Friday, 22 June 2012

Let us make ethical revolution more than economic revolution

Эдийн засгийн бус этикийн хувьсгал хийе

Хувьсгал гэдэг үгийг заавал үймээн самуун, бослого хөдөлгөөнөөр ойлгох албагүй болов уу. 20 гаруй жилийн турш бид нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийсээр ирлээ. Ижил зорилгод өөр өөр арга замаар хүрэхээр тэмүүлж буй улс төрийн ялгаатай үзэл бодол бүхий намууд энэхүү өөрчлөлтүүдийг хийх явцдаа өөрсдөө ч гэсэн багагүй хөгжиж, төлөвшиж авсан байх.

Ямар ч тушаал шийдвэрийг гаргах, гаргасны дараа хүчээр байна уу, аясаар нь байна уу хэрэгжүүлэхэд  амархан мэт боловч хүмүүсийн ухамсарын түвшинд хүртэлх гүнзгий өөрчлөлтийг хийхэд багагүй хугацаа шаардлага гэдгийг бидний жишээ маш тодоор харуулж чадна гэж бодож байна.

Улс орноо хөгжүүлэх, сайхан амьдрахыг адгийн архичингаас авахуулаад бүхий л улстөрчид нь бодож хичээдэг л байх. Гэхдээ хувийн явцуу сонирхол бүхий санхүүгийн сахилга батгүй, мэргэжлийн ёс суртахуунгүй нөхдүүд төрийн, бизнесийн, анги хамт олны, өрх гэрийн бүхий л түвшинд тааралдаж байдаг. Тааралдахаар барахгүй заримдаа биднийг удирдахаас гадна бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг шийдэх шийдвэр гаргах түвшинд гаргадаг, гарахад нь ч өөрсдөө ч мэдэлгүй тусалсан байдгаа гарсан хойноо л мэдэж араас нь харамсах аж.

Бизнесийн түвшинд энэхүү байдал харьцангүй гайгүй байна гэж хэлж болно. Монгол компаниуд олон улсын зах зээл дээр гарч эхэлснээс гадна хаалттай компаниудыг нээлттэй болоход нь хөшүүрэгдэж санхүүгийн дэд бүтцүүдийг бий болгоод байна. Үүнтэй уялдан компанийн сайн засаглал гэж олон жил яригдаж багагүй ч ажил хийгдэж буй ч үүний дараагийн түвшин болон компанийн эзэд болон эзэн гэр бүлийн засаглал гэсэн томоохон сорилт Монгол компаниудад тулгарч эхэлж байгаа. Хувийн өмчийг 8 настай балчираас 80 настай буурай хүртэл яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн нь ардчилалын гол үнэт зүйлсийн нэг боловч яаж тэрхүү хувийн өмчтэй болох нь хувь хүний боловсрол, овсгоо, ур чадвараас гадна ёс суртахууны маш том сорилт юм.  

Анги, хамт олон, гэр бүлийн хүрээнд өөрт ногдсон ажлыг аль болох өөр дээрээ эрсдэл багатайгаар буюу хариуцлага хүлээхгүйгээр, хурдан хугацаанд, нүд хуурч, бусдыг ашиглаж хийхийг оролддог, хийдэг хэсэг ч элбэг байдаг. Эдгээр хүмүүсийг саяхныг хүртэл бид ямар овсгоотой юм, ямар сэргэлэн юм, ямар овоо юм гээд магтдаг байсан. Тэр чинээгээр тэд өөгшиж 5 найз, ангийн 30 хүүхдүүдийнхээ өмнө хийдэг байсан үйлдлээ бизнес болон төрийн түвшинд зоригтой хийдэг болсон бус уу? Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг ч бүтээлч буюу асуудлыг шийдэх шийдэл бүхий шүүмж манай нийгэмд асар их дутагдаж байна.   

200,000 дөнгөж гаруй өндөр настнууд, 70,000 хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн эмзэг бүлэг,  60,000 орчим ажилгүйчүүд иргэдээс бүрдсэн 3 хүрэхгүй сая хүнийг жилийн 10 гаруй хувийн өндөр өсөлттэй 8 гаруй тэрбум ам.доллар бүхий эдийн засгаар дамжуулан улсад бүртгэлтэй 60,000 орчим аж ахуйн нэгжүүдийг оролцуулан, зах зээлийн үнэлгээ нь 1.3 триллион ам.доллар бүхий шуугиулаад байгаа уул уурхайн том  10-хан ордуудыг ашиглах эрх бүхий шийдвэрийг гаргах 76-хан Монгол хүнийг сонгох, эргээд нөгөө 3 хүрэхгүй сая Монгол иргэд өөрсдөө төрийн эрх барихаар сонгогдох эрх нь нээлттэй байгаа бидэнд. Энэ бол шинжлэх ухааны хүнд сонголт биш, энэ бол урлаг, уран сайхны түр зуурын сонголт бүр ч биш. Харин ёс суртахуун буюу этикийн сонголт гэж бодож байна.

Хэн нэгнийг дохиж ажлаа хийлгэдэг, хэн нэгний дохиур болж амьдардаг хүмүүсээс бид нийгмийн бүхий л түвшиндээ салах цаг нь болжээ. Сонгогдох гэж хүмүүсийн этикээс илүү сонгогч олны ухамсарын түвшин, төлөвшил бүхий л юмны үндэс суурь юм.

Зүрх ба толгой хоёрын тулаанд ходоод хождог гэсэн нэг хэлц байдаг юм гэсэн. Эдийн засаг хэдий чухал ч этикгүй эдийн засгийн удирдлага нь чөтгөрийн тойргийг үүсгэхээс гадна нэг нь унавал бүгд унах тул дохьдог, дохиулдаг нөхдүүдийн зохион байгуулалт улам “төгөлдөрших” аюултай билээ. Улс орны шийдвэр гаргах дээд түвшний институцийг сонгохын тулд бид зарим нэг этикийн доройтолд орсон хүмүүст “ухамсрын шанаа” өгөх өдөр айсуй!

Thursday, 14 June 2012

С.Оюун: Улстөр миний хувьд үүрэг, хариуцлага

Сэлэм эргүүлээд том том реформ гэхээс илүү бага багаар байгаа юмнуудаа л сайжруулаад л явах нь илүү чухал байна - Hard work and details

5 жилийн өмнө хүүхдүүдээрээ дамжиж би Оюун эгчтэй анх танилцаж байсан. Тэр үед буюу 2007 оноос бид Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан гэдэг ТББ-р дамжин холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны удирдах зөвлөл хуралдаж холбооныхоо тэргүүн болох С.Оюуныг сонгуулийн үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээгээр дэмжиж оролцох, өөрсдийн чаддаг, мэддэг зүйлээрээ туслах шийдвэрийг гаргасан юм. Би магадгүй миний хамгийн сайн чадах юм нь сайхан чөлөөтэй ярилцлага хийгээд тэрийг нь блогоороо дамжуулан олон нийтэд хүргэх гэж бодлоо. Энэ ч зорилгоор холбооныхоо гүйцэтгэх захирал Ариун, түүний 2 охинтой нь цуг холбооныхоо тэргүүнтэй ярилцага хийлээ. Өмнө нь би Тимтэй энэхүү ярилцлагыг хийж байснаас бус Монгол хүнтэй албан ёсоор ингэж сурвалжлагч шиг ярилцлага хийж байгаагүй юм байна. Онцолж хэлэхэд энэ бол захиалгат бичлэг, эсвэл цэвэр улс төрийн сурталчилгаа огт биш бөгөөд би хувьдаа хүндэлж явдаг хүнийгээ өөрийн нүдээр харж, ярилцаж, мэдэрч, эргээд энэхүү мэдрэмжээ миний блогийг уншдаг та бүхэнтэй хуваалцахыг зорьсон билээ. Харин миний бичлэгүүдээс хааяадаа авч сайт дээрээ тавьдаг сайтуудын хүмүүсийг энэхүү бичлэгийг олон хүнд тараавал бид их баярлах болно.

-Та бид хоёр холбоогоор дамжин танилцсан ч ингэж тухтай ярьж байгаагүй юм байна. Өмнө нь ажил хэргийн шугамаар уулзаж, таны талаар сонин хэвлэлийн түвшинд л мэдээлэлтэй байдаг. Одоо тухтай ярилцаж намтарыг тань сонсмоор байна.
-Нээрээ бид хоёр тухтай ярилцаж байгаагүй юм байна. Би 1964 онд Улаанбаатарт төрсөн. Аав маань Санжаасүрэн гээд Дорнодын Дашбалбарын гаралтай буриад хүн байсан. Багш, түүхч мэргэжилтэй, төлөв даруу, номын хүн байсан. Ээжийг минь “Сэрэлт” кинонд тоглосноор нь хүмүүс мэддэг. Доржпалам гээд эмч мэргэжилтэй, анагаахыг төгссөн. Анагаахад сурч байхад нь буюу оюутан байхдаа “Сэрэлт” кинонд тоглосон байдаг. Ээж ааваасаа гурвуулаа хоёр ахтай. Бид 23 дугаар сургуулиар хүмүүжсэн. Сургуульд орохоосоо өмнө бичдэг, уншдаг болоод хичээл номоо ах нартайгаа хамт хийдэг байлаа. Яагаад ч юм өөрөө болъё гээгүй байхад л ангийн дарга, пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга болсы дарга болчихдог байсан. Гэхдээ хувь хүн талаасаа би өөрөө амбиц их багатай л даа. Магадгүй энэ нь улс төрчийн хувьд сул тал байх. Дарга болъё гээгүй байхад болчихсон байдаг. Тиймээс заримдаа би өөрөө өөрийнхөө эсрэг яваад байгаа юм шиг санагддаг л юм. Улс төрд оръё өөрөө хүсээд зүтгээгүй л дээ. Харин дараа нь ахынхаа нэр хүнд, олон түмний хариуцлага, итгэлийг дааж өндөр хариуцлагатай явах ёстой гэж бодон хичээж явдаг болохоос ерөнхийлөгч болно, ерөнхий сайд болно гэж амбицалж байсангүй. Ард түмэн их том итгэл үзүүлсэн болохоор амбицаас илүү хариуцлагыг эрхэмлэж явдаг. Итгэл даах ёстой, надад итгэж байгаа хүмүүсийнхээ төлөө ямар нэг юм хийх ёстой, нэг л том хариуцлага юм шиг бодогдоод өнөөг хүртэл улс төрд явж байна.
-Таньтай нэгэнт уулзсаных улс төр, түүний систем, дэд бүтэц, зохион байгуулалтын талаар бас ярилцаж, мэдээлэл авмаар байна. Энгийн жишээгээр сонгуулийн мажоритари ба пропорциональ системийг тайлбарлаж өгөөч?
-Пропорциональ систем гэдэг нь сонгогч намд саналаа өгнө. Улстөрийн намууд жагсаалтаа гаргаад авсан саналын хувиараа парламентад суудал авна. Тухайлбал, бид нийт сонгогчдийн 10 хувийн санал авлаа гэхэд парламентад бүлэг байгуулах хэмжээнд хүрнэ гэсэн үг. 2008 оны сонгуулиар 11 хувийн санал авсан юм. Мажоритар систем нь нэр дэвшигч тойргоос санал авч парламентад орж ирнэ. Нам сонгогчдын 10 хувийн санал авсан ч парламентад нэг ч суудалгүй үлддэг “Winner takes all” буюу ялагч бүгдийг хамна гэдэг зарчмаар энэхүү схем ажилладаг. Тойргоос хүн гарна, аль нэг тойрогт хэн хамгийн их санал авсан нь гарч байгаа юм. Том хүчин зүйлс нь намын рейтинг байдаг. Нийт сонгогчдын талаас бага буюу 40 хувийн санал авсан хирнээ парламентын нийт суудлын 70-80 хувийг авах боломжтой байдаг. Жишээ нь, 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН сонгогчдын 53 хувийн санал авсан боловч парламентын нийт суудлын 95 хувийг авсан байдаг. Тэгэхээр улстөрийн нам хөдөлгөөн эвсээд байсан шалтгаан нь энэ юм.
-Улстөрийн намууд нэгнээсээ хэрхэн ялгарч байна. Юугаараа ер нь ялгарах ёстой байдаг юм бэ?
-Дэлхийд улс төрийн намуудын гурван том үзэл баримтлал байдаг. Социалистууд буюу Социал демократууд (МАН), Консерватив буюу барууныхан (АН), Либерал буюу төвийг сахисан намууд (ИЗНН). Манай намын хувьд төвийг сахисан, аль нэг тал руу туйлшрахгүй, бүх юмыг зах зээлд даатгахгүй, шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэсэн бодлоготой. Хүн өөрөө хөдөлмөрлөж, төр хөдөлмөрийг нь үнэлж амьдрал ахуй нийгэм хөгжинө, харин нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай бүлэгт төр халамжаа үзүүлэх ёстой гэж үздэг.
-ИЗНН-ын мөрийн хөтөлбөр Амьдрал гэсэн нэртэй. Энэ хөтөлбөрийн гол агуулга, зорилго нь юу вэ?
-ИЗНН 2012 оны сонгуульд “АМЬДРАЛ” хөтөлбөртэйгээр орж байна. Үргэлж иргэдийнхээ дунд байж жаргал зовлон, хүсэл тэмүүллийг нь мэддэг болохоор Амьдрал хөтөлбөрийг боловсруулсан.
1. Өрх толгойлсон эмэгтэйчүүд
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
3. Жижиг дунд бизнес буюу хувийн хэвшил гэсэн нийгмийн амин чухал асуудлыг шийдэхгүйгээр ирэх 2020, 2030 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр байх ёстой ч хувийн хэвшлээ дэмжсэн зах зээлийн эдийн засаг байх ёстой. Улс төрийн хариуцлагагүй амлалтыг болиулах цаг болж. Жишээ нь, 21000 төгрөгийг долдугаар сарын 1-нээс эхлэн өгөхөө болино. Одоо хавтгайрсан халамж бус нийгмийн зорилтот бүлэг болох өрх толгойсон эх, халамжлах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ өгөх хэрэгтэй.
-Танай нам хэдэн жил болж байна. Анх байгуулагдахдаа л либераль үзэл баримтлалтай нам гэж явсан уу?
-Үүсгэн байгуулагдаад 12 жил болж байна. Анхнаасаа төвийг сахисан, аль нэг тийшээ туйлшрахгүй, зах зээлд бүх юмыг даатгахгүй, гэхдээ зөвхөн шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэж ярьж байсан. Нөгөө талаар бизнесийг дэмжих ёстой, татварыг бууруулах талаар бас ярьж байсан. Энэ нь эдийн засгийн либераль талдаа бодлого юм. Одоо байгалийн баялаг, эрчим хүч гэдэг нь стратегийн түвшинд яригдаж байна. Ийм үед зах зээлд бүгдийг даатгаж болохгүй.
-Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засгийн эрх барих хэрэгтэй. Гэтэл нэг нам хэт олонхи болох хандлага алга. Намууд манайх ялна, тэдэн хувийн санал авна гэж мэдэгдэх болж. Энэ нь сонгогчдын санал өгөх итгэлийг алдаад байна уу?
-ИЗНН-ын хувьд 2008-2012 оны парламентад 3 суудалтай байлаа. Одоо энэ тоог бүлэг байгуулах хэмжээнд буюу 8 суудлаас дээш суудал авахын төлөө ажиллаж байна. Бүлэг байгуулж чадвал парламентад тавих хяналтаа сайжруулж асуудал шийдэх боломж нээгдэнэ.
-УИХ-ын сонгууль асар их мөнгөөр явагдах болж. Мөнгөний сонгууль гэсэн нэр томъёо бий болоод байна?
-Ардчилал хөгжсөн улс орнуудад сонгуулийн зардал харьцангуй цомхон байдаг билээ. Европт гхэд монгол мөнгөөр бодоход 30-50 сая төгрөгийг нэр дэвшигч зарцуулж байх жишээтэй. Гэтэл өнөөдөр Монголд нэр дэвшигч тойрогт 900 сая төгрөг зарцуулсан гэж байх юм. Эрх барьж байгаа том намууд сонгуулийн сурталчилгааны ажлын өртөгийг өсгөөд байгаа нь мөнгөний сонгууль гэх яриаг гаргаад байна. Европын орнуудад сонгуулийн сурталчилгааны үед төлбөртэй сурталчилгаанд маш хатуу хязгаарлалт тавьдаг юм байна лээ. Манайд бас ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн нөлөөнд байна. Хэдий хэвлэл нь, сэтгүүлч нь ярилцлага аваад, бидний мэдээллийг түгээмээр байдаг, надад сайн ч гэсэн эзэд нь улс төрийн хувьд өрсөлдөгчид учир боломжгүй байх жишээтэй.
-Танай нам сонгуульд нийгмийн бүхий л давхаргаас нэр дэвшүүлэхийг зорьсон нь харагдаж байна. Энэ нь зөв үү эсвэл том зургаа харж чаддаг лидерүүдээ илүү төлөөлж сойх ёстой юм уу?
-Улстөрчийн хувьд парламентад орж ажилласан байдлаасаа лидер мөн биш нь мэдэгддэг. Харин салбар бүртээ амжилттай ажиллаж, амьдарч буй олон хүмүүс нийгэмд байгаа. УИХ-д орвол одооны их хурлын лидерүүдээс ерөөсөө дутахгүй ажиллах боломжтой залуус олон бий. Гол нь явцуу эрх ашгийн төлөө явдаггүй зөв хүмүүс л байх ёстой. Манай намаас Алтанхуяг гээд евангилист хүн дэвшиж байгаа. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүсийг асардаг. Энэ залуу яг л хүмүүсийн төлөө явдаг, өөрийн итгэл үнэмшилтэй, өөрөө мөнгө төгрөгөө босгоод л гүйж байгаа. Магадгүй их хуралд орлоо гэхэд макро эдийн засгийн том том тоонууд ярьж, эрчим хүч, уул уурхай гэж ярихгүй байж магадгүй ч нийгмийн халамж, нийгмийн бодлого, эрүүл мэндийн чиглэлээр үнэн сэтгэлээсээ ажиллах хүн. УИХ-д одоо нормальний, улс орноо л гэсэн сэтгэлтэй хүн дутагдаад байгаа юм шиг санагддаг. Бизнесмэнүүд улс төрд орж болно л доо. Гэхдээ дэндүү ихээр орох нь эрсдэлтэй юм. Яагаад өндөр цалинтай, ашиг хийдэг бизнесмэнүүд улс төр рүү шуураад байгаа юм бэ? Бизнесийн мэдээлэл урьдчилан авах, өөрсдийн лоббиг хийгээд явцуу эрх ашгийн төлөө явчих бий л гэдэгт аюул бий.
-Танай намын гишүүд хэд орчим байна одоо?
Түрүүчийн сонгуулиар бид нар 126000 гаран хүний санал авсан гэж тооцохоор бидний дэмжигчдийн тоо 100000 гаруй байна. Яг батлахтай гишүүдийн тоо нь 30000 гаруй хүн байдаг.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудлыг та анх хөндөж байсан санагдах юм?
-Жендэрийн хууль боловсруулахаас өмнө ярьдаг байсан. 2004-2008 онд сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга байхдаа нэлээд сайн лобби хийж байж эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар батлуулж байсан боловч сонгуулиас өмнө уначихсан юм.
-Энэ 30 хувь зөвхөн нэр дэвшигч нарын хувьд л яригдаж байснаас парламентад суух гишүүдийн 30 хувь биш, тийм үү?
-Мажоритари системийн хувьд зөвхөн нэр дэвшигчид гэж явахаас өөр аргагүй юм байна лээ. Харин пропорцианаль системийн хувьд болдог. Намууд дүрэмдээ 30 хувиас доошгүй нь эмэгтэй байна, эмэгтэйчүүдийн намын жагсаалтын дээгүүр бичүүлнэ гэх мэт аргаар оруулж болж байна. Одоогийн хуулиар 20 хувь болсон байгаа. Манай намын хувьд намын жагсаалтын эхний зургаад хоёр эмэгтэй байгаа бол Ардын намын хувьд эхний аравт нэг л эмэгтэй байх жишээтэй. Тэгэхээр 30 хувийн санал авч байж 1 эмэгтэй гарах нь. Гэхдээ эмэгтэйчүүдийн сонгуулийн явцыг сонсож байхад манай эмэгтэйчүүд сайн явж байх шиг байна.
-Дээр ярьсан бүх юмыг базаад та ИЗНН-ын философи, хэтийн зорилгыг маш товчоор хэлээд өгөөч?
-Бидний хэтийн зорилго сайн засаглалын хамгийн том дуу хоолой болж улс төрийг илүү ил тод, нээлттэй болгож, шударга ёсыг бий болгохыг хүсэж байна. Энэ нь хяналт гэсэн үг. Нөгөө талаар эдийн засгийн хувьд либераль бодлого баримтлах, мөн сүүлийн үед ногоон бодлого хүчтэй орж ирж байгаа гэсэн гурван гол зүйл байна. Хяналт гэдгийн хувьд бүлэг байгуулах хэмжээнд буюу 8-10 хүнтэй их хуралд ажиллахыг хэлж байгаа болохоос би одоо энд 30, 40 суудал авна гэж худлаа ярих хэрэггүй. Ер нь их хурлад 3 гол үүрэг байдаг. Хууль тогтоох (legislative) буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайгаас болж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх сан байгуулах гэх мэт, гүйцэтгэх засаглал буюу засгийн газрыг хянах (oversight), иргэдээ төлөөлөх (representative) гэх. Ер нь УИХ гэдэг чинь ямар учиртай байгууллага юм, ямар эрхтэй юм гэдгийг бас тэр болгон хүмүүс мэддэггүй тохиолдол байдаг юм билээ.
-За энэ удаагийн сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэж зорьж байгаа юм байна. Тэгвэл арай урт хугацааны зорилго буюу жишээ нь 10 жилийн дараа ИЗНН хаана явна гэж төсөөлж, төлөвлөж байна?
-10 жилийн дараа өөрийн гэсэн байр суурь, орон зайтай, тэргүүлэх 2, 3 улстөрийн хүчний нэг байгаасай л гэж хүсч байна.
-Таны хувьд тэгвэл их хурлын гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга, засгийн газрын гишүүн ч байж үзсэн юм байна. Аль ажил нь хамгийн кайфтай ч гэх юм уу, таны хувьд илүү бүтээмжтэй нь байсан бол?
-Улстөрд явсан өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дийлэнхэд нь сөрөг хүчин байсан л даа. Хоёр жилд нь л төр барилцсан байдаг юм. Энд бол кайфтай эсвэл кайфгүйгийн асуудал биш . Улстөрийн хүчин бол засгийн эрх барихын төлөө л явдаг. Тэгж байж бид нар бодлогоо хэрэгжүүлнэ. Гэхдээ сөрөг хүчин байснаар хий хоосон шүүмжлэхийн оронд бүтээлчээр шүүмжилж, шийдэл тал дээр нь ажиллахыг үргэлж хичээсээр ирсэн. Их хуралд суугаад туршлагатай болсны дараа эргээд харахад цөөнх байсан ч гэсэн хичээж ажиллавал 1 сая, 1.5 сая шиг мөнгө, том бодлогын асуудал биш юмаа гэхэд хууль санаачлан батлуулах, санал гаргах зэрэг ажлуудыг хийгээд яваад байж болдог юм.
-Улстөртэй холбоотой асуултуудаа дуусгая аа. Сонирхож байсан юмнуудаа таниас асууж хариултаа авлаа. Гэхдээ энэ сэдвийг базаад та улстөрд байгаа 10 гаруй жилийн хугацаанд хувийн зүгээс болон нам тань Монголын төрд хийсэн, улс эх орныхоо төлөө хийсэн 3 том бодит ажлаа нэрлээч гэвэл юу юу байна?
-Эхнийх нь Авлигатай тэмцэх хуулийг анх санаачлаад, ажлын хэсгийг нь даргалаад, хуулийг нь батлуулсан. Өнөөдөр үүний үр дүнд Авлигатай тэмцэх газар нь байгуулагдаад ажиллаж байна. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ бид сайн дураар мэдүүлдэг болоод хэвшиж байна. Хоёр дахь нь Атрын 3-р аян. Манай намын гишүүн Ганхуяг ХАА-н сайд байхдаа хамгийн том хийсэн ажил нь энэ байсан. Бид засгийн газарт орохоосоо өмнө ХАА-д татаас өгөх ёстой, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж мөрийн хөтөлбөртөө нилээд ач холбогдол өгч оруулсан байдаг юм. Тэр үед зах зээлд бүх юмыг даатгах юм шиг хандлага өргөн байсан. 2000, 2001 оноос эхлэн зарим салбаруудаа, ялангуяа ХАА, хүнсний салбар дээр хамгаалалтын бодлого байх ёстой юм байна гэж ажиллаж байсан. Хятадын чанаргүй, хямд бүтээгдэхүүнтэй дотоодын аж ахуй эрхлэгч нарт татаас өгч дэмжиж байж л өрсөлдөх боломж гарахаар байдаг юм. Үүнийг Ганхуяг маань санаачилсан юм. Хэдийгээр үүнд нэр дурдаглахгүй байгаа ч гэлээ үнэхээр хэрэгжүүлэхэд нь гар бие оролцсон хүн. Мөн энд зээлийн баталгааны санг дурдмаар байна. Одоо хууль нь батлагдаад байгаа болохоос бид 10 жилийн өмнө үүнийг анх ярьж байсан юм. Тухайн үед хүмүүс шоолоод л юун зээлийн баталгааны сан бэ? Зээл чинь зах зээлийнхээ хуулиар л явна биз дээ, баталгааны сан гэхээр чинь бүр дампуу юм болохгүй юу гэдэг байсан. Гадны туршлагаар ЖДҮ-т их байдаг юм байна лээ. 2004-2005 онд би Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг даргалж байсан юм. Лүндээжанцан бид хоѐр даргалж байсан. Энэ хуулиар сонгуулийн тогтолцоо, намуудын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт зэргээр нилээд өөрчлөлт оруулсаны нэг нь эмэгтэйчүүдийн квотын асуудал байсан юм. Улстөр дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн асуудал дээр би өөрийгөө нилээд оролцоотой байсан гэж боддог.
-Таны талаарх сонин хэвлэлийн мэдээллийг харж байхад ээжийн чинь тухай нилээд гардгаас бус аавын тань тухай мэдээлэл хомс санагдсан. Иймээс та аавынхаа тухай дэлгэрэнгүй ярих боломжтой юу надтай?
-Аав Дорнодын Дашбалбарын хүн. 13 хүүхэдтэй малчин айлын отгон хүү нь байсан юм билээ. Гэхдээ гэрээсээ ганцаараа дээд сургууль төгссөн хүн нь. Дорнод аймгийн төв Чойбалсанд байгуулагдсан анхны 10 жилийн анхны төгсөлт. Дараа нь Улаанбаатарт ирээд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Москвад нийгмийн ухааны академд докторын зэрэг хамгаалсан. Монголдоо буцаж ирээд боловсролын салбарт олон жил ажилласан. Боловсролын яамны дэд сайдаар хүртэл ажиллаж байснаас гадна Дээд боловсролын хороонд орлогч дарга хийж байгаад МУИС-ийн нийгмийн ухааны факултетийн декан хийж байсан. Ер нь бол их төлөв даруу, номын, их тийм ажилсаг, шударга, хүмүүст их тусладаг хүн байсан. Гэвч аав харьцангүй эрт буюу 51 насандаа намайг дөнгөж 10 дугаар ангиа төгсөж байхад өвчнөөр нас барсан.
-Танай аав, ээж хоёр анх яаж танилцаж байсан юм бол?
-Тухайн үед ээж “Сэрэлт” кинонд тоглоод “од” болсон байсан гэсэн. Манай ээжийг эргүүлдэг байсан нэг залуу хойшоо дипломатын сургуульд явах болоод найздаа ээжийг танилцуулж манай Доржпаламыг сайн харж хандаж байгаарай гээд явсан гэдэг. Ирсэн чинь нөгөө найз нь буюу манай аав ээжтэй суучихсан байсан гэсэн. Ээжийн аав Симуков гэдэг орос хүн байсан. 1923 онд Козловын экспедиц гэж том баг Монголд ирсэн байдаг. Энэ нь Козловын 2 дахь том баг нь байсан бөгөөд Козлов нь өөрөө том судлаач, географик хүн байсан. Өвөө минь Монголд үлдээд 15 жил Монголыг нэвт шувт судлан тухайн үеийн газарзүйн хүрээлэнгийн эрхлэгчээр нь олон жил ажиллаж, Монгол хэлийг ус цас шиг эзэмшин, түүх соёлыг нь Монгол хүнээс илүү судалсан байдаг. Тухайн үед өөрийнх нь Орос эхнэр ирээд 5 жил Монголд амьдарсан байдаг. Манай энэ Орос эмээгийн нилээд их зураг хөрөг үлдсэн байдаг. Цугтаа өвөөтэй цуг Монголоор экспедицээр чамгүй их явсан байдаг. Өвөө маань манай орос эмээгээс Монгод хоёр хүүхэдтэй болсон ч Алтай нэртэй эхний хүүхдээ багад нь өвчний улмаас алдсан. Хоёр дахь хүүхэд нь охин гарангуут Говь гэж нэр өгөөд эхнэртэйгээ цуг Орос руу буцаасан юм билээ. Өөрөө удалгүй араас нь 1, 2 жил ажиллаад очно гэж байтал хэлмэгдүүлэлтийн үе эхэлж өвөөг KБГ баривчлан 1939 онд Орос руу авч явсан. Ээж маань нялхаасаа Монгол айлд үрчлэгдсэн тул Монгол хүн шиг өсч хүмүүжсэн ба өргөж авсан ээж нь Өвөрхангай аймгийн маш сайхан сэтгэлтэй ээж байсан гэж ярьдаг юм. Гэвч манай ээжийг 17 настай байхад нь бурхан болсон юм билээ.
-Улстөрч гэдэг хүний хувьд, улс төр гэдэг ажлын хувьд таны хувьд ажлын чинь хамгийн гоё үе, хамгийн муухай буюу үзэн ядмаар хэсэг нь юу байдаг вэ?
-Хамгийн муухай зүйл нь улс төрийн ажлыг арга барил нь нэг нэгнээ унагаах гэж хэлмээр юм уу даа. Тэгж өрсөлдөгчөө унагааж байж, шүүмжилж байж, хянаж байж ялалтанд хүрэх тул өөрөө энэ чинь их ядаргаатай ажил байхгүй юу. Муухай ч ажил юм шиг, тийм ээ? Гэхдээ үүнийг зөвөөр бодох юм бол зөв л дөө. Жишээ нь үнэхээр буруу зөрүү юм байгаа бол тэрийг нь шүүмжилнэ, илрүүлнэ, засна. Нэг талдаа улс эх оронд хэрэгтэй юм шиг мөртлөө нөгөө талдаа дандаа ийм хурц тэмцлийн дунд бие биеэсээ өө хайж явах, дээрээс нь захиалгатайгаар буруу мэдээлэл бичих, хүнийг гүтгэх, доромжлох асуудлууд дунд явах нь миний хувьд их хэцүү санагддаг.
-Зарим хүмүүс чинь улстөргүй бол амьдарч чадахгүй мэт байх юм. Таны хувьд?
-Улс төрийг миний нийгэмд, улс орондоо оруулах үүрэг, хариуцлага гэж ойлгож, хийх ёстой гэж бодож явдаг. Дээрээс нь нам байгуулаад, толгойлоод, олон мянган хүнийг түүчээлээд явж байгаагийн хувьд тэр олон хүний өмнөөс хариуцлага хүлээгээд явж байна гэж ойлгодог.
-Та С.Зориг агсны хэрэг илрэхгүй нь гэж итгэл алдарч байсан уу. Одоо ч таньд итгэл байна уу?
-Бага зэргийн итгэл байгаа. Миний бодлоор мөрдөн байцаагчид хичээж ажиллаад, хамгийн сүүлд Ерөнхийлөгч хүртэл аюулгүйн зөвлөл дээр сонсоод ингэ тэгэ гээд анхаарал хандуулаад байгаа ч мухарлаж чадаагүй байна. Бусад орны иймэрхүү захиалгат хэргүүд илрэх нь бас ховор байдаг юм билээ.
-Та бид хоёр 2007 онд танилцаж байсан. Хүүхдүүдийнхээ талаар ярилцая?
-Тийм байх. Тэр үед Магнай та хоёр, бас Эрдэнэ (Эрдэнэчулуун эгч маань Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан ТББ-ийн анхны гүйцэтгэх захирал) багш хэдүүлээ уулзаж байсан.
-Би ер нь бол Тэмкаг л цухас мэдэхээс бус танай хүүхдүүдийг сайн мэдэхгүй л дээ. Та бас нэг хүүхдээ өргөж авсан гэдэг байх аа?
-Тийм байх. Чи манай хүүхдүүдийг сайн мэдэхгүй болов уу. Нэг хүүхдээ өргөж авсан. Гэхдээ тэрийгээ одоо хэлэхээ больсон.
-Яагаад?
-Яагаад гэвэл хүүхэд том болоод. Бид нар багаас нь Анарт хэлээгүй учраас... Би бол хэлэх ёстой гээд номноос уншсан л даа. Тэртэй тэргүй хүүхэд том болохоор хэн нэгнээс мэдчихдэг юм байна. Тиймээс хөндлөнгийн хүн хэлэхээс өмнө хэлэх ёстой юм билээ.
-Нөхөртэйгээ яаж танилцаж байсан билээ?
-Нөхөртэйгээ юу. Багаасаа, бараг 6, 7 настайдаа танилцаж байсан гэж байвал яах уу? (тачигнатал инээв) Манай Баяраа ахтай хамт гимнастикийн сэкцэнд явдаг байсан юм. Манай Баяраа ах гимнастикаар их сайн хийчээллэдэг байсан.
-Ах чинь тэгвэл бас дүүгээ сайн захиж үлдээсэн чинь таныг аваад суучихсан уу, үгүй юу?
-Хэхэ. Манай Энхбаяр чинь гимнастикийн сэкцэнд идэвхтэй явдаг, гимнастикийн улсын 6 удаагийн аварга шүү дээ. Тэр чинь аягүй мундаг тамирчин байхгүй юу. Ах нартай найз. Дараа нь Зоригоо ахыг хойно сурч байхад Энхбаяр бас хойно оюутан болж очиж байсан. Биеийн тамирын дээд сургууль төгссөн, хажуугаар нь бас сэтгүүлчийн анги төгсөж мэргэжлийг нь эзэмшсэн, манай Зоригоо ахтай бас найз, Москвад. Тэгээд ирээд Монголын радио, телевизэд нилээд хэдэн жил ажилласан. Нилээд чадалтай сэтгүүлч л дээ. 1998 онд Зоригоо ахын хэрэг явдал гараад гэртээ ирэхэд надад хамгийн их тусалж, дэмжиж, түшиж байсан хүн. Тэр үед маш хэцүү үе байсан. Удалгүй нөхөн сонгууль гээд явахад бүх юмыг маань хийлцээд л явсан. Улс төрд ч гэсэн аягүй их түшиг болоод л. Тэгээд л... Би чинь одоо 34, 35-тайдаа ирсэн юмуу даа Англиас. Тэгээд л сүүлдээ 4-үүлээ болоод л бага хүүхдээ гаргах гэсээр байтал 38, 39-тэй болчихсон.
-Хүүхдүүд чинь одоо хэдтэй билээ?
-3-тай, 6-тай, 9-тэй. Тэмүүлэн, Анар, Нарангоо. Тэмүүлэн маань 2003 онд төрөөд, дараа нь Анарыг 3 жилийн дараа өргөж аваад, тэгээд Нараа төлөвлөгөөгүй гарчихсан (инээв).
-Та Дауны синдром буюу хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах холбоон дээрээ тэргүүн гээд явдаг. Магадгүй өөрөө тийм хүүхэдтэй болохоор ч тэр үү танай намын мөрийн хөтөлбөр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэлсэн бодлого нилээд байх шиг байна лээ. Улс төрөөс гадна энэхүү холбооныхоо ирээдүйг та яаж харж байна?
-Энэ маань сайн дурын ажил. Хэдхэн гэр бүл авч явж байгаа ч бид нилээд хичээж ажиллаж байгаа гэж боддог. Дор дороо зөндөө л ажил хийсэн, хийж байгаа. Цаашдаа бидний гол зорилго бол тогтолцоог өөрчлөөд, төр нь бидний хийгээд байгаа, хийх гээд байгаа зүйлсийг тогтолцоондоо оруулж, системийн хүрээнд шийдүүлдэг байх юм. Үүний тулд бид өөрсдийн үйл ажиллагаагаа төрд сайтар ойлгуулах, нийгэмд зөв ойлголтыг бий болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх ажлууд их чухал гэж бодож байгаа. Яг бид нар чинь улсын өмнөөс бүх ажлыг холбоо хийж чадахгүй шүү дээ. Бүх гэр бүлүүд, бүх хүүхдүүдэд хүрч чадахгүй. Чадлаараа ажиллаж байгаа ч гэсэн бид энэхүү тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чадах юм бол бид нарын хамгийн гол ажил болно гэж бодож явдаг. Тэгээд дээрээс нь заавал том ажил гэлтгүй эцэг эхчүүд маань хоорондоо уулзаад, зөвлөлдөө, бие биеэ дэмжээд, туршлагаа хуваалцахад нь бид туслах нь холбооны бас нэг гол ажил байх ёстой. Төрөөс үзүүлэх ёстой боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн ажлуудыг бид тэртэй тэргүй хийж чадахгүй шүү дээ дангаараа нэг төрийн бус байгууллага. Тэгэхээр яг тэр зөв системийг нь бүрдүүлэхэд бид өөрсдийн зөвлөгөө, сэтгэл, мэдлэг туршлагаараа хувь нэмэр оруулах, том зураг буюу roadmap гаргахад нь төрд туслах ёстой. Учир нь бид өөрсдөө амьдрал дээрээ энэ бүх зүйлсийг үзээд, даван туулаад, шийдлүүдийг туршаад явж байгаад болохоор тэрийгээ төр засагт ойлгуулж, төр засаг нь ийм системтэй болоход нь зөв нөлөөлөх юм бол бидний гол ажил болно оо. Харин нэгэнт ийм тогтолцоо бий болсон тохиолдолд бидний хийх гол ажил бол гэр бүлүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулаад л явна. Гэхдээ хандах, хүрэх ёстой бүх гэр бүлүүдэд хүргэх цогц үйлчилгээг ТББ хэзээ ч хүргэж хийж чадахгүй шүү дээ. Тийм хүлээлтийг ч гэсэн хүмүүст, нийгэмд бий болгох хэрэггүй л дээ.
-Эцэст нь асуухад сонгуулийн үр дүн дээр таны таамаглал юу байна?
-Би ингэж бодож байгаа. Хоёр том намын аль нь үнэмлэхүй ялалт авахгүй юм шиг байна. Дээрээс нь 5 хувийн босгыг манайх болон МАХН давах байх гэж бодож байна. Бусад намууд хэцүү.
-5 хувь гэдэг нь?
-Нөгөө намын жагсаалтын дагуу сонгогч нарын 5 хувийн саналыг авч байж л тухайн нам парламентад суудалтай болно. 5 хувь гэдэг нь бараг 70000 сонгогч гэсэн үг. Бидний хувьд их хуралд бүлэг байгуулах хэмжээ гэж байгаа боловч бас л чанга.
-За цаг гаргаж надтай уулзаж ярилцсанд баярлалаа!
-Чамд ч гэсэн баярлалаа!

Wednesday, 18 April 2012

Economic growth

Эдийн засгийн өсөлт

“Catch me if you can” гэдэг кино шиг Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган дээшилж чадахгүй бол хувь хүн, компаниуд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэдэг зүйл болох биз. Гэхдээ энэхүү өсөлт хязгаартай ба хугацаатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ДНБ-ийн бодит өсөлтийг 2014 он хүртэл дунджаар 14% гэж тооцож байна.  City групп (2011 оны 2 сар) 2015 онд хүртэл хамгийн хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнуудын жагсаалтыг гаргахад Монгол улс жилийн 14.2%-ийн өсөлтөөр жагсаалтыг тэргүүлж, ардаа Ирак, Энэтхэг, Хятад зэрэг улсуудыг орхисон байх юм. Түүнчлэн 2030 онд хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэх улсуудыг тооцоход ч мөн адил Монгол улс 9.7%-ийн жилийн дундаж өсөлтөөр тэргүүлсэн байна.

Энэ их эдийн засгийн өсөлтийн хаялага хаана, хэнд, хэрхэн “наалдаж” байгаа нь сонин. Нэг хүнд ногдох ДНБ-ийн (PPP аргачлал) хэмжээгээр энэхүү үзүүлэлтийг дунджаар гаргадаг. Цөөхөн хэдхэн улсын хувьд эдийн засаг хурдацтай тэлэхийн хирээр хувь хүний хөгжил нүдэн дээр харагдах ёстой. МcKinsey&Company-ийн 2011 оны судалгаагаар дараах сонирхолтой дүр зургууд гарсан байх юм.

Дэлхийн эдийн засгийн түүхэнд нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн богино хугацаад 2 дахин өссөн улсуудыг Англи улс 1800-гаад оны дунд хүртэл тэргүүлж байжээ. 1700-1854 оны хооронд Англичууд нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж чадсан ба үүндээ тэд бүхэл бүтэн 154 жилийн зарцуулжээ. Тухайн хугацаанд энэхүү улсын хүн ам 9 сая байсан байна. Дараа нь АНУ 1800-аад оны эхнээс сүүл хүртэлх 53 жилийн хугацаанд мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж тухайн үеийн 10 сая хүнээ баясгаж байжээ. Цаг хугацааны үечлэлээр Герман улс дараа нь бичигдэх агаад 65 жилийн хугацаанд 28 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөсөн байна.

Хамгийн сонирхолтой нь 1900 оны эхнээс энэхүү давалгаа Ази тив рүү шилжин орж ирсэн байх юм. Ази тивийг түүчээлэн Япон улс 20-р зууны эхний хагаст 33 жилийн дотор 48 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөж чадсан бол Солонгос улс үүнд 16-хан жилийг зарцуулж 22 сая хүндээ хүргэж чадсан байна. 20 ба 21-р зууны зааг дээр Хятад улс гайхамшигтай амжилт гарган 12 жилийн дотор л тэрбум гаруй хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөсөн бол Энэтхэг улс 16 жилийг зарцуулжээ.

Монгол улсын хувьд энэхүү мэдээллийг эх сурвалжаар аван тооцож үзэж болохоор санагдав. 1990-2010 оны хооронд Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн дунджийг тооцвол 5% л гарч байх юм. Харин 2002-2010 оны өсөлтийн дундаж нь бараг 10% дөхөж байна. Огцом өсөлт 2004 оноос үүссэн байх бөгөөд 2010 он хүртэлх тоог харвал 8 жилийн дотор Монголчуудын нэг хүнд ногдох ДНБ 2 дахин өсчээ. Катар энэ тэрийг харсангүй ч Хятад, Энэтхэгийн амжилтыг аль хэдийн даваад гарчээ.

Улс үндэстний баялаг, орлогын тэгш хуваарилалтыг хэмждэг ЖИНИ индекс гэж буй. Энэхүү үзүүлэлт 0 рүү тэмүүлэх тусам бүх ард иргэдэд баялаг тэгш хуваарилагдаж байна гэж үзэх боловч амьдрал дээр ийм байх боломжгүй. Хамгийн бага ЖИНИ индекс бүхий улсууд болох баруун европын хэдхэн улсуудад л энэхүү индекс нь 20 орчим байх юм. Харин Монгол улсын хувьд жилээс жилд энэхүү индекс өсч буй баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй гэж дүгнэж болох. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Монголтой ойролцоо ЖИНИ индекс бүхий орнуудыг гүйлгэн харвал Австрали, Канад, нөгөө өндөр хөгжилтэй баруун европын зарим орнууд хүртэл байх юм. Бусад улсуудыг сайн мэдэхгүй, гэхдээ Австрали улсад хэсэг байсных, Австраличууд хэрхэн хөдөлмөрлөж, цалингаа сараар, долоо хоногоор, үйлчилгээний газрууд бүр цагаар хэмжиж хуваарилдаг болохыг мэднэ. Баялаг бүтээхэд хөдөлмөрийн чадвартай бараг хүн бүр оролцож байх шиг байгаагаас гадна Австрали улсын ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх аж. Гэтэл Монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин 11 орчим хувьтай байгаа атлаа Австрали болон Канадын иргэдтэй бараг адил хэмжээнд орлогын хуваарилалттай байна.

Тэгэхээр баялаг, үнэ цэнийн тэгш хуваарилалт гэж ярих нь утгагүй хэрэг болох нь. Харин баялаг, үнэ цэнийн шударга хуваарилалт гэж байх ёстой болох нь. Халаас нь цоорхой архичин нөхрийн 21,000 төгрөгийг илүү цагаар хагас, бүтэн сайн өдөргүй ажиллан татвараар дамжуулан өгч буй залуус ЖИНИ индексийг багасгаж байна гэж бодоод байдаг. Ажилгүй, бэлэнчлээд сууж байгаа идэр насны залуусын тоог цөөлөхгүйгээр (механик бууралт буюу нас баралт энэ тэрийг хэлээгүй юм шүү) олон улсын тавцанд ЖИНИ индекс яагаад ч буурахгүй билээ. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил яагаад надад наалдахгүй байна гэдэг асуултыг төрөөс биш, гудамжинд орилж буй нөхдүүд өөрсдөөсөө асууж, шалтгаанаа хайвал зохилтой. Гэхдээ согтуу биш эрүүл үедээ!    

Monday, 16 April 2012

Media

Хэвлэл мэдээлэл

Та бид хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал хэмээн нэрийдээд удаж байна. Гэхдээ 4 дэх засаг гээд өөрсдийгөө ойлгочихсон хэдхэн сэтгүүлч нар бас байх шиг байгаа юм.

Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил энэхүү ойлголтыг хүн болгонд бататган өгч байна. Жиргээ хийдэг зарим хүмүүсийн дагагч нар нь Монголын хамгийн том өдөр тутмын сонингуудын сар, жилийн захиалагч нарын тооноос даваад удаж байна. Хэвлэл мэдээлийн хувьд интернэт нь өөрөө текст, дуу, видео бичлэгийн нэгдсэн талбар болоод буй нь магадгүй Монголд мэдээлэл харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн салбаруудын синержиг үүсгэх үндсэн нөхцөл болж буй болов уу.

Хэвлэл мэдээлэл гээд судлахаар мэдлэг ба мэдээллийн монополь гэсэн ойлголт нилээд тааралдах аж. Ухаан нь дундад зууны үед сүмүүд албаар латинаар бүх харилцаа холбоогоо хийдэг байсан тул зөвхөн латин хэлтэй, боловсролтой, нийгмийн дээд давхаргад сүмийн үйл ажиллагаа хүрч үйлчилж, тэр чинээгээр улс орны гол шийдвэрүүд цөөн хэдэн хүний хүрээнд гарч мэдлэг үйлдвэрлэл, хадгалалт, хуваарилалт хязгаарлагдмал хүрээнд байжээ. Түвдээр байгаа бүх шашны номыг Монголоор орчуулж хүргэх, мэтгэлцэх үйл ажиллагаа яагаад хийгдэхгүй байгаа бол? Мөнгө болон эрх мэдлээс гадна мэдээлэл нь аливаа улсын хувь заяаг шийдвэрлэх голлох хүчин зүйлс болоод удаж байна.

Иймээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой технологийн асуудал дээр мэдээллийн эх сурвалжид шууд орох, хандах боломж буюу эрх, түүнчлэн дэд бүтцийн хяналт маш чухал зүйлд тооцогдох нь байна. Яагаад бизнес эрхлэгч нар RIM технологи бүхий Blackberry утсыг хэрэглээд байна гэвэл мэдээллийн аюулгүй байдал, яагаад CDMA технологи дэлхий даяар хүчтэй тархаагүй гэхээр цэргийн технологиос үүдэлтэй гэх мэт. Интернэтэд ФМ радио хөгжлийн цулбуураа атгуулаад зах зээлээс арчигдах шахаж байсан боловч интернэт орчны Streamed Radiо-гийн шинэ загвар эргээд хүчээ авч байх жишээтэй.

Мэдээллийн хувь үнэтэй ба үнэгүй гэсэн 2 төрөл байх шиг байгаа юм. Үнэгүй мэдээлэл нь ихэвчлэн масс нийгэмд зориулагдсан бөгөөд ТВ, интернэт, ФМ байхад явж байгаа мэдээллийг нь төлбөр төлөхгүйгээр үзэгч, сонсогч нар авах боломжтой. Харин сэтгүүл, сонин, төлбөрт суваг зэргийг мөнгө төлж байж авна. Иймээс редакцийн бодлого гэх мэт зүйлээрээ мэдээллийн сувгууд ялгаатай байхаас гадна зорилтот зах зээл нь ч өөр байх нь. Ухаан нь шууд масст хандсан мэдээлэл нь чухал байх уу, эхлээд нийгэм, хамт олны сэтгэлзүйг бүрдүүлэгч бүлэг хүмүүст (opinion leaders) хандах уу гэх мэт. Мэдээлэл үнэтэй болж эхлэнгүүд мэдээллийн эх сурвалжууд болон мэдээллийг мэдээ, анализ болгож байгаа хүмүүсийн үнэ цэнэ, зохиогчийн эрх зайлшгүй яригдаж эхлэх ёстой.

Яг дээрх асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн асуудал үргэлж сөхөгдөнө. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь чухал ч гэсэн түүнээс эрхэм чухал зүйлс бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлага байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл нийгэмд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийг боловсрол, ухамсрын түвшинд сургах, чиглүүлэх, зөв бөгөөд бодит шийдвэр гаргахад нь туслах ёстой. Хэвлэл мэдээллийн сувгуудын төрөлжилт явагдаж эхлээд байна. Хүн дуртай хувцсаа авч өмсөж, дуртай дуугаа сонсож, дуртай хоолоо ресторанаас захиалдаг шиг мэдээллийн сувгуудыг удахгүй үзэгч сонсогч нар personalization, customization хийх нь бараг тодорхой чиглэл болоод байх шиг байна. Мөнгө төлж байгаа бүхий л этгээдүүдийн хүслийг нь биелүүлдэг, редакцийн бодлого байхгүй, аль нэг тал руу туйлширсан хэвлэл мэдээллийн байгууллага урт наслахгүй. Өнөөдөр Монголд байгаа 130 сонин, 95 телевиз, 72 радио, 102 сэтгүүлүүд хар аяндаа зах зээлийн жамаар зах зээлээс шахагдаж гарах, хоорондоо нэгдэх процесүүд явагдах нь тодорхой биз ээ. Магадгүй огт реклам явуулдаггүй телевизийн сувгуудийг үзэгч нар сар болгон тогтмол мөнгө төлж захиалан үздэг хандлага ч шинэ зах зээл болох боломжтой.

Түүнчлэн ардчилсан нийгэм бүхий улсад үзэгч сонсогч нар нь өөрсдийг нь төлөөлөн сонгогдсон төрийн түшээд нь юу ярьж хийгээд байгаа нь хангалтгүй санагдсан үед хэвлэл мэдээллээр дамжуулан төрд нөлөөлөх, нийгмийг оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг нь дэлхийн хэвлэл мэдээлэл ба улс төрийн түүхүүдээс тодхон харагдана.

Товчхондоо мэдээлэл бол мэдлэгийн цуглуулга байх ёстой болохоос биш цуу яриа, хов жив, захиалгат бичлэгүүдийн хогийн сав байх ёсгүй билээ. 

Thursday, 12 April 2012

Prisoner’s dilemma

Сэжигтэний ацан шалаа

Ийм нэг ойлголт бизнесийн сурах бичгүүдэд элбэг тааралддаг. Хоёр нөхөр хулгай хийжээ. Удалгүй цагдаа хоёуланг нь барьсан боловч хангалттай нотлох баримт аль алинд нь цуглуулж чадаагүй байна. Тиймээс энэхүү хоёр сэжигтэнг мөрдөн шалгахаар баривчлан тус тусад нь хорьж бие биенээс нь болон нийгмээс тусгаарлав.

Эхний сэжигтэнтэй цагдаа ганцаарчлан уулзаад хэрвээ та хоёр хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл өөрт нь 2 жилийн хорих ял хүлээлгэнэ. Хүлээхгүй бол цагдаа зайлшгүй нэмэлт нотлох баримт цуглуулах ёстой болох бөгөөд магадгүй хангалттай баримт цуглуулж чадахгүй бол эхний сэжигтэн буруугүйд тооцогдон чөлөөлөгдөж, эсрэгээрээ баримт бүрдвэл 5 жил хоригдох болохыг сануулжээ.

Уг цагдаа нөгөө сэжигтэнтэй уулзаад мөн л яг адил зүйл ярьсан байна. Хоёр сэжигтэн мэдээж цагдаагийн тулгалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нотлох баримт олдохгүй бол буруугүйд тооцогдож суллагдахаа мэдэж байгаа. Гэвч тэд хоорондоо холбогдож ярилцах боломжгүй бөгөөд нэг нь нөгөөгийнхөө эсрэг юу ярих, яриа нь яаж зөрөхийг аль аль нь таашгүй. Энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй хоёр нөхрийн эрсдлүүд болон боломжуудыг дараах зургаар харуулж болох.

Дээрх зургаас харахад мэдээж хоёр сэжигтэн хоёулаа цагдаатай хамтарч ажиллахгүй буюу хэргээ хүлээхгүй байхад өөрсдөд нь хамгийн ашигтай байхаар байна. Харин хэн нэг нь хэргээ хүлээгээд нөгөө нь хүлээхгүй нөхцөлд хэргээ хүлээсэн нь хамгийн муу хувилбар буюу 5 жилийн ял ганцаараа авахаар байна. Гурав дахь хувилбар буюу хоёулаа хэргээ зэрэг хүлээвэл аль аль нь 2 жилийн ял авах нь байна.

Энэхүү тоглоомын онолд бүх мэдээлэл нээлттэй гэж тооцогдох ба хоёр тоглогчтой, нэг удаагийн шийдвэр гаргах, гарсан шийдвэрээс хамаарч үр дүн нь шууд мэдэгдэх тоглоом билээ.

Яагаад ацан шалаа гэхээр аль аль нь хэргээ хүлээхгүй нөхцөл нь сэжингтнүүдэд хамгийн ашигтай боловч хэрэв хэн нэг нь хэргээ дангаараа хүлээвэл хэргээ хүлээгээгүй нөгөө нөхөр хамгийн хүнд ялыг нь ганцаараа үүрэх нөхцөл юм.

Дээрх нөхцөл нь хамтран ажиллаж буй хоёр хувь хүн, бизнесийн байгууллагын хооронд элбэг тохиолдох ерөнхий харилцаа бөгөөд улмаар манай улстөрчдийн хувьд жинхэнэ dilemma болж эхэлж байх шиг байнам. Эвтэй эсвэл Эбтэй байхдаа хүчтэй?

Friday, 23 March 2012

Let us in - I want to learn!

“Даунтай хүүхдүүд хайр дүүрэн өвөрмөц ертөнц”

3 сарын 21 бол Даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр. Энэ нь хромосомын өөрчлөлттэй хүмүүст илэрдэг шинж бөгөөд төрөлхийн ч гэж хэлж болно. Тэдний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал н.Ариунаатай ярилцлаа.
-Манай улсад Дауны хам шинжтэй хүмүүсийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл хэр байгаа бол? 
-Саяхныг хүртэл Дауны хам шинжийн талаарх мэдээлэл хомс, олон нийтийн мэдлэг маш муу байлаа. 2007 онд анх Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан нэртэйгээр хэдэн гэр бүл нэгэн зорилготойгоор зохион байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл олон нийт рүү чиглэсэн мэдээлэл, Даунтай хүүхэдтэй гэр бүл, нийгмийн ажилтан, эрүүл мэнд, боловсролын зохих шатны хүмүүст сургалт, семинар зохион байгуулсаар ирсэн. Үүний үр дүнд олон нийт багагүй мэддэг болсон байна лээ. Гэхдээ ийм хүмүүсийн талаар эрүүл мэндийн байгууллагын судалгаа маш хомс. Хэчнээн хүн байдаг, хэдэн төрөлт тутам Даунтай хүүхэд төрж байгаа талаар судалгаа ховор байна.
-Зарим хүн саажилттай андуурах нь элбэг байдаг?
-Тархины саажилтаас огт өөр. Учир нь Дауны хам шинж гэдэг маань хүүхэд анх эхийн хэвлийд үүсэн бий болох тэрхүү мөчид гардаг алдааны нэг. Бүр дэлгэрэнгүй тайлбарлавал хүүхэд анх бий болоход эх, эцэг хоёроос тэнцүү хэмжээний 23 хромосом авч, тэдгээр нь нийлээд эргээд 46 эс болж хуваагддаг. Энэхүү хромосомууд нь тус бүртээ 1-23 хүртэлх хүний үүсэл хөгжлийн бүтэц, үүргийг өөртөө агуулсан байдаг ба 21 дэх эс маань хуваагдахад ямар нэгэн зүйлээс үл хамааран хоёр биш гурав болж хуваагдсанаар энгийн эрүүл хүүхдийн адил 46 хромосомтой биш 47 хромосомтой Дауны хам шинжтэй хүүхэд төрдөг.  
-Дауны хам шинжийг удамшлын эмгэг гэдэг. Гэхдээ өөр ямар нэг зүйлээс шалтгаалах уу. Тухайлбал, Орос, Украины эрдэмтэд нарны идэвхжлээс шалтгаалдаг гэж тайлбарласан байдаг?
-Одоог хүртэл шинжлэх ухаанд чухам юунаас болж ийм эсийн алдаа гардаг, удамших, эс удамшихыг тайлж чадаагүй байна. Харамсалтай нь, үүний талаар олон нийтэд ямар нэгэн тайлбар гаргах үүднээс “Удамшлын” гэдгээр тайлах гэж оролддог. Энэ нь хүмүүсийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн талаарх мэдлэг, хувь хүний боловсролын төвшнөөс шалтгаалж гаргаж ирсэн ойлголт гэж бодож байна. 
Нарны идэвхжлийн улмаас болдог гэж би харин огт сонсоогүй юм байна. 
-Сүүлийн жилүүдэд Даунтай хүүхэд төрөх нь ихэссэн гэж дуулсан. Хэрвээ нэмэгдэж байгаа бол юунаас шалтгаалж байгаа вэ?
-Даун бол өвчин биш хромосомын өөрчлөлттэй хүүхэд, хүн юм. Дээр хэлсэнчлэн шалтгаан нь тодорхойгүй байгаа. Харин сүүлийн үед тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа нь эдгээр хүүхдүүд маань хорвоод амьдрах насны тоо нь уртссантай холбоотой болов уу. Учир нь Даунтэй хүүхэд эхээс мэндлэхдээ эрүүл мэндийн хувьд заримдаа хавсарсан гажигтай төрдөг. Үүнд 50 орчим хувь нь зүрхний хүнд бөгөөд хөнгөн гажигтай /зүрхний цоорхой гэж манайхан ярьдаг/, биеийн булчингийн бага зэргийн сулралтай, нүдний хараа болон чихний сонсгол сул байж болзошгүй, цөөхөн хувь нь бүдүүн гэдэсний болон бие эрхтний гажигтай төрдөг. Эдгээрийг анагаах ухааны дэвшилтэд хөгжил, эмч нарын ур чадвар дээшилснээс эрт оношилж, зохих эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэснээр эрсдэл нь багасан цаашид дундаж наслалт нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Даунтай хүүхэд олноор төрөөд байгаа мэт ажиглагдаж байгаа байх.
-Дэлхий нийтэд 700 төрөлт тутамд нэг Даунтэй хүүхэд төрдөг гэдэг. Гэтэл манай улсад 400 төрөлт тутамд нэг хүүхэд төрж байгаа гэж үзэж байна. Энэ нь юунаас болж байгаа юм бол?
-Би энэ тоотой санал нийлэхгүй байна. Дэлхийн хэмжээнд 800-1000 төрөлтөд нэг төрдөг гэсэн тоо баримт байдаг. Зөвхөн монгол хүнд энэ тоо нь хоёр дахин болж байгаа нь ямар ч үндэслэлгүй худлаа тоо гэж би хэлнэ. Энэ тоо баримтыг бас хэн хэлснийг би мэдмээр байна.
-Нэг үе манайхан Даунтай хүмүүсийг тэр бүр анхаардаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд нэлээд анхаарал тавьдаг болсон бололтой? 
-Үүнтэй би санал огт нийлэхгүй байна. Харин тэдэнд хэн үнэнч байгаа вэ гэвэл тэднийг төрүүлсэн эцэг эх, гэр бүлийнхэн л анхаарал, хайр халамжаа шавхаж үнэнч байдаг. Манай төр засаг маань Даунтай хүүхдүүд битгий хэл өөр бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдээ ч тааруу анхаардаг. Нийгмийн халамжаараа ер нь их доогуур ордог улс шүү дээ. Даунтай хүүхэд нийгмийн халамжид хамрагдаж чаддаггүй байсан. Яагаад гэвэл Даун гэж юу юм бэ гэдгийг саяхныг хүртэл нийгмийн ажилчид маань мэддэггүй байлаа. Харин манай холбоо нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт явуулснаар хүүхдүүд маань сард жаахан ч гэсэн тэтгэмж улсаас авдаг болсон. 
Эдгээр хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө, тэдгээрийг нийгэмшүүлэх, эрүүл байлгах, сурч боловсроход нь манай холбооныхон бага ч гэсэн ахицтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд бид 25 дугаар сургууль дээр төрөлжсөн ангитай болж, бага насны хүүхдүүд маань энгийн цэцэрлэгт хамрагдан, эцэг эхчүүд маань хүүхдийнхээ онцлогт тохирсон арчилгаа сувилгааны талаар бусад туршлагатай эцэг эхээс зөвлөгөө авах, гадаад дотоодын нарийн мэргэжилтнүүдээс суралцах гэх мэт үйл ажиллагааг явуулдаг.
-Уг нь төрөхөөс өмнө оношлох боломжтой гэсэн байх аа. Тэгэхээр урьдчилан сэргийлж болно гэсэн үг үү?
-Хөгжилтэй оронд эхийн хэвлийд байхад нь ургийн 12-16 долоо хоногтойд илрүүлж болдог. Манайд харамсалтай нь тийм боломж байхгүй. Нарийн оношилгооны тоног төхөөрөмж, түүнийг эзэмшсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн, лаборатори байдаггүй л дээ. Хэрэв байдаг бол зөвхөн Даун ч биш өөр бусад ургийн гажгийг илрүүлэх болоцоотой байдаг.
-Дауны хам шинжтэй хүүхдүүд бусад төрлийн өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг. Урьдчилан сэргийлэх боломж хэр байдаг вэ?
-Эдгээр хүүхдүүдийн маань дархлаа их сул байдаг тул маш уйгагүй асаргаа халамж шаардагддаг. Ямар ч нярай хүүхэд мөн адил тийм байдаг шүү дээ. Гэхдээ эхийн хайр халамж, асаргаа, эрүүл орчин, зөв оношилгоо, эмчилгээ байгаа цагт ямар ч хүүхэд эрүүл бойждог шүү дээ. Түүний л нэг адил....
-Нэгэнт ийм хүүхэдтэй болсон тохиолдолд тодорхой эмчилгээ байдаггүй гэж ярьдаг ч нийгмийн болон сурч боловсрох тал дээр нь анхаарал хандуулж чадвал нийгэмтэйгээ харилцах боломжтой гэдэг?
-Эдгээр хүүхдүүд маань жирийн хүүхдүүдийг бодвол аливаа юмыг хүлээж авч сурахдаа удаан байдаг. Хэрэв тэдгээртэй уйгагүй ажиллавал бусдын адил уншдаг, бичдэг, дуулдаг, хөдөлмөр эрхэлдэг болдог. Тэд бол маш нарийн мэдрэмжтэй, онцгой их хайраар бялхсан өвөрмөц хөөрхөн хүүхдүүд байдаг. Ээж, аав, ойр дотныхондоо онцгой элэгсэг, хайртай байдаг юм.
-Хэдийгээр өвчтэй хүүхдээ асрах нь үүрэг хариуцлага ч гэлээ асаргаа, халамж анхаарал хамгийн шаардагддаг учраас тухайн гэр бүлийн хэн нэгэн үндсэндээ ажил хийх боломжгүй болдог байх. Тэгэхээр тэр хүмүүст тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг эсэх нь их сонин байна?
-Эдгээр хүүхдүүд маань бусдын адил бие дааж амьдрах, гэр бүлтэй болох, үр удмаа үлдээх гэх мэт жирийн бидний хүмүүний амьдралын жаргалтай мөчүүдийг амсах хувьгүй. Тиймээс хэн нэгний асрамж, хараа хяналтад амьдардаг учраас манай орны нөхцөлд гэр бүлийн хэн нэгэн гишүүний асаргаанд байдаг. Эдгээр гэр бүлийн гишүүд нь хөдөлмөр эрхлэх боломжгүй бөгөөд хүүхдээ асарсны тэтгэмж болох улирлын 60 мянган төгрөгөөр амь зуух болдог. Харин 30 мянган төгрөгийг хүүхдэд сар болгон эм тарианы зардалд улсаас олгодог. Мөн 16 нас хүрсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлийнхээ зэргийг тогтоолгож, тахир дутуугийн тэтгэвэр авдаг юм байна лээ. Тэр нь сард 50 мянган төгрөг орчим байдаг. Энэ оноос 70 мянга болж байна 
-Даунтай хүүхдүүдэд зориулсан боловсролын талаар ямар арга хэмжээ байдаг юм бол?
-Эдгээр хүүхдүүдийн онцлогт тохирсон эсгүүр, тааруулсан заах аргачлал хэрэгтэй байдаг. Манай холбооноос хийсэн нэг ажил нь энэ. Бид хүүхэд тус бүрийн онцлогт тохирсон сургах аргачлалыг Монголд анх удаа мэргэжлийн баг бүрдүүлж нэлээн олон Даунтай хүүхдүүд дээр ажиглалт хийсний дүнд боловсруулж гаргасан. Одоо үүнийгээ туршиж хэрэгжүүлэх л үлдээд байна. Хэрэв энэ нь үр дүнгээ өгөх юм бол бид манай улсад хэрэглэж байгаа тусгай сургуулиудын боловсролын хөтөлбөрт жаахан ч гэсэн өөрчлөлт хийх цаг болсон гэдэгт дуу хоолойгоо хүргэх л үлдэх байх. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тус бүрийн онцлогт эсгүүр тааруулсан аргачлалаар ажиллана гэдэг чинь зүйрлэвэл чи биедээ таарсан эвтэйхэн хувцас өмсөх ямар амар байхтай л адил юм.
-Ямар ч өвчин эмгэг сэтгэл санаатай холбоотой байдаг. Дауны өвчтнүүдийг ч гажиг гэх мэтээр нэрлэж, гадуурхах явдал бий. Нийгэмшүүлэхийн тулд яавал дээр вэ?
-Энгийн хүүхэдтэй адилхан хүмүүжүүлж, энгийн хүүхэд шиг нийгэм хүлээж авах учиртай. Саяхныг хүртэл гэр бүлд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүн төрөх нь  нийгмийн хувьд тухайн гэр бүл бусдаас гадуурхагдах, удам угсааны хувьд нэр хүндэд нь нөлөөлөх, нэр хоч зүүх гэх зэргээс шалтгаалан нийгмээс тухайн иргэнийг тусгаарлаж нуух, гэрээсээ гаргахгүй байх, эрүүл мэндийн зохих тусламжийг авахаас татгалзах зэрэг бодит бэрхшээлүүд байсан. Харин  ардчилал хөгжиж хүний эрхийн талаар түгээмэл яригдах болсноор хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарч, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт бий болж байна. Даунтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд олон нийтийн хандлага их ач холбогдолтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл байлгахад бусадтай адил эрүүл мэндийн тусламжийг цаг тухайд нь авах болоцоог бүрдүүлэх, сургууль цэцэрлэгт гадуурхалгүй тэгш эрхтэй хамруулах, хэр хэмжээнд нь тохирсон хөдөлмөр эрхлүүлж хамт олонтой болгох гэх мэт та бидний нэгэн адил бүхий л эрхийг эдлэх болоцоогоор хангаж байхыг л хэлж байгаа юм. Хөгжилтэй оронд үүнийг бүтэн цогцоор нь төр нь, олон нийтийн байгууллага нь иргэдтэйгээ хамтраад маш оновчтой шийдсэн байдаг. Манай улс орон ч гэсэн тун удахгүй ийм шийдэлд хүрнэ гэдэгт найдаж түүнд нь манай холбооныхон, эцэг эхчүүд маань сайн санаат төрийн түшээдүүдийн хамтаар жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж зөв гольдролд нь асуудлыг шийдүүлж маршрут зургийг гаргана гэдэгтээ итгэл дүүрэн байдгаа хэлмээр байна.  
-Хэлж ирдэггүй өвчний золиос болсон бяцхан үрсийг харахад сэтгэл эмзэглэхээс өөрийг хийж чадахгүй олон уншигч бий. Та бүхэнтэй яаж холбогдох вэ?
-Зүүний үзүүр дээр будаа мэт тогтож ирсэн энэ хүмүүн хэмээх биеийг олж хорвоод мэндэлсэн бид хэнийг ч үл ялгаварлан амьддаа нэг нэгнийгээ хайрлаж явцгаая даа хэдүүлээ, бид цөөхөн шүү дээ гэж л хэлмээр байна.

Бидний талаар
 www.dsam.mn сайтнаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна 99046164 тоот утасаар бидэнтэй холбогдож болно.
-Танд баярлалаа.

Ярилцсан З.ОРГИЛ

Friday, 24 February 2012

Blue Card

 Хөх Гэрэг

2003-2006 оны хооронд Монголд ажилласан АНУ-ын элчин сайд Pamela Slutz нутаг буцахын өмнө хэлсэн үгнүүд нь Wikileaks дээр байх. Монгол Улс бол АНУ-ын стратегийн түнш биш гэж шулуухан бичсэн мэдэгдэл дээр нь хамгийн гол нь Монголчууд та бидний хувь хувьсгалын, этикийн болон ур чадварын талаарх өгүүлбэрүүд нь өөрийн эрхгүй анхаарал татах аж.

[Mongolia] still falls short in many areas: lack of a well-articulated national development strategy; a pervasive lack of transparency in government transactions; corruption, including widespread disregard for conflict of interest among elected and appointed officials; a combination of populism and lingering attachment to the state's role in the economy which are detrimental to the development of a friendly environment for foreign and domestic investment; police abuse of suspects and jail inmates; and an abysmal percentage of women among elected and civil servant decision makers. 


[...] As we proceed, we should keep in mind that Mongolia currently lacks the capacity to design and implement the policies and programs necessary to achieve sustainable economic growth. Specifically, Mongolia lacks western-educated, apolitical, well-paid, private and public sector professionals who are able to grasp the principles of and implement private sector-led growth and rule of law, the two determinants of sustainable economic growth. This lack of capable manpower is probably the single, largest obstacle to Mongolia's ability to move forward. The bulk of the current political leaders and senior bureaucrats are of a generation that was educated in the former Soviet Union and steeped in socialist doctrine, government by fiat, and central planning. On top of this, the social fabric of a small, inter-related populace abhors competition with its winners and losers and encourages a lowest-common denominator consensus approach to decision-making.


Хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал болж буйг Монголд төрийн болон бизнесийн бүхий л түвшинд ажилласан буй хүмүүс ойлгож байгаа. Дээрх нөхөр хэдий 2006 онд энэхүү үгийг хэлсэн ч одоо хүртэл нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй. Угаасаа үндэсний цөөхөн хэдхэн ажиллах хүчний цөм нь уул уурхайн салбар руу аажим шилжихийн хирээр бусад салбарт хүний нөөцийн хомсдол хүчтэй нүүрлэж байгаа нь бодит зүйл болоод байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг чухам энэхүү үед л Гадаадад буй Монголчуудын хувь нэмэр, эх нутагтаа буцан ирэх шийдвэр гаргах иргэний зориг ус агаар мэт хэрэгтэй гэж би хувьдаа харж явдаг. Энэ ч утгаараа Bring the World in Mongol ба Think Globally and Act Locally зэрэг нийтлэлүүдийг нилээд хэдэн сарын өмнө блог дээрээ бичиж байсан билээ.

Яруу найрагч Галсансүх хүртэл дараах зүйлийг хэлсэн байдаг.

Өнөөдөр Монголын хамаг л ухаантай, чадалтай эрчүүд гадагшаа гарлаа гэдэг. Би тэднийг урвагч гэж хэлнэ. Баян чинээлэг болохоор нь эх орондоо эргэж ирэх юм гэнэ. Тэгээд бас насны эцэст Монголдоо ясаа тавина гэдэг. Монгол оршуулгын газар уу. Бидний бүтээж цогцлоосон сайхан бүхэн дээр тэд ирээд, ясаа тавих гэнэ. Үр хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлээд, сайхан хүн болгоно гэж тэд ярьдаг. Эцсийн эцэст тэр хүүхдүүд нь хэзээ ч Монголд ирэхгүй шүү дээ. Гадаадаа шүтсэн амьтад л өсөж томорно.

Монгол хүн Монголынхоо төлөө “зүгээр” л байх нь учир дутагдалтай бөгөөд ямар нэг том жижиг бодит ажил хийж гэмээнэ үнэ цэнэ гарах болов уу. Гадаадад буй Монголчуудтай уулзаж байхад эрүүл мэнд ба боловсролын системээс хамгийн их айж зүрхшээн наашаа ирэх шийдвэр гаргаж чадддаггүй юм билээ. Олон улсын сургуулиуд аль хэдийн үйл ажиллагаагаа эхлэн, дараа дараагийн сургуулиудынх нь барилгын ажил нь дуусч байхаас гадна дэлхийн стандартад нийцсэн эмнэлгүүд аль хэдийн баригдаад эхэлсэн байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Personal Mission with Passion-тай хүнд юунд ч санаа зовохгүйгээр ажиллах саналыг Монголд буй компаниуд аль хэдийн тавиад эхэлсэн байна билээ.

Тийм ч учраас гадаадад буй Монголчууддаа зориулан Цахим Өртөө Холбоо ТББ дараах уриалгыг гаргасныг та бүхэнд мөн блогоороо дамжуулан уламжилж буйг болгооно уу.

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ “Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:

Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно.

Тэгвэл эдүгээ цаг нь иржээ. Монгол улс өнгөрсөн 20 жилд ардчилсан зарчмаар улс нийгмийнхээ хууль эрхзүй, эдийн засгийн бүтэц, төр захиргаагаа төвхнүүллээ. Өөрчлөх, засч залруулах зүйл аанай олон хэдий ч, хөгжлийн маш тодорхой ирээдүй, итгэл найдвар бидний өмнө цэлийж байна. Газрын хэвлийд заяасан баялагийг даган уул уурхай хөгжиж, төмөр зам, барилга хот, аж үйлдвэр, цахилгаан станц гээд богино хугацаанд аварга их бүтээн байгуулалт өрнөх гарааны зурхай дээр бид ирж, хэдхэн жилийн өмнө 600 сая долларт багтаж байсан үндэсний эдийн засаг даруй 6 тэрбумд хүрч, жилдээ ДНБ 20 орчим хувиар өсөх боллоо. Манай хүн ам энэхүү нөр бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд тоо дутаж, харийн мэргэжилтэн, ажилчдыг авчрахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хөгжлийн энэ алтан боломжийг ашиглаж, мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн бол, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Монгол хүний барааг хараад, монгол хэлээр ярихыг сонсоод нулимс дуслуулан байж угтдаг үндэс угсаа нэгт тэр л хүмүүс тэртээ чинадад суун байна. Тэд гал голомт болсон Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрх чөлөөт амьдралын тухай сонсоод баярладаг, тэдэндээ итгэл найдвар тээж явдаг юм. Сэтгэлийн тэр нуугдмал шижмийг амь оруулан биежүүлэх цаг иржээ. Сураг сонсоод уйлж суух бус, суудал засч ирээд хамтдаа хөгжих цагийг бид бүтээх ёстой.

Энэхүү хүсэл зоригоор Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцох зорилготой Цахим Өртөө Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн санаагаа цэгцлэн 2011 оны зун “Хөх Гэрэгэ” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино.

Энэ үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хялбар сэтгэж болохгүйг та бид сайн мэднэ. Олон зуун жил алслагдсан сэтгэлгээ, хэл яриа, соёлын ялгаа, мөн хүн амын олонд уусан хайлах болзошгүй эрсдлийг тооцохгүй бол горьгүй. Тиймээс дэлхийн монголчуудыг урьж ирүүлэх бодлоготой холбогдуулан Монгол угсаатны талаарх судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засаг-улс төрийн эрсдлүүдийг тооцсон бодлогын загварыг гаргах, энэ сэдвээр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэх, нийгмийн дунд нэгдмэл үзэл баримтлал бий болгох, хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлага урган гарч байна.


ҮҮНИЙ ТУЛД:

“Цахим Өртөө Холбоо” ТББ болон Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээний олон мянган гишүүд дэмжигчид 2011 оны 12 сарын 29 ны өдөр дэлхий даяар тархан суугаа Монголчууд, гадаадад суугаа Монголчуудаа эх нутагтаа эргэн дуудсан МУ-ын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдоржийн уриалгыг гүн талархалтай хүлээн авч, дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ “Хөх Гэрэгэ” төсөлд Монгол хүн бүр нухацтай хандан санаа тавьж, өөрийн зүгээс жижиг гэлтгүй боломжит бүх оролцоог нэмэрлэх, уг төслийн хүрээнд нээсэн www.bluecard.mn вэбхуудас болон бусад сувгаар өргөн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бодлогын баримт бичиг боловсруулахад хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА.



”Хөх гэрэгэ” төслийн хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк

Дансны дугаар: 499 172 343,

Хүлээн авагчийн нэр: "Цахим Өртөө Холбоо" ТББ



2012 он 1-р сарын 23-ны өдөр

-----------

Цахим Өртөө Холбооны тухай


Цахим Өртөө Сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээ юм. Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.



Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Одоогоор Монгол улс, АНУ, Австрали, БНСУ, Франц, ХБНГУ, ИБУИНВУ, Швейцари, Япон зэрэг орнууд дахь Монголчуудын холбоод, бүлгэмүүд хамтран ажиллаж байна.



Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг хуульчилах, АНУ, БНСУ зэрэг улс орнуудад Ажлын яармаг, Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулган зэрэг Гадаадад суугаа Монголчууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Хазара Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, алдарт эрдэмтэн Үмэсао Тадаогийн бичсэн “Могол угсаатныг сурвалжилсан нь” номыг орчуулан хэвлүүлсэн. 1999 оноос хойш Монгол угсаатантай холбогдолтой мэдээ материалуудыг олон түмэнд нийтлэн түгээх ажлуудыг идэвхитэйгээр хийж ирсэн болно.



Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот

Бага тойруу - 49, Улаанбаатар хот, Монгол улс

Утас/Факс: 976 – 11 – 312920