Views
Сэтгэгдэл
“Some people have something to say but some people have to say something” буюу “Зарим хүмүүст хэлэх юм байгаа болохоор хэлдэг байхад зарим хүмүүс юу ч байсан хамаагүй хэлэх үүрэгтэй буюу ёстой болохоороо амаа хөдөлгөдөг” гэж нэгэн алдартаны хэлсэн үг байдаг бөлгөө. Яг англи хувилбар нь энэ биш шүү, би энэ агшинд санаж байгаагаараа бичлээ. Сэтгэгдэл цуглуулахын тулд хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн буюу уур, унтуу, атаа хорсол, далд тачаал, баяр баясгалан, уйтгар гунигийг нь хөндсөн эмзэг сэдвүүдээр дагнан бичдэг цахим хуудсууд ч чамгүй байдаг бололтой. Зарим нь бүр арилжааны шинжтэй болчихсон ч юм шиг.
Хүмүүстэй энэ сэдвээр ярилцаж байхад, мэдээллийн сайтууд, блогууд дээр бичигдсэн сэтгэгдэлүүдийг харж байхад дийлэнх хувь нь тухайн бичлэгтэй огт холбоогүй, холбоотой масс хэсэг нь тухайн бичлэгийг нь биш тухайн бичигчийг нь “доош нь хийсэн”, ихэвчлэн хужаа энэ тэрээр нь дуудсан өгүүлбэрүүд байх аж. Мэдээж сэтгэгдэл бичигчийн нэр “үл мэдэгхэн”. Сая болж өнгөрдөг сонгуулиудын үеэр яав даа л гэмээр байсан даа. Ертөнцийн бүхий л хар энерги сэтгэгдэл бичигч нарын гарын арван хуруунд шингээ юу гэлтэй.
Сэтгэгдэл бичигч тэр нэгэн нууцлаг эрхэмд дурын мэдээллийн сайт, блогууд дээр хүссэн үг, өгүүлбэр, хараал, занал, талархал, ерөөлөө бичих эрх танд нээлттэй байхад мэдээлэл түгээгч, дамжуулагч, үүсгэгч нарт хүссэн сэдвээрээ, хүссэн бичлэгийн форматаар тоглох эрх нь бас байх ёстой бус уу. Мэдээж аль аль талаа хүндэтгэн, болбол ажил хэрэг, бүтээлч шинжтэй, бүр болбол нэр ус, эргэх холбоогоо дурдан “бичилцэж” байвал илүү чанарлаг мэдээллүүд цахим ертөнцөөр цацагдаж, илүү оюунлаг сэтгэгдэл, үзэл бодлын соёлтой маргаанууд өрнөх буй заа. Аягүй бол аав ба хүү, багш ба шавь, эмээ ба ач охин нар нэрээ нууцлан бие биенээ мэдэхгүйгээр ёс бус үг, өгүүлбэрээр цахим ертөнцийг бузарлачихаад орой нь юу ч болоогүй юм шиг өөд өөдөөсөө харан оройн хоолоо цугтаа нялууран идэж байх бий вий.
Хамгийн нийтлэг ажиглагддаг, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бол дийлэнх хүмүүст ямар нэгэн хүрээнд өөрөөрөө бахархах, онгирох хүсэл, хэрэгцээ байдаг. Сөрөг сэтгэгдэл бичигч нарын дийлэнх нь тухайн нийтлэл бичигчийн алдаан дээр нь дөрөөлөн “онгирох”, өөрийгөө илэрхийлэх гэж оролддог юм уу даа гэж би хараад байгаа. Онгирч бололгүй яах бэ. Залуу хүмүүс бол онгирох, бардах, аархах ёстой шүү дээ чаддаг, мэддэг юман дээрээ. Гол нь хэн бэ гэдгээ бусдад хэлэх. Тэгэхгүй бол дурын нэгэн баагий интернэтээр нэрээ нууж байгаад саятан, эрдэмтэн, үзмэрч төлөгч, бөө, дэлхийн мисс, мистер, энэ ертөнц дээрх эгэлгүй их хүчтэн болж чадна.
Хүн хэлэлтгүй би ч гэсэн блог дээрээ бичвэр бичихдээ алдаа гаргадаг. Зарим тохиолдолд утгын боловч үг үсгийн алдаа нилээд их. Тэрийг нь манай найзууд цахим шуудангаар, эсвэл уулзах үедээ хэлж, намайг зад шүүмжилдэг юм. Тэр үед миний чих айхтар халуу дүүгдэг. Бодвол аймаар улайдаг биз. Эртээд бичсэн нэг нийтлэл дээрээ мэдээллийн эх сурвалжаа анхааралгүй уншсанаас болоод маш бүдүүлэг алдаа гарган буруу тайлбар бичсэн байсныг найз маань хэлж тэр дор нь засч билээ. Тэр бол хайхрамжгүй, санамсаргүй алдаа байсан. Төгс хүн гэж байхгүйгээс хойш заавал найзууд ч биш үл таних, эчнээ таних хүмүүс бие биендээ яагаад нөхөрсөг маягаар тусалж, шүүмжилж болдоггүй юм бол. Хааяа бид нар өөрийгөө илэрхийлэх амбиц, тачаалаа бага зэрэг барин тухайн хүний мэдэхгүй байгаа зүйлийг соёлтойгоор мэдүүлэхийг хичээвэл чиг . . .
Алив улсын ерөнхий хөгжлийг замын хөдөлгөөнийх нь соёл ба цахим сувгууд дээрх төрөл бүрийн сайтууд дээрх хүмүүсийн сэтгэгдэлээр нь хэмжиж бараг болох байх аа даа.
4 comments:
ene bichleg chini news.mn deer today garchij!
Saihan sanaa bn, gehdee unuu tsagt hun huneeree uuruuruu bhd tun hetsuu bolson, haa gazar iim setgegdel, ugs bgd, uchir n uuriin setgel zuig, uuriin sanaa bodliig hund /face 2 face/ shuud helehd nuguuh n gaihah, jigshih, magad uzen yadah setgegdel turnu, harin online bol ene bugdees angid bh garts gej humuus /bid/oilgodog shdee, uuniig bi zuvtguj bgn bish, bgaa bdl, orchin nuhtsul n huniig ROBOT, MASHIN, HUNII MUSGUI met bolgood bn shdee, ((
Санал нэгтэй байна, ялангуяа тухайн улсын хүний хөгжлийг үнэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа соёл нь илэрхийлдэг. Сэтгэгдлийн хувьд өөрийг нь хэн ч мэдэхгүй гэж бодоод л бичдэг биз. Гэхдээ Монголд сайн ч муу ч ярьдаг, хэлдэг, бичдэг хүн олон байж гэмээнэ хувь хүнд өөрт нь зөв, бурууг тунгаан бодоход хүргэнэ гэж бодож байна.
Хэхэ, Гого дээр блогтой байсан юм. Тэрийгээ сэргээгээх 2 бичлэг бичив ээ. Амьхандаа л тэдний тухай ярьсан юм. Тэгсэн чинь 130 д сэтгэгдэл цугласан. Үүнээс эхний 30 нь л бичлэгтэй холбоотой байсан байх. Бусад нь бүгд эхний 30 сэтгэгдлийг бичсэн хүмүүсийн чат талбар.
хоорондоо чатлаад л яваад өгнө. Тэгсэн сүүлийн сэтгэгдэл нь энэ нээрээ ямар бичлэг байлаа, бүүр мартчихаж гэсэн байгаа юм чинь.
Post a Comment