Sunday 25 January 2009

Postmodern poetry

Сэтгэлийн тухай сэтгэхүйн шүлгүүд

Нэгэн сэтгүүл үзэн суутал яруу найрагч Баатарын Галсансүхийн дараах өвөрмөц постмодерн стилийн шүлэг тааралдсан юм. Сайтар ойлгохын тулд хэд дахин уншлаа. Маш ихэд таалагдав. Мөн түүнчлэн сүүлийн үед авангард зураг энэ тэр их сонирхдог болоод байгаа. Энэ одоо учир юуных вэ? Тиймэрхүү зургийг баяр баясгалантай, уйтгар гунигтай, стресстэй, айдастай гэх мэт сэтгэлийн бүхий үйл хөдлөлийн үед харахад өөр өөрөөр харагдах нь тун чиг сонин. Доорх шүлгийг уншиж ойлгоод өөртөө болон нийгэмдээ дүгнэлт хийхийг хичээгээрэй та минь.

Хашгирч хамаг сэтгэлээ нээ

Хар, цагаан дуугүй үзэн ядалтаа үзүүл

Аашаа ухаандаа уявал амгалан

Амаа сэтгэлдээ баривал алдахгүй

Мөн чанараа явдал дундаа таниул

Мөнх биш юманд бүү итгэж баяс

Үгэн дэх хорныхоо тунг бага багаар багасга

Үйл явдалд одооноос ажиглагчаар л оролц

Бясалгахдаа нүдээ нээж орчныг тань

Бяр чадал насны эцэст хэрэгтэйг сана

Жирийн зүйлээс жинхэнэ баясгаланг ол

Жигтэй бүхэн муу ёртойгоос холд

Сэтгэлээ харуулмаар бол солгой хоолойтой ч гэсэн дуул

Сэргэлэн, цоглог, эрүүл амьдрах шиг жаргал үгүй

Өөрт байгаа бүхэндээ ханаж илүүг хүсэлгүй хөгж

Өмнөө байгаа амьдралыг одооноос өөр нүдээр хар

Итгэл, найдвар гэгчийг зовлонгийн гинж гэж ойлго

Инээд, хөөр, баяр л энэ насны чинь нөхөр

Эцэст нь ганц юм хэлье: Хашгирч хамаг сэтгэлээ нээ

Эргэн тойронд чинь нам гүм болно. Энэ хариулт нь.

Wednesday 14 January 2009

Handed in a resignation letter

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа

Арилжааны банкны салбарт бараг дөрвөн жил ажиллаа. Голцуу бүтээгдэхүүний удирдлага, шинэ санаа санаачлага, мэдээллийн технологитой холбоотой бизнесүүд, маркетинг, судалгаа гэсэн чиглэлээр удирдах, удирдуулах ажил хийж багагүй туршлага хуримтлуулав. ХХБ шиг байгууллагын банк, том бизнест үйлчилдэг банк дээр ажиллаж байгаад бичил санхүүгийн чиглэлээр дагнасан ХасБанкинд ажиллаж үзсэн минь маш өвөрмөц мэдрэмж, туршлагыг надад өнгөрсөн нэг жил гараны хугацаанд мэдрүүлсэнийг хэлэх хэрэгтэй. Багагүй ажлыг хамт олныхоо туслалцаатайгаар амжуулсан гэж бардам хэлэх байна. Гэхдээ миний хувьд анх удаагаа ийм олон хүнийг удирдан ажиллаж, байгууллагын шийдвэр гаргах түвшиний албан тушаалд ажилласан нь өдөр тутмын ажлаас гадна хүнтэй харьцах урлаг, алив бодгаль дээд албан тушаалтантай хэрхэн харьцдаг, заримдаа бүр “жүжиглэдэг” эсэхийг амьдаараа туршин үзсэн нь хамгийн үнэтэй хэсэг нь байлаа. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд албан тушаалын хүлээсэнд биш анд нөхдийн хүрээнд бултаараа хамтарч ажиллах загварыг баримтлан ажилласан нь нэг их буруудаагүй гэж хувьдаа би бодном.

Магадгүй зарим хүн хэлэх байх. Нэг байгууллагад урт удаан хугацаанд ажиллахгүй, тогтвор суурьшилгүй, дэв дув гэсэн нөхөр гэж. Амьдрал угаасаа дүүрэн сонголтоор арвин байдаг. Би өөрөө залуу хүний хувьд сонголт болгонд чөлөөтэй ханддаг боловч тухай бүрийг нь нухацтай авч үзэн шийдвэрээ гаргадаг. Гарч ирсэн боломж болгоныг хувь хүн өөртөө ашигтайгаар ашиглахыг хичээдэг нь ямар ч төрлийн хүмүүн гэмээх адгуус бидний араншин бөлгөө. Ямар ч байгууллага хувь хүнийг голцуу байгууллагынхаа л нүдээр харна. Харин хувь өөрөө өөрийгөө л харах ёстой. Иймээс харин богино хугацаанд олон төрлийн бизнесийн хүрээнд ажилласан хүн хэдэн жилийн дараа магадгүй хамгийн үнэтэй капиталд тооцогдох бүрэн боломжтой. “Go where is greener” гэсэн сонгодог зөвлөгөө ч бас байдаг.

Дараагийн ажиллахаар төлөвлөсөн цэг маань яг арилжааны банкны салбар биш боловч эдийн засаг, санхүүгийн зах зээлээс холдохгүй бөгөөд энэ тухай хувийн шийдвэрээ гаргаад одооны ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өчигдөр гүйцэтгэх удирдлагадаа өглөө. Энэ бүх хугацаанд хариуцлагатай албан тушаалд өндөр итгэл хүлээлгэн томилсон гүйцэтгэх удирдлагад талархахын ялдамд хамгийн гол нь нэг баг болж ажилласан Маркетингийн газрын нийт залуустаа чин сэтгэлээсээ цаашдын амьдрал, ажилд нь хамгаас өндөр амжилт, оргилыг хүсэн ерөөж байна.