Friday 29 February 2008

Money versus Mother

Мөнгө ба ёс суртахуун

Яагаад ч юм энэ гарчигийг Англиар ингэж орчуулмаар санагдаад. Ер нь их хэцүү сэдэв л дээ. Мөнгө гэж нэрлэгдсэн цаас, метал үүссэн хугацаа нь манай эринийн 800-аад оны үе байгаад байх шиг байгаа юм[1]. Бодвол мэдээж энэ үетэй зэрэгцээд л хүн төрөлхтөн ёс суртахуун, “хүнэнцэр” чанар, мөс жудагаа мөнгөөр “бартердаж” эхэлсэн юм биз дээ янз нь. Аливаа юм хэдий хоёр талтай ч дээшээ, доошоо хязгаар гэсэн “улаан утас” байх ёстой юм шиг. Биш ээ, буруу бичиж байна. Бид байлгах ЁСТОЙ юм шиг байгаа юм тэр давж боломгүй улаан утасыг.

Хангалттай хэмжээний мөнгөтэй ч сохор зоосны төлөө хүмүүстэй муудалцан, ах дүүгээ алж талдаг, шүүх цагдаад өгдөг, аав, ижийгээ гомдоодог нөхдүүд сонин хэвлэл, зурагтаар гараад байх юм аа. “Хангалттай” гэдэг хэмжүүр бас янз бүр байгаад байгаа нь 20.000-тийн дэвсгэрт багадаад байна гэж ярьдаг, амьдралдаа автобус, микронд сууж үзээгүй хүмүүс, өдрийн 1 ам.доллароос бага орлого олдог, цувдай, шийрээр хооллодог хүмүүсийн жишээгээр ойлгогдох байх. Мэдээллийн хэрэгслээр ил гарч байгаа л тэд нар болохоос биш амьдрал дээр байгаа бүх тохиолдолыг тооцвол аймшигтай тоо, баримтууд гарах байх. Үгүй ээ, яаж ч бодсон хэдэн халтар цааснаас болж аав, ээжийгээ гомдоож, дарамталж байгаа нөхдүүдийн тэр “заяа буян” гэдэг юм хазайх байтугай тэр айхтар толгой дээр нь “хальтираад” тогтохгүй байлгүй дээ. Их хуцах юм бол (албаар муухайн үг хэрэглэв) тэр олсон мөнгө нь дан буруу гараар, бохир замаар олсон мөнгө байгаа даа. Ер нь бол ойлгомжтой.

Мэдээж эдгээрийг ийм зан авир гаргаж, хачин үйлдэл хийхэд түлхсэн шалтаг, шалтгаан байсан байж таараа. Сонсоод байхад тэр нь их өрөвдөлтэй ч юм шиг. Өдөр шөнөгүй ажиллаж байна, хэдэн кг гурил эртээд авч өгсөн, тэгж ингэж тусалж дэмжиж байсан, эдэн литр бензин зарцуулж тэнд аваачсан гээд л ярингаа дарамталж өгдөг юм шиг байгаа юм энэ шар сонингууд дээр гардаг гэр бүлийн маргаануудыг хараад байхад. Өөрөөр хэлбэл, эргээд оронд нь ингэ тэг гэсэн сценартай “хариу нэхсэн тус” үзүүлдэг мөнгөний машин юм шиг амьдардаг юм уу хаашаа юм зарим Монголчууд маань. Нөхдүүд эдгээрийг нэгбүрчлэн мөнгөөр үнэлж байгаа бол эргээд тэднийг тээж, төрүүлж, өсгөж, хооллож, хувцаслаж, нус, баас, шээсийг нь цэвэрлэж, хүүхдэд зодуулж байхад нь өмөөрч, өвчин туссан байхад нь эдгээж байсан аав, ижий болгоныхоо минут болгоныг одоогийн babysitter-ийн ханшаар тооцвол гарууд хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй болохоо мэдэхгүй нь даан чиг гачлантай яа.

Цаана чинь дэлхийн хөгжил хурдасаад, юун хоорондын мөнгө төгрөгний маргаан байтугай том компаниудын хувьд Даяар тайлагнах санаачлага (Global reporting initiative)[2], 3P (People, Planet, and Profit)[3] гэх мэт ойлголтууд гараад, хэрэгжүүлээд хүн ард, эх дэлхийгээ хайрлаад хамгаалаад даяар сэтгээд хийгээд яваад байдаг.

Заримдаа иймэрхүү нийгмийн өчүүхэн жижиг асуудлууд, болж бүтэхгүй байгаа юм, хачин сонин хүн биш авир гаргаж буй юмнуудыг зурагт, сонин, хүмүүсийн ярианаас сонсоод би боддог юм. Тийм юм хийж байгаа хүмүүсийг асар хүчтэй сансрын хөлөгт суулгаад эх дэлхийгээ сансрын уудмаас харуулах юмсан гэж. Өөрөөр хэлбэл, тэр нөхдүүдийг ямар өчүүхэн бодолтой “дурак” вэ гэдгийг нь мэдрүүлэх гэж тэр шүү дээ. Өө, аягүй бол, зарим хүнд гарууд сансраас хараад ч мэдрэхгүй байх оо. Тэр гайхал “VIP” хүмүүсийг бүр хурдан, хүчтэй сансрын өөрөө явагч биетэд (амьд организм тийм хол явж чадахгүй биз дээ бараг) суулгаад нарны аймгаас гаргаад бүр галакси, нөгөө харанхуй нүх энэ тэр хавьцаагаас дэлхийг “дурандуулж” байж энэ ертөнцөд тэрхүү бодгаль маань ямар “бичигхэээээн амьтан” байсныг нь, байгааг нь тэр бүдүүн мах, өтгөрсөн цусанд нь мэдрүүлэх юм шиг байгаа юм. Энэ мөнгө төгрөг, шунал тачаалаас болоод хүний өөр нэгэн төрөл буюу нөгөө “мутаци” энэ тэр нь үүсээд байгаа юм биш биз нөхөд өө?

Saturday 23 February 2008

White moon

Цагаан сар

Хулгана жил гарчээ. Гадаадын сувгуудаар болохоор "Rat" жил гээд байх юм, "Харх жил" гэж орчуулагдах ёстой юу уул нь? "Mouse" жил гэхээр Англи хэлэнд буухгүй байгаа юм болов уу? Чухам яг хэзээ "Хулгана жил" гарсан эсэх нь одоог хүртэл маргаантай байсаар л байна. Ямар ч байсан гүүгэлдээд үзэхээр бид нар нээрээ буруу өдөр золгосон юм шиг сарны фото зураг нь харагдаад байна лээ. Зарим хүмүүс зурагтаар шинийн нэгэн чинь нөгөөдөр байхгүй юу гэж ярьж ярьчихаад өөрөө маргааш нь нууцаар өглөө мөрөө гаргачихсан тууж явна гэсэн. Бодвол “зөв” шинийн нэгэнд нь ганцаараа амиадаж мөрөө гаргаж байгаа царай нь юм уу даа. Нимгэхээн дотортой нөхдүүд байх юм аа. Арго багш гэж нөхөр чухам над дээр ирж цагаан сарын засал хийлгэхгүй бол болохгүй гээд бараг ТВ болгоноор сүрдүүлээд байгаа ч юм шиг, загнаад байгаа ч юм шиг яриад байх юм. Англи хэлний багш Хөх тэнгэртэй “шууд” харьцдаг гэхээр бас л элдэвтэй нөхөр бололтой. 1 секүнд реклам телевизүүдээр цацах, нэвтрүүлэгт орох өртөг Монголд асар өндөр байдаг. Арго багш тийм их мөнгөтэй хүн үү, эсвэл манай ТВ нар үнэхээр ач холбогдол өгч орой болгон шахуу шашин яриад ч байгаа юм шиг, хэл заах арга яриад байгаа юм шиг жаахан бөөрөнхийдүү хэлтэй нөхрийг орой болгон гаргаад байгааг жаахан гайхаад байгаа.

Цагаан сар нь уул нь нүүдлийн Монголчууд бие биетэйгээ уулзах боломжгүй зөрж нүүж явсаар байгаад хаврын эхэн сар гарч, дулаарангуут бие биенийгээ зорьж очиж уулзан, өвлийг өнтэй давсаны баяр гэж жаахан байхаасаа ойлгоод яваад байсан. Тэр ч утгаараа суурин соёл иргэншилтэй болсон хотын иргэдэд энэхүү баяр нь хэт хүнд тусч, хэдэн өдөр дамнасан золголт, айл хэсэлт, архидан согтууралт болоод байгаа юм уу даа гээд жаахан сонирхолгүй ханддаг байлаа.

Гэтэл сүүлийн жилүүдэд буддын шашинтай их холбогдож яригдаж, бичигдэх боллоо. Яг энэ баярын үүсэл гарал, жинхэнэ шалтгаан, мөн чанар нь юу болоод байна аа? 7-р сарын 11 буюу Улс хувьсгалын ой чинь яс юман дээрээ яг тэр өдөр зуны сард хэдэн өдөр дамнаж орсон ширүүн ба шиврээ бороо нэг юм зогсож хүн малын зоо тэнийнгүүт, тэр хавийн цэргүүд, малчид хоорондоо барилдаж, наадам хийснээр энэ баярын “үндэс суурь” тавигдсан болохоос биш юун тэр ардын хувьсгал, дайн байлдаан гээд нэг номон дээрээс саяхан уншсан шүү. Хэрэв энэ үнэн бол гэх мэтчилэн зүйлсийг залуус бид заавал мэдэх ёстой юм шигээ.

Европт байгаа найзууд маань ижил өдөр мөрөө гаргасан гээд ярьж, бичээд байсан, уул нь нөгөө цагийн зөрөө энэ тэрийг нь тооцвол дор хаяж 5-8 цагийн дараа хөгшин европт Хулгана жил гарахаар байсан юм билээ дараа нь бодоод байсан чинь. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл л юм даа. Хүн өөрөө юу гэж бодоод, юундаа сүсэглэнэ, тэрнээсээ эрч хүч, энерги авдаг бололтой. Цагаан сарын үеэр Дорноговь аймаг дахь Дэлхийн энергийн төв гэгддэг газар хүмүүс үй олноороо цугласан, ТВ-ийнхэн ярилцлага авсан чинь шууд энерги авч байна, эрс мэдэгдэж байна, ёстой сайхан болоод явчихлаа гээд нөхдүүд яриад байсан. Хэрэв тийм бол "энергийн логик"-оор хүмүүс маань Улаанбаатарт амьдрах биш тэр газар руу ажиллах, амьдрах гээд тэмүүлэх ёстой ч юм шиг. Би дээр зун очсон нэг их юм мэдэгдээгүй дэг, харин архи л их уудаг юм билээ хүмүүс тэнд очоод.

Энэ бүх зүйлсийг зөв, буруу гэж бичлэгээрээ дүгнэх гэсэнгүй. Гол нь хүн болгонд өөрсдийн гэсэн шүтээн, эрхэмлэдэг зүйл, итгэл үнэмшил байдаг. Заримдаа тэр гэнэн итгэл үнэмшил дээр нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй юм ярьсан хүмүүс тоглох гээд байдаг юм шиг санагдсан тул энэ сэдвийг мутарлаж сууна.

Цагаан сарын шинийн нэгэнд ирж золгосонгүй, шинийн найманд амжиж манайхаар ирсэнгүй гэсэн гомдол энэ жил нижгээд хүнээс авсан. Ажил, амьдралдаа дарагдаад жил дамнан уулзаж амжаагүй хүмүүстэй уулзах сайхан боломжоос гадна аав, ижий, ах захаа хүндэтгэх том баяр, үндэсний соёл юм шүү гэсэн захиас олон хүнээс авсан. Аав ээж, гэрийнхэн маань хөл хөөрцөг болоод тэмдэглэж байгаа тул би тэднийг хүндэтгэхээс өөр аргагүйгээс гадна дээл хувцас, хөөрөг, даалин, идээ будаа гээд мэдэх ёстой, байх ёстой, хэрэглэх ёстой зүйлс буйг мэдэж, байлгаж, хэрэглэж эхэлмээр санагдсан. Хөгшрөөд байгаа юм уу хаашаа юм:) Удахгүй хэдэн жилийн дараа зохиолын дууны улаан фэн болоод, төрсөн нутаг ус, нуга гээд л яриад эхлэх юм байх даа. Зогсоож үл болох энэ цаг хугацааг би одоо яанам билээ...

Tuesday 5 February 2008

Germany

Герман улс

Аль нэгдүгээр ангид байхдаа л аав, ах хоёртойгоо Москва, тэр үеийн Ленинград, Тюмень хотуудаар аялж байснаас биш европ тивд анх удаагаа хөл тавьлаа. Тэр дундаа Герман улс. Хамгийн анхны сэтгэгдэл маань ой мод, байгаль нь. Монголыг унаган, онгон, дагшин байгальтай гээд л байдаг, яс юман дээрээ бид нарыг ихэд “хошгоруулдаг” юм биш үү гадныхан. Герман улс хэд хэдэн дайн үзсэн, хот тосгод нь тухайн үед юу ч үгүй болтлоо бөмбөгдүүлж байсан гэсэн ямар ч ул мөр байхгүйгээр байгаль орчноо хайрлан хадгалж амьдарч байна. Ёстой хөдөө явсан юм шиг харин ч нэг хэд хоног цэвэр агаар, утаагүй агаар амьсгалж байгаад ирэх шиг. Өвлийн ид дунд нэг сард гэхэд л бороо ороод л, модыг нь эс тооцвол өвс нь ногооноороо арай л халиурахгүй байж байх нь даанч сайхан. Ой модоос гадна нуур, цөөрөм, гол горхи энэ тэрийг нь эхлээд тоолж байснаа сүүлдээ тоогоо алдсан. Европ руу явахад хамгийн том проблем нь цагийн зөрөө байдаг юм байна. Монголоос үүрээр гараад л арваад цаг нисч байж очиход дахиад л өглөө болж байна. Унтаж унтаж байгаад сэрэхэд шөнийн дөнгөж гурван цаг болж байна. Эхний хэд хоног biological time-аа зохицуулах гэж хэцүү байсан.

Галт тэрэг нь бараг л секүндын зөрөөгүй яг цагаараа явж байгаа нь Монгол хүний хувьд гайхмаар, бараг “байж болшгүй” зүйл байв. Нүүдлийн Монголчууд шиг цаг хугацааг гэрийн тооноор нар орохоор, нарны туяа тэддүгээр унь дээр очихоор, бага үд, их үд гэх мэт секүнд байтугай минутын баримжаагүй ярьдаг улсууд одоо ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрөөд суурин амьдралд ороод бизнес хийхээр хамгийн том асуудал нь цаг барих болж байх шиг байгаа юм. Залуус аа, time is a new “currency” болчихоод байна шүү дээ!!!

Цагаач нарын тоогоороо Орос, хуучин ЗСБНХУ-ын харъяанд байсан улсууд, Турк улс эн тэргүүнд орох байх аа. Лав л Германд буугаад Берлингээр дамжаад, Герман улсын дунд байрлах Падерборн хот руу очих хүртэл орос хэлтэй хүн бол ер алзахгүй, бүрэн ойлголцоод яваад байхаар юм билээ. Харин Франкфурт хот бол барууны метрополитан хот болох нь шууд мэдрэгдэж байлаа. Том, өндөр банкны барилгууд хотын төвдөө байршин, хүний хэрэгцээг хангаж болох бүх л юм төвлөрсөн сайхан хот санагдсан. Гол өрсөлдөгч банкуудын оффисууд нь яг зэрэгцээд байрладаг бөгөөд топ удирдлагуудын нойлын өрөө нь хамгийн дээд давхартаа, шилэн хаалга, ханатай байдаг бөгөөд боссууд нь өрсөлдөгч банк руугаа харж байгаад албаар хүнд, хөнгөнөөр бие засч кайф авдаг гэж албан бус эх сурвалжаас сонссон шүү. Франкфуртын тэр нэг shopping street байна аа. Их олон хүн хөлхсөн, тэр чинээгээр асар олон хүнийг ажлын байраар хангаж байгаа газар. Одоо тэр гудамжинд террорист халдлага, эсвэл бөмбөг унавал гарвал ямар олон хүний ахуй амьдрал сүйрэлд орох бол гэсэн балай бодол тухайн үед төрж байв шүү.

Харьцангүй богино хугацаанд албан ажлаар Берлин, Падерборн, Билефелд, Марбург, Франкфурт хотуудаар явахад зам зуураа багагүй цаг зарцуулсныг эс тооцвол Герман улсын амьдралыг галт тэрэгний цонхоор нэвт шувт хараад ирэх шиг л болов. Ер нь бол барууны улсуудын адил амьжиргааны дээд түвшиний стандарт бүхий улс боловч социалист нийгмийн зарим нэг шинж чанарууд бага зэрэг ажиглагдсан. Энэ нь харьцангүй өндөр татвар, нийгмийн халамжийн шилдэг бөгөөд тэгш үйлчилгээ гэх мэтээр илэрч байлаа. Зав байсан бол түүхийн музей, дурсгалт газруудаар нь явж, тэр Готикийн үе, шинэ урсгал гэх мэт ойлголтуудын талаар мэдлэгтэй болохыг хүсч байсан юм.

Монголчууд их байдаг бөгөөд хамгийн их Монголчууд байдаг улсын тоогоор бараг Солонгос, АНУ-ын дараа Герман орох байх шүү. Хоёр монгол нийлбэл зодолдож эхэлнэ гэдэг шиг ялангуяа Берлин хавьцаа байдаг Монголчууд жаахан нэр муутай байдаг юм уу гэж санагдсан. Өмнө зүг рүүгээ болох тусам амьжиргааны өртөг нь улам ихэсч, барууны стандарт нь улам чангардаг юм уу даа гэж бодогдсон. Хоол нь порц ихтэй, чанар сайтай, пиво нь өндөр зэрэглэлийн тул идэж уух юман дээр хэлэх юм алга. Мах их идэх юм Монголчуудтай адилхан. 0.33 граммаар пиво авбал бараг гэй энэ тэр гээд онигоонд орох шахуу юм байх. Эрэгтэй хүн дор хаяж 0.5, 1 литр, 2 литрийн даагдахгүй грушик бүхий пиво уудаг юм гэнэ ээ. Хүйтэн юм уухаар хоолой өвдөх гээд байдаг болохоор нь бүлээхэн пиво гээд захиалсан чинь миний захиалгыг авсан зөөгчийн нүд нь орой дээрээ гараад, миний хэлснийг орчуулсан найз маань нилээд ичих шиг болсон. Хэхэ, хүн орж ирээд сайхан хүйтэн пиво гэдэг байхад анх удаа бүлээн пиво гэж сонслоо гээд толгой сэгсрээд байсан даг.

Миний хувьд аль нэгдүгээр ангиасаа эхлээд цуг сурч байсан багын найзтайгаа их олон жилийн дараа Германд уулзсан нь маш том сюрприз байлаа. Интернэт, роауминг бүхий гар утас гэх мэт нь дэлхийг улам хавтгай болгосоор байгаагийн нэг бодит жишээ юм уу даа. Цаг завыг нь үрэн байж миний гол үзэх ёстой газруудыг үзүүлж, олон сайхан залуучууд, найзуудтай танилцуулсан эрхэм найздаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хувь хүмүүсээс нь зөвшөөрөл аваагүй тул блог дээрээ нэрийг нь дурдахыг урьтал болгосонгүйг уншигч авхай та нар ойлгоно буй заа. Та нарын ажил, амьдрал, сургууль соёлд чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэр сайхан газар, тэр сайхан соёлтой амьдралын орчин, тэр сайхан утаагүй хотоос салж явахад амар биш байгааг чинь ойлгож байгаа ч хурдан ирж эх орноо хөгжүүлээрэй гэж дахин хэлмээр байна даа.