Saturday 29 January 2011

Be too busy to believe in any religions

Сүсэглэх сэхээгүй завгүй ажиллацгаая!

Хүний сүсэг бишрэл хязгааргүй аж. Гэхдээ энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхүйц байж болох уу, үүнд хязгаар байх ёстой юу гэдэг нь сонин. Ухаан нь Австралид сурч байхад лалын шашинтай оюутан охидууд битүү хар гивлүүртэйгээ хичээлдээ сууна гээд, сургуулийн захиргаа болохоор хичээлийн танхимд бас ч гэж dress code байх ёстой, манай сургуульд тэр нь байдаг гээд хөөрхөн асуудал болж байж билээ. Тэр нь улам  даамжраад орон нутгийн сонин, хэвлэлээр хүртэл улс хооронд, шашин, соёл дундын маргаан болж өрнөж билээ.

Улаанбаатар хотод ихэнх үсчингүүд хуанлийн ажлын өдрөөр биш Тэрбиш гуайн цаглабар дээр байдаг үс авахуулахад сайн, муу өдрүүдийг баримтлан бизнесээ хийдэг болоод нилээд удаж буй. Зурхай харж үсээ засуулдаг найзуудаасаа асуухаар муу өдөр засуулахаар нэг л эвгүй байдаг юм аа гээд үнэн сэтгэлээсээ хэлэх юм. Нөхдийн үсээ засуулдаг өдөр нь эрхтэн хурц болно, жаргал үргэлжид ирнэ гэх мэтийн өдрүүд байх. Тэр өдрүүдээр нь үсчингүүд пиг байдаг юм байх. Сард нэг удаа эрхтэн юугаан хурцалж, жаргал юугаан үргэлжид дуудаж байгаа тэднийг жаахан удаан хугацаанд ажиглахад хувийн амьдралд нь ялгаа гарч буй зүйл харагдахгүй л байдаг юм. Ёстой сайн явах санааных, амны билгээс ашдын билэг л гэдэг байх даа. Зөнч нарын тухай саяхан бас энд бичиж байснаас гадна шашны тухай нилээд хэдэн жилийн өмнө өөрийн бодлоо энд сийрүүлж байв.

Анхны харцаар дурлалцан хайр сэтгэл юугаараа холбогдон нэг гэрт орох шахах үедээ ивээл жилтэй хүн нь биш гэдэг шалтгаанаар миний мэдэхийн хоёр ч хос амьдрал зохиож чадаагүй. Хайр сэтгэл тэгэхээр анхны харцаар бус арван хоёр жилийн нэгнээр нь зохицуулагддаг байх нь. Саяхан сонссон үнэн хөгжилтэй боловч жигшмээр жишээ бол бодит явдал билээ. Монголын маань нилээд том банкны салбарын захирал өөртэй нь харш жилтэй хэмээх шалтгаанаар тус банкин дээр бузгай сайн дадлага хийж дуусгаад ажилд орох бүхий л шалгуурыг нь хангасан залууг ажилд авахыг татгалзжээ. Шалтгаанаа яг ингэж хэлсэн гэж байгаа юм. Хүний нөөцийн удирдлага гээд том шинжлэх ухаан байдаг даа уул нь. Энэ янзаар бол тун удахгүй байгууллагуудын ажилд орох хүсэлтийн маягт дээр төрсөн жил, орд гэсэн асуултууд дурайж байвал гайхах зүйлгүй болох нь. Аав минь бурхан болохоосоо өмнө чандарлаарай гэж захисан юм гэсэн. Гэсэн лам үзээд тэгж болохгүй ээ, зохихгүй нь ээ гэсний дагуу гэр бүлийнхэн маань захиасыг нь биелүүлж чадаагүй. Гэсэн ч миний хувьд аавын минь өөрийнх нь хүсэл одоо ч хүртэл эрхэм байдаг юм.

Харин ч усанд орвол буян арилна, зураг авахуулбал нас богино болно гэх мэтийн өчнөөн “стандарт”-ууд өдгөө бараг байхгүй болж халуун ус, сауны газрууд энд тэнд цэцэглэн хөгжиж, зургийн аппарат борлуулдаг компаниуд асар их борлуулалттай ажиллаж байгаа нь бидний зол билээ. Саяхан мессенжерээр хөгжилтэй зүйл ирж билээ. Тэр нь "Сайн далдыг харагч, мундаг зөнчийг маш өндөр цалинтай ажилд авна. Өөрөө мэргэлээд олоод даруйхан ирж уулз" гэсэн.

Үүнтэй холбоотой нэгэн гадаад түншийн маань саяхан хэлсэн үг нь толгойд бууж байнам. Миний ямар нэгэн шашин шүтдэг үү гэсэн асуултанд тас тас инээнгээ “I am too busy to believe in any religions” гэсэн бөлгөө. Үнэхээр ч бидний цөөхөн Монголчуудын зарим нэгний хийх ажил нь арай л багадаад байгаа мэт. 

Tuesday 11 January 2011

Think globally and act locally

Дэлхийн энтэй сэтгэж, дэнж дээрээ хэрэгжүүлье!

Сүүлийн үед муу сайн гадныхан гэж уурласан хүмүүс бишгүй тааралдах болов. Шалтгааныг нь асуухаар үндэслэлтэй юм ч байна, үндэслэлгүй юм ч байх шиг. Би Монгол хүн учраас, тэр тусмаа насаараа энэ суманд амьдарч буй учраас Оюутолгой намайг ажилд авах ёстой гээд нэг нөхөр дүрэлзэн уурлаж байв. Аливаа хүн өөрийн мэдлэг, чадвараараа үнэлэгдэн хаана хэнтэй ажиллахаа ажил олгогчтой зөвшилцөн шийдэх болохоос биш угаасан ус, унасан газрын эзэн нь ямар чадвартай байхаас үл хамааран давуу эрхээр тухайн газар нутагт ажиллах ёстой юм бол яахаараа олон мянган Монголчууд Солонгос яваад байгаа юм бол? Нутаг ус нь гундуу байхад харийн орон руу хаяж явчихаад гадны компани гарт баригдахуйц ажил эхлүүлэнгүүт нутаг усны харъяалалаар бусдыг боомилно гэдэг бол хүний эрхийн хувьд харшлах буй заа.

Жижиг дунд бизнесийн түвшинд Хятадууд мах их хэмжээгээр нөөцлөн авч тэр чинээгээр махны үнэ өсч буй мэдээлэл сүүлийн үед хүчтэй цацагдаж буй. Гэнэт сонин бодол орж ирэв. Хятадуудын оронд Орос, Япон, эсвэл нэг Америк нөхөр яг ижил байдлаар махны бизнес хийсэн бол ард иргэд хир хүлээн авах бол? Уул нь хэдэн арван сая малтай Монгол улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй хоёр хөршөө, цаашилбал бусад улсууд руу махны экспорт хийж бүс нутагтаа томоохон тоглогч болох боломжтой. Энэ утгаараа харвал гадныхан мах их авч байх тусам сайн мэт боловч дотоодын зах зээлийн үнэнд шууд нөлөө үзүүлэх түвшинд хүргэхгүй байх нь төрийн бодлого байх ёстой биз. Япон улс цагаан будааны экспорт дээрээ онцгой бодлого хэрэгжүүлдэг билээ. Хашаагаараа дүүрэн малтай малчин дотоодын хэрэглэгчид заръяа гэхээр хэт хямд үнэ хэлээд шулуулах гээд байдаг, ашгаа бодоод ченж болон гадныханд заръюу гэхээр үндэсний эрх ашгийг аймшигтайгаар зөрчсөн “гэмт хэрэгтэн” болж Монгол ах дүү нараа шулах гээд байдаг ацан шалаанд ороод байгаа бус уу? Бараа, түүхий эдийн бирж байгуулах төсөл ХХААЯам дээр явж, УИХ руу хууль нь орж батлагдах түвшинд яваа сураг сонсогдоод даруй хэдэн жилийг элээж байгаа.


Гадны санхүүжилтээр хийгддэг зарим нэг төсөл, хөтөлбөрүүд нь шууд хэлэхэд мафийн шинжтэй болсон байдаг нь нууц биш. Нэг сонгон шалгаруулалт гадны байгуулага санхүүжүүлэхээр болж зарлана. Төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон зөвлөх компани нь санхүүжүүлэх компанийн найз гадны компани байх тохиолдол бузгай олон байна. Гадны зөвлөхийн шаардлага нь ихэвчлэн бизнесийн ангилалын суудлаар ниснэ, дор хаяж 4-5 одтой зочид буудалд байрлана гэсэн байх нь элбэг байсан боловч сүүлийн үед энэ шаардлагаа болиод байгаа бололтой юм билээ.

Өөрөөр хэлбэл гээндээ ч гоондоо ч гэдэгчлэн “муу, сайн” гадныхан болон “сайн, муу” Монголчууд та бидний аль алинд нь асуудал байх шиг байгаа юм. Гадныханыг Монголоос гаргана гэж байгаа бол тэдний түвшинд болон тэднээс илүү түвшинд ажиллаж, сэтгэж, хариуцлага үүрэх чадвартай залуус олшрох ёстой болох байх. Сүүлийн хэдхэн сард Монголын хамгийн анхны компани бие даан гадны хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, Хадгаламж банк, Юнител корпораци, Скайтел компаниуд 100% Монголчуудын эзэмшлийнх болсон тухай мэдээллүүд цуварч байна. Дээрээс нь бас бус гадаадын хөрөнгө оруулалттай Монголын томоохон компаниуд Монгол талынхаа хөрөнгө оруулагч нарын хувийг өсгөж тэр чинээгээр компанийнхаа олж буй ашгийг Монголдоо үлдээхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх, Монгол компаниуддаа хамтран ажиллах, нэгдэх, хувьцаагаа зарах, солилцох саналуудыг эрчимтэй тавьж эхэлж байна.

“Муу, сайн” гадны мэргэжилтэн, зөвлөхүүд байгаагүй бол дээрх компаниуд ийм амжилтанд хүрэх байсан гэдэг нь нилээд эргэлзээтэй. Дээрээс нь би Монгол хүн учраас хэмээн цээжээ дэлддэг нөхдүүдээс илүүтэйгээр өөрийн чадахгүй, мэдэхгүй юмаа гадны хүмүүсээс хурдан сураад авъя, би энэ жалга, довны эзэн нь тул гэхээс илүү гадны өндөр зэрэглэлтэй мэргэжилтэнтэй өрсөлдөж Монголдоо бодит баялаг бүтээнэ гэсэн зорилго тавин өдөр шөнөгүй Монголдоо ажиллаж буй Монгол залуусын хандлага, хаялага дээрх дурдсан амжилтыг бүтээж буй билээ.

Нэг хэсэг гадаад улсад, дэлхийн нэр хүнд бүхий байгууллагуудад сурдаг, ажилладаг Монгол хүмүүсийн тухай нилээд ярьдаг, бичдэг, алдаршуулдаг байв. Одоо энэ хандлагыг бидний үеийн залуус өөрчлөх цаг нь болжээ. "Яс юман дээрээ" өдгөө гадаад явах нь хөдөө явахаас ч амар, хялбар болсон байнам. Эдгээр нөхдүүд өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд тухай нэр хүндийг олж авч Монгол улсаа тухайн орнуудад сурталчилж байгаа боловч Монгол улсын хөгжлийг бодитоор яаж дэмжиж байгаа вэ гэдэг асуулт их сонин? Монголд татвар төлж байгаа юу? Сурсан мэдсэнээ Монголд хийж хэрэгжүүлж, нөгөө Ханбогд сумын нөхөрт зааж байгаа юу? Гадаадад өндөр боловсрол эзэмшин, мэргэжлээрээ тэндээ ажиллаж хангалттай туршлагатай болсон Монголчууд нутагтаа ирж бодит хөрсөн дээрээ буун, Монгол улсын хөгжлийн төлөө өөрсдийгөө “золиослох” цаг нь болжээ. Өвлийн улиралд хамтдаа утаатай Улаанбаатарт өвөлжиж үзээгүй хүн хэзээ ч бодит шийдэл гаргах тал дээр бүтээлч ажил хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хийж чадахгүй биз ээ.

Үнэхээр Монгол хүн Монголдоо эзэн баймаар бол Монголд маань хэрэгтэй байгаа гадны мэргэжилтэнгүүдийн тоотой тэнцэх хэмжээний нарийн мэргэжлийн Монголчууд бэлтгэгдэх, эсвэл тэр хэмжээгээр бэлтгэгдсэн Монголчууд нь Монголдоо буцан ирж ажиллаж таарах байх.

Сарнайн иш өргөстэй байдаг тулдаа сарнай цэцэг төгөлдөр юм гэдэгчлэн ямартаа ч “муу, сайн” гадаадууд болон ”сайн, муу” Монголчуудын хамтын хүч манай улсын хөгжлийг дараагийн шатанд аваачих буй заа.