Monday 19 May 2008

My words

Миний үгс

Эрээнтэй бараантай энэхүү замбуулин дээр

Элдэв муу нь эрээвэр сайнаасаа олон гэдэг ч

Эрхэм анд та өнгөрсөн муу бүхнийг эс мартваас

Эгэлхэн дэлхий маань ч танд амьдрахад багадах буюу

Бурууг хийсэн бусдыг уучилж, бузрыг нь цайруулах нь буян болов чиг

Бурхан чөтгөр зэрэгцэн байдгийн адил аливаад хязгаар гэж байх ёстой

Болсон болоогүй зугаа цэнгэлээр далимдуулан бусдыг гомдоох нь нүгэл болов чиг

Буруу, зөвийн туйлыг ялган мэдрэх хариуцлага гэж хэнбугайд ч байх ёстой

Мөнгө, эд баялаг гээч нь хүн төрөлхтөн бидний чанарыг

Мөнхөд зөрчилдүүлэн сорьж байдаг ачтан ч юм шиг

Маргад эрдэнээр ч үл солим ухаант бодгалийн аз жаргалыг

Мангас мэт залгин үгүй хийж чадах золиг ч юм шиг

Хов жив, атаа хорслоор мөнгө олж амьдрагмагсад байдаг ч гэлээ

Хосгүй авъяас билгээрээ торойн гарч ирэгсэд байж л таараа та биднээс

Худал хуурмаг, бялдууч зусараар амиа аргацаамарсад байдаг ч гэсэн

Хүн чанар, хариуцлагаа ухамсарлагсад түүчээлжилж таараа бид бүхнийг

Амьдралын жанжин шугам, үнэт зүйлсээ зөв сонгосон хүмүүний хувьд

Адгийн ядуу байсан ч баяр жаргалын гэгээг бусдад цацруулдаг юм гэсэн шүү

Агуурс, эд хөрөнгийг дэлхий даахгүй болтол хураасан ч гэсэн хөөрхийсийн хувьд

Аз жаргал гэдэг үгийг мэдрэх чадваргүй болчихсон нь цөөнгүй юм гэлцдэг шүү

Бурхан биднийг хүссэн цагтаа дууддаг гэдгийг мэддэггүй хэрэг үү

Байгаль орчин, бусад нөхдөө бодож амьдармаар юм заримдаг хүмүүс

Буян заяа, бузар нүглийг дэнслэх ёстой гэдгийг ухаардаггүй хэрэг үү

Буурал өтгөс, булбарай үрсээ дээдэлж өргөмөөр юм цэвдэг нөхдүүд

Ертөнцийн түмэн эрхэс, буман од орчидын дунд

Ерөөлт дэлхий минь хичнээн жижиг бөгөөд эмзэгхэн гэдгийг мэдрээч

Ердийн биш энэхүү жижигхэн цэнхэр гариг дээр

Ер нь өөрөө ямархан өчүүхэн бөгөөд арчаагүй эгэл эс гэдгээ ойлгооч

Tuesday 13 May 2008

Leadership and manager

Манлайлал ба менежер

Хуучин цуг ажиллаж байсан Мөөгий эгч маань ийм сэдвээр бодлоо бичээч ээ гэсэн хүсэлт тавьсаны дагуу өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөрхөн Forbes Asia сэтгүүлийн 2008 оны 5 дугаар сарын 5-ны дугаарыг харж байтал хоёр хүний хэлсэн маш гоё ишлэл анхаарал татсан юм. “The measure of your quality as a public person, as a citizen, is the gap between what you do and what you say” by RAMSAY CLARK, “Private faces in public places are wiser and nicer than public faces in private places” by W.H. AUDEN. Хальт утгачилаад орчуулбал “Чиний хэлсэн ба хийсэн хоёрын хоорондын зөрүү чинь л чухам чамайг хир “чанартай” хүн бэ гэдгийг хэмжиж нийгэмд тодорхойлно”, ”Олон танигдсан нүүр нууцлаг газруудаар бүгэж байснаас хичнээн алдар цуутай ч олны газар бусадтайгаа цуг эгэл даруу явах нь ухаалаг бөгөөд зөв алхам” гэх юм уу даа.

Өөрөөр хэлбэл манлайлал гэдгийг би хүү нь аав, ээжийнхээ өмнө хүлээсэн үүргүүд болох хэрэг төвөг тарихгүй байх, гэр бүлдээ түшигтэй болж хүмүүжих, оюутан сурагч нарын хувь онц сурах буюу авах ёстой мэдлэг, мэдээллээ авч зөв ашиглаж сурах, ажилтны хувьд үнэнч сайн ажиллаж, компанийнхаа орлого ашгийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын ажилтаны хувьд авилга хээл хахууль авахгүй, татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой, ил тод зарцуулах, гудамжинд яваа залуусын хувьд нус цэр, шүлс, хогоо олон нийтийн газар хаяхгүй байх гэсэн үндсэн хийх ёстой юмаа л хийж, за гэсэн бол ёогүй байж, хүн шиг л хүн байвал манлайлал гэж ойлговол зохих мэт. Тэрнээс илүү том онолын юм ярих шаардлагагүй гэж бодож байна. Олон жилийн өмнө нэгэн ах маань надад гэр цэвэрлэх үүрэг өгөхөөр нь би өрөөнийхөө шалны ил хэсгийнх нь тоосыг соруулаад болчихлоо гээд хэлтэл “Ингэж цэвэрлэхгүй шүү дээ” гэж хэлээд сандал ширээ, орыг бүгдийг нь дээш нь болгож байгаад бүгдийг нь соруулаад, дээрээс тоос сорогчны хошууг нь авч байгаад нарийн хоолойгоор паарны завсар, булан тухай бүрийг цэвэрлэж үзүүлэн намайг айхтар ичээж билээ. Түүнчлэн бас нэгэн ах маань орцны ядруу жижүүр болох хэн ч тоодоггүй эгчтэй өглөө гарах, орой орох болгондоо мэндийг нь мэдэж, яриа өрнүүлэхэд тэр хүн ямар их баярладаг тухай ярьж байсан юм байна. Эдгээр энгийн жишээнүүдийн эзэд нь жинхэнэ манлайлагч нар бус уу? Манлайлагч гэхээр заавал улстөрч, эдийн засагт, хуульч, нийтэд танигдсан дуучин, бүжигчин, нөгөө гайхал 76 гишүүний нэг байх албагүй шүү дээ. “Анх удаагаа амьдаараа дуулах гэж байгаадаа маш их баяртай байна” гэж азаартан ам алддаг дуучинцар шиг юмыг оромдон хийж хиймэл орчинд амьдраад яах юм бэ? Маш сайн Монголоороо бичдэг, сэтгэлээсээ ажлаа хийдэг, маш сайн англиар, хятадаар ярьдаг, маш эелдэг хүнтэй харьцдаг, мундаг програм бичдэг буюу ажлын байр тус болгон дээрээ л бид өөрсдөө эхлээд манлайлагч байхгүй бол тэрнээс илүү өөрөөсөө ахадсан юм алгасаж яриад хийгээд учир жанцангүй биз дээ.

Тэрнээс биш манлайлал гэнгүүт бусдын өмнө гарах гээд л замын гэрэл дохио дээр явган хүний гарц дамнан уралдаж зогсоод байдаг бүдүүлэг жолоочонцорууд шиг байх ёсгүй л байхгүй юу. Түүнчлэн манлайлна гэнгүүтээ өөрөө чадахгүй байж буюу өөрийн толгой, авъяас чадлаараа бус мөнгө төгрөг (ямар ч их илүүдээ гарсан мөнгөтэй юм), танил тал (Монгол жижигхэнийг эс хэлэх үү ямар ч их архины найзуудтай юм), хормой хот (Ямар ч өргөн хормой, уужуу хоттой юм), хор найруулах (Ямар ч олон янзын нүгэл хураасан арга хэрэгсэлүүдтэй юм) замаар бусдын өмнө хүчээр гарч өөрийгөө нийтэд таниулахыг хичээмэр аядаж байгаа хөөрхийлөлтэй утсан хүүхэлдэйнүүд юу эс мундах аж бидний цөөхөн Монголчууд дунд. Хүний нөөцийн сургалтын аймаар арга байна лээ шүү дээ. Хүний нөөцийн мэргэжилтэн сургалт хийж байсан хүмүүстээ өөрсдийнхөө SWOT шинжилгээг хийгээд давуу тал, боломжийг гарга гэсэн чинь хүмүүс баахан юм бичээд байна гэнэ. Тэгэхээр нь бүх сурагч нараа дагуулаад оршуулгын газар очоод булшний нүхэнд хэвтүүлээд өөрийгөө нас барсан гээд бод, оршуулган дээр чинь хүмүүс үг хэлж байна. Энэ хүмүүс чамайг магтаж юу гэж хэлэх ёстой вэ, чи өнөөдрийг хүртэл бусдад, нийгэмдээ ямар тустай зүйл бүтээв ээ гээд багш нь асуусан чинь сурагч нар дотор нь оршуулган дээрээ хэдэн бүтэн өгүүлбэр уншуулах хүн маш цөөхөн байсан юм гэсэн шүү.

Яг үүнтэй холбоотой менежер гэж мундаг албан тушаалтай нөхдүүдийн талаар бичих ёстой болов уу. Агуу үг шүү дээ уул нь. Manage – Удирдах, Manager – Удирдагч гэж. Гэтэл удирдагч гэдэг цол гуншинтай байж ажлаа хийхдээ бэлэн хоол ам руугаа халбагадуулж идэх гээд байгаа янзтай ажилладаг залуус мэр сэр байх санж. Бүх юмыг А-с Я хүртэл нэгбүрчлэн хэлүүлж, зааварлуулж байж ажил хийгээд байхаар чинь ажил олгогчийн хувьд, удирдах ажилтаны хувьд ямар хэрэг байх билээ. Зүй нь ресторанд хүйтэн цай захиалтал халуун цай аваад ирвэл тэрийг нь хөртөл хүлээж суун цагаа барж буй нэгэн ба мөс захиалан хөргөж цаг хэмнэж буй нэгэнтэй агаар нэгэн бус уу. Хэдий буруу цай авчирсан зөөгчийн буруу боловч цаана нь ямар нэгэн шалтгаан, үндэслэл байсан эсэхийг лавлан учрыг нь эвтэйхэн олох нь менежер хүний үүрэг болов уу. Тэгэхгүй бас менежер, ахлах ажилтан, дарга энэ тэр болонгуутаа эмэгчин, эрэгчин барс лугаа адил ааш зантай болж, нүдний хараа нь муудаагүй атлаа хүн, амьтан албан тушаал, хувцас хунар, танил талаар нь ялгаж “таньдаг” болдог мутацууд үүсээд удаж байх шиг байгаа юм. Жирийн хүмүүс чинь тэгдэг байхгүй юу гэж ярьж, бичдэг “жирийн бус” хүмүүсийн хүрээ манай нийгэмд үүсчихээд байгаа нь та бүхэнд мэдрэгдэж байгаа болов уу?

Хүн хүнээрээ үргэлжид байж, ганцхан өөрөө өөрийнхөө төлөө биш гэр бүл, хамт олон, нийгэм, эх дэлхийнхээ төлөө амьдарч, сэтгэж, ажиллаж явах юм бол хүн болгон манлайлагч, менежер гэсэн үг гэж ойлгоном.