Tuesday 28 December 2010

Shame on you!

Еэ еэ бөө вөө буюу ичиг ичиг

Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санаачлагыг дэмжих, зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа санал бодлоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зарласан “Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тухай мэдээллийг анх Цахим өртөөний сүлжээнээс авч байлаа. Харин саяхан Твиттерийн хуудаснаас уг уралдаанд шалгарсан бүтээлүүд цахим хувилбараар зохион байгуулагчийн энэхүү вэб дээр тавигдсан тухай мэдээлэл аваад шимтэн уншихаар суусан юм.

Гэтэл тусгай байранд шалгарсан энэ эссэний гарчиг нь нэг л танил харагдаад болдоггүй шүү. Ороод үзтэл миний дээр бичиж байсан энэхүү бичлэгийг үг, үсгийн зөрүүгүй хуулаад зохиогчийн нэрийг нь солиод тавьсан байх юм. Дээхнэ үед би оюуны хулгай, хуулан бичлэгтэй холбоотой энэхүү бичлэгийг бичиж байсан билээ.

Япон улсын Акита их сургуульд сурдаг юм уу, ажилладаг юм уу бүү мэд Жаргалдаваа ЛХАГВАСҮРЭН гэдэг нөхөр цагаан махны хэрэг хийхээр барах уу бүр Монгол улсын төр засгаас оюуны хулгай хийснийхээ төлөө шагнал энэ тэр авсан бололтой дог шүү. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд уул нь энэ тухай маш сайн зааж, анхааруулдаг юмсан. Энэ залуугийн маань чих нь хатуу юу эсвэл тийм нэг сайхан гүндүүгүй Монгол уу гэдэг асуултыг блогийг минь яг одоо уншиж буй танд тавимаар санагдав.

Энэ том хил хязгааргүй бөгөөд эрх чөлөөт цахим ертөнц дотор ийм замаар хир удаан бөгөөд хир хол явж чадна гэж тооцоолсон юм бол доо хөөрхий энэ залуу! Хэрэв энэ залуу сурдаг бол Японы сургууль руу нь би энэ тухай мэдэгдвэл тухайн улсын стандартаар бараг л сургуулиасаа хөөгдөх байх шүү. Хөөрхийг тэгж бүлтэгнүүлэх сонирхолын хэлтэрхий надад байхгүй ч хүний бүтээл хулгай хийн тэр тусмаа Монгол улсын төр засгаас шагнал авсан нь эмгэнэлт драмын жүжиг шиг л санагдах ажгуу.

Монголчууд ичих нүүрэн дээрээ элэг наасан гэж ярьдаг. Энэ харин овоо зузаан элэгтэй нөхөр дөг шүү. Хэний янаагүй бид нар айхаасаа илүү ичиж сурмаар байгаа юм даа!  

Tuesday 7 December 2010

Ride the wave!

Гадаадад сурах боломж

IUJ-г төгсөх үед маань дипломын ажлыг минь удирдсан профессор маань дараах цахим шууданг илгээжээ.

Dear Vinzo,
I am planning to visit Mongolia in January for JDS interviews... If you know good friends you may want to encourage to consider MBA program for JDS and private students for E-Biz. I can even meet E-Biz potential candidates, if you could line up a few...
Take care and good luck for everything...
-Prof. Jay

Энэхүү профессор бизнес сургуулийн маань захирал, дэд захирлаар ажиллаж байснаас гадна сүүлд намайг сургуулийнхаа оюутны зөвлөлд ажиллаж байхад MBA хөтөлбөрийн захирлаар ажиллаж байсан санаж байна.  

Японы засгийн газрын тэтгэлэгийн эхний шатанд тэнцсэн хүмүүсээс ярилцлага авах журмаар сонгон шалгаруулалт хийх ажлаар Улаанбаатарт ирж байгаа бөгөөд энэхүү тэтгэлэгт зөвхөн төрийн байгууллагын ажилчид хандах ёстой юм билээ. Гэвч багшаас шалсаар байгаад хувиараа ажилладаг, хувийн байгууллагад ажилладаг сайн залуус байвал уулзуулж, Азийн Хөгжлийн Банкны тэтгэлэгт хамруулах талаар ам алдуулж дөнгөв. Цаашилбал сургалтын зардлыг бүтнээр эсвэл хэсэгчлэн сургуулиас хөнгөлөх боломжууд ч гарч мэдэх юм. Энэ бүх боломжууд сурах гэж буй хүний мэдлэг, чадвар, ажлын туршлага, хүсэл эрмэлзлэлээс шууд хамаарах бөлгөө. Ерөнхий шаардлага нь энд байх шиг байна.

Анх би өөрөө хэрхэн Япон явж байсан болон тухай эндээс, тэндээс буцахаасаа өмнө бичсэн сэтгэгдлийг эндээс болон эндээс тус тус уншиж товч ч болов мэдээлэл авах боломжтой.

Япон улсад барууны бизнес сургуулийн стандартаар мастерийн зэрэг хамгаалах зорилготой, хэл болон ажлын туршлагын болзлоо хангасан, судалгааны ажлын чиглэл, зорилгоо гаргасан хүмүүс надтай холбогдож болгооно уу.

Sunday 5 December 2010

Saturday 27 November 2010

Principles of management

Удирдахуйн үндэс

Менежментийн онолын суурь болсон төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, хяналт гэсэн үндсэн 4 функц байна аа. Дэлхийн ямар ч их сургуулийн хүний нөөцийн үндсэн хичээлээр эдгээрийг дурддаг болов уу. Ухаан нь энэ 4 функцыг сайтар зохион байгуулж хоорондын тасралтгүй холбоосийг гагнаж байж тухайн байгууллага, цаашилбал тухайн улсын эрхэм зорилго бүрэлдэж, тэр чинээгээрээ байгууллагын бүтэц нь ойлгомжтой болж, улмаар тухайн байгууллагын өөрийн гэсэн өвөрмөц соёл нь бүрэлдэж, ирээдүй рүү яаж явах зам нь зурайх буюу байгууллагын дунд, урт хугацааны стратеги, бодлого нь саруулхан болох учиртай юм шиг байгаа юм. Энэ 4 функцыг хувь хүний төлөвшилд ч шууд хэрэглэж болохоор. Бараг 10 орчим жил төрийн ба хувийн янз бүрийн байгууллагуудад нилээдгүй төрлийн ажлуудыг хийж байсны хувьд дээр дурдсан удирдлагын онолын эхлэл болох төлөвлөлт, төгсгөл болох хяналтын үйл ажиллагаа Монголын зарим нэг байгууллагуудад учир дутмаг мэт анзаарагдаад буй.

Төлөвлөлтийг хийхдээ ихэнх байгууллагууд богино хугацааны буюу өнөө, маргаашийн ашиг орлого дээр суурилан хийдэг нийтлэг хандлага байна. Хулхи бизнесээр нилээд мөнгө цохиж аваад дараа нь компаниа дампууруулж, эсвэл нэрийг нь солиод дахиад л өнөөх олиггүй бизнесээ давтаад явна. Сонгодог макро түвшний жишээ нь УИХ-ын сонгуулийн амлалт, сонгуулийн үйл ажиллагаа ба дахин сонгууль. Богино хугацаанд суурилсан, баахан элбэг бэлэн амлалт өгч байгаад сонгогдоно. Дараа нь тойргоо солиод дахиад үзнэ. Ер нь УИХ-ын гишүүнийг жалгын хогоо цэвэрлүүлэх гэж, дүүргийн эмнэлэг, цагдаад машин авч өгүүлэхийн тулд сонгох ёстой эсэх? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр цагаан цаасан дээр юу ч бичсэн болохоор ард түмэн, өөрөөр хэлбэл “зах зээл” нь бэлэн байгаа тул нөхдүүд улс төр болон эдийн засгийн хувьд шууд бизнес хийх платформ байдлаар та биднийг ашиглаж байна. Буруу хэллээ. Та бид өөрсдөө ашиглуулаад байна.

Зохион байгуулалтын хувьд бол бараг барууныхан Монголчуудаас сурах цаг нь болсон бус уу. Том жижиггүй нийгмийн бүхий л түвшинд хуваах бялууныхаа хэмжээ, хувиа тохирсон байхад зохион байгуулалт бол ямар ч асуудал биш. Юун тэр Италийн мафийн зохион байгуулалт юм шиг байгаа юм. Хүн болгон бие биенээсээ эдийн засаг, нэр хүнд, цаашилбал амь насаараа хамааралтай болсон байдаг тул ингэхээс ч өөр аргагүй мэт. Гол нь энэхүү зохион байгуулалтын нэгдлийг макро түвшинд буюу улс орны хэмжээнд задалж томруулж өгвөл, түүнчлэн нөхдүүдийн ашиг сонирхол, эрхэм зорилгыг тулга тойрсон биш, тив тойрсон хэмжээнд өргөжүүлэх боломжийг нь олговол ажил ямар хурдан явж, улс орон ямар түргэн хөгжих бол оо гэж хааяа бодогдох.

Манлайлал хэмээгч функцын хувьд жаахан гадаад хэл гадарладаг болсон, эсвэл зурагт, сонингоор гарах эмгэгт баригдсан хүмүүсийн тоо геометрийн прогрессоор өсөөд байгаа мэт хандлага зэрвэс ажиглагдах аж. Нэг л их том том ярьсан улсууд байх боловч ярьсан юмаа утга найруулгыг нь болъёо гэхэд дүрмийн алдаагүй Монгол, Англиар бичээд хэвлээд гаргах хүн хэдэн хувь нь байгаа бол гэдэг сонирхолтой асуудал шүү. За тэр бичгийн хэвийг нь энд дурдахаа болъё доо. Зарим хүний бичгийг лав би нилээд хэдэн шил шар айраг уусны дараа л хальт гаргахаар юм билээ. Товчхондоо манлайлах гэдэг амбиц хүн болгонд ижил заяасан боловч чухам юун дээр манлайлах ёстой вэ гэдэг ухааныг бурхан даанч харам заяаж дээ та бидэнд. Тухайн хүний үнэ цэнийг нь байгууллагын урт хугацааны зорилготой уяж чадвал алсдаа бүгд биш юм аа гэхэд дийлэнх хүмүүс дор бүрнээ өөрийн оюуны болон биеийн хүчний дээд, доод хязгаарыг мэдрэн бурхангүй газрын бумба үе үе галзуурдагаа болих нигууртай бус уу. Хэлэх гээд байгаа санаа маань урт хугацааны төлөвлөлт байхгүйгээс зарим нэгэн маань 25 км-ийн марафонд гарч байж 100 метрт гүйх гэж байгаа юм шиг хамаг хүчээ эхний хэдхэн секүндэд шавхсан хирнээ бусдыгаа айлгаж эсвэл аргадан байж тэднээрээ эргэж чирүүлэн бариандаа орж буйгаар зүйрлэмээр санагдав. Тэгэн барин байж барианд орсон байж зарим нь ёс суртахуун, этикийн хувьд ичмээр гэхэд ч гоёдмоор авир гаргахыг нь харахаар бурханы нулимс дуусдаггүй юм байхдаа гэж гайхмаар.

Хяналт гэдэг үгний үндсэн утга орчин цагийн Монгол хэлэнд энэ утгаараа хэвээр байгаа юу гэдэгт би хааяа дотроо бодоод эргэлзээд байдаг болсон байна лээ. Хяналт, хариуцлага гэдэг үг Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл шиг хязгаарлагдмал, Японы эзэн хааны эрх мэдэл шиг бэлгэдлийн шинжтэй болоод удаж буй бус уу? Богино хугацааны төлөвлөлт буюу нэг удаагийн “цавчаа” дээр угаас хянах гэдэг утгагүйгээр барах уу боломжгүй зүйл болох нь гарцаагүй. Түүнчлэн тийм дээд зэргээр зохион байгуулагдсан мафийн шинжтэй гадаад орчин буюу масс хүмүүсээс тусгаарлагдаж хязгаарлагдан хамгаалагдсан бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хянах тохиолдуулах нь хар арьстан хүмүүсээс бүрдсэн хоккейн баг өвлийн олимпын аварга болохтой агаар нэгэн бөлгөө.

Аж ахуйн нэгжээс эхлэн төрийн түвшинд хүртэл нэг иймэрхүү нийтлэг дутагдалтай хандлага байгаа мэт надад харагдах бөгөөд эдгээр буруу зөрүү хандлагын улмаас бид өөрсдийн үнэ цэнээ мэдрэхгүйгээр үр барам эх захаа алдаад удаж байна. Үр дүнд нь ахмад, дунд, залуу үеийн хоорондох үл ойлголцол, замбараагүй соёлын нэгдэл болон зөрчил үүсч хөдөөгийн олон салаа зам шиг хөгжил рүү хөтлөх үндсэн замаа тод харах билгийн мэлмийгээ та бид өөрсдөө булингартуулж байнам.

Тэгээд шийдэл юу вэ гэж үү? Шийдэл бол та! Маргааш таныг бурхан өөр дээрээ ир гэж имэйл явууллаа гэж бодоод дараа нь таныг энэүү ертөнцөөс үдэж гаргах ёслол дээр хэн хэн ирж, юу юу гэж хэлэх бол оо гээд нэг тунгаагаад үзээрэй. Ашгүй нэг хоолны сав хорогдлоо гэж дотроо сэм бодох хүмүүс мэр сэр байх бий вий гэж хааяа хэний янаагүй айж, ичиж явбал энэ улс маань жаахан ч гэсэн хөгжих байлгүй дээ эрх биш. Чингисийн удмын, тэнгэр заяат Монголчууд айна гэж юу байх вэ. Харин бид нар жаахан ичээд л сурчих хэрэгтэй байна. “How to be shy for dummies” гэдэг ном байдаг болов уу?    

Monday 22 November 2010

Mining empire

Уул уурхайн вант улс

Ажлын шугамаар уул уурхайгаараа дэлхийг шуугиулаад байгаа том, жижиг таван толгойнууд байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Оюу толгой байрлах Ханбогд сум, цаашлаад Гашуун сухайтын хилийн боомт орж ажиллав. Ажил, амьдрал ид буцалж буйг захиалга өгөхгүй бол олдохгүй зочид буудал, Улаанбаатар хотын ресторантай бараг адил үнэтэй хоол, сар тутам шинээр баригдаж буй барилгын ажлаас нь бэлхнээ харж болно. Хэдхэн мянган хүнтэй Цогтцэций суманд гэхэд л бараг 10-аад арилжааны банкууд салбараа нээж, 2 ч АТМ суурилагдаж байна. Сумын цагдаагийн машин нь дандаа Ланд-80. Ер нь явж буй бүх машин нь жийп. Улсуудын ярьж буй бизнесийн хэмжээ нь дунджаар 1 сая ам.доллар буюу түүнээс дээш. Уудаг архи нь Соёмбо эсвэл виски. Болор архи ганзаглаж очоод хүмүүст ад үзэгдэв. Мэдмээр юм билээ золиг гэж.    

Өмнө тийшээ зам маш сайн баригдаж байгаа юм байна. Ирэх зун гэхэд Мандалговь хүртэл цэлийсэн сайхан өргөн зам баригдан дуусч, цаашилбал Оюу толгойгоос хилийн зурвас хүртэл хар зам дуусах бололтой. Зам зуур замын компаниудын инженерүүдтэй ганц хоёр шар айраг уун хууч хөөрөх зуур тэднээс гадныхан чадаж байхад бид нар яагаад чаддаггүй юм гэсэн хор шар, ижил хэмжээний техник, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө гаргаад өгвөл тэднээс хэд дахин илүү хийж чадах тухайгаа байж суун ярина билээ. Даанч төсөв батлагдаад мөнгө нь тэд нарын гар дээр ирэх хүртэл хэдэн дарга нарын гараар дамжиж, анх батлагдсан төсвийн бараг 30%-с доошхи дүн нь дансанд нь ордог гэж батлан ярих юм билээ. Даанч дээ л гэмээр байв.

Бас нэг ихэд анзаарагдсан зүйл нь хаа ч очсон, ямар ч байгууллагын шийдвэр гаргах төвшний хүмүүс, голлох менежерүүд миний үеийн залуус болжээ. Ахархан зуур танилцаж, хэл амаа ойлголцоход ч тун амар юм адилхан залуу улс болохоор. Аргагүй 70, 80-аад оны үеийнхний бүтээн байгуулалтын үе хүссэн хүсээгүй иржээ. Ханбогд сумыг Цогтцэций сумтай харьцуулахад арай л өөр дүр зураг бууж байх. Хүмүүс Energy Resources Монгол компани юм болохоор эх орондоо наах юм хийж байгаа. Харин Оюу толгой дээр ийм үлдэцтэй бүтээн байгуулалт байхгүй гээд байсан нь дэд бүтцийн байдлыг нь харахад үнэний ортой ч юм шиг зэрвэс ажиглагдав. Улаанбаатарын стандартыг сум дээрээ бий болгоно хэмээн зүтгэж буй Цогтцэций сумын засаг даргын амбиц ихэд таалагдсан бөлгөө.

Зам зуур байрлах хоолон гэрүүдэд үндсэндээ шөл, цуйван гэсэн хоёр төрлийн л хоолны сонголт байна. Харин нэг гэрт ороод ямар хоол гарах уу гэтэл дурын хоол гарна гэж байна. Гуляш авъя гэтэл гуляш гэж юу байдаг юм гэсэн гэдэг. Зам зуур хааяа нэг тааралдах говийн айлуудаас зам асуухад зарим айлууд нь гадаа нь машинаа сингалдаад байхад гарч ирэхгүй, хаалганы завсраар шагайж харчихаад буцаад эргэх юм билээ. Мань мэттэйгээ адилхан төөрсөн хүмүүсээс залхсан бололтой.

Уурхайн амнуудаас 60-100 тоннын чиргүүлтэй болон чиргүүлгүй хүнд даацын тэргүүдээр ёстой л өдөр шөнөгүй нүүрс зөөж байна билээ. Тэрхүү аварга тэрэгнүүдийн явдаг замыг “Мангарын зам” гэх агаад уг зам дээр дунджаар 7 хоногт 6 осол аваар гарч тэр тооны жолооч нар амь эрсддэг гэнэ. Анх ч хүн нас барлаа гэхэд хүү хаа гэдэг байсан бол сүүлдээ Хятад бол дүүрч, Монгол жолооч нас барсан бол хайран байна гэж халагладаг болжээ. Харин одоо нутгийн жолооч л биш бол уг зам дээр хүн нас барахад тоодог хүн бараг л алга болжээ. Тэр олон мянган машины цуваанаас үүссэн нүүрсний тоосжилт, замын тоос орчны үзэгдэх байдлыг хязгаарлаж, рейсний мөнгөө ахиухан авахаар нойр хоолгүй зүтгэж байгаа жолооч нар аваар хийдэг байна. Дээрээс нь согтуу жолооч нар, дээрээс нь хүнд даацынх хирнээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад аваар хийж буй тохиолдолууд зөндөө юм.

Хилийн цаана жолооч ах хүүгийн танилцсан өвөр Монгол залуугийн гэрт очиж гэр бүлтэй нь танилцан нэг сагс пийжүү уун ярих зуур өөрийгөө Монголоор тун муу ярьдгаа мэдрэв. “Love actually” кинон дээрх гардаг Англи залуу Америк явж Бритиш аялга бүхий англи хэлээр Америк бүсгүйчүүдийн эгдүүг хүргэдэг үзэгдэл санаанд байн байн орж, хэлсэн юмыг нь дахиад хэл дээ, энийг юу гэдэг вэ гэж байн байн нөгөө Өвөр Монгол залуугаас асууж инээдээ барж суув. Өвөр Монголчуудын хэрэглэж буй үгс нь утгын хувьд яалт ч үгүй бидний хэрэглэдэг үгнээс хамаагүй утга төгөлдөр байх юм. Хэдий анх сонсоход инээдтэй ч гэсэн. Жишээ нь, цайх бүрэх-цай хандлах, танай хэлийг төхөөрөхгүй-танай хэлийг ойлгохгүй, юутай вэ-хэдэн настай вэ буюу ямар жилтэй вэ, хөнгөн толгойтой цус-Монголоор бол п**** гэсэн хараалын үг, эхээ ухмар-mother****** (энэхүү хэллэгийг Хятадаас орж ирсэн гэх агаад Монгол хүмүүс яавч ийм зүйл бодож хэлэхгүй гэж байв), дотуур өмд-огтор өмд, мөнгө үйрүүлэх-мөнгө задлах, навч-тамхи, цэгээ-айраг, луухаан-хөгширч үхэх гэж байгаа хүн, авхай-гуай, Голомт Монгол-Ар Монгол, цахиур дэн-тамхины асаагуур, гэгээмсэг-агуу, хөл залгагдах-хугарсан хөлөө бороолохыг хэлж буй, сүүдэр авах-рентген зураг авахуулах гэх мэт. Хятадуудаа муу Хуцаа (Хужаа) гээд бас их дургүй юм. Хааяа Өвөр Монгол ба Хятадуудын хооронд зодоон болдог юм гэсэн. Улаанбаатар гэж дуулснаас очиж үзэхийг мөрөөдөхөөс ч айдаг энэхүү шавар тагзанд амьдарч буй Өвөр Монгол гэр бүлийг хараад өр өвдөх шиг л болсон сон. Нөхөр нь хүнд даацын тэрэгнүүдийн моторын тосыг солих агаад өдөр шөнөгүй ажиллах. Ажил хийхгүй л бол энэ олон зуун сая хүн дотор амиа хорлож байна л гэсэн үг гэх. Эдний хажууд Монголын өвгөнтийн хөндийнхөн бол үнэн жаргалтай амьдардаг юм билээ шүү.

Богинын болон алсын тээвэрт явдаг жолооч нар дээр хилийн цаана тээвэр хийж буй тэрэгнүүдийг оруулбал нийт 10,000 орчим хүнд даацын тэрэг Монголоос Хятад руу нүүрс зөөж байна. Хил давангаа Хятадын боомт хотод оройн хоол идэх зуур алсын тээврийн Монгол жолооч нартай ярилцахад сайн гүрийвэл сард 4-6 сая төгрөг хийдэг гэнэ шүү. Гэхдээ энэ мөнгийг их л зовж олохыг хэлнэ билээ. Уг боомтын хилийн наана, цаана байх Монгол, Хятадын тосгоныг шууд харьцуулбал Том Круз, Николь Кидман нарын тоглосон “Far and Away” киноны үзэгдэл. Зэрлэг өрнөд гэж ярьдаг байсанчлан Зэрлэг Өмнөд гэж хэлэхээр. Газар олж авахын тулд яаж тэмцэж, эмх замбараагүй, бохир заваан хотод хэрхэн амь зууж буйг харуулдаг билээ түүнтэй яг адил. Хүмүүсийн ярихнээ 1990-ээд оны Эрээн хот гэх. Тун удахгүй Эрээнээс том, Эрээнээс өндөр хөгжилтэй хот болгохоо тосгоны дарга амласан байна билээ. Хилийн цаана байрлах энэхүү тосгонд нүүрс хүлээн авах асар том байгууламжууд ээлж дарааллан баригдаж байна.   

Харин Өмнөговь аймгийн маань засаг даргад маань ийм том амбицтай төлөвлөгөө, алсын мөрөөдөл бий болов уу? Эрээн ба Замын Үүдийн түүх энэхүү хилийн зурвас дээр бүү давтагдаасай билээ гэж буцах замдаа дотроо залбирч явлаа. Бид уул уурхайн баялаг маань дуусах үед Монгол улсдаа, өөрсөддөө юу авч үлдэх юм бэ гэдгээ одооноос сайтар бодож, үйл хөдлөлөөрөө хийж явахгүй бол ч...

Thursday 28 October 2010

Tim Cope Journeys

Tim Cope хэмээх Австрали залуутай жил хагасын өмнө анх танилцаж түүний хийсэн гайхамшигт аялалуудын тухай танилцуулгыг нь сонсож байсан билээ. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг Австрали руу үдэн гаргаж өгөх үдэшлэгт уригдан очиж түүнтэй дахин уулзаж далимдаа товч ярилцлага авч блог уншигч нартаа хүргэе хэмээн сэтгэсэн бөлгөө. Энэхүү үдэлтийн үдэшлэг Амстердам кафед болсон агаад Цэрэн тур компани мань эрийн хувьд Монгол дахь хамгийн том туслагч бөгөөд хамтрагч нь юм.

·         Өөрийгөө товч танилцуулаач хөө?
·         Би Австралийн Викториа мужид төрж өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав маань аялал жуулчлалын салбарт ажилладаг байсан тул би багаасаа л энэ салбарыг мэдэрч өссөн гэх үү дээ. Жишээ нь аав ой шугуй болон далайн аялалуудыг хүмүүстэй хамтран их олон удаа зохион байгуулдаг байсан юм. Анх 16 настайдаа Балбын вант улс руу явсан нь миний хувьд хилийн дээс алхсан анхны тохиолдол байсан юм.
·        Яагаад анх аялах болсон, тэр дундаа адал явдалт аялалын кайф нь юундаа вэ?
·         Балба явж ирсний дараа миний хувьд ертөнцийг үзэх үзэл эрс өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэр хүмүүсийн найрсаг зан, хамтын амьдрал миний хувьд онцгой сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Дараа нь оюутан болоод Европ тивээр бараг бүтэн аялсан. Үүргэвчээ үүрээд л замын машинд дайгдаад явдаг байлаа. Тухайн үед иргэний дайн хийж байсан улсуудаар хүртэл явж байсан. Энэ үеэр баруун ба зүүн европын ялгааг маш ихээр мэдэрсэн. Дараа нь Австралидаа буцаж ирээд хуулийн ангид элсэн орж байлаа. Миний хувьд адал явдалт аялал буюу үүргэвчээ үүрээд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан (замын унаанд дайгдах, завь, дугуй, морь ашиглах гэх мэт) аялах нь тухайн орон нутгийн хүмүүстэй илүү дотно танилцах боломж олгодог нь аялалаас авч буй хамгийн том таашаал байдаг. Ихэвчлэн ганцаараа аялдаг. Учир нь аялалын баг олон хүнтэй байх тусам тэр тоогоор ялгаатай хүсэл, сонирхол, тухайн хүмүүсийн аялал туулах чадварын ялгаа ихсэж тэр хэмжээгээр зөрчилдөөн үүсэх, цаг хугацаа алдах асуудал гардаг.
·         Хэдэн улсаар одоогоор аялаад байна? Аль нь хамгийн их онцлог байв?
·        Одоо яг хэдэн орноор аялаад байгаа тоог нь шууд хэлж чадахгүй байна. Миний хувьд Монгол улс хамгийн сонирхолтой гэж хэлэх байна.
·         Анх Монгол Улстай хэрхэн яаж холбогдсон бэ?
·        1999 онд Оросоос Хятад хүртэл дугуйгаар (recumbent bike) аялах замдаа Монгол Улсаар дайрч гарсан нь миний хувьд Монголтой танилцах анхны боломж минь байсан юм. Ямар ч хашаагүй цэлгэр уудам газар, нүүдэлчин соёл зэрэг нь миний хувьд маш их сонирхолтой санагдсан. Тухайн үед Хятад Улс руу дугуйгаар нэвтрэн орохын тулд виз авах ёстой болсон. 2000 онд визээ хөөцөлдөн Хятадын элчин сайдын яаман дээр явж байхдаа анх Цэрэнгийн гэр бүлтэй танилцаж одоог хүртэл анд нөхдийн сайхан холбоотой явж байна.
·        Аялал жуулчлалын салбарын талаарх Монголын сул болон давуу талыг та юу гэж харж байна?
·         Байгалиа хамгаалах, түүхээ соёлоо эрхэмлэн хадгалж үлдэх нь маш чухал гэж бодож байна. Хүмүүс Монголд өндөр байшин үзэх гэж ирдэгүй, тансаг буудал, амралын газарт амрах ирэх гэж ирдэггүй. Тэд чухам л ялгаатай соёл заншил, түүх, тухайн орон нутгийн өвөрмөц байгалийн тогтоц, үзэгдлийг л үзэх гэж мөнгө төлж ирдэг. Анх би Балба явахдаа Австралиас тодорхой хэмжээний мөнгө босгон авч яваад нутгийн хүмүүст өгч багахан ч болов тус болсон нь тэдгээр хүмүүсийг маш их баярлуулсан бөгөөд энэ нь миний хувьд тэр улс руу явсан хамгийн гайхалтай сайхан дурсамж нь болон үлдсэн. Үүнээс хойш аялан явж буй улсуудын сайн сайхныг үзээд, тухайн улсуудыг соёл уламжлалаас сурахаас гадна аянчин, жуулчин хүн өөрөө тэр улсуудад ямар нэгэн зүйл үлдээх, өгөх, тодорхой бодит ажлуудыг хийх ёстой юм байна гэдэгт улам бүр итгэсэн. Яг үүнтэй холбоотойгоор “Responsible Tourism буюу “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголт байдаг бөгөөд миний дээр хэлсэн санаа нь үндсэндээ энэ юм. Гадаад эзэнтэй том аялал жуучлалын компаниудаар дамжин ирж буй жуулчдын мөнгө тэр компани руугаа л дийлэнх нь ордог. Үүргэвчтэй аялал хийдэг хүмүүс том компанийн шугамаар ирсэн жуулчидтай харьцуулахад бага мөнгө үрдэг нь ойлгомжтой. Иймээс үндэсний компани буюу орон нутгийн уугуул эзэнтэй аялалын компаниуд Монголд олон болох тусмаа тустай. Одоогоор миний анзаарснаар жуулчдын ихэнх мөнгө Улаанбаатарт үлддэг. Хөдөөд бодит хөрөнгө оруулалт болж “наалддаг” нь тун цөөн. Орон нутаг, хөдөөд аялал зохион байгуулахдаа орон нутгийн хүмүүсийг хөлсөлж, орон нутагт бодит ажил хийж үлдээж байвал уул нь зүйтэй юм. (Жич: Цэрэн Тур компани Австрали жуулчидтай хамтран Увс аймгийн Ховд сумын арван жилийн сургуульд 10,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг 2011 онд хийхээр баталгаажуулаад байна.) Үүнийг л “Responsible Tourism” гэж байгаа юм аа. Дахин хэлэхэд жуулчид, аялалын компаниуд Монголын соёл, байгаль, түүхийг өөрсөддөө хэрэгтэй нөөц болгон ашиглаж байгаа тул эргээгээд тэрхүү нийгэмд, улсад шууд болон шууд бус хэлбэрээр бодит хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаагаа харж ажилладаг компани, бизнесийн хувьд заавал хэрэгжүүлэх ёстой зүйл.
·        Хөгжиж буй орнууд руу явж байгаа аянчин, жуулчдын хувьд энэхүү “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголтыг мэдэрч болохоор байна. Харин өндөр хөгжилтэй орнуудыг зорьж буй аянчин, жуулчдын хувьд энэхүү ойлголт нь ямар утгаар байх ёстой вэ?
·        Үндсэндээ адилхан шүү дээ. Гэхдээ энэ нөхцөлд тухайн улсынхаа соёлыг хүндэтгэн авч үзэх, хууль журмыг нь алхам тутамдаа чанд мөрдөн дагах, байгаль орчныг нь хайрлан хамгаалах, тухайн улсын иргэдийг хүндэтгэн харьцах нь “Хариуцлагатай аялал жуулчлал”-ын нэг хэсэг болно.
·         Ямар нэг шашин шүтдэг үү?
·        Бүх шашныг хүндэтгэн авч үздэг ч аль нэгийг нь тухайлан шүтдэггүй. Гэхдээ Чингис хааны түүхийг судалж байхдаа олж мэдсэн “Хөх тэнгэрийн дор нэг хаан байх ёстой”  гэдэг үзэл баримтлал маш их таалагдсан. Улс орнуудаар аялаад явж байхад шашин тухайн үндэстэний соёлд шууд нөлөөлдөгийг анзаарсан. Харин хүчээр нутагшуулсан шашин хэзээ ч тухайн улсад суурьшдаггүй гэдэгт бат итгэдэг.
·         Тэгвэл даяарчлал ба үндэсний соёлыг хэрхэн хооронд нь зохистой баланслуулах нь зүйтэй бол?
·         “Thing globally, Act locally” гэдэг үг байдаг даа. Надад нэг Орос хүн хэлж байсан юм. Тэр нь аливаа хүн өөрийн улсаа мэдэхгүй, түүхээ ойлгохгүй бол бусад хүнийг, бусдын түүхийг хэрхэн ойлгож чадах юм бэ гэж билээ. Монгол Улс хоёр хөлтэй хүн гэж тооцвол нэг хөл нь Монгол, нөгөө хөл нь дэлхий байх ёстой. Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях ёстой. Жишээ нь гар утас, түүний хөгжил Монголд хэрэгтэй. Гэвч дулаан орны газар тариалангийн технологи Монголд хэрэгтэй байж чадах уу? Би өөрөө хөдөө төрж өссөн. Миний анзаарснаар Монголын хөдөөгийн нүүдэлчид байгаль дэлхий, ан амьтадтай цаг үргэлж харьцдаг тул байгалийн экосистемийг маш сайн мэдэж, тэр чинээгээр зохистой буюу тэнцвэртэй харьцааг нь хадгалахын төлөө хайрлаж хамгаалж явдаг. Гэтэл хотын хүмүүсийн хувьд жишээ нь зуд боллоо гэхэд хотын хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх нөлөөлөл бага. Харин хөдөөгийн хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралын маш хүнд сорилт болдог. Өөрөөр хэлбэл капиталист нийгмийн бүх юм нь төгс биш шүү дээ. Жишээ нь Балбад явж орон нутгийн хүмүүсийн найрсаг зочломтгой зан нь гайхалтай байсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс материаллаг баялгаас илүү гэр бүл, найз нөхдийн харьцааг үргэлж эрхэмлэдэг юм. “Sense of community” буюу амьдралын үнэ цэнэ нь ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсээс өөр. Жишээ нь хөгжилтэй орнуудад баян, ядуугийн ялгаа их байдаг бол Балбад хүмүүсийн амьдрал жигдхэн. Хөгжиж буй орнуудын хувьд хэт олон хүний урсгал байх нь байгаль орчинг сүйтгэн аялалыг аялал биш болгодог сул талтай байдаг.
·        “Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүд Туслах Сан”-д өөрийн чинь болон Цэрэн Тур компанийн зохион байгуулсан аялалын аялагчид маш их тусламж дэмжлэг үзүүлсэн, одоо ч үзүүлж буйд маш их баярлаж явдаг. Ер нь өмнө нь хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байв уу?
·        Энэ бүх ажил маань Балбад туулсан миний анхны аялалын туршлагаас эхтэй бөгөөд хүн баярлуулах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл одоо хүртэл байсаар байгаа.  Түүнчлэн энэхүү ажил нь дээр дурдсан “Хариуцлагатай Аялал Жуулчлал” гэсэн ойлголттой нягт уялдаж буйг анзаарч буй биз ээ. Монголын хувьд World Expedition компанийн шугамаар нилээд олон Австрали жуулчид танай улсад ирж, Цэрэн Турын зохион байгуулсан аялалын ачаар Монгол улсын хүн ард, ёс заншилтай танилцан өндөр сэтгэгдэлтэй буцсан. Би одоогоор Австралид амиа хорлохын эсрэг хөдөлгөөний сайн дурын элч хийдэг юм. Хамгийн анх Балга явж ирээд тэнд харсан үзсэн зүйлсээ үеийн найз нөхөдтэйгээ хуваалцан, дараа нь арван жилийн болон их сургуулиудад энэ чиглэлээрээ лекц уншиж эхэлсэн юм. Харин одоо бол энэ ажил миний карьер болоод байгаа шүү. Одоо бол миний лекцийн билет 5 доллараар үнэлэгддэг юм.
·        Цаашдын төлөвлөгөө чинь одоогоор юу байна вэ?
·        Хоёр дахь номон дээрээ ид ажиллаж буй. Гурван ч кино хийсэн. Киноны эрхээ бусад мэргэжлийн байгууллагад зарсан тул Монголд гаргах боломжтой эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч “The Trial of Genghis Khan баримтат кино маань миний хувьд хамгийн том төсөл минь болж байгаа. (Жич: Мань эр энэхүү бүтээлээ хийхийн тулд Монголоос Унгар улс хүртэлх 10,000 км зайг мориор 3 жил гаран туулж, уг бүтээлээ нийт 6 жилийг зарцуулан хийсэн юм.)

·        Ийм хүнд хэлбэрийн (extreme and adventurous trips) аялал хийдэг хүн ямар төрлийн даатгалтай байдаг нь сонин байна?
·        Тусгайлсан янз бүрийн даатгал байхгүй ээ. Энгийн л даатгалтай явдаг.
·        Өөрийн тань цахим хуудаснаас харж байхад дэлхийд нэр хүндтэй багагүй шагналуудыг “түүсэн” юм билээ. Эдгээрээс хамгийн эрхэм нь аль нь байдаг бол?
·        2006 онд хүртэж байсан "Australian Geographic Adventurer of the Year Award" маань миний хувьд хамгийн эрхэм гэж хэлж болно. 
·        Монголчуудад зориулан таны зүгээс хэлэх зүйл байгаа болов уу?
·        Өөрийн үндэснийхээ бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг гэж битгий бодоорой. Төв Азийн орнуудаар явж байхад ихэнх улсууд нь Орост уусчихсан байсан. ЗХУ задран нурахад тэд юу ч үгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үндэсний соёл, уламжлалтай гэхэд хэцүү, огт байхгүй гэхэд бас хэцүү. Иймээс өөрийн гэсэн юмтайгаа үлдэх ёстой шүү. Танай орны байгалийн баялаг нөөц дуусахад барууны компаниуд гараад л явна. Тэр үед л та нар юутай үлдэх вэ гэдгээ одооноос сайн бодоорой.
·        Сонирхолтой ярилцлага өгч цаг гарган надтай уулзсанд баярлалаа!
·         Баярлалаа!