Wednesday 28 October 2009

Panasonic

Энэ долоо хоногт Panasonic компанийн Global Recruiter менежер нь хаа байсан Осака хотоос нисч ирж campus дээр компанийнхаа танилцуулга хийж, дадлага хийх, ажилд орох хүсэлт гаргасан оюутнуудын материалаас сонголт хийж байгаад групп ярилцлага хийгээд оройны онгоцоор буцав. Зуны амралтаар дадлага хийх санаа өвөрлөн хүсэлт явуулсан байсан нь ярилцлага хийх хүмүүсийн тоонд багтан анх удаа Япон компанийн ярилцлаганд орж үзэв. Энэхүү on campus recruitment нь энэ хичээлийн жилийн анхных бөгөөд маргаашнаас эхлэн Barclays Capital, UBS Securities гээд олон компаниудын хүний нөөцийн менежерүүд оюутнуудтай уулзахаар ирж буй. Япон хэлтэй бөгөөд японд ажиллахыг хүсч буй хүмүүст нилээд аятайхан боломж юм уул нь. Хамгийн сонирхолтой нь Frontier securities хэмээх Япон эзэнтэй Монголд хөрөнгө оруулалтын банк, төслийн санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн гүйцэтгэх захирал өөрөө ирж head hunting хийх болсон тухай мэдээлэл байлаа. 2 сарын өмнө МВА-ийн төгсөх ангийн Мексик ба Америк хоёр оюутан Монголд очиж энэхүү компани дээр дадлага хийсэн юм билээ. Өнөөдөр сургуулийнхаа Finance Club дээрээ нэгийг нь урьж Монгол хир байсан, ямар ажил хийсэн, ямар нөхцлөөр ажилласан тухай асууж ярилцав. Их сонирхолтой, бид нар өөрсдөө анзаардаггүй юмнуудыг хэлж байна билээ. Тэр талаар дараа тусад нь заваараа бичье.

Хичээлтэй байсан болохоор заваараа гүйгээд очтол Panasonic-ийн group interview аль хэдийн эхэлсэн байлаа. Сүмимасэн гэсээр ороод суув. Надаас гадна МВА-гийн 3 оюутан ярилцлаганд дуудагдсан байв. Цагаан цамц, хар “гонжоом”, тод өнгийн зангиа зүүж, үсээ гялалзтал нь гельдэн мөлчийтөл нь самнаж, гараа өвдөг дээрээ тавин номхон сууж байгаа тэднийгээ хараад so serious гэж гайхав. Эхнээсээ өөрийгөө танилцуулаад явж байгаа бололтой. Дундуур нь Япон менежер асуулт асуунгуут уралдаж гар өргөөд тав тув хийтэл хариулах нь нэг бодлын сүрдмээр, нөгөө бодлын инээд хүрээд болдоггүй. Учир нь яг “Man in Black” киноны эхний анги дээр Will Smith нөгөө газар ажилд орох гээд шалгаруулалтанд очиход цуг шалгуулахаар ирсэн гялалзсан залуус санагдаад. Хэдийгээр хариуцлагатай ярилцлага байсан ч гэсэн угаасаа дүр үзүүлээд, хэт их хичээгээд байгаа нь илт мэдрэгдэж байв. Би ч өөрийнхөөрөө байя гээд жаахан чөлөөтэй ярьсан боловч дотроо бас жаахан эмээж байв. Гэтэл харин мань менежер эр бүр чөлөөтэйгээр бидэнтэй хууч хөөрч эхлэв ээ.

Panasonic компани нь 1918 онд буюу дэлхийн 1-р дайны дараа Японы Осака хотноо Коносүкэ Мацушитагийн нөр их хөдөлмөрөөр үүсчээ. Саяханыг хүртэл Panasonic-ийн толгой компанийн нэр нь Мацүшита байсан бөгөөд 2008 оны 10-р сарын 1-с албан ёсоор Панасоник корпораци хэмээн нэрлэгдэх болсон байна. Учир нь Мацушита группын дотор Panasonic, National, бусад 3 өөр брэнд нэр бүхий бүтээгдэхүүн байдаг байсан агаад одоо бүгдийг нь Panasonic гэсэн малгай дор нэгтгэн 2018 он буюу 100 жилийнхээ ойгоор дэлхийн номер 1 электроникийн компани болохоор зорьж байгаа юм байна. Гадаад зах зээлээс гол борлуулалтын орлогоо олох стратеги барьж байгаад агаад тэр дундаа Ази, номхон далайн бүс гол зорилтот зах зээл нь байх аж. Учир нь Америк, Европын зах зээлийг Сони, Канон аль хэдийн эзэлсэн гэж байна лээ. Африк тив рүү чиглэх төлөвлөгөө байгаа гэхдээ тэр нь одоогоор маш нууц хэмээх тодотголтой төслийн хүрээнд байгаа гэж байлаа. Санхүүгийн хямралд өртсөн боловч алдагдал хүлээгээгүй тухай ярьж байх аж. Гэтэл ирэх долоо хоногт хэвлэгдэх Сони корпорацийн тайланг ихэнх шинжээчид алдагдалтай гарна гэж таамаглаж байгаа. Өмнөх улирлын тайлан нь бас алдагдалтай гарсан. Гэхдээ иймэрхүү компаниуд жилийн ашгийн голлох хувиа Зул сарын баярын урамшуулалт худалдаанаас хийдэг хандлагатай юм билээ. Өнөөдрийн байдлаар Панасоник корпораци нийт 300,000 орчим ажилчинтай, бараг 260 тэрбум иэнийн хөрөнгөтэй үндэстэн дамнасан корпораци болсон байна.

Япон менежерийн хэлж буйгаар Японы үндэстэн дамнасан том корпорациудын гол проблем нь хүний нөөц болоод байгаа аж. Тухайн шинэ зах зээл дээр шинэ салбар нээгээд ажиллах үед Япон хүмүүс очиж бүх гол албан тушаал дээр нь ажилладаг бөгөөд чадалтай, боловсролтой орон нутгийн залууст албан тушаал ахих, өсч дэвжих боломж олгодоггүй аж. Үүнээс болоод гадаад дахь салбарын гол менежерүүд нь 2-3 жилийн дараа ажлаа хаян гарч явах болсон аж. Үүнийг мань эр тайлбарлахдаа барууны компаниуд тухайн орон нутгийн онцлогт тааруулж ажиллаж чаддаг бол Японы компаниуд өөрийн системээ шууд тухайн газарт хүчээр нэвтрүүлэх гээд байдаг юм гэж дүгнэж байв. Япончууд өөрсдөө өөрсдийгөө өөрчилж чадахгүй. Та нар шиг олон улсын оюутнууд манайд орж ирж байж өөрчилнө энэ тэр гэж хөөргөж байв. Саяхан мань эр Sony, Toshiba, Toyota-гийн хүний нөөцийн менежерүүдтэй жаахан ууж суунгаа иймэрхүү зовлон жаргалаа ярилцсан гээд инээж байлаа. Монголд нээгдсэн Panasonic-ийн дэлгүүрийн талаар асуухад бараг ямар ч мэдээлэлгүй байв. Үүндээ нилээд тухгүй байгаа бололтой байн байн уучлалт эрэн, маргааш ажил дээрээ очоод Монголын талаар заавал судална гэж байв. Орон нутгийн зах зээл маш сонирхолтой байх юм. Жишээ нь Хятадууд угаалгын машиныг ногоогоо угаахдаа ашигладаг гэнэ. Тэрэнд нь тааруулсан загвар дээр Panasonic ажиллаж байгаа юм байна. Монголд зориулаад айраг бүлдэг машин хийвэл гэсэн чинь айн гээд л инээгээд байна билээ. Мөн зөөврийн буюу батарейгаар ажилладаг печь хийж гаргавал амжилтанд хүрэх болов уу гэж хааяа бодогддог юм. Хөдөө, гадаа зугаалахад амар байх байх.

Ер нь бол Японы компанийн соёл, заншил их хатуу, нэг хэвийн, баригдмал юм шиг санагдсан. Жишээ нь, ажлын цаг дууссан ч гэсэн дарга нь ажлын өрөөнөөсөө гараагүй бол бүх ажилчид гэртээ харина гэж байхгүй бөгөөд хүлээгээд л сууж байна. Гэхдээ үүнийг нь цаасан дээр дүрэмлэсэн юм байхгүй ч цэвэр этикийн асуудал болчихсон. Ангийнхаа Япон оюутнуудаас гэр бүлтэй хүн гараад явж болно биз дээ хийх ажлаа хийчихсэн, ажлын цаг дууссан байхад гэхэд “болно, гэхдээ чи бусдад оноо алдана, албан тушаал ахих боломжоо салхинд хийсгэнэ” гэж байгаа юм. Манай ангийн Япон оюутнууд 32-41 насных байх агаад Fuji Xerox, Mizuho банкинд доод тал нь 10 ажил ажиллаж буй хүмүүс юм. Энд улсад корпорацийн хүний нөөцийн бодлого нь Seniority систем буюу нас, албан тушаалын зиндаа дээр хэт их суурилсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд карьер хийнэ гэсэн ойлголт бараг байхгүй юм уу гэж хараад байгаа. Panasonic-ийн менежер хэлэхдээ дөнгөж бакалавраа хамгаалаад сургууль төгсөөд ажилд орж байгаа хүмүүс хамгийн бага цалин буюу сард 2,000 орчин ам.доллар авах агаад харин МВА хийсэн оюутнуудын хувьд дунд шатны менежерийн түвшингээс эхэлдэг гэж байв. Жинхэнэ менежерийн түвшинд очихийн тулд дор хаяж 30 нилээд гарч, 40 шүргэж байх ёстой агаад энэ үед сарын 10,000 орчим ам.долларын цалин авдаг гэнэ. За тэгээд газрын захирал, гүйцэтгэх захирал болно гэвэл 50, 60 наслахаас наашгүй юм байх. Энэ бол Япон компанийн соёл, үүнийг та нар сайн ойлгоорой хэмээн хичээнгүйлэн захих бөлгөө. Энэ насанд Монгол хүн тэтгэвэрт гарч байхад Япон хүний ажлын ид оргил үе нь байх юм. Япон улсын энэхүү хүний нөөц, уламжлалт корпорацийн соёлыг нь Ниссан корпорацийн гүйцэтгэх захирал ноён Carlos Ghosn хэмээх Ливан гаралтай эр эвдэн, үүгээрээ их нэртэй юм. Гэхдээ Япончуудын зүгээс асар их дарамт, шахалт амссан ч бараг дампуурах гэж байсан Ниссан корпорацийн тэр чигээр нь өөрчлөн барууны удирдлагын соёлыг нэвтрүүлснээрээ одоо ч түүний тухай зөв, бурууг нь шүүмжлэн ярилцах бөлгөө. Олон хүмүүс /мэдээж гадаадууд/ энэ эрхмийг Япон улсын хамгийн алдартай СЕО гэж ярих юм билээ.

Гадаад ажилчдаар цус сэлбэхгүй бол Panasonic 3-5 жилийн дараа маш хүнд байдалд орно гэж мань менежер эр таамаглалаа хэлж байх агаад сайн, чадвартай, Япон компанийн соёлыг өөрчлөх гадаад ажилчид асар их хэрэгтэй байна гээд байн байн хэлэхийг нь хараад цус гуйж байгаа вампир шиг санагдсаныг нуух юун. Чухам та нартай л цуг Viera-гийн дараагийн шинэ загварыг гаргамаар байна хэмээсээр биднийг сургуулийн VIP танхимаас үдсэн бөлгөө.

Friday 23 October 2009

Inbound marketing

Харилцагч нар руу чиглэж мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам цацаж, брошур тарааж буйг Outbound маркетинг буюу уламжлалт маркетингийн арга хэмээх аж. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, өргөн тархалт нь Inbound маркетингийн шинэ чиглэлийг гаргаж ирээд энэ нь одоо бас бараг хуучрах гэж байна. Даяарчлалын энэхүү эрин үед бид нар болсон болоогүй, хүссэн хүсээгүй асар их мэдээллээр бөмбөгдүүлж эхлээд байгаа. Хүн өдөрт дунджаар 4.000 шинэ мэдээ, мэдээлэл гаднаас авдаг гэсэн тооцоог Шинэ Зеланд профессор маань хэлж байсан. Хэрвээ чи бараа зарж бизнес хийж байгаа бол хүн чиний радио, телевиз, сонин, брошураар сурталчилж, харилцагч нарын хувьд 4.001 дэх мэдээлэл болон очиж байгаа мэдээлэл тань тэдний ой тойнд наалдаж чадах болов уу? Ай даа бараг худлаа болов уу даа. Мөн үү? Манайхан ярьдаг даа. Кинон дундуур реклам үзээд байна уу, рекламууд дундуур кино үзээд байна уу гэж. Реклам гарангууд 00 руу гүйх, хоол эргүүлэх, суваг солих зэрэг үйлдэл хийж байгаа нь компаниудад нэгийг хэлээд байгаа бус уу?

Тийм учраас Inbound маркетинг үүссэн агаад энэ нь харилцагчийг өөрийг нь тухайн компани, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар “өдөөн хатгаж” улмаар өөр дээрээ ирүүлж буй маркетингийн техник аж. Ер нь хар ухаанаар бодож, бүдүүн баараг жишээ авахад гуйлгаад гуйлгаад үерхэхийг зөвшөөрөхгүй байгаа охиноо нэг хэсэг тоохгүй хаянгуут нөгөө охин хэсэг хугацааны дараа яав ийв гэж бодоод өөрөө ирдэг гэж зарим хөвүүн ярьдаг даа. Хэхэ. Тэрэн шиг юм болов уу. Гол нууц нь мэдээллийн технологи ашиглан тэр дундаа интернэтийн хайлтийн системүүд, блог, social media цахим хуудсууд болох Facebook, Twitter, Hi5, Linkedin зэрэг бөгөөд эдгээрийг цогцоор нь ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжтой байна.

Үндсэндээ иймэрхүү интерактив цахим хуудсуудыг Web 2.0 гэж ерөнхийд нь нэрийдэх бөлгөө. Эдгээр хуудсуудын гол давуу тал нь тухайн хуудсыг уншаад өнгөрөх биш харилцагч өөрөө сэтгэгдэл үлдээх, зураг, видео оруулах, тааг хийх, хоорондоо чатлах зэрэг илүү амьд харилцааг үүсгэдэг байх нь. Үүний тулд хамгийн чухал зүйл нь контент буюу мессежний агуулга байх ёстой. Хайлтын системээр түлхүүр үгээр хайлт хийхэд хэдэн сая утга гарч ирж байгаа. Лавшруулсан хайлт хийгээд хийгээд хэдэн зуун үр дүн үлдэнэ. Эхнээс нь цахим хуудсуудыг үзээд явахад хүн 1 цахим хуудас дээр хир хугацаа зарцуулах бол? Дунджаар 3 секүнд байдаг аж. Танай вэб хуудас чинь нээгдэнгүүт 3 секүндийн дотор анх орж үзэж байгаа хүний анхаарлыг татаж чадахгүй бол энэ хэлбэрийн маркетингийг ашиглаад ямар ч нэмэргүй байх нь. Энэхүү маркетингийн чиглэлийн их мастер нь HubSpot хэмээх компани бөлгөө. Та бүхэн дурын хайлтын системээр ороод дээрх үгнүүдийг түлхүүр үгээр ашиглан хангалттай их мэдээлэл авч болно.

Энэхүү бичлэг дээр дэлхий дээр 4,6 тэрбум хүн гар утас, 1,9 тэрбум хүн гэрээсээ интернэт орж буй статистик байгаа. Дээрээс нь өдөр ирэх тусам хямдарч байгаа технологи, харилцаа холбооний үйлчилгээ. Энэхүү боломж жижиг, дунд компаниудад ямар ч том компанийн эсрэг маш хямд зардлаар өрсөлдөх давуу тал шууд олгож буй хэрэг юм. Би нэг найзаасаа бас сонсож байсан юм байна. Имэйл, мессенжерээр цуу яриа өглөө эрт тараахад үдийн цайны алдад Улаанбаатар хотын интернэтэд холбогдсон бөгөөд асаалттай бүх компьютерт очно гэж. Бараг үнэн байх. Өөрөөр хэлбэл үнэгүйгээр, богино хугацаанд, асар олон хүнийг хамруулж чадаж байгаа нь яах аргагүй технологи, интернэтийн гайхамшиг юм.

Гэтэл Craigslist хэмээх компани бүр “no marketing” гэсэн уриатай ажилладаг бөгөөд маркетингийн төлөвлөгөө, зорилтот зах зээл, судалгаа энэ тэр юм хийдэггүй мөртлөө нийт 1 тэрбум гаран ам.долларын хөрөнгөтэй болчихсон тууж явах юм. Гол ид шид нь мэдээж интернэт. Тэртээ олон жилийн өмнө Алвин Тоффлер-ийн хэлснээр Prosumer буюу ирээдүйд үйлдвэрлэгч ба худалдан авагч гэсэн ойлголтууд байхгүй болж хоорондоо нэгдэнэ гэсэн ойлголт руу дөхөөд байгаа мэт.

Жич: Миний мэддэг дотоод, гадаадын бараг хүн болгон Google-ийг хайлтын системээр ихэвчлэн ашигладаг. Гэтэл Японд яг эсрэгээрээ Yahoo энд хаанчилдаг юм байна. Шалтгаан нь юу юм бол оо?

Thursday 15 October 2009

Resonating focus

2006 оны 3 сарын Harvard Business Review сэтгүүл дээр James C. Anderson, James. A. Narus, Wouter van Rossum нарын бичсэн Customer value propositions in business markets” гэсэн мундаг өгүүлэл байна. Үнэндээ хэд дахин уншиж байж нарийн утгыг нь ойлгов. Бизнесийн орчил дахь харилцагчийн үнэ цэнэ гэж Монголоор хэлж болох байх гэж бодож байна. Энэхүү нийтлэлийг дахин дахин уншиж байхад өөрийн эрхгүй Монголын маань үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, худалдан авагч нар нүдэнд минь харагдаж байлаа. Товчхон санаагаа илэрхийлье.

Алив зах зээл дээр нэг талд янз бүрийн хүсэл, шаардлага, эрх ямбатай харилцагч, худалдан авагч нар, нөгөө талд эдгээр хэрэгцээг хангаж тухайн харилцагчид хүргэсний төлөө ашиг олж байгаа үйлдвэрлэгч нар байдаг. Харилцагч нарыг өөртөө татахын тулд компаниуд зүсэн зүйлийн арга хэрэглэж, тэр хэмжээгээр асар их хэмжээний мөнгийг зарцуулж байдаг. Ухаан нь Найкийн сүүлийн үеийн загварын пүүзийг Индонези, Хятад зэрэг хөдөлмөрийн өртөг багатай газар үйлдвэрлэхэд бүх өртөг, зардал нь шингээд 20 орчим долларт “босдог” гэж байгаа юм. Тэр нь явсаар байгаа яг Найкийн албан ёсны дэлгүүрийн лангуун дээр тавигдахдаа үнэ нь 70 орчим долларт хүрдэг. Анхны өртөг дээр маркетинг, борлуулалтын зардлууд нэмэгдэж байгаа нь тэр. Яг ижил төрлийн 40 долларын үнэтэй пүүз байхад та авах уу? Өдгөө компаниуд үндсэндээ 3 хэлбэрээр харилцагчийн үнэ цэнээ тодорхойлж тэр хүрээнд маркетинг хийж байна.

Эхний хэлбэрийг нь All benefits гэж нэрлэсэн байх бөгөөд гол санаа нь худалдагч яагаад миний барааг тэр хүн худалдаж авах ёстой талаар голлон анхаарч түлхэх маркетинг хийдэг байх нь. Худалдагч менежер маань өөрийн зарж буй барааны талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь давуу тал. Энэхүү хэлбэрийн маркетингийг Монголын бараг бүхий л компани хийж байгаа. Би би би, манайх шилдэг нь, бид мундаг нь гээд.

Дараагийн арай ахисан хэлбэр нь Favorable points of difference гэгдэх бөгөөд энэ түвшинд худалдагч маань худалдан авагчийг ятгахдаа өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүнээс өөрийнх нь ямар давуу талтай, яагаад олон сонголтоос өөрийнх нь барааг сонгох ёстой юм гэдэг үзэл санаан дээр маркетинг явуулдаг хэлбэр байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр худалдагч маань өөрийн бараа бүтээгдэхүүнээс гадна тухайн зах зээлийн талаар, өрсөлдөгч нарынхаа талаар хангалттай мэдлэгтэй, арай өргөн хүрээнд сэтгэж ажиллаж буйг харуулж буй хэрэг юм. Монголд энэ тактикаар ажиллаж буй ямар компани байна вэ? Миний санаж буйгаар Панасоник плазма ТВ анх Монголд оруулж ирэхдээ яагаад заавал плазма гэж, яагаад LCD TV биш гэж гээд нилээд сайн мэдээлэл тарааж энэ хэлбэрийн маркетинг руу дөхсөн юм уу гэж бодоод байгаа. Энэ хэлбэр нь харилцагчийг “хүчиндэх” биш харин зөв мэдээлэл түгээх замаар эвээр өөртөө урвуулах арга бөлгөө.

Resonating focus хэмээх сүүлийн хэлбэр нь худалдан авагч худалдагчийн зарж буй барааг худалдан авсанаар яг ямар давуу тал, үнэ цэнэ өөрт нь үүсэх юм бэ, яг барьцтай, урт хугацаанд “наалдах” юм юу бэ гэдэг үзэл санаан дээр тулгуурлан маркетинг хийдэг байх нь. Ухаан нь өөрийн бараа, өрсөлдөгчийн барааг сайн мэдээд зогсохгүй харилцагчийн хүсэл, шаардлагыг мэдэрч ажиллах ёстой гэсэн үг. Нэг онигоо маягийн зүйл санаад орж байна. Нэгэн жижиг хотын үсчин нэг өглөө хаалганыхаа өмнө “Дэлхийн хамгийн сайн үсчин” гэсэн реклам хаджээ. Хэд хоногийн дараа эсрэг талын байшингийн үсчин “Энэ хотын хамгийн сайн үсчин“ гээд зөрүүлээд реклам тавьжээ. Гэтэл хажуу хаалганы бөгөөд ижил гудамжинд ажилладаг нэг үсчин “Энэ гудамжны хамгийн сайн үсчин” гэсэн зурагт хуудас наагаад “цөм” хийсэн гэдэг. Интернэтийн үйлчилгээ үзүүлж буй Ситинэт компани энэ чиглэл рүү хандахаар бэлдэж байгаа юм уу гэж үйл ажиллагаанаас нь хараад байгаа. Монголын ихэнх том компаниуд яг ингэж ярьдаг боловч үнэндээ үйлдэл нь яриагаа тэр болгон гүйцээд байдаггүй. Баруунд бол харилцагч үйлчлүүлдэг газрууд, худалдан авалт хийдэг газруудаараа харилцагч гэж дуудуулахдаа уурладаг болсон гэнэ. Тэд юу гэж уурлаж байна гэхээр би бол харилцагч биш би бол Ганзориг гэж. Холливүүдийн од, Английн Хатан хааны Sir хэргэм хүртсэн алдарт жүжигчин Шон Коннери хэлсэн байдаг. Надад ирсэн захиан дээр миний нэрний өмнө Sir хэргэмийг минь бичээгүй байвал би тэр захидлыг шууд хогийн саванд хийдэг гэж. Resonating focus хамгийн энгийн жишээ энэ юм уу даа. Маркетинг бол 50% хувь нь шинжлэх ухаан, 50% нь урлаг гэдгийн баталгаа нь бас энэ болж чадах болов уу гэж бодож байна.

Үнэндээ цөөн тооны тоглогчтой, олигополь, монополь зах зээл дээр сүүлийн хэлбэр хэрэгжиж боломжгүй юм. Шаардлага ч байхгүй. Учир нь харилцагчид ямар ч сонголт байхгүй тул компаниуд харилцагчийн үнэ цэнэ энэ тэр гэж бодох, “дүвчигнэх” ямар ч хэрэггүй. Харамсалтай нь Монгол Улсын маань голлох бизнесүүд цөөн хэдэн хүн, компанийн хооронд явагддаг, хоорондоо үгсэн тохирч шинэ оролцогч оруулдаггүй, оруулсан нь нийлж дарамталж байгаад хөөж гаргадаг практикаас болж харилцагч бид нар үндсэндээ хаан биш харц ардын статустай амьдарч байна. Энэ чинээгээрээ нийгмийн баялаг тэнцүү бусаар хуваарилагдаж байна. Энэ талаар дээхнэ үед энэхүү нийтлэлээр бичих гэж оролдож байжээ. Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нь өргөн хүрээнд баялаг хуваарилахад маш том түлхэц болох юм. Би монополь, том олигополь компанийн маркетингийн менежерүүдийн өдрийн 8 цагийн ажлын хуваарийг мэдэхийг их хүсдэг юм. Юу хийдэг бол? Миний хувьд бол тиймэрхүү компанийн маркетинг, борлуулалтын менежерийн ажил бол хамгийн уйтгартай ажил байх байх. Бүх юм тодорхой, харилцагч тодорхой, өрсөлдөгч байхгүй, шинээр сэтгээд бужигнуулах шаардлага байхгүй. Голдуу нас тогтсон, хэдхэн сар, жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж буй хүмүүст хамгийн тохирсон ажил болов уу.

Эцэст нь дүгнэн хэлэхэд та, чи, бид нар хэзээ жинхэнэ утгаараа харилцагч хаан гэж хэлүүлэх, энэ эрх ямбаа эдлэх вэ гэхээр хэзээ бид олон сонголттой болсон үед л тэр. Олон сонголт гэдэг нь зах зээл дээр өрсөлдөөн, бүр ширүүн өрсөлдөөн байх ёстой. Энэхүү өрсөлдөөнд орж буй компаниуд бусдаасаа хоцрохгүй байхыг эрмэлзэн, аль болох өрсөлдөх, маркетинг хийх тэнцүү боломжийг эрэлхийлнэ. Энэхүү тэнцүү боломжийг мэдээллийн технологи аль хэдийн өгчихөөд байна. Дараагийн бичлэгээрээ яг энэхүү сэдвээр нэг бичлэг оруулна аа.