Thursday 15 April 2010

A dog without the owner

Эзэнгүй нохой

Andre Kostolany гэдэг хүний нэрийг ойрмогхон анх удаа сонсоод өөрөөсөө тун чиг ичив. Мань эр хэдийгээр 1999 онд насан өөд болсон боловч санхүүгийн мэргэжилтэнгүүд энэхүү хүнийг Европын Warren Buffett гэдэг юм байна. Санхүү, хөрөнгийн зах зээлийн чадварлаг мэргэжилтэн байсан төдийгүй хэлсэн үг, ишлэлүүд нь их сонирхолтой бөгөөд алдартай юм. Нилээд хэдэн ном хэвлүүлсэн боловч ихэнх нь герман хэл дээр байдаг бололтой. Мань эрийн бүтээлүүд дундаас хамгийн их таалагдсан хэсэг нь нохой ба эзэн хоёроор зүйрлэсэн хөрөнгийн бирж буюу хувьцааны үнэ болон эдийн засгийн уялдаа холбоог тайлбарласан санаа нь байв.

Өөрөөр хэлбэл эзэн нь нохойгоо үе үе гадаа гаргаж салхилуулдаг. Хөөрхий нохой чийгтэй байшинд хоригдож байгаад гадаа гарахаараа байж ядан нааш цаашаа гүйн давхиж, эзнийхээ урд хойно нь орон тоглон нааддаг билээ. Эзэн ихэвчлэн нохойгоо уяатай хөтлөн явах агаад нохой нь уяаны уртын хэмжээнээс хэтэрч эзнээсээ холдохгүй гэсэн үг. Яг үүнтэй адилаар нааш цааш савчин эзнээ тойрон эргэлдэж буй нохойг хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийн хэлбэлзэл, эзнийг нь тухайн улсын эдийн засаг гэж зүйрлэсэн байгаа юм. Ухаан нь нааш цааш тонгочин гүйн тоглож байгаа нохой биш уг нохойг хөтлөн буй эзэн гуай хаашаа явж буй нь хамгийн чухал гэсэн санааг гаргажээ. Гайхалтай энгийн зүйрлэл.

Монголынхоо зарим нэг компанийн байдлыг хөндлөнгөөс ажиглахад нохой хөтөлж яваа мань нөхөр угтаа уг нохойны жинхэнэ эзэн бус юм шиг харагдаад байдаг юм. Өөрөөр хэлбэл зарим компаниудын хаашаа явж буй алсын чиглэл нь тун чиг тодорхой бус, үе үе явж байсан чиглэлээ огцом өөрчлөхөөс гадна хэт ойрын зорилт, явцуу богино хугацааны ашиг дээр суурилсан. Заримдаа нохойндоо анхаарал халамж тавилгүйгээр үл барам санаатайгаар уяанаас нь алдууртал нь сул тавьж орхино. Магадгүй нохой хөтөлж яваа эзнийх нь дээр өөр нэгэн жинхэнэ босс нь үргэлж хөшигний ард байдгаас болоод нохой хөтөлж яваа хүн яг хаашаа алхаж нохойгоо салхилуулахаа мэдэхгүй үе үе бухимдаад буй мэт санагдах. Нохой болон нохойг нь салхилуулж буй хүнээ ингэж зовоож байснаас хөшигний араас өөрөө ил гарч ирээд нохойгоо үе үе эрхлүүлж байгаасай билээ.

The relation between stock exchange and economy is like a man walking his dog. The man walks slowly, the dog runs back and forth. (Andre Kostolany)

Monday 12 April 2010

Financial intermediaries

Санхүүгийн зуучлагч нар

Ойрмогхон санхүүч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч нэгэн найзтайгаа хууч хөөрч суухад мань бүсгүй Монголд ажил хайж байсан тухайгаа ярьсан юм. Мань хүн өөрөө хэд хэдэн шалгуур гаргаад түүнийхээ дагуу компаниудаа сонгон холбогдсон байна. Найзын маань ажил олгогчид тавьж байсан нэг шалгуур нь давхар тайлан, баланс гаргадаг компаниудад ажиллахгүй гэсэн нөхцөл байжээ. Харамсалтай нь ийм шалгуурт нь тэнцэх компаниуд Монголд олдоогүй юм гэсэн. Ердөө нэг жилийн л өмнө шүү дээ. Хичнээн сайхан төсөл, хичнээн сайхан хөрөнгийн бирж байгаад дээрх нийтлэг стандарт, бизнесийн сахилга батаа засаагүй цагт Монголд маань хөрөнгийн зах зээл ном журмаар хөгжинө гэхэд тун хэцүү. Palepu & Healy-ийн Business Analysis & Valuation: Using Financial Statements гэдэг номыг уншингаа зарим мэдээллийг нь ашиглан энэхүү бичлэгийг тэрлэн сууна.

Алив улсын эдийн засгийн гол зорилго нь байгаа нөөц буюу хуримтлалаа хэрхэн хамгийн үр ашигтай хуваарилах буюу зарцуулахад орших байх. Улс орны хуримтлал үүсгэдэг гол бүлэг нь өрх гэрүүд байдаг гэж ихэнх санхүүгийн сурах бичиг дээр дурдсан буй. Энгийн жишээ авъюу. Нөгөө талд нь сайхан сайхан санаа, төсөлтэй боловч санхүүгийн боломжгүй хэсэг бизнесийн бүлэг байна. Уул нь санаснаар бол 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн 50 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчихвэл жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалтыг чинь хоёр нугалаад өгөх төсөл, бизнес байна гэж байгаа хүнд банкнаас хадгаламжаа аваад тухайн бизнесийн хөрөнгө оруулагч болчихвол аль аль талдаа ашигтай. Даанч дараах үндсэн гурван зүйлээс болж тэр болгон санаснаар болдоггүй бололтой. Үүнд:


1.    Хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёр уг төслийн талаар тэнцүү хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй байж чаддаггүй. Ухаан нь төсөл санаачлагч нь нанотехнологийн нарийн зүйл яриад байхад ганзагын наймаагаар арай гэж босгосон 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөр уг төслийг 100% ойлгоод харилцан мэдээлэл солилцоно гэхэд тун хэцүү.


2.    Ялангуяа хөгжиж буй орнуудад хадгаламж эзэмшигч болон төсөл санаачлагч хоёрын хооронд итгэлцэлийн асуудал тун эмзэгхэн байдаг. Төсөл санаачлагч санхүүжилт босгохын тулд юу юу гэж “бурахыг” сэргэлэн хадгаламж эзэмшигч гадарлахаар. Сэргэлэн бус хадгаламж эзэмшигчийн хувьд ердөө 50 сая төгрөгийн санхүүжилт л шаардлагатай байгаа төсөл дээр “панаалдуулсаар” байгаад 100 саяаа бүгдийг нь тавиад туусан байх магадлал өндөр.


3.    Ерөнхийдөө хэлэхэд, ихэнх хадгаламж эзэмшигч нар санхүүгийн нарийн мэдлэггүй байдаг. Ялангуяа энэхүү жишээгээр авч буй нанотехнологи, цаашилбал мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай гэх мэт бизнесийн ирээдүйн хандлага, эрсдэл, боломжийг бие даан судлан, нарийвчилсан шинжилгээ хийх боломж болон чадвар тун хомс байна.

Lemons гэсэн санхүүгийн тусгай нэр томъёо байх. Хэрэв хөрөнгө оруулагч буюу хадгаламж эзэмшигч нөхөр сайн ба муу төслүүд болон бизнес санааг ялгаж чадахгүй үед ялангуяа ядруухан төсөлтэй, ирээдүйн өгөөж нь тун тааруу, эрсдэл маш өндөртэй бизнесийн санаатай нөхөр хамаг байдаг уран үг тэргүүтнээр 100 саяын хадгаламжтай нөхрийн толгойг эргүүлнэ. Үүний үр дүнд тухайн хадгаламж эзэмшигч маань үнэхээр сайн буюу өгөөжтэй төсөл болон тааруу буюу хулхи төслүүдийг ижил хэмжээнд үнэлж эхэлдэг байна. Хамгийн харамсалтай нь эндээс хохирч буй тал нь маш сайн төсөлтэй нөхдүүд юм. Өөрөөр хэлбэл эд нар тааруу төсөлтэй нөхдүүдийн хөлд чирэгдэн өндөр өртгөөр санхүүжилт авах эсвэл төслөө хэрэгжүүлэлгүй орхих хоёр л замтай болох нээ. Ихэнх тохиолдолд сайн төсөлтэй хүмүүс тухайн зах зээлийг орхиж гардаг бөгөөд алсдаа тааруу төсөл барьсан нөхдүүд тухайн хадгаламж эзэмшигч нарыг хоргоосоор үлддэг байна. Ганц нэг хадгаламж эзэмшигч нар нь дүүрсэн хэрэг гээд уг төсөлд нь хөрөнгө оруулалт хийж хэд хэд хэмх шатах агаад яваандаа төсөл барьсан, шинэ санаа санаачлага ярьсан хүмүүст итгэхээ больж, тэр хэмжээгээр зах зээл дээр тогтворгүй байдал үүсдэг нигууртай бололтой.

Товчхондоо юу хэлэх гэсэн вэ гэвэл нийт иргэдийн санхүүгийн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Монголд хөл дээрээ тэнцэн барин буй хөрөнгийн зах зээл элгээрээ унах аюултай байж болохоор. Нийт ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлнэ гэхээр богино хугацаанд үр дүн нь гарах ажил мөн үү биш үү гээд бас л асуудал үүсч байгаа юм. Тэгвэл өөр гарц юу байж болох вэ?

Мэргэшсэн, мэргэжлийн өндөр ёс суртахуунтай санхүүгийн зуучлагчид энэхүү асуудлын гарц байж болохоор. Ухаан нь санхүүгийн зуучлагч нарыг автомашины механиктай зүйрлэдэг байна. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн маань үндсэндээ хуучин машин авах гэж байгаа худалдан авагчтай адил гэсэн үг. Нэгэнт уг бизнес санаа өөрөөс нь гараагүй, мөн өөр компанийн хувьцааг худалдаж авах гэж буй тул. Да хүрээ зах гараад машин сонирхохоор машин зарж буй гарууд үндсэндээ хоёр л нийтлэг зүйл хэлдэг дээ. Нэг нь бараг Монголд яваагүй машин, дандаа л гараажид хэвтэж байсан. Нөгөө нь эмэгтэй хүн барьж байсан, эхнэр барьж байсан, бараг яваагүй гээд. Эдгээрийг нь барин тавин батлах боломжгүй тул итгэхэд нэг хэцүү, итгэхгүй байх нэг хэцүү. Үнэхээр эхнэр нь барьж байсан, өвөл бараг яваагүй, Монголд орж ирээд нэг жил болсон машинаа зарж байгаа хүн тэгж хэлж байгаа 100 хүн дотор 5 байж болно. Яаж ялгах вэ тэрийг нь тэгвэл? Хамгийн амархан арга нь машин сайн мэддэг хүнээр үзүүлэх, эсвэл мэргэжлийн техникчид мөнгийг нь өгөөд оношлуулах.

Дөнгөж хөгжиж буй хөрөнгийн зах зээл дээр бидэнд ийм “оношлогч”, “механикууд” тун хэрэгтэй болов уу. Ном, зохиол уншиж байхад хоёр төрлийн зуучлагчид байгаад байх шиг. Эхнийх нь санхүүгийн зуучлагч нар бөгөөд үүнд вэнчур капитал (VC) фирмүүд буюу секси төслүүдэд хөрөнгө оруулагч нар, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хамтын сангууд байх. Эдгээр нь нэг талаас хөрөнгийн илүүдэлтэй байгаа нөхдүүдээс мөнгийг нь цуглуулан ашигтай гэж үзэж буй төслүүд рүү хөрөнгө оруулалт хийж мөнгө хүүлэх буюу ашиг олдог байгууллагууд. Хоёр дахь нь мэдээллийн зуучлагч нар. Эдгээр нь аудитын компаниуд, санхүүгийн шинжээчид, эрсдлийн үнэлгээ өгдөг хөндлөнгийн үнэлгээний компаниуд, түүнчлэн санхүүгийн мэдээллээр дагнасан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч орно. Аль аль төрлийн зуучлагч нар нь тухайн төсөл, компани, зах зээлийн түүхий мэдээллийг боловсруулан шинжилж, нэмүү өртөг бүхий санхүүгийн мэдээ, тайлан болгодог бөлгөө. Өөрөөр хэлбэл сайн болон муу төслүүдийг ялган салган ойлгоход нөгөө 100 сая төгрөгийн хадгаламжтай нөхөрт туслана гэсэн үг. Харамсалтай нь Монголд маань иймэрхүү бүтцээр ажиллаж буй газар тун цөөхөн. Арилжааны банкуудын удирдлага танил тал, найз нөхдийнхөө явуургүй төсөлд зээл олгуулахын тулд хөөрхий данс хариуцсан менежер, зээлийн мэргэжилтэнгүүтээ шахна, дарамтлана. Дээрээс нь мэдээлийн зуучлагч нар нь үнэндээ тухайн компанийн өөрөө нийтэд зарласан мэдээлэл дээр ямар нэг үнэ цэнэ буюу өртөг шингээж, мэргэжлийн түвшинд боловсруулалт, таамаглал хийлгүүгээр шууд copy and paste хийгээд мэдээллийн сувгуудаар бөмбөгдөөд байх шиг үе үе ажиглагдаад байдаг юм. Дунд нь value add хийхгүй бол дундын зуучлагч нарын хэрэг юу билээ. Надтайгаа адилхан машин мэддэг механикч ирчихээд авах гэж буй машины минь хамрыг нь сөхөж үзээд харсан болоод гайгүй юм шиг байна, ав ав энэ машинаа гэж хэлж байгаатай агаар нэгэн буюу. Миний уншиж буй энэ номон дээр ихэнх хөгжиж буй орнуудын санхүүгийн зуучлагч нар нь insider мэдээлэгч буюу тухайн компанийн дотоод мэдээллийг ямар нэгэн аргаар олж авч, боловсруулалгүй шууд хүмүүст тараадаг, онцгүйгээр хэлбэл тэр тэгж байна гэсэн, тэр компани тэгэх гэж байгаа юм шиг байна лээ гэх маягийн хов жив хөөцөлдөж явдаг хүн шиг байдаг гэсэн байна. Тухайн мэдээлэл дээр ямар ч нэмүү үнэ цэнэ үүсгэдэггүй гэсэн үг. Монголын дийлэнх мэдээллийн сайтуудыг харж байхад мөн адил. Нэгнийхээ анх бичсэн юмыг авторыг нь солиод л өөрийн мэдээллийн хэрэгслээрээ цацаад байна. Ядаж жаахан цаашаа ухаад, нэмэлт мэдээлэл, баримтаар баяжуулахгүй бол тухайн хүнийг сурвалжлагч гэх үү, тоть гэх үү. Үнэндээ олон мэдээллийн сайт байх боловч нэг сайтыг нь бүгдийг нь уншсан байхад бусад мэдээллийн сайтыг нь унших шаардлагагүй болоод байгаа нь үүнийг нотлоод байгаа юм. Санхүүгийн зах зээл ийм байдалд орвол шууд сөнөө л гэсэн үг.

Үнэлгээний компаниудаас гадна Монголд шалгаруулаад байгаа оны шилдэг, оны топ аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалт хааяа сонирхолтой санагдаад байдаг юм. Яг хөрөнгийн зах зээл гээд аваад үзвэл биржийн арилжаанд идэвхтэй оролцдог 50 хүрэхгүй л компани байгаа байх. Гэтэл ТОП 100 аж ахуйн нэгж шалгаруулаад унахаар хөрөнгө оруулагч нар яаж ялган салган шийдвэр гаргах вэ? Гурван хүн уралдаж би шагналт гуравдугаар байранд орлоо гэдэг шиг л юм сонсогдож буй биз. Мөн түүнчлэн нэг компани нэг л аудитийн байгууллагаар жил бүр тайлангаа хянуулаад байдаг. Уул нь жил бүр өөр өөр газруудаар хянуулж cross checking хийлгэж байвал хувьцааг нь худалдан авах гэж хүнд илүү найдвартай сэтгэгдэл төрүүлэхээр. Заримдаа бараг Монголын аудитын компаниудыг өөрсдийг нь аудит хийдэг аудитын компаниуд хэрэгтэй юм шиг бодогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн зуучлагч нар сайн хөгжлөө гээд бас л асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү. Учир нь Монгол шиг жижиг газар талуудын ашиг сонирхлын зөрчил ба аль аль байгуулагын засаглалын асуудлууд цогцоороо хөндөгдөнө гэсэн үг.

Тэгэхээр дахиад л яах вэ тэгвэл гэдэг асуудал гарч ирнэ. Нэг боломжит хувилбар нь хүний хүчин зүйлийг аль болох бага байлгаж болохоор. Ухаан нь мэдээллийн технологийг ашиглан мэдээлийг цаг тухайд нь түргэн шуурхай, нийтэд тэгш эрхтэйгээр түгээх. Цахим арилжааны систем гэсэн үг. Аль 10 жилийн өмнө буюу 2000 онд Нью Иоркийн хөрөнгийн бирж болон НАСДАК дээр нийт арилжааны үнийн дүнгийн 18%-ийг нь хувь хүмүүс гэрээсээ, ажлаасаа цахим хэлбэрээр хийж байсан юм билээ. Өнөөдөр уг хувь хэдэд хүрснийг мэдэхгүй байна. Яг үнэндээ бол мэдээллийн технологи нь санхүүгийн зуучлагч нарын хамгийн том өрсөлдөгч болж буй хэрэг юм. Дөнгөж 3 сарын өмнө Токиогийн хөрөнгийн бирж систем дээрээ шинэчлэл хийж 2-3 секүнд болдог байсан нэг арилжааг 0.005 секүндийн дотор гүйцэтгэдэг болоод байна. Энэ нь нэг өдөрт хамгийн ихдээ 46 сая гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна хамгийн сонирхолтой мэдээлэл гэвэл мэдээллийн технологийн хурдацтай хөгжил эргээд өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө биржүүдийг бодит аюулд оруулаад байна. Энэ нь брокер, дилерүүдийн компаниудын үзүүлж эхлээд буй хувийн арилжааны систем (Personal Trading Systems) юм. Энэхүү хувийн арилжааны системээр хийгдсэн нийт гүйлгээний өнгөрсөн оны дүн JASDAQ дээр хийгдсэн дүн рүү бараг дөхөж очсон гэж буй нь алсдаа JASDAQ болон Токиогийн хөрөнгийн биржүүд орших уу, эс орших гэдэг шиг асуудал болбол гайхах зүйлгүй. Яагаад гэвэл ийм системүүд нь уян хатан, өртөг багатайгаас гадна гүйлгээний цаг нь бараг хоногийн 24 цаг байна. Энэ тухай маш сонирхолтой мэдээлийг схем, статистикийн хамт  Nishihara хэмээх сурвалжлагч “Stock investors turning to personal trading” нэртэйгээр The Daily Yomiuri сонины 21,345-р дугаарт бичсан байна билээ.

Чадварлаг санхүүгийн зуучлагч нараас гадна ард нийтийн боловсрол ба мэдээллийн технологи нь богино хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийг урагш түлхэх гол хүчин зүйлүүд байх болов уу гэх мунхаглах авай. Хуучин элэнц өвгөдүүд маань "Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй" гээд харанхүй дайрдаг байсан бол одоо тэр цаг нь биш болжээ. Аль 1990 онд А.Тоффлер "The most important economic development of our lifetime has been the rise of a new system for creating wealth, based no longer on muscle but on mind" гэж хэлж байсан байх юм. 


Хөх тэнгэр хэрхэхийг хамаг Монголчууд өөрсдөө мэдсүгэй! 

Saturday 10 April 2010

Income disparity

Баян хоосны ялгаа

Дөнгөж нэг сая гаран хүнтэй, хүн амын дундаж цалин нь 350 хүрэхтэй үгүйтэй ам.доллар бүхий Улаанбаатар хотод аль хэдийн Louis Vuitton, Hugo Boss, Ermenegildo Zegna, болон  Giorio Armani-ийн салбарууд буюу boutique дэлгүүрүүд нь нээгдэж, тэр ч байтугай сонин хэвлэл, интернэтээр The Rezidor Hotel Group, Hilton Hotels Corporation, Shargri-La зэрэг дэлхийд алдартай зочид буудлын гигантууд тун удахгүй буюу энэ онд нийслэлд маань үүдээ нээхээр төлөвлөөд байх шиг байна.

Гэтэл өдгөөг хүртэл нэр алдартай хөрөнгө оруулалтын банкууд албан ёсны төлөөлөгчийн газраа Монголд нээгээгүй Бээжин, Сөүлээс хамаарч байгаагаас гадна Starbucks болон McDonald’s зэрэг сүлжээнүүдийн нээгдэх эсэх сураг төдийлөн сонсогдохгүй л байна.

2008 оны 5 сарын байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад нийт 192 орон бүртгэлтэй буй юм билээ. Эдгээр улсууд дунд Монгол улс маань баян, хоосны ялгаагаараа 97-р байрт жагсаж байна. Гэхдээ энэхүү мэдээлэл нь Монголын 2002 оны тоон мэдээлэл дээр үндэслэсэн байна билээ. Улсуудын баян, хоосны ялгааг хэмждэг олон улсад түгээмэл хэрэглэдэг нэг хэмжүүр нь GINI индекс гэсэн хэмжүүр байх агаад Монгол улсын 2009 оны бодит мэдээллийг оруулан дахин хэмжилт хийвэл ядуурлын түвшин хир өөрчлөгдсөнийг харж болохоор буй.

Миний таамаглалаар бол ядуурлын дундаж түвшин бага зэрэг буурч буй мэт харагдах боловч баян, хоосны ялгаа тэр хэмжээгээр ихэсч байгаа мэт санагдаад байх юм. Түүнийг нь ч гадныхан гярхай ажигласан бололтой. Тийм ч учраас нийгмийн дундаж давхаргад масс үйлчилгээ үзүүлэн бизнес хийдэг дэлхийд алдартай түргэн хоол, кафетериануудын сүлжээ Улаанбаатарт нээгдээгүй байхад тансаг зэрэглэлийн зочид буудал, чамин хувцас, үнэт эдлэл тэргүүтэнийн салбар дэлгүүрүүд хэдийн нээгдээд байгаа мэт.       
    

Monday 5 April 2010

The Japan Model

Япон Загвар

Хичээлийн маань сүүлийн улирал өнөөдрөөс эхэлж байна. Одоо ч юу байх вэ. Хаврын семестерийн 10 долоо хоног, диплом бичих 2 сар харвасан сум шиг өнгөрөөд намар Монголдоо аль нэг газар ажиллах гээд “контоор” метрлээд гүйж байх биз ээ. Болж өгвөл энэ семестерийн сүүлийн шалгалттай зэрэгцээд дипломоо урьдчилж бичээд дуусгачих санаатай нухаад буй. Дипломын ажлын маань удирдагч багш болох профессор Жэй өнгөрсөн долоо хоногт өөрийн бичсэн нэг өгүүллийг уншиж хэрэгтэй юм байвал бичиж байгаа ажил дээрээ ашиглаарай гээд өгсөн юм. Уг нийтлэлийг мань эр 2009 оны 12 сард The Japan Model: Applied Elsewhere? нэртэйгээр Effective Executive сэтгүүлд хэвлүүлж байжээ. Их сонирхолтой нийтлэл бөгөөд гол санааг нь бас бус мэдээллийн хамтаар өөрийн бодолтой цуг хавсаргахыг оролдов.

Япон улсыг Азийн улсуудаас хамгийн түрүүнд аж үйлдвэржсэн орон буюу өндөр хөгжилтэй улс болсон гэж үздэг. Түүгээр ч үл барам саяхан Хятад улсад гүйцэгдэхээсээ өмнө буюу 1969 оноос хойш өдгөөг хүртэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий улсын жагсаалтанд бичигдсээр байлаа. Энэхүү амжилтын гол үндэс нь Япон Загвар юм гэж мань эр дүгнэжээ. Саяханы болж өнгөрдөг дэлхийн санхүүгийн хямрал нь товчхондоо засгийн газрын оролцоо бизнест хэрэгтэй юм байна гэдгийг батлав гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар болон бизнесийн хамтарсан нэгдлийг Япон Загвар гэх бөлгөө. Энэхүү хямралын тухай сэдвээр Токиогийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч манай сургууль дээр иж ярилцлага хийж байсныг энд сийрүүлж байсныг энэхүү бичлэгтэй цуг уншвал их зүгээр санагдав. Япон улсын түүхээс авч үзвэл бизнесүүд нь хоорондоо маш их холбогдсон, групп, консорциумын хэмжээнд төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр голцуу явагддаг юм билээ. Чухам энэхүү загвар л Япон улсыг 15-хан жилийн дотор буюу дайны дараа 1955-1970 оны хооронд дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий орон болгосон ажээ. Төрийн хүнд суртал, удаан шийдвэр гаргалтын үйл ажиллагааг нь Америкууд шүүмжлэн заримдаа Япон улсыг “Япон ХХК” гэж егөөдөн ярилцдаг байсан аж. Гэхдээ энэхүү систем нь яг дайны дараа ч үүсчихээгүй, аль 1868 он буюу Мэйжигийн үед үндэс нь тавигдсан гэх юм билээ. Тэр үед Япон улс барууны улсуудаас хөгжлөөрөө хол хоцорч буйгаа мэдэрч эхэлсэн агаад тэдэнтэй зэрэгцэх, улмаар гүйцэж түрүүлэхийн тулд феодлын нийгмээс капиталист нийгэм рүү шилжих ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтийг мэдээж засгийн газар гардан хэрэгжүүлж улмаар өнөөг хүртэл бизнест нөлөө бүхий субъект нь байсаар л байна. Гэхдээ энэхүү засгийн газрын оролцоо нь коммунист нийгмийнх шиг системээс шал өөр бүтэцтэй байсныг болгооно буй заа. Гэсэн ч энэхүү эхний загвар нь удаан амьдраагүй агаад төрийн оролцоо хэт их байснаас болж авилга, хээл хахууль, хүнд суртал, монопол бизнесүүдээс болж амжилтгүй болсон юм. Японы улс төр ба бизнесийн холбооны талаар Японы нэгэн улс төрчтэй уулзсаны дараа энэхүү бичлэг дээрээ дэлгэрэнгүй бичиж байжээ.

Үүний дараа Японы засгийн газар төрийн өмчит үйлдвэрүүдээсээ илүү хувийн хэвшлийнхэнийг бодлого, стратеги, мөнгөөр дэмжиж эхэлжээ. Ингэхдээ Япон улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий бизнесүүдийг дэмжиж байжээ. Ялангуяа дайны дараа Япон улс нөөц хуваарилах систем буюу Fund Allocation System-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь импортлогч нар бизнесээ хийхийн тулд гадаад валютын арилжаа хийх тусгай зөвшөөрлийг Японы гадаад худалдааны яамнаас авах ёстой байдаг байжээ. Үүгээрээ Япон улс улсынхаа валютын нөөц, гадаад худалдааны балансаа шууд удирдан зохицуулдаг байсан аж. Энэхүү стратегийн амжилттай болсон нэг шалтгаан нь Япончууд богино хугацааны ашгаас илүү урт хугацааны өгөөжийг харж, тэр чиглэлийн бизнесүүдийг бүхий л эрсдлийг үл ойшоон тэтгэж ирсэнд оршоод байх шиг байна. Японы ид сэргэн мандалтын үед буюу 1954-1968 оны үед эдийн засгийн өсөлт нь барууны орнуудынхаас 2-3 дахин өндөр өсөлттэй байсан нь гайхалтай.

Япон улсын бизнесийн түүх, санхүүгийн зах зээлийн он цагийн мөчлөгийг сонирхон судлаваас Big Four Zaibatsu болон Big Six Keiretsu гэсэн нэр томъёонуудтай нилээд тааралдах болно. Эдгээр нь төрөл бүрийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл юм. Монголоор бол MCS, Newcom, Бодь групп гэх юм уу даа. Миний ойлгож, мэдрэснээр бол Мицүбиши корпораци дайны өмнөөс эхлээд одоог хүртэл Японы хамгийн том бизнесийн бүлэглэл хэвээр байсаар л байна. Барууны болон Монголын бизнесийн орчноос тэс ялгаатай зүйл нь багийн ажил, насан туршдаа нэг компанид ажиллах нөхцөл, хувь хүний болон компанийн нэр хүнд, хоорондын итгэл үнэмшил. Одоог хүртэл энэхүү Японы бизнесийн онцлог оршсоор л байна.

Японы энэхүү загварын гол оролцогч нарыг тоймлон тайлбарлавал толгойд нь мэдээж засгийн газар түүний боловсруулсан бодлого байх. Түүний дараагийн шатлал нь гадаад худалдаа болон сангийн яамдууд байх агаад эдгээрийн стратеги, нөөц хуваарилах систем, хэрэгжүүлэх механизмууд нь багтана. Нөгөө талаас бизнесийн болон санхүүгийн группууд энэхүү харилцаанд нэгдэнэ. Бизнесийн группын түүчээ нь улс орны хувьд стратегийн ач холбогдолтойд тооцогдох салбарууд байна. Энэ нь Японы хувьд машин механизм, электроникс, инженерийн үйлдвэрлэл үйлчилгээ, автомашин гэх мэт нь орж байв. Бизнесийн группын дараагийн шатлал нь жижиг, дунд бизнес эрхлэгч нар. Бүр дараагийн шатлал нь жижиг, дунд бизнес эрхлэгч нарын ажлыг аутсорсинг маягаар гүйцэтгэдэг хувь хүмүүс гэж хэлж болохоор байна. Банкны группт төв банкаар тэргүүлүүлсэн хөгжлийн банк, үйлдвэрлэлийн банк, урт хугацааны зээлжүүлэлтийн банк, жижиг бизнесийг санхүүжүүлэх банк гэх мэтчилэн төрөлжсөн арилжаан банкууд байдаг юм байна. Гол ид шид нь ийнхүү бизнесийн салбарууд, компаниуд, банкуудыг төрөлжүүлснээр нэг салбарт өрсөлдөх аюулыг багасгаснаас гадна олон хүн баялагаас хувь хүртэх боломжийг олгож байгаад байгаа юм. Жишээ нь, үндэсний хэмжээний том компаниуд нь жижиг, дунд бизнесүүдтэй гэрээ хийх ба эдгээр жижиг, дунд компаниуд нь хувь хүмүүстэй аутсорсинг гэрээ хийж ажлаа хийлгүүлнэ. Ингэснээр нийгмийн үе шат болгонд нэмүү өртөг бүтээгдэх агаад том компаниуд нь гэсэн аутсорсинг хийж эдгээр хөдөлмөрийн хүчийг ашигласнаар үйлдвэрлэлийн зардлаа 50-60% хэмнэж чадсан гэгдэх юм билээ. Технологи дээр ач холбогдол өгч хөгжүүлсний хүчинд Япон улс ДНБ-ээ 1965-1980 оны хооронд 10 дахин өсгөж 1 триллион ам.долларт хүргэж байжээ. Дээр дурдсан Японы засгийн газрын дэмжиж байсан стратегийн ач холбогдол бүхий салбаруудад ажиллаж байсан компаниуд нь өдгөө Япон улсын үндэстэн дамнасан том корпорациуд болон хэрхэн ажиллаж буйг та бидэн харж буй.

Энэхүү амжилтын суурь нь дээр дурдсан Японы улсын бизнесийн онцлог болох багийн ажил, бие биенээ дэмжсэн хоорондын бизнес сүлжээ, соёлтой зайлшгүй холбоотой. Монголд бол аль болох хүнд хэлэхгүй байж байгаад өөрөө ганцаараа идчих гээд зүтгээд байдаг. Түүнээс гадна ямар ч хувийн бодлого, чиглэлгүй бусдыг дууриан хамаг мөнгөө шавхан барин Lexus-ийн он залуу жийп авчихаад бензинийн мөнгөө дийлэхгүй микродоод явж буй залуусын жишээг саяхан сонсож байлаа. Урт хугацааны ашиг буюу том зургаа харалгүй богино хугацааны хүлээсэнд хүлүүлсэн бидний нэг хэвшмэл зангийн илрэл юм уу даа. Хаммер авах гэдгийг амьдралын зорилгоо болгосон хүмүүс ч Монголд бишгүй бий. Үнэхээр хувь хүний амьдралын эцсийн том зорилго нь тэр машиныг бусдад гайхуулахын тулд авах юм гэж үү дээ? Иймэрхүү сэтгэлгээнээс салаагүй цагт бид бултаараа улс орны хөгжил гээд ярих гээд үзвэл хир баргийн яриа хоорондоо таарахгүй л болов уу. Тэгвэл Монгол Загвар нь юу байж болох вэ?   

Нэгэн сонирхолтой зүйл нь Японы энэхүү хөгжлийн туршлагыг бидний азийн бар гэгдэх улсууд хуулбарлан авч ашигласан гэж үздэг юм байна. Хамгийн анх Тайвань улс үүнийг хэрэгжүүлж цагтаа дэлхийн компьютерийн motherboard-ийн зах зээлийн бараг 90%-ийг дангаараа гартаа атгаж байсан байх. Хэдий тийм боловч Тайвань улс Сони, Тоёота шиг үндэстэн дамнасан өөрийн үндэсний компани байгуулж хараахан чадаагүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг юм байна. Үүнийг ухвар шалтгааныг нь цаашид мөшгин судлавал Монголд их хэрэгтэй юм шиг санагдаад буй. Тайвань улсын үсрэнгүй хөгжлийн шалтгаан нь Японы том компануид Тайвань улсад салбараа нээж, үйлдвэрлэлийн баазаа болгосон явдал гэж үздэг. Шувуун цуваанд Японы дараа нисч байсан Тайвань улсын аз нь байсан гэсэн үг.

Японы хурдацтай хөгжлийн бас нэгэн түлхүүр нь барууны орнуудад хөгжиж бэлэн болтлоо хэдэн зуун жил шаардагдсан технологийг шууд хуулбарласан явдал гэж ярих юм билээ. Үүнийгээ “late comer advantage” хэмээн томъёолох. Азийн бар улсууд, Ялангуяа Солонгосчууд Японоос энэхүү аргыг нь хуулбарлан амжилттай хэрэглэснээр өдгөө технологийн салбарт Япон улсын хамгийн том өрсөлдөгч нь болчихоод байна. Япон мэргэжилтэнгүүд хагас, бүтэн сайнд нууцаар Солонгос нисч тэнд ажиллаад буцаж ирдэг байсан тухай зөндөө мэдээлэл байдаг юм билээ. Хамгийн сонирхолтой судалгааны хэсэг нь Хятад улсын тухай байв. Хятад ба Япон, Солонгосын хөгжлийн ялгаа болон хоцрогдлыг нь Хятад улсын хувьд аутсорсинг хийж захиалга өгдөг компаниуд нь үндэсний компаниуд нь биш талаас илүү хувь нь гадаадын компаниуд байгаад оршино гэж профессор дүгнэсэн байв.

Дээр сургуулийн нэг теле хуралд оролцсон юм. Тэр үед анх удаагаа “Flying Geese” загварын тухай сонсож байснаас энэхүү бичлэг дээрээ буулгасан буй. Энэхүү загвар ёсоор бол зэллэн нисч буй шувуун цувааны түүчээ нь Япон улс бөгөөд шувуун цувааны хоёрдугаар эрэмбийн улсууд нь бидний ярих дуртай азийн барууд буюу Солонгос, Тайвань, Сингапур, Хонг Конг. Харин гуравдугаар эрэмбийн улсууд нь АСЕАН-ийн тэргүүлэгч улсууд болох Филиппин, Индонези, Тайланд, Малайз улсууд байх бол дөрөвдүгээр эрэмбэ буюу шувуун цувааны бөгс орчим хамгаалалт болж явдаг улсууд нь Хятад, Вьетнам зэрэг бүс нутагтаа хөгжлөөрөө сүүл мушгиж буй улсууд багтана. Энэхүү загварчлалыг профессор Акамацу аль 1962 онд гаргаж байсан боловч өдийг хүртэл улс орнуудын эрэмбэ дараалал нэг их өөрчлөгдөөгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ Хятад улсыг эс тооцвол. Шувуун цувааны эрэмбэ буурах тусам “late comer advantage”-ийг ашиг тус өсөх боловч эргээд цаг хугацааны үнэ цэнэтэй харьцуулах үед тэрхүү давуу тал нь сул тал болох бүрэн боломжтой юм. Өдгөө шувуун цуваан дунд хамгийн хүчирхэг гишүүн нь яах аргагүй Хятад улс болж, өдөр ирэх тусах цуваан дахь эрэмбээ бага багаар ахиулж баймой. Хэдий Хятад улс дотоодын асар том зах зээл дээрээ тулгуурлан хүчээ авч буй боловч экспорт дээр дулдуйдсан эдийн засаг дээр маш их анхаарал тавьж байна. Үүний ганц жишээ нь Африк тив руу хийгдэж буй Хятад улсын экспортын жилийн өсөлт 12 орчим хувь буюу жил бүр дунджаар 20%-р өсөж байхад дэлхийн бусад улсуудын Африк тивтэй хийж буй экспортын худалдааны өсөлт 1998 оноос хойш дунджаар жилийн 2%-ийн өсөлттөй, бараг ямар ч өөрчлөлтгүй байна.

Товчхондоо профессор өөрийн нийтлэлээ дүгнэн хэлэхдээ азийн улсуудын хөгжилд хоёр зүйл нь маш их нөлөөтэй байсаар л байна. Энэ нь засгийн газрын оролцоо ба технологи нутагшуулах хурд хоёр гэж. Тухайн улсууд энэхүү хоёр асуудал дээр хир хурдан шийдэр гаргаж, орцыг нь хир тааруулахаас улс орны хөгжлийн асуудал хамаарах болой гэжээ. Үүн дээр нь нэмээд хэлэхэд хувь хүний хөгжил, ёс суртахуун, үнэлэмжийн асуудал Монгол шиг хөгжиж буй орнуудад маш чухалд тооцогдох байх гэж бодох юм. Яг үнэндээ өнөөдөр бол технологи асуудал биш байхаа болиод удаж байна. Харин өдөр ирэх тусам хүн өөрөө л бүх болох болохгүй юмны үндэс нь болон хатингаршсаар байх шиг.