Sunday 28 February 2010

Science and standard

Шинжлэх ухаан ба стандарт

Ойрмогхон АНУ-д PhD-гээ хамгаалж энэ хавар төгсөх гэж буй Тайвань, Япон, Солонгос гэсэн гурван орны иргэдтэй сургууль дээрээ уулзан, тэдний докторын эрдмийн ажилтай товч танилцах завшаан тохиов. Энэ гурван хүн бүгд манай сургуулийн санхүүгийн тэнхимд багшаар ажиллах хүсэлт гаргасан агаад миний хувьд санамсаргүй сууж байгаад санаандгүйгээр сонгогдсон “Graduate School of International Management Council” буюу бизнесийн сургуулийн оюутны зөвлөлийн гишүүний албан тушаалын ачаар эдгээр эрдэмтэдтэй уузсан бөлгөө. Миний ойлгож буйгаар энэхүү оюутны зөвлөлийн хамгийн өндөр эрх мэдэл нь бизнесийн сургуульд багшлахаар ирж буй бүх кандидат нартай бусад профессорууд, сургуулийн хүний нөөцийн албатай ижил түвшинд шийдвэр гаргах процесст оролцож нэр дэвшигч бүртэй ганцаарчилсан ярилцлага хийж, эрдмийн ажлын танилцуулга, профессоруудын өмнө хийдэг хамгаалалт дээр нь оролцдог юм байна. Өөрөө “шалдан” оюутан юм байж барууны орнуудад зарим нь бүр хэд хэдэн мастер хамгаалсан, дэлхийн нэр хүндтэй санхүүгийн компаниудад дор хаяж 7 жил ажилласан туршлагатай, одоо АНУ-ийн нэр хүндтэй их сургуулиудад докторын зэргээ хамгаалахын сацуу туслах багшаар ажиллаж буй “атамануудаас” та яагаад заавал акедемик салбарт ажиллах хүсэлтэй байна, тэр дундаа яагаад Японд ажиллах хүсэлтэй байна, манай сургуульд багшаар орвол таны багшлах арга барил, техник, стиль чинь юу байх вэ, оюутнуудыг үнэлэх үнэлгээний системийн талаар юу гэж бодож байна, өөрийн эрдмийн ажлаа хийж буй сэдвийнхээ хүрээнд бизнесийн талбар дээр ажлын туршлагатай эсэх, гэр бүлтэй эсэх энэ тэр гэсэн зарим нь бүр хаа хамаагүй “хөндлөн” асуултуудыг нэр дэвшигч нарт тавьж оюутны зөвлөлийн албан тушаалынхаа “үр шимийг” машид таатайгаар амтлав.

Тавигдсан танилцуулгууд, материалуудын 80% нь дан тоо, томъёо, математикийн загварчлалууд, гаргалгаанууд. Үүнийгээ бизнесийн практикийн мэдээллээр туршиж үзэн дүгнэлтээ гаргах бөлгөө. Гэхдээ дүгнэлт гаргаж, өөрийн загварчлалаа батлахын тулд зарим нэг нийгэм, эдийн засгийн хувьсагчийг (variable) тогтмол гэж авч үзэх аж. Үнэндээ тэгэхээс  өөр аргагүй юм билээ. Энэ ертөнц дээр бидний эргэн тойронд буй бүхий л хамаарах болон үл хамаарах хувьсагч нарыг хамаатуулан судалгааны ажлыг хийж шинжлэх ухаанд баталгаа гаргана гэдэг бараг л байж боломгүй зүйл мэт. Тийм ч учраас докторын зэргээ хамгаалж буй хүмүүсийг янз бүрийн асуулт асууж унагая гэвэл яаж л бол яаж унагаж болохоор санагдав. Угаасаа асуугдаж буй болон асууж буй талуудаасаа гадна судалгааны сэдэв маань өөрөө төгс хэмжигдэхгүй учир. Түүнээс гадна байгалийн шинжлэх ухаанаас гадна ихэнх нийгмийн шинжлэх ухаанд яг таг тодорхойлсон стандарт байхгүй тул англи хэлэнд Beauty is eye of the beholder гэдэг хэлц байдаг шиг тухайн судлаач асуудлыг аль талаас нь харж байна гэдгээс шалтгаалан өмнөө дүгнэлтүүд гарах учиртай бололтой. Жишээ нь Optimal Consumption and Portfolio Choice for Long-Horizon Investors with Non-tradable Labor Income when Asset Returns are Predictable гэсэн сэдвээр докторын ажлаа хийж буй эрхмийн гол санаа нь хүн ажиллаж байх хугацаандаа болон тэтгэвэртээ гарсаныхаа дараа цалин, тэтгэвэрийн мөнгөө хэрхэн хамгийн үр ашигтай зарцуулж, өгөөж олох тухай загварчлал байх. Гэхдээ энэхүү загварт тухайн хүн ажиллаж байгаад гэнэт нас барах, тэтгэвэртээ гарсан мөртлөө давхар ажил хийж орлого олох, гэр бүлийн хүний орлого тооцогдох, давхар ажил хийх буюу ажил, тэтгэвэр, үхэл гэсэн хүний нийгмийн идэвхтэй амьдралын гурван үе шатыг алгасч болохгүй, мөн үе шатууд дамжиж буцаж болохгүй гэсэн хязгаартайгаар загварчлалаа боловсруулсан байх.

Судлаач дүгнэлтээ гаргаж баталгаагаа хийхийн тулд зарим нэг хүнд хэцүү эдийн засаг, загварчлал, эконометриксийн томъёололуудыг хялбарчлан хувиргасан нь бас маргаан дэгдээж байв. Тухайн судлаачийн гаргасан дүгнэлтийг уншигч нар нь бас хэрхэн өөр өөрийн түвшинд “орчуулж” хүлээн авахаас их юм шалтгаалах юм билээ (depends on how to interpret). Докторын зэрэг горилон судалгааны ажлаа хийж буй эдгээр эрдэмтэд болон тэдгээрээс асуулт асууж мэтгэлцэж буй профессоруудаа хараад би нэг л зүйлийг машид сайн ойлгов. Энэ дэлхий дээр аливаа асуудлыг 360 градус буюу байж болох бүхий л талаас нь харан судалгааны ажил хийх чадвартай төгс хүмүүн үгүй бөгөөд цаг үргэлж хувьсах шинж чанартай энэхүү орчлон ертөнц ба нийгмийн зүй тогтлыг тодорхой хэмжээнд тайлбарлахын тулд зарим нэг үзүүлэлтийг тогтмол гэж авахаас өөр аргагүй. Тиймээс зарим нэг хэт бүдүүн баараг тооцоогоор авсан тогтмол хэмжигдэхүүн дээр суурилсан судалгааны ажлын дүгнэлт бодит амьдралтай нийцэхгүй, буруу тайлбарлагдах, бусдад буруу мэдээлэл, чиглэл өгөх аюултай байна. Өөрөөр хэлбэл доктор хамгаалсан хүмүүсээс илүү доктор хамгаалсан тэрхүү эрхмийн эрдмийн ажлыг судлаад зөв мэдээлэл, зөв дүгнэлт гаргах чадвартай уншигч нарын ерөнхий мэдлэг, ажлын туршлага та бидэнд хамгаас илүү хэрэгтэй санагдав. Баабарын хэлсэн “Доктор буюу эрдэмтэн хүн гэдэг чинь өнөөгийн Монголын нийгэмд амьд хүн гэсэн утгатай болчихсон” гэдэг гашуун боловч үнэний ортой ёжлол энэхүү бичлэгийг бичиж байхад бас санагдаж байна.  

Эцэст нь дүгнэхэд нэгэн алдартаны хэлсэн бас нэгэн зүйл тархинд бууж баймой. Bachelor буюу Бакалаврын зэрэгтэй хүн бол юу хийх гэж байгаагаа мэддэг хүн, Master буюу Магистрийн зэрэгтэй хүн юмыг яаж хийх гэж байгаагаа мэддэг хүн, харин Ph.D буюу Доктор хүн тухайн юмыг яах гэж хийж байгаагаа мэддэг хүн гэж. Өөрөөр хэлбэл докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн судалгааны ажил, дүгнэлтийг харж байхад хамгийн сүүлд гаргасан дүгнэлт нь их энгийн, зарим хүмүүс бол энэ чинь угаасаа амьдрал дээр байдаг мэдээжийн л зүйл шүү дээ гэж дуу алдмаар. Гэхдээ миний ойлгосноор докторын ажлын ид шид нь энэхүү дүгнэлтийг бодит тоо баримт ашиглан яв цав батлах, баталж чадахгүй юмаа гэхэд ядаж өөрийн цуглуулсан тоо баримт дээрээ үндэслэн хүмүүсийг итгүүлэхэд л орших бөлгөө. Өөрөөр хэлбэл үүний дараа ижил сэдвээр өөр нэгэн хүн илүү өндөр түвшинд, илүү сайн тоо баримт дээр суурилан тэс өмнөө дүгнэлт гаргах боломжтой гэсэн үг. Тийм ч учраас нийгмийн зарим салбаруудыг жишээлбэл маркетингийг 50% нь шинжлэх ухаан (science), 50% нь урлаг (art) гэж баруунд томъёолоод эхэлсэн байх ажгуу.

Saturday 20 February 2010

Earnings game

Ашигтай мэт ажиллаж тоглох нь

Үдээс хойшхи хэсэг дээр гэнэт авсан тестийг эс тооцвол эртээдийн Earnings management гэсэн сэдэвтэй Corporate Financial Reporting хичээл ихэд сонирхолтой болсон билээ. Санхүүгийн зах зээл дээр “Cockroach Theory” буюу жоомны онол гэсэн ойлголт байх. Та бүхэн гүүглээр хайгаад хангалттай их мэдээлэл авна. Ер нь бол компанийн зүгээс нэгж хувьцаанд олгох боломжтой гэж зарласан ашгийн дүн болон шинжээч нарын дүн хоёр хоорондоо нэг центээр зөрөхөд л зах зээл дээр тэр дороо уг компанийн хувьцааных нь ханш нь даруй 10%-р унадаг хандлагатай байдаг юм байна. Одоо бол 20% болсон гэж Солонгос профессор хэлэв. Учир жанцан нь их сонирхолтой юм билээ. Ухаан нь нэг компани нэгж хувьцаанд ногдох ашгаа 32 цент хэмээн зарласан байхад шинжээч нар үүнийг нь 31 центээс хэтрэхгүй хэмээхэд л уг компани хүнд байдалд ордог байх нь. Биржид бүртгэлтэй компаниудын мэдээллийг цуглуулан цаг үргэлж шинжилгээ хийн зарж, зөвлөгөө өгч байдаг маш олон компани байдгаас First Call, I/B/E/S, ба Zacks компаниуд нь зах зээл дээр маш нөлөөтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл шинжээч нар аль болох компанийн хувьцааны ашгийн хэмжээг алдаж тооцоолохгүйг хичээх ба энэ нь тухайн судалгааны компани болон хувь шинжээч хүний бизнесийн нэр төр, ирээдүйн ашигт ажиллагаатай нь холбоотой байх нь зүйн хэрэг. Харин компаниудын хувьд шинжээч нарын зарласан дүнгээс зөрүүлж хувьцааны ашгаа зарлавал зах зээл дээр хувьцааны ханш нь унах, цаашилбал уг компанитай холбоотой элдэв сөрөг яриа хөрөнгө оруулагч нарын дунд тархах муу талтай байх нь. Ийм учраас компанийн CFO буюу Санхүү хариуцсан захирлууд ба шинжээч нар үндсэндээ нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд болж таарах нь. Энэ нь мэдээж хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн, олон жилийн түүхтэй улсуудад тохиолдохоос одоо Монголд улсад маань ийм практик нээлттэй компаниудын хувьд бараг байхгүй, санхүүгийн зах зээлийн энэ төрлийн мэдээллийн эрэлт ч бараг хувь хүмүүсийн дунд байхгүй байгаа болов уу.

Дээр дурдсан жоомны онолыг үргэлжлүүлбэл шинжээч нар тухайн компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг нь 32 центээс хэтрэхгүй гэж зарласан байхад уг компани 31 цент гэж зарлаж байгаа нь яг “яс юман” дээрээ уг компанийн  нэгж хувьцаанд ногдох ашиг 27 цент буюу зарласан ашгаасаа хамаагүй бага байх өндөр магадлалтай. Ухаан нь өрөөнд чинь нэг жоом гүйж байвал та түүнийг "таавчигаараа" цохиж алснаар орон гэрээ жоомноос тэр чигт нь цэвэрлэж буй хэрэг огтхон ч биш бөгөөд шалны завсар, хананы хөндийд чинь таны таавчиганд ниргүүлэн жанч халсан уг жоомны аав ээж, ах дүү, эхнэр буюу нөхөр, хүүхдүүд, ач, гуч, дөч гээд бүлэг жоомны вант улс байгаа нь тун чиг илэрхий. Энэхүү “байгалийн” үзэгдэл дээр суурилан санхүүгийн энэ нэр томъёо үүссэн юм билээ.

Хэрэв компани ба шинжээч нарын дүн зөрөхөөр байвал компанийн удирдлага шинжээчийг дуудаж хоолонд орно. Цаашилбал ууж үргэлжлүүлнэ. Үүний эцэст компанийн зарласан дүн ба шинжээч нарын дүн хоорондоо яв цав тааран олон нийтэд мэдээлэгддэг ерөнхий хандлага байна. Учир нь яг бодит байдлыг нийтэд жишээ нь шинжээч мэдээлбэл компанийн мэдээнээс хол зөрж буй тул олон нийт тухайн шинжээчийн ур чадварт эргэлзэж эхлэнэ. Компани санхүүгийн бодит байдлаа шинжээч нарынхаас зөрүүлэн үнэнээр мэдүүлэх ямар ч сонирхол байхгүй нь ойлгомжтой. Иймээс дараа улирлын хувьцааны ашгийг эерэг гаргаж тайлагнахын тулд компанийн удирдлагууд эерэг NPV (net present value) буюу ирээдүйд ашигтай, урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулахгүй байх, хөрөнгө оруулж уг төслийг эхлүүлэхийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авах нь элбэг байдаг байна. Үүнийг short termism гэх агаад чухам компанийн урт хугацааны өгөөжийг үгүй хийгч гол хүчин зүйл болсон байна. Миний бичлэгүүд дээр хааяа сэтгэгдэл бичдэг dddd гэдэг эрхмийн өөрийнх нь бичсэнээр санхүүгийн чамин чамин нэр томъёо ба бодит болон цаасан дээрх эдийн засгийн талаар тийм ч таатай бус сэтгэгдэлтэй явдаг санагдсан. Би ч өөрөө энэхүү толгой эргүүлсэн схемийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй бөгөөд чухам мань эрийг бухимдуулдаг санхүүгийн дэд бүтцийн нэг томоохон асуудал нь энэхүү жоомны онол, short termism болон түүнд оролцогч компани, шинжээч нар байж болохоор гэж би таамаглах юм. Жишээ нь Майкрософт корпорацийн зүгээс улирал бүр зарладаг хувьцааны ашгийн дүн нь цаг үргэлж шинжээч нарын нэгдсэн (consensus analysts’ forecast of earnings) таамаглалтай тэнцүү эсвэл давж байсан байх юм. Гэхдээ 1988 оны ганц тохиолдлыг эс тооцвол! Майкрософтийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааг шинжилдэг шинжээч нарын ур чадвар үнэхээр ийм сайн уу хэрэг үү? Гэхдээ энэхүү үзүүлэлтэнд голлон нөлөөлдөг хүчин зүйл нь Майкрософт компани байнгын өсөлт үзүүлэх зорилгоор аль болох ашиг, орлогоо даран тайлагнах хандлагатай байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл Майкрософт компани нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн Conservative зарчмын энэ үеийн сонгодог жишээ гэж хэлж болно. Компани ч өөрөө шинжээч нарт insider мэдээлэл түлхүү тараадаг нь бас их нөлөөлдөг биз ээ. Профессор энэхүү лекцийг эхлэхээсээ өмнө нэг зүйл хэлсэн нь бараг үнэн байх. Тэр нь хэрэв чиний унаган хэл чинь англи хэл биш, дээрээс нь Харвард энэ тэр гэсэн дэлхийд алдартай буюу хүн болгоны мэддэг бизнесийн сургууль төгсөөгүй, цагаан арьстан биш, дээрээс нь өндөр биш, биеийн харьцаа чинь зөв биш, дээрээс нь царай муутай бол дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын банкинд ажиллана гэсэн мөрөөдлөө одооноос эхлээд шууд орхино уу гэсэн болой. Багшийн үгийг би дагасан болойJ. Нээрээ ч бодоод байхад халтар хултар англи хэлтэй (broken english), дундаж бизнесийн сургууль төгссөн, хүн амьтанд харагдангуут нөгөө хэд нь унаж тустал дурлахгүй юм аа гэхэд бусад бодгалийг “өнгөн талаараа” буюу харагдах байдлаараа өөртөө шууд татах билгийн болон бэлгийн увидас байхгүй манийн хажууд өндөр зэгзгэр, европ зүгийн, элит гаралтай, царайлаг залуухан бүсгүй Билл Гейтсийн нарийн бичиг дээр очоод даргатай чинь уулзах цаг авах гэсэн юм гэхэд би биш тэр бүсгүй Билл Гейтстэй уулзах магадал тун өндөр гэдгийг л профессор хэлэхийг оролдоно билээ.     

Энд тэндхийн ном, мэдээлэл уншиж байхад санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжих гээд байгаа манайханд нэг анхаарах зүйл байх шиг байгаа юм. Тэр нь шинжээч нарын дүгнэлтийг маш анхааралтай ялгаж уншиж ойлгож, өөрсдийн мэдээллээ боловсруулах. Ухаан нь зах зээл дээр хоёр төрлийн шинжээч нар компаниудын мэдээлэл дээр ажиллаж байх шиг байгаа юм. Эдгээр нь Sell-side financial analyst буюу компанийн хувьцааг худалдан авагч талыг мэдээллээр хангагч буюу “хөхүүлэн дэмжигч” болон Buy-side financial analyst буюу компанийн хувьцааг худалдагч талыг мэдээллээр хангагч, “хөхүүлэн дэмжигч”. “Хөхүүлэн дэмжигч” гэдгийг би promoter гэдгийг орчуулах гэж ухнатан хэрэглэсэн чинь секси ч гэхэд ч багадмаар гүн нарийн утгатай Монгол үг шиг гэнэт санагдав. Энэ үгний талаар Цэвэл гуай, Ренчин гуайгаас амьд сэрүүн байхад нь лавлах байсан юм. Цэвэл гуайн Монгол хэлний ногоон толь, Ренчин гуайн тайлбарууд байвал надтай хуваалцаарай. Аль төрлийн шинжээч нарын мэдээллийг ашиглан хөрөнгө оруулалт ба санхүүгийн шийдвэр гаргах нь маш чухал. Хоёрхон хоногийн өмнө манай сургуулийн санхүүгийн тэнхимд багшаар орохоор өргөдөл гаргасан Япон эрхэм Америкт хавар хамгаалах PhD-ийн ажлаа бидэнд танилцуулсан юм. Сэдэв нь Даатгалын компаниудын нэр төрийн эрсдлийн тухай. Мань эр даатгалын компаниудын талаар мэдээлэл цуглуулахдаа шинжээч нарын мэдээллийг ашигласан боловч аль төрлийн шинжээч нарын мэдээлэл ашигласан тухайгаа анзаараагүй байлаа. Өөрөөр хэлбэл даатгалын компанийн хувьцааг худалдан авахаар сонирхож буй этгээдүүдэд мэдээлэл бэлтгэж өгдөг шинжээч нар нь хувьцааг зарах этгээдэд мэдээлэл бэлтгэж өгдөг шинжээч нарыг бодвол илүү уг компанийн reputation-ийн талаар “сайн буюу гэгээтэй”, зарим тохиолдолд хэт сайн мэдээллийг түлхүү харилцагч нартаа өгөх магадлал өндөр юм. Нэг талыг барьсан ийм төрлийн мэдээлэл дээр тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргавал тун удахгүй та арилжааны дансны үлдэгдлээ хараад “what the …. гээд орилох магадлал бас тус өндөр болох юм шиг байна билээ.

Энэхүү ашигтай мэт ажиллаж буй тоглоомыг эцэс болгож цаасан дээрх тоо болон бодит тоо хоёрын зөрүүг арилгахын тулд компаниудын захирлуудын зөвлөл буюу төлөөлөн удирдах зөвлөл илүү эрчтэй буюу зөв ажиллах ёстой гэж бидний хэдэн оюутан хэлэлцээд хариуд нь +A дүн авсан бөлгөө. Үнэхээр ч ихэнх компанийн удирдлагын бүтцийг харж байхад Гүйцэтгэх алба буюу Management team нь төлөөлөн удирдах зөвлөл буюу Board of directors-соо илүү эрх мэдэлтэй болчихсон агаад энэ эрчээрээ компанийн хувь заяаг хааяа ч юм залуурдан авч яваад байх шиг. ТУЗ нь өөрөө гүйцэтгэх алба буюу CEO, CFO-гээ сонгохдоо мэргэжилтэнгүүд биш ихэвчлэн багын найзууд, дотны танилуудаасаа сонголт хийдэг буюу цус нь ойртсон гэх юм уу даа. Манай УИХ ба Засгийн газрын эрх мэдэл, хариуцлагын ялгаа нь хааяа бас их адилхан санагдаад байдаг юм. Компани болон улсын удирдлагын бүтцийг зүйрлэж болохоор. Ард түмэн бол хувьцаа эзэмшигч нар. УИХ бол компанийн ТУЗ. Засгийн газар нь компанийн удирдлагын баг гэсэн үг. Уул нь хэн нь "том" гэдэг нь мэдээжийн юм шиг мөртлөө амьдрал дээр газар, тэнгэр шиг ялгаа буй. Товчхондоо хэлэхэд, тухайн эзэн нь хичнээн царай муутай байсан ч ухаантай байж болох тул, тухайн эрэг ч хичнээн хогтой байсан ч эх байгалийн тогтоц тул хаа хаанаа эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг л баймаар  байгаа юм. 

Tuesday 16 February 2010

Consumer payment systems – Japan

Японы өргөн хэрэглээний төлбөрийн систем

Хэдэн хоногийн өмнө дэлгүүрээс хүнсээ цуглуулан банкны картаар худалдан авалт хийх гэсэн чинь болсонгүй ээ. Гайхаад учрыг нь асуувал Японд зөвхөн кредит эсвэл дебит картаар ПОС терминал дээр үйлчлүүлдэг гэнэ. Банкны картны нөгөө нэр нь cash card. Үүнийг зөвхөн АТМ-с бэлэн мөнгө авах, бэлэн бус шилжүүлэг хийхэд ашиглах агаад минийх тэр карт нь болж таарав. Дээрээс нь loan card гэж энд байна. Тэр нь Монголоор бол зээлийн эрхтэй дебит карт. Японд ПОС терминал дээр зөвхөн дебит эсвэл кредит картаар л гүйлгээ хийх боломжтой гэж Япон анд хэлэв. Хэдий технологийн хувьд бүх юм энд нээлттэй ч эрсдлээс шалтгаалаад төлбөрийн сувгуудаа ийнхүү хязгаарласан ажээ. Иймээс Японд дебит карт өргөн хэрэглээ биш бөгөөд үүний оронд FeLiCa буюу гар утсан дээр суурилсан төлбөрийн цахим суваг ихэд хүчээ авч буй. Үүнийгээ тэд e-Money хэмээх бөлгөө. Мөн хэд хоногийн өмнө “Mobile Business Strategies” хичээлийн шугамаар Токио руу энэхүү танилцах аялалыг хийгээд ирсэн юм. Японы гурав дахь том мобайл оператор SoftBank-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, wireless төлбөрийн системийн үндсэн гол тоглогч болох FeliCa компанийн ерөнхийлөгч, гар утасны контентийн бизнес хийдэг Герман компанийн захиралуудтай тус тус уулзаж тун сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

SoftBank-ийн дэд ерөнхийлөгчийн насыг таагаад 40-тэй гээд хэлсэн чинь 70-тай “хөгшин” болж таараад. Шоконд оров. Байгаа төрх, танилцуулга хийж байгаа стиль зэрэг нь Монголоор бол 40 эргэм насны компанийн захиралтай яг ижил. Өөрийгөө ядаж 40 хүртлээ биеэ “гуа сайхан” талаас нь энэ хүн шиг ариг гамтай авч явж чадах уу гэж бодсон чинь тун чиг эргэлзээтэй. Уг компани нь нийт 108 охин компанитай, 21,000 ажилтантай бөгөөд 1981 онд байгуулагдаж байжээ. Босс нь Солонгосын 3-р үеийн эрлийз хүн байдаг юм билээ. Yahoo-ийн Jerry Yang-ийг бизнесээ эхэлж байхад нь хөрөнгө оруулалт хийж туслан өдгөө түншийн зузаан харилцаагаа хадгалж буй юм байна. Гүүглээс илүү Яахүү Японд өргөн хэрэглэгддэг нь магадгүй энэхүү эрхэмийн нөлөө байж болохоор. Хамгийн сүүлийн амжилт нь iPhone-ийг Японы зах зээлд нэвтрүүлэн ёстой “цусыг нь хольж өгч” байна. iPhone амжилттай зарагдсан гадаад улсуудыг Япон улс буюу SoftBank өнөөдөр дэлхий дээр тэргүүлж байна. Яг хэдийг зарсан бэ гэсэн асуултыг ихэд эмзэг хүлээж авч хариулах боломжгүй бизнесийн нууц гэсэн болой. Ямар ч байсан энд iPhonism гэдэг нэр томъёо гараад бузгай удаж байнам.

Үнэндээ би гар утасны бизнес ийм секси, сонирхолтой гэж ер бодож яваагүй байжээ. Хорхой хүргээд байхаар нь мэдээлэл цуглуулан базах гэж оролдлоо. Зах зээл нь хумигдаж буй орчинд Япончууд хэрхэн мөнгө хийж буйг гар утасны компаниудын бизнес загваруудаас нь харж болж байна. Маш сонирхолтой байлаа. Японыг Монголтой адилхан cash based society гэж Харвардын их сургуулийн профессор Бенжамин ба Андрей нар өнгөрсөн оны 5 сард бичсэн кэйс дээрээ онцолж бичсэн байна. Өөрөөр хэлбэл 2007 онд Япончууд нийт худалдан авалтынхаа 80% гаруй хувийг бэлэн мөнгөөр хийсэн байх юм. Наран улсын 127 сая иргэд нийт 273 сая төлбөрийн карт эзэмшиж байгаагийн дөнгөж 7% хүрэхгүй хувь нь кредит карт байх ажгуу. Мерчантууд нь кредит карттай хүмүүст үйлчлэх нэг их дуртай биш бололтой. Учир нь банкууд үйлчилгээний байгууллагаас 2-7%-ийн шимтгэл гүйлгээ болгоноос суутгана. Түүнчлэн хэдхэн жилийн өмнөөс л Япон улс зээлийн нэгдсэн системтэй болсон гэдгийг сонсоод бараг шоконд оров. Эдгээр шалтгаанууд нь e-Money үүсэх үндсэн хөрс нь болсон бололтой. Японы гар утасны хэрэглээ хэр тухай энд хальт бичсэн буй. Японд нийт гар утас хэрэглэгч нарын 99.7% нь дараа төлбөрт, дөнгөж 0.3% нь урьдчилсан төлбөрт. Маш сонирхолтой бүтэц! Энэ ондоо багтаад Гүүглийн андройд технилогийг Японы хоёр ч мобайл оператор нэвтрүүлэхээр ажилдаа ороод байна.

Цахим мөнгө буюу E-Money нь үндсэндээ төлбөрийн карт болон гар утсанд суурилагдсан чип бөгөөд Wireless хэлбэрээр мэдээлэл солилцон төлбөр гүйцэтгэх хэрэгсэл юм. Хэдий цахим мөнгө 2001 оноос Японд хэрэглэгдэж эхэлсэн ч өнөөдөр энэ чиглэлээрээ дэлхийн дугаар нэг улс болсон байна. Инээдтэй зүйл нь Монголд олон тусдаа картын системуудыг банкууд малладаг шиг Японд цахим мөнгөний 8 том тусдаа сүлжээ байна. Тухайлбал Edy, Suica, Quicpay, iD, Pasmo, Nanaco, Waon, Icoca гэх мэт. 2008 оны байдлаар Японы хүн амын 60% гаруй хувь нь цахим мөнгийг хэрэглэж байсан баримт байна. Төлбөрийн карттай адил цахим мөнгө нь урьдчилсан төлбөрт буюу дебит карт, дараа төлбөрт буюу кредит карт гэдэг шиг хоёр үндсэн хэлбэртэй болоод энд удаж буй ажгуу. Хамгийн сонирхолтой энэхүү цахим мөнгөний үйлчилгээг банк, санхүүгийн байгууллагууд биш харин гар утасны компаниуд, төмөр замын компаниуд, томоохон дэлгүүрүүд харилцагч нарт үзүүлдэг байх юм. Дараагийн инээдтэй зүйл нь Монголд нэг үйлчилгээний байгууллагууд дээр олон банкны олон төрлийн ПОС-ууд байдаг шиг энд нөгөө 8 цахим мөнгөний компаниудын тус тусдаа цахим уншигч нар нь байх юм. Мерчантууд нь үүнийг мобайл операторуудаас түрээсээр хэрэглэдэг ба нэг ПОС-ийн үнэ нь 60,000-100,000 иэн орчимд байна. Бүдүүн бааргаар харьцуулбал Монголын төлбөрийн картын системийн өнөөгийн байдал ба Японы цахим мөнгөний системийн өнөөгийн байдал тун чиг адилхан санагдмой.

Дээрх бүх найман цахим мөнгөний систем нь FeLiCa технологийг хэрэглэдэг юм байна. Үүнийг анх Sony корпораци зохион бүтээсэн бөгөөд одоо ч энэхүү компанийн гол хувийг эзэмшдэг. Дараагийн гол хөрөнгө оруулагч нь Японы хамгийн том мобайл оператор болох NTT DoCoMo. Бид танилцах аялалын үеэр танилцуулга хийж байсан менежер залуугийн гар утасыг нь ашиглан Starbucks ба MacDonald’s-р үйлчлүүлж үзсэн юм. Яг л contactless төлбөрийн карт гэсэн үг. Энд тэндгүй гар утсан дахь цахим мөнгөө цэнэглэх машинууд байж байна. Чухам энэхүү технологи нь банкуудын дебит картыг зах зээл дээрээс шахан гаргаж буй бололтой. FeLiCa нь 2,700 жилийн өмнө анх үүссэн түрийвчийг гар утас болгон зорилготой ажиллаж буй ч санхүү болон зарим бизнесийн мэдээллээ дэлгэх нэг их дуртай биш байв. Үүнийг нь бид бизнес нь санасан зоргоор нь амжилттай явахгүй байгаа юм байна гэж таав. Үнэндээ бизнес загварыг нь нэг их сайн ойлгоогүй. Ямар ч байсан нөгөө 8 компанидаа системээ өгч loyalty fee авч амьдарч байгаа юм билээ. Энэ нь нийт орлогынх нь 70%-ийг эзэлдэг ажээ.

Мөн хэдэн долоо хоногийн өмнө Qualcomm-ийн дэд захирал ирж анги дээр лекц уншсан юм. Тоёото-гийн дараа хоёрт ордог Японы том компани боловч баргийн хүн үүнийг нь мэддэггүй. Чухам Qualcomm хэмээх хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанийн ачаар 10 жилийн өмнө Нокиа ба Моторола хоёрын дарангуйлалд байсан гар утасны зах зээл задарч одоо хэдэн зуун гар утас үйлдвэрлэгч нар дэлхий дээр өрсөлдөж байна. Мань эрийн хэлж буйгаар гар утас, компьютер, гэрийн цахилгаан хэрэгслүүд нэгдэж нэг төхөөрөмж болох үе шат эхэлсэн агаад энэхүү төсөл дээр ажиллаж эхэлсэн тухайгаа хэлж байв. Леново Skylight гэж нэрлэгдэх iPad-тай адилхан зөөврийн төхөөрөмж бүтээсэн бөгөөд үүний хагас дамжуулагч дээр мөн хамтран ажилласан бөгөөд одоо HP-ийнхан Андройд дээр суурилсан зөөврийн компьютер гаргах төсөл дээр мөн оролцож буйгаа хэлж байв. Мөн батерей шаарддаггүй кристаль дэлгэц аль хэдийн зах зээлд гарсан байна. Эрвээхэйн далавчийг нарны гэрэлд янз бүрийн өнцгөөс харахад төрөл бүрийн өнгөөр солонгорч харагддаг үзэгдэл дээр үндэслэн энэхүү технологийн нээсэн байх аж. Технологи, тэр дундаа гар утасны бизнес маш сонирхолтой санагдаад эхлэв!   

Sunday 7 February 2010

Starved brain

Тархины тураал

Тэртээ 10 гаруй жилийн өмнө энэхүү нийтлэлийг нэгэн Япон хүн бичиж байсан билээ. Нийгмийн шинэ системд шилжээд 20 гаруй жил болж буй мөртлөө бидний сэтгэхүйн өөрчлөлт эдийн засгийн өөрчлөлтийн хурдаа гүйцэхгүй байх шиг байгаа юм. Дагвадоржийг одоо Монгол руу буцаад дараагийн ерөнхийлөгч болно гэсэн яриа Японд түгсэн байх юм. Хаа байсан танихгүй Япон залуугаас авахуулаад автобусны жолооч Япон өвөө хүртэл Монгол гэж мэдчихээд энэ талаар лавлаж байх аж. Эрч хүч ба эрх мэдэл нь нэр хүнд ба нэгнээ гэсэн сэтгэлээр хязгаарлагдах учиртай бус уу? Доорх нийтлэлийг болгоож ажаамуй!

Өдрийн Сонин
1999/04/02 - 17:35, Баасан гараг

Японд суугаа Малайзын элчин сайд “Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдүй үеийнхний төлөө “Визон-2020” гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна” гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

Хагас жил Монголд байхгүй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггүй. Олон жил хөгийн юмны төлөө зүтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгүй дээ. Би бол япон хүн. Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай хүн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу? Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг. Өнөөдрийн Монголд дээр өгүүлсэн Малайзын сайдын үгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана.

Малайз ч, Монгол ч ялгаагүй Азийн хөгжиж байгаа л орон. Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгүй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгүй. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хүч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хүн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна” гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зүйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зүйрлүүлээд дэмий байх аа. Тэрхүү Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хүн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны үеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн үеийн хямралтай зүйрлэдэг хүн бий. Япончууд тэр үед хүн бүр хүчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хүн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжүүлж байгаагүй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаад зэвүү хүрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Монгол хүн маш азтай юм. “Монгол үндэстэн” гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Манай япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгүй учраас тал хувь нь бүтэж байсан ажил хэргээ бүр нурааж орхих нь ч бий” гэж бид заалгадаг. Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь “Угаасаа байхгүй юм чинь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!” гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч нүглийг мартах байлгүй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална. Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг “хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй. “Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн “би” гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ. Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн. Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ. Муу луйвраар залилж авсан мөнгөөр хүүхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хүүхдийнх нь сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Би ямар мундаг хүн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ.

Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ. “Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан. Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий. Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ.

Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй.

Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

Saturday 6 February 2010

Power and Dignity!