Monday 29 October 2007

Power

Эрх мэдэл

Энэ сэдвийг бичих болсон шалтгаан нь миний дотроо үргэлж бодож явдаг 2 зүйл байлаа. Үүнийг нэг нь, Алвин Тофлерийн “Power shift” хэмээх номонд дурдсан байдагчлан эрх мэдэл шилжихэд мөнгө, мэдээлэл, хүчирхийлэл буюу зэвсэг гэсэн 3 зүйл л нөлөөлдөг гэсэн байдаг. Хоёр дах нь “Хүний мөн чанарыг жинхнээс нь харъяа гэвэл эрх мэдэл, хангалттай мөнгө өгөөд үз” гэж.

Сонгууль ойртохын хирээр болсон болоогүй хүмүүс зурагтаар ёстой л болсон болоогүй юм ярьж байна аа. Үнэхээр чадалтай, мэдлэгтэй хүмүүс нь тэгж олны өмнө шал өмнөө юм ярьж шившигээ хутгахгүй нь мэдээж. Тийм ч учраас жинхэнэ нийгмийн түүчээ болсон хүмүүс нь авах ёстой, эдлэх ёстой эрх мэдлээсээ холдоод байгаа юм уу? Эсвэл тэнэг хүмүүстэй тэнэг юм яриад л явах ёстой юм уу? Уул нь тэнэг, ухамсаргүй хүмүүс засарч болдог доо.

Зүгээр нэг гудамжинд явж байсан хүн нэг нартай өдөр пүн гээд л цул эрх мэдэл, мэдээлэл дунд орчихоор яаж тэвдэж, яаж барьц алдахыг нь төсөөлж байна уу? Хамгийн аюултай нь энэ хүн шиг санаандгүй байж байгаад эрх мэдэлд хүрсэн хүнээс илүү энэхүү эрх мэдэлд хүрэхийн төлөө өөрөө чадваргүй мөртлөө амь биеээ золиослон байж хүрсэн хүмүүсд л аюул байгаа юм. Тэд шархаа нөхөхийн төлөө бүх төрлийн буруу мэдээлэл, буруу сувгийг ашиглана. Яг л эрх мэдэлд хүрэх гэж тэмцсэн шигээ.

Гадаад, дотоодын мэдээ, түүхийг ажиглаад байхад аливаа нэг зүйлийн өндөрлөгт ийм өчүүхэн зорилготой гарч ирсэн нөхдүүд чухам л тэр л хязгаар, хүрээгээрээ сэтгэдэг нь бас нэг том аюулыг нийгэм, тухайн орчиндоо үүсгээд байх шиг. Түүнээс гадна өөрөөс нь илүү хүн гарч ирэхийг тэвчихгүйгээр үл барам өөртэйгээ адилхан долдой нараар өөрийгөө хүрээлүүдэг нь жам юм уу даа. Нөгөө долдой нар нь хашлага дээр гарч зогсонгуутаа өөрсдийгөө тэнгэрт гарсан гээд бодоод явчихдаг юм шиг байгаа юм. Түүнээс болоод төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, рекет, хов жив эд нар чинь л чухам цэцэглэдэг бус уу?

Эцэст нь ажиглалт дүгнэлтээ хэлэхэд, ямар ч том буюу баян, супер хөдөлгүүртэй буюу ухаантай гэж өөрийгөө боддог, сайн нисгэгч буюу сайн чиглүүлэгч, зөвлөгчтэй онгоц буюу хэн нэгэн бодгаль байсан ч гэлээ нисэх онгоцны тань зам нь буюу хийж байгаа үйлдэл, ажил чинь, бодож байгаа бодол тань өөгүй, хангалттай урт буюу цэвэрхэн бөгөөд зөв байх ёстой гэдгийг анхаарахгүйгээр богинохоон хугацаанд өндрөөс өндөрт тэнгэрт нисэхийг мөрөөдөж бүтэлгүйтэж байгаа өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй явдлууд л юм уу даа.

Do what you say

За гэвэл ёогүй байх
Монгол хүмүүсийн нэг нийтлэг дутагдал юм уу даа. Хэлсэндээ хүрдэг хүн ховор, цагаа барьдаг хүн бүр ч ховор. Жирийн бизнес уулзалтууд байтугай төрийн том уулзалт, хүлээн авалтууд ч цагтаа эхлэх нь ховор шүү. Цаг барих асуудал бол үнэхээр тэгийг зааж байгаа. Гэхдээ Монголд цагийн хуваарийг харин ягштал баримталдаг, найраа байхгүй зүйл бол галт тэрэгний цагийн хуваарь юмуу даа.

Баахан хүмүүс санаандгүй байж байгаад ч юм уу төлөвлөж байгаад нэг уулзаад за ёстой маргааш яг ингэе, тэгэе гээд бүр цаг минуттай шахуу төлөвлөгөө гаргачихаад маргааш нь усанд хаясан чулуу шиг таг болчихно. Яасан бэ гээд лавлаад асуухаар мартчихсан байна, ёстой завгүй болчихлоо, ханиад хүрсэн, эхнэрээсээ салсан, замын түгжрэл, хөдөө, гадаа явсан гээд бөөн шалтаг шалтгаан тоочно. Хувийн том жижиг асуудлаас болоод баг, хамт олны ажлаа золиослоход хэзээд бэлхэн.

Дүгнээд байхад бид үнэхээр багаар ажиллахдаа муу юм. Уул нь хамт олон дунд аль болох их мэдээлэл аль болох чөлөөтэй урсаж байх ёстой гэж би бодоод байдаг. Харамсалтай нь Монголын ихэнх байгууллагууд, бүр 10 жилийн хамт олон ч ингэж бүрэлдэж төдийлөн чаддаггүй. Мэдээллээ бусдаасаа нууна, бусдаас авсан мэдээлэл дээр үндэслэн хийсэн ажлаа ганцаараа хийсэн юм шиг харагдуулахыг зорино, муу боловч үнэн мэдээллийг ил гаргаж чадахгүй байж харин ч худал хуурмаг мэдээлэл хамт олны дунд тараана. Чухам үүнээс л болж бие биедээ итгэх итгэл нь алдарч амиа хичээх арчаагүй зан үүсдэг байх. Хамгийн муухай хэсэг нь бие биенээ юм санах, бизнесийн асуудал, маргааныг хувийн түвшинд хүлээн авч харьцах.

Хас банкныхан “Монголчууд зээлээ төлдөг” гэдэг өвөрмөц бөгөөд зоригтой уриагаар эрсдэл өндөртэй бичил санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж тэр чинэгээрээ ард иргэдэд зээл авсан л бол төлөх ёстой юм байна шүү, авсан зээлээ үр ашигтай ашиглаад цаг хугацаанд нь төлөөд байвал улам бага хүүтэй, улам өндөр дүнтэй зээл авч болох юм байна шүү гэдэг ойлголт, бизнесийн ухамсарыг өгөөд байгаа. Үүнтэй адилхан нийгмийн бүхий л салбарт, хувь хүн хоорондын бүхий л түвшиний харилцаанд бүх хүмүүс, дан ялангуяа амлалт өгсөн хүмүүс нь хэлсэн амандаа хүрдэг байвал энэ нийгэм хөгжихөд уул нь амархан шүү дээ. Хамгийн бага түвшиндээ гэхэд л мань чамд маргааш өгье гээд бие биенээсээ зээлсэн мөнгөө, гуйж авсан номоо, гувшиж байж салгасан DVD-гээ яг тэр маргаашдаа л өгөөд сурчихвал ч.

Tuesday 23 October 2007

New Zealand

Шинэ Зеландад хийсэн богинохон аялал
Тэр нэгэн аймшигт цунами болдог жил, яг тэр өдрүүдээр Шинэ зеландын хойд арлаар нь аялаж байсан юм. Өглөө босоод зочид буудлынхаа лоббид сонин гарчиглаж байхад аймшигт мэдээг хүлээж авсан бөгөөд тэр үед миний амьдарч байсан Баруун Австралийн Перт хотод хүртэл мэдэгдсэн гэж байгаа.
Аялалын эхэнд сонирхолтой санагдсан зүйл маань Сиднейгээс Австралийн ихэнх дотоод нислэг, тэр байтугай Шинэ зеланд руу нисэх гол нислэгүүдийг Австралийн Qantas биш Арабын Emirates агаарын тээврийн компани гүйцэтгэж байсан явдал байсан. Өмнө нь нисч байсан авиа компаниудаас Австрали болон Сингапурын авиа компанийн олон улсын нислэгүүдийн стандарт маш өндөр түвшинд байсан боловч тэдний хажууд Fly Emirates гэсэн уриа бүхий Арабын авиа компанийн энгийн зэрэглэл бүхий суудал нь, тэдний үйлчилгээ нь тасархай тасархай. Тэр 00 энэ тэр нь үнэн тансаг. За тэр ч яахав. Окланд хотод онгоцноос буугаад хамгийн түрүүн анхаарал татсан зүйл бол тэндэхийн уугуул иргэд болох Маори нар бүхий л үйлчилгээ, нийгмийн бүхий л салбартаа ажиллаж байсан явдал юм. Австралид лав би 2 жил гаран болохдоо Аборижинал хүмүүс ажил хийж, нийтэд үйлчилж байхыг бараг хараагүй дээ. Үүнийг маори нар өөрсдөө ярихдаа том биетэй улсууд тул анх европууд газар нутаг дээр нь ирээд боолчлох гэхэд нь идэвхтэй тэмцэж чадсаний хүчээр одоо ийнхүү нийгэмдээ цагаан арьстануудтай ижил, тэгш байр суурьтай байгаа гэж байсан. Ахмад Кукийг шараад идчихсэн гэж байгаа. Хэхэ, гэхдээ үнэн худлыг нь сайн мэдэхгүй шүү. All blacks гээд регбигийн баг нь дэлхийд алдартай бөгөөд тамирчид нь нийгэмдээ их нэр хүндтэй. Даанч 2004 онд байхаа Австралид зохиогдсон регбийн дэлхийд аваргад олигтой амжилт үзүүлж чадаагүй бөгөөд хэдхэн онооны зөрүүгээр Англи дэлхийн аварга болж, Австрали аман хүзүүдэж билээ.
Ер нь бол миний аялж байсан улсуудаас хамгийн үзэсгэлэнтэй байгальтай нь Шинэ зеланд улс. Байгалийн бүх төрлийн үзэсгэлэн гоо болох далай, далайн эрэг, ширэнгэ ой, уул толгод, мөнх цаст оргилууд, тал газар, хөдөөгийн фермер, хотын соёлыг бүгдийг нь үзэхэд хэдхэн цаг л машинаар давхихад хангалттай. Бөгжний эзэн киноны гол байгалийн үзэсгэлэнг чухам энэ улсад л авсан байдаг ба жуулчдын гол зочлох цэгүүдийн нэг болсон байдаг. Гэхдээ машин хөлслөн цуг аялсан Швейцар найз маань манайх улс нэг их дутахгүй гэсэн нь үнэн байх аа. Нэг европ явж үзэх юмсан. Аялалын хугацаа богино буюу 7 хоног л байсан тул бид хэд зөвхөн хойд аралтай нь л танилцахаар шийдсэний дагуу hot beach буюу дор нь галт уул оргилж буй учраас элсийг нь жаахан ухахад л халуун ус гардаг далайн эрэг, Bay of Islands буюу байгалийн үзэсгэлэн бүрдсэн гинжин арлууд, хадан цохионууд, Rain forest буюу шигүү ой мод, өндөр уулын цас мөсөн оргилууд, мал сүрэг бэлчсэн тал газруудаар нь аялах хөтөлбөр гарган тэр дагуугаа явж билээ. Одоо хүртэл амтыг нь мартдаггүй гоё хоол бол Шинэ зеландын Fish and Chips. Төмс нь ямар гоё амттай бөгөөд том гээч. Түүчлэн Окланд хотын Queen’s гудамжаар нь дээш, доош явж аялсан, дэлгүүр хэссэн нь ер мартагддаггүй юм. Бас нэг дурсамжтай зүйл нь Окландын Sky Tower байсан юм. Өндөр нь хэд гэж байлаа байз. Ямар ч гэсэн лифт болон дээд давхар нь бүгд шилэн шалтай тул их эвгүй. Тээр өндөрт бүх юм хөл дор харагдаад, шил нь хагарчих юм шиг санагдаад эвгүй золиг байна билээ. Түүнчлэн тус хотын City bus tour, boat tour-ийг заавал үзэх ёстой. Харин нэг аятайхан зүйл нь Австралийг бодвол юмны үнэ арай гайгүй, Австрали доллар нь Шинэ зеланд долларыг бодвол ханш өндөр болохоор аялалд маань давуу талтай байлаа. Хийхийг хамгийн их хүсч байсан боловч яг цагаа тулахаар айгаад чадаагүй зүйл нь Bunji Jumping буюу олсоор хөлөө уяж байгаад гүүрнээс, байшингийн орой дээрээс үсрэх байсан юм. 50 метр өндрөөс үсрэнэ гэхээр нь бид бодоод байсан юм. 10 жилд байхдаа 100 метрт гүйхээр жаахан л зай байгаад байдаг байсан 50 метр бол өндөр нь юу л шалиа аж, үсрэнэ гэж бодож байсан чинь яг өндөр дээр гарсан чинь ээ бурхан минь. Юун 9 давхар байшин. Тэгээд нэг гэрээн дээр заавал гарын үсэг зурдаг юм билээ. Олс нь тасардаг ч юмуу, чөлөөт уналт хийж байх үедээ зүрх хаагдах зэргээр тухайн хүн “чад” хийвэл хэн ч хариуцлага хүлээхгүй, үхэх эрсдэл хүлээгээд үхэхэд хэнд ч гомдолгүй гэсэн утгатай юман дээр гарын үсэг зур гэхээр нь бүр сонирхолгүй болж орхисон. Дэлхийн хамгийн их хоньтой энэ улсаас бид мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартаа сурах, ашиглах юм гөө мөн их байна лээ дээ. УИХ-ын гишүүд, том дарга нар очоод туршлага судлаад байна гээд зурагтаар гараад байдаг. Ажлаа хийж л байгаа байлгүй дээ, би энд төрийн төлөө оготно гэдэг шиг олон юманд санаа зовоод юу хийхэв.
Зул сарын баярыг Шинэ зеланд айлд тэмдэглэж, Окланд хотын төв гудамжинд байх Хубилай хаан гэсэн Монгол нэртэй Хятад ресторанд очиж Монгол пасспортоо үзүүлэн манай хааны нэрийг битгий ашигла гэж хэлж байсан хөгжилтэй түүхээр аялалаа өндөрлөж билээ. Завтай болоод мөнгөтэй байсан бол Шинэ зеландын өмнөд арал болон Фижи арал руу явмаар л байсан даа.

Friday 19 October 2007

TDB's 17th anniversary

ХХБ-ны 17 жилийн ой

Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банк үүсэн байгуулагдсаны 17 жилийн ойн өдөр. Энэхүү банкинд хамтран ажилладаг, ажиллаж байсан бүх залуучууд, мэргэжилтэнгүүддээ баярын мэнд хүргэе.

Хэдийгээр анх байгуулагдахдаа гадаад төлбөр тооцоон дээрээ монополь байдалтай байсан гэж яригддаг, түүнчлэн улс төр, элдэв хэл амтай холбогддог гэж хэвлэл мэдээллээр бичигддэг ч уг банк нь өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, зээлийн багц, гадаад төлбөр тооцоо гээд ихэнх үзүүлэлтээрээ банкны салбартаа тэргүүлэгчдийн нэг байсаар л байна.

Саяхан даа, 2005 оны 4 сард энэхүү банкинд ажилд орж ажлын анхны гараагаа Иргэдийн банкны газраас эхэлж байлаа. Цаг хугацаа гэж хурдан юм. Эргээд харахад энд ажилласан 2 жил хагасын хугацааг бас ч гэж дэмий өнгөрөөгөөгүй гэж бодож байна. Их юм сурч авсан, үр дүн гаргасан, сайхан хамт олонтой болсон гээд л бичих юм их.

Энэ сайхан хамт олноос гадна өрсөлдөгч банкууд (мэдээж гол өрсөлдөгч нар болох Голомт банк, Хаан банк, Анод банк), тэдгээрт ажиллаж буй чадварлаг залуучууддаа бас баярлалаа гэж хэлэх ёстой байх. Тэд байхгүй байсан бол биднийг хурцлах, хор шар хөдөлгөх хүч байхгүй байхсан билээ. Товчхондоо бид бүгд хамтдаа энэхүү салбарыг эрч хүчтэйгээр хурдтай хөгжүүлж байнам гэж бардам хэлмээр байна.

Thursday 18 October 2007

Morin huur assemble

Морин хуурын чуулгын ойн цуврал тоглолт

Тус чуулга 15 жилийнхээ ойд зориулан хийж буй 4 цуврал тоглолтын 2 дахь нь болох “Шилдгийн шилдэг уран бүтээлийн тоглолт” нь Соёлын төв өргөөнд болсныг нь очиж үзлээ. Багагүй нервтүүлсэн зүйл нь цагаа барьдаггүй үзэгч нар. Тоглолт эхлээд аль хэдийн 30 гаран минут өнгөрөөд, заалны гэрэл унтарчихсан байхад л цуваад л байх юм. Яаж ийж байгаад ажлаа зохицуулаад цагтаа ирж, хөгжимчид, удирдаач, бусад үзэгч нараа хүндэлж болдоггүй л юм байх даа? Гэхдээ аз болоход энэ нерв маань удаан үргэлжлээгүй юм аа. Морин хуурын чавхдасаар Монголын болон гадаадын сонгодог хөгжмийг уянгалуулах тэр чадварлаг залуус, удирдаачийг хараад, хөгжмийг нь сонсоод амьдралын маань бүх л баяр, гуниг тоглолтын 2 цагийн турш нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг санагдсан. Юмыг төгс, бүрэн эзэмшинэ гэдэг тэр л байх. Бүр гадаадын сонгодог зохиолуудыг морин хуурт зориулж бичсэн юм шиг л гайхалтай тоглож байсан тул нөгөө самсаа шархирна гэдэг шиг л юм болсон. Монголын хамтлаг дуучид, хошин шогийнхон гадаад явж тоглолтоо хийлээ, тэнд амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ тайлагналаа гээд яриад байдаг. Энэ чуулга маань очиж энэхүү бүтээлүүдээ тогловол харьд байгаа Монголчуудад маань ямар их энерги, эх орноо хайрлах хүсэл төрүүлэх болоо?

Энэхүү тоглолтын өмнөхөн Жанцанноров гуайн ярилцлагыг сонин дээрээс уншиж байхад мань хүн уг чуулгын залгамж халаа байхгүй боллоо, энэ залуу маань амьдралаа бодохгүй бол болохоо байлаа, төр засаг ерөөсөө дэмждэггүй гээд жишээ баримттай ярьсан байсан. Би тэгээд бодоод байгаа юм. Энэ чуулгыг арилжааны хэлбэрт оруулж болдоггүй юм уу? Хөдөөнөөс ирсэн улаан хацартай залуучууд ирээд л хэдхэн зохиолын дуу дуулаад од болчих юм. Урд өмд, уранхай майктай бацаанууд хип хоп энэ тэр гээд явж байгаад л өндөр өртөг бүхий клип хийлгэж, ар гэртээ огт санаа зоволгүй бүх амьжиргаа болон ажлын зардлаа олоод яваад болоод байгаа харагдаад байдаг? Энэ алдартай чуулга маань арилжааны зөв менежмент хийж чадвал юун зохиолын дуучид, юун хип хоп, рок, поп одууд вэ? Нэр хүнд, ур чадвараараа бусдыг зодон, мөнгийг хүүлж өгөх боломжтой шүү дээ. Орос, Япон, Герман, Францын дэлхийд алдартай бараг бүх л театрт нь очиж тоглож байсан энэхүү залуучуудыг маань Монголдоо одууд шиг биш юмаа гэхэд ар гэр, аж ахуйн ажилдаа санаа зовохгүй ажиллуулж, амьдруулж болмоор доо уул нь.

Гаднаас нь харахад ажиглагдсан зүйлүүдээ л бичлээ, нарийн учрыг нь ямар мэдэх биш дээ. Зарим юм нь болдоггүй л юм байлгүй дээ. Ямар ч байсан Морин хуурын чуулгын бүх залуучууддаа 15 жилийн төрсөн өдрийн мэндийг нь хүргэхийн сацуу удирдаач Батчулуун, Чинбат, хөгжмийн зохиолч Жанцанноров болон бусад бүх хамтрагч нарт нь уран бүтээлийн амжилт, хамгийн сайн сайхан бүхэн хүсэн ерөөе. Нөгөө чи шүү гэдэг шиг та нар шүү.

Friday 5 October 2007

Government bureaucracy

Төрийн хүнд суртал
Ойрд та нар бичиг баримт хөөцөлдөх ч юм уу, татвар энэ тэрээ төлөхөөр төрийн ямарваа нэгэн байгууллага руу орж, эрхэм дарга, төрийн элч нартай уулзав уу? Танидаг хүн, хамаатан саднаараа дамжуулан уулзсан, хувийн зорилгоор уулзсан уулзалтуудыг чинь би асуугаагүй юм шүү. Жинхэнэ бор зүрхээрээ болон шударгаар явж уулзсан уулзалтын талаар асуугаад байгаа юм.
Оюутан байхаасаа эхлээд оршин суугаа харъяалалаа өөрчлүүлэх, гэрлэлтээ батлуулах, татвар төлөх, иргэний үнэмлэхээ сунгах, гадаад пасспорт авах гээд арваад удаа төрийн байгууллагуудаар явсан. Ёстой үгээ хэлсэн дээ. Ямар сонин бодол сэтгэхүйтэй, ямар сонин үзэл бодолтой, ямар сонин харьцааны соёлтой баагийнууд байдаг гээч.
Ер нь төрийн байгууллагын ажилчид татвар төлөгч биднээс санхүүжиж, зүсэм талх, үмх махтайгаа золгодогоо ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаа юм. Зарим ойлгож эхэлсэн нь ойлгохыг ч хүсэхгүй шинжтэй. Өөрт нь сар болгон мөнгө өгч амьдруулж, ажиллуулж байгаа хүнтэй гарт нь өргөс орсон юм шиг харьцах, үйлчлэх ёсгүй гэдгийг яаж ойлгуулах ёстой юм бол?
Төрийн байгууллага бол цэвэр үйлчилгээний байгууллага гэж би бодоод байдаг. Одоо Улаанбаатарт байгаа өндөр зэрэглэлийн ресторанууд, үйчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд харилцагч нартай яаж сайхан үйлчилж байна тэрнээс илүү сайхан, найрсаг, ил тод, шударга үйлчилгээг төр үзүүлэх ёстой шүү дээ.
Мобиком, Скайтелийн үнэ өндөр байна, бүгдээрээ нэг өдөр гар утасаа хэрэглэхгүй байж эдгээр компаниудыг нэг өдрийн орлогоор нь “шатаая” гэсэн мессежүүд мессенжерээр явдаг даа. Тэгвэл тэрэнтэй адилхан бүгдээрээ нэг өдрийн татвараа төлөхгүй байя л даа. Хүн болгон нэг сарын татвараа төлөхгүй байя гэвэл энэ улс нь сарын дараа сөнөчих байлгүй дээ. Тэрний дараа хугас цалин авсан төрийн ажилчид юу бодож, яаж ажиллахыг нь харах юмсан. Тэгээд сумогийн зиндаа шиг хүмүүстээ сайн үйлчилбэл од, зэрэглэл нь нэмэгдээд өндөр цалин авдаг, гомдол санал ирвэл од, зэрэглэл нь буураад цалин пүнлүү нь хасагддаг “онлайн” системд шилжүүлчихвэл ч мөн догио.
Миний блогийг уншиж байгаа төрийн ажилчид, хамаатан садан, найз нөхөд нь төрд ажилладаг хүмүүс байгаа бол уучлаарай. Би төрийн албан хаагч бүрийг ийм гэж хэлээгүй ч нийт масс нь үнэхээр ийм байгаа шүү гээд яриад гудамжинд яваад байдаг явган яриаг л бичгэн хэлбэрт оруулж байгаа хэрэг юм шүү. Эдгээрийн цаана сайн, чадалтай, зөв бодолтой хүмүүс мэдээж “зөндөө” байгаа байх. Тэр нөхдүүд бусдыгаа үлгэрлэн төрийн шилдэг үйлчилгээг хэрэглэгч “хаан” бидэндээ үзүүлээрэй гэж хүсье.
“Please don’t steal. The government hates competition” гэдэг үг байдаг даа. Энэ хоёр өгүүлбэрийн эхнийх биш, сүүлийн өгүүлбэр нь л миний хэлэх гээд байгаа юмыг хэлээд байх шиг байгаа юм.

Monday 1 October 2007

Religion

Шашин
Энэ олон шашны хаагуур нь явах вээ та минь ээ гэмээр л болсон юм шиг байна шүү дээ гадуур явж байхад. Хэдхэн жилийн өмнө хааяа нэг гандан, бүр цөөхөн хүмүүс нь бөө эд нар дээр очдог байсан хүмүүсийн хувьд одоо асар олон сонголт бий болж, тэр чинээгээрээ шашны урсгалууд олон нийтэд чиглэсэн маркетингийн цогц ажил хийгээд эхэлсэн байна оо. Сайн хүмүүс, сайхан зангийн хажууд хүмүүсийн яриад байдаг монгол хүмүүсийн нэг заваандуу зангууд байна аа даа. Жишээ нь: зөрүүд, ааштай, атаархуудуу, хүнд юм боддог, жаахан бүдүүлэгдүү, байгаль орчноо хайрладаггүй гэх мэт. Иймэрхүү зан хааяа хааяа гаргах гээд байдаг хүмүүст шашин харин зөв хүмүүжил өгөх юм шиг байгаа юм. Ядаж л хоолгүй яваа хүмүүст хальт хоол өгөөд байна даг.
Эртээд гэр рүүгээ алхаж байхад нэг залуу намайг дагаад Христийн шашнаа тайлбарлаад, өөрийнх амьдралд хэрхэн тус болсон, би өөрөө хүмүүст туслах ямар их хүсэлтэй байгаагаа надад зогсоо зайгүй нэг цаг орчим тайлбарлаж билээ. Тэр залууг хараад би үнэхээр биширч, ярьж байгаа юмыг нь хүндэлсэн.
Гэхдээ ямар ч юманд туйлширч болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл улаан цагаан шашинд ороод, нөгөө Японы аум шинрико ч билүү шашны бүлэг шиг хүн амьтан хорлоод, интернэтээр чаталж байгаад өөрсдийнхөө амийг бөөнөөрөө хорлох ч юм уу.
Дээр бас нэг ном уншиж байхад япон хүнээс нэг барууны нөхөр танай бага, дунд сургуульд шашны хичээл ордоггүй юм уу гэж асуугаад үгүй гэдэг хариулт сонсоод толгой сэгсрээд гайхаж байсан гэдэг. Учир нь тэр барууны нөхөр шашин нь хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал арга шүү дээ гэж хэлсэн гэж байсан.
Ер нь бол буддагийн сургааль, библи, коран судар эд нарын нэг гүйлгээд уншчихад гэмгүй юм шиг байгаа юм. Би будда, библийг нь хальт гүйлгэж харж байсан. Буддаг нь бол шууд уншаад ойлгоход хэцуу юм шиг санагдсан. Тэр чигээрээ философи. Библи домог шиг юм шиг мөртлөө надад хамгийн их таалагдсан хэсэг нь Монголоор бол зүйр цэцэн үгтэй тэр хэсэг их зүгээр юм байна лээ. Монголын зүйр цэцэн үгнүүд яг ориг утгаараа тэнд зөндөө явж байна лээ. Англи хэлээ сайжруулах бас нэг аятайхан арга гэж би бодсон шүү.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүний араншингаас гардаг зарим нэг адгуусны зангуудыг аль ч хамаагүй шашныг (гэхдээ тэр нь Мормон, нөгөө хүүхэлдэй хатгаад зомби энэ тэр хийгээд байдагууд нь дэмий юм шиг байгаа юм) зөв судалсан, ойлгосон хүн хэцүү хүнд, нервтэй, стресстэй, шоконд орсон үедээ өөрийгөө хянаж, удирдаж, бусдыг уучилж, энэрч чадах юм шиг харагдаад байгаа ш д. Хамгийн гол нь өөрийгөө хянаж, удирдаж, уур бухимдал, бусдыг уучилж, атаа хорсолоо дарна гэдэг чинь хажууд байгаа хүнээ хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө баагий нь давраад байн байн тэнэг юм яриад, буруу юм хийгээд уур хүргээд байвал хэцүү л дээ. Олон дахин уучлана гэж юу байхав. Аа гэхдээ, уул нь хажуу дахь хүнээ хүндэлж байна гэдэг маань нийгэм тэр чигээрээ дөлгөөн, тайван, нөл сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн болох гээд ч байгаа юм шиг.
Улаанбаатарын замаар машин барьж явж байгаа бүх жолооч нар тийм гоё соёлтой хөдөлгөөнд оролцож байна гээд төсөөлөөд үз дээ...
Над шиг муухай ааштай хүн цагаа тулахаар өөрөө машинтай явж байгаад бүдүүлэг жолоочтой зад хэрэлдэх байх оо. Юун нөгөө шашин машин бичээд байсан... kkk.