Wednesday 30 June 2010

Storytelling

Түүх хүүрнэхүй

Бараг бүх хүүхдүүд үлгэрт, томчууд түүхэнд дуртай гээд хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх гэж зориглож байна. Том, жижиг гэлтгүй бүх хүнд мөрөөдөл байдаг. Амжилттай болсон бизнес уулзалтуудын гол тактик нь асуудлыг түүх, ойрын хугацаанд биелэгдэхүйц мөрөөдөл хэлбэрээр хүүрнэн нөгөө талдаа танилцуулсан байдаг жишээнүүд маш олон байдаг. “Storytelling стратеги” дээр суурилсан бизнес харилцааны бүхэл бүтэн хичээлүүд хүртэл барууны бизнесийн сургуулиудад байдаг юм билээ. Ижил төрлийн нэг хичээл авсан тухайгаа энэхүү бичлэгээр бичиж байжээ. Нилээд хэдэн долоо хоногийн өмнө Tsutaya хэмээх Японы нилээд алдартай энтертайнмент бизнесийн компанийн төлөөлөгчтэй уулзаж Focus Group ярилцлаганд өөрийн хоббигоороо орсон юм. Уг ярилцлагын зорилго нь баруунд хит болоод байгаа зарим кино яагаад Японд огт амжилт олдоггүй вэ, түүнчлэн Японы компьютерийн тоглоомууд яагаад барууны зах зээл дээр цойлж гарч ирж чадахгүй буйг тодруулах зорилгоор гадаад оюутнуудаас ярилцлага авч байсан юм билээ.

Хүмүүсийн дуртай үлгэр, түүх, мөрөөдлийг ашиглан амжилттай бизнес хийж буй салбар бол яах аргагүй кино урлаг, тэр дундаа Холливүүд гэж хэлж болно. Жилд хэдэн ч кино хийдэг юм, хэдэн сая долларын ч орлого олдог юм бүү мэд. Архинд орсон хүн шиг кинонд орсон хүмүүс зөндөө буй. Би ч өөрөө ороод өөрөө өөртөө “эмчилгээ” хийгээд гарах гээд үзээд яваад буй. Мань эрийн хэлснээр бол Холливүүд ердөө дараах дөрвөн гол сэдвээр л кино хийж зонхилох орлогоо олдог юм хэмээсэн билээ.

Rags to riches: Ухаан нь ядуу хүмүүс хэрхэн өөрсдийн толгойгоор болон азаар баян сайхан амьдралд хүрсэн сэдэв. “Pursuit of Happiness энэхүү сэдвийн киноны нэг жишээ гэж болохоор. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийн кино Америкийн зах зээлд олигтой амжилт гаргахаа байсан тухай дурдаж байв. Магадгүй нийгмийн дундаж давхаргын хүрээ хумигдахын хирээр баян хүмүүс нийгмийн бахархал биш харин үзэн ядалтын гол цэг нь болж эхэлж буйтай холбоотой ч байж болохоор. Арай өргөн хүрээнд энэхүү сэдвийг Disharmony to Harmony гэж бас томъёолж болохоор. Азийн улсуудын соёлд энэхүү сэдэв их тохирох боломжтой мэт.

Mob at the gate: Гол сэдэв нь дээрмийн бүлэглэл, зэвсгийн наймаа, хилийн зөрчил, хууль бус цагаачид, мафи гэсэн хүрээнд эргэлдэнэ. “Lord of War”-ийг би хувиасаа энэ сэдвийн сайхан жишээ кино гэж нэрлэх байна. Хүмүүс зарим үед “болохгүй” сэдэв буюу “буруу” зүйл мөрөөдөж саваагүйтэх нь бий. Тэрхүү мөрөөдлийг нь Холливүүд хялбархаан мөнгө болгож буй хэрэг.

Benevolent neighbor: Хүмүүс хоорондын харилцааны тухай голлосон сэдэв. Ихэвчлэн эерэг сэдэв байх бөгөөд бие биенээ гэсэн сэтгэл, хамтын ажиллагааг харуулсан кинонууд зонхилох юм билээ. “Dear John” магадгүй сүүлийн үеийн кинонуудаас энэхүү бүлэгт орж болох байх. “Ормоонтик” кинонуудын голлох бүлэг болов уу.

Rot at the top: Төр болон томчуудын хоорондын хуйвалдаан, хээл хахууль, авилгыг хөндсөн мөнхийн сэдэв. Энэ бүлэгт тохирох сүүлийн үеийн киногоор “Green Zone”-г нэрлэж болохоор.  

Магадгүй та бүхэн надтай санал нийлэхгүй боловч дээрх дөрвөн сэдвийг хөндөн ярилцлага хийж байсан Англи эртэй хөөрөлдөж байх зуур өөрийн эрхгүй Монгол дахь улстөрчдийн маань сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт бас л энэхүү дөрвөн сэдвийн хүрээнд эргэлдэж буйг анзаарсан юм. Улс төр ба кино бизнес хоёр нэг зоосны хоёр тал уу? Эсвэл ард түмэн бид чинь кино, улс төрч гэсэн хоёр анчны нэг бай юу?

Sunday 27 June 2010

It is better to have a look rather than hearing hundred times


I was lucky enough to be a part of DSAM delegates last week to explore Japan’s experience and knowledge for differently abled children and adults. We had a one week busy visit in Tokyo and Yokohama and it was impossible to have this great opportunity without help of Mr.Nobushige Yamauchi (M.Ed) who is Managing Director of Learning Disabilities Association Kanagawa and Mr.Hiroyuki Oyaizu who is Director General of NISVA (Nippon Skilled Volunteers Association). On behalf of all members of DSAM, I would like to express my deepest gratitude to our Japanese friends. Even though it was a one-week trip, every single minute was precious for all of us. We were all energized by the Japanese professionals’ supportive actions and challenging discussions. As a developing country with limited resources, DSAM tries to position itself to have vision with passion for its long term successful operation in Mongolia. It was amazing experience to feel that not only Japanese people’s real actions and tight collaboration but also methods and methodologies how Japanese synergize education and business communities with mentally challenged people. This trip allowed us to meet Mr.Shuichi Ohno, Managing Director of Nippon Foundation which is the core sponsor of NISVA.  

Personally, I always believe that the love is the fundamental factor of the meaning of mankind’s life. However there are many different people in the world, we should have the same life principle to create what we call “perfect world”. Our life meant to be a pleasure for all of us unfortunately it has become a pressure for most of us. It is very sad to acknowledge that only 1% of world population owns 40% of the planet’s wealth and 50% of the world’s population lives on less than 2 dollars a day. I did not mention here about disabled people’s statistics. Therefore, if we cannot change this situation, then what is our responsibility as a human being? It seems that passion is one of the most important parts of human life which makes people to be the agent of change. It is an exceptional human nature to contribute their inputs to others’ societies. Moreover, I would say that respect is a treatment to be tranquilized. With respect, all we can create synergy among our society. I strongly felt all these positive energies last week throughout of the trip.

We have a very small and fragile boat which is called the earth but we are on the deep blue ocean so called the universe. Due to the rapid technological development and globalization, the weight and consumption of our boat has exceeded what it should be. We have two paddles so called an economy and a society. If we do not balance these 2 paddles, the boat will lose its direction where it meant to reach! But who is the captain to lead the boat crew? It can be said that the governments. The government consists of various minded politicians. Politicians are financially supported by big corporations, companies, and the public. Behind these organizations there are entrepreneurs and employees! Hence, it can be said that it is very difficult to create a pleasant community if there is lack of passionate people.

There is no doubt that you, me, and we all human being who are totally dependent on natural law but not really on social law. Every single person has a different feeling, different culture, different attitude, different behavior, and different value than others. Based on our different feelings, we all have different commitments to each other. This is our society. These are who we are! Quality of human beings in our society goes up from mass to niche group whereas the quantity of people who belonged into those certain groups is increasing from the niche to mass group. It cannot be said that these kinds of different groups exit because of people’s different IQ or basic skills. But it is because of just the love! I would argue that both developed and developing countries are being challenged by this issue nowadays.

Today human beings can do almost everything as they wish because of their knowledge, skills, and technology. But sometimes the only thing missing is love! Japan has all but the love has been positioned in combination with its unique culture as a bottom part of Japan society’s pyramid to maintain its sustainable development. To sum up, I would like to say that there is a Mongolian proverb saying that “It is better to have a look rather than hearing hundred times”. It was indeed a wonderful experience for us to bridge our “in house” knowledge with best Japanese practices in real life. 

Wednesday 16 June 2010

Corporate governance

Компанийн засаглал

Бүх шалгалтаа дуусгаж нэг том ажил ардаа орхив. Дипломын ажлаа аль болох эртхэн дуусгах санаатай сууж буй. Аль өнгөрсөн оны намар хөрөнгийн зах зээлийн талаар сэдэв сонгон авч энд тэндийн ном, сонин уншиж байгаад биржийн дэд бүтэц, компанийн засаглал, болон ард иргэдийн боловсрол хөрөнгийн зах зээлийн тулгын гурван чулуу юм уу гэж бодон тэрийгээ Монголын жишээн дээр батлахаар нухаад байгаа. Эдгээр гурван асуудлыг ач холбогдлоор нь шууд эрэмблэхэд тун ярвигтай боловч хамгийн их жин дарах чухал асуудал нь компанийн засаглал юм уу гэж бодох болов. Учир болвоос компанийн засаглалыг тухайн компанийн менежер буюу удирдлага, нийт ажилчдын “чанар, хүн чанар, мөн чанар” гэж хэлэх бүрэн үндэс байна.

Жаахан энгийн жишээ авсугай. Ухаан нь сайхан бүсгүй эсвэл сайхан залуу хармагцаа шууд гэрлэх санал тавьдаг эр эсвэл бүсгүй ховор байх. Эсрэгээрээ ганц уулзалтын дараа тэрхүү хэлсэн саналыг нь сонсоод л шууд нөхөрт гардаг бүсгүй эсвэл эхнэрт гардаг “бүстэй” хүн ч ховор байх. Адаглаад л тухайн санал тавьсан хүнийхээ ааш авир, мэдлэг боловсрол, үүн дотроос хамгийн чухал нь амьдралын ханиа болгон насны бөгст аяга цай хуваан суухын тулд тэрхүү этгээдийн “хүн чанар”-ыг нилээд хардаг байх. Хүнээр бол компанийн засаглал нь энэхүү хүн чанар юм гэж би томъёолох гээд байна. Гэвч хүн чанартай болж харагдахын тулд хайртай хүнийхээ өмнө гудамжинд гуйлга гуйн сууж буй хүүхдэд хэдэн задгай мөнгө өгснөө ганцаараа гэртээ буцах замдаа орцны жижүүрийнхээ бяцхан хүүхдийг нүүр нүдгүй загнаж хөөж цэрвэж байгаа нь яавч хүн чанарын хэлтэрхий биш юм. Үүнтэй адил Монголын маань компаниудын дийлэнх нь сайн, сайхан болж бусдад харагдахын тулд нүүрэн дээрээ нүүр зурсан (хэт их будсан гэж ойлгоно уу) хүүхэн шиг л аяглах бөлгөө. Иймээс компанийн нийгмийн хариуцлага гэдэг нэрийн доор хийж буй ажлуудаас уг компаниудын мөн чанарыг олж харж, ойлгоход нилээд хэцүү, заримдаа бараг боломжгүй. Учир нь ихэнх компаниудын эдгээр хийж байгаа ажлуудын зорилго нь богино хугацааны ашиг сонирхол дээр суурилсанаас гадна Agency Problemбуюу компанийн хувь нийлүүлэгч, жинхэнэ эзэд болон компанийн гүйцэтгэх удирдлага, шийдвэр гарган ажилладаг менежерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байж болохоор. Ямар сайндаа компанийн үйл ажиллагаа, үнэ цэнэтэй ямар ч холбоогүйгээр барам гүйцэтгэх удирдлагын нэгнийх нь найз болохоор гэдэг шалтгаанаар компаниудын маркетингийн газар нилээд их мөнгийг өөрийн компанидаа ямар ч үнэ цэнэгүй зарцуулдаг. Энэхүү шахааг хийж буй хүн өөрөө уг компанид хувьцаа эзэмшдэг, ашгаас нь хуваалцдаг байсан бол иймэрхүү үйлдэл гаргах нь арай л багасах магадлалтай. Энэ их үргүй зардал гаргасан мөнгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хэлбэрээр тараасан бол хувь нийлүүлэгч нарт ямархуу үнэ цэнэ авчрах байсан бол оо? Үүнийг л Agency Problem гээд байх шиг байгаа юм. Одоог хүртэл дэлхийн том компаниуд энэхүү асуудлыг бүрэн шийдэх шийдлийг олоогүй л буй бололтой юм билээ. Энэхүү сэдвээр Монголд судалгааны ажил хийвэл онц сонирхолтой үр дүн гарах бий вий. Дээр хүнээр авсан жишээгээр бол найз бүсгүй эсвэл найз залуугаа мөнгө, ашиг сонирхолын төлөө өөр хүнд “түр хэрэглүүлж” буйтай агаар нэгэн бөлгөө. Ийм хүнтэй гэрлэх шийдвэр гаргах болон ийм компанийн хувьцааг худалдан авах шийдвэр гаргах асуудлууд нь үндсэндээ шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчийн хувьд “чанар” гэдэг нэг л асуудал дээр зангидагдах байх. Өөрөөр хэлбэл тухайн менежерийн чанар тухайн компанийн үнэ цэнийг шууд тодорхойлох нь ээ.  

Тааруу, муу компанийн засаглалтай буюу дээр хэлсэн зөрчил ихтэй газруудад өндөр чадвартай боловсон хүчин, топ менежерүүд тогтдоггүй “хуультай” юм билээ. Үүнийг маш олон жишээгээр батлах боломжтой. Гэтэл зарим хүмүүс тогтохоор барах уу бүр “амжилттай” ажиллаад байгаа жишээнүүд ч энд тэнд хангалттай байдаг. Үүнийг зарим судлаачдын хэлдэг “Management Entrenchment” гэсэн томъёололтой холбож болохоор байгаа юм. Ухаан нь өөртэйгээ адилхан “чанаргүй” хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн бүх шийдвэр гаргах эрх мэдлийг өөр дээрээ авч, мэдээллийн хэт төвлөрөлийг тэрхүү этгээд ганцхан өөр дээрээ үүсгэх нь байна. Даллахад нь ил гарч, далайхад нь далд орж байдаг хэдэн утсан хүүхэлдэй нартайгаас гадна бүх мэдээллийг ганцаараа атгасан байдаг болохоор хувь нийлүүлэгч, компанийн захирлуудын зөвлөл ч тухайн этгээдийг заримдаа халах, солих боломжгүй байдаг аймшигтай жишээнүүд байна. Иймэрхүү хүмүүсийн “амжилттай” ажиллаж, албан тушаал дээрээ тогтож буй ганц шалтгаан нь бусад хэн нэгэн өөрийг нь орлож ажиллаж чадахгүй болтол бүх зүйлсийг өөр дээрээ авч ирж, мэдээллээ хуваалцахгүй явж чаддагт оршдог бололтой. Рекетчин гэсэн үг. Нөгөө талаас энэхүү “чанаргүй” хүмүүсийг дэмжиж байдаг хүчин зүйл нь та бид өөрсдөө гэж хэлж болохоор. Ухаан нь үнэхээр нэг компанийн хувьцааг авахаар судалж байгаа бол тухайн компанийн үндсэн бизнес, зах зээл, салбарын судалгааг хийлгүйгээр шууд өөрсдөөс нь өөрсдийн байдлыг нь асуух явдал. Өөрийн судалгаа дээрээ найдалгүй таньдаг хүнээ хайгаад давхидаг. Ихэнх хүмүүс тоо бодох дургүй байдаг тул аль болох бэлэн хоол идэх гээд дайрдаг. Харамсалтай нь бизнест үнэгүй бэлэн хоол байдаггүй билээ.        

Frontier Securities-ийн энэхүү тайланд дурдсанаар бол Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй байдаг 350 орчим компаниудаас ердөө 42 нь л санхүүгийн тайлангаа өнгөрсөн жил олон нийтэд дэлгэсэн бол нэг ч компани жилийн тайлан 2009 онд гаргаж хувь нийлүүлэгч нартаа мэдээлэл өгөөгүй байх юм. Ухаан нь нэг хүүхэнтэй суусан гэж үзвэл шинэхэн амраг нь хэдэн төгрөгний цалинтай байтугай хаана ажилладаг нь ч мэдэгдэхгүй, эцэг эх нь ч ямар хүн байдаг мэдэгдэхгүй, энэ талаар огт ам нээдэггүй “тийм нэгэн алаг нүдэн”-ээс ялгаа юун билээ. Түүнээс гадна энэхүү тайлан дээр 2009 оны сүүлийн байдлаар нөгөө бүртгэлтэй 350 компанийн 99 нь л Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн дүрмийн шаардлагыг хангаж байна гэж дурджээ. Шаардлага хангахгүй байгаа бол яагаад бирж дээр бүртгэлтэй хэвээр нь байлгаж, олон түмний мөнгийг “луйвардаад” байгааг нь огт ойлгохгүй байгаа. Эдгээр жишээнүүд нь компанийн засаглал ямар чухал сэдэв болохыг та бүхэнд ойлгуулах болов уу гэж найдаад дээрээс нь “хүч нэмэх” зорилгоор нэг хүүхэн, нэг залуугийн хийсвэр жишээг авсан болохыг болгооно уу.

Мэдээж ганц, хоёр хүн иймэрхүү увайгүй ажил хийж, бүхэл бүтэн компанийн үнэ цэнийг унагах нь тун хэцүү. Тиймээс муу засаглалтай холбоотой асуудлын цаана бараг бүхэл бүтэн мафи байдаг гэж хэлж болохоор юм билээ. Үүнтэй холбоотой Tunnelling гэсэн санхүүгийн нэг хэллэг байна. Товчхондоо компанийн удирдлага, гол менежерүүд компаниасаа хулгай хийх гэж хэлж болно. Магадгүй төр хамгийн муу менежер гэж ярьдаг нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. Энэхүү Tunnelling гэсэн ойлголт дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь хэн нэгэн найз, эсвэл хамаатан нь шинэ компани байгуулж, тэрхүү компани нь давуу эрхээр анхны компанид бараа материал нийлүүлэх урт хугацааны эрхийг авдаг. Барааны төлбөрт төлөгдсөн мөнгө шинэхэн байгуулагдсан компанийн захирал болон мөнгө төлсөн компанийн захирал хоёрт тэнцүү хуваарилагдан очдог юм байх. Энэхүү схем нь ялангуяа Азийн орнуудад их өргөн дэлгэр хэрэглэгддэг бололтой. Монголд хүмүүс бараа шахах гэж ярьдагтай агаар нэгэн буюу. Дараагийн “сонирхолтой” хэлбэр нь пирамид загвар байх. Ухаан нь иргэн Дорж А компанийг үүсгэн байгуулж 51%-ийг эзэмших бөгөөд А компани нь В компани байгуулж мөн түүний 51%-ийг эзэмшинэ. В компани нь мөн С компани байгуулж 51%-ийг эзэмшинэ. Энэхүү гинжин хэлхээ цааш яван C компани дахин шинээр D компанийн үүсгэн байгуулж харин энэ удаа C нь D компанийн 50%-ийг л эзэмших болно. Харин энэ үед иргэн Дорж D компанийн 1%-ийг гартаа оруулна. Өөрөөр хэлбэл иргэн Дорж А, В, С, D гэсэн бүхий л компанийн хяналтын багцийг эзэмшиж байна гэсэн үг. Солонгосын Лотте групп үүний сонгодог жишээ гэж хэлж болно. Профессорын тусламжтайгаар уг компанийн нууцын зэрэглэлд орох бичиг баримтыг олж үзэхэд энэхүү групп компаниудын хоорондын харилцаа, бүтэц, үйл ажиллагаа нь үнэхээр толгой эргэм. Хэдэн арван том, хэдэн зуун жижиг компаниуд байх боловч бүгдийнх нь хяналтын багц ердөө нэг гэр бүлийн л эзэмшил байх бөлгөө. Иймэрхүү компанийн хувьцаа худалдаж авах нь тухайн гэр бүлд шууд мөнгө хандивлаж буйтай агаар нэг бус уу. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэдий чинээ сайн байна төдий чинээ хямд эх үүсвэрээр санхүүжилт олох, хөрөнгө босгох боломжтой болох юм. Санаа сайн бол заяа сайн, Санаа муут яван хатна энэ тэр гэсэн бидний уламжлалт хэллэгүүд үнэндээ компаниудын хувьд засаглалын философи нь мэт.

Гэсэн хэдий ч амжилттай ажиллаж буй дэлхийн том компаниудын түүхийг ухан үзвэл ихэнх нь гэр бүлийн эзэмшлийн компаниуд байсаар л байна. Японы хувьд Тоёота болон Сони сонгодог жишээ. Тэгэхээр гэр бүлийн компаниудад давуу тал бас байна аа. Гол давуу тал нь дээр тайлбарласан Agency Problem байхгүй байх нь. Хүн өөрөөсөө хулгай хийхгүй нь шинжлэх ухаанд бараг батлагдсан тул. Дээрээс нь тухайн бизнесийг анх үүсгэн байгуулсан хүн нь ихэвчлэн маш хүчтэй лидер, шинийг санаачлагч, тухайн цаг үеэсээ тасарчихсан хүмүүс байх нь нийтлэг. Гэвч гэр бүлийн эзэмшлийн компаниудын сул тал гэсэн зүйс бас байна аа. Гол сул тал нь компанийн удирдлага, алсын хараа, үнэ цэнэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн хүрээнд л байна. Үсрээд л нэг азтай хүргэн хүү рүү шилжих байх. Гэтэл тухайн компанийг үүсгэн байгуулагч гэр бүлтэй ямар ч садан төрлийн холбоогүй мөртлөө тэднээс хамаагүй өндөр боловсролтой, өндөр чадвартай, алсын хараатай нэгэн байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгээд ч үүсгэн байгуулч нас барсны дараа үр, ач нар нь компанийн хөрөнгийн булаацалдан, бизнесийг нь үгүй хийж буй олон жишээг та нар мэдэх байх. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагчаас хойш 2, 3-р үеэс эхлэн зарим компаниуд гадны хүнийг компанийн гүйцэтгэх урирдлагад урин томилон ажиллуулдаг ерөнхий хандлага байна. Үүний нэг жишээ нь Сони бөгөөд энэ талаар дэлгэрэнгүйг энд бичсэн буй. Гэхдээ л голлох шийдвэрүүдийг гэр бүлийн гишүүд л гаргана.

Дээрх нийтлэг асуудлуудаас болоод олон улсын бирж дээрх ихэнх Азийн улсуудын (Япон улсын эс тооцсон болно) компаниудыг барууны улсуудын ижил цар хүрээний компаниудтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ нь голцуу доогуур байдаг статистик байна. Шалтгаан нь засаглал ба мэдээллийн ил тод бус байдал. Өөр нэг сонирхолтой судалгаа байсан нь Азийн улсууд ихэвчлэн балансын дүнд анхаарлаа хандуулж нийт хөрөнгийн хэмжээгээрээ (total assets) уралддаг бол барууны фирмүүд өөрийн хөрөнгийн (owner’s equity) хэмжээгээрээ уралддаг болсон ажээ. Өөрөөр хэлбэл өр тавьж байгаад ч болтугай тухайн компанийг их хөрөнгөтэй гэж харуулах уу, эсвэл олж буй өгөөжийн чанарт анхаарах уу гэсэн үг юм. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй орнуудын компаниуд ихэвчлэн чанарын араас биш тооны араас хөөцөлдөх агаад тухайн компаниудын Board of Directors буюу захирлуудын зөвлөл нь ч их сул хүмүүсээс бүрддэг нийтлэг хандлага байна. Захирлуудын зөвлөлд цаг сайхан байхад дарга, сайд хийж явсан хүмүүс голцуу тэтгэврийн хөгшид цугларах агаад иймэрхүү захирлуудын зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн атганд нь байх бүрэн магадлалтай. Үүний том шалтгаан нь компанид гаднаас санхүүжилт хэрэгтэй бол банкинд л хандахаас бус хувьцаа шинээр олон нийтэд гаргах асуудал үгүй юм. Банкнаас зээл авахын тулд хөгжиж буй орнуудад танил тал, арын хаалга хамгаас чухал. Ялангуяа хуучин дарга энэ тэр хийж явсан хүмүүсийн нөлөө энэхүү ажилд их өндөр гэсэн үг. Зөв ажиллаж буюу ажиллуулж чадах хөрөнгийн биржийн гол ач холбогдол чухам энэхүү ньюанс дээр л гарч ирэх ёстой ажгуу.

Цааш нь ухаад үзвэл хууль эрхүйн Англо Саксон ба Эх Газрын гэгддэг ялгаатай системүүд тухайн улс, бүс нутгийн компаниудын засаглалд хүссэн хүсээгүй асар том нөлөөтэй байхаар юм билээ. Барууны орнуудад компанийн эзэд нь хувьцаа эзэмшигч нар байх агаад компанийн удирдлагууд нь хөлсний менежерүүд байна. Уг компани нь дотооддоо захирлуудын зөвлөлөөр чиглүүлэгдэх ба гадаад орчинд хөрөнгийн зах зээлээр үйл ажиллагаа нь үнэлэгдэж удирдагддаг аж. Өөрөөр хэлбэл зээл, санхүүжилтын хувьд арилжааны банкуудаас бараг хамааралгүй гэсэн үг. Энэхүү схем руу эх газрын бизнесийн соёлтой улсууд нүүж байгаа ерөнхий хандлага ажиглагдаж байна. Япон болон Монгол улсууд үүний нэг жишээ гэж хэлж болно. Үнэндээ анх би Японы хөрөнгийн зах зээлийг Монголтойгоо харьцуулж үзье гэж бодож байсан боловч зарчмын хувьд харьцуулаад байх юм бараг байхгүй, санхүүгийн институцийн экосистемийн хувьд бараг ижил шахуу гэж хэлж болохоор бүтэц харагдаад байгаа юм. Учир гэвээс санхүүгийн хичээлүүд дээр үзэж байсан кэйсүүд дандаа Харвард бизнес сургуулийнх байх агаад ерөнхий концепц нь нөгөө Анкло Саксон зарчим дээр суурилсан байна. Эдгээр кейсийг Япон орчинд эсвэл “Монгол” сэтгэхгүйгээр сэтгээд дүгнэлт гаргавал яавч олигтой дүн авахгүй. Баруунд MBA хийсэн хүмүүс Япон, Герман, Францын санхүүгийн байгууллагуудад ажиллахад тун хэцүү гэж бас ярьдаг юм билээ. Тэр байтугай Японд бол барууны орнуудад хамгаалсан MBAMaster of English Literature-тай адил гэж ёжлон зүйрлэх юм билээ. Миний Австралилд хийсэн MBA-ийн ид шид Японы уламжлалт санхүүгийн байгууллагууд invisible байх нигууртай юм гэсэн. Гэхдээ л Японоос авах зүйлс байлгүй л яах билээ. Түүнчлэн Англо Саксон бизнесийн уламжлалтай улсуудад хүн 40 наснаас өмнө CEO болох нь энгийн үзэгдэл бол эх газрын гэгддэг уламжлалтай улсуудад 40 наснаас өмнө компанийн топ удирдлагад орох нь өдрийн од билээ. Монголд ч гэсэн чадвартай залуус мангар бацаан, тэнэгхэн, балчирхан, юм үзээгүй, гэнэн хонгор гээд элдэв янзаар дуудуулах бүрэн боломжтой. Үнэндээ тэр нэгэн агаагийн 40 насандаа гэнэт ойлгож, сурсан зүйлийг 25 настай залуу яагаад ойлгож сурч болохгүй билээ?

Эцэст нь дүгнэхэд, компанийн үйл ажиллагааг захирлуудын насаар нь хэмжин үнэлдэг цаг үе өдгөө тэртээ ард хоцроод буй. Ардчилал гэдэг зүйл хамгийн төгс зүйл биш боловч одоо байгаа сонголтууд дундаас хамгийн гайгүй нь гэсэн өгүүлбэртэй нэгэн адилаар компанийн үйл ажиллагааг хэмжих олон арга байгаагаас хамгийн “гайгүй” нь хөрөнгийн зах зээл гэж хэлж болох байх аа. Өөрөөр хэлбэл таны удирдаж буй компанийн бирж дээрх хувьцааны үнэ таны хийж буй ажлын үнэлгээ гэж хэлж болно. Миний удирдаж буй компани шилдэг нь, хамгийн сайн нь гэж хэд орилоод ч уг компанийн хувьцааны үнэ тийм амархан өсдөггүй юм билээ барууны орнуудад бол. Харин ч эсрэгээрээ буурах магадлалтай даг шүү. Биржийн бас нэг давуу тал нь өөрийгөө сайн удирдагч, сайн бизнесмен гээд бодчихсон байсан хүний компанийн хувьцаа үнэ цэнээ алдах үед тэрхүү бизнесийг үргэлжлүүлээд аваад явах буюу уг компанийн хувьцааг нь худалдаж аваад удирдлагыг солиод үйл ажиллагааг нь сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Ингээд бодохоор Монголд хичнээн олон сайхан төсөл тэрүүхэн тэндээ эргэлдэж, хэдэн банкны мөн царай алдаж байгаад амжилтгүй болж дууссан бол оо гэж харамсмаар. Компанийн засаглал нь бизнесийн орчинг бүхлээр нь сайжруулах, удирдлагыг цэвэршүүлэх, оролцогч нарыг чанаржуулах чухал зүйл буюу.

Дипломын ажлын халуундаа бичиж байгаа ажлынхаа бараг нэг дэд бүлгийнх нь санааг энд сарааччихав уу яав?  

Friday 11 June 2010

Have vision but with passion!

Дэлхийн том компаниудын нэг Сониг тэргүүлж байсан ноён Идэи манлайлал буюу лидерийн тухай өөрийн бодлоо илэн далангүй дэлгэсэн юм. Менежмент, манлайлал гэсэн сэдвээр маш олон ном зохиол энд тэнд хэвлэгдэж, ялангуяа орчин үеийн мэдээллийн эрин зуунд манлайлал, удирдлагын уламжлалт арга барил өөрчлөгдөх эсэх, ирээдүйн чиглэлийг нь ямар төлөвтэй гэж харж байна гэж асуухад одооны уламжлалт ойлголт өөрчлөгдөхгүй биз ээ. Учир нь манлайлал гэдэг чинь хүн гэж нэрлэгддэг бодгалийн салшгүй нэг хэсэг юм гэж хариулж билээ. Хүмүүс хооронд байдаг харилцааны хэлбэрүүд болох уур, баяр баясгалан, өшөө хорсол, урвалт зэрэг бүгд л манлайлал гэсэн том малгай дор зангидагдах тул уламжлалт ойлголт ирээдүйд ч өөрчлөгдөхгүй гэсэн бөлгөө. Гэхдээ хүмүүс хоорондын мэдээллийн ялгаа харин том нөлөө үзүүлнэ гэж хэлсэн нь яах аргагүй үнэн билээ.

Сүүлийн үед манайхан Vision гэж их ярих болсон. Том байгууллагууд нь дээр үед томъёолсон vision-оо эргэн харж янзлах, байхгүй байгууллагууд нь энэхүү алсын хараагаа тодорхойлох зэргээр ямар ч байсан бүх аж ахуйн нэгжүүд хаашаа явж буй, явахыг хүсч буй чиглэлээ тодорхойлоод буй. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын identity гэсэн үг. Ноён Идэи гуайн хэлснээр бол passion-гүй vision бол зүгээр л нэг байдаг уриа үг гэв. Ийм нөхцөлд та хэзээ ч лидер, удирдагч болж чадахгүй. Үүнтэй бүрэн санал нийлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл аливаа хүн, эсвэл байгууллага өөрсдийн тодорхойлсон тэрхүү зорилго, мөрөөдөлдөө хүрэх чинхүү эрмэлзлэл, сэтгэл байхгүй болбоос хичнээн сайхан зорилго цаасан дээр буулгаад үр дүн гарахгүй билээ. Мань эрийн өөрийнх нь хэлснээр бол “If you have vision without passion, nobody will follow you”. Тиймээс худлаа үнэн бусдыг дууриаж нэг vision-той болж авах зорилгоор бусдын үнэ цэнэ, зорилго, мөрөөдлийг шууд хуулбарлан өөр дээрээ наавал мөн л хэзээ ч амжилтанд хүрэхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл хувь хүн ч бай, байгууллага ч бай дотоод сэтгэл, үнэ цэнээ бүрэн дүүрэн мэдэрч байж өөрийн гэсэн vision-оо бусдаас үл хамааран тодорхойлох ёстой мэт.

Үсчингүүдийн нэг онигоо санаанд орж байна. Нэгэн жижиг тосгонд зэргэлдээ оршдог гурван үсчин ажилладаг байжээ. Нэг өглөө нэг үсчин нь гадаанаа энэхүү улсын дугаар нэг үсчин гэсэн хаяг хадаад орхисон байна гэнэ. Дараагийн өглөө нь хоёр дахь үсчин нь гадаанаа энэ дэлхийн дугаар нэг үсчин гээд хаяг хадсан байна гэнэ. Үлдсэн үсчин нь бодож байгаад хэд хоногийн дараа энэ тосгоны дугаар нэг үсчин гэсэн хаяг хадаж тосгондоо өөрийн зах зээл дээрээ лидер нь болж байсан гэдэг. Өөрийн нөөц, бололцоогоо нягтлахгүй, өөртөө хэт ахадсан, бусдыг хиймлээр дууриасан иймэрхүү үйлдэл хэнбугайг ч амжилтанд хүргэхгүй гэсэн санаа энэ онигоонд байгаа болов уу. Өөрөөр хэлбэл vision гэдэг нь хамгийн энгийнээр цаг хугацааны үечлэлээс нь хамааруулан богино, дунд болон урт хугацаанд яг юу хийж, ямар үр дүнд хүрэх хүсэлтэй байгаагаа л тодорхойлох ёстой юм шиг байгаа юм. Ухаан нь өөрөөрөө жишээ авбал Япон улс бол очиж үзэхийг хүсэж байсан улсуудын нэг минь байгаад зогсоогүй болбол дотор нь жаахан удаан байж дотоод соёл, орчинтой танилцахыг мөрөөдөж байв. Энэ нь миний vision гэж үзвэл миний passion нь тухайн улсыг өөрийн хирээр сайн судлах, тухайн улсаас сурах боломжтой зүйлийг нь судлан боломжит сургуулийг нь тоочиглон ихэд хичээн бичиж илгээсэн хэдэн эссэ байсан болов уу. Хэрэв би ийм passion-гүй зүгээр л Япон л явж үзмээр байна гээд vision”-доод яваад байсан бол өдгөө Наран улсаас энэхүү мэдээллийг блог дээрээ бичээд сууж байх нь юу л бол. Passion гэдгийг аливаа юмыг чин сэтгэлээсээ, зүрхний угаасаа хичээн хийхийг хэлнэ гэж бүдүүн бааргаар орчуулах юм уу даа. Энэхүү үгний талаар энэ нийтлэл дээрээ дээр бас бичиж байжээ. Хувь хүн бүр өөрийн идэвхтэй амьдралын үечлэл тутамдаа өөрийн дур хүсэл, мөрөөдөл дээрээ суурилсан зорилгоо тодорхойлчихвол зүгээр юм шиг байгаа юм. Ядаж л дараа нь нэг "барих юмтай", хэмжих зүйлтэй. Хаана, яах гэж амьдраад байгаагаа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, ойр тойрныхондоо ямар ч үнэ цэнэ үүсгэж чадахгүй, өнөө маргаашаа аргацаасан хүмүүс олшрох тусам л "лаг лаг" vision-гууд төрөн гардаг юм шиг санагдсан. Ухаан нь юм энгийн байх тусмаа л агуу юм шиг байна билээ гэж хэлэх гэсэн юм.

Сони АНУ-ын зах зээлд анх нэвтрэхдээ хоёр дэд зорилго тавьсан юм билээ. Эхнийх нь бүх юмыг хуулийнх нь дагуу хийнэ. Энэ ч зорилгоор Columbia Pictures-ийг тухайн үед багагүй мөнгө төлж албан ёсоор өөрийн болгож байв. Хоёр дахь нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ Сонигийн нэр хүнд, брэндийг таниулж, улмаар төгөлдөржүүлнэ гэж. Бүх бизнесийг хуулийг дагуу худалдаж авахад бэлтгэл ажлыг эс тооцвол гэрээн дээр гарын үсэг зураад нь дуусч байгаа бол Сони Холливүүдэд нэр хүндээ олох гэж бүхэл бүтэн 10 жилийг зарцуулсан гэнэ билээ. Өөрөөр хэлбэл хичнээн их мөнгөтэй, чадалтай байлаа гээд хэн ч өөрийнхөө нэр хүндийг хүссэн зорилгоороо удирдаж чадахгүй гэсэн санааг мань эр хэлэх гээд байна гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл Гүүглэ одоо асар их нэр хүндтэй байгаа нь Гүүглэ бидний ирээдүй гэсэн үг биш гэсэн жишээг хэлнэ билээ.

Их сургуулиас өөртөө нааж авах хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад онолын ерөнхий мэдлэгүүд амьдрал дээр хэрэг болдог тул тэрхүү суурь ойлголтуудыг сайн эзэмших хэрэгтэй гэснээс гадна оюутан үеийн найз нөхдийн холбоо хамгийн чухал хэмээн дурдана билээ. Глобаль зах зээлийн талаар болон Япон улсын хөгжиж буй орнуудаар аутсорсинг хийлгэж буй талаар лавлахад жишээ нь бид Энэтхэг улсад ердөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэтхэг бидний зорилтот зах зээл биш. Бид ердөө Энэтхэгийн хямд ажиллах хүчийг л ашиглаж байгаа юм гэж шулуухан хариулна билээ. Сүүлийн үед Сонигийн бүтээгдэхүүнүүдийн чанар хуучнаа бодвол жаахан муудсан тал буйг олон хүмүүс хэлж байв. Нэг шалтгаан нь зүүн өмнөд азийн голдуу улсуудад бараг ихэнх үйлдвэрлэлээ шилжүүлж аутсорсинг хийж байгаатай холбоотой. Нилээд хэдэн жилийн өмнө ихэнх бараанууд нь Made in Japan байсан бол одоо дийлэнх нь Хятадад үйлдвэрлэгдэн угсрагдаж буй. Өдгөө Хятад дахь Сонигийн салбарт нийт 40,000 хятад ажиллаж Хятадад олж буй орлого нь Японоос хамаагүй даваад байна. Чанарыг ялгаа үнэхээр гарч буй боловч Сони одоог хүртэл ижил төрлийн брэндүүдээс харьцангүй өндөр үнэтэй байсаар л байна. Нэр хүндийн үнэ цэнэ гэдэг энэ бөлгөө.

Манлайлал ярьж байгаа үед Америк болон Япон улсыг харьцуулан ярих нь утгагүй юм гэж байв. Учир нь Америк бол хамаагүй динамик улс, тийм бизнесийн орчинтой бол Япон улс хамаагүй статик төлөвтэй юм. Жишээ нь мань эр өөрийгөө Сонигийн удирдлагад орсон хамгийн анхны хөндлөнгийн хүн байсан гэж давтан хэлэв. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө цэвэр гэр бүлийн компани байсан хэрэг. Өөрөөр хэлбэл Японд бизнесийг анх үүсгэн байгуулагч нь удирдаж байгаад түүний үр хүүхдүүд нь ихэвчлэн дараагийн хоёр үе залгамжлан удирддаг хандлагатай. Гурав болон дөрөв дэх үеэс нь эхлэн гаднаас мэргэжлийн хүмүүсийг оруулбол оруулж компанийн удирдлагын багаа сэлбэх аж. Тоёота бол үүний бас нэг жишээ. Өнөөдөр ач хүү нь уг компанийг толгойлон ажиллаж байна. Энэхүү ач хүүгээс нь илүү чадвартай, Тоёотаг богино хугацаанд сэргээх мэдлэгтэй боловсон хүчин Тоёотад байгаа юу гэвэл хангалттай байгаа. Яагаад тэднийг захирал болгохгүй байгаа шалтгаан нь энэ бол Япон улс гэж хариулж болохоор санагдаж байна.

Мань эр нилээд ам халсныхаа дараа гол үүцээ бидэнд задалсан юм. Тэр нь хүн өөрийнхөө бие организмийг бүрэн удирдаж чаддаггүй. Жишээ нь өөрийн цусны даралт, зүрхний цохилтыг хүссэн хэмжээндээ барих чадваргүй байдаг. Гэвч хүн юу идэж уух, хэнтэй юу ярихаа хянаж бүрэн удирдаж чаддаг. Үүнтэй адил аливаа байгууллагад удирдаж болохгүй зүйлс бас байдаг юм шүү гэж захина билээ. Энэхүү хэлсэн үгийг нь би ойлгохдоо Сони хэмээх гэр бүлийн компанийн асар том вант улсад хаа хамаагүй хөндлөнгийн хүн орж ирэн хийх ёстой, хиймээр байсан, зарим үед илэрхий зөв шийдлүүд санал болгож байсан ч удирдах зөвлөл нь тэр бүр дэмжиж ажиллаагүй, тэр тоолонд мань эртэй зөрчил үүсгэж байсныг хэлж байна гэж ойлгосон буюу. Учир юу гэвээс Walkman нь iPod-д хэмж цохиулж, Sony Ericson нь iPhone-д далаараа цэвэр тавиулж байгаатай холбон тайлбарлаж болохоор ч юм шиг. Миний бодлоор бол Сони хэт их Америк болон өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд найдсан нь суурийг нь жаахан ганхуулсан байж болох талтай. Үүнтэй тун төстэй нэг жишээ байдаг. 19-р зууны үед Английн эзэнт гүрэн тухайн үед шинэ тутам гарч ирж буй буюу хөгжиж буй орнуудад нэг их ач холбогдол өгч тоогоогүй гэж судлаачид ярьдаг. Тэрхүү хөгжиж буй буюу тухайн үед emerging market нь одоогийн АНУ билээ. Тэр үед Английн эзэнт гүрэн өөрсдийгөө Sun never sets country энэ тэр гэж хөөрөгддөг байсан боловч хэдхэн жилийн дотор АНУ-с бүх зүйлээрээ хоцорсон түүхтэй. Профессортойгоо энэ тухай ярьж байхад манай багш хэт их аутсорсинг бас том компаниуд болон тухайн улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болохыг хэлж байв. Ухаан нь одоо АНУ болон Японд аль алинд нь нийгмийн дундаж давхарга эрс багасч, баян ба ядуугийн туйлууд эрс өсч буйг ямар ч статистик батлахаар буй. Улс орны хөгжлийг хангахын тулд аутсорсингийг хязгаарлаж, өөрийн улсын дундаж давхаргыг ажил, боломжийн цалингаар хангах уу, эсвэл тухайн компанийн ашигт ажиллагааг нь бодон хямд ажиллах хүчин бүхий хөгжиж буй орнуудад аутсорсинг хийхийг нь дэмжсээр байх уу гэдэг нь төр түшилцэж буй хүмүүсийн хувьд бодох асуудал болох хувираад байгаа мэт. АНУ, Японыг хэлэлтгүй Монголд гэсэн одоо ихэнх хүмүүс өөрсдийгөө дундаж давхаргад оруулж тооцох уу, эс тооцох уу гэдэг нь асуудал болсон санагдсан. Нөгөө Хүрлээгийн хэлдгээр цалин аваад байгаа ч юм шиг, авахгүй байгаа ч юм шиг, амьдраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг гэдэг билүү? Макро түвшинд шийдвэр гаргагч нарын хувьд энэхүү үзэгдэл нилээд том дохио болов уу гэж санах юм. Өөрөөр хэлбэл улс орноо хөгжүүлье хэмээн яриад, заримдаа бүр гудамжинд цээжээ дэлдээд хавтас дүүрэн vision сугавчлаад явж буй асар олон хүмүүс байх боловч эдгээрийн дотор чухамхуу улс орноо хөгжүүлчих юмсан гэсэн passion-тай хүмүүс нь хэд байгаа бол гэдэг нь тун сонирхолтой шинжлэх ухаан буй заа. Чухам энэхүү сэдэвтэй холбогдон компанийн (сайн) засаглал, нийгмийн хариуцлагын асуудал хүссэн хүсээгүй хөндөгдөх юм билээ. Шалгалтуудаа дуусгаж байгаад энэ талаар мөн тэрлэх санаа буй. 

Wednesday 9 June 2010

Sony

Сони корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга, ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Nobuyuki Idei хэмээх алдарт Япон эрхэмтэй уулзах завшаан тохиов. Ахимаг насны жинхэнэ уламжлалт Япон эр байх агаад дэлхийн алдартай компанийг удирдаж байсан гэсэн шиг нилээд “баавар”-тай, их зантайдуу, зарим хүн бол бүдүүлэг гэж хэлж болохоор зан авиртай нэгэн санагдав. Профессорууд ээлж дарааллан асуулт асууж Сонигийн талаар өөрсдийн саналаа (эерэг биш санал, дүгнэлтүүд) хэлэхэд “та буруу бодож байна” гэж царай нь хүрлийн хариулах бөгөөд зарим профессорууд тоо баримт, статистик дурдаж хэлсэнээ баталгаажуулах үед “So what?” буюу тэгээд юу гэж хэмээн “том босс” царайлах аж. Энэ зэргийн хүнд тийм зэргийн зиндаа байлгүй л яахав гэж тухайн үед бодсон ч уулзалтын дараа үнэхээр тийм мундаг хүн мөн үү, манай бизнесийн сургууль дээр ирж ингэж “томрох” ямба нь юу билээ хэмээн бодонгоо хэдэн Япончуудыгаа чихдэж асуулт асууж гарав. Түүнчлэн аз болоход санхүүгийн тэнхимийн профессор маань уг уулзалтанд байсан тул өнөөдрийн хичээлээр мань эрийг Сонид боссоор томилогдож очсоноос эхлэн халагдах хүртэлх үеийн хувьцааны үнийн хэлбэлзэл болон мань эрийн уулзалтан дээр хэлсэн гол өгүүлбэрүүд дээр анализ хийж хэдүүлээ анги дээрээ тухтай ярилцав. Мань эрийг том албан тушаал авснаас удалгүй Сонигийн хувьцааны ханш сансрын хурдаар өссөн байдаг юм байна. Гэхдээ үүнд мань эр шууд нөлөөлсөн үү гэвэл бас хэцүү. Учир нь яг тэр үед интернэт бүүм таарсан байх юм билээ. Түүнээс гадна мань эрийн эрхэм зорилго, алсын дараа, ялангуяа Playstation зэрэг шинэ бизнесийн төрлүүд мэдээж уг компанийн өсөлтөнд нөлөөлсөн байж таараа. Гэхдээ ямар хэмжээгээр гэдэг нь асуудал. Викидэж үзэхэд мань эрийг Business Week сэтгүүл 2005 оны дэлхийн хамгийн муу менежерээр шалгаруулсан байх юм. Гэнэт хурдтай өссөн хувьцааны үнэ мөн л гэнэт хурдтай унаж мань эр удирдлага атгаж байсан сүүлийн жилүүдэд Сонигийн захирлуудын зөвлөлийн нилээд дарамтан доор байж байгаад арга буюу албан тушаалаа өгсөн бололтой юм. Магадгүй энэ нь бидэнтэй уулзахдаа жаахан ааш муутай байсан нэг шалтгаан байж болох л юм. Ямартай ч Акио Морито гуай бараг 30 жилийн өмнө нисдэг тэргээрээ манай сургуулийн кампус дээр ирж байснаас хойшхи Сонигийн дараагийн төлөөллийн хамгийн нөлөө бүхий зочноор ноён Идэи зүй ёсоор тооцогдоно.

Мань эрийн яриаг ерөнхийд нь даяарчлал ба манлайлал гэсэн хоёр том сэдэвт багтаан ойлгож болохоор байв. Васедагийн их сургуулийг төгсөөд анх Сонид жирийн албан хаагчаар ажилд орж уг корпорацийн хамгийн өндөр албан тушаалд хүрсэн бахархалтай нэгэн. Ажиллах хугацаандаа Сонид гурван удаа халагдах өргөдлөө өгч байсан боловч тэр тоолонд нь цалинг нь өсгөн, албан тушаалыг нь ахиулж байсан гэдэг. Сони шиг гэр бүлийн хаалттай компанид мань эр анхны хөндлөнгийн этгээд болж гүйцэтгэх удирдлагад нь орж байсан түүхтэй юм байна. Өөрөө албан тушаалаа өгөхөөсөө өмнө америк хүнийг албаар “балиашиглан” гүйцэтгэх захирлаар үлдээсэн юм билээ. Учрыг ухвал даяарчлал, Япон соёл, манлайлал гээд нилээд том сэдвүүд өөрийн эрхгүй хөндөгдөж байна билээ. Мань эрийн үед Сонид гадаад ажилчдын хувь эрс нэмэгдсэн гэж яригддаг агаад өдгөө Сонигийн нийт ажилчдын 2/3-ийг л Япончууд эзэлж байна. Дэлхийн зах зээлд эрчимтэй түрж орсон үе нь Сони корпораци 1980-аад оны дундуур Columbia Pictures-ийг тухайн үедээ 3,4 тэрбум доллараар худалдан авсан үе гэж хэлж болно. Энэхүү үйлдэл нь америкууд, холливүүдийг тухайн үед нилээд сандаргаж байсан агаад ямар сайндаа Newsweek сэтгүүл 1989 оны 10-р сарын дугаараа Эрх Чөлөөний Хөшөө буюу The Statue of Liberty-ийн хатагтайд кимоно өмсүүлсэн зурагтайгаар “Japan invades Hollywood” гэсэн гарчиг бүхий нүүр хуудастай хэвлэгдэж байсныг ноён Идэигээс өөрөөс нь үзэв. Чухам энэ үеэс эхлэн Сони өрнийн ба дорны соёлын том зөрчилдөөнд хутгалдан орсон гэдэг. Дорнын соёл, тэр дундаа Япон бизнесийн соёл, уламжлалыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ялангуяа 1980 оны Япончууд гээд төсөөлөөд үзээрэй. Гэтэл эдгээртэй цуг АНУ-ийн зүүн болон баруун эрэгт дуу хөгжим болон сүүдэр шийний бизнес хийдэг янкинууд нэг дээвэр дор ажиллаж эхэлсэн нь асар том соёлын ялгааг үүсгэж, Сониг глобаль компани болох эхлэлийг нь тавьжээ. Энэхүү соёлын ялгаанаас гадна тухайн үед Сони шиг зөвхөн hardware үйлдвэрлэдэг байсан компани нэмээд цоо шинээр энтертайнмент бизнес руу орсон нь корпорацийн соёл, стратеги, бодлогыг тэр чигээр нь өөрчлөх шахсан юм гэнэ.


Энэ хурц зөрчилдөөн дунд Сони хэрхэн амьд үлдсэн нь маш сонирхолтой байв. Сонид удирдлагын гурвалжин гэсэн ойлголт байх агаад уг гурвалжингийн дээд үзүүр нь CEO буюу vision, зүүн доод үзүүр нь COO буюу operational excellence, баруун доод үзүүрээ CFO буюу harmony, өөрөөр хэлбэл сorporate governance-ийн гол тэнхлэгүүд гэж томъёолдог юм байна. Өөрийгөө ярихаасаа өмнө өөрөөс нь өмнө нь ажиллаж байсан CEO нар Сонид яг ямар баялаг, нэмүү өртөг бүтээсэн тухай дурдав. Анхны CEO нь хагас дамжуулагчийн бизнесээр Сониг хөл дээр нь бат зогсоож чадсан бол 2 дахь CEO нь CD, MD, tape player-ийг зах зээлд нэвтрүүлэн манлайлагч болж чаджээ. Харин 3 дахь CEO буюу мань эрийн Сонид оруулсан гавъяа буюу mission нь digital convergence байжээ. 4-р үеийн CEO буюу одоогийн америк захирал ноён Ховард нь Sony United гэсэн vision-тэй ажиллаж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө Google-тэй хамтран Next Generation TV буюу телевизийн дараагийн үеийн хувилбарыг гаргахаар хамтран ажиллах эхлэлээ тавиад байна. Тэгэхээр гүйцэтгэх захирал нарын алсын хараа, тухайн байгууллагад зориулан томъёолж буй эрхэм зорилго нь ямар чухал зүйл болохыг эндээс ойлгож болохоор байна. Гэхдээ эд нарын дунд олсон ололтоос гадна алдсан боломжууд ч асар их бий. Жишээ нь, 1999 онд Сони цахим номны санааг олоод прототайф бүтээгдэхүүн хийчихсэн байсан нь одоогийн iPad-ийн өвөө юм уу хаашаа юм. Түүнчлэн аль 2005 он гэхэд Сонид Palm буюу touch screen дэлгэж бүхий халаасны компьютер, PSP тоглоом буюу удирдлагын гар бүхий бичил компьютер (их сургуулийн оюутнууд туршилтын роботын тархийг PSP-р хийдэг юм билээ), Швэдийн Эриксонтой (бараг 10 жилийн өмнө 50:50 хувиар хамтарсан компани байгуулсан) хамтарсан харилцаа холбооны гурван том тусдаа бизнес байсан билээ. Даанч эдгээр нь гурван тусдаа зах зээлд гурван өөр компани болж ажиллаж байсан. Энэхүү гурван төхөөрөмжийг нийлүүлээд томоор харвал хэдхэн хоногийн өмнө 4G хувилбараа гаргаад буй iPhone таны нүдэнд харагдахгүй байна гэж үү? Гэтэл тухайн үед Apple-ийн сураг бараг л бол гардаггүй байсан билээ. Гэтэл өнөөдөр Сони Palm-ийн үйлдвэрлэлээ бүр мөсөн зогсоож уг бизнеэсээс гарч, Сони Эриксон нь Самсунгд борлуулалтаараа дээрэлхүүлж, PSP тоглоом нь Nintendo-д аль хэдийн дарлуулчихсан байна. Яг өнөөдрийн байдлаар Apple 228 тэрбум долларын хөрөнгөөрөө 222 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй Microsoft-ийг ардаа орхин дэлхийг шуугиулж байна. Гэхдээ энэхүү манлайлал нэг их удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Учир нь Apple-ийн хэрэглэж буй технологи аль хэдийн бусад компани, улсуудад улам төгөлдөржин хөгжиж байгаагаас гадна жаахан муу ёрловол Стив Жовс нэг өдөр “чад хийвэл” уг компанийн ирээдүй тун бүрхэг болно. Асар том технологи, бизнесийн туршлагатай Sony корпорацийн зах зээлийн үнэлгээ нь өнөөдөр дөнгөж 24 тэрбум доллар байгаа нь Apple-с бараг 10 дахин жижиг компани болон хувирсан байна. Харин Google-ийн хувьд хэдийн бодит буюу барьж, хазчихмаар бүтээгдэхүүн байхгүй ч 152 тэрбум доллараар санхүүгийн зах зээл дээр үнэлэгдэж байгаа нь гайхалтай. Дээрх жишээгээр Сонигийн алдагдсан боломжийн өртгийг тооцох гэж жаахан ухнатав. Өөрөөр хэлбэл одоо ч гэсэн Сонид асар том боломжууд байсаар л байна. Эсрэгээрээ өөр хүчтэй том компани Сониг худалдаад авахыг ч бас үгүйсгэж болохгүй.

Идэи захирлын үед интернэтийн хөгжлийн оргил үе таарч мэдээллийн технологийн стратегидаа зарчмын том шинэ чиглэлүүдийг Сони корпораци оруулж байсан байна. Vaio брэнд 1996 онд мэндэлж байсан ч борлуулалт нь асар багаар тоологдож Япончуудыг сандаргасан түүхтэй. Эндээс Соничууд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч асуудалгүй, харин тэрийгээ яаж сурталчлах нь том асуудал юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Vaio-ийн маркетинг дээр туслахын тулд Intel корпораци 150 маркетингийн тусгай мэргэжилтэнгүүдийг Япон руу илгээж байсан байх юм. Synergy гэдэг энэ буюу. Мань эрийн хэлснээр ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ гэдэг л хамгийн хүнд ажил байсан гэх. Үүнийгээ дараах жишээгээр их аятайхан тайлбарлав. Тайгер Вүүдс бол мэргэжлийн гайхалтай тамирчин (саяхны айхтар үүлэн борооны явдлуудыг нь энд оруулаагүй юм шүү). Гэхдээ гольфдоо л сайн. Түүнтэй адилхан Японы алдарт тамирчин Ичиро бэйсболлд гаргуун нэгэн. Харин нэг өдөр Тайгер Вүүдсээр бэйсболл, Ичирогоор гольф тоглуулбал ижилхэн амжилт гаргаж чадах уу. Магадгүй. Гэхдээ чадахын тулд асар их зүйлийг тэд өөрчлөх ёстой болно. Энэ өөрчлөлтийг би яриад байна гээд санаа алдана билээ зайлуул. Японы бизнесийг өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд үзэлцдэг бол барууныхан өрсөлдөөнд тэргүүлэгч байхын тулд өрсөлддөг. Энэ чанар Сонид хангалттай байгаагүй гэж хүлээн зөвшөөрч байна лээ. Түүнээс гадна гэнэтхэн Сони корпорацитай холбоотой аливаа асуултанд одоо хариулахаа болъёо, учир нь миний хэлсэн үг, мэдээллүүд уг компанийн үйл ажиллагаанд одоог хүртэл шууд нөлөөлөх тул эрсдэлтэй гэж хэлэв. Сонигийн ид өсөлтийн үед Япон АНУ-ийн эдийн засгаас 20 жилээр хоцорч явж байсан бол яг одоо Хятад Японоос 20 жилээр хоцорч яваа дүр зургийг би харж байна гэж глобаль бизнесийн цар хүрээг дүгнэж байв. Өөрөөр хэлбэл хөгшин Япон өвөө залуухан Хятад бандитай үзэлцэх болоод байна. Япон улс бизнесийн загвараа өөрчлөхгүй л бол жаахан бандид нулиулна гээд нилээд нухацтай мэдэгдэнэ билээ. Гэхдээ Солонгосуудаас буюу Сони Самсунгаас бол огтхон ч айхгүй гэдгээ хэлнэ лээ. Яагаад юм, бүү мэд. Яг энэ яриан дунд нь яагаад гээд асуусан бол ямар нэгэн байдлаар эргээд ам руугаа алгадуулах байсан тул дуугуй өнгөрөв.


Өнгөрсөн долоо хоногт Нью Иоркод байж байгаад ирсэн гэх агаад мань эрийн дүгнэлтээр бол АНУ хямралаас бараг гарчихсан байна. Харин европ жаахан хэцүү хэвээр байгаа тухай айлдаж байна билээ. Түүний ярианы дараагийн гол сэдэв нь манлайлал байлаа. Энэхүү сэдвийн жишээгээрээ саяхан огцордог Хатояама ерөнхий сайдынхаа чихийг нь халууцтал хэлж байна билээ дээ. Мань эрийг Япон улсын түүхэн дэх удирдагч, манлайлагчийн хамгийн муу жишээ гэж дүгнэнэ билээ. Энэ талаар тухтай сууж байгаад бичээд дараагийн бичлэгээр оруулмой. 

Sunday 6 June 2010

Toyota

Японд ирчихээд Тоёота машины үйлдвэр тэргүүтэнтэй нь танилцаагүй бол Францад очоод Эйфелийн цамхаг үзээгүйтэй адил гэж зарим хүмүүс ярих аж. Corolla, Vitz, iQ загваруудыг үйлдвэрлэдэг Тоёота корпорацийн Такаока хэмээх үйлдвэрт нь зочлох завшаан тохиов. Энэхүү үйлдвэр нь Нагояа хотоос холгүй орших Тоёота хотод байрлах бөлгөө. Тоёота хотод амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь Такаока үйлдвэрт ажиллах бөгөөд уг хотод Хонда, Ниссан зэрэг өөр машинууд гудамжаар нь явж байхыг харахад жаахан эвгүй л юм билээ. Зөвхөн Такаокагийн үйлдвэр л гэхэд өдөрт 680 машин буюу жилд 250,000 машин үйлдвэрлэдэг юм билээ. Хоёр ээлжийн ажилчидтай байх агаад бараг бүрэн автоматчилагдсан үйлдвэрт роботуудын тусламжтайгаар гулдмай ган төмрийг нүд ирмэх зуур хэрхэн машин болгож буйг харахад үнэхээр сонирхолтой байв. Ажилтан тус бүр нэг л төрлийн ажлыг хийх агаад хоёр ээлжийн ажилтантай гэж тооцвол нэг хүн өдөрт 340 нэг ижил үйлдлийг давтан хийдэг гэж хэлж болох юм. Дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд ирж буй залуу туслах ажилтанаар ороход дунджаар 1,600 ам.долларын цалин авдаг юм билээ. Их сургууль болгоны supply chain management, logistics, strategic management хичээлүүд дээр үздэг Тоёотагийн алдарт “Just in time системийг газар дээр нь ийнхүү үзэв. Нэг автомашин маань том, жижиг нийлсэн 30,000 эд ангиас бүрддэг юм байна. Тоёотагийн хувьд ихэнх эд ангиа аутсорсинг буюу бусдаар захиалан гүйцэтгүүлдэг тул Тоёота дампуурлаа гэвэл хэдэн мянган жижиг, дунд бизнесүүд Япон төдийгүй дэлхий даяар даган муужрах юм байна. Саяхан нэг эд ангийг нь хийдэг бэлтгэн нийлүүлэгчийн үйлдвэрийн газарт нь газар хөдлөлт болоход Тоёотагийн бүхий л үйлдвэрлэл хэдэн өдрөөр саатсан гэж байна билээ. Хэдий бүх зүйл нь роботуудын тусламжтайгаар хийгдэх ч хүний оролцоогүйгээр машин босно гэж байхгүй юм билээ. Будгийн тасаг нь хамгийн их цахилгаан зарцуулдаг аж. Гурван давхар будаг явж байж машинаа будаж дуусгадаг юм билээ. Профессор маань Тоёота корпорацийн Тоёота үйлдвэрлэлийн систем ба Apple корпорацийн iPhone-ийн бизнес загваруудыг экосистем, ложистик, зардал, технологи, нэмүү өртгийн талаас нь судлан харьцуулалт гаргаж, ижил төрлийн бизнес загвартай гэж батлахыг оролдож буй нь бас их сонирхолтой ярианы сэдэв байлаа.

Тоёота корпораци нь Токио, Нагояа, Тоёота хотуудад оффисуудтайгаас гадна Япондоо 12 үйлдвэртэйгээс би нэг үйлдвэр дээр нь очиж үзсэн нь энэ буюу. Эдгээрээс гадна дэлхийн 26 улсад нийт 53 салбар компани, үйлдвэрүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтдээ 320,000 гаран ажилчидтай гэж ярих агаад групп доторх охин компаниудыг нь тоолбол 520 гараад явах юм байна. Хэдийгээр 2009 оны 3-р улирлын байдлаар нийт 20,529 тэрбум иэнийн борлуулалт хийсэн ч 436 тэрбум иэнийн алдагдалтай ажиллаад буй юм билээ. АНУ болон бусад улсуудад гарсан автомашины доголдол, дефектээс болоод өнөөдрийг хүртэл уг компани том асуудалтай байсаар л байна. Жолоочийн аюулгүй байдлаас гадна хэрэв жолооч хүн дайрлаа гэж бодоход машин хамраараа хүн мөргөхөд ямар тохиолдолд, ямар хэлбэрийн хамартай машин хийвэл мөргүүлж буй хүнд хамгийн бага аюул, хохирол учруулах боломжтойг хүртэл судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байх юм билээ. Хамгийн сүүлийн үеийн Lexus, Corolla-д сууж үзэхэд үндсэндээ дотоод бүх хяналт, үйл ажиллагааны систем нь бүрэн компьютер болсон байна. Том кристал дэлгэц, түүнийг удирдах хулгана тэргүүтэн нь яг л онгоцны удирдах салоныг санагдуулж байв. Хэдий ийнхүү бүх юм хурууны үзүүрээр удирдах боломжтой болсон ч нэг жижиг алдаа системд гарвал тун хэцүү болохыг алдарт Prius–ийн жишээ харуулсаар байна. Гэнэт хааз нь нэмэгдээд жолоочийн удирдлагаас гарч буй проблемийг олохын тулд инженерүүд нь уг машины хэдэн арван чипийг нэг бүрчлэн ухаж буй гэж ярилцах юм билээ. Орчин үеийн машин дунджаар 15 микро процессортой болсон гэж манай профессорын нэгэн нийтлэлд дурдсан байсан. Prius-ийн энэхүү үл мэдэгдэх гажигаас болоод АНУ-д 52 хүн уг машинийг унаж яваад амь насаа алдаад байгаа тухай CBS news 3 сард мэдээлж байсан. Вирус оруулаад системийг буруу ажиллуулах, эвдэх боломжууд ч байх бололцоотой. Ингэж бодохоор дээр үеийн 69-өө л сайхан унаад явж байх нь өлзийтэй ч юм шиг. Ихэнх шинжээчид энэхүү проблем нь hardware биш software-ийн проблем гэсэн онош гаргаад буй юм билээ. Гэсэн хэдий ч 1997 онд анх массаар үйлдвэрлэгдэж эхэлсэн дэлхийн хамгийн анхны hybrid мотор бүхий Prius машин нь автомашины зах зээлд нэг шинэ хуудсыг нээсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Энэхүү машин нь 2008 онд байдлаар нийт 1.7 сая зарагдаад байгаа юм билээ. Энэүү машинтай холбоотой гарсан сөрөг мэдээллүүд Facebook, Twitter-р дамжин асар түргэн хугацаанд дэлхий даяар тарсан нь Тоёота корпораци Social networking site-уудыг бизнесийн үйл ажиллагаандаа стратегийн зорилгоор ашиглахад хүргэсэн удаатай. Sony корпораци хөгжим болон ТВ-ийн бизнес дээрээ хэт их анхаарал тавьж, интернэтийн хөгжлийг огоорсноос болж Apple компанид далаараа цэвэр тавиулсан гашуун түүх Япончуудад байдаг. Sony-ийн энэхүү алдааг Тоёота тойрон гарч чадах уу гэдэг том асуудал үүсээд байх шиг байгаа юм. Манай профессор нийтлэл дээрээ ингэж бичжээ. Хэдий зарим хүнд мөрөөдлийн мэт санагдаж болох ч энэ цаг тун удахгүй гэдэгт би хувьдаа итгэж буй.

“If the car behaves like a modern electronic gadget that could be connected to Internet – Indeed automobiles are increasingly becoming web-enabled – the problems can be more or less monitored in real time and the fixes can be done cheaply and swiftly. That is where a big threat to an established player like Toyota could come.”

Энэхүү компанийг үндэслэгч эрхэм Сакичи Тоёода нь 1867 онд төрсөн бөгөөд анхны седан машинаа 1936 онд хийж дуусгаснаар Тоёота компани 1937 онд албан ёсоор үүссэн түүхтэй юм байна. Crown-ийн хамгийн анхны загвар буюу дээж нь 1957 онд АНУ-руу ачигдаж байснаас гадна Corolla 1966 онд төрсөн юм байна. Харин Lexus брэнд 1989 онд АНУ-д зориулан бүтээгдэн үүсч байсан ч Япондоо дөнгөж 2005 онд танилцуулагдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл АНУ Тоёотагийн хувьд ямар чухал зах зээл болохыг энэхүү мэдээллүүд харуулж байна. АНУ-ын зах зээлд нэвтрээд бараг 50 жилийн дараа буюу 2007 онд Тоёотагийн борлуулалт анх удаа Форд, Крайслер-ийн борлуулалтаас давсан түүхтэй.   

Нилээд хэдэн долоо хоногийн өмнө Тоёота корпорацийн Corporate Value Creation Department-ийн дарга нь хоёр цэрэг, нэг инженертэйгээ ирж бидний хэдэн оюутантай workshop хийсэн юм. Эдийн засгийн болон компанийн хямралын энэхүү хүнд нөхцөлд төсвөө тануулаагүй үлдсэн цорын ганц нэгж нь энэ хэлтэс нь юм билээ. Энэхүү залуучуудын гол зорилго нь next generation car зохион бүтээх. Тэр ч утгаараа нилээд хэдэн жилийн өмнө i-Unit прототайфийг бүтээгээд байгааг нь Тоёота хотод нүдээрээ үзэв. Мань нөхдүүд цаасаар хүртэл машин хийж үзсэн гэж байгаа. Гол концепц нь машин бол зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш хүний амьдралын салшгүй үнэ цэнэ байх ёстой гэсэн үзэл байна. Ингэхдээ машин нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байхаас гадна байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо халгүй байх ёстой гэсэн нөхцөлтэй. Мань этгээдүүдийн ярьж буй зүйлийг сонссон хүмүүсийн ихэнх нь ямар тэнэг юм сэдэж, ярьж явдаг байна аа гэж бодохоор. Мөрөөдлийн шинжтэй, бүр зөгнөлт ч юм шиг сонин зүйлс ярихаас гадна бидний сэтгэхүйгээс тэс өөрөөр сэтгэж юмыг бодож байгаа нь гайхалтай санагдаж билээ. Тэрийг нь хэлэхээр бидний хийж байгаа юмыг хүмүүс одоо ойлгохгүй, олон жилийн дараа ойлгоно, тэрнээс гадна бидний бүтээл масс зах зээлд биш тодорхой хүрээнд л эхэлж зориулагдан гарна гэж байсан юм. Одоогийн байдлаар ирээдүйд Тоёота хаашаа явах вэ гэдгийг Living Beautifully, Adequate Existence, Human-like Encounters гэсэн гурван үзэл баримтлалаар баримжаалаад байгаа юм билээ. Та бүхэн гүүглэдээд үзвэл эдгээрийн зарим нэг зураг, видео файлуудыг олох байх. 
Нагояа хотод орой нь очиж буудаллан жаал сонирхон явахад Токио хотыг бодвол нилээд өргөн гудамжуудтай юм шиг санагдав. Хүмүүстэй ярьж үзэхэд тийм, учир болбоос дэлхийн 2-р дайны хөлд хамгийн их нэрвэгдэж, агаарын бөмбөгдөлтөөс хамгийн их хохирол амссан хот нь Нагояа юм байна. Дайны дараа сэргээн босголт хийхдээ ийнхүү өргөн гудамжууд зассан бололтой.