Thursday, 28 October 2010

Tim Cope Journeys

Views

Tim Cope хэмээх Австрали залуутай жил хагасын өмнө анх танилцаж түүний хийсэн гайхамшигт аялалуудын тухай танилцуулгыг нь сонсож байсан билээ. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг Австрали руу үдэн гаргаж өгөх үдэшлэгт уригдан очиж түүнтэй дахин уулзаж далимдаа товч ярилцлага авч блог уншигч нартаа хүргэе хэмээн сэтгэсэн бөлгөө. Энэхүү үдэлтийн үдэшлэг Амстердам кафед болсон агаад Цэрэн тур компани мань эрийн хувьд Монгол дахь хамгийн том туслагч бөгөөд хамтрагч нь юм.

·         Өөрийгөө товч танилцуулаач хөө?
·         Би Австралийн Викториа мужид төрж өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав маань аялал жуулчлалын салбарт ажилладаг байсан тул би багаасаа л энэ салбарыг мэдэрч өссөн гэх үү дээ. Жишээ нь аав ой шугуй болон далайн аялалуудыг хүмүүстэй хамтран их олон удаа зохион байгуулдаг байсан юм. Анх 16 настайдаа Балбын вант улс руу явсан нь миний хувьд хилийн дээс алхсан анхны тохиолдол байсан юм.
·        Яагаад анх аялах болсон, тэр дундаа адал явдалт аялалын кайф нь юундаа вэ?
·         Балба явж ирсний дараа миний хувьд ертөнцийг үзэх үзэл эрс өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэр хүмүүсийн найрсаг зан, хамтын амьдрал миний хувьд онцгой сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Дараа нь оюутан болоод Европ тивээр бараг бүтэн аялсан. Үүргэвчээ үүрээд л замын машинд дайгдаад явдаг байлаа. Тухайн үед иргэний дайн хийж байсан улсуудаар хүртэл явж байсан. Энэ үеэр баруун ба зүүн европын ялгааг маш ихээр мэдэрсэн. Дараа нь Австралидаа буцаж ирээд хуулийн ангид элсэн орж байлаа. Миний хувьд адал явдалт аялал буюу үүргэвчээ үүрээд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан (замын унаанд дайгдах, завь, дугуй, морь ашиглах гэх мэт) аялах нь тухайн орон нутгийн хүмүүстэй илүү дотно танилцах боломж олгодог нь аялалаас авч буй хамгийн том таашаал байдаг. Ихэвчлэн ганцаараа аялдаг. Учир нь аялалын баг олон хүнтэй байх тусам тэр тоогоор ялгаатай хүсэл, сонирхол, тухайн хүмүүсийн аялал туулах чадварын ялгаа ихсэж тэр хэмжээгээр зөрчилдөөн үүсэх, цаг хугацаа алдах асуудал гардаг.
·         Хэдэн улсаар одоогоор аялаад байна? Аль нь хамгийн их онцлог байв?
·        Одоо яг хэдэн орноор аялаад байгаа тоог нь шууд хэлж чадахгүй байна. Миний хувьд Монгол улс хамгийн сонирхолтой гэж хэлэх байна.
·         Анх Монгол Улстай хэрхэн яаж холбогдсон бэ?
·        1999 онд Оросоос Хятад хүртэл дугуйгаар (recumbent bike) аялах замдаа Монгол Улсаар дайрч гарсан нь миний хувьд Монголтой танилцах анхны боломж минь байсан юм. Ямар ч хашаагүй цэлгэр уудам газар, нүүдэлчин соёл зэрэг нь миний хувьд маш их сонирхолтой санагдсан. Тухайн үед Хятад Улс руу дугуйгаар нэвтрэн орохын тулд виз авах ёстой болсон. 2000 онд визээ хөөцөлдөн Хятадын элчин сайдын яаман дээр явж байхдаа анх Цэрэнгийн гэр бүлтэй танилцаж одоог хүртэл анд нөхдийн сайхан холбоотой явж байна.
·        Аялал жуулчлалын салбарын талаарх Монголын сул болон давуу талыг та юу гэж харж байна?
·         Байгалиа хамгаалах, түүхээ соёлоо эрхэмлэн хадгалж үлдэх нь маш чухал гэж бодож байна. Хүмүүс Монголд өндөр байшин үзэх гэж ирдэгүй, тансаг буудал, амралын газарт амрах ирэх гэж ирдэггүй. Тэд чухам л ялгаатай соёл заншил, түүх, тухайн орон нутгийн өвөрмөц байгалийн тогтоц, үзэгдлийг л үзэх гэж мөнгө төлж ирдэг. Анх би Балба явахдаа Австралиас тодорхой хэмжээний мөнгө босгон авч яваад нутгийн хүмүүст өгч багахан ч болов тус болсон нь тэдгээр хүмүүсийг маш их баярлуулсан бөгөөд энэ нь миний хувьд тэр улс руу явсан хамгийн гайхалтай сайхан дурсамж нь болон үлдсэн. Үүнээс хойш аялан явж буй улсуудын сайн сайхныг үзээд, тухайн улсуудыг соёл уламжлалаас сурахаас гадна аянчин, жуулчин хүн өөрөө тэр улсуудад ямар нэгэн зүйл үлдээх, өгөх, тодорхой бодит ажлуудыг хийх ёстой юм байна гэдэгт улам бүр итгэсэн. Яг үүнтэй холбоотойгоор “Responsible Tourism буюу “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголт байдаг бөгөөд миний дээр хэлсэн санаа нь үндсэндээ энэ юм. Гадаад эзэнтэй том аялал жуучлалын компаниудаар дамжин ирж буй жуулчдын мөнгө тэр компани руугаа л дийлэнх нь ордог. Үүргэвчтэй аялал хийдэг хүмүүс том компанийн шугамаар ирсэн жуулчидтай харьцуулахад бага мөнгө үрдэг нь ойлгомжтой. Иймээс үндэсний компани буюу орон нутгийн уугуул эзэнтэй аялалын компаниуд Монголд олон болох тусмаа тустай. Одоогоор миний анзаарснаар жуулчдын ихэнх мөнгө Улаанбаатарт үлддэг. Хөдөөд бодит хөрөнгө оруулалт болж “наалддаг” нь тун цөөн. Орон нутаг, хөдөөд аялал зохион байгуулахдаа орон нутгийн хүмүүсийг хөлсөлж, орон нутагт бодит ажил хийж үлдээж байвал уул нь зүйтэй юм. (Жич: Цэрэн Тур компани Австрали жуулчидтай хамтран Увс аймгийн Ховд сумын арван жилийн сургуульд 10,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг 2011 онд хийхээр баталгаажуулаад байна.) Үүнийг л “Responsible Tourism” гэж байгаа юм аа. Дахин хэлэхэд жуулчид, аялалын компаниуд Монголын соёл, байгаль, түүхийг өөрсөддөө хэрэгтэй нөөц болгон ашиглаж байгаа тул эргээгээд тэрхүү нийгэмд, улсад шууд болон шууд бус хэлбэрээр бодит хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаагаа харж ажилладаг компани, бизнесийн хувьд заавал хэрэгжүүлэх ёстой зүйл.
·        Хөгжиж буй орнууд руу явж байгаа аянчин, жуулчдын хувьд энэхүү “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголтыг мэдэрч болохоор байна. Харин өндөр хөгжилтэй орнуудыг зорьж буй аянчин, жуулчдын хувьд энэхүү ойлголт нь ямар утгаар байх ёстой вэ?
·        Үндсэндээ адилхан шүү дээ. Гэхдээ энэ нөхцөлд тухайн улсынхаа соёлыг хүндэтгэн авч үзэх, хууль журмыг нь алхам тутамдаа чанд мөрдөн дагах, байгаль орчныг нь хайрлан хамгаалах, тухайн улсын иргэдийг хүндэтгэн харьцах нь “Хариуцлагатай аялал жуулчлал”-ын нэг хэсэг болно.
·         Ямар нэг шашин шүтдэг үү?
·        Бүх шашныг хүндэтгэн авч үздэг ч аль нэгийг нь тухайлан шүтдэггүй. Гэхдээ Чингис хааны түүхийг судалж байхдаа олж мэдсэн “Хөх тэнгэрийн дор нэг хаан байх ёстой”  гэдэг үзэл баримтлал маш их таалагдсан. Улс орнуудаар аялаад явж байхад шашин тухайн үндэстэний соёлд шууд нөлөөлдөгийг анзаарсан. Харин хүчээр нутагшуулсан шашин хэзээ ч тухайн улсад суурьшдаггүй гэдэгт бат итгэдэг.
·         Тэгвэл даяарчлал ба үндэсний соёлыг хэрхэн хооронд нь зохистой баланслуулах нь зүйтэй бол?
·         “Thing globally, Act locally” гэдэг үг байдаг даа. Надад нэг Орос хүн хэлж байсан юм. Тэр нь аливаа хүн өөрийн улсаа мэдэхгүй, түүхээ ойлгохгүй бол бусад хүнийг, бусдын түүхийг хэрхэн ойлгож чадах юм бэ гэж билээ. Монгол Улс хоёр хөлтэй хүн гэж тооцвол нэг хөл нь Монгол, нөгөө хөл нь дэлхий байх ёстой. Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях ёстой. Жишээ нь гар утас, түүний хөгжил Монголд хэрэгтэй. Гэвч дулаан орны газар тариалангийн технологи Монголд хэрэгтэй байж чадах уу? Би өөрөө хөдөө төрж өссөн. Миний анзаарснаар Монголын хөдөөгийн нүүдэлчид байгаль дэлхий, ан амьтадтай цаг үргэлж харьцдаг тул байгалийн экосистемийг маш сайн мэдэж, тэр чинээгээр зохистой буюу тэнцвэртэй харьцааг нь хадгалахын төлөө хайрлаж хамгаалж явдаг. Гэтэл хотын хүмүүсийн хувьд жишээ нь зуд боллоо гэхэд хотын хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх нөлөөлөл бага. Харин хөдөөгийн хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралын маш хүнд сорилт болдог. Өөрөөр хэлбэл капиталист нийгмийн бүх юм нь төгс биш шүү дээ. Жишээ нь Балбад явж орон нутгийн хүмүүсийн найрсаг зочломтгой зан нь гайхалтай байсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс материаллаг баялгаас илүү гэр бүл, найз нөхдийн харьцааг үргэлж эрхэмлэдэг юм. “Sense of community” буюу амьдралын үнэ цэнэ нь ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсээс өөр. Жишээ нь хөгжилтэй орнуудад баян, ядуугийн ялгаа их байдаг бол Балбад хүмүүсийн амьдрал жигдхэн. Хөгжиж буй орнуудын хувьд хэт олон хүний урсгал байх нь байгаль орчинг сүйтгэн аялалыг аялал биш болгодог сул талтай байдаг.
·        “Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүд Туслах Сан”-д өөрийн чинь болон Цэрэн Тур компанийн зохион байгуулсан аялалын аялагчид маш их тусламж дэмжлэг үзүүлсэн, одоо ч үзүүлж буйд маш их баярлаж явдаг. Ер нь өмнө нь хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байв уу?
·        Энэ бүх ажил маань Балбад туулсан миний анхны аялалын туршлагаас эхтэй бөгөөд хүн баярлуулах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл одоо хүртэл байсаар байгаа.  Түүнчлэн энэхүү ажил нь дээр дурдсан “Хариуцлагатай Аялал Жуулчлал” гэсэн ойлголттой нягт уялдаж буйг анзаарч буй биз ээ. Монголын хувьд World Expedition компанийн шугамаар нилээд олон Австрали жуулчид танай улсад ирж, Цэрэн Турын зохион байгуулсан аялалын ачаар Монгол улсын хүн ард, ёс заншилтай танилцан өндөр сэтгэгдэлтэй буцсан. Би одоогоор Австралид амиа хорлохын эсрэг хөдөлгөөний сайн дурын элч хийдэг юм. Хамгийн анх Балга явж ирээд тэнд харсан үзсэн зүйлсээ үеийн найз нөхөдтэйгээ хуваалцан, дараа нь арван жилийн болон их сургуулиудад энэ чиглэлээрээ лекц уншиж эхэлсэн юм. Харин одоо бол энэ ажил миний карьер болоод байгаа шүү. Одоо бол миний лекцийн билет 5 доллараар үнэлэгддэг юм.
·        Цаашдын төлөвлөгөө чинь одоогоор юу байна вэ?
·        Хоёр дахь номон дээрээ ид ажиллаж буй. Гурван ч кино хийсэн. Киноны эрхээ бусад мэргэжлийн байгууллагад зарсан тул Монголд гаргах боломжтой эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч “The Trial of Genghis Khan баримтат кино маань миний хувьд хамгийн том төсөл минь болж байгаа. (Жич: Мань эр энэхүү бүтээлээ хийхийн тулд Монголоос Унгар улс хүртэлх 10,000 км зайг мориор 3 жил гаран туулж, уг бүтээлээ нийт 6 жилийг зарцуулан хийсэн юм.)

·        Ийм хүнд хэлбэрийн (extreme and adventurous trips) аялал хийдэг хүн ямар төрлийн даатгалтай байдаг нь сонин байна?
·        Тусгайлсан янз бүрийн даатгал байхгүй ээ. Энгийн л даатгалтай явдаг.
·        Өөрийн тань цахим хуудаснаас харж байхад дэлхийд нэр хүндтэй багагүй шагналуудыг “түүсэн” юм билээ. Эдгээрээс хамгийн эрхэм нь аль нь байдаг бол?
·        2006 онд хүртэж байсан "Australian Geographic Adventurer of the Year Award" маань миний хувьд хамгийн эрхэм гэж хэлж болно. 
·        Монголчуудад зориулан таны зүгээс хэлэх зүйл байгаа болов уу?
·        Өөрийн үндэснийхээ бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг гэж битгий бодоорой. Төв Азийн орнуудаар явж байхад ихэнх улсууд нь Орост уусчихсан байсан. ЗХУ задран нурахад тэд юу ч үгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үндэсний соёл, уламжлалтай гэхэд хэцүү, огт байхгүй гэхэд бас хэцүү. Иймээс өөрийн гэсэн юмтайгаа үлдэх ёстой шүү. Танай орны байгалийн баялаг нөөц дуусахад барууны компаниуд гараад л явна. Тэр үед л та нар юутай үлдэх вэ гэдгээ одооноос сайн бодоорой.
·        Сонирхолтой ярилцлага өгч цаг гарган надтай уулзсанд баярлалаа!
·         Баярлалаа!

5 comments:

Chimgee said...

remember the time Cafe Amsterdam showed his pre-release version of his show in Mongolia in the beginning of this year. I was in awe of this guy. Going alone for months, videoing himself.. btw, very nice interview

Ferrar1 said...

gaihamshigtai saihn amidral

Anonymous said...

Uurt chin sonirholtoi medeelluud ugdugt chin uneheer talarhaj baina. Uuruu odoo ingehed MGL-d haana yamar ajil erhelj baigaa be? Khan bankind orchihson yum uu?

Anonymous said...

Ene hun chine neg manai sonin deerh yariltslaga deeree Mongold guideltei gazar untsan tuhaigaa yaridag baihaa.

Barimalch

Х.Ариунболд said...

Сайхан мэдээлэл байна. Тэр шашны талар хэлсэн нь их таалагдлаа. манайхан одоо өөрсдөө энэ мэтчилэн зоригтой ганцарчилсан цөөн хүнтэй зардал багатай аяллууд хийж баймаар юм.