Sunday 28 September 2008

Trip to south of Mongolia

Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

Говийн гурван аймгаар ажлаар яваад ирлээ. Өмнө нь бас л ажлаар Дорноговь аймагт хэд гурав очсоныг эс тооцвол Говь нутаг миний хувьд очиж үзээгүй газрууд байсаар л байсан юм. Говийнхон минь битгий гомдоорой, гэхдээ шулуухан хэлэхэд хоол болон ус ёстой муутай газар байна лээ. Ус бол яах вэ, байгалийн “гамшиг” байж болох чиг хоол ундыг жаахан чанартай, аятайхан хийж болох ч юм шиг харагдаад байсан даг, би өөрөө хэдийн муу тогооч ч гэсэн. Бас үйлчилгээ нь. Амыг нь дотроос нь тэвхтчихсэн юм шиг инээдэггүй, ярьдаггүй, чихэнд нь хиртэй марль чихчихсэн юм шиг хэнэггүй зөөгч, үйлчилгээний ажилтантай овоо хэд тааралдсан гэж байгаа.

Ер би ажлаар дотоод, гадаад нижгээд явдаг ч яг сайхан амрах зорилгоор явж байсан нь нэгээхэн ч үгүй бөлгөө. Тэрний уршигаар хоёр хоногийн өмнө анх удаагаа толгойдоо цагаан үстэй болж эхэлж байгаагаа мэдрээд хичнээн их санаагаар унав аа. Дорноговиос Дундговь аймаг руу явж байх үед аль хэдийн харанхуй болсон байсан бөгөөд замдаа мотоцикльтэй хоёр халамцуу, “гүндүүгүй”, хөдөөний жинхэнэ Монгол гэж хэлж болохуйц залуус гар өргөж байхтай тааралдсан. Биднийг зогсохыг хүссэн шалтгаан нь халамцуу болохоор мотоциклиэ унаж чадахгүйгээс гадна ядаж байхад ёлтойгоод ч болов асдаг гэрэл уг өөрөө явагч төхөөрөмжинд нь байдаггүй ээ. Мань эрчүүдийн гол санаа нь манай машины өмнө гэрэлд гарч явж төрсөн сумдаа очих явдал байсан аж. Сум дамжиж архиддаг овоо муу гарууд байна лээ. Тэр хоёрын хараад, мотоциклиэ халамцуу бариад бидний машины урд гараа савчуулан, шүлсээ хаян давхиж явахыг хараад ямар их атаархав аа! Тэр хоёрын хувьд ямар ч санаа зовох зүйлгүй, стресс, нерв үгүй амьдарч байгаа байхгүй юу. Гэтэл би УБ-т хар залуугаараа буурал толгойдож эхлэх гээд “тэнэгтээд” сууж байдаг. Бурхан нээрээ заримдаа “хуваарилалтаа” үнэн шог хийх юм аа. Хааяа зарим нэг чөтгөрүүд сөрөг хүчний ажлаа сайн хийж, бурханыг саналаа гаргах үед нь Ардчилсан нам шиг хурал мурал хаяж баймаар юм аа. Аягүй бол бас эвслийн засгийн газар дээгүүрээ байгуулчихсан юм байна л даа гээл үү. Бурхаан, би тоглосон шүү, Хэхэ.

Томилолтын эхний ажлын цэг маань Бор-Өндөр байсан юм. Боломжийн сайхан суурин газар буюу үйлдвэрлэл байгаа газар амьдрал байгаа гэдгийг баталж буй газар гэж санагдсан. Уурхайн ажилчдын авдаг бонусынх нь хэмжээг банкны ажилчдаасаа сонсоод шууд л өөртөө харикари хиймээр санагдаж билээ. Тэд нарын цалин, бонусын хэмжээг нь сонсохоор бид нар ажил хийдэг ч юм шиг, хийдэггүй ч юм шиг, цалин авдаг ч юм шиг, авдаггүй ч юм шиг, амьдрах гэж ядаад байгаа ч юм шиг, ядраад байгаа ч юм шиг санагдаад шал дургүй хүрч билээ. Одоо би яанам билээ.

Дараа нь тэндээсээ шууд Дорноговь аймаг ороод ажлаа амжуулангаа шөнийн цагийг ашиглан Хамрын хийд, Шамбалын ордон (Шамбалын дайн гээд “коноон” дээрээс үздэг байсан болохоор энэ нэрэнд нь одоо хүртэл дасч өгөхгүй юм), Дэлхийн эерэг энергийн төв, Хар уул, Хутагт болон лам нарын агуйнуудаар нь хальт явж үзсэн. Өмнө нь үзэж байсан болов чиг шөнийн цагаар явсан нь маш гайхалтай мэдрэмжийг төрүүлсэнийг хэлэх хэрэгтэй. Энэ газруудад мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарыг бэлдэж ажиллуулаад өдрийн цагаас гадна Night Tour буюу шөнийн аялал хийвэл дотоодын болон гадаадын жуулчдыг эрс татах болно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Тухайн газруудад зураг авахуулахаар зурган дээр нь бөмбөлөг гардаг гэх. Тэр нь сайн энерги хуримтлуулсаны илрэл юм гэнэ. Миний дээр ганц хоёр жижиг бөмбөлөг гарсан байхыг зурган дээрээсээ хараад ихэд баярласан бөлгөө. Гэхдээ л би энэ бүх зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлуулахыг хичнээн хүссэн ч харамсалтай нь миний асуултанд яг таг хариулах хүн байдаггүй харин сайн сүсэглэх тусам л сайн гэдэг хариултыг алхам тутамдаа авч байлаа. Ямартаа ч Говийн догшин хутагт гэгдэх Дулдуйтын Данзанравжаагийн хийсэн бүтээсэн уран бүтээл, бодит хөдөлмөрийг хараад мэдрээд үзэхэд ямар ч байсан одоогийн нилээд хэдэн их хурлын гишүүдийг нийлүүлээд зогсохгүй нийлбэрийг нь нилээд хэдээр үржсэнтэй тэнцэх хэмжээний мундаг хүн байсан гэдгийг баттай хэлэх байна.

Дараагийн ажиллах газар маань Дундговь аймаг байсан бөгөөд дуу хуурын өлгий газар гэдгийг нь аймгийн театрын уран бүтээлийг нь үзээд бишрэн мэдэрсэн авай. Гэвч миний очиж байсан аймгуудаас хамгийн хөгжил муутай нь санагдсан. УБ хоттой хоёр зуухан гаруйхан км зайтай байхад удаа дараа сонгогдоод байдаг их хурлын эрхэм гишүүд нь үхсэн баасаа хийж байсныг нь хайгаад олоогүй дэг. Магадгүй үйлдвэрлэл бараг байхгүй болохоор хөгжил дорой байж болох санч энэхүү шалтгаан нь тухайн аймгийн хөгжил дорой байх шалтаг болох ёсгүй санагдаад байгаа юм. Айраг цагаагаараа дуу хуураасаа илүү алдартай гэсэн болов чиг тэр сайхан цаг ган гачигаас болоод домог болсон гэх. Ер нь бол би бодоод байдаг юм. Бид өөрсдөө тухайн газар нутгийн даац, биологийн хязгаараас хэтэрсэн мал хуй цуглууж, тэднийг “сексдүүлж” баахан үр зулзага гаргаж байгаль орчныг нь сүйтгэчихээд гарсан үр дагаварыг нь ган, зуд гэж нэрлээд байдаг юм уу даа гэж. Мал байдаггүй газар, хэмжээ хязгаарандаа байдаг газар зуд гэсэн ойлголт байддагүй байхад бид бүр англиар орчуулмар аядаад англи хэлний үгсийн санд оруулаад амжаад байна. Говийн ганц айл гэдэг чинь харин ёстой үнэн юм билээ. Говьд хот айл гэсэн ойлголт байдаггүй юм шигээ. Учрыг нь асуухаар бэлчээрийн даац, ургамал, өвсийн нягтаршил, өргөн уудам газар нутгаас болж айлууд зэргэлдээ буух ямар ч шаардлага байхгүй гэж хэлсэн. Нэг ам бүл дангаараа энэ том талбайд тэрнээсээ их мал хариулж амь зуухын тулд мал сүргээсээ дутахгүй сайн бөгөөд их секс хийж ам бүлээ арвижуулах замаар хөдөлмөрийн хүн хүч үүсгэх ёстой болдог болов уу. Замдаа хэдэн ямаа, хонь даган хариулж буй бүсгүйтэй уулзаж зам асуусан. Байгаа байдал, царай зүсийг нь хараад үнэхээр өрөвдөж айсан. Эр, эм нь бараг мэдэгдэхгүй, нөгөө африк, хойд туйлын хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсээс ч дор харагдаж байж билээ. Энэ бүсгүйн нөхөр нь дээр бидэнтэй тааралдаж машины гэрэлд төрөлх сумдаа очдог согтуу мотоцикльтэй залуусын нэг нь биш байгаасай гэж хичнээн их дотроо залбирсан гээч.

Өмнөговь аймаг нь байгалийн нөөцийнхөө гавъяагаар хөгжиж байна лээ. Аймгийн төв ордон нь УБ-т цөөхөн байдаг орднуудын нэг байна лээ дээ. Уран бүтээлчид нь Дундговь аймгийг арай гүйцэхгүй юм билээ. Тэгж бодохоор Дундговийхон тэр хүнд нөхцөлд тийм чанартай уран бүтээл туурвиж улс даяар алдраа цуурайтуулж байгааг нь бодохоор үнэхээр бахархамаар. Өмнөговийн гудамжаар дүүрэн хужаанууд чанга чанга ярьж, шүлсээ үсчүүлэн холхиж алдаж байна лээ дээ. Зам, барилга дээр ажилладаг юм гэсэн. Нутгийн залуусыг сум, аймаг дамжин архидаж байх хооронд нь урд зүгийн иргэд өмнөд нутгийг минь эзэгнэнхэн ажиллаж амьдарч байх шиг. Өөрсдөө архи ууж, бүсгүйчүүдээ маландаа явуулж амьдаар нь борц болгож байгаа хүмүүс хятад, солонгосууд орж ирээд Монгол охид, бүсгүйчүүдийг булааж, бузарлалаа гэж ярихаар шударга биш ч юм шиг та нар сонсогдож байна уу? Монгол дарга нар нь болохоор орон нутгийн сонгууль гээд юун тэр манатай байх шиг байна лээ. Гурвансайхан хайрханыг нь харахаар говьд ч яваад байгаа юм шиг, хангайд ч яваад байгаа юм шиг, Ёлын ам тэргүүтэнийг нь харахаар зүүдлээд байгаа ч юм шиг, зөнгөртөөд байгаа ч юм шиг ёстой нөгөө открьт дээр байдаг зургуудыг санагдуулж билээ. Хэдэн арван метр өндөр цавчим хад, хавцал, дээгүүр нь гүйлдэх аргаль, янгир, элэн халин нисэлдэх ёл шувууд, хоржигнон урсах горхи шандыг нь хараад, мэдрээд холливуудын киноны байгалийн сайхантай хэсэгт зураг авахуулж байгаа мэт мэдрэмж төрж билээ. Даанч нөгөө алдарт мөс нь хайлаад алга болсон байсан. Дэлхийн дулаарлаас гадна хүн амын хөдөлгөөн нилээд нөлөөлсөн байх. Болдогсон бол тэр хавийн сайхан цэнгэг агаарыг нь цүнхлээд аваад ирэх байсан юм. Энэхүү сайхан байгалиараа жуулчдыг ихэд татаж тэр чинээгээрээ үйлчилгээ, дэд бүтэц маш дажгүй хөгжсөн нь илт мэдрэгдэж байлаа. Үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, говийн амьтад, эрдэс баялагийн дээжис бүхий музейг заавал үзэх ёстой юм билээ.

Албан томилолтын минь сүүлчийн цэг нь Чойр хот байлаа. Гуанзны хоолноос уйдаад, дээрээс нь хэдэн хүний гэдэс өвдсөний улмаас замаараа жаахан нойтон мах худалдан авч, төмрийн хог дээрээс төмөр утас олон шор хийж, газраар дүүрэн байх таана, хөмүүл таслан амталж, томилолтын багийн нэгэн гишүүний “чумдааны” юмыг нь задлан, нотебүүк дээрээ транс, электро дуу тавин сонсож бяцхаан пикник хийгээд амжсан гэж байгаа. Чойрт Орос цэргүүдийн буянаар бий болгосон сайхан барилга байшингаа өөрсдөө тоночихоод эргээд сэргээгээд орон нутаг нь иргэдэд зарж буй юм байна. Орос цэргүүд буцах үедээ эдэлж хэрэглэж байсан элдэв зүйлс, машин тэрэг, тонн тоннын чингэлэг бүхий шатахуунуудыг одоо хүртэл нутгийн иргэд олон ухаж гаргаж ашигладаг гэж ярьж байна лээ. Тэр хавийн нинжа нар газар ухвал алтаас гадна машин, торх бензин олох нь байна шүү. Дээрх бүх аймгуудад халуун ус гэдэг зүйл нилээд асуудал юм билээ. Усанд орвол буянаа угаана гэж ярьдаг дээр үеийн сэтгэлгээ хурдан алга болоосой билээ. Хир даг, элдэв долоон боди жүүс үнэртүүлсэн хүмүүс заавал хөдөөнийх байх албагүй шүү дээ.

Эцэст нь хэлэхэд Land Cruiser чинь үнэхээр Монголын дэд бүтэц муу хөгжсөн газруудад явдаг шалгарсан тэрэг юм байна. Тэр айхтар намаг, ус, гуу жалга, нүх сондуул, элс манханыг матар, могой, гүрвэлээс дутахгүй туулж байгаа нь үнэхээр гайхалтай. Мэдээж жолоочийн ур чадварыг дурдах хэрэгтэй. Намайг лав барихаар тэр машин муухай ааштай хүүхэн шиг зан гаргаад байсан даг. Хөдөө машин барьж сурахаас өгсүүлэхээс байрны зээлээ төлөх, улс орноо хөгжүүлэх гээд хийж ажил их байна аа. Ядаж байхад ямар хурдан цагаан үс толгой дээр минь ургаад эхлэв ээ чорт гэж?

Wednesday 17 September 2008

Couldn’t repair your brake? Please make your horn louder then!

Дутагдлаа засаж чадахгүй бол түүнийгээ ядаж мэдрэх

Энэ оны эхэнд байх аа, нэгэн хурал дээр илтгэл тавьж байсан УИХ-ын гишүүн Амаржаргал дараах ишлэлийг хэлж байсан юм.

Bachelor буюу Бакалаврын зэрэгтэй хүн бол юу хийх гэж байгаагаа мэддэг хүн

Master буюу Магистрийн зэрэгтэй хүн юмыг яаж хийх гэж байгаагаа мэддэг хүн

Ph.D буюу Доктор хүн тухайн юмыг яах гэж хийж байгаагаа мэддэг хүн гэж.

Эрдмийн зэрэг цол нь хэдий цаас ч гэсэн тухайн хүний эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг олон түмний өмнө баталгаажуулдаг чухал зүйл мөнөөс мөн. Харин ийм “цаас” аваагүй байж авсан юм шиг аяглаж загнадаг хоосон толгойтой нөхдүүдтэй нэг бус тааралдаж байлаа. Миний өмнөх ажил олгогчийн үед Улсын мэргэжлийн хяналтын газраас их, дээд сургуулийн дипломын шалгалт ирж хийгээд явахад хэд хэдэн залуучууд бүлтэгнээд л үлдэж билээ. Гэхдээ тэгсэн ч тэгээд ажилдаа үлдсэн ш д. Шал утгагүй. Сая УИХ-д дэвшээд эрхэм гишүүн болдог Г.Баярсайхан гээд хүнийг бас хуурамч дипломтой байсан, тэр сургуульдаа огт сураагүй гээд л шуугиад байсан.

Дэлхийд алдартай тэрбумтан, саятан хүмүүсийн намтрыг хараад байхад дийлэнх нь огт сургууль соёл төгсөөгүй хар багаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хүмүүс байсан. Нөгөө ямар эмчээс ямар чавганц нь дээр гэж ярьдаг билээ тэрэн шиг. Дээрх ишлэлийг заавал доктор болсон хойноо хүн мундаг болж, хамаг юмны учрыг нь олж, хужрыг нь тунгаадаг гэж ойлгох шаардлагагүй бөгөөд гол мессеж нь хүн болгон өмнөх ажлаа ер нь яах гэж хийгээд байгаа билээ гэдгээ ойлгоод, мэдрээд, дурлаад, шамдаад хийвэл юун доктор, шууд Нобелийн шагнал авахад ч ойрхон буй гэдгийг Түвшинбаяр, Бадар-Ууган хоёр баталчихаад байна. Гол нь чин сэтгэл, дур сонирхол, мэдрэмж л байхад заавал үнэтэй их дээд сургууль төгсөх албагүйгээр тухайн салбарын од болох ч боломжтой. Хэд хоногийн өмнө Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны “Олон улсын санхүүгийн зах зээл” сэдэвт мэргэжлийн сургалтанд сууж бузгай мэдээлэл авлаа. Олон улсад нэртэй трейдэр, дилерүүдийн зарим нь эмч, багш гэх мэтчилэн хаа хамаагүй мэргэжлийн хүмүүс байдаг гэх. Өөрөөр хэлбэл тэд хийж байгаа ажилдаа үнэнхүү дур сонирхолтойгоос гадна тухайн ажлыг яах гэж хийж байгаагаа маш сайн мэдэж буй хэрэг юм. “Practice makes perfect” гэдэг үгний бодит гаргалгаа юм даа.

Хүний ухамсарт амьдралын бараг 1/3 нь ажил дээр өнгөрдөг. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас “хумсалж” буй энэ их хугацааг өнгөрөөж байгаа офис, хийж байгаа ажлаасаа хүн кайф авч, аз жаргалыг мэдэрч байх ёстой. Ингэхийн тулд би яагаад чухам энэ ажлыг, ямар үр дүнтэйгээр, яах гэж хийгээд байгаа билээ хөө гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Огт торолгүйгээр хариулж байвал та цагаа дэмий үрээгүй бололтой. Харин чадахгүй бол дуут дохиогоо зоригтой хангинуулан бусаддаа мэдэгдэж алсын хараатай амьдрах ёстой бус уу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл дутагдлаа эртнээс мэдээд засаад явсан хүн амжилтанд хүрэхэд ойрхон байдаг байх. Иймээс өөр өөрийн түвшиндээ зоригтой шийдвэр гаргаад хариуцлагаа хүлээгээд явахад л болчих гээд байгаа юм даа уул нь. Харин бусад хүмүүс нь тухайн хүний амжилтыг нь хуваалцах гэж улайрахаасаа илүү хариуцлагыг нь хамтдаа үүрэх гэж зүтгэхэд л хүмүүний заяа оршдог буй заа.

Thursday 11 September 2008

Banquiers Sans Frontieres

10 нас хүрч буй Хил Хязгааргүй Банкирууд Эх Орондоо Хайртай

Хамт олныхоо хийсэн, хийж буй ажлыг олон нийтэд тайлагнах зорилгоор "хальт" ярилцлага өгсөн ухаантай. ХасБанк гэж хэн бэ гэдгийг та бүхэнд бас мэдээлмээр санагдлаа.

ХасБанкны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхт энэ ойгоо ажлын ямар амжилтаар угтаж байгаа талаар тус банкны Маркетингийн Газрын Захирал В.Ганзоригтой уулзаж ярилцлаа.

  • Юуны өмнө танд болон танай хамт олонд төрсөн өдрийн мэндийг хүргэе!
  • Маш их баярлалаа! ХасБанкны 1,000 гаруй ажиллагсад, 310,000 гаруй харилцагчид болон олон арван хувь нийлүүлэгч, хамтрагч түншүүд нараа төлөөлөн нийт уншигчиддаа бас энэ өдрийн мэндийг хүргэе!
  • ХасБанк өөрөө том холдинг компанийн охин компани гэж сонссон. Толгой компанийн тухай товч танилцуулна уу?
  • Тийм ээ. ХасБанк нь хуучнаар “ХАС-ГЭ” буюу саяхан бид нэрээ өөрчилж “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” хэмээн нэрлэх болсон холдинг компанийн хамгийн том охин компани юм. Уг групп дотор одоогийн байдлаар банк, санхүүгийн түрээс буюу лизинг, хөрөнгө оруулалт, зөвлөгөө, мэдээллийн технологи зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй олон компани ажиллаж байна.
  • Зөв Банк хэмээх алдрыг богино хугацаанд олж авч, бичил санхүүгийн салбарт бусдыгаа түүчээлэн буй банк 10 жилийн өмнө хэрхэн үүссэн нь сонин байна?
  • Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 1998 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх “Майкро Старт” буюу “Бичил Гараа” төслийн хүрээнд бидний үйл ажиллагаа эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, ”Монголын эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар шалгаран, мөн тэдгээрийн хажуугаар Хөгжлийн Алтан Сан хэмээх бичил зээлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулагдсан юм. 1999 онд дээрх төрийн бус байгууллагууд дээр ”Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, ”Улаанбаатар Ротари клуб”, ”Монголын нээлттэй нийгэм хүрээлэн”, ”Орон нутгийн удирдлагын хөгжил сан” зэрэг дотоодын дөрвөн төрийн бус байгууллагууд нэгдэн, албан ёсоор компани үүсгэн байгуулж, МонголБанкнаас хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрлийг авсан нь “ХАС” буюу “Хөгжлийн Алтан Сан” ХХК болсон билээ. 2001 онд “ХАС” ба “Говийн Эхлэл” ББСБ-ууд Монгол орон даяар нийт иргэддээ хүрч ажиллах, хүмүүнлэгийн чиглэлээр нийгэмд хүчтэй нөлөөлөх зорилгоор нэгдэх шийдвэр гаргасны үр дүнд 2001 оны 12-р сарын 27-нд хоёр байгууллага нийлж, улмаар арилжааны банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг МонголБанкнаас авч, Монгол Улсын арилжааны банкуудаас ашгийн болон байгаль, нийгмийн чиг баримжаатай тулхтай хөгжлийг тууштай дэмжигч ХасБанк үүссэн түүхтэй.
  • Нас бие гүйцэж, эрийн цээнд хүрсэн ХасБанкны үйл ажиллагааны цар хүрээг одоо цухас дурдвал?
  • Банк маань яг өнөөдрийн байдлаар Монгол орны өнцөг булан бүрд байх 74 тооцооны төв, өргөтгөл нэгжээрээ дамжуулан харилцах, хадгаламж, зээл, гуйвуулга, худалдааны санхүүжилт, цахим банк, хөрөнгө зохицуулалт, санхүүгийн түрээс, сургалт, зөвлөгөө зэрэг нийт 40 орчим бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголынхоо ард иргэддээ хүргэж байгаагаас гадна 5 тивд орших 10 гаруй харилцагч банкууд, тухайн улс орнуудын хэдэн мянган шуудангийн салбаруудаар дамжуулан SWIFT, Western Union, Eurogiro-ийн сүлжээг ашиглан Монголыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр болоод байна. Бидний үйл ажиллагааны 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт төвлөрдөг бөгөөд бүх аймгуудын төвөөс гадна хөдөлгөөнт банкны схемээр 180 сум, хадгаламж зээлийн хоршоод бүхий “Хөгжлийн хөтөч” франчайзингийн загвараар 74 сум, нийт 250 гаруй сумдуудад шууд хүрч үйлчилж байна. 2008 оны эхний хагас жилийн байдлаар банкны актив 177 тэрбум төгрөгийг давж, зээлийн багц 137 тэрбум болж, цэвэр ашгийн хэмжээ 2 тэрбум төгрөгт хүрсэн нь ХасБанкны ажилтан тус бүрийн гавъяа, бахархал юм. Энэхүү амжилт нь ХасБанкны нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг 400 саяас 750 сая төгрөг хүртэл өсгөж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөн хүрээнд цогцоор дэмжих таатай боломжийг ХасБанкинд бий болгоод байна. Нийт хөрөнгийн өгөөж 2.36 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 30.24 хувьд хүрч хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд хөрөнгө оруулалт хийх, бусад зах зээлд гарч ажиллах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд “Хил Хязгааргүй Банкирууд” уриан дор Хятад, Киргизстан, ОХУ зэрэг төв азийн улс орнуудын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулах, салбар төлөөлөгчийн газар нээх, техникийн туслалцаа үзүүлэх, туршлага солилцох зэрэг байдлаар хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
  • Ийнхүү амжилттай ажиллаж байгаагийн шалтгаан нь юунд байна вэ?
  • Юуны түрүүнд улс орны маань хурдацтай хөгжил, тэр дундаа банк, санхүүгийн салбарын өрсөлдөөн их нөлөөлж байна. 2008 оны эхний хагасын байдлаар Монголын банкны салбарын нийт зээлийн багц 2.6 их наяд төгрөгт хүрч 60 хувийн өндөр өсөлтийг үзүүлээд байгаагаас гадна банкны секторын нийт ашгийн өсөлт 68 хувьд хүрсэн нь банкууд дотоодын зах зээлд амжилттай ажиллаж байгааг илтгээд зогсохгүй гадаадын улс орнуудаас их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж чадаж байгааг илтгэж байна. Зарим банкууд нийтэд хувьцаагаа арилжаалж эхэлснээс гадна гадаадын санхүүгийн байгууллагуудын хувьцааг худалдан авч эхлээд байна. Товчхондоо дүгнэхэд том болон жижиг банкуудын ялгаа улам ихэсч, банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг стандарт болж байгаа нь яах аргагүй энэ улсын хамгийн хурц бөгөөд “харгис” өрсөлдөөн явагдаж буй салбар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ хүнд хэцүү өрсөлдөөн дунд ХасБанк маш амжилттай явж байгаа төдийгүй зарим нэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлэн ажиллаж байгааг дуулгахад урамтай байна. Жишээ нь, ХасБанк нь түүхэндээ анх удаа нийт активын хэмжээ, харилцах дансны багц, зээлийн багц гэсэн гурван гол үзүүлэлтийн өсөлтийн хурдаараа арилжааны бусад банкуудыг энэ оны эхний хагаст ардаа орхиод байна. Өөрөөр хэлбэл асуултын тань хариуд улс орны эдийн засгийн хурдацтай хөгжлөөс гадна Зөв Банкны зөв удирдлага, ажилтан тус бүрийн шаргуу хөдөлмөрийн нэгдэл гэж хэлмээр байна. ХасБанкны нэг харилцагчид олгож буй дундаж зээлийн хэмжээ 10 жилийн өмнө 100,000 хүрэхгүй төгрөг байсан бол одоо 2 сая төгрөг болсон байгаа нь ХасБанк харилцагч нартайгаа цуг өсөн хөгжиж байгаагийн нэг бодит жишээ юм.
  • Гайхалтай! Энэхүү амжилтын үр дүнгээ нийгэмдээ хэрхэн хүртээж, хамт олонтойгоо хэрхэн хуваалцдаг бол?
  • Дээр дурьдсанчлан ХасБанк нь тулхтай хөгжлийг дэмжигч, нийгмийн хариуцлагыг дээдлэн хэрэгжүүлдэг банк юм. Тус банкны Ерөнхий захирал М.Болд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд 2007 оны 11-р сард үүсгэн байгуулагдаж нийт 20 гаруй тэргүүний шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг багтаасан “Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл”-ийн даргаар сонгогдон идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд банк өөрийн эрхэм зорилгодоо “эрдэнэт хүмүүн, эх дэлхий, эрхэм түншлэл”-ийг онцгойлон тунхаглан мөрддөг хуруу дарам цөөхөн байгууллагуудын нэг юм. Манай хамт олон нийгэм, байгаль орчны удирдлагын тогтолцоог ISO 14001 стандартын дагуу 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль орчин бидний хамгийн чухал сэдэв хэзээд байх болно. ХасБанк “Даяар Тайлагнах Санаачлага” (Global reporting initiative) болон НҮБ-ын “Даян Дэлхийн Гэрээ” (Global compact)-нд нэгдэн орсон албан ёсны гишүүнээс гадна спорт хувцасны дэлхийд алдартай “Nike” пүүстэй хамтран гол цэвэрлэх, хог түүх ажлуудыг нийтийг хамруулан зохион байгуулдаг уламжлалтай. Яг одоо “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк”, “Nike” корпорацитай хамтран Монголынхоо, тэр дундаа алслагдмал газар ажиллаж, амьдардаг охид, бүсгүйчүүддээ зориулан цоо шинэ банкны бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байгаагаас гадна бизнес санаа, санаачлага, хүсэл эрмэлзлэл дүүрэн байвч санхүүгийн боломжоосоо болон мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүст зориулан “Амьдрал үргэлж сайхнаараа” хэмээх реалити телевизийн нэвтрүүлгийг “МХАҮТ”, “Петровис” компани, “Боловсрол” телевизтэй хамтран зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Бид нийгэм, эдийн засаг, боловсрол, спорт, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарыг хамарсан олон арван томоохон ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар ирсэн юм. Он гарсаар “Ирээдүйн Саятан Хасхүү” хүүхдэд зориулсан урамшуулалт хадгаламжийн аян, байгаль орчин, эко системд хор хөнөөлгүй үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хараагүй иргэдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн даавуун уут үйлдвэрлэх төслийг санхүүжүүлж шинэ ажлын байрыг нэмэгдүүлсэн төсөл, Нидерландын “Lek En Linge” ахлах сургуулийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 10 жилийн 88 дугаар дунд сургуульд 55 мянган евротой тэнцэхүйц буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж байгаа, цэвэр усны ундрагыг хамгаалж хүрээлэн буй орчноо цэвэр байлгах “Туул голоо хамгаалъя” зэрэг нийгмийн бүхий л салбаруудад чиглэсэн үйл ажиллагааг анхлан зохион байгуулж дотоод гадаадын байгууллагуудыг түүчээлэн оролцож байна. ХасБанк “Нээлттэй хаалганы өдөр” жил болгон зохион байгуулж гэр бүлийн хүмүүс, хамаатан садан, найз нөхөддөө банк, хамт олон, хамтран ажиллагсдаа танилцуулдаг сайхан уламжлалтай бөгөөд өнгөрсөн хагас сайн өдөр энэ жилийн арга хэмжээгээ маш амжилттай зохиолоо. Дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 70,000 гаруй хүмүүс оролцоод байна. Түүнчлэн өнгөрсөн 7-р сарын 1-ний гунигт хар өдрийн үйл явдалд хохирсон хүмүүст зориулан ХасБанк хамгийн түрүүнд хандивын данс нээж, банк өөрөө 10 сая төгрөг хандивласан бөгөөд цугларсан мөнгийг халдлагад өртсөн аж ахуйн нэгж, харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрт зориулан тараагаад байна. Түүнчлэн банк маань “Хасын Хүлгүүд” нэртэй хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн багтай бөгөөд сагсны баг маань сагсан бөмбөгийн лигийн аварга, хөлбөмбөгийн баг маань Боргио цомын аварга, Улсын аваргын мөнгөн медаль, лигийн хүрэл медаль хүртсэн амжилтуудаараа 10 жилийн ойд бэлэг бариад байна.
  • 10 жилийн ойгоороо “Бид эх орондоо хайртай” гэдэг уриан доор танай банк нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж бараг брэнд болгосон гэхэд хилсдэхгүй. Сая олимпийн алт, мөнгөн медальтангууд төрөх үед энэ үг, урианы мөн чанарыг хүмүүс улам их ойлгох шиг болсон.
  • Бид олимпын тоглолтонд оролцсон тамирчин болгоныг явахаас нь өмнө дансандаа мөнгөн урамшуулал бүхий ХасБанкны нэрийн олон улсын төлбөрийн картаар мялааснаас гадна зээлийн эрх нээж өгсөн юм. Түүнчлэн UBS телевизтэй хамтран Монголын олимпийн аваргууд төрөх алтан агшин бүрийг Монголчууддаа шууд дамжуулан үзүүлсэн билээ. Тэгэхээр Монгол Улсын маань анхны хос алт болон мөнгөн медальд ХасБанк өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа шүү. “Бид эх орондоо хайртай” гэж бусдыг уриалан зүгээр нэг реклам сурталчилгаа хийхдээ гол утга нь биш байсан юм аа. ХасБанкны гол санаа, зорилго нь эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, багийн уур амьсгалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, бие биенээ хүндэтгэх, өтгөс нялхсаа хайрлах, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, түүх соёлоороо бахархах чин эрмэлзлэлүүдийн цогц юм. Магадгүй өнөөдөр ХасБанк ургийн овгоо албан ёсоор ажил дээрээ хэрэглэдэг цорын ганц албан байгууллага байх. Уриа үгээр бид реклам хийгээд зогсоогүй банкны бодит бүтээгдэхүүн болгож гаргасан. Энэ нь та бүхний сайн мэдэх алтан соёмбот төрийн далбааны зураг бүхий “Үндэсний бахархал” төлбөрийн дотоодын болон олон улсын эрхтэй Мастер болон Виза картууд юм. Энэ карт Монгол улсын бэлэн бус төлбөр тооцоо, картын зах зээлд хамгийн богино хугацаанд хамгийн олон тоогоор зарагдсан гэсэн үзүүлэлтээрээ рекорд тогтоогоод байна. Түүнчлэн ХасБанк нь нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, улс төрийн үзлээр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай байдаг бөгөөд энэ ч утгаараа үлгэр жишээ ажил олгогч төдийгүй үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэж хэлж болно. Түүнчлэн бид “Олон нийтийн зөвлөл”-ийг банк дээрээ ажиллуулдаг бөгөөд зөвлөлийн гишүүдээр Ерөнхий сайд асан Бямбасүрэн болон Содном гуай, Сангийн сайд асан, нийтлэлч Баабар, Хамба лам Чойжамц, хөгжмийн зохиолч Жанцанноров, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Мөнхөө гуай зэрэг хүмүүс ажиллаж банкны нийгмийн хариуцлага, олон нийтийн ажилд хамтран ажиллаж тусалж явдаг.
  • Мэдээж хэрэг ийм өргөн хүрээнд далайцтай ажиллахад санхүүгийн нэр хүндээс гадна дэд бүтэц маш чухлаас гадна найдвартай байх ёстой биз?
  • Тэгэлгүй яах вэ. ХасБанк нь 2004 онд Монголын арилжааны банкуудаас хамгийн түрүүнд олон улсын хөндлөнгийн үнэлгээг бичил санхүүгийн байгууллагуудын үнэлгээ дагнан хийдэг олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний байгууллага болох “Planet Rating”-р үнэлүүлж “А” үнэлгээг авч байсан бөгөөд 2006 онд “Moody’s Investors Service” байгууллагаас “Ва1” буюу тогтвортой гэсэн үнэлгээг аваад байна. Энэ жил нэмж гуравдагч үнэлгээний байгууллага болох “Fitch Ratings”-р үнэлгээгээ хийлгэж нэр хүндээ улам төгөлдөршүүлэхээр ажиллаж байгаагаас гадна санхүүгийн тайлангаа олон улсын “KPMG”, “Ernst&Young” компаниудаар баталгаажуулдаг уламжлалтай. Банк санхүүгийн салбарын хурдацтай хөгжлийг даган явахын тулд Монголын бараг бүх томоохон арилжааны банкууд банкны үндсэн системээ сольж шинэчлээд байна. ХасБанк ч мөн адил банкны үндсэн системээ сольж байгаа бөгөөд бид мөн л Монголд анх удаагаа банкны үндсэн системийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг “iFlex” компани буюу өнгөрсөн 8-р сард “Oracle” корпораци 81 хувийг нь худалдан авснаар нэрээ өөрчилж “Oracle Financial Services Software Limited” нэртэй болсон энэхүү компанийн дэлхийд нэртэй “Flexcube” гэдэг банкны системийг худалдан авч суурилуулж байгаа нь банкны салбарын түүхэнд хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалтанд зүй ёсоор тооцогдож байна. Түүнчлэн карт эзэмшигч нартаа хүргэх үйлчилгээгээ улам ойртуулахын тулд АТМ буюу бэлэн мөнгөний машин оруулж ирсэн бөгөөд одоо мөн л үйлчилгээний цэгүүд дээрээ суурилуулалтын шатандаа явж байна. Эдгээр бүх програм хангамж, тоног төхөөрөмжийг дагалдаад асар их хэмжээний мэдлэг мэдээлэл, дагалдах жижиг тоног төхөөрөмжүүд ирж байгаа нь зөвхөн ХасБанк гэлтгүй Монголчуудын хувьд оюуны томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэж бид дүгнэж байгаа.
  • Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил, технологи дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Энэ нь ирээдүйд ХасБанкийг хаашаа чиглүүлж байна гэсэн үг вэ?
  • Монгол орон шиг цөөн хүн амтай мөртлөө өргөн уудам нутаг дээр тархай бутархай суурьшдаг улсын хувьд иргэн бүрд санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх хамгийн боломжит бөгөөд найдвартай суваг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, түгээлтийн сувгууд юм. Зөвхөн санхүүгийн үйлчилгээг хүргээд зогсохгүй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөвлөгөө өгөх ажил бидний эрхэм зорилго үргэлж байсаар ирсэн. Бидний гол зорилго маань дундаж болон дунджаас доогуур орлоготой, банк санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, эсвэл бүр авч чаддаггүй алс хязгаарт суугаа иргэн бүрт хүрч үйлчлэх, тэр хэмжээгээрээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, түргэсгэх явдал юм. Гэвч ийм төрлийн зах зээлд хүрч үйлчлэхэд зардал маш өндрөөс гадна эрсдэл бас чамгүй өндөрт тооцогддог.
  • Энэ бүх ажлыг Монголчууд дангаараа хийхэд хэцүүгээс гадна туршлагагүйтэх явдал гардаг уу? ХасБанкны гадаад харилцааны талаар сонирхмоор санагдлаа?
  • Эхлээд ХасБанкны хүний нөөцийн талаар дурдах нь зүйтэй байна. ХасБанкны нийт ажиллагсдын дундаж нас 27 бөгөөд харин захирлуудын дундаж нас 35 байна. Шинэ ажиллагсаддаа зориулж тогтмол зохион байгуулдаг “Хасжуулах” хөтөлбөр байдаг бөгөөд үүний тусламжтайгаар анх шинээр орж буй залуус маань банкныхаа бусад 1,000 залуустай цаг хугацаа алдалгүй мөр зэрэгцэн алхдаг юм. Түүнчлэн удирдлагын баг болон газар, хэлтэс, нэгж болгон сар, улирал тутам хотоос зайдуу гарч чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх, нийт ажилчид шийдвэр гаргах түвшинд хуралдаж санал, шүүмжлэлээ солилцдог сайхан уламжлалтай нь багийн уур амьсгал, хамтач сэтгэлгээнд эерэгээр нөлөөлдөг. Гадаад харилцаа, сүлжээгээрээ Монгол улсын хамгийн том банк гэж хэлмээр байна. Бидний хувь нийлүүлэгч, хамтрагч, түншүүдийн заримаас нь цухас дурдвал IFC буюу Олон улсын санхүүгийн корпораци, EBRD буюу Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, АНУ-ийн Morgan Stanley Банк, Shore Банк, MercyCorps, MicroVest Вест бичил санхүүгийн байгууллага, Calvert-ийн Сан, Голландын Triodos Банкнаас гадна Хөгжлийн Банк болох FMO, Oikocredit, Triple Jump зэрэг сангууд, Швейцарын Credit Suisse Банк, Blue Orchard Санхүүгийн Корпораци, Symbiotics, Dexia зэрэг хөрөнгө оруулалтын сангууд, Германы Хөгжлийн Банк болох KFW, Deutsche Банк зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай өдөр тутмын харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Эдгээрээс гадна Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллага, АДРА, Дэлхийн Банк, Нэн Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк, Германы Техник, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг зэрэг дотоод, гадаадын олон байгууллагуудтай түншийн гэрээтэй ажилладаг. Эдгээр байгууллагуудтай зөвхөн хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэл дээр хамтраад зогсохгүй техникийн туслалцаа, хүрээлэн буй орчинг хамгаалах, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, сургалт, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох төслүүд дээр өргөн хүрээтэй харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Зөвхөн энэ оны эхний 8 сарын байдлаар л гэхэд ХасБанкны нийт 40 гаруй ажилчид АНУ, Герман, Голланд, Бельги, Франц, Англи, Марокко, БНХАУ, Орос, Казакстан, Киргизстан, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Сингапур, Вьетнам, Лаос, Камбож, Балбын вант улс, Египт, Индонези, Энэтхэг зэрэг 20 гаран улсууд руу сургалтанд явж, олон улсын хуралд илтгэл тавьж бусадтай харилцан туршлага солилцон ирээд байна. Банкинд гадаадын зөвлөх мэргэжилтэнгүүд тогтмол ирж ажилладаг бөгөөд яг одоо бидэнтэй тохой нийлүүлэн Энэтхэг, Франц, Герман, Өмнөд Африк, АНУ-ын мэргэжилтэнгүүд хөдөлмөрлөж байгаагаас гадна зарим нь Монгол залуусын шууд удирдлаган доор ажиллаж байгаа нь ХасБанкны гадаад харилцааны түвшин хир зэрэг өндөр байгааг илтгэж байна. Дунд болон дээд шатны менежерүүдийн хувьд ажлын байран дээр англи хэл өдөр тутмын харилцааны хэл болж хэвшээд удаж байна.
  • Гадны иргэд ХасБанкинд ажиллаж байгаа гэдэгт та бүхэн өөрсдийн мэдлэг, туршлага, ноу хаугаа тэдэнтэй хуваалцаж байгаа гэсэн үг үү?
  • ХасБанкны хувьд энэ үйл ажиллагааг нилээд эртнээс эхэлсэн. Банкны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд, газар, хэлтсийн захирлууд, удирдлагууд хөгжиж буй болон хөгжингүй улсуудын бичил санхүүгийн байгууллагууд, банкуудад очиж сургалт явуулах, лекц унших, тухайн байгууллагын удирдлагад гэрээгээр ажиллан техникийн туслалцаа үзүүлдэг. Түүнээс гадна ХасБанкны “Сургалт, Хөгжлийн Төв” энэхүү зөвлөгөө, сургалтыг цогц хэлбэрээр гадаадын байгууллагын мэргэжилтэнгүүдэд хийж мэдлэгээ экспортолдог. Жишээ нь, сүүлийн гурав хүрэхгүй жилийн дотор ХасБанк дээр Камбож, Балбын Вант Улс, Оросын Холбооны Улс, Узбекстан, Казакстан, Киргизстан, Тажикстан, Босни-Герцеговин зэрэг нийт 10 орчим улсын 100 гаруй төлөөлөгч нарт 300 гаран хүн өдрийн хичээл зааж, сургалт хийгээд байна. Маш богинохон хугацааны дотор төслөөс эхлээд ББСБ болж, удалгүй арилжааны банк болтлоо өсөж хөгжсөн загвар гадаадын улс орнуудад бараг байдаггүй юм билээ. Чухам энэхүү туршлага, загвар, мэдлэг нь бидний үнэт капитал гэж үнэлэгдэн гадны улс орнуудад үлгэр жишээ болж байгаа хэрэг юм. Өнгөрсөн 5 сард ХасБанк “Олон улсын бичил санхүүгийн төв”-ийн 11-р бага хурлыг Ази тивд анх удаа зохион байгуулах эрхийг авч нийслэл хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор маш амжилттай зохион байгууллаа.
  • Уучлаарай, Олон Улсын Бичил Санхүүгийн Төв гэдэг нь ямар байгууллага билээ?
  • Энэхүү байгууллага нь Польш улсад төвтэй бөгөөд эгнээндээ дэлхийн 30 гаруй улсын 110 гаруй бичил санхүүгийн байгууллагуудыг нэгтгэж нийтдээ 700,000 гаруй хүмүүст санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, боловсрол, сургалт, зөвлөгөө өгдөг юм. Энэ хурлын үеэр манай банкны ажиллагсад, удирдлагууд нь хурлын төлөөлөгч, гишүүдэд төдийгүй “Олон улсын бичил санхүүгийн төв”-ийн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралд төлбөртэйгээр сургалт явуулж, туршлага, мэдээллээ хуваалцаж өндөр үнэлгээ авсан юм. Энэ хурал Монгол улсад оюуны болон бодит маш том хөрөнгө оруулалт болсноос гадна зөвхөн ХасБанк гэхэд л нэг өдрийн дотор 22 сая америк долларын гэрээнд гарын үсэг зурсан. ХасБанкны Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Олон Улсын Бичил Санхүүгийн Төв”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний нэр хүндтэй албыг хашин Монгол Улсаа олон улсын тавцанд төлөөлөн ажиллаж байна. Энэхүү хурлыг зохион байгуулахаас өмнө бид Монгол Банктай хамтран “Хөгжлийн Санхүүгийн Үндэсний Анхдугаар Бага Хурал”-ыг зохион байгуулж “Үндэсний Ассоциаци” байгуулан ажиллаж байна. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Euromoney” хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож зарим салбар хуралдааныг нь удирдан зохион байгууллаа.
  • 10 жилийн ойн төрсөн өдөртөө барьсан хамгийн том бэлэг нь магадгүй энэ олон улсын цуврал хурлууд байж болох юм. Өөр ямар ажил, үйл ажиллагаагаараа ажилчид, харилцагч, ард түмэндээ бэлэг барих гэж байна?
  • Аливаа байгууллага амжилттай, ашиг орлоготой ажиллахын хирээр хамт олон, ажиллагсад нь хамгийн түрүүнд үр шимийг нь хүртэх нь зүйн хэрэг билээ. Он гарсаар бид ажиллагсдынхаа цалинг шат дараатайгаар 2 удаа нэмэгдүүлээд байгаа бөгөөд банкны салбартаа хамгийн өндөр цалинтай байгууллага болох зорилттой байгаа. Цалингаас гадна улирал бүр ажлын гүйцэтгэлд үндэслэн олгогддог урамшуулал, гар утасны төлбөрийг төлөх, гадаад, дотоодод сургалтанд хамрагдах, тэтгэврийн сан буюу нэрийн данс, хөнгөлөлттэй үнээр байгууллагын хувьцаа худалдан авах эрх, ажилчдын бүх төрлийн хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг ажилчиддаа тусгайлан зориулж ажиллаж ирлээ. Түүнчлэн “Орчлон клуб”-т тэргүүний ажилчдаа сар бүр хөнгөлөлттэй нөхцлөөр явуулж, гадаадын улс орнуудад амраадагаас гадна сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн, бэлтгэлийг долоо хоног болгон тогтмол хийдэг. Эдгээр арга хэмжээ, зохион байгуулалттай ажлууд нь бидний нийгэм рүү чиглэсэн томоохон компанит ажлуудын эхлэл болдог бөгөөд банк хажуудаа “Их талын дуулиан”, ”ХАС” гэсэн хоёр ч ТББ ажиллуулж нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлж ажилласаар байна. Эдгээр байгууллагууд маань “Дуулиан 2020” хэмээх Монгол Улсад брэнд болсон хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон зуун тэмцээнийг орон даяар зохион байгуулж нийт 27,000 гаруй хүмүүсийг хамруулж 488 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулаад байгаагаас гадна Амгалан дахь хүүхдийн асран хүмүүжүүлэх төв, сургуулиудтай урт хугацаанд байнгын холбоотой ажиллаж эрүүл мэнд, боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг. Түүнчлэн наран мандах зүг болох нийслэл хотын зүүн захад баригдаж байгаа “Ургах Наран” хорооллыг сүндэрлүүлж энэ жилдээ багтаж 484 айлыг тохилог орон сууцтай болгох “Монгол Мөрөөдөл”-ийг биелүүлэхээр ХасБанк, “Монгол Мөрөөдөл” төсөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж байна. Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэд, залуу гэр бүл болон нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөө “Нийгмийн Хариуцлагыг хэрэгжүүлэгч” ХасБанк нь Ургах Наран хороололд сүндэрлэж буй орчин үеийн тохилог орон сууцны эхний 114 айлын орон сууцыг эздэд нь хүлээлгэн өгөөд байгаагаас гадна залуу гэр бүлийг дэмжих зорилгоор ТВ5 телевизтэй хамтран “Монгол Мөрөөдөл” реалити шоу зохион байгуулж, нэвтрүүлэгийн ялагчийг 2 өрөө байр, тус нэвтрүүлэгт оролцсон зургаан залуу гэр бүлийг ХасБанкны орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулж гал голомтыг нь асаалцлаа.
  • Танай банкны сурталчилгаа их хүчтэй бөгөөд тогтмол хийгддэг юм шиг санагддаг?
  • Баярлалаа! Нийгмийн бүхий л салбарт хүрч ажиллахыг хичээдэг учраас хүмүүст илүү хүрдэг байх. Харилцагчийн үйлчилгээ нь бидний амин чухал асуудал байдаг бөгөөд энэ ч утгаараа салбар, нэгж болгон дээрээ “Харилцагчийн үйлчилгээний менежер”-ийг тогтмол ажиллуулж байгаагаас гадна ачаалал ихтэй томоохон салбаруудаасаа эхлэн дугаар зохицуулагч машинуудыг суурилуулаад эхэлсэн байгааг та бүхэн анзаарсан биз ээ. Саяхан болж өнгөрсөн сумогийн “Монгол Башё”-гийн гол ивээн тэтгэгчээр оролцон Монгол улсаа Японы бөхчүүдэд, ард түмэнд сурталчилж, арлын оронд амжилттай барилдаж буй бөхчүүдээ дэмжсэнээс гадна “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн цуврал тэмцээнийг “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээр дамжуулан түгээж хамтран ажиллан хойч үеэ дэмжиж байна. Үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, бүх үүрэн телефоны оператор компаниуд, Миний дэлгүүр, Монгол Шуудан ХХК-тай стратегийн түвшинд харилцан ашигтай хамтран ажиллах хэлцэл хийж ажиллаж буйгаас гадна банк хоорондын картын нэгдсэн сүлжээ байгуулах, бэлэн бус төлбөр тооцооны үндэсний стратеги боловсруулах, Цахим арилжааны хуулийн төслүүд, Монголын үнэт цаасны хоёрдогч зах зээл, Зээлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг үндэсний хэмжээний төслүүд дээр “Монголын Банкуудын Холбоо”, “Монголын Ипотекийн Корпораци”, “Төлбөр Тооцооны Үндэсний зөвлөл”, “Олон Улсын Бичил Санхүүгийн Төв”-ийн гишүүнчлэлээрээ дамжуулан идэвхтэй оролцон өөрсдийн зохих хувь нэмрээ оруулсаар байна. Түүнчлэн Монгол Улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, хувийн хэвшлийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон бизнесийн бүхий л салбарын дотоодын томоохон төлөөлөл санаачлан МҮХАҮТ-ын дэргэд “Гүйцэтгэх Захирлуудын Клуб” буюу “CEO (Chief Executive Officer) Club”-ийг байгуулсан юм. Гадны бодлого, зааврын дагуу бус Монголчууд өөрсдийн оюун бодол, санал санаачлагаар нэгдэж, улс орноо хурдан хөгжүүлэх боломж бүрэн байгаа бөгөөд тус клуб нь Монгол улсын эдийн засаг, хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн бодлого боловсруулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. “CEO Club” нь анхны хуралдаанаасаа ХасБанкны Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийг Ерөнхийлөгчөөрөө сонгон ажиллуулж байна.
  • Энэхүү ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе.
  • Нийт Хасчууд, харилцагч, түнш, хамтран ажиллагсад нартаа амжилт бүтээл дүүрэн 10 жилийн ойн мэндийг хүргэж олон улсад "ХИЛ ХЯЗГААРГҮЙ БАНКИРУУД" уриан дор мэдлэг чадвараа сорьж ажиллан, Монголдоо “БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” уриан дор ажиллан бусдыгаа манлайлж эх орноо хайрлаж хөгжүүлэхийг уриалж байна. 2008 он дуустал бид харилцагчиддаа зориулан төрсөн өдрийн бэлгүүдээ үргэлжлүүлэн барьсаар байх болно. 10-р сарын 10-ны өдөр ХасБанкны өдөр байх болно.

Friday 5 September 2008

TNN

Тэнүүн

Linkin Park-ийн хамгийн анхны цомгийг авч сонсож маш сонин мэдрэмж авч, аюумшигтай их эрч хүч, энерги авч байсан нь нилээд хэдэн жилийн өмнө билээ. Яг тийм нилээд хэдэн Red Bull уучихсан юм шиг энергийг Rapper TNN-ийн гурван дууг сонсоод авдаг байна шүү. Хоёр орчим жилийн өмнө Хятад, Хонг Конг руу албан ажлаар цуг явж энэ залуугийн нуруундаа хийлгэсэн Чингисийн тамга шивээсийн гэрч болж байсан юм. Шивээс хийлгэснийхээ дараа хэсэг халуурч зовсон. Ийм юм хийх гэж бэлдэж байсан юм байна. Би энэ Чингисийн тамганы хээнд хэдий дуртай ч ингэж шивээс хийлгэж зоволгүй яг ийм зурагтай пудболка аваад л өмсөх байсан. За тэр ч яах вэ. Дууны үг нь шулуун бөгөөд магадгүй хэт бүдүүлэг тул насны хязгаар заахаас гадна тойруу буюу ёжилж хэлж байгаа утгыг нь ойлгох хүмүүс сонсохгүй бол Mother гэдгийг ээж гэж орчуулснаа аав гэхийг Motherfucker гэж орчуулдаг залуус шиг томоос том асуудалд орох бий вий.

Монголын минь нутаг дэвсгэрийг өөрийн болгоод вэб дээрээ тавьчихсан байгаа тэр өмнө зүгийн зүггүй гард зориулаад нэг саак дуу хийгээч хөө. Хужаа нарыг одоо нигерүүд хар яриандаа юу гэж дууддаг юм бол доо. Ийм дуу гаргавал нилээд хурдан нийтэд түгэнэ байх гэж тааж байна. Зөрүүлээд манай талын нэг нөхөр маш гоё үзэсгэлэнтэй газрын зураг урласан байна билээ.

Хүний авъяас ил болон нуугдмал хэлбэрээр байдаг юм шиг байгаа юм. Миний далд авъяас хэдний ямар Балжинням, Дашнямтай нартай өдөр яаж гарч, юу хийж алах бол оо? Kкк. Киви чамд амжилт хүсч байна гэдэг шиг Тэнүүн, чамд амжилт хүсье!

Monday 1 September 2008

Stop talking fuckers, start doing suckers

Хийдэг ганц, хэлдэг долоо

Бүгдийг нь уншихаас өмнө аягүй товчхон утгыг нь тайлбарлая. Цөөвөр чоно биш арслан шиг амьдрах. Чадахгүй бол ядаж Симбо шиг амьдаръя.

Хүмүүний мөн чанар, жудаг муудлаа гээд ярьж бичээд байдагтай агаар нэгэн бидний үеийн зонхилох залуусын ур чадвар, сэтгэл, мэргэжил тэргүүтэн нь муудаад байгаа харагдаад байх санж. Тасархай гоё ярьдаг хүмүүс байна аа. Энэ бол ур чадвар үнэхээр. Гэхдээ үр дүн юу ч байхгүй. Гоё ярьсан юмаа цаасан дээр буулгаадахаач гэхээр англиар байг юм аа гэхэд монгол хэлээрээ үг үсэг, дүрмийн алдаагүй, найруулга зүйн талаасаа хүн уншаад төвөггүй ойлгохоор бичиж чаддаггүй юм билээ. Бараг галзуу хүний өдрийн тэмдэглэл гэхэд нь дэндүү гоёдож энэ ертөнцийн бүхий л бурхад гомдмоор. Хэрвээ хөөрхийс байдаг бол шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө хүнд гарууд энэ тэнд очоод энэ чинь ингэдэг байхгүй юу гээд л яриад байна. Тэр ярианд нь ордог ижил буруу өрөөсөн дугуйнууд байгаа болохоор эдгээр нөхдүүдэд “зах зээл” байгаад байх шиг байгаа юм.

Ер нь бол энэ дэлхий болон миний, та нарын эргэн тойрон болж бүтэхгүй юмаар дүүрэн байгаа гэдэгтэй мөрийцөх үү? Хамгийн гол нь энэ, тэр болж бүтэхгүй байгаа юмнуудыг үүсгэн, бий болгон дасан зохицон амьдраад байгаа бид нарт ч гэсэн буруу бий гэсэн үг. Бид нар өөрсдөө тэр болохгүй, бүтэхгүй байгаа юмнууд оршин тогтнох ор хөнжил, зах зээл нь болж худалдаж аваад тэжээгээд байгаа учраас тэр. Өөрсдийнх оролцоогүйгээр амжилт гаргавал өөрсдөө л хийсэн юм шиг ярина, харин ярьсан юм нь амжилтгүй болбол өөрөөс нь бусад л болохүй болохоор чадаагүй тухай түмэн балай шалтаг тоочно. Эдгээрийг нь сонсоод “за нээрээ тийм дээ” гэж бодвол чи өнгөрөө л гэсэн үг. Ер нь бол иймэрхүү төрлийн бөгөөд удирдах ажил хийдэг хүмүүс өөрөөсөө илүү чадвартай, мэдлэгтэй хүнийг доороо ажиллуулах, цуг зэргэлдээ ажиллах тун чиг дургүй. Ойлгомжтой.

Дээр нэг танил маань хэлж байсан юм. Гадаадын нэг төсөл (бодвол тухайн төсөл нь нилээд том төсөл юм биз дээ) дээр ажилладаг хоёр залуучууд пабд танилцсан чинь орчлонгоос тасарчихсан юм яриад байна гэнэ. Тэр хоёр залуугийн хувьд энэ дэлхийн хамгийн мундаг хүн нь тэр төслийн удирдлагч болох дарга гэх. Ачир дээрээ тэр төслийн мөнгийг нь Нарантуул, Барс дээр байдаг наймаачид хэдхэн сарын дотор эргүүлж л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл нөгөө Нацагдорж найрагчийн өгүүлэлд гардаг шиг хөмөрсөн тогоон дотор буюу жирэмсэн эмийн шээх газраас хол явж огтоос үзээгүй л хүмүүс байгаад байгаа юм. Заавал бодитоор гадаад яв гэсэн үг биш шүү дээ. Интернэт гээд зүйл дэлхийг хавтгай болгохоос гадна дэлхийн аль улс орон руу ширээн дээрээс чинь визгүй зорчуулж байна. Нөгөө 80:20-ийн зарчим гэдэг байдаг даа. Тэрэнтэй адилхан нийт хүмүүсийн 80 хувь нь ярьдаг, 20 хувь нь хийдэг байгаа даа. Дахиад тэр 80 хувь ярьдаг хүмүүсийн ярианы 80 хувь нь BULL SHIT, 20 хувь нь энд тэндээс хуулсан юмнууд байвал яанам билээ.

Гол нь би энд юу хэлэх гээд байна гэвэл ЯРИХАД УЧИР БИЙ шүү ард түмээн. Ер нь практикийг ажиглаад байхад хүн гэдэг нэртэй адгууснуудын мөн чанар нь алба болон амины хариуцлага гэдэг юман дээр илэрдэг юм билээ. Зөндөө инээдтэй бөгөөд эмгэнэлтэй жишээнүүд байдаг шүү дээ. Хамт олон аялалаар явж байгаад төөрөөд идэх юмгүй болсон чинь ганцаараа майхны гадаа шөнө боорцог мэрээд хэвтэж байсан нөхөр, халаасан дотроо еэвэнгээ хуваагаад жижгийг нь тэмтрээд найздаа өгдөг сурагчийн онигоо, оюутны байранд хоолгүй, хоол идээгүй гэж ирээд архидаж байгаад хиамаар бөөлжин дотуур байрны найзуудынхаа дунд онигоо болдог залуугийн бодит түүх зэрэг. Уул нь бол эдгээр нөхдүүд их л хүн чанартай, нүнжигтэй юмнууд ярьдаг л байхгүй юу. Бурхан бидэнд бага чалч гэж нэг ам, ихийг бүтээмой гэж хоёр “хиртэй” гар заяасан гэж бодном.