Tuesday 27 December 2011

Former Nissan and Current Mongolia

Хуучин Ниссан ба Одоогийн Монгол

Стийв Жобсоос гадна миний хувьд дотроо хүндэлж явдаг хүмүүсийн нэг бол Carlos Ghosn билээ. Ливан гаралтай боловч Бразилд төрж, Францад боловсрол эзэмшсэн тэрээр дампуурлын ирмэгт байсан Ниссан корпорацийг хэрхэн босгосон нь үнэхээр менежемент болон бизнес харилцааны гайхамшиг гэж хэлж болох байх.

Нийт үйлдвэрлэдэг 43 машины загвараас ердөө 4 нь л ашиг хийдэг, нийт 22 тэрбум ам.долларын хуримтлагдсан өртэй уг компанийг 2 жилийн дотор хөл дээр нь босгож чадахгүй бол ажлаа өгнө гэж байсан хүн ердөө 18 сарын дотор бүх юмыг өөрчилж чадсан байдаг.

Амжилтын үндэс юу байсан бол гээд ном сонин судлаад үзэхээр нөхөр асуудлаа анхаасаа маш зөв олж харж тодорхойлж, тэдгээрт тохирсон зөв шийдлүүдийг асар богино хугацаанд маш зоригтойгоор хийсэн бололтой байдаг юм. Дараах хэдэн зүйлсийг проблем буюу асуудал гэж Ниссан дээр олж харсан байдаг.
  • Ашигаа юун дээр хийх ёстой вэ гэдэг компанийн бодлого байхгүй
  • Өрсөлдөгч нар дээрээ хамаг анхаарал, хүчээ хаяад харилцагч нараа үндсэндээ бараг мартсан байсан
  • Шийдвэр гаргалт асар удаан, гадаад орчны мэдрэмж муутай
  • Гүйцэтгэх удирдлагын хүрээнд зөвшилцөж баталгаажсан алсын хараа, хэтийн зорилго, дунд хугацааны төлөвлөгөө байхгүй
  • Дэлхийн хэмжээний том компани байж корпорацийн хэвтээ чиглэлийн харилцаа сул, хил дамнасан бизнес буюу ялгаатай зах зээл, соёлуудад үйлчилдэг компанийн нийтлэг стандарт, ялгаатай бодлого байхгүй

Дээрх асуудлууд дээр үндэслэн ердөө 3 шийдвэрийг л Ниссан дээр мань эр гаргасан байх юм билээ.
  1. Ил тод байдал, сайн засаглал. Учир нь удирдагч хүн өөрөө юу бодож байгаа, юу хэлж байгаа, юу хийж байгаагаа удирдаж буй хүмүүстээ мэдрүүлж, ойлгуулснаар байгууллагын хамтын ажиллагаа үр дүнтэй болдог. Японы босоо засаглал бүхий нас, хүйс, албан тушаал дээр суурилсан компанийн соёлд энэхүү хандлага нь бараг л цоо шинэ зүйл байжээ.
  2. Нийт ажлын 95% нь гүйцэтгэл байх ёстой. Стратеги нь 5% байхад хангалттай. Байгууллагын ашиг орлогын цөм нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, өртөг, харилцагч нарын сэтгэл ханамжаар хэмжигдэх ёстой.
  3. Компани доторх мэдээллийн урсгал ба эрэмбэ, ач холбогдол. Ухаан нь босоо чиглэлд шийдвэр гаргахаасаа өмнө хөндлөн чиглэлдээ компани дотроо хангалттай мэдээлэл урсгаж, процесст оролцож буй бүх хүмүүсийг саналыг авч байх ёстой байх нь.

Дээрх шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийн тулд мань эрийн Ниссан корпорацийн хүн нэг бүртэй биечлэн уулзаж өөрийгөө танилцуулсан байдаг. Үүгээрээ тус компани доторх “гиннесийн ном”-нд бичигдсэн билээ. Чингис хааны аравтын системийг бас хэрэглэсэн байдаг нь ямар ч хүн өөрөө хамгийн ихдээ 10 хүнийг хамгийн үр ашигтай удирдаж, хамтарч ажилладаг гэдгийг баталгаа болов уу. Түүнчлэн газар хэлтсийн албадын дарга нарыг томилохдоо тухайн хүмүүсээс дутахгүй хамт олондоо нэр хүнтэй, хүмүүсийг дагуулдаг хүнийг хажууд нь тавьж (гэхдээ шууд шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтан) нөгөө даргаар тавьсан хүн алба, хэлтсийн шийдвэрийг дангаараа гаргах эрсдлийг нь багасгаж байсан юм билээ.

Нөхрийн хийсэн бас нэг том ажил нь хэт их оутсорсинг дээр суурилсан үйлчилгээ, зөвлөгөөг эрс хумиж, оронд нь өөрсдийн ажилчдыг санаа бодол, зөвлөгөөг үнэлэн авч эхэлсэн байдаг. Монголоор бол “Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” юм уу даа.

Дээрх 3 том бодлогын шийдвэр гаргасны гол зорилго нь:
  • Шинэ машин бүтээх, түүнд тохирсон шинэ зах зээлийг олох
  • Ниссаны брэнд нэрийг сайжруулах
  • Судалгаа ба бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд дахин хөрөнгө оруулалт хийх
  • Зардлыг багасгах байсан байна.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Ниссаны 5 үйлдвэрийг хааж, 21,000 ажилчин буюу Ниссаны нийт ажиллах хүчний 14%-ийг халах зоригтой бөгөөд асар эрсдэлтэй шийдвэрийг Японы бизнесийн орчинд гаргаж байжээ. Түүнчлэн анх тохирсон гүйцэтгэлээ биелүүлээгүй менежер, захирлуудыг тайлбар сонсохгүй шууд халж, үүгээрээ ч Монголоор бол Япондоо “өмхий хужаагаараа” зөндөө дуудуулж байж. 

Миний хувьд хамгийн таалагдсан зүйл нь зөвлөх, зохицуулагч гэсэн ямар ч хариуцлага хүлээдэггүй албан тушаалуудыг бүгдийг нь болиулж хариуцаж байсан хүмүүсийг нь яг тухайлсан үйл ажиллагаа хариуцсан менежерүүд болгож, бүрэн хариуцлага хүлээлгэсэн яс тас гэрээ байгуулсан.

Жирийн нэг бизнесийн компани болох Ниссан корпорацийн энэхүү түүхийг жаахан томруулаад харвал миний хувьд Монголын өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай төстэй харагдаад байх юм. Улс орны хувьд асуудал юу байна гэхээр Карлосын тодорхойлдогтой адилаар бол:
  • Улс орны хөгжил юун дээр төвлөрөх ёстой, нэмүү өртөг хаанаас гаргах вэ гэдэг төрийн бодлого нь хүчтэй биш
  • Том тоо яриад, дэлхийн эдийн засаг, өрсөлдөх чадвараа хэт хэлэлцээд ард түмнийхээ бодит хэрэгцээ, шаардлагыг бүрэн мэдрэхгүй болтлоо багагүй хөндийрсөн
  • Стратегийн шинжтэй шийдвэр гаргалт удаан, гадаад орчны мэдрэмж муутай. Мэдрэмж сайн байгаад ч нөлөөлөх нөлөөлөл нь бага
  • Төрийн түвшинд, эрх барьж буй намуудын хүрээнд зөвшилцөж баталгаажсан улс орны алсын хараа, хэтийн зорилго, дунд хугацааны төлөвлөгөө байхгүй. Бараг ихэнх зүйлсийн шийдвэр 4 жилийн интерваль дээр суурилагдан гарч буй нь улс орны урт хугацааны алдагдсан боломжийн өртөг гэж хэлж болохоор
  • Баялагийн тэгш бус хуваарилалт болон нийгмийн халамжийн хавтгайруулсан бодлого, сонгуулийн популизм дээр суурилсан хоорондын харилцаа

Дээрх асуудлууд дээр үндэслэн ердөө 3 шийдвэрийг л Ниссан дээр гаргасан шиг бидэнд магадгүй 3 чухал зүйл нь:
  1. Ил тод байдал, сайн засаглал. Гэхдээ хичнээн сайн төрийн бүтэц, засаглалын схем байгаад зөв бөгөөд чадалтай хүмүүстэй уг бүтцэд оруулж сонгож чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй билээ. “Алтан ургын хүрээнд” биш мэргэжилтэн, “хөндлөнгийн менежер”-үүдийн хүрээнд макро шийдвэр гардаг бүтэц, соёл гэж хэлэх юм уу даа.
  2. 95% тултал нь хийдэг, 5% л ярьдаг хүмүүс байх ёстой мэт. Тэгэхээр удирдуулахаар сонгох хүмүүсийн сонголт, чанар, харилцаа бидэнд хамгийн чухал нь болов уу. Магадгүй нийгэм, эдийн засгийн бүхий үзүүлэлтүүд өндөр хөгжилтэй орнуудын түвшинд очсон үед хийхээсээ илүү ярьдаг хүмүүс нь чухал болох байх. Яг одоогийн Монголын нөхцөлд ярьдаг нь олдоод, хийдэг нь цөөдөөд байгаа бус уу? Ярьснаа бүтээдэг хүмүүс хэрэгтэй болохоос нэг ярьсан юмаа хувцасаа солиод дахиад ярьдаг хүмүүс манай нийгмийн асуудал байна. Зарим хүмүүс дарга бол хийдэг биш ярьдаг хүн гэж боддог юм билээ. Өнөөгийн Монголд үгүй л болов уу гэж сэтгэнэм.
  3. Төрийн түвшинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын зорилго, чиглэл, ач холбогдол нийтэд маш ойлгомжтой байх байдал дутмаг мэт. АН гэхээр Алтанхуяг, МАН гэхээр Батболд, МАХН гэхээр Энхбаяр гэж ойлгож болохгүй ч ихэнх хүмүүс маань автоматаар ингэж ойлгоод байгаа. Тухайн нам гэдэг институцийн үнэ цэнэ, эрхэм зорилго, философийг мэдэж байж дэмжих эсэх, гишүүн болох эсэхээ шийдэхээс хэн нэгэн эрх баригчийн цүнхийг барьж гүйснээр, бүх юмных нь бамбай болж жүжиглэх замаар нам ба улс төр хоорондоо холбогдох ёсгүй мэт. Улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, ёсзүй зэргийн түвшин нь зарим эх оронч төрийн түшээд ба захын хорооллын залхуу архичин хоёрт агаар нэгэн байнам.

Saturday 17 December 2011