгнэхэд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хөгжил, хурд нь хөгжилтэй орнуудыг аль хэдийн ардаа орхиод буй бөгөөд тэр дундаа Ази тив, ялангуяа жингээрээ Хятад ба Энэтхэг улсуудын эдийн засгийн өсөлт дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хувь дэлхийд толгой цохихоор байгаа ч абсолют дүнгээрээ далайн дусал мэт билээ. Дэлхийн дундаж компанийн жилийн борлуулалтын орлогоос хэд дахин бага ДНБ-тэй байгаа нь биднийг масс болон бүтээмжээ өсгөхийг шаардаж буй хэрэг болов уу. 


Евро бүс ба АНУ-ын хямралаас шалтгаалан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт түрхэн хугацаанд буурсан ч буцаад өсөлтийн хурдаа эрчтэй авч буй нь 2010 ба 2011 оны мэдээллээс харагдаж байна. Жишээ нь тухайн улсуудын мөнгөний тэлэх бодлого, бэлэн мөнгөөр цатгалан компаниудынх нь санхүүгийн тайлан, хэрэглэгчийн хүлээлтийн индексийн өсөлт болон амьдралын стандартын дээшлэлт гэх мэт. Эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь гадаад өрийн бага хэмжээ, хувь хүн болон үндэсний корпорациудын бүтээмж, дотоод хэрэглээний өсөлт, цаашилбал хүн амын “зөв” бүтэц, уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нэмүү өртөг зэрэг нь орно.

Их эд баялаг эргээд их эрсдлийг дагуулна гэж ярьдаг билээ. Евро бүс болон АНУ, Ойрхи Дорнодын хямрал угжирвал мэдээж эдгээр улсууд хөгжиж буй орнуудад оруулсан хөрөнгөө татах нь мэдээж боловч хөгжиж буй орнууд хоорондын эдийн засгийн интеграцлал нь энэхүү эрсдлийг тэнцвэржүүлж байна.

Дараагийн том эрсдэл нь хөгжиж буй орнуудын хувьд түгээмэл зүйл болоод байгаа инфляцийн асуудал юм. Инфляцид нөлөөлж буй гол хүчин зүйлс нь өргөн хэрэглээний бараа тэр дундаа хоол хүнсний үнийн өөрчлөлт байна. Мэргэшсэн боловсон хүчний хомсдлоос шалтгаалан цалингийн өөрчлөлт нь инфляцид нөлөөлж буй дараагийн том хүчин зүйл болж байна. Яг үнэндээ бол нарийн мэргэжлийн Хятад санхүүгийн шинжээчийн өртөг Европын улс болох Германы ижил түвшний мэргэжилтэнээс өндөр болоод байгаа тухай E&Y аудитийн компанийн нөхөдтэй уулзаж ярьж байхад баталж байна билээ.

Хадгаламжийн хүүгийн өсөлтөөс болж банкуудын зээлийн хүү буурах боломжгүй байсан бол тухайн улсын мөнгөний хатуу бодлогоос болж аль ч төрлийн хүү буурах хандлагатай болдог нь хөгжиж буй улсуудын нийтлэг төрх аж. Үүнийг дагаад хувь хүмүүс болон байгууллагуудын хувьд зээл авах боломж нэмэгдэж банкуудын хувьд зээлийн өсөлт эрс нэмэгдэнэ. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсдөг нь жам аж. Энэ нь мөн л инфляцид нөлөөлдөг чухал үзүүлэлтэд тооцогдоно.

Бага зэргийн инфляцийн өөрчлөлт нь хөгжиж буй орнуудад хөрөнгөө оруулж буй нөхдүүдийн хувьд нэг их чухалд тооцогдохгүй ч хэрвээ бодлого тодорхойлогч нар нь мөнгөний хатуу бодлого явуулж эхлэвэл дунд болон урт хугацаанд зах зээл хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагч нарт ашигтай нөхцөл үүсгэхгүй бөгөөд алсдаа тухайн улсын банкны системийг ганхуулах ч эрсдэл байдаг аж.

Хөгжиж буй орнуудын хувьд магадгүй хамгийн фундаментал эрсдэл нь дотоодын улс төр болон геополитиктэй холбогдох болов уу. Солонгосын хойг болон ойрхи дорнодын асуудлууд хурцадвал хүссэн хүсээгүй хөгжиж буй орнуудын эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээр бүс нутгуудад нөхцөл байдал хүндэрвэл дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлөх бөгөөд жишээ нь дэлхийн газрын тосны ложистик тээврийн 20 гаруй хувь нь Ираны нутгаар дамждаг байх жишээтэй. Тээвэр ложистик гэснээс дэлхийн дулааралтай холбоотойгоор ирэх жилүүдэд Оросын зүүн захаас Арктикаар дамжин Европ руу усан онгоц явах шинэ гарц нээгдэх төлөвтэй байгаа талаар DHL-ийн төлөөлөгч нартай Улаанбаатар хотод уулзахад хэлж байсан нь сонирхолтой боловч байгаль орчны тэнцвэрийн хувьд гунигтай санагдаж байлаа.

Хятадын хувьд 2012 онд одоогийн эрх баригч нар бүх эрх мэдлээ дараагийн залгамжлагч нартаа шилжүүлэхээр яригдаж буй нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ихэнх шинжээч нар хүн нь солигдсон ч чанар нь солигдохгүй гэж тооцоолж буй. George Friedman-ийн гаргасан “The Next 100 Years” номонд жишээ нь Хятад улсыг зүгээр л нэг “арал” гэж тодорхойлсон байх агаад 2020 онд энэ улсад эдийн засаг болон улс төрийн том задрал явагдаж эхэлнэ гэж бичсэн байх жишээтэй.

Хөгжиж буй орнуудын хувьд гол анхаарах зүйлс нь Голланд өвчин гэгдэх зүйл байх. Энэ нь юу вэ гэхээр ялангуяа уул уурхайн экспортоос хэт хамааралтай эдийн засаг бүхий улсуудын хувьд дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийн чангаралт явагдаж, энэ нь тухайн улсын уул уурхайн бус бараа, үйлчилгээний экспортлогч нарт асар том эрсдлийг үүсгэж улмаар дэлхийн зах зээлээс арчигдах аюулыг авч ирдэг. Магадгүй хугацааны эхэн үед гэнэтийн ашгийн татвараар дамжин тухайн улс багагүй хөрөнгөтэй болох боловч дунд болон урт хугацаанд эдийн засгийн бааз сууриа өргөтгөх боломжгүй болох буюу бүх өндгөө нэг сагсанд хийж буйтай агаар нэгэн бөлгөө.

Товчхондоо бидний хувьд хямралыг удирдахаас илүү өсөлтийг хэрхэн зөв хянах нь хамгаас хэцүү гэрийн даалгавар мэт.

Sunday, 20 November 2011

The Terrible Truth

Нүцгэн үнэн

“The Economist” сэтгүүлийн сүүлийн дугаар дээр маш сонирхолтой хоёр ч нийтлэл гарсан байх юм. Уншиж ойлгосноо өөрийн бодолтойгоо базаад сийрүүлбэл:

Анзаараад байхад хүмүүс үнэн ба худлын улаан шугамыг зурах гэж асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байх юм. Худал хэлснээ нуух, үнэн гэдгээ батлах гэсээр цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгийг баруун солгойгүй цацах аж.

Хэсэг эрдэмтэд саяхан тархины мэдрэлийн эсүүдээр дамжин явагдаж буй мэдээллийг кодлон тайлж унших туршилтуудыг амжилттай хийсэн байна. Ингэснээр тухайн хүнтэй ярихгүйгээр бодлыг нь шууд унших боломжтой гэсэн үг.

Эрдэмтэд ч хүний мууг үзэх гэж энэхүү туршилтыг эхлүүлээгүй бөгөөд гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл хөдлөлөөрөө болон харилцааны эрхтнүүдээрээ илэрхийлж чадахгүй байгаа зүйлсийг бодлыг нь шууд унших замаар мэдэж харьцах явдал байсан байна. Өөрөөр хэлбэл толгойд асар нарийн мэдрэгч болон код тайлагч бүхий малгай өмсгөж компьютерийн дэлгэц дээр юу бодож, хүсч байгааг нь текстээр шууд унших юм билээ.

Эдгээр туршилтуудыг дараах 3 түвшинд хийж үзсэн байна. Эхнийх нь хүний зүүдийг судлах, хоёр дахь нь тухайн хүн ямар нэгэн объект хараад дотроо тэрхүү объектийн талаар бодож буй бодол, төсөөллийг нь, гурав дахь нь хүний бодлыг унших байв. Үүний энгийн хэлбэр нь тухайн хүний хүсч буй зүйлсийг нь 3 хэмжээст хэлбэрээр компьютер дээр дүрсээр илэрхийлэн бусдад харуулж болж байсан байна. Нарийвчилсан хэлбэр нь тухайн хүний бодлын унших аж. Зүүдний хувьд зүүдэлж буй хүнийг удирдах, харьцах туршилтуудыг амжилттай хийсэн бөгөөд унтаад зүүдэлж буй хүн нь өөрөө зүүдэлж байгаа гэдгээ мэдэж харьцаж байсан нь гайхалтай үр дүн байв. Сүүлд гарсан “Inception” кино үүнийг тайлбарлах сайхан жишээ болох юм билээ. Өөрөөр хэлбэл хүний юу зүүдэлж байгааг мэдэх боломжтой болоод байгаа аж. Үүнтэй яг адилхан концепц дээр суурилан тархины мэдрэлийн эсүүдтэй ажиллах замаар унтаагүй сэрүүн байгаа хүний бодлыг унших туршилтууд эхэлсэн ажээ. Цаашилбал нас бараад удаагүй байгаа хүний хүртэл бодлыг хэсэг хугацаанд “татан авч уншиж” боломжууд байгаа бололтой юм билээ.

Энэхүү туршилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүрээнээс халиад үг хэлээр дотоод сэтгэлээ бүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүсийг зах зээлээ болгож эхлээд байгаа аж. Зарим оффисийн буюу асар их хэмжээний бичиг баримттай ажилладаг ажилтнууд дээр гараараа компьютер дээр шивэхийн оронд тархин дотроо бичихийг хүсч байгаа зүйлээ бодон шууд автоматаар компьютер руу оруулж болох эсэх туршилтыг хүртэл ид хийж байна.

Цаашилбал энэхүү туршилтын хамгийн оргил нь хүний худал ярих чадварыг зогсоох эсэх дээр том асуултын тэмдэг гарч ирж буй бололтой! Энэхүү зүйл амьдрал дээр хэрэгжвэл шүүх, цагдаа, прокурорын хэрэг энэ дэлхий дээр бараг байхгүй болж нууц амраг, тагнуулч нар гудамжинд лааз өшиглөж эхлэх буй заа. Цаашилбал олон улсын харилцаа, үнэт цаасны арилжаатай холбоотой гардаг эрсдлүүд байхаа больж покер гэдэг тоглоомын утга нь өөрөө алдагдах биз ээ.

Эрдэмтэд энэхүү туршилтын явцад зөвхөн хүн худлаа ярьдаггүй агаад сармагчинаас эхлээд зарим төрлийн далайн амьтад хүртэл худал дохио өгч бие биенээ “явуулдаг” нь батлагдсан байна. Гэхдээ хүн төрөлхтөн худал ярихыг урлаг болтол нь төгөлдөршүүлсэн бололтой.

Магадгүй Монголын улс төр энэхүү бодол уншигч машинтай бол одоо байгаагаас хамаагүй хөгжилтэй бөгөөд зажлууртай болох байсан буй заа.

Бодлыг уншигч машин ба технологи бидэн рүү ирж айсуй. Аюугтун!

Tuesday, 8 November 2011

Overconfidence among experts

Almost all of us have tendency to be overconfident. It is funny to learn that even top experts in the world were saying the following statements!

“A severe depression like that of 1920 - 1921 is simply outside the range of possibility!”
Harvard Economic Society - Weekly Letter - 16 November 1929

“Don’t worry. They couldn’t hit an elephant at this dist…”
The last words of General J.B. Sedgwick - American Civil War, 1876

“This actor does not have the presidential look!”
A United Artists executive rejecting Ronald Reagan to play the role of the president in ‘The Best Man’

“Heavier-than-air flying machines are simply impossible! Radio has no future. X-rays will prove a hoax.”
Lord Kelvin - British mathematician and physicist, 1899

NEVER SAY NEVER, or how tomorrow’s technology caught out the experts!

“Drill into the ground to try to find oil? You’re crazy.”
Workers to railroad conductor Edwin Drake who drilled the first US oil field, 1859

“Television will not last. People will get tired of staring at a plywood box every night.”
Daryll Zanuck, 20th Centruy Fox producer, 1946

“There is no reason anyone would want a computer in their home.”
Ken Olson, president of Digital Equipment Corp, 1977.

“Who the hell wants to hear actors talk?”
Warner Bros, 1927

“I think there is a world market for maybe five computers.”
Thomas Watson, chairman of the board of IBM, 1943

“The bomb will never go off. I speak as an expert in explosives.”
Admiral William Leahy, US Atomic Bomb Projects

“This telephone has too many shortcomings to be seriously considered as a means of communication.”
Western Union, 1876

Monday, 12 September 2011

Ownership versus Control

 Эзэмшил ба Хяналт

Financial Economics сэтгүүл дээр арван жилийн өмнө “The separation of ownership and control in East Asian Corporations” гэсэн судалгааны материалыг Дэлхийн Банк, Хонг Конгийн Их Сургуулийн эрдэмтэд, судлаачид хэвлүүлжээ. Уг судалгааны гол дүгнэлт нь тухайн үед Зүүн Өмнөд Азийн том компаниудын эд баялаг тухайн улсуудын цөөн хэдхэн гэр бүлийнхний гарт төвлөрөн удирдагдаж байсан байна. Арав гаруй жилийн өмнө Азийн Бар улсууд гэж дэлхийд цоллуулан эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан улсуудтай одоо Монгол улсыг зарим нэг үзүүлэлтээр нь харьцуулан харвал нэг их алдаа гарахгүй болов уу. Тэр ч утгаараа тухайн үед асар өндөр өсөлтийг үзүүлж байсан Азийн бар улсуудын корпорациудын судалгаанаас өнөөгийн Монголын компаниудын зарим нэг нийтлэг хандлагыг анзаарч болохоор харагдав.

Дээрх судалгааг хийсэн нөхдүүд Зүүн Өмнөд Азийн Хонг Конг, Индонези, Япон, Солонгос, Малайз, Филиппин, Сингапур, Тайвань, Тайланд зэрэг 9 орны нийт 2,980 биржид бүртгэлтэй компаниудыг судалгаандаа хамруулсан бөгөөд дараах үр дүн гарч байсан байна. Компаниуд хоорондын пирамид бүтэц болон компаниуд хоорондоо солилцсон хувьцааны (cross-holdings) схемээс болж эзэд нь хувьцаагаараа дамжуулан авах ногдол ашиг буюу мөнгөн урсгалаасаа хамаагүй илүү хувиар тухайн компаниуд шийдвэр гаргах саналын эрхтэй байсан байна. Одоо ч байгаа буй заа. Ялангуяа энэхүү бүтэц нь гэр бүлийн хүрээнд бизнесийн удирдлагаа барьдаг болон жижиг, дунд түвшний компаниудын дунд элбэг байдаг аж. Дээр дурдсан 2,980 компанийн бараг 70% нь ганц хувь нийлүүлэгчтэй байсан гайхалтай зүйлийг илрүүлжээ. Түүнчлэн гол удирдлагын баг нь хувь нийлүүлэгч нарын хамаатан, төрөл төрөгсөд нар байсан нь эдгээр компаниудын нийтлэг зүйл нь байсан аж.

Нөхдүүд энэхүү судалгааг хийхдээ компани бүр дээр 5%-с дээш саналын эрхтэй хувьцаа эзэмшиж буй бүх хүн, хуулийн этгээдийг судлан гаргасан байна. Ихэнх тохиолдолд мэдээж хувьцаа эзэмшигч нь хувь хүн биш харин хуулийн этгээд, санхүүгийн байгууллагууд, бүр төрийн бус байгууллага буюу ашгийн бус сангууд байх нь элбэг байсан бөлгөө. Мэдээж нилээд юмыг нь ухаж байж үүнийг илрүүлсэн нь ойлгомжтой бөгөөд зөвхөн нэг компанийн бүтцийг хараад энэхүү судалгааг гаргах ямар ч боломжгүй билээ. Эдгээр конгломер компаниуд болон гэр бүлүүдийн хувьд аль нэг компанийнхаа дөнгөж 20% хувьцааг эзэмших нь дундаж хувь үзүүлэлт бөгөөд үлдсэн 60-80%-ийг нь өөр бусад компаниудаар дамжин шууд бусаар эзэмшдэг байна.

Гэхдээ мэдээж конгломер болон групп компаниудад ямар компаниудыг багтааж ойлгон, нэгтгэн тайлагнах вэ гэдэг нь улс бүрээр бага зэрэг ялгаатай байна. Ухаан нь БНСУ-д гэхэд Шударга Худалдааны Комисс нь группт багтах аливаа компанийн дор хаяж 30%-ийг группын аль нэг компани нь эзэмшдэг байх ёстой гэсэн заалтуудыг бизнесийн хууль эрхзүйн орчиндоо мөрдүүлдэг аж.

Үүнээс үүдээд компанийн эзэмшлийн хувь болон хяналтын хувь гэсэн ойлголтууд зүй ёсоор гарч ирж байна. Эзэмшлийн хувь гэдгийг энэхүү хувиараа дамжуулан нөгөө этгээд хир хэмжээний орох ба гарах мөнгөн урсгалд оролцож буйгаар тодорхойлсон байна. Харин хяналтын хувь гэдгийг саналын эрх буюу компанийн шийдвэр гаргалтанд оролцож буй хувь оролцоо гэж ойлгож болно. Ялгааг нь тодорхой гаргахын тулд энгийн нэг жишээ авъя. Нэгэн гэр бүл биржид бүртгэлтэй А компанийн 11%-ийн хувьцааг нь эзэмшдэг. Харин энэхүү А компани нь В компанийн нийт хувьцааны 21%-ийг эзэмшдэг. Энэ нөхцөлд нөгөө гэр бүл маань В компанийн хувьд 2%-ийн эзэмшлийн эрхтэй ч 11%-ийн хяналтын багцыг үүсгэсэн гэсэн үг ажгуу. Ийм учраас зарим хөрөнгийн биржүүд, засгийн газрууд саналын эрхтэй хувьцааны тоон дээр нэг этгээдийн эзэмших хувь дээр хязгаар тогтоох зэрэг арга хэмжээг авч ирсэн байна.

Пирамид бүтэц гэдэг нь ямар нэг этгээд аль нэг компанийн хувьцааны дийлэнх хэсгийг эзэмших бөгөөд энэхүү компани нь бусад компанудын хувьцааны мөн л дийлэнх хэсгийг эзэмших юм. Энэхүү үйлдэл нь доошоогоо хэдэн ч түвшин явж болох бөгөөд явах тусам бүтэц улам төвөгтэй болох юм.

Харин Cross-Holdings гэдэг ойлголтыг тухайн компани нь өөрийн группын аль нэг компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмших явдлаар тайлбарлаж болохоор байна. Гэхдээ энэхүү бүтэц нь компани хоорондын мөнгөн урсгал болон саналын эрхийг тооцоход хүндрэл учруулдаг. Жишээ нь, А компани нь Б компанийн 50%-ийн хувьцааг эзэмшээд, нөгө талдаа Б компани нь А компанийнхаа 25%-ийг эзэмшдэг байж болно. Энэ нөхцөлд А болон Б компаниуд цугтаа аль нэг групп болон гэр бүлд хамаарагддаг байх нь элбэг. Тийм биш бол энэ бүтцээр ажиллахад тун төвөгтэй байх нь мэдээж. Охин буюу салбар компаниудтай холбоотой мөн төвөгтэй асуудлууд үүсдэг. Жишээ нь, хувь нийлүүлэгч А компанийн саналын эрхтэй хувьцааны 25%-ийг эзэмших бөгөөд энэхүү А компани нь Б компанийг 100% эзэмшдэг. Харин Б компани нь А компанийн нийт хувьцааны 50%-ийг эзэмшдэг байх тохиолдол байна. Энэ нөхцөлд хувь нийлүүлэгч нь А компанийн хувьд хэдэн хувийн хяналтын эрхтэй байх вэ? Нөхдүүд үүнд хариулахдаа 50% гэх бөгөөд тухайн хувь нийлүүлэгч 25% нь шууд, үлдсэн 25% нь шууд бус буюу пирамад бүтцээр дамжин хяналтын 50%-ийн багцыг эзэмшиж байна гэж ойлгож болохоор байна.

Олон юм нуршилгүйгээр жишээ болгож Солонгосын Лотте групп буюу Kyuk Ho Shin-ийн гэр бүлийн эзэмшлийн болон хяналтын хувийг харуулъя.
Ер нь бол компаниудын гүйцэтгэлийн үнэлгээ, хувьцааны үнэ ханшийн мэдээлэл, эдгээртэй холбоотой акедемик судалгаа их байдаг ч өмчлөлийн бүтэцтэй холбоотой судалгаа, мэдээлэл хаа хаанаа хомс байдаг. Иймээс өдгөө IPO гэдэг үг моодонд орж байгаа өнөө үед Монголоос “угшилтай” энд тэндхийн хөрөнгийн биржүүдэд гарсан компаниуд дээр энэ төрлийн судалгааг хийвэл сонирхолхой бөгөөд хэрэгтэй акедемик, үнэтэй судалгааны ажил болох болов уу.

Хөрөнгө эзэмшиж буй этгээдүүдийн хувьд хяналтын хувь чухалд тооцогдох нь зүйн хэрэг ч тухайн бизнесийг авч явж буй хөндлөнгийн хөлсний менежерүүдэд шийдвэр гаргах түвшин буюу компанийн эзэмшлийн хувь нь хэрэгтэй байх буй заа. Саналын эрхтэй хувьцааны хувиар дамжин ногдол ашиг хуваарилах эсэх, хөрөнгө оруулалтын бүхий л шийдвэрүүд, хувийн шинжтэй томилгоог хүртэл хийх боломжой, хийдэг билээ.

Зүүн Өмнөд Азийн эдгээр компани, эзэд нь болох гэр бүлүүдийн түүхийг нь цааш судлаад үзвэл бараг бүгд анх бизнесээ эхлэхдээ засгийн газрын зүгээс ямар нэг хэмжээгээр дэмжлэг авч байсан байх ажгуу. Жишээ нь экспорт ба импортын онцгой эрх, тодорхой хугацаанд гадаадын компаниудтай өрсөлдөхөөс хамгаалсан янз бүрийн хамгаалалтууд, дотоодын зах зээл дээрх монополь эрх, засгийн газар хооронд хийгдсэн том төсөл, худалдан авалтын гүйлгээг хийх гэх мэт.

Судалгааны харахад дээрх Азийн 9 улсын корпорациуд бүгд группын пирамид бүтэц болон групп дотроо харилцан солилцсон хувьцааны схемийн дагуу нийт компанийн эд баялагын дийлэнх хувийг нэг хүн, эсвэл нэг гэр бүл саналын эрхтэй хувьцааны тоогоор хянаж, удирдаж байсан байжээ. Жишээ нь, Индонез улсын нийт компаниудын нийт хөрөнгийн 17%-ийг нэг гэр бүл дангаараа эзэмшиж байсан байх. Цаашилбал Индонез, Филиппин, Тайланд улсуудад арван гэр бүл л тухайн улсын компаниудад харъяалагдаж буй нийт хөрөнгийн талыг нь, Хонг Конг ба Солонгос улсуудад 1/3-ийг мөн л арван гэр бүл хянаж байх жишээтэй. Гэвч улс орны ерөнхий эдийн засаг өсч дээшлэхийн хирээр ганц хүний эсвэл гэр бүлийн гарт байсан компаниудын хувь эзэмшил, хяналт аажим багасч буй статистикийг мөн энэхүү судалгаа гаргаж баталсан байна. 

Монголчуудын хувьд ид “моод”-нд орж буй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээний дийлэнх нь 1996 онд ердөө 15 гэр бүлд ногдож байсан ба энэ нь тухайн санхүүгийн жилийн Хонг Конгийн ДНБ-ийн 84.2% болж байсан байх юм. Харин бараг ижил хугацаанд буюу 1998 онд АНУ-ын хамгийн баян 15 гэр бүлийн хөрөнгийн үнэлгээ нь АНУ-ын ДНБ-ийн дөнгөж 2.9%-тай тэнцэж байсан байна. Яагаад ийм байгааг хоёрхон жишээгээр тайлбарлаж болохоор байна. Сухартогийн гэр бүл Индонезид нийт 417 ХК болон ХХК-тай байсан бөгөөд эдгээрийг нь хүүхдүүд нь, хамаатнууд нь, түншүүд нь авч явдаг байсны дийлэнх нь засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан билээ.

Филиппинийн ерөнхийлөгч Ф.Маркосын салсан эхнэр нь 1998 онд Financial Times-д ярилцлага өгөхдөө:

“We practically own everything in the Philippines from electricity, telecommunications, airlines, banking, beer and tobacco, newspaper publishing, television stations, shipping, oil and mining, hotels and beach resorts, down to coconut milling, small farms, real estate and insurance”

гэж хэлсэн байдаг юм билээ.

Төр ба бизнесийн энэхүү “янаг амрагийн холбоо” бүхий зах зээлийг судлаачид CRONY CAPITALISM гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол улс энэ замналаар замнаж буй эсвэл замнах эсэхийг УИХ-д байгаа гишүүд, ирэх жил дэвших гэж байгаа нөхдүүдээр баримжаалан тодорхойлж болох байх. Иймээс хувь хүний хариуцлагаа дор бүрнээ ухамсарлаж иргэн бүр баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцох, хувь нэмрээ оруулах, хамгийн гол нь үүний тулд өөрсдийгөө боловсруулах, чадваржуулах ажил ихэд чухал мэт. Австралийн аборижинал нар, АНУ-ийн индиануудтай өөрсдийн ирээдүйг зүйрлэж болохгүй ч “үнэгүй мөнгө ба бэлэн хоол” зөвхөн занганд л байдгийг санаж загас барих аргыг сурахыг бултаар чухалчилъя.

Судлаачид зүүн өмнөд азид Crony Capitalism үүссэн гэж яг таг батлаагүй ч нээлттэй компаниудын хувьд азийн компаниуд илүү нийт хөрөнгө дээрээ томруулах дээр стратегиа боловсруулж байхад барууныхан өөрийн хөрөнгө дээрээ гол анхаарлаа тавьдаг ялгааг бусад судлаачид гаргасан байна билээ. Энэ ч утгаараа ч юм уу ижил хэмжээний хөрөнгө, нэр хүндтэй, эрсдэлтэй барууны болон азийн компаниудын хувьцааг анзаарахад Азийн компаниудын хувьцааны үнэлгээ ялимгүй хэмжээгээр үргэлж барууны компаниудаас доогуур байдаг хандлага буйг мөн бусад судлаачид мөн баталсан байдаг юм билээ. Тэгэхээр компанийн засаглал гэдэг зүйл хичнээн чухал болох нь анзаарагдаж буй биз ээ.

Азийн бар гэгдэх улсуудад ийм асуудлууд бизнес болон төрийн түвшинд байсан бол Чоно эдийн засаг байгуулахаар зорин тунхаглаж буй манай улсын хувьд гаргалгаа нь ямар байх ёстой вэ?

Thursday, 8 September 2011

Executive Remuneration Perspective

Удирдах ажилтнуудын цалин урамшууллын хэтийн төлөв
  
Mercer гээд хүний нөөцийн нилээд том компани байх. Монголд үйлчилгээ үзүүлээд эхэлсэн юм билээ. 2011 оны эхний хагаст эдний компаниас гаргасан тайлан, судалгааны хэдэн материалуудтай танилцав. Хэдий энэ дунд Монголтой холбоотой судалгаа байхгүй ч бидний хувьд харьцуулж харах нилээд зүйлс байна.

Эдийн засгийн эрчимтэй өсөлт, чадварлаг, мэргэжлийн боловсон хүчний хомсдол, дээрээс нь инфляциас болоод Азийн орнуудад, ялангуяа Хятад, Энэтхэг, Индонези, Вьетнам, Филиппин, Малайз улсуудад удирдах ажилтануудын цалин, урамшууллын хэмжээ эрс өсч байгаа бололтой. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн их шилжилт барууны орнуудаас азийн орнууд рүү хөврөөд эхэлжээ. Өнгөрсөн жил буюу 2010 онд Азийн улсуудын удирдах ажилчидын дундаж цалин Европын ижил түвшний албан тушаалтануудын дундаж цалингаас давж гараад байна. Энэ эрчээрээ явбал 2013 он гэхэд Ази тив АНУ-ыг энэхүү үзүүлэлтээрээ элбэгхэн гүйцэж түрүүлэхээр байна.

Дэлхий даяар буюу хөгжиж буй болон хөгжилтэй орнуудын аль алийнх нь хүний нөөцтэй холбоотой гол асуудал нь чадварлаг боловсон хүчин, гүйцэтгэх удирдлагын гол хүмүүсээ урт хугацаанд хэрхэн тогтоох вэ гэдэг болоод байгаа аж. Боловсруулж туршигдсан төгс схем нь ч гараагүй байна. Нөгөө талаасаа “чадварлаг, сайн” боловсон хүчин гэж хэнийг хэлээд байна гэхээр шинэ санаа санаачлага гаргагч, том зургаа харж сэтгэж чаддаг, эрсдэл хүлээх зоригтой, чадвартай, хурдтай ажилладаг хүмүүсийг хамаатуулаад байна. Ийм нөхдүүдтэй компаниуд хуучин үсрээд л 3-4 жилийн гэрээ хийдэг байсан бол одоо 10-20 жилээр гэрээний хугацаагаа ярьдаг, хийдэг болжээ.

Дэлхий улам бүр “хавтгай” болохын хирээр улс үндэстэн хоорондын үйлчилгээ, бараа, хамгийн чухал нь цалингийн жишиг салбар болон албан тушаалын эрэмбээр ижил болж буй хандлагыг бид анзаарах ёстой. Гол нь тухайн хувь хүний чадвар, мэдлэгээс үүдэн ялгаа гарахаас бус үндэстэн, ястантай холбогдож цалин, урамшууллын ялгаа байх огтхон ч ёсгүй, бид өөрсдөө ч байлгах учиргүй билээ. Ижил чадвар, мэдлэгтэй мөртлөө газар, тэнгэр шиг цалин авч, энд тэндэхийн улсуудад зорчихдоо ижил үнээр кофе авч ууж, адил үнээр таваг хоол идэж байгаа нь компаниудын хүний нөөцтэй холбоотой “даяар” асуудал болж буй мэт. Ухаан нь үндэстэн дамнасан корпорациудын хувьд тухайн улсын дундаж цалингийн жишгийг хүний нөөцийн бодлоготой уяах нь утгагүй болж буй хэрэг юм.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хүний нөөцийн бодлогын цөм нь хувьцааны үнэ дээр суурилсан байдаг нь асар том эрсдэл дагуулдагийг саяхан болж өнгөрөөд байгаа дэлхийн эдийн засгийн хямрал, биржүүдийн савалгаанаас ажиглаж болно. Ийм ч учраас хөрөнгийн захад ажиллаж буй компаниуд хүний нөөцийн хувьд ялангуяа түлхүүр менежер, удирдах ажилтан нартаа тусгайлсан урамшууллын бодлого буюу дан ганц хувьцааны үнэ ба өөрсдөөс хамааралгүй үүссэн эрсдэлтэй холбоотой гарзыг үл тооцсон хувилбаруудыг боловсруулан мөрдөж эхлээд байгаа аж. Энэтхэг улсад бол дунд түвшний менежерүүддээ дайлюшин хийгдэхгүй гэсэн нөхцөлтэйгээр компанийн хувьцааг эзэмшүүлэх хөшүүрэг их дэлгэрч байгаа сурагтай. Харин Япон улсын хувьд урамшууллын дөнгөж 20-30% нь хувьсах буюу гүйцэтгэлийн үр дүнгээс цэвэр шалтгаалдаг ба 70-80% нь бараг тогтмол шахуу байдаг аж. Үүгээрээ life time employment гэдэг концепцийнхаа үндсийг тавьдаг байх. Японы гол сонирхол татсан онцлог нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компани байсан ч гэсэн хэрэв тухайн хүний жилийн цалин, урамшууллын дүн нь 100 сая иэнээс (ойролцоогоор 1.2 сая ам.доллар) давбал нийтэд мэдээлэх, хөрөнгийн биржийн журам ёсоор бусдад тайлагнах албагүй аж. Үүгээрээ компани болон ажил олгогч нарыг дэмжих бодлоготой байж болох юм.

Монгол улс маань хурдацтай өсч дэвжиж буй орнуудын тоонд зүй ёсоор тооцогдож буй бөгөөд 2011 оны эхний хагаст л гэхэд эдийн засгийн хувьд 14.3%-ийн өсөлт үзүүлээд байна. Үүнтэй уялдан гадаадаас хуучинтай харьцуулбал асар их хэмжээний хөрөнгө оруулалт урсан орж ирж “мөнгөтэй” байхын зовлонг амсаж эхлээд буй. Энэхүү эдийн засгийн өсөлт, бизнесийн боломжуудыг харан өөрийгөө үнэлж буй чадварлаг залуус байхад нөгөө талд эдгээр залуусын гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын систем бүхий аж ахуйн нэгжүүд байж гэмээнэ энэхүү харьцааг тэнцвэржүүлэх ёстой. Ялангуяа сайн хүн авахаас гадна уг хүнээ тухайн байгууллагадаа хэрхэн удаан хугацаагаар барих вэ гэдэг нь хүний нөөцийн гол асуудалд тооцогдож байгаа болов уу. Үнэхээр чадварлаг бөгөөд хийсэн ажилтай, хийх хүсэл тэмүүлэл, зоригтой залуусыг морь мал, төмөр машинаас илүү үнэлдэг болох нөхцөл хүссэн хүсээгүй Монгол шиг хөдөлмөрийн зах зээлд үүсээд байна. Үүний тулд хүний нөөц нь өөрөө чанартай байх, сургалтын систем шинэчлэгдэх гээд энэ төрлийн экосистемийн хувьд яригдах том асуудал бидний өмнө тулгараад байна.

Дээр дурдсанчлан Монголын хувьд эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч буй өнөө үед цалин хангамж дор хаяж тэр хувиар өсөх ёстой мэт боловч энэхүү эдийн засгийн өсөлтөнд мань мэт нь өөрсдөө ямар хувь нэмэр оруулж байгаагаас хамаарч хувь хүртэх эсэх, хэдэн хувь энэ тэр гэдэг нь яригдах нь бизнесийн хувьд шударга билээ. Тэрнээс Монгол хүн болохоороо зүгээр сууж байгаад хишиг хүртэх ёстой гээд мунхаглаад байвал хүн болж амьдарч байгаагийн утга нь өөрөө үл ойлгогдох бөлгөө.

Товчхон дүгнэхэд дэлхий даяар ажил олгогч нар ажилчиддаа компанийн хувьцааг эзэмшүүлэх замаар уях биш тухайн хүний бий болгосон баялагаас тохирсон хувиар нь тухай бүр урамшуулж явах чиглэл рүү явж байгаа бололтой. Хэзээ хуваарилагдах нь мэдэхгүй ногдол ашиг хүлээж байснаас гялалзуулж хийсэн ажлынхаа шагналыг тэр дор нь хүртээд явах нь хар, шар гэлтгүй хүн болгоны хүсэл байх буй заа. Гол нь гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх вэ гэдэг нь чухалд тооцогдоно. Орчин үеийн хандлага нь богино эсвэл дунд хугацаанд суурилсан санхүүгийн зорилтоос илүү урт хугацааны буюу стратегийн түвшинд гаргасан үр дүнгээр нь гүйцэтгэлийг хэмжих индексүүдийг ашиглаад эхэлжээ. Ер нь бол дэлхийн том компаниудын гүйцэтгэх захирал нарын жилийн нийт орлогын багцынх нь дөнгөж 20-30% нь үндсэн цалин, үлдсэн нь бонус буюу урамшууллаас бүрддэг тооцоог саяхан бас Financial Times дээр гарсан судалгаанаас харж байсан юм байна.

Жич: Төр захиргааны ажилчид, албан хаагчид өглөө 8-с ажил нь эхэлдэг болсноос хойш 9 цагт эхлэх ажилдаа машинаар явдаг хүмүүс Энхтайвны гүүрээр маш сэлүүхэн зорчдог болсон гэлцэх юм билээ. Тэрийг би нь төрийн байгууллагынхан бүгд машинтай бас бүгд зайсанд амьдардаг гэж хэлэх гэсэн онигоо гэж ойлгосон. Хүний нөөцийн асуудал нь зөвхөн хувийн хэвшил бус төрийн албан хаагчдын цөм бодлого байх ёстой гэдэг утгаар үүнийг бичив.