Saturday 24 November 2012

Emotional trap

Сэтгэлийн хавх

Бид заримдаа хэт сэтгэл хөдлөлдөө автах байдлаар, мэдэхгүйгээсээ болж нэрэлхэх байдлаар, бусдыг гомдоохгүй гэж бөөрөнхийлөх байдлаар шийдвэр гаргах, сонголт хийх, дараа нь түүндээ харамсах тохиолдол гардаг. Эдгээр үйлдэл нь хүний ухамсарт сэтгэлээс шууд гардаггүй мэт боловч биднийг аливаа зүйлсийг, хүнийг дүгнэх, сонгох, мэдрэх ба хариу үйлдэл үзүүлэхэд шууд нөлөөлж байдаг. Ялангуяа хүмүүсийн хоорондын харилцаан дээр элбэг тохиолддог бөгөөд ач холбогдол өндөр, чухал шийдвэр байх тусам л хүмүүс сэтгэл хөдлөлдөө хэт автах магадлал өндөрсдөг байна. Эргээд үнэлүүлж буй хүмүүс нь энэхүү байдлыг овжноор ашигладаг, бид ашиглуулсаар л байна.

Бодит жишээ авч үзье. УИХ-ын сонгууль. Шинэхэн сонгогдсон гишүүд дэлхий даяар нүүрлээд буй хямралын эсрэг эх орны хөгжлийг хаашаа хэрхэн залах ёстой гэдэг маш чухал олон шийдвэрүүдийг гаргаж төр барих хүмүүс. Эдгээр хүмүүсийг ард иргэд чөлөөт ардчилсан сонгуулиар өөрсдөө сонгож өөрсдийгөө төлөөлүүлсэн. Төлөөлөл хийж буй хүмүүс засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж буй. Харин засгийн газрын төлөөлөл ард иргэдийн сонголттой хир нийцсэн бэ гэдэг нь өөр асуудал болох биз. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллагаас гадна засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгох төлөөллийг бид УИХ-ын сонгуулийн үед давхар хийжээ. Тэнцүүхэн санал авсан намууд өөрсдийн төлөөллөө тэрхүү хувиараа тэнцүүлэн засагт хуваарилалт хийв. Уул нь тухайн яам, чиглэлийн агентлагийг мэргэжлийн байдлаар удирдах, үйл ажиллагааг нь тасралтгүй тууштай явуулах хүний нөөц, төрийн бодлого байх ёстой, байлгах ёстой мэт. Намын боловсон хүчний томилгоо явах нь зүйн хэрэг мэт боловч энэхүү томилгоо нь тухайн намын хүний нөөцөөр хязгаарлагдаж, тэрхүү процесс нь төрийн үйл ажиллаагааг удаашруулах, зогсоох, бүр ухраах ёсгүй билээ. Намуудын томилгоонуудыг харж байхад тухайн албан тушаал дээр төвлөрч хүнээ томилохоос биш харин бусад намууд ойролцоо албан тушаал дээр хэнийгээ томилож байгааг харж, барьцах маягтай тушаал өгч буй нь анзаарагдана.

Дээрх бүх зүйлсийг “ард түмэн” мэдрээд “санаа зовохоос” өмнө засаг бүрдлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг эргэж ярих гэхээр УИХ өөрөө буруу шийдвэр гаргасан болчих асуудал руу орох байдал үүснэ. Өөрөөр хэлбэл хүн болгон “арьсаа хамгаалж” эхэлнэ. Сүргийн сэтгэлгээ буюу учраа мэдэж зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа массаа хувь хүн бүр дагаж явсаар байгаад нүдээ олоогүй томилгоонуудыг бага зардалтай байхад нь зогсоож чадаагүй нөхцөл үүсэхээр.

Гутранги байдлаар тооцвол үр дүн нь ойлгомжтой мэт. Эрээвэр хураавар цугласан нөхдүүд хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаар бодлогын зөрчилдөөн үүсч (хууль зүйн дэд сайдын интерпол руу явуулсан захидал), хөрөнгө оруулалтын давхар зардлууд гарч, багийн уур амьсгал буруу тийшээ эргэснээр төсөл, санаачлагууд дампуурч, авч ирсэн баг тарж, санхүүгийн болон нэр хүндийн хувьд том алдагдал хүлээх эрсдэл байна.

“Great People Decision” номыг зохиогч Claudio Fernandez Araoz дараах үндсэн дүгнэлтүүдийг Сэтгэлийн Хавх гэсэн толгойтойгоор хийсэн байсныг Монгол агуулга руу хөрвүүлж өөрийн бодолтойгоо нийлүүлэхээр шийдлээ.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

Асуудал зөрчилдөөн ил харагдахгүй, сенсаац болоогүй л бол ихэнх хүмүүс бүх зүйл хэвийн явж байгаа гэж боддог, бодохыг хүсч явдаг нь нууц биш. Энэ нь ялангуяа хүнтэй холбоотой асуудлууд дээр. Албан тушаалын томилгоотой холбовол, тухайн хариуцлагатай албан тушаалтныг зөвхөн алдаа гаргасан үед л хариуцлага тооцоод буй. Улстөрийн болон бизнесийн удирдах албан тушаалтнуудын судалгаанаас харахад албан тушаал хашиж буй хугацааны эхний хагаст дийлэнх хүмүүс маань сүүлийн хагаст үзүүлсэн амжилтаасаа хамаагүй илүүг хийж бүтээсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл тааруу ажиллаж буй хүмүүсээ бусад нь удахгүй сайжрах байх аа, түүнээс илүү олигтой хүн байхгүй юм чинь гэж хүлээсээр байгаад боломжуудыг алддаг ажээ. Судалгаагаар бол 10 жилээс дээш тухайлсан нэг удирдах албан тушаал дээр ажилласан буй хүний сүүлийн 5 жилийн ажлын гүйцэтгэл эрс ялгаатай буюу дордсон байдаг нь нотлогдсон аж.

Биеэ тоох

Судлаачийн хэлж буй дараагийн нэг зүйл бол бүх түвшний удирдах албан тушаал дээр очсон хүмүүс маань биеэ ихэд тоож эхэлдэг байна. Энэ нь тухайн хүмүүс өөрсдийн хийж бүтээж чадах бодит хэмжээнээс илүү хийж бүтээж чадна гэсэн хандлагатай болдог аж. University of Pennsylvania-ийн хийсэн судалгаагаар бол хүмүүс нөхцөл байдал эерэг үед үргэлж өөрсдийгөө хэтрүүлэн үнэлдэг байхад харин стресст орсон, айсан, сандарсан, түгшсэн хүмүүс бодит байдлыг илүү мэдрэн өөрсдийнхөө чадвар чансаа, мэдлэг, туршлагаа бодитой үнэлж чаддаг гэсэн байдаг. АНУ-д 2004 онд 1 сая оюутан сурагчдын дунд хийсэн судалгаагаар тэдний 70% нь өөрсдийгөө манлайлах чадвараараа дунджаас дээгүүр гэж үнэлсэн байдаг. Энэ нь энгийн математикийн тооцооны хувьд боломжгүй бөгөөд дөнгөж 2% нь л өөрсдийгөө дунджаас доогуур гэж тооцдог байх жишээтэй. Түүнчлэн их сургуулийн профессоруудын 95% нь өөрсдийнх нь ажлын ачаалал, үр бүтээл нь дунджаас дээгүүр гэж үздэг байх жишээтэй. Цаашилбал мэдээллийн технологийн томоохон 2 компанийн инженерүүдийн 32% ба 45% нь өөрсдийгөө уг компанийнхаа топ 5 инженерийн нэг гэж тооцдог байх жишээтэй. Үүнтэй яг адилхан буюу манай улстөрчид ч гэсэн өөрсдийгөө хэрээс хэтрүүлэн өөрсдөө үнэлж, тэр чинээгээрээ популизм хийх хандлага газар авах хандлагатай байгаа нь тун харамсмаар.

Ер нь яагаад ингэж хүмүүс өөрсдийгөө хэтрүүлэн үнэлээд байна гэхээр дараах үндсэн хоёр шалтгаан байж болохоор аж. Нэгт, хүмүүс өөрсдийгөө хурдан хугацаанд өөрчлөгдөж чадна гэж итгэдэг. Гэхдээ ихэвчлэн энэ нь цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байдаг бөгөөд нөгөө талд буй хүмүүс нь энэ хүнийгээ өөрчлөгдтөл нь хүлээх үү, эсвэл шаардлагыг нь хангасан хүнтэй шууд хамтран ажиллаж эхлэх үү гэдэг сонголт гарч ирдэг. Хоёрт, бид одоог хүртэл ажил хийх чин эрмэлзлэлтэй хүмүүс энэхүү эрмэлзлэл зорилгодоо хүрэх өндөр магадлалтай буюу хоорондын корреляцийн хамаарал нь өндөр гэж үздэг. Үнэн хэрэгтээ Монгол орны төлөө цохилох зүрхтэй хүн болгон хөгжлийн түүчээлэгч байж чадахгүй. Учир нь хичнээн сэтгэл байгаад ч тухайн хувь хүний өөрийн нь чадвар, мэдлэг, туршлагын хязгаар, хайрцаг гэж байдаг аж. Иймээс ялангуяа төрийн болон бизнесийн байгууллагуудын томоохон томилгоонууд дээр намайг аваач, би очоод ёстой хийгээд өгье, надад юу л байна сэтгэл байна, би Монголдоо болон ард түмэндээ дэндүү хайртай гэсэн хүмүүс биш тухайн ажлыг нь мэргэжлийн түвшинд хийж чадах мэдлэг, туршлага, зөв хандлагатай хүмүүсийг сонгох нь ус агаар мэт чухал буй заа.

Өнгөц дүгнэх

Хүмүүс ихэнхдээ өнгөц дүгнэлт хийдэг. Түүнээс бус яг бодит боломж, магадлалуудыг тэр болгон тооцож шийдвэр гаргадаггүй. Ялангуяа хүнтэй холбоотой шийдвэрүүд дээр бид бүхэн шууд л тухайн хүнийг аль нэг групп, фракц, талд оруулан дүгнэх гээд байдаг муу талтай. Өөрийн үзэл бодлоо илэрхийлээд тэр нь аль нэг томоохон улстөрчийн санаатай нийлбэл, өө тэр яг тэрний л хүн байна шүү дээ гэх мэт. Хүмүүс бие биенээ үнэлэхдээ анхны сэтгэгдэл хамгийн чухал байдгаас гадна тухайн хүнтэй холбоотой хов жив, бусад хоёрдогч мэдээлэл жинтэй хувь эзэлдэг болов уу. Нилээд хэдэн жилийн өмнө Англид хийсэн нэг судалгаа байдаг. Метронд хүмүүсийн цүнхээс нь түрийвчийг нь хулгайлаад ард нь хар арьстан цагаач болон баян тарган цагаан авгай хоёрыг зогсоогоод түрийвчээ алдсан хүн алийг нь шууд хардахийг судлахад бараг 100 хувь хөөрхий хар арьст цагаачийг чиглэсэн байгаа юм. Энэ бол хүн гэдэг амьтны бие биенээ үнэлэх үнэлэмж байж болохгүй юм аа. Хамгийн шилдэг мэргэжилтнийг ганцхан хар мэдээ доош нь татаж карьерийг нь унагадаг. Ялангуяа улстөрийн тавцан дээр.

Өөрөөр хэлбэл бид хүнийг дүгнэхдээ ихэнхдээ сайн сайхан бүхнийг цогцлоон бүтээх хүсэл тэмүүлэл, ирээдүйг төсөөлөх таамаглал зэрэг хэмжихэд тун тодорхой бус хүчин зүйлсийг ашиглаад байдаг. Энэ нөхцөлд бидний сонгосон хүн богино хугацаанд сайн мэт ажиллаад урт хугацаанд бидний өнгөц дүгнэлтийн өгөөш болон хувирах эрсдэлтэй билээ.

Брэнд буюу нэр төрөөр хөөцөлдөх

Хүмүүс бид мөн л нэр хүнд дээр суурилж шийдвэр гаргах, эргээд тэр нь буруу шийдвэр болсон байх тохиолдолууд зөндөө гардаг. Бизнесийн ертөнц дээр жишээ нь нэртэй бизнесмэн Jack Welch хуванцарын бизнес руу орохдоо өөрсдийн хүмүүсээс илүү гадны хүмүүст найдсан байдаг. Учир нь тэд энэ төрлийн бизнест туршлагагүй тул. Jack шууд л DuPont-с нилээд хэдэн хүнийг ажилд авсан боловч төсөл нь нурсан түүхтэй. Гол шалтгаан нь Jack хуванцарын бизнесийн тэрхүү төсөлдөө яг хэрэгтэй байгаа мэргэжлийн хүний нөөцийг бус DuPont гэдэг брэнд нэрийг л худалдан авсан хэрэг. Түүнтэй яг адил бид бүхэн сонголт хийхдээ тухайн хүний нэр хүнд, алдар цолоос илүүтэйгээр яг бидний хамтран гээд байгаа ажил, төсөл дээр бодитой үнэ цэнэ авч ирж чадах үү, үгүй юу гэдгийг л сайтар тооцож сурмаар санагддаг юм. Сайхан Монгол царайтай болохоор нь л УИХ-ийн гишүүнээр сонгоод байвал бид хулхи брэндээр (зарим нь хулхи гэдгийг нь ч мэдэхгүй яваа) гангалаад явж буй хүүхдүүдтэй агаар нэгэнд тооцогдох буй заа. Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг хэлц бас байдаг санаж байна.

Туйлширсан үнэлгээ

Эргээд л хүнтэй холбоход, бид бусад хүнийг үнэлэхдээ хэт туйлшрах хандлагатай юм аа. Жишээ нь, шилдгийн шилдэг, хөгийн луйварчин, хятад царайтай, сайхан материал бэлдээд өгчихвөл хэн ч гэсэн Баярцогт шиг ярьж чадна, ард түмний гавъяат гэх мэт. Үнэндээ бид ингэж туйлшрах нь их аюултай юм. Тухайн хүнийг үнэлэхдээ бид тухайн хүний гаргасан эерэг болон сөрөг үр дүнг нь тухайн бизнесийн, улстөрийн орчинтой зайлшгүй харьцуулан үзэх ёстой билээ. Нэг хэсэг гадаадад төгсөөд ирсэн л бол Монголд од болдог байлаа. Одоо эсрэгээрээ буюу гадаад төгссөн л бол ээ дээ бүү ажилд аваарай гээд хүмүүс захих нь холгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл зарим нь том усан сангийн жижиг загас байхдаа илүү үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэгтэй байдаг бол зарим нь жижиг усан сангийн том засаг байхдаа илүү бүтээл гаргадаг байх юм. Үүнийг нь улстөрийн тавцан дээр сонгогч бүр ойлгоод мэдрээд байдаггүй нь анзаарагдах бөлгөө.

Бизнесийн тавцан дээр хүртэл жишээ нь MCS эсвэл Newcom ч юмуу томоохон корпорацид л ажиллаж байгаагүй бол хэрэггүй дээ гэсэн хандлага байдаг ч эдгээр компанид ажиллаж байсан хүмүүс нь бусад компани дээр очоод ажлын гүйцэтгэл нь гологдоод халагдаж байсан тохиолдолуудыг жишээ нь би мэдэх юм. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийх, эсвэл хир урт хөгжил авч чадах эсэхээ хаа хаанаа бид тохируулах, мэдэх хэрэгтэй ажээ.

Хүссэн зүйлдээ итгэхийг оролдох

Дээр дурдсан хар арьст цагаач болон цагаан арьст баян авгайн жишээний дагуу нэгэнт хүн нөгөө харь арьст нөхрийг л хулгайч гээд бодчихсон бол түүнийгээ батлах бүхий л оролдлого, хандлага, үйлдлийг хийж эхэлдэг. Энэ бол бусдыг үнэлэхэд алдаа гаргадаг хамгийн аюултай процесст тооцогддог аж. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хувийн дүгнэлттэй таараагүй бүхний эсрэг зогсох. Өчигдөр болсон Баярцогт ба Ганбаатарын мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийн хандлага дүгнэлтийг харахад агуулга биш хэлбэр дээр нь суурилж дүгнэлт гаргаад байх юм. Гараа халаасандаа хийгээд пээдийгээд байсан болохоор Баярцогт хөгийн, тийм болохоор ялагдсан ч гэдэг юм уу. Ухаан нь Баярцогт гишүүний оронд экс гишүүн Зоригт, эсвэл тухай үеийн ерөнхий сайд нар орсон бол хандлага нилээд өөр болохоор санагдсан тул энэхүү нийтлэлийг тэсэлгүй бичиж сууна.

Яг энэхүү сэдэвтэй холбоотойгоор Wason гэгч эрдэмтэн аль 1960 онд маш сонирхолтой судалгаа тест хийсэн байдаг. Нөхөр 2-4-6 гэсэн тооны дараалал өгөөд энэхүү дарааллын дүрмийг батлах буюу дараагийн тоо нь хэд байх вэ гэсэн асуулт байв. Судалгаанд оролцогчид дараагийн тоо нь 2-р нэмэгдсэн тоо байна, эсвэл эхний хоёр тооны ялгавар нь сүүлийн хоёр тооны ялгавартай тэнцүү байх дүрэм гэгчлэн тооцоолсон. Харин яг үнэндээ доктор Васонийн дүрэм нь утга нь өсч буй ямар ч хамаагүй гурван тооны л дараалал гэсэн дүрэм байсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү тест нь хүмүүс оролцогч нарыг байгаа баримтыг нотлох бус өөр сөрөг нотолгоо гаргаж ирэхийг туршсан үйлдэл байжээ. Ухаан нь хүссэн зүйлдээ итгэхээсээ илүү, хүсээд байгаа юмныхаа эсрэг фактыг гаргаж турших, үр дүнг нь мэдрэх зоригтой байх, товчхондоо хайрцагласан сэтгэлгээнээс хааяа ч болов салж байх ёстойг энэхүү судалгаа бидэнд харуулж буй хэрэг юм.

“Арьсаа хамгаалах”

Бид бүгд хүн гэдэг амьтан. Бид бүгд алдаа хийх дургүй. Алдаа хийсэн үедээ бүгд аль болох хариуцлагаас зугтаахыг эрмэлздэг. Chris Argyris гэдэг судлаачийн үзсэнээр хамгийн ухаантай гэгдэх хүмүүс маань сандрах, айх, ичихээрээ хамгийн тэнэг үйлдлүүдийг хийдэг гэж байна. Түүнчлэн The University of California хүмүүс “арьсаа хамгаалах”-ын тулд худлаа ярьдгаас гадна дараах хэдэн зүйлсээс бол бие биедээ худал мэдээлэл өгч жүжиглэдэг гэжээ. Үүнд:
  1. Хариуцлагаас зугтах буюу шийтгэл хүлээхгүйн тулд
  2. Ховор буюу олддоггүй боломжийг ашиглахын тулд
  3. Бусдыг хамгаалахын тулд
  4. Өөртөө гэмтэл, аюул учруулахгүйн тулд
  5. Бусдаар бахдуулж, мандаж, нэр алдар олохын тулд
  6. Өөртөө эвгүй буй нөхцөл байдлаас гарахын тулд
  7. Ичсэнээсээ болж
  8. Хувийн нууцаа хамгаалахын тулд
  9. Бусдыг дарамталж айлгахын тулд
Товчхондоо дээрх үйлдлүүд нь хүн гэдэг амьтны байгалийн мэт зан боловч хүнтэй холбоотой томоохон буюу чухал шийдвэрүүд дээр хүлээн зөвшөөрч болохгүй зах хандлага юм. Өөрөөр хэлбэл бусад хүн “арьсаа” хамгаалахаар гаргаж буй үйлдэл зардлыг бид ямагт уг хүн хариуцлагаас мултраад, худлаа яриад яваад өгснөөс үүдэн нийгэмд гарах зардалтай харьцуулж үнэлж үзэж байх ёстой. Нэг хүн дэлхий сөнөнө гэж мэдэгдэл хийснээс бол Монгол гэрийн борлуулалт өсч буй мэт боловч нийт массын сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдал үүсгэж буйг юугаар яаж хэмжиж, эрсдлийн нөхцөл үүссэн үед хэн яаж хохирлыг барагдуулна гэж? Энэхүү сэдвийг өчигдөрийн мэтгэлцээнтэй холбоход, гадаад ертөнц, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагч, улстөр, геополитикийн тоглогч нар анхааралтай үзсэн биз ээ. Энэ мэтгэлцээн дээр яригдсан зүйлс, ярьж буй хүмүүсийн хандлага, үйлдлээс болж Монгол улсын эдийн засаг, цаашилбал улстөрийн хүрээнд сөрөг хандлага гарах эрсдэл байна. Энэ нь хэзээ бодитой үүсэх вэ гэхээр ярьж буй зүйл баримтгүй, тооцоогүй буюу цээжний пангаар орилсон үед.

“Цус ойртох”

Дахиад хүний нийтлэг араншингаар бид дотно найз, сайн таньдаг хүмүүстээ л илүү итгэж, эрсдэл ба боломжуудаа хуваалцдаг. Том зургаар нь улстөрийн түвшинд харвал, жишээ нь УИХ-д бид нөгөө л мэддэг, байсан хүмүүсээ л дугуйлаад буй. Бизнесийн орчинд бол гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг голцуу танилын хүрээнээс шүүрдэж байж гол томилгоонууд хийгдсээр байгаа. Хэдийгээр огт таньж мэдэхгүй хүнээс таньдаг хүн, танилын нүүр илүү халуун ч тухайн танил маань хэрэгцээтэй байгаа албан тушаал дээр үр өгөөжээ гаргаж өгч чадах эсэх нь хамгийн чухал. Танилын хүрээн дээр суурилсан томилгоо ба группууд сүүлдээ бараг утгаа алдаж байна шүү дээ. Баахан нутгийн зөвлөлүүд, чиглэл сонирхолоор нэгдсэн клуб холбоод, улстөрийн фракцууд, бүр экс УИХ-ын гишүүдийх төрийн бус байгууллага байгуулагдсан байх жишээтэй. Мэдээж нийгэмд эерэг зүйл байгаа л байх, гэхдээ хувь хүн талаасаа том зургаа олж харж чадахгүй болох, жалга довын үзэлд баригдах, сэтгэхүй нь хайрцаглагдах эрсдэлтэй л юм билээ. Хамгийн том аюул нь ямар ч эерэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй сонирхолгүй болох, ингэснээр хэдий залуу ч нийгмийн түүчээ биш цувааны хамгийн ард үлгэн салган явж бусаддаа шавар хаах нэгэн болох юм.

Сэтгэлийн зангуу

Бид бас л хүнийг үнэлэхдээ өөрийн сайн мэддэг, магадгүй сэтгэлдээ биширч хүндэлж явдаг хүнтэйгээ шууд харьцуулах гээд байдаг талтай мэт. Уул шугамандаа тухайн хүний хувийн амжилт, ололт, гүйцэтгэлээр нь үнэлэх, бие даасан байдлаар харах хэрэгтэй. Магадгүй амьдралд хамгийн ойрхон дараах жишээ байж болох юм. Мундаг, сайхан найз охинтой байж байгаад салсан залуу (эсрэгээрээ ч байж болно) дараа нь тааралдаад үерхэх партнераа үргэлж анхны найзтай жишиж зүйрлээд голоод байдаг. Эцэсдээ ганц бие хэвээрээ л үлдэнэ. Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирсэнийг нь би тоохгүй гэдэг шиг. Хувь хүн болгон хоорондоо юугаар ч ялгагдашгүй зүйлсүүдтэй ч төстэй зүйлс ч багагүй байдаг. Түүнчлэн судалгаануудаас харж байхад хүн хүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа тухайн хүний хамгийн анх хийсэн эсвэл хамгийн сүүлд хийсэн амжилт, алдааг илүү их санаж, түүн дээр тулгуурлан эцсийн дүгнэлтээ гаргах гээд байдаг аж. Тэр дунд тэр хүн ямар ч том амжилт, эсвэл алдаа бүтээсэн байсан үнэлгээнээс орхигдох эрсдэл байдаг ажээ. Иймээс бид бусдыгаа үнэлэхдээ сэтгэлийн зангуугаа татан авч бодит байдал руу тэмүүлэх нь зөв шийдвэр болохоор байнам.

Сүргийн сэтгэлгээ

Эцэст нь хэлэхэд бидний дунд сүргийн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байна. Хөдөө явж байгаад зам хөндлөн гарч буй хонь, ямаа, адуу нь заавал машины урдуур дайрдаг. Тээр хойно, сүргийн бөгсөнд явж байсан төлөг хүртэл давхисаар байгаад машинд дайруулах шахан урдуур л заавал гүйнэ. “Хүнээр” бодвол бусдыгаа дагаж замын нөгөө талд гарах хэрэг байсан ч юм уу, байсан ч гэсэн машинаа явуулчихаад араар нь гарах, эсвэл заавал заавал урдуур нь дайруулах шахан гүйх хэрэг юу билээ гээд л бодох байх л даа. Сүргийн сэтгэхүйгээр харахаар бидний хэн нэг нь сүргийн гишүүн байвал мэдээж хамгийн аюулгүй гэсэн нь сүргийн голд буюу бөөнөөрөө байх нь. Сүрэг хэрвээ араатнуудын дунд аюултай байдалд орвол сүргийн захад байгаа амьтан хамгийн эрсдэлтэй хэсэгт байна гэсэн үг. Сүргийн сэтгэлзүйн дараагийн нэг шинж нь өөрийн толгойгоор явахаасаа илүү бусдыгаа буюу массаа өөрийн мэдэлгүй дагах, дуурайх. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай байж болох юм билээ. Нэгт, дээр дурдсан айдас буюу сүргийн захад ч болов гарах сонирхолгүй. Хоёрт, олонхоороо байхыг хүсэгч буюу багийн үнэнч тоглогч. Гуравт, ердөө л залхуу буюу шинийг санаачлагч, манлайлагч буй. Сонгуульд очиж санал өгдөггүй залхуу гар гэсэн үг. Дахиад л бизнес болон улстөрийн түвшинд ялангуяа лидерүүдийг харж байхад (ур лидер нь бусдын үгээр буюу сүргийн сэтгэлгээтэй нь ч байна, бизнесийн хувьд хувь нийлүүлэгчидтэй огт холбоогүй, өндөр хөлстэй хөндлөнгийн мэргэжлийн менежер ч байна) заримдаа өөрийнх нь хүрээллийн буюу фракцын бус хүмүүстэй ойлголцохыг хүсэх, дэмжиж ажиллах тал дээр нилээд хайнга байдал үзүүлсээр л буй. Үүнийг жаахан “туйлшруулаад” үргэлжлүүлбэл “бууны нохой”, тэрний хүн, энэний тал гэсэн хэлбэр рүү хэвийхээр.

Тэгэхээр эдгээр сэтгэлзүйн хавханд бид хэрхэн орохгүй байх ёстой юм бэ гэвэл хувь иргэн бүрт мэдээллийг жигд хүргэх, хүрсэн мэдээллийг иргэд мэдлэг болгон боловсруулж чаддаг байх нь чухалд тооцогдох аж. Хэдэн зуун ТВ, сонин, сэтгүүл, цахим хуудсууд байхад заавал ТВ9-г жишээ нь үзсээр байгаад өөрийн дүгнэлт гаргах, заавал Үнэн сонинг уншсаар байгаад хүнийг дүгнэж байгаа бол тэр нь “системийн хямрал” бус хувь хүний тархины тураалын асуудал юм. Түүнчлэн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцдог ба оролцдоггүй массуудын зохистой балансыг олох нь бас их чухал юм шигээ. Магадгүй тийм ч учраас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн систем нь нийт ард түмэн ба төлөөлөгч нарын коллегийн холимог байдаг.

Миний хувьд өчигдөрийн мэтгэлцээн дээр Баярцогт гишүүн нийгмийн арай илүү идэвхтэй, боловсрол өндөртэй, “алдах юмтай” иргэдийн хувьд илэрхий ялалт байгуулсан ч Ганбаатар гишүүний хувьд “ард түмэн”, “эх оронч”, их мөнгөний гэрээ байгуулсан юм чинь “но” байж л байгаа гэж хардсан хүмүүсийн хувьд ч гэсэн бараг шахуу ялалт авчих шиг болов уу даа. 

Хүмүүний баруун ба зүүн мөрөн дээр бурхан ба чөтгөр сууж байдаг гэж ярьдаг юм билээ.

Monday 12 November 2012

Value-added journalism

Нэмүү өртөг бүхий сэтгүүлзүй

The Media Business блогийг хөтөлдөг Robert G. Picard-ийн сүүлийн нийтлэл нь их чухал сэдэв хөнджээ. Энэхүү бичлэгийг өөрийнхөөрөө орчуулан дээрээс нь Монголын сэтгүүлзүйн нөхцөл байдлыг сонирхогчийн үүднээс харьцуулан бодлоо хуваалцъя гэж зориглов.

Нөхөр товчхондоо ихэнх сэтгүүлч нар өнөөгийн сэтгүүлзүйд ус агаар мэт хэрэгтэй байгаа нэмүү өртгийг бүтээж чадахгүй байгааг хурцаар шүүмжилжээ. Сэтгүүлч ба сурвалжлагч гэсэн 2 тодорхойлолт байдаг боловч би сэтгүүлч гээд Цэвэлийн онлайн тайлбар толиос хайтал тийм үг байхгүй байна гэх. Ер нь жишээ нь энэ хоёр үгийн ялгаа, үндсэн концепц, тайлбар нь юм вэ? Гэсэн хэдий ч сэтгүүлзүй гээд ярьдаг, сэтгүүлч нарын нэгдсэн эвлэл гээд бас байгууллага байдаг санаж байгаа тул сэтгүүлч гэж journalist-ийг орчуулаад явъя.

Өнөө үеийн дийлэнх сэтгүүлч нар дэлхийн халуун цэгт болж буй, олон улсын сонирхол татах мэдээллийг хайж олж буй, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээ хийж буй,улстөрийн муу муухай илчилж буй мэт дүр үзүүлдэг. Мэдээж ихэнх нь үнэхээр ийм ажил хийхийг хүсэж буй нь мэдээж боловч (гэхдээ үе үе сэтгүүлч нарын мундаг бүтээл төрдгийг үгүйсгэж болохгүй) массаар нь ярьбал мөрөөдөл ба бодит байдлын хооронд асар том зөрүү байсаар л байна. Ялангуяа Монголын хувьд.

Ихэнх сэтгүүлч нар жишээ нь хотын даргын урьдчилж бэлтгүүлсэн үгийг нийтэлж олонд хүргэх, оюутнууд төлбөр нэмэхийг эсэргүүцсэн цуглааныг сурвалжилж ТВ-р гарах гэсэн оюутнуудыг “дэмжих”, дэлхий сүйрэх тухай шинжлэх ухааны ямар ч үнэргүй сенсаац мэдээллээр олны тархины тураалыг угжих, ТВ-р бүр бараа бүтээгдэхүүн дуудлага худалдаагаар зарах, шинээр гарсан iPhone 5 утасны функц давуу талуудыг Англиас Монгол руу орчуулан дурдах, нөгөө хэдхэн “одуудынхаа” физиологийн согог, муруй гишгэсэн мөрийг гаргах, хаа хамаагүй гадны нэг дуучин нэг модель руу хандарлаа гэсэн болхи орчуулга, бүр цаашилбал бүдүүлэг бичсэн секс түүхүүд, “болсон явдал”, нүцгэн хүмүүсийн зургуудаар агуулгаа баяжуулсаар ирлээ.

Хэвлэл мэдээллийнхэний ихэнх нүүр хуудасны мэдээлэл нь стиль болон дизайны хувьд нэг жигд, бусад эх сурвалж дээр байсан мэдээллийг агуулгын хувьд бус хэлбэрийн хувьд өөрчлөөд хуулаад тавьсан контентуудаар дүүрч байна. Жишээ нь УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд, засгийн газрын хуралдааны хөтөлбөр, цаг агаарын мэдээ, цагдаагийн байгууллагаас гаргадаг гэмт хэргийн мэдээллүүд, амралтын өдрүүдээр тавигдах үзвэрийн мэдээлэл, дотоодын компаниудын санхүүгийн тайлбар мэдээлэл гэх зэрэг. Яг үнэндээ эдгээр нь С1-ийн Focus мэдээллийн хөтөлбөр, сая хаагддаг zaluu.com-с ямар ч ялгаа байхгүй хэрэг юм. Бараа үйлчилгээний худалдаагаар бол нэгнээс юм аваад нөгөөд үнэ хүргэж зардаг ченжүүд л гэсэн үг.

Монгол HD ТВ-ийн нэг залуу твиттер нь жишээ нь хэвлэл мэдээлэл (ТВ салбарыг л хэлсэн байх) нэг өдөрт л 100 сая төгрөгийн хулгайг бусдаас хийж байна, гэхдээ энэ тоо бол их дарсан "даруухан" тоо гэж жиргэж байна билээ. Нэг хэсэг эх сурвалжийг нь солиод интернэтээр хаа сайгүй хулгай хийдэг нь арай гайгүй болоод эх сурвалжтай нь "хусдаг" болоод заншил болох нь. Академик ертөнцөд болдог хулгайнуудын эдгээр жишээнүүд, надтай тохиолдсон энэ явдлуудыг блог дээрээ би бичиж л байж нилээд дээхнэ.  

Үнэндээ бол саяхныг хүртэл дээр дурдсан хэвлэл мэдээллийн эрээвэр хураавар бүтээгдэхүүнүүд нийгэмд асар их хэрэгтэй байсан уу гэвэл байсан юм аа. Олон уургальч үзэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон эх сурвалжийг нэгтгэсэн нэг суваг гэх мэт. Одоо Монголд маань мэдээллийн буюу сэтгүүлзүйн хатуу дэд бүтэц нь дэлхийн шинэ технологийн чиг хандлагаас нэг их хол дутахгүй хөгжөөд байгаа боловч агуулга буюу контент үйлдвэрлэл тал дээрээ холоо хоцорч явна. Чухам үүнээс болж зохиогчийн эрх буюу оюуны бүтээлийн хулгай, хэрүүл маргаан тасрахаа болиод удаж байнам. Нэг нөхрийн 2 өдөр сууж бичсэн нийтлэлийг нь нэг сонин ямар ч зөвшөөрөлгүй (мэдээллийн эх сурвалж тавихийг яриагүй бөлгөө) байнга тавиад суугаад байна гэдэг нь бичвэр бичигч нөхөр хэн ч мэдэхгүй 5 нөхрийн цалинг өгөөд сууж байгаатай агаар нэгэн. Түүнчлэн интернэт, ялангуяа сошиал медиагийн энэхүү эрин үед мэдээллийн анхдагч эх сурвалжууд нь өөрсдөө үзэгч, сонсогч, уншигч нартай шууд холбогдох сувгуудтай аль хэдийн болчихоод байна. Одоо энэ УИХ-ийн хэд нь твиттер хаягтай, хэд нь идэвхтэй хэрэглэж байна гээч? Улаанбаатарчуудын хувьд хамгийн их асуудалтай байдаг хотын асуудлуудын талаар хотын дарга нь, НИХТөлөөлөгчид нь даргатайгаа, дүүрэг болгон, бараг аймаг болгон өөрсдийн цахим хуудас, твиттер, фэйсвүүк хуудас нээж түүгээрээ дамжуулан холбоотой бүх мэдээллээ хүргэж байна.

Хэвлэл мэдээллийн хувьд эдгээр мэдээллийг түрүүлж олон нийтэд хүргэх, эсвэл гарсан мэдээллээс нь илүү чанартай дүгнэлт хийсэн мэдээлэл, бичвэр хийж байж л үнэ цэнэ буюу нэмүү өртөг үүсэх учиртай мэт. Нэг “одоос” жишээ нь нэг дагагч нь твиттерээр дамжуулан та үнэхээр тэр өдөр тэгсэн юм уу гэж асуугаад нөгөөх нь хариулж байвал “эрэн сурвалжлах сэтгүүлзүй” асар хүнд байдалд орж буй нь тэр. Бүр цаашилбал тухайн салбарын мэдээллээр дагнасан сайтууд болон бусад сувгууд ч төрөлжөөд эхэллээ. Ийгл мэдээллийн суваг, Music Box, спортын сувгууд, мэргэжлийн холбоодын вэбсайтууд гэх мэт. Өөрөөр хэлбэл энэхүү хандлага болон сэтгүүлч нарын сул байдал нь “мэдээлэл түгээгч нөхөр” хэвлэл мэдээллийн сувагт өөрсдөө мэдээллээ бэлтгэж, форматалж өгдөг буруу зуршил руу тэр чигээрээ явчих бий дээ. Өөрөө өөрөөсөө асуулт асуугаад хариулаад гаргачихсан ярилцлагууд зөндөө байна. Тэгвэл юун мэргэжлийн, бие даасан, хараат бус сэтгүүлзүй болох билээ! Ингэвэл нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг салбарын нэр хүнд ганхах аюултайгаас гадна урт  хугацаанд бизнесийн хувьд оршин тогтнох эсэх асуудал босох нь дамжиггүй.

Урт хугацаанд тогтвортой бизнес хийхийн тулд сэтгүүлч нар маань хаа сайгүй “бэлэн байдаг”, “хэн ч мэддэг” буюу дурын хүн төвөггүй олоод авах боломжтой мэдээлэлтэй зууралдахгүй, бүр зугтах ёстой юм шиг. Хүмүүсийн сонсоогүй, хараагүй, бодоогүй, уншаагүй, төсөөлөөгүй мэдээллийн эрэлд гарч, цогц дүгнэлт судалгааг хийж, үйл явдал болоод өнгөрснийг “шууд дамжуулах” бус яагаад болов, яаж болов, аюул осол бол дараа нь яаж урьдчилан сэргийлэх вэ, ирээдүйн чиг хандлага гэх мэтийн агуулгын үндэс язгууртай ноцолдвол мэргэжилтэн, ган үзэгтэн, өөр юу юу ч билээ мундаг цолоор дуудуулах учиртай бус уу? Түүнээс бус уулзсан хүн болгоноо уйлуулдаг, эсвэл өөрөө дагаад уйлчихдаг сэтгүүлч түүчээ нь лав биш байх аа энэ салбарын хувьд гэж хувьдаа бодох юм.

Нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйн мэдээлэл тун удахгүй бодитоор үнэлэгдэх цаг ирэх бөгөөд энэ хирээр тухайн байгууллагын бизнесийн үнэ цэнэ өсөх болно. Үүний тулд л сэтгүүлч нар захиалгаар болон бусдын даалгавраар бус зоригоороо болон мэргэжлийн ёс суртахуун, сэтгэлээр ажиллаж бие биенээсээ ялгагдахыг хичээвэл уул нь.

Гэхдээ нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ч өөрсдөө асуух ёстой. Тэр нь тухайн байгууллагууд өөрсдөө үнэхээр чадвар муу сэтгүүлчид авч ажиллуулаад байна уу, аль эсвэл сайн сэтгүүлч нараа бүрэн дайчилж ажиллуулахгүй, ажиллуулах боломж өгөхгүй аргамжаад байна уу гэж?!

Robert-ийн бичлэгтэй холбоотой комментууд дээр нь хүмүүс мэргэжлийн хувьд энэхүү асуудлуудыг хөндсөнийг ойлгож буй ч хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар яг ямар байх ёстой цөөнгүй асуусан байна билээ. Нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйг бүтээхийн тулд сайн сэтгүүлчид хэдэн төгрөгийн цалин өгч чадах вэ, тийм компани хир олон вэ гэдэг нь чухал мэдээж. Нөгөө талаас нэмүү өртөг шингэсэн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг Монголын масс үзэгч, сонсогч, уншигч нар маань хүлээн авахад бэлэн үү, эсвэл ердөө л нөгөө нь хов жив, бусдын бөгс бөөрний явдлаар л оюуны цангаа юун амархан тайлагдаад ханачих уу гэдэг нь бас л том асуултын тэмдэг юм даа. 

Tuesday 6 November 2012

Money allergy

Мөнгөний харшил

Хураана, хаана, цуцлана, зогсооно гэсэн үгс сүүлийн үед хаа сайгүй сонсогдож, тэрэнд нь түрлэг нэмэн “ард түмэн” шаагилдах аж. Хүн юм мартахдаа их амархан юм. Хэвлэлийн мэдээгээр болон мэдээжээр ажилгүй, харваас чадваргүй хэсэг хүмүүсийн яриагаар бол дээхнэ үед улаан “пропуск”-аар туулайчлан Орос дэлгүүр орж гоё юм авдаг, саяханыг хүртэл картын бараагаар өл залгуулж байсан Монгол улсын иргэд өнөөдөр тэрнээсээ долоон дор байдалд амьдарч буй бололтой юм.

Ер нь бол төрийн хүч чадал, эрх мэдэл нь баялаг, нэмүү өртөг бүтээгч нараас татвар цуглуулах болон хуулийг мөрдүүлэх үндсэн чиглэлээр тодорхойлогдох байх. Мөнгөний эрх мэдэл нь татвараар дамжих тул цуглуулах татвартай байхын тулд бодитой бөгөөд бяртай татвар төлөгчтэй байх ёстой болж таарах нь. Татвараа зохих ёсоор төлж байна уу, хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж байна уу гэдэг асуудлууд нь төрийн бас нэг зохицуулах үүрэг мөнөөс мөн. Түүнээс бус төр аливаа бизнесийг удирдаж түүнээсээ төсвийн орлогоо бүрдүүлэхээсээ илүү хувийн хэвшилтэй шууд өрсөлдөх нь үнэндээ “Монгол Улс ХХК”-ийн хувьд “илүүц” ажил юм. Ашгийн төлөө бус ажилладаг төрийн бус байгууллага гэсэн статустай хуулийн нэгж байдагчлан ашгийн төлөө ажилладаг төрийн байгууллага? Ер нь бол хийж байгаа бизнестээ сэтгэл ханамжгүй байгаа нөхөр хэрэглэгчийн эрх ашиг, сэтгэл ханамжийг бодно гэвэл юу л бол. Нөгөө талаасаа нэг удаа хийгээд гарах бизнесийн хувьд тухайн бизнес эрхлэгчид сэтгэл ханамж огт падгүй билээ.

Магадгүй баялаг бүтээдэггүй, “бага” хэмжээгээр бүтээдэг улсын “ард түмнийг” тархиар нь удирдахаас илүү ходоодоор нь удирдах хялбар гэдгийг “арилжаа” хийж богино хугацаанд тэнгэрт тулсан нэг удаагийн ашиг хийх гэсэн хүмүүс сайн мэддэг ба энэ схем нь ч сайн ажилладаг. Түүнчлэн мөнгийг татвараар хурааж цуглуулдаг нөхөр уг мөнгийг яаж хөдөлмөрлөж олдгийг огт ойлгохгүй юмаа гэхэд ойлгож буй царай гаргаж суралцах “ахуйн соёл” ч зарим хүмүүст ус агаар нэгэн адил хэрэгтэй мэт.

Мөнгө гэдэг зүйл бол үнэндээ солилцоо, арилжааны л итгэлцүүр хэрэгсэл. Хуучин 5 ширхэг дугуй булантай цай 1 төлөгтэй тэнцдэг байсныг л юниверсал болгож мөнгөн тэмдэгттэй байхад л цайгаа авна уу, хонио авна уу уян хатан болгосон хэрэг. Үүнд төрийн бодлого явдаг байх. Харин чи их цай уугаад “давамгайлах” байдалтай хэрэглэгч болоод байна, эсвэл чи хэт цөөн хонь зараад зах зээл дээр “цөөнхийн дарангуйлал” үүсгээд байна гэж ярьж байгаа бол нөхдүүд өрсөлдөж чамаас их цай ууж шингээдэг, эсвэл олон тооны хонь зардаг, “үйлдвэрлэдэг” хүмүүс хэрэгтэй. Хамгийн гол нь ийм өрсөлдөгч нарыг төр зохиомолоор үүсгэх ёсгүй юм. Тэр дундаа тэр өрсөлдөгч нар нь гонгиносон “ард түмэн” огтоос биш юм. “Энгийн” хүнээс илүү цай уудаг нөхрийг төр чи хэрэглээгээ багасгаач, бусдыгаа бод гэж хэлж болмоор мэт боловч өөр хоньтой айл байхгүй байхад хямгадаж зарж байгаа хонийг нь бүгдийг нь зар, ард түмэн өлсөөд байна гээд төр шууд оролцох нь логикгүйгээр барахгүй гэмт хэрэг билээ. 

Магадгүй гарц нь төр хонь тэжээж, мал маллах байх. Нэгдлээ буцааж байгуулаад “улсын малчин” гэсэн төрийн албан хаагчдаар махны үнээ хянаж, удирдаж чадахгүй гэж үү? Цай “их” уудаг хүний хувьд хэрэглээгээ багасга гэж хүчлэхээс гадна төрийн үүрэг бол өөр цай хийдэг, оруулж ирдэг, зардаг үүсвэрийг олох, хөхүүлэн дэмжих явдал байх. Гэхдээ оролцогч нар нь дэлхийнхийг байг гэхэд улсын болон үйлдвэрлэл, худалдааны стандартыг заавал хангаж, хатуу мөрдөх ёстой. Тэрнээс бус өглөө хонь нядалсан нүцгэн гараараа өдөр нь цай нунтаглаад уутлаад сууж байж болохгүй л болов уу.

Харшил гэсэн нэг ойлголт байдаг. Шарилжны, гичний, амьтны, ургамлын гээд л. Үүн дээр нэмэгдээд мөнгөний харшил үүсч буй бололтой. Магадгүй их мөнгөний бараа хараагүй, том урсгал дунд явж үзээгүй байхад нь мөнгө муухай, мөнгөтэй хүмүүс муу, ядуу амьдрах нь бахархал, шантаажилж ажиллах нь гайхамшиг гээд “нөгөө нэг” экосистем нь мөнгөний харшлын үндэс суурийг бэлдээд өгдөг байх. Зөв экосистем дотор уул нь мөнгө зарцуулдаг бүлгээс илүү мөнгө олдог, баялаг бүтээдэг бүлэг нь илүү нэр хүндтэй байдаг юм билээ. Хувийн хэвшлийг нийтээр нь үзэн ядаж байгаа нь унаж яваа морио нядалж буйтай адил. Эсвэр “төр” гэдэг огт хоол иддэггүй, ус огт уудаггүй морьтой болох ёстой. Ядаж байхад морь унасан нь толгойгүй ч юм шиг.

Аливаа харшлийг эмчлэхийн тулд дарах эмийг нь уудаг эсвэл харшил үүсгэгч объекттой “хүрэлцэхүйн эрхтэнүүдээрээ харилцана таалалцахгүй” байх ёстой. Мөнгөтэй харилцаж “хүрэлцэж” харшил авахгүйн тулд мөнгийг байхгүй болгож буцаад бартерийн систем рүүгээ шилжих сонголт онолын хувьд байж болох. Даанч хонь зардаг нөхөр ууж барахгүй их цайгаар хонио солих нь юу л бол. Тэр ч утгаараа мөнгийг таалахгүй “мунхаг” этгээд маш цөөхөн бололтой юм билээ. Бартердах гэхээр өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн буюу баялаг цөөн, тэр дундаа энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээс нь бэлэн мөнгөөрөө байг гэхэд бардердаад авъя аа гээд оочирлодог худалдан авагч бүр цөөн. 1990-ээд оны сүүлээр Талх Чихэр компани дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байхад ажилчид нь цалингаа нэмүүлье гээд дарга дээрээ орж билээ. Дарга ганц л өгүүлбэр хэлээд хаалгаа хааж байсан юм. Тэр нь дэлгүүрүүдийн лангуугаар дүүрэн хэвтэж байдаг зарагддаггүй чихрүүдээ зарчихаад цалингийн нэмэгдлээ надаас нэх гэж.

Уул нь аливаа нэг салбарын тэргүүлэгч, манлайлагч, лидер байна гэдэг нь аж ахуйн нэгждээ ч тэр, хувь хүн талдаа ч тэр дээд зэргийн бахархал байх ёстой. Манай орны хувьд тэргүүлэгч, лидер байна гэдэг нь бахархал бус шийтгэл, ял болж хувираад байна уу даа. Хамгийн царайлаг хүүхэн нь янхан, залуу нь гэй, амжилттай ажиллаж буй залуус нь хэн нэгний татаас, бууны нохой, дарга хийж байгаа нь гуйлгачин байсан луйварчин, гайгүй ажиллаж байгаа компани нь түмнийг шулагч, ардыг мөлжигчөөрөө дуудуулаад л явж байна. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн энэ том масс дотор сайн нь ч бий, муу нь ч буй нь ойлгомжтой. Хамгийн чухал нь сайн уу, муу юу, “ориг” нь уу, хулхи нь уу гэдэг стандарт норм ба түүний хяналт, ил тод байдлыг нь л тодорхой болгож хатуу хэрэгжүүлэх нь төрийн үндсэн үүрэг бус уу?   

Хөрөнгө оруулагч нар гадаад улсад бизнес эрхлэхдээ хэдхэн хүчин зүйлсийг л харгалздаг. Үүний нэг нь хямд ажиллах хүчин. Ийм ч учраас Хятад, Энэтхэг, Зүүн Европ руу дэлхийн бүхий л том компаниуд салбараа нээж үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Австрали улс гэхэд жишээ нь Holden гээд өөрийн үндэсний брэнд автомашин гаргаад олон жил болж буй боловч амжилтанд хүрээгүйгээр барахгүй Япон, Солонгос, Америк машины импорт жилээс жилд нэмэгдээд байв. Шалтгаан нь Австралийн машины үйлдвэрт ажиллах нэг ажилчны зардал ухаан нь Тоёотагийн зүүн өмнөд азийн аль нэгэнд буй салбарын ажилчны цалингаас нилээд өндрөөр барахгүй зөрүү нь улам ихэссээр байх аж. Эцсийн дүгнэлт нь хүний нөөцийн зардлын хувьд Австрали улс зүүн өмнөд азитай өрсөлдөж чадахгүй ажээ. Үүнтэй адил Монгол шиг Вьетнамуудаар машинаа засуулдаг, Хятадуудаар байшингаа бариулдаг, Хойд Солонгосуудаар замаа бариулдаг, Филиппинүүдээр хүүхдээ харуулж, хоолоо зөөлгөдөг, Украинуудаар дуугаа дуулуулдаг, зүүн европууд байтугай хар арьстан бүсгүйчүүдээр тайчуулдаг амьтад маань хүний нөөцийн хувьд хямдхан байж, жишээ нь Хятад, Энэтхэгтэй жинхнээсээ өрсөлдөж чадах уу? Жинхнээсээ гэдэг нь цалингийн хэмжээнээс гадна бүтээж буй бүтээмж, оруулж буй хувь нэмрээрээ? Мөнгөний харшилтай хүмүүст зохих уу?  

Социализмийн үед өвөө эмээгийн бүтээсэн бааз суурин дээр аав, ээж нарын маань зах зээлийн шилжилтийн үед бий болгосон нэмүү өртөг, үнэ цэнийг өнөөх өвөө, эмээ нарын хөөрхөн ач хүү, зээ охид нь харин ч арай сүйдийг нь хутгачихгүй байлтай.

Тиймээс явж явж харшлийн эсрэг эм л ганц хувилбар юм уу даа. Тэр эм нь харин юу юм бол доо золиг гэж?

Зарчмын хувьд бол шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө тухайн хувь хүн шатаана уу, луувангаа үрнэ үү, лаагаа асаана уу, түүнтэй адил хуулийн хүрээнд хөлсөө гоожуулан бүтээсэн баялагаа аж ахуйн нэгжүүд хэрхэн үрж, ямар нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхээ “ард түмнээс” асууж “зөвлөлдөх” ямар ч үүргийг хуулийн өмнө хүлээгээгүй байдаг юм билээ. Магадгүй хуульчилбал хуулиа л дагах байх л даа манай хувийн хэвшлийнхэн...
  

Sunday 4 November 2012

Billionaires

Тэрбумтангууд

2012 оны 11 сард Блүүмберг дэлхийн хамгийн баян 200 хүнийг зарлав. Бүгд ам.долларын тэрбумтангууд гэсэн үг. Эдгээр 200 хүн дотор янз бүрийн л бизнес эрхэлдэг нөхдүүд байх. Хоол хийдэг, ундаа үйлдвэрлэдэг, машин, хувцас зардаг, уул уурхайн олборлолт хийдэг гэх мэт. Зөвхөн энэ 200 тэрбумтаны хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 2.7 их наяд ам.доллараар үнэлэгдэж буй бөгөөд үүгээрээ дэлхийн 5 дахь том эдийн засагтай тэнцэж буй хэрэг юм.

Испанийн тэрбумтан Amancio Ortega буюу бидний мэдэх Зара дэлгүүрийн эзэн өнгөрсөн жил хамгийн өндөр өсөлтийг хийж рекорд тогтоогоод байна. Тэрбээр 1 жилийн дотор хөрөнгөө 18 тэрбум ам.доллараар өсгөж чадсан бөгөөд энэ нь өөрөөр хэлбэл 1 өдөрт л 66 сая ам.доллар цэврээр олж байсан гэсэн үг юм. Ер нь бол дэлхийн хамгийн баян 25 хүний 9 нь Зарагийн эзэн шиг жижиглэнгийн зах зээлд худалдаа хийдэг хүмүүс байна. Ер бүгдийнх нь хөрөнгө дунджаар 20% өнгөрсөн онд өссөн нь хямралтай холбож тайлбарлахад хүнд юм. Ази номхон далайн бүс дэх хамгийн баян эмэгтэйгээр Австралийн Gina Rinehart 19.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр эмэгтэйчүүдээ тэргүүлж байгаа ч өөрийн улсдаа нэр хүндээрээ тааруухан байдаг юм билээ. Харин Хятадын хамгийн баян хүнээр 20.1 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Zong Qinghou тодорчээ. Барууны технологийг дээрэмдэж баяжсан, гэр бүлийн засаглалын будилаанаараа дэлхийг шуугиулж байсан нөхөр билээ.

Блүүмберг дээр гарсан мэдээлийг экселийн хүснэгт рүү оруулж байгаад жаахан тоогоор тоглосноо та бүхэнтэй хуваалцъя.

Дэлхийн хамгийн баян 200 хүний дундаж нас нь 65 байна. Түүнчлэн эдгээр нөхдүүдийн 50% нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд 70-с дээш насныхан нь бараг 40%-ийг нь эзэлж байна. Өөрөөр хэлбэл дунджаар 15 жилийн дараа эдгээр нөхдүүдийн хөрөнгө хэн нэгэнд цаашаа өвлөгдөнө гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ эзнээс шалтгаалж тухайн бизнесийн стратеги чиглэлд огцом өөрчлөлтүүд гарах магадлалтай юм.  40 наснаас доош тэрбумтан энэ 200 хүн дотор ердөө 4 хүн л байна. Тэгэхээр эд хөрөнгө тийм амархан хуримтлагддаггүй ажээ. Гэхдээ 28 настай фэйсбүүкийн эзэн Mark Zuckerberg дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж 88-д жагсаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Датаг ажиглаж байхад хамгийн залуухан тэрбумтантай улсуудад АНУ, ОХУ, БНХАУ тус тус дарааллан жагсаж байна. АНУ ба БНХАУ-ын тэрбумтангуудын гол эх үүсвэр нь технологийн бизнес байхад ОХУ-ын бизнесменүүдийн баялагийн гол эх үүсвэр нь уул уурхай, метал болон олон төрлийн бизнес эрхэлдэг групп компаниуд байна.

Улс орон буюу тэрбумтангуудын иргэншлийг нь судалж харвал нийт 41 улсууд дэлхийн тэрбумтаны жагсаалтанд оржээ. Үүнээс хамгийн их нь АНУ буюу нийт 61 тэрбумтантайгаар нөгөө 200 хүний 30%-ийг дангаараа эзэлж байна. Энэ 61 тэрбумтаны хөрөнгө нь 955 тэрбумд хүрсэн бөгөөд дэлхийн 200 тэрбумтаны хөрөнгийн 37%-ийг дангаараа АНУ эзэлж байна. Ази тивийн хувьд Австрали ба Шинэ Зеландыг оруулаад нийт 15 улсын 47 тэрбумтан байгаагаас нийт хөрөнгө нь 481 тэрбум буюу дэлхийн 200 баяны нийт хөрөнгийн 20 орчим хувийг эзэлж байна. Ази номхон далайн бүс дэлхийн тэрбумтаны тоо болон хөрөнгийн үнэ цэнээр аль алинаар нь дэлхийн топ 200 дотор 20% орчим эзэлж байна.

Европ тивийн хувьд топ 200 тэрбумтаны жагсаалтанд  17 улсын 65 тэрбумтан нь бичигдсэн бөгөөд эдгээрийн нийт хөрөнгө нь 794 тэрбум буюу 200 тэрбумтаны хөрөнгийн 30% юм.

Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн баян хувь хүмүүсийн хөрөнгийн 37% нь АНУ-д, 30% нь Европ тивд, 20% нь Ази тивд, үлдсэн 13% нь Өмнөд Америк болон Африк тивд байршиж байна.  

Өнгөрсөн жилд дэлхийн топ 200 тэрбумтаны ердөө 36 нь л хөрөнгөө 47 тэрбумаар бууруулж “муу ажилласан” бол нийт дүнгээрээ энэхүү 200 нөхөр маань цэвэр хөрөнгөө 346 тэрбум ам.доллараар жилийн дотор өсгөжээ. Энэ дундаас Мексикийн групп компани жилийн дотор 9.1 тэрбум ам.доллар алдсан бол Файсбүүкийн Маркийн хөрөнгө 6.8 тэрбум ам.доллараар багасаад байгаа билээ. Харин хөрөнгөө хамгийн өндөр хувиар өсгөсөн нөхрийг дээр дурдсанчлан Зарагийн босс тэргүүлж, дэлхийн №1 тэрбумтан Карлос удаалсан байна.

Бизнесийн чиглэлийн хувьд дэлхийн тэрбумтангууд маань голцуу уул уурхай, эрчим хүч, санхүү, үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ, технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд гэсэн ердөө 10 орчим салбарт л төвлөрч ажиллахаас гадна эдгээр олон янзын бизнесүүдийг цугт нь групп компанийн дор авч явдаг юм байна. Дэлхийн топ 200 тэрбумтаны бизнесүүдийн гол эх үүсвэрийн 20% нь групп болон холдинг компаниуд, жижиглэнгийн худалдаа 13%, технологийн салбар 11%, санхүүгийн чиглэл 10%, уул уурхай 8%-ийг тус тус эзлэн топ 5 салбарт тооцогдож байна.  

Бидний сайн мэдэх Өмнөд Солонгос улсаас Самсунг болон Хьюндайгийн эзэд л дэлхийн топ 200 баянд багтсан бол Японоос Uniqlo ба Softbank компаниудын 2 эзэн л багтжээ. Эрэмбийн хувьд Япон нь 17-62 байраар Солонгосын баячуудаас түрүүнд бичигджээ.

Манай хоёр хөршийн хувьд ОХУ 20, Хятад 5 тэрбумтан дэлхийн топ 200 баячуудын жагсаалтанд байгаагаас Оросын бизнесменүүдын баялагын эх үүсвэр нь олон төрлийн бизнес бүхий групп компани, уул уурхай, эрчим хүч гэсэн 3 төрөл л байгаа бол Хятадын хувьд технологи ба үл хөдлөх хөрөнгө л байгаа нь Монгол улсын хувьд сонирхох ёстой мэдээлэл болов уу.  Хойд хөрш маань байгалийн баялаг дээрээ дулдуйдан хөгжиж байгаа бол урд хөрш маань байгалийн баялагийг хөрвүүлэх технологи болон үйлдвэрлэл, үл хөдлөх дээр төвлөрөх үндэсний стратеги нь байж болох. Энэ хоёрын дунд байгаа Монгол улс баялагаасаа илүү хүний нөөц болон газарзүйн байршилаа хэрхэн давуу тал болгох ёстойг бодмоор ч юм шиг.