Sunday, 22 June 2008

Art of communication

“Дольдогнох урлаг”

Өнөөгийн нийгмийн сөрөг тал, сонгуулийн хэнээрхэлд стрессдэж, нервтсэн ууртай орчуулагч лав ингэж орчуулахад би лав гайхахгүй дэг. Манай нийгмийн дийлэнх хэсэг нь бусад хүмүүс өөрийнх нь үгэнд үг дуугүй ордог, хэлсэн болгоныг нь зөвшөөрдөг тийм хүмүүсийг сайн хүмүүс, сайхан хүмүүс гэж дүгнээд байх шиг. Нөгөө талаасаа зарим нөхдүүд “сайн хүн”, ”сайхан хүмүүс” болохын тулд хууль бус, зарчмын бус, хүнлэг бус, ёс суртахуунгүй зүйлсийг шууд болон шууд бусаар нь хийж байгаа нь манай нийгэмд түгээмэл үзэгдэл болоод байгаа юм уу даа л гэж харагдаад, мэдрэгдээд байгаа юм даа. Одоо жишээ нь энэ сонгуульд нэр дэвшээд яваа барилгачин, барималчин, балинчин, бөхчин гаруудын хэлж ярьж буй юмнуудыг нь сонсох гэхээр элгээ гамнаад байх юм. Хэдийгээр хэнбугай ч сонгуульд нэр дэвшин, сонгох ба сонгогдох эрхтэй болов ч бие биенийгээ ингэж гүжирдэн гүтгэж, үгээр байлдаан хийж, тэрэндээ хэдэн тэрбум төгрөг зарцуулах хэрэг юу байсан гэж? Гэнэтхэн эх орны хүү, охин болж, гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайртай болохын оронд одоо хийж байгаа ажлаараа их хуралд нэр дэвшсэнээс илүүтэйгээр энэ нийгэмд тус болохоо мэдрэхийг хүсэхгүй юм зарим хүмүүс маань. Тэгээд тэрийгээ тайлбарлахдаа бараг хүн болгонд шахуу улаан цагаан доль цохихыг нь харахаар бурхан гомдмоор юм. Чингэс хаан тэднийг дээрээс хараад “Oh, shit” гээд л сууж байгаа байх даа зайлуул.

Хувийн амьдрал ч бай, хувьсгалын ажилд ч буй ялгаагүй ёсзүйн зарчим ч байдаг юм уу (code of ethics), харилцааны соёл, бие биенийгээ хүндлэх, тус болохгүй юм аа гэхэд гай болохгүй явахыг бие биедээ зааварласан, чиглүүлсэн систем байдаг шүү дээ. Нэг нөхрийн далбаан дор дэрвэн явж байж насаа элээх гэж байгаа хүмүүс шиг овилгогүй аашлан өчигдөр за гэсэн зүйлсээ өнөөдөр үгүй гэж хэлэн “нохойтох” овоо муу гаруудыг хааяа ч болтугай өөрсдийгөө дотроосоо биш гаднаасаа “толинд харж” үзээсэй билээ гэж боддог юм. Иймэрхүү гаруудыг хамгийн арчаагүй, дэндүү хямдхан биеэ үнэлэгчээс долоон дор хүнтэй зүйрлэхэд ч дэндүү гоёдмоор.

Гэхдээ нөгөө талаас хүмүүс яагаад ийм болоод байна гэдгийг харж үзвэл бас өөр дүр зураг гарах байх. Би бодоод байдаг юм. Иймэрхүү арчаагүй нөхдүүд ямар нэгэн зүйлээрээ тэр бөгсийг нь долоогоод байдаг хүмүүстээ барьцаалагдчихсан байдаг байх гэж. Эсвэл тэр хүнээс, тэр группээс холдох л юм бол өөрөө бие даан амьдрах ямар ч чадваргүй, өөртөө итгэлгүй, хамгаалалтгүй болчих учраас л үхэн хатан байгаа байран дээрээ хонгоо хорстол эргэлддэг буй заа гэж таамаглал дэвшүүлж байна. Ингэж явах бас авъяас байх шүү. Тэдгээр хүмүүсийг бас ингэж явуулж, удирдаж, хурууны үзүүрээрээ хөдөлгөж чадаж байгаа нь бүр агуу авъяас шүү! Гэхдээ цаана нь хэдэн халтар бохир мөнгө байхгүй тохиолдолд шүү дээ. Хир баргийн хүмүүс ийм зан гаргаж удаан явахгүй байх гэж бодож байна, ялангуяа бидний үеийн залуусын хувьд.

Тэрнээс биш жинхэнэ “Art of communication”-тай хүн гэвэл хамгийн гол нь жаахан ч гэсэн хүний үнэртэй, улаан цагаан хоёр нүүргүй, цуг явж байгаад нэгнээ араас нь түлхдэггүй, жаахан овилгогүй зан гаргах гээд байгаа нэгнээ эвтэйхэн зөв зам руу оруулаад ичээчихдэг, хэлэх гэсэн, хийх гэсэн юм аа түс тас хэлээд хийчихдэг, нэг тийм ноён нуруутай хүмүүс байдаг даа харахад нэг Озеки Кайо шиг:)

Бидний харьцдаг хүн болгон өөр өөрийн гэсэн ялгаатай түлхүүртэй болов ч тэр түлхүүр болгонд нь нэг бодгал тааруулж харьцана гэвэл түлхүүр тааруулан байр ухдаг хулгайч шиг болох бус уу. Харин хүн болгоны түлхүүр нь аливаа байгууллага, хувь хүний эрхэм зорилго, хүн чанар, мөс жудаг, хүндлэл, шударга бөгөөд зарчимч, ил тод байдал гэдэг том өргөн хаалганд заавал таардаг байх ёстой. Тийм нэгэн “зарчмын” түлхүүрээр бид энэ нийгмийнхээ хаалгыг хааяа ч гэсэн цоожилж байхгүй бол дурын баагий нар орж ирдэг хогийн сав боллоо шүү дээ! Тийм түлхүүр байхгүй, тийм түлхүүр бүхий цоожоор өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байгаа нохдуудыг хашааны гадна байлгавал зохистой.

Энэ бичлэгээрээ би үеийнхээ залуучууддаа юу гэж уриалах гээд байна вэ гэвэл “Guys, do not be an ass kisser! Just be the man!”

Monday, 16 June 2008

Bayan-Ulgii, Western Mongolia

Баруун Монголын хязгаар Баян-Өлгий аймаг

6 сарын дундуур Аэро Монгол компанийн Фокер-50 онгоцыг хөлөглөн анх удаагаа Баян-Өлгий аймгийг зорин явлаа. Изинис компанид ажилладаг найз маань манай онгоцоор ниссэнгүй гэж утсаар гомдол тавьсаныг эс тооцвол Аэро Монгол компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Орон нутгийн нислэгээр мөн анх удаагаа нисэж байсан тул юм бүхэн надад шинэхэн бөгөөд сонирхолтой байв. Эелдэг, шуурхай онгоцны үйлчлэгч залуус, ил сэнс бүхий жижигхэн онгоц, Баян-Өлгий дэх шороон зам бүхий онгоцны буудал, мөнх цасан орой бүхий сүрлэг өндөр уулс, цавчим хурц хад асга бүхий нурууд, дээгүүр эргэлдэн нисэх элээ шувууд, шавар байшин, чулуун хашаанууд, хамгийн гол нь Монгол улсын маань нэгэн ам бүл болох Казах зон олон, тэдний амьдрал ахуй, ёс заншил, уламжлал нь онцгой анхаарлыг минь татаж байв.

Бороо хур багатайгаас болоод зуншлага хаа сайгүй тааруу байгаа нь хамгаас харамсалтай байлаа. Жаахан салхи гарангуут л нүүр нүдгүй шороо шуурах нь үнэхээр хэцүү. Ялангуяа Өлгий хавиар хад асга бүхий өндөр уулс, шороо, элсэн давхарга бүхий газар нутагтай бөгөөд энэ газраас хонь, ямаа нь яаж өвс, тэжээлээ олж идэн голоо зогоодог юм бол гэж гайхмаар бас өрөвдмөөр. Гэсэн ч санасныг бодвол Өлгий хот маань харьцангүй том суурин газар байсан бөгөөд гадаадын нэг хотод ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шашны хүмүүс, бүсгүйчүүдийнх нь өмссөн хувцас, алчуур, хэл яриа, үндэсний хоол зоог нь үнэхээр сонирхолтой бөгөөд дэгжин аж. Зарим хүмүүс Монголоор сайн ойлгодоггүй, Монгол хэлээр ярьж чадахгүй байснаас хэл нэвтрэлцэхэд үл ялиг бэрхшээл гарч байв. Харин Казах охидууд Халх охид бүсгүйчүүдийг бодвол нүд, хөмсөг сайтай юм байна гэсэн хувийн дүгнэлт хийгээд ирсэн гэж байгаа. Баян-Өлгийд очиж байсан “билгийн” нүдтэй нөхдүүд надтай санал нийлэх байх аа гэж бодож байна. Автомашин, өөрөө явагч хэрэгслийн тоогоороо Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа ордог гэдгийг өөрөө очиж үзээд л итгэлээ. Үнэхээр машин ихтэй газар байх боловч энэ аймагт амьдардаг 30,000 хүн маань зам харгүйн асуудлаа тийм ч сайн шийдээгүй нь мэдрэгдсэн.

Түрэг, Орос нөхдүүд цөөнгүй явж байснаас гадна суурин бизнэс эрхэлдэг бөгөөд гадны жуулчид их ирж Алтай Таван Богд, Цамбагарав Хайрханыг зорин явдаг юм байна. Энэ аймгийн давуу тал нь шууд Орос, Хятадтай хиллэх бөгөөд худалдаа арилжаа хийж чанартай, боломжийн үнэ бүхий бараа товаарыг Улаанбаатараас зөөлгүй авах боломжтой.

Махыг аймшигтай ихээр хэрэглэдэг ард түмэн байх аж. Нэг ам бүл өвөл идшиндээ дунджаар нэг адуу, нэг үхэр, арван хонь төхөөрдөг гэх. Үндэсний хоол болох чанасан мах, ногоо, гурил нь салахын аргагүй амттай. Хамгийн хүндтэй хүмүүстээ чанасан толгой бүхий тэргүүтэй цартай махыг өргөн барьдаг бөгөөд дундаа хоолоо тавин гараа угааж байгаад олуулаа хуваан иддэг нь энэ ард түмэн “багийн” тоглолт сайтайг илтгэж байгаа мэт бөгөөд ширээ тойрон сууж байгаа хүмүүсийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм билээ. Хоолныхоо өмнө мөн хамгийн настай, эсвэл хамгийн хүндтэй хүн нь ерөөл айлтгаж, Аллах тэнгэртээ залбирдаг бөгөөд би насны шалгуураар нь биш шүү гэхдээ нэрийн хуудсан дээрх “албан тушаал”-ын шалгуураар ерөөл хэлэх болж Аллах бурханд хамт олноо төлөөлөн нийт хамт олныхоо эрүүл мэнд, ажлын өндөр амжилтыг хүсэн хандсан билээ. Өдөрт таван удаа мөргөлийн цаг байдаг бөгөөд тухайн цагуудад аймгийн төв даяар цагаан хоолойгоор мөргөлийн дуу явж, хүмүүсийг мөргөлөө үйлдэхийг сануулдаг юм билээ. Сүмд нь очиж үзнэ гэж төлөвлөж байсан боловч цаг гаргаж амжаагүйдээ жаахан харамсаж сууна. Казах хүн казах хүнтэйгээ суухыг эрхэм болгодог ч сүүлийн үед залуус нь чөлөөт сонголт хийж байгаа гэж ярьж байна лээ. Хайр сэтгэл гэдэг хаашаа ч хамаагүй визгүй зорчдог зүйлийг ямар ч шашин барьж дийлэхгүй биз дээ.

Казах ард түмнийг хөдөлмөрч ард түмэн гэж ярьдаг нь хоосон яриа огт биш байсан бөлгөө. Бидний буудалласан казах эсгий гэр бүхий хотхоныг ямар сайхан тохижуулсан байсан гэж санана. Дээр хэлсэнчлэн хад асга, элс, шороо бүхий гудамжин дунд баянбүрд мэт нов ногоон орчныг бүрдүүлж, төрөл бүрийн үзэсгэлэнт мод тарьсан байхаас гадна зүсэн зүйлийн шувууд жиргэлдсэн диваажин мэт орчныг бүрдүүлсэн байлаа. Энэ хотхон руу ороход такс нь нэг зуун төгрөг гэх бөгөөд залуус оройдоо ирж төгөлд суун юм ярилцан хөгжилдөж чөлөөт цагаа өнгөрөөдөг юм билээ. Энэхүү хотхоны эзэн нь хийж буй ажил болох байгаль орчиноосоо үнэн кайф авдаг этгээд бөгөөд ёстой насны жаргалаа эдэлж буй атаархмаар хүн байх.

Казах эсгий гэрт хоног төөрүүлж, домборын гайхамшигтай аялгууг сонсон, тэнгэрийн хүчит араатан болох бүргэдийг гар дээрээ суулган дэвүүлж, үндэснийх нь чамин эдлэлээр гоён гангарч, “Найрамдал” уулан дээрээс нь Өлгий хотыг тольдон, спорт урлагийн төрлөөр хоорондоо өрсөлдөн, хамт олныхоо санал, сэтгэгдэл, шүүмжлэлийг сонсон Ховд голын эрэг дээр бултаараа хөгжилдсөн мартагдашгүй сайхан дурсамжийг тээн Улаанбаатар хотноо буцан ирлээ. Мартагдашгүй сайхан гэдэг нь Увс, Ховд аймгаас ирсэн салбарын залуус маань Өлгийн салбарынхан, Улаанбаатараас очсон бидэнтэй хэдий хоёрхон хоног цуг байж танилцсан ч хоёр жил цугтаа ажилласан юм шиг бие биенээ ойлголцон хамт олон, найз нөхөд болж, тус тусын аймаг, хот руу явахдаа бүгд бие биендээ хоргодон зарим хүмүүс нь нулимс унагаж байснаар хэмжигдэх буй заа.

Бид эх орондоо хайртай!

Tuesday, 10 June 2008

Disabled children issue and Down syndrome association established

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал ба Даун Синдромын Холбоо Монголд байгуулагдлаа

Хэдий Олон улсын бичил санхүүгийн хурал зохион байгуулаад завгүй байсан ч амласан ёсоороо яаж ийж байгаад зав гаргаад 6-р сарын 1 буюу Эх Үрсийн Баярыг угтаж ХасБанк Хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдэд бэлэг тарааж өгсөн юм. Энэхүү компанит ажлыг Английн хүүхдийг ивээх сан, АПУ компани зэрэгтэй хамтран хийлээ. Би өөрөө ажлынхаа 2 залуугийн хамтаар гурван айлаар орж амьдрал ахуйтай нь танилцан цаашид юу хийж болох талаар харж явлаа.

Тэр хөөрхөн хүүхдүүд яагаад ийм болдог, ямар муухай хүмүүс яагаад ийм болгодог юм бол гэж өөрөөсөө болон дотроо бурханаас асууж явлаа. Бүтэн болон хагас саажилттай, тахир дутуу, оюуны хомсдолтой гээд насан туршдаа хүний эрхшээлд байх эвий жаахан хүүхдүүдийг хараад тэдний өмнө юу ч хийж чадахгүй байгаадаа дэмий л өөрийгөө зүхэж сууж байлаа. Ялангуяа бид хамгийн хүнд амьдралтай айлуудыг сонгон авч очсон бөгөөд аав, ээж, ах, эгч нарынх нь амьдарлынхаа төлөө тэмцэж буй байдлыг бодит амьдрал дээр нь хараад хурал зохион байгуулаад өдөр шөнөгүй ажиллаад ядарч үхлээ гэж бодож, яриад яваад байснаа эргэж санан өөрөөсөө үхэтлээ ичиж билээ. Өөрөөр хэлбэл бид нарын ажил, амьдралын ачаалал, стресс, зовлон бол тэд нарын хажууд юу ч биш юм байна аа залуусаа.

Иймээс би, ХасБанк та нараас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах талаар бидэнтэй нэгдэж дорвитой ажил хийе гэж уриалж байна. Тун удахгүй Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооноос хэд хэдэн төсөл бичиж ирүүлэх болсон бөгөөд үүнийг нь бодит ажил хэрэг болгох тал дээр сайн санаатай, буянтай хэн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү гэж та бүхэндээ хичээнгүйлэн захин хэлмээр байна. Бидэнтэй цуг явж бэлэг тараасан манай банк дээр ажиллахаар ирсэн Америк залуугийн сэтгэгдэлийг доор хавсаргалаа.

Sam Grant

Children’s Day Toy Program

5-31-08

Last Friday I had the privilege to briefly exit the commotion of the MFC conference to accompany XacBank LLC in a visit to the north-eastern ger district. The purpose of our visit was to distribute gift bags to disabled children. XacBank LLC distributes over one hundred gift bags to these children right before the annual children and mother’s day holiday.

I noticed while driving out to the ger community a large disparity of infrastructure. Most of the ger community does not have access to running water or electricity and the roads are unpaved. Somewhere on the way we picked up a parents union representative who helped us locate the specific houses. She was very helpful and seemed to have a very strong relationship with the families.

The first house we visited was the home of a child who did not have much functional capabilities with his hands and instead used his feet. When we walked in he was playing a computer game using his foot to direct the mouse. The family was very gracious and sat us down for a cup of tea while Ganzorig explained why we were there. We visited two other ger’s that day to distribute gifts and each ger was equally hospitable.

It was very inspiring to see how happy the children and their families were despite their difficult living conditions. By making the brief trip I now feel better connected to the work that I will do at XacBank and the people I will hopefully be able to help. It is a wonderful program and I look forward to sharing similar experiences with the bank and the people of Mongolia in the future.

Үүнээс гадна та бүхэн анзаарсан бол Хөгжлийн бэрхшээл гэдэг том малгай дотор тахир дутуу, оюуны хомсдолтой, хэлгүй дүлий, саажилттай, осолд орсон гэх мэт бүх төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үзээд байдаг. Харин яг эдгээр хүүхдүүдийн бэрхшээлийн онцлогт тааруулсан буюу хүүхдүүдийг ангилж байгаад тухайн өвчин, бэрхшээлийг даван туулах тусгайлсан орчин, хөтөлбөр, сургагч нар тэр болгон байдаггүй. Иймээс эхний ээлжинд “Хромoсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” төрийн бус байгууллагыг хэсэг нөхөд, найзуудынхаа хамт байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ төрлийн хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхэд учир дутагдалтай бөгөөд харин жирийн хүүхдүүдтэй харьцуулбал биеийн болон сэтгэхүйн хөгжил нь хэдэн жилээр хоцорч явдаг тул эдгээр хөөрхөн хүүхдүүдэд зайлшгүй тусгай орчин, цэцэрлэг, сургууль, багш хэрэгтэй байгаа юм. Эхний ээлжинд энэ орчинг бүрдүүлээд цаашид үлгэр жишээ “community” байгуулах нь бидний мөрөөдөл юм. Бид холбооныхоо дансыг ХасБанкны төв салбар дээр нээсэн бөгөөд дансны дугаар нь 21000698, дансны нэр нь “Хромoсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” шүү. Бидэнтэй нэгдэн ажиллаж, хандив тусламж өгөх буянтай хүмүүст бид үргэлж нээлттэй байх ба бидэнтэй downsyndrome_mon@yahoo.com хаягаар харилцаж болно шүү. Тун удахгүй бид цахим хуудсаа хийгээд та бүхэнд ажлаа тайлагнан дэлхий даяар мэдээллээ хүргэх болно оо.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, саваагүй бяцхан үрс маань мөнхөд жаргалтай байг!

Monday, 2 June 2008

Brand ad for XacBank's 10th year's anniversary

ХасБанкны 10 жилийн ойд зориулсан брэнд реклам
ХасБанкны үндэс суурь тавигдсаны 10 жилийн ойд зориулсан нэрийн реклам бид хийлгэсэн юм. Маш чанартай, санаагаа сайн гаргаж чадсан гэж бид үнэлсэн бөгөөд уг рекламыг банкны зүгээс гардан хийлгэсэн, чанарын өндөр түвшинд хийсэн мэргэжлийн залуустаа баярлалаа, цаашид урт хугацаанд хамтран ажиллах болно гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн энэхүү холбоосоор орон YouTube-р манай зарим рекламыг үзэх боломжтой шүү. Доорх рекламыг та нар яг юу гэж үнэлж байна? Ялангуяа шүүмжлэл сонсмоор байна:)
video

Sunday, 1 June 2008

XacBank hosted 11th Micro Finance Conference in Mongolia

Олон улсын бичил санхүүгийн 11-р бага хурлыг

ХасБанк Монголд зохион байгууллаа

Өнгөрсөн хэдэн хоног миний амьдралын хамгийн завгүй бөгөөд стресстэй мөчүүдийн нэг нь байлаа. Завгүй үед маань ар гэртээ санаа зоволгүй ажиллах боломжийг ямагт бүрдүүлж байдаг хамгаас хайртай ээж, аав, дүү, гэр бүлийн хүндээ маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. ХасБанкинд ажилд орсноос хойш бичил санхүү гэдэг зүйлтэй маш сайн танилцаж байгаа бөгөөд энэ төрлийн бизнесийн үр дүн, харилцагчид очиж буй өгөөжийн талаар сэтгэл хангалуун явж байна.

Ер нь бичил санхүү гэж юу вэ гэдэг талаар та бүхэнд эхлээд товч мэдээлэл өгвөл миний энэхүү бичлэг маань илүү логиктой болох байх. Бичил санхүү гэдэг нь санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, огт авч чаддаггүй, дундаж, дунджаас доогуур орлоготой бөгөөд алслагдмал газарт ажиллаж амьдардаг иргэдийн бичил бизнесийг дэмжих зорилготой санхүүгийн нэг шийдэл юм. Анх зөвхөн бичил зээл гэж ярьдаг байсан бол одоо харилцагч нар маань хадгаламж, даатгал, гуйвуулга, төлбөрийн карт, интернэт банк, харилцах дансны үйлчилгээ гэх мэт банкны цогц үйлчилгээ авахыг эрмэлздэг болсон байна. Хэдийгээр бичил зээл нь одоогоос 30 гаруй жилийн өмнө Бангладеш, Бразил зэрэг орноос гараагаа эхэлсэн түүхтэй боловч 1980-аад оноос дэлхий даяар хүчээ авч эхэлсэн гэж хэлж болохоор байна. Одоо хүртэл энэ төрлийн зээлийн хүү өндөр байдаг гэсэн маргаан тасардаггүй бөгөөд гол шалтгаан нь дээр дурдсан зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн нь бусадтай харьцуулбал тухайн үйлчилгээг хүргэх өртөг маш өндрөөс гадна эрсдэл ихтэй байдагт оршино. Хүүг бууруулах ид шид нь эцэс төгсгөлгүй хоосон цэцэрхсэн маргаан, дуусч өгдөггүй хурал хуйнаас илүү цэвэр бөгөөд шударга өрсөлдөөн бүхий бодит ажил хэрэг л байх болно. Гэсэн хэдий ч дэлхийн бичил санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн өгөөж нь дунджаар нь 2,5% байгаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаа мөн гэдгийг илтгэж байна. Бичил санхүүгийн гол зорилго нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангахад чиглэгддэг.

Монгол улсын хувьд бичил санхүүгийн пионер нь яах аргагүй ХасБанк юм. 1998 онд НҮБ-ийн 1 сая ам.долларын төслөөр эхлэн Монгол улсын анхны ББСБ болж, 2001 онд арилжааны банкны зөвшөөрөл авч байсан ХасБанкны 10 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус банк нь 300,000 гаруй харилцагч нарын итгэлийг хүлээсэн, Монгол орон даяар тархсан 70 салбар, нэгжээр үйлчилж буй нийт 1,100 гаруй ажиллагсадтай өнөр өтгөн айл болж өргөжсөний сацуу олон улсад нэр хүнд бүхий 10,000 гаруй бичил санхүүгийн байгууллагуудаас шилдэг 50-д аль хэдийн багтаад байна (http://www.mixmarket.org/en/demand/demand.show.profile.asp?ett=38&).

ХасБанк нь 2004 оноос хойш Монголоос анх удаа “Planet Rating”, 2006 онд “Moody’s Investors Service” үнэлгээний байгууллагаар тус тус хөндлөнгийн үнэлгээ хийлгэж өндөр үнэлгээ авсаар байна. Түүнчлэн Дэлхийн Банкны Санхүүгийн Ил Тод Байдлын Шагналыг 2004 оноос хойш гурван жил дарааллан хүртээд байгаагаас тус банк гадаад харилцаагаа өндөр төвшинд өргөтгөн хөгжүүлсэн нь харагдах буй заа.

ХасБанк 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлуудын нэг нь 2008 оны 5 дугаар сарын 29-өөс 31-ний өдрүүдэд Төрийн Ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Бичил Санхүүгийн 11 дүгээр бага хурал юм. Олон Улсын Бичил Санхүүгийн Төв нь Польш улсад төвтэй бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Европын 111 санхүүгийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж 700,000 гаран харилцагч нарт үйлчилдэг олон улсын томоохон байгууллага юм. Гишүүн байгууллагууд нь арилжааны банкуудаас гадна төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагч нар, хөгжлийн байгууллагууд юм. Энэ удаагийн чуулганд 42 орноос 800 гаруй гадаад, дотоодын өндөр хэмжээний зочид төлөөлөлөгчид бүртгүүлэн ихэнх хувь нь хүрэлцэн ирж оролцсон нь Монгол улсын банк санхүүгийн салбар дэлхий дахинд амжилттай хөгжиж байгаагийн тод илрэл юм.

Монгол улсын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж оролцсон нь манай бизнесийн байгууллагуудад олон улсын банк санхүүгийн тэргүүн туршлагаас суралцах, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга туршлагаа дэлхий дахинтай хуваалцах, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгосон.

Олон Улсын Санхүүгийн Корпораци, Blue Orchard, Mercy Corps, JP Morgan, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Хаан Банк, Кредит Монгол ББСБ, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, МИАТ, iFlex, UNDP, ING, GTZ, Deutsche Bank зэрэг банк санхүүгийн байгууллагуудаас гадна бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид оролцож, өөр хоорондоо үзэл бодол, эрдэм мэдлэг, арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Монгол улсын түүх соёл, ёс заншил, өв уламжлал, нүүдэлчин ахуйн аж байдал, байгаль орчин, соёл урлагтайгаа боломжийн хирээр танилцуулахыг хичээлээ. Энэ ажлын хүрээнд төлөөлөгч нарыг хотын болон орон нутгийн салбараар оруулж танилцуулахаас гадна харилцагч нарын бизнес, гэрээр орж танилцуулсан нь Монгол орны маань талаар илүү бодит мэдээллийг өгсөн болов уу.

Ер нь бол ийм төрлийн үйл ажиллагааны ложистик, маркетингийн ажил нь лайтай ажил байдаг юм байна. Зочдыг онгоцноос тосохоос эхлүүлээд яван явтал нь харж хандаж зохицуулах, маркетинг, олон нийтийн харилцаа хийх нь манай зохион байгуулах багийн хувьд амар биш байсан ч маш олон төрлийн хүмүүстэй уулзан танилцаж сайхан найзууд болсон нь юу юунаас илүү эрхэм зүйл байлаа миний хувьд.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч нар байж яагаад Хаан Банк энэ хурлын төлөөлөгч нарын нэг оройн хоол, үзүүлбэрийг өөрийн төв байрандаа зохион байгуулсан бэ, Монголчууд угаасаа ийм нийтэч, бие биендээ тусалдаг ард түмэн үү гэсэн асуултыг нижгээд удаа гадныханаас авч, “Yes, we are” гэж бардам хариулж байлаа. Хоорондоо нэгдэж, мэдээллээ солилцож, харилцан ашигтай хамтран ажиллаж байж бид энэ төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэхээс бус хойд болон өмнөд Солонгос шиг хоорондоо харьцаад байвал аль аль тал нь олигтой юм олж долоохгүй гэдэгт би итгэж явдаг.

Түүнчлэн миний хувьд маш их зүйл сурсан бөгөөд сонирхолтой хэсэг нь хурлын өмнөх болон дараах өдрүүдэд Micro Finance Center, Deutsche Bank, Micro Finance Center, Minlam Asset Management, Women’s World Banking, Cocky de Groot, Micro Finance Opportunities, Cyrano, Shore Bank Pacific, Blue Orchard, The Consultative Group to Assit the Poor, Symbiotics, Global Ag Risk, Micro Finance Management Institute, Micro Insurance Center, Developing World Finance, Standard and Poor’s, Advans, ResponsAbililty, Emerging Market Development, Harbin Bank, Benxi Urban Credit, Angkor Microfinance, Kompanion Financial Group, Joint-Stock Commercial Microcredit Bank of Uzbekistan зэрэг байгууллагуудын захирлуудын зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, дэд захирал, санхүү хариуцсан захирал, бүс нутгийн менежер, зөвлөх, хөрөнгө оруулалтын менежерүүд гэх зэрэг албан тушаалтай 20-д орны 30 гаруй төлөөлөгч нарт банк, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгаа хийж, ХасБанкны тэргүүн туршлагаас хуваалцан сургалт танилцуулга хийсэн явдал байлаа.

Мөн ХасБанктай холбоотой уг хурлын хамгийн бодит үр дүн маань нэг өдрийн дотор нийт 22 сая америк долларын гэрээнд арав гаруй этгээдтэй хийсэн явдал юм. Үйл ажиллагааны хүрээ нь зөвхөн зээл, хөрөнгө оруулалт төдийгүй техник технологи, банк санхүүгийн дэд бүтэц, түгээлтийн сувгууд, техник туслалцааны чиглэлүүд байгаа юм. Энэхүү зөвхөн мөнгөн дүнгээс гадна мөнгөөр үнэлж боломгүй ач холбогдол нь бие биетэйгээ танилцаж холбоо тогтоосон явдал бөлгөө.

Шууд бус үр дүнг бас тооцоолж үзэх юмсан. Өөрөөр хэлбэл гадаадаас ирсэн энэхүү олон зуун хүмүүсийн МИАТ-с авсан онгоцны билетээс авахуулаад зочид буудал, дэлгүүр, ресторан, уушийн газар, такси болон бусад үйлчилгээний газруудад үрсэн мөнгийг нь тооцоолбол нилээд их ногоон мөнгийг бид Монголдоо авч үлдэж, улсдаа орлого оруулсан шүү.

Эцэст нь уг хурлын амжилттай зохион байгуулахад гар бие, сэтгэл оролцсон бүх аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс, ажлын хэсгийн багуудын залуустаа маш их баярлалаа гэж чангаас чанга хэлмээр байна. ТА НАР ШҮҮ.