Monday 30 November 2009

To where we are going after this crisis

Энэхүү сэдвээр Токиогийн Хөрөнгийн Биржийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал ноён Ацуши Сайто (Atsushi Saito) өнөөдөр манай сургууль дээр ирж лекц уншив. 20 жилийн турш trader байсан юм билээ өмнө. Хэдий өгч буй мэдээлэл нь асар их, маш нарийн тоо баримтуудыг дурдаж байсан боловч visual ерөөсөө хэрэглээгүй, цаасаа харан доошоо харан бүтэц нэг цагийн лекц уншсан нь жаахан тиймэрхүү байв. Жаахан уйтгартай, нойр хүрээд. Том тоо, мөнгөн дүн хэлэнгүүт нь нойр сэргэж тэмдэглэл хөтлөн суув. Тэрбумаар хэмжигдэх тоог тун цөөхөн хэлсэн дээ. Дандаа триллион ам.доллар, иэнээр хэмжигдэх статистикууд хэлж байсан нь миний микро төсөөллөөс давсан үзүүлэлтүүд байв. Мань эрийн гол хэлж буй мессеж нь Америкаас үүдэлтэй санхүүгийн хямрал нь маш их сургамжийг бидэнд өгсөнөөс гадна ер нь одоо дагаад байгаа эдийн засгийн онол, ашиглаад байгаа загварууд зөв эсэх дээр нилээд эргэлзэж буйгаа хэлж байв. Дэлхий даяарх баялгийн тэгш бус хуваарилалт ба эзэмшлийн асуудлыг томоор хөндөн ярьж байв.

Өдгөө дэлхий дээр ойролцоогоор 350 триллион долларын үнэ цэнэ бүхий санхүүгийн бүтээгдэхүүн, хэрэгсэлүүд эргэлдэж байгаа нь дэлхийн нийт ДНБ-с 5 дахин том дүн юм байна. Сая болж өнгөрдөг санхүүгийн хямралаас болоод АНУ энэ тал дээр цаашид лидер байж чадахгүй бөгөөд Ази тивийн эрин үе эхэлж буйг итгэлтэйгээр хэлж байна билээ. Азийн улсуудын нэрийг дурдахдаа “Our Asian Friend” гэдэг тодотголыг байнга хэлж байв. Ялангуяа Хятадын нөлөөг нилээд олон жишээгээр хэлж байсан нь яах аргагүй дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад уу, Япон уу гэж бодоход хүргэж байна. Ялангуяа дэлхий даяар эдийн засаг тогтворжоогүй байгаа хэдий ч бараа, товаарын үнэ (commodity price) тогтвортой өсөх хандлагатай байгааг Хятад улстай холбон баталж байна. Түүнчлэн Япон улсын онцлогийн талаар дурдахдаа ойрын жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн үнэ Японд буурах магадлалтай хэлж байв. Учир нь хүн амынх нь бууралттай холбоотой аж. Япон улс 50 жилийн өмнө 150 сая хүнтэй байсан бол одоо 120 сая хүнтэй болоод байгаа ба хүн амын дийлэнх нь настай хүмүүс болсон нь маш том асуудал үүсгээд байгаа аж. Нийт хүн амын 40 орчим хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс болж 1 нэг настай хүний ажлыг 4 залуу хийж, тэр хэмжээгээр залуучууд хөдөлмөрөө багаар үнэлүүлж буйг дурдана билээ. Үүнээс болоод ч тэр үү Япон компаниудын ROE нь Америк компаниудиас ихэвчлэн бага байдаг тухай батлав.

Том хэмжээний бизнесийн үед зөвхөн хувийн хэвшил биш PPP (Private, Partnership, Public) цогцоороо байж гэмээнэ урт хугацаанд тогтвортой түншлэх цаг айсуйг дурдаад Адам Смитийн үл үзэгдэгч гарын онолыг Загалмайн шашинтай холбон орчин үеийн эдийн засгийг тайлбарласан ихэд сонирхолтой байв. Үүнийг ярих зуураа мань эрийн удирдаж буй Токиогийн Хөрөнгийн Биржийн онцгой анхаарал тавьдаг талбар нь бүртгүүлсэн компаниудын засаглал, түүний бүтэц, стандартын асуудал гэж байв. Японы уламжлалт компаниуд нь дээр үеэс эхлээд захирлуудын зөвлөлдөө гадны этгээдийг оруулдаггүй, удирдлагын баг нь өөрөө уг зөвлөлдөө багтдаг. Нилээд хэдэн жилийн өмнөөс Япончууд барууны загварыг авч захирлуудын зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг салган, захирлуудын зөвлөлд хөндлөнгийн board of member оруулж ирэн ажиллаж буй. Энэхүү бүтцийг Япон улсад зохихгүй байна. Хөндлөнгийн гишүүд нь ихэвчлэн гүйцэтгэх захирлын найзууд байдгаас гадна тухайн бизнесийн салбарын өргөн мэдлэг байддаггүй гэж мань эр маргаж байв. АНУ-д үүссэн санхүүгийн хямралын шалтгаануудын нэг нь энэ гэж хүртэл хэлнэ билээ. Өөрөөр хэлбэл бизнесийн ёс суртахуун, мораль, этикийн асуудал хамгийн чухал хэмээх айлдах ажгуу. Үүнийг бизнесийн байгууллагуудын нийгэмд оруулж буй шууд болон шууд буй үр дүнгээр хэмжих ёстойг хэлээд энэхүү нийгмийн хариуцлагыг эргээд Адам Смитийн онолтой холбон тайлбарлав. Ухаан нь А.Смитийн онолоор бол аль болох олон баян хүн үүснэ, тэр хэмжээгээр ядууст хаялага нь ахиу ногдоно гэж байсан бол одоо Wall Street дээр ажиллаж буй хүмүүс нийгэмдээ ямар “хаялага” хаяж байгаа бэ гэж асуунгаа магадгүй тэр нар Christian биш бизээ гээд ёжтой инээх бөлгөө.

Төрийн оролцоо аль болох бизнест бага байх ёстой ба яваандаа эрх мэдэл төрөөс иргэд рүү шилжинэ гэж мэдэгдэв. Үүнийг ярьж байх явцдаа үнэндээ өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг амжилтанд хүрсэн шалтгааныг хуучин колони байсан улсууддаа бараа, материал “шахаж”, мөнгө хийдэг байсан гэх. Одоо бол харин өөр болсон боловч хүчирхэг орнууд хөшигний цаагуур аль улс руу ямар зорилгоор яаж хандах тухай “зөвшилцдөг” нь тодорхой ажээ. Монголд уул уурхайг тойрсон дэд бүтцийн асуудал дээр нэг иймэрхүү юм болох гээд байгаа харагдах юм билээ.

Хэдхэн хоногийн өмнөөс ам.долларын эсрэг ханш нь чангаран рекорд тогтоож буй иенийн савалгаа нь Японы экспортын том компаниудад тэрбум тэрбум доллараар хэмжигдэх алдагдал авчрах аюултайг ярив. Хонда, Тоёота нарын хувьд энэхүү ханшны савалгааны золиос нь болоод эхэлчихсэн байгаа юм билээ. Ам.доллараар бараа, материалын төлбөрөө хүлээн аваад иэнээрээ эндээ цалин цавагаа тавьж, үйл ажиллагааны дотоод зардлаа санхүүжүүлэхээр 1 иэнийн ханшны зөрүү нь тэрбумаар тоологдох худалдааны гэрээн дээр хэрхэн нөлөөлөхийг төсөөлөөд үзээрэй. Чанга ханштай үндэсний валют бүхий орон эрүүл эдийн засагтай байх боломжтой ч энэ нь дийлэнх үйлдвэрлэл, үйлчилгээгээ дотооддоо хийж, дотооддоо борлуулдаг улсын хувьд төгс байдлаар байхаас бус Япон шиг экспорт дээр дулдуйдан амьдардаг улсын хувьд боломжгүй зүйл юм. Боломжтой гэж хэлдэг хүмүүс нь “дэбийл” улстөрчид л байдаг гээд авч өгч байна лээ. Хамгийн хямд үнэтэй, гадаадын чанартай бараагаар дүүрэн бүхий лангуутай эдийн засаг бий болгох нь миний мөрөөдөл гэж мань эр хэлнэ билээ. Энэ байдал удаан үргэлжилбэл Японы засгийн газраас интервенц хийхээр бэлтгэж буй бололтой. Эдийн засгийн хямралаас болж АНУ дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжихийн тулд ийнхүү зориудаар долларын ханшаа сулруулаад буйн нэг жишээ гэж мэргэжилтэнгүүд ярих аж. Монголд энэ бодлого одоо яаж явж байгаа вэ? Хувьдаа лав би тодорхой дүр зураг сайн олж харж чадахгүй байгаа.

Энэхүү хямралтай холбоотой CDS (credit default swap)-ийн талаар асуусан оюутны асуултанд CDS гэдэг бүтээгдэхүүнд ямар ч асуудал байхгүй харин settlement хийх тал дээр асуудал буйг учирлаж байв. Токиогийн зүгээс Лондон, Франкфурт, Нью Иорк зэрэгтэй холбогдон нэгдсэн нэг clearing house байгуулах талаар ярьж буй ч энэхүү бодитоор биелэхэд тун хэцүүг дурдаж байв. Учир нь үүнийг дагаад mutual trading, index trading гээд бүх улсын хувьд ашигтай шийдэхэд ярвигтай цогц том асуудлууд гарч ирэх юм гэсэн. Мань эрийн ярианаас нэг анзаарагдсан зүйл нь Япон улс барууны хөрөнгийн биржүүдээс илүү Сингапур, Хонг Конг, Солонгос, Хятад, Энэтхэгийн хөрөнгийн биржүүдэд илүү ач холбогдол өгөөд байгаа ч юм шиг зүйл мэдрэгдэв. Хятадын хэд хэдэн биржүүдэд хуучин Японд цуг ажиллаж байсан, мань эрийн удирдлага доор нь байсан хүмүүс захирлаар нь ажиллаж байгаа болохоор би нилээд сайн холбоотой байгаа гэж байсан. Магадгүй энэ шалтгааны улмаас Ази тивд гол networking Японы хувьд хийгдэх юм болов уу даа. No one country will dominant forever but Asian power is coming! We must recognize who we are, where we are! гээд илтгэлээ дуусгана билээ.  

3 долоо хоногийн өмнө сонин гарчиглаж байхад Хятад, Япон хоёрын хооронд худалдаа хийхэд зориулж тусгай, нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргах төсөл явагдаж буй гэж бичсэн байсан. Тэр нь ч одоо хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан том, жижиг гэлтгүй бүхий л улс бие биенээсээ асар их хамааралтай болж буйн нэг илрэл энэхүү санхүүгийн хямрал байв гэж хэлж болох болов уу.

Wednesday 25 November 2009

Yes, We Khan!

Finance Asia сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаар нь Чингис хааны хөрөг бүхий хавтастай, Daniel Inman-ийн бичсэн Yes, We Khan! гэсэн гарчиг бүхий тэргүүн өгүүлэлтэй (cover story) хэвлэгджээ. Чингис хаанаар Монгол Улсыг гадаадынхан өмнө нь төсөөлдөг байсан бол одоо Оюу Толгой Монгол Улсын нэрийн хуудас болж эхэлж байна. Үнэхээр ч 300 гаруй тэрбум долларын үнэ цэнэ агуулж буй энэхүү орд нь 2020 он гэхэд Монголын маань ДНБ-ийг багаар бодоход 70 орчим тэрбум долларт хүргэж одоогийн түвшингээс 14 дахин өсгөх боломжтой юм. Энэхүү өсөлт нь Монгол Улсыг дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй эдийн засаг бүхий улсад тооцуулах болно. Яг ийм үйл явдал Катар улсад газрын тосны салбараас нь үүдэн тохиолдож байсан ба 2008 оны ДНБ-ийг нь 1973 онтой харьцуулахад 100 дахин өссөн дүн гарч байжээ. Яг тэр үед би Катарт ажиллаж байсан болохоор ижил төстэй үйл явдал Монголд болох гэж буйг зөнгөөрөө мэдэрч байна гэж Голомт банкны гүйцэтгэх захирал John Finigan хэлж байна.

ОТ орд эрчимтэй ашиглагдаж ирэх үед Монгол Улс Хятадад нийлүүлэх метал, нүүрсний бизнесээр Австрали Улсын хамгийн том өрсөлдөгч болох нигууртайг олон улсын мэргэжилтэнгүүд хэлж байна. Гол хөрөнгө оруулагч нь Австралийн талынхан байгаа үед энэ төрлийн ашиг сонирхолын зөрчлийг хэрхэн эвтэйхэн зохицуулах нь дарга нарын анхаарах ёстой гол асуудал нь байх болов уу. Анзаарч байгаагаар Оюу толгойн гэрээ зурагдсанаас хойш тэр бүс нутгийн тээвэр, ялангуяа төмөр замын дэд бүтэц дээр хүний, өөрийн хүмүүс “алалдаж” байх шиг байна. Энэ нь яах аргагүй стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцэд тооцогдохоос гадна ийнхүү цаг алдаж байх хооронд нижгээд хөрөнгө оруулагч нар Монгол руу оруулах гэж байсан хөрөнгөө зүүн өмнөд Ази руу шилжүүлж байна гэж энэ өгүүлэл дээр бичсэнээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр Монголд ажиллаж буй зарим нөхөд хэлж байна. Оюу толгой чинь сайхан том төсөл байна. Гэхдээ би хөрөнгө оруулаад зэс, алт, нүүрс гаргаж аваад юугаар зөөх вэ? Одоогийн байдлаар надад сарлаг нь хамгийн боломжтой “тээврийн хэрэгсэл” байна гэж биднийг егөөдөн суунам.

Уул уурхайн эдгээр төслүүд, үүнийг тойрсон баялгийн гинжин хэлхээ (value chain) буюу дагалдах жижиг, дунд бизнесүүдээс гадна хамгийн их бужигнах салбар бол Монголын банкны салбар байх болов уу. Бужигнаад ч эхэлчихсэн бололтой. ING-ийн төлөөлөгчийн газрыг эс тооцвол олон улсын хөрөнгө, оруулалт, арилжаа, санхүүгийн том институцууд Монголд салбараа нээгээгүй л байна. Ихэнх нь Бээжин дэх салбараараа дамжуулан ажиглан, мэдээлэл авч буй гэж тааж байна. Daniel-ийн өгүүлэл дээр “Ulaanbaatar is already on the Asian Banking radar screen” гэсэн өгүүлбэр байгаа нь тун удахгүй зарим нэг олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд Монгол руу орж ирэхийн цондон болов уу гэж найдаж байна.

Банкны салбараас гадна хөрөнгийн зах зээлд мэдэгдэхүйц үсрэлт гарах учиртай гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энд тэнд зарим нэг хүмүүстэй уулзаад явж байхад Монголыг сонирхож байгаа боловч хөрөнгө оруулалт хийхдээ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хийхгүй гэдгээ шууд хэлж байна. Яагаад гэдгийг нь энд бичих гэж оролдож байжээ. Гадны хөрөнгө оруулагч нараас гадна Монголын үндэсний болон хамтарсан компаниуд нь хүртэл дотооддоо үнэт цаас гаргахгүй хаа байсан Хонг Конг, Торонто, Лондонгийн хөрөнгийн биржүүд дээр асар их төлбөр төлөн бүртгүүлж байна. Frontier Securities Mongolia компанийн гүйцэтгэх захирал Igata сангийн хэлж буйгаар сүүлийн үед Хонг Конгийн хөрөнгийн бирж уул уурхайгаар дагнаж буй бөгөөд Торонтогийн биржээс гол харилцагч нарыг нь татаж байгаа аж. Одоогийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр Монголын 15 компани бүртгүүлсэн байгаагаас гадна үүнээс ч олон тооны компани Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр тун удахгүй гарна гэж товчхон болсон уулзалтын үеэр хэлнэ билээ. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн системд Fresh Start гэсэн ойлголт байдаг. Дампуурах гэж буй компаниудын үнэлгээг дахин хийж, зах зээлийн үнэлэмжтэй зэрэгцүүлэн өрсөлдөгч нартай нь гарааны ойролцоо зурвас дээр аваачих боломжийг олгодог гэх юм уу даа. Үүн шиг Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, системийг Fresh Start хийвэл одоо байгаагаасаа хамаагүй их өгөөжийг та бидэнд өгөх боломжтой болов уу гэж мунхаглах юм. Яг одоо МХБ дээр очоод 1 сая ам.долларын арилжаа хийвэл Монголын хөрөнгийн зах зээл яаж савалж, ямар нөлөөлөл системд үзүүлэхийг та бүхэн төсөөлөх гээд оролдоод үзээрэй. Эсрэгээрээ арилжааны банкид 1 сая ам.долларын хадгаламжтай хүн байдаг гэдэг яриа сонин биш болоод удаж байнам. Гадны томоохон хөрөнгө оруулагч нар Баяр сайдын Япон хийсэн айлчлал, Элбэгдорж ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлал дээр их ач холбогдол өгөн дүгнэж байх шиг санагдав. Ялангуяа Энэтхэгтэй ураны бизнес, Японтой уул уурхай, хөрөнгө оруулалтын салбар дээр харилцан ашигтай хамтран ажиллах нижгээд боломжууд байгааг дурдаж байна лээ.

Эцэст нь дүгнэхэд ямар ч байсан дуншаад байсан уул уурхайн том төслүүд эцэслэн шийдэгдсэн ч боловч тээвэр, хөрөнгө оруулалт, банк санхүү, борлуулалт, ложистиктой холбоотой асуудлууд шил дарааллан гарч ирж байна. Тухайн үед янз бүрийн мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн “Даяаршиж буй уул уурхайн бужигнаан” гарчигтай энэхүү бичлэгийг бичиж байв. Одоо эргээд уншихад өөрт минь ч гэсэн их сонирхолтой санагдаж байна.

Дээрх салбараар мэргэшин сурч буй, гадаад улсад ажиллаж буй Монголчуудыг чухам л яг одоо эх орон нь дуудаж байна гэж харж байна. Хийж ажил маш их буйгаас гадна эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй иргэн хүний үүрэг билээ. Finance Asia сэтгүүл дээр тун удахгүй “Yes, We Khan!” биш Yes, We Can! гарчигтай Монголчуудын хийж буй ажлуудын үр шимийн талаар сайхан мэдээлэл гарна гэдэгт итгэл дүүрэн байна.  

Sunday 22 November 2009

Giving up

I would give up
What I must not give up
I would not give up
What I may give up
Does this cause me trouble?

Энэхүү богино шүлгийг Yazawa Osamu гэдэг залуу 15 настайдаа бичсэн юм. Энэ залуу арав хүрэхгүй наснаасаа эхлэн бөөрний хүнд өвчнөөр шаналж байгаад хорин нэгэн настайдаа хорвоог орхисон юм. Хар багаасаа хүнд өвчнөөр өвдөн хэвтэж байхдаа нийт 500 гаруй шүлэг зохиосон бөгөөд эдгээр нь Япон улс даяар нилээд тархсан гэж надад унаган хотынх (Mitsuke city) нь нэгэн өвөө нулимс унаган хүүрнэсэн билээ.  

Жаргалдаа ташууран толгой нь эргэн буй хэсэг хүмүүст ухаарал хайрласан, эсрэгээрээ зовлон бэрхшээлийг сөрөн амьдарч буй нилээд хүмүүсийн зүрхэнд зориг бадруулсан шадууд байх болов уу гэж бодоод блог дээрээ хуулж тавив. Эх хувилбар нь Япон дээрээ байдаг. Мань өвөө англиар дээрх хувилбараар орчуулсан юм билээ. Би ингэж орчуулмар аядав. Та нөхөд утга төгөлдөр болгох тал дээр нь тусална биз ээ.

Шантрах ёсгүй нөхцлийн өмнө би бууж өгөх юм заримдаа
Биеэ барих ёстой зүйл дээр өөрийгөө хянаж дийлэхгүй юм хааяадаа
Энэ бүхэн л миний амьдралд асуудал үүсгээд байгаа хэрэг бус уу?

Өвчтэй, зовлонтой хүмүүсийн хажууд эрүүл, саруул хүмүүс ямар их аз жаргалтай, давуу талтай байдгийг энд дурдах нь илүүц биз. Даанч хүн болгон энэ эрхэм аз жаргалаа мэдрэхгүй, нүүрэндээ олон янзын хуурамч баг ээлжлэн зүүн өдөр хоногийг зогоон амьдарч, өнгө, мөнгөний боол болон явах юм даа. Иймэрхүү замаар явж буй, явах гээд буй хүмүүсийн тоо гар, хөлийн минь нийлсэн хорин хурууны тооноос даваад байгаа тул тэсэлгүй үүнийг дурдав. Заавал өвчин, зовлон, үхэлтэй нүүр тулж байж амьдралынхаа үнэ цэнийг ойлгомооргүй л байгаа юм уул нь. Диваажинд очихын тулд одооны амьдралаа золих хүн байдаггүй биз дээ? Wanna happy? Be happy!

Thursday 19 November 2009

Current Political Situation in Japan

Япон улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал

Янз бүрийн сонирхолтой зочид ирж сургууль дээр лекц, нээлттэй ярилцлага хийдэг ч миний хичээлийн цагтай давхцаад байдаг тул огт оролцож чаддаггүй байв. Харин өнөөдөр Япон улсын Либерал ардчилсан намын төлөөлөгч, парламентийн доод танхимын гишүүн ноён Таро Конотой чөлөөт уулзалт хийх завшаан тохиолдов. Өнөөг хүртэл миний уулзаж байсан Япон хүмүүсээс хамгийн цэвэрхэн англиар ярьдаг нь гэж хэлмээр байна. Жаахан хардуу, “байгалийн биш” царайтай харагдаад байсан чинь танилцуулгыг нь манай олон улсын харилцааны сургуулийн профессор хэлж байхад элэгний донор болж эрүүл элгээ аавдаа өгч өөрөө хиймэл элэгтэй байгаа юм билээ. Энэ хүн 1996 оноос хойш тасралтгүй парламентад байгаа бөгөөд нийт 5 удаа сонгогдоод байгаа юм билээ. Энэ жилээс эхлэн анх удаа сөрөг хүчин болж байгаа төдийгүй намынхаа даргын сонгуульд саяхан өрсөлдөж байсан нөхөр байх аж. Японы гадаад харилцааны зөвлөлийн тэргүүн, хууль зүйн яамны дэд сайд хийж хийж байсан гэж танилцуулга нь уншигдаж байна лээ. Намтраасаа эхлүүлээд ярьж байгаа, хэлж байгаа зүйлс, хийж бүтээсэн ажлууд, үзэл бодол нь асар их таалагдав. Тийм ч учраас тэсэлгүй блог дээрээ тавихаар цаг гарган сууж байнам.

Японд Либерал Ардчилсан Нам буюу Liberal-Democratic Party of Japan (LDP) ба Ардчилсан нам буюу The Democratic Party of Japan (DPJ) гэсэн улс төрийн хоёр том хүчин байна. Одоогийн ерөнхий сайд Хатояама тэргүүтэнгүүд 1955 оноос хойш анх удаа Японы ардчилсан намыг төрийн эрх барьж буй билээ. Өөрөөр хэлбэл ноён Тарогийн хувьд анх удаа сөрөг хүчин болж үзэж байгаа хэрэг. Өөрөө тэрийгээ хэлэхдээ сөрөг хүчин байх нэг бодлын амар юм. Болохгүй юм гарангуут, эрх баригч нам алдаа гаргангуут нь шүүмжлээд л гээд инээж байх. Парламентийн доод танхим нь нийт 119 гишүүнтэй гэх агаад мань эр одоо 46 настай хирнээ хамгийн залуу гишүүдийн 18-т бичигддэг гээд бодохоор Японы улс төрийн эгнээ хир “хөгшин” буй нь анзаарагдаж буй биз ээ. Яг одоо доод танхимд 20 гаран настай 1 залуу (ерөнхий сайд асан Коизумигийн хүү), 30 гаран насны 2 хүн л байна гэнэ лээ. Мань эрийн сонгосон хүчин зүтгэж буй Либерал ардчилсан нам нь 1955 онд үүсгэн байгуулагдсан агаад Ардчилал, Зах зээлийн эдийн засаг, Либериализм гэсэн гурван зүйлсийг үнэт зүйлээ болгосон агаад тухайн үед ЗХУ хамгийн том дайсан нь байсан гэж ярьж байх юм.

Ер нь ЛАНам гэж юу юм бэ, улс төрийн ямар тодорхойлолт байна гэсэн асуултанд эрх барьж байх үед бол эрх баригч нам гэж хариулдаг байлаа энэ асуултанд. Одоо бол сөрөг хүчний нам гэж тодорхойлж болно гэж хошигнож байснаа яг үнэнийг хэлэхэд хэдэн жилийн өмнө ийм л байсан. Харин одоо бид үзэл баримтлалаа шинэчлэн өөрсдийгөө тодорхойлж байна гээд дараах зүйлсийг хүүрнэв. Мунхаг миний ойлгож буйгаар бол ЛАН нь Монголоор бол Ардчилсан нам, Японы ардчилсан нам нь МАХН болоод байх шиг. Хальт зүйрлэн жишвэл. Учир нь одоогийн эрх баригч нам буюу Ардчилсан нам зүүний чиглэл буюу нийгмийн халамж, бүх хүнийг тэгш байлгах гэсэн зарчим дээр суурилсан зарим нь популист гэмээр амлалтуудыг өгөн сонгуульд ялсан түүхтэй. Жишээ нь хүүхдийн мөнгө (3 хүүхэдтэй айл жилд 1 сая орчим иэн хүүхдийн мөнгөнд авах юм билээ), хурдны замыг төлбөргүй болгоно гэх мэт. Мань эр яагаад өөрийнх нь нам нь үзэл баримтлалаа эргэн харж буй вэ гэхээр аль аль нам нь ардчилсан зарчмыг гол жанжин шугамаа болгодог бөгөөд хоорондоо ялгарах юмтай байж өрсөлдөгч болно. Ялгарахгүй, яг ижил зорилготой бол хоёр тусдаа нам байх угаасаа ямар ч шаардлага байхгүй гээд дараах ялгааг тайлбарлаж өгөв. Либерал ардчилсан нам аль болох цомхон засгийн газар, эдийн засаг, баялгийн өсөлтийг дэмжиж байгаа бол Ардчилсан нам нь нүсэр бүтэц бүхий төрийн дэд бүтэц, нийгмийн баялаг, эх үүсвэрийг ард иргэдэд тэнцүү хуваах зарчимтай ажиллаж байна. Цаашид улс төрийн карьераа хийн дээшлэхийн тулд мань эр дараах зүйлсийг төлөвлөж, саналаа бүр танхимдаа уламжлаад амжсан юм билээ. Үүнд, Японы том компаниудыг төрөөс дэмжин татаас өгдөгийг болиулах (ялангуяа цагаан будааны салбарт асар том татаас улсаас өгдөг юм байна), гүйцэтгэх засаглалын нилээд их эрх мэдлүүдийг орон нутгийн өөрөө удирдах нэгжид шилжүүлэх, хэт их байгаа дүрэм, журам, хязгаарлалтуудыг цуцлах гэсэн гурван том ажил байгаа аж. Энэхүү саналаа баталгаажуулан маш сонирхолтой тоо баримтуудыг дурдав. Жишээ нь, Нарита ба Ханедагийн нисэх онгоцны буудлуудыг дотоод ба олон улсын нислэгээр нь ангилсан журам гаргаснаас болж аль аль өрсөлдөх чадвараа алдаж дунд нь Сеүл дахь Инчонийн нисэх онгоцны буудал олон улсын нислэгийн хамаг орлогыг нь сорж буй аж. Хуучин цаг сайхан байхад Япон улс өрсөлдөх давуу талтай байсан бол одоо Хятад улстай хямд зардал бүхий үйлдвэрлэл дээр өрсөлдөхөд хүнд болж буйг дурдаж байв.

Хэрвээ би ерөнхий сайд болбол (манай сургуулийн зарим профессорууд дараагийн ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн нэг гэж хэлж байсан) Коизумигийн эхлүүлээд дутуу үлдээсэн ажлуудыг дуусгана гэж хэлснээс гадна одоогийн ерөнхий сайд нэг их удахгүй, дараа оны дунд хүртэл албан тушаал дээр үлдвэл их юм гэж тун итгэлтэй хэлнэ билээ. Үүнийгээ дараах зүйлсээр нотлохыг оролдов. Японы төсвийн алдагдал 800 триллион иэнд хүрсэн бөгөөд орон нутгийн төсвийн алдагдлыг оруулбал энэхүү тоо 1100 триллионд дөхөж буй аж. Гэтэл Японы санхүүгийн баялаг буюу нийт хөрөнгийн үнэлгээ одоогийн байдлаар 1400 триллион байна. Энэхүү улс жилд ойролцоогоор 46 триллион иэн төсвийн орлого хэлбэрээр цуглуулдаг агаад үүний 36 триллионийг татварын орлогоор, үлдсэн 10 триллионийг төрийн бусад үйлчилгээ, хураамжаас цуглуулдаг аж. Гэтэл одоогийн эрх баригч намын амласан сонгуулийн амлалтын өртөг нь 97 триллион болоод байгаа бөгөөд зөрүү болох 50 триллион иэнийг хэрхэн, хаанаас босгох нь бараг тодорхойгүй бөгөөд үүнээсээ болоод Хатояама тус удахгүй огцорно гэж байх юм. Тун удахгүй улс төрийн хямрал болно. Энэхүү популист амлалтаас болоод Япон хүн бүр хохирол амсах том эрсдэлтэй буйг хэлж байв. Харамсалтай улстөрчид үүнийг тоохгүй ирэх жил болох парламентийн дээд танхимийн сонгуульд хамаг анхаарлаа тавьж байгааг хурцаар шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл no policy but power буюу ямар бодлого байхгүй мөртлөө эрх мэдлийн төлөө үхэлдэж байна гэмой.

Хэрэв ЛАНам засгийн эрхэнд гарвал цагаачлалын асуудлыг илүү чөлөөтэй болгоно гэж ярьж байв. Учир нь Японы хөгширч хүн хүн ам. Зүй нь залуу үеийн татварын мөнгөөр тэтгэврийн хүмүүсийн тэтгэвэр, халамжийг бүрдүүлдэг. Гэтэл залуу хүмүүс ба тэтгэврийн хүмүүсийн харьцаа нь тэнгэр газар шиг зөрүүтэй болж буйгаас гадаадаас ажиллах хүчин оруулж байж энэхүү зөрүүг нөхөхөөс өөр аргагүй гэж баталж байна. Япончууд залуу ажиллах хүчин бэлдэхийн тулд өнөө шөнө “хүүхэд хийлээ” гэхэд 20 жилийн дараа л тэрхүү хүүхэд эдийн засгийн баялаг бүтээж эхэлнэ буюу “It takes 20 years for baby to be in shaped to work” гэж үнэнгээсээ хэлж байв. Тэр хүртэл хүлээвэл Японы эдийн засаг аль хэдийн нураад унасан байхыг баттай хэлсэн. Насны пирамид зурвал Японы улсынх уруугаа харсан пирамид болоод байгаа юм билээ үнэхээр.

Японы санхүүгийн салбарын хэт хаалттай бодлогын талаар асуухад санал нэг байгаагаа хэлээд хязгаарлалтуудыг аль болох багасгаж гадаадын санхүүгийн институцуудыг аль болох олноор оруулж ирэхийг ямагт дэмждэг ба цагаачлалын асуудал ба санхүүгийн эрх чөлөөний асуудлаас болоод Гадаад хэргийн сайдтайгаа хонь, чоно болоод байгаагаа биднээс нуусангүй. Гэхдээ ЛАН ямагт хөдөө аж ахуй, банк, автомашины үйлдвэрлэлийг дэмждэг. Үүнд Сони, Тоёота, Рохм зэрэг хагас дамжуулагчийн томоохон үйлдвэрүүд орох агаад нууц нь ЛАН эдгээрээс голлох санхүүжилтээ авдаг аж. Тэрийгээ харин ч ёстой шударгаар хэлж байна лээ дээ. Коузимиг огцруулсан шалтгаан нь түүний хийж эхэлсэн огцом реформ нь хүмүүсийг сандал, ширээнээс нь салгах эрсдэлд хүргэн нийтээр дэмжигдээгүй юм байна. Аль аль нам дотор байх томоохон фракцуудын талаар бас дурдаж байна билээ. Энэ хоёр намын гол том ялгаа нь ЛАН бизнесменүүдийг түшиглэдэг бол Ардчилсан нам Үйлдвэрчин, Хөдөлмөрчдийн Эвлэлийг түшиглэн стратегийн харилцаатай ажилладаг аж. Үүнээс л энэхүү хоёр намын гол ялгаа, жанжин шугам мэдрэгдэх буй заа. Мань эрийн хэлж буйгаар энэ хоёр нам арав, арван жилээр ээлжлээд төр бариад явбал яг таарна гэж байв. Учир нь ЛАН гараад арван жилийн турш баялаг бүтээх, бизнесийн дэмжих, төрийн дэд бүтцийг цомхон болгох дээр ажиллаад, дараагийн арван жил Ардчилсан нам төрийн эрх мэдэл, нийгмийн халамж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэх мэт. Амлалтаа биелүүлэх мөнгө босгохын тулд тун удахгүй Ардчилсан нам архи, тамхины татварыг нэмэх гэж байгаа агаад дараагийн шатанд чинээлэг хүмүүсийн татварыг нэмэх сурагтай.

Энэ хүн байгаль орчин, хүрээлэн буй орчны талаар маш эмзэг бөгөөд сайхан үзэл баримтлалтай явдаг юм байна. Байгаль орчноо одоо л бид аврахгүй бол оройтлоо гэж халаглах агаад улс бүр төсвийнхөө 25%-ийг байгалиа хамгаалах, байгаль орчинд халгүй технологи хийхэд зарцуулах ёстой. Хувь хүн ч гэсэн адил. Энэ нь нийт таны орлогын 25 хувиас шууд хасагдана гэсэн үг биш, таны орлого жил ирэх тусах өсч байгаа тул орлогын өсөлт чинь л энэ хувиар буурна. Хүмүүс цэвэр орлого нь шууд энэ хувиар буурах юм шиг бодоод байдаг гээд график зуран тайлбарлав. Одоо орлогын 25 хувиа зарцуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа амьд үлдэхийн тулд хүн төрөлхтөн бүх орлогоо байгалиа хамгаалахад зарцуулах болно гэж хатуухан хэлж байна.

Хэрвээ би ерөнхий сайд болвол гадаад тусламжийг 50%-р шууд танана гэж байв. Буцалтгүй тусламж гэхээс илүү хөрөнгө оруулалт дээр анхаарна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж Японы улсын байр суурийг булааж буй Хятад улстай маш анхааралтай харилцана гэсээр яриагаа өндөрлөв. Ирак руу Япон цэрэг явуулахыг хатуу эсэргүүцэж байсан агаад шалтгаан нь тэрхүү дайн нь үнэхээр дайн мөн байсан уу. Иракаас цөмийн зэвсэг олдсон юм уу. Дайн үүссэн шалтгаантай одоо хүртэл санал нэг биш байдаг тул хэзээ ч Ирак руу цэрэг явуулсан шийдвэрийг дэмжихгүй гэж байна. Парламентийн хурлаа бараг таслаад хулгайгаар танай сургууль дээр энэхүү ярилцлаганд ирлээ. Хэвлэлийнхэн намайг асуувал би энд байгаагүй шүү гэж хошигносоор бидний үдэв. Энэ агшинд аавдаа элэгээ өгсөн түүний үйлдэл миний сэтгэлийг хөдөлгөсөн хэвээр буйг анзаарав. Ямар их эрч хүч, ямар их агуу сэтгэл, ямар их эерэг энерги авав аа өнөөдөр! Мань эрийн таамаглал, мэдрэмж үнэн бол тун удахгүй Японы улс төрд хөөрхөн бужигнаан үүсэх нь дээ.

Friday 13 November 2009

Clever Hans – Feeling

Mid-term exam дуусч зав зай арай уужуухан болж байна. Mid-term exam давсаны дараа “жинхнээсээ” энэ сургуулийн оюутан гэж цоллуулдаг гэнэ. Энэ улиралд бизнес харилцааны хичээл заавал үзэх ёстой хичээлүүдийн нэг байсан агаад түүнийг нь дуусгаад ахисан түвшний курсийг нь сонгон бараг өндөрлөж байна. Харилцааны хамгийн дээд түвшин бол ярьж байгаа хүнийгээ, сонсож байгаа хүнийгээ мэдрэх бөгөөд профессор үүнийг тайлбарлахдаа дараах нэгэн сонирхолтой түүхийг жишээгээр авсан юм.

1900-д оны үед Hans хэмээх нэртэй жирийн нэгэн араб адуу чухам од болон гялалзаж байв. Учир нь эзэн нь түүнд тоо бодохыг зааж өгсөн байна. Морь ч тоо нэмэх, хасах, хуваах, үржүүлэх, тэр байтугай квадрат зэрэгт дэвшүүлэх зэрэг үйлдлийг бодон хариугаа хөлөөрөө газар товшин хариулдаг байжээ. Олон ч судлаачид очиж судлан заль мэх хэрэглэсэн юм байхгүйг тогтоогоод зогсохгүй уг адууны сэтгэн бодох чадвар нь 14 настай хүүхдийн түвшинтэй ажил байгааг баталгаажуулжээ. Морь, эзэн хоёрын цуу алдар Pfungst хэмээх сэтгэл судлаачийг ирэх хүртэл дэлхий даяар цуурайтаж байв. Мань сэтгэл судлаач юуг олж тогтоосон бэ гэвэл алдарт морь маань тоо бодсон юм байхгүй харин зөв хариу хэлэхийг хүлээн өмнө нь догдлон зогсож буй хүмүүсийн сэтгэлзүй, үйл хөдлөлийг мэдэрч чаддаг байсан байна. Жишээ нь, нэг хүн 10 дээр 58-ийг нэмэхэд хэд вэ гэхэд адуу маань туурайгаараа газар товшиж эхэлдэг байна. Үзэж байгаа хүмүүс ч сэтгэл нь догдлон бүгд өөрийн эрхгүй урагш тонгойн хамаг анхаарлаа адуун дээр хандуулах бөгөөд морь хөлөө товшихоо больж дутуу хариулбал хүмүүс шаагилдаж эхэлнэ. Үүнийг морь мэдрэн зөв хариунд хүртэл туурайгаараа товшин хүмүүс баярлан, дуу алдан, хойшоогоо тонгойн алга таших хүртэл уг үйлдлээ үргэлжлүүлдэг байсан байна. Судлаач хэлэхдээ уг адуу эргэн тойрны 20 метр дотор хүмүүсийн 1 мм-ийн хөдөлгөөнийг алдахгүй харж, ойр байсан хүмүүсийн зүрхний цохилтыг мэдэрдэг байсан гэжээ. Товч түүхийг эндээс үзнэ үү.

Би ч заримдаа адуу, малнаас ч дор мэдрэмжтэйгээ мэдрээд байгаа. Өнгөрсөн ажлын туршлагуудаа хараад байхад голлон гаргасан алдаанууд минь хүнтэй харилцах явцад гаргасан алдаанууд байх. Олон ч хүн надад зарим үед хэт шулуухан байна гэж хэлж байсан. Энэхүү хичээлийг заасан хүнийг Prof. Robert Burnside гэх бөгөөд Toyota, NTT DoCoMo (Японы топ мобайл оператор), Citigroup, Morgan Stanley зэрэг том компаниудын гүйцэтгэх удирдлагуудад манлайлал, харилцааны урлагийн зөвлөгөө өгч ажилладаг аж. Өнөөдөр тусгайлан цаг авч байгаад өөрийнхөө талаар зөвлөгөө авав. Гол зөвлөсөн зүйл нь Assertiveness гэдэг зүйлийг сайн судал гэв. Гол санаа нь бусдын эрхэнд халдахгүйгээр өөрийн эрхийг эдэл. Бусдыг мэдэр. Асуудал үүсвэл хүнтэй нь биш асуудал руу нь довтол гэсэн утгатай. Би эргээд болж бүтэхгүй асуудлын цаана хэн нэгэн хүн л байж таарна шүү дээ. Хүнтэй нь ярихгүй, дурдахгүйгээр яаж асуудлыг нааштай шийдэх вэ гэж маргахад тэрийг чинь л улс төр гэдэг юм гэж байна даа хөө. Гэхдээ намайг урамшуулсан зүйл нь шийдвэр гаргаж чадахгүй дүлэгнэсэн, бөөрөнхий хүнээс зөв ч бай, буруу ч бай шийдвэр гарган, болж болохгүй байгаа асуудлыг ил тод хэлдэг хүн нь алсдаа хождог гэсэн өгүүлбэр нь байв. Мэдээж улс төрч л болохгүй бол шүү дээ.

Бас нэг жишээ санаанд оров. Англи хэлнээ To point people буюу хүн рүү чичлэх гэсэн хэлц байх. Чи хүн рүү чичилж байгаа үед долоовор буюу ганцхан хуруу чинь тэр хүн рүү зааж байхад дунд, ядам, чигчий гэсэн гурван хуруу чинь эргээд чам руу чичилж буйг ямагт анзаарж, анхаарч бай гэсэн утгатай. Одоо бодоход ажил, амины асуудлаас болж нижгээд хүнд пүл пал хэлтэл нь хэлж гомдоож байсан байх (чичилж байгаагүй санаж байна шүү). Хэдий тэр үед хувийн түвшинд миний хэлж буй битгий хүлээж аваарай гэж хэлж байсан ч энэхүү бичлэгээр дамжуулан хүлцэл өчье. Аль аль талдаа алсдаа сургамжтай том туршлага болсон гэдэгт харин ч нэг эргэлзэхгүй байнам.

Verdana хэмээх энэхүү фонтыг компьютерийн дэлгэцэнд зориулан бүтээсэн юм байна. Иймээс өнөөдрөөс эхлээд энэхүү фонтыг блогтоо ашиглаж байхаар шийдэв. Юм болгон цаана нарийн нандин учир жанцантай байдаг аж. Харин тэр болгоныг нь мэдрэх мэдрэмж хүн болгонд заяагаагүй юм шиг. Хамгийн шилдэг илтгэгчид, хүмүүсийг мэдрэн өөртөө татагч нар бол шашны байгууллагын төлөөлөгч нар болов уу. Яагаад хүмүүс лам хар дээр гүйж очоод байгаа вэ. Учир нь лам нар нь тэр хүмүүсийг хэн хүнээс илүү мэдэрч, нөгөө хүмүүс нь лам нартаа итгэн бүх юмаа хааж нуулгүй ярьж харилцан мэдрэлцэж байгаа хэрэг бус уу. Ламаа боль гэхэд ядаж л хажуу хавирганы хүмүүсээ эхэлж мэдрэн араб адуунаас дээр амьдрах нь хүн болж төрсний үүрэг нөгөө талаасаа бахархал буй заа. Харин эхнэр ба нөхөр, ээж ба хүү, дарга ба ажилтан хоёр өөрсдийн ажилтай холбоотой асуудлаа хоорондоо ярилгүй тус тусдаа лам хар дээр очиж үзүүлж байвал жаахан тиймхэн л юм. Эхлээд бүгдээрээ эргэн тойрноо мэдэрцгээе! Магадгүй хайр чинь, амжилт чинь, аз чинь яг хажууд чинь “өрвийчихөөд” сууж байх бий вий.

Monday 9 November 2009

Steve Jobs and …


Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно.

Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн.

1.     Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална.       
2.     Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING.  
3.     Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. Энэхүү түүхийн гол мессэж нь STAY HUNGRY AND STAY FOOLISH.

Та бүхэн бүтэн бичлэгийг нь эндээс үзнэ үү.

Энэхүү эрхэмтэй төстэй ч гэх юм уу түүхтэй нэгэн Монгол залуугийн тухай мэдээлэл байдаг. Анхны эх сурвалжийг нь санахгүй байгаа тул хуулж авсан хэсгээ энд оруулав.

"Londongiin city-d odogoor TOP job-d 3 Mongol Ajilaj Baigaa. Mizuho grouped- Senior Dealer and Head of the Treasury Department- Ul*** baigaa... ... ... Edgeer zaluus Mongoliin money idej gadaadad amidarj baigagui, har ajil hiij baigagui. Uursdigaa surtachilj PR hiij baigagui. Gantshan Tolgoigoroo ajilaj odoo bugdingiinhan orlogon jildee hagas saya pound or euro shuu dee. Bonus oruulbal barag saya hureh baih shuu gehdee Ul*** last year bonusan 1.3 saya Pound bolson doo. City-d ajiladag Mongolchuudin TOP hundee.Tsaadah chin hoer jiliin umnu Erdenet ochij usuj tursun huuhdin asran humujuuleh gazartaa 120 myangan $ handivlasan yum bilee."


"Za yahav udaan bodsonii etsest Ul*** talaar bicheye gej bodloo. Yagaad gevel bi ter huuner unen baharhdag yum. Ul*** 39 jiliin umnu Uvurkhangai aimgiin hujirt sumand tursun yum bilee, 6 sartai baih dan aavan zudiin uer osgoj uhsen yum bilee tegeed eej taigee tsug 2 nastai baihdaa Erdenet hotod irsen yum. Haramsaltain 3 nastai baihadan eejen Erdenet uildvert aavaraas bolj burhan bolson yum. Baga nasaa ter chigeren huuhdin asran humujuleh gazart unguruj hentii aimgiin heliin zastavt 2 jil alba haasan gesen. Daraan erdenet uildvert mehanigchaar ajilaj baihdaa UB-d Yaponii tsasgiin gazriin tetgelegt shalgalt uguud tentsej Tokyo- hotod baih Waseda giin ikh surguild bank sankhuugin chegleler Bachelor hiisen yum daa. Waseda-d surj baihdaa money olohiin tuld nutag negt mongolchuudin adil aya ugaaj sonin taraaj amidarch baih uedee Yaponii top bank boloh Mizuho Corporate Bankind internship hiih bolomj oldson yum bilee tegeedl odoo Boltol mizuho grouped ajilaj bain daa. Mizuho grouped ajilaj baih daa Company haa zardlaar Anglid baih Aberdeen Universy-d MBA hiisen gesen daraan Tokyo-doo butsaj ireed Bankindaa ajilaj baihdan London-dah salbaryn Treasury Departmentiin udirdulahaar yavulsan yum bilee. tend ajilaj baihdaa odogiin Ehner *** (Japan Airlines ajiladag) tai taniltsaj gurvan jiliin daraan Kyoto-d hurimaa hiisen gesen. Ul***iin neg helsen yum tolgoinoos erosoo gardagui yum yuu gevel Erdenet ees UB-d Yaponii elchingiin shalgalt uguhiin tuld Nursnii vagon deer tulaichilj irsen yum bilee Harim odoo London-Tokyo hoorond Bankniihaa top managementei ga tsug private jet aar nisej baihav dee. Ingeed bodohleer hun eron tolgoigoo sain ajillulbal Mash hurdan amjiltand hurdeg yum bilee. Bas tsadah chin Gantsardahiin zovlong sain medne yuu gevel Waseda-g tugsuj baihdah hench bayar hurgeye gej baigagui, yamarch hamatan sadan baihgui, eej aav iren gej baihgui uneheer setgel uvdmuur yum bilee. Bas neg yum yuu gevel Waseda-d sur baihdaa mani nuhur Mongoliin Sangiin Yamand oroh gesen chin oruulagui yum bilee Bidnii tsoohon Mongolchuud iim shildeg bolson kadruuda ad uzej hahuuli ugsun idsen ulsuuda teeshen gargaj baidag unen haramsmaar. Nursnii vagond tulaichilj baisan hun odoo TOP bamkind top ajil hiij bain gej bodohoor unen baharhmaar baigaa bizdee. Yahav heden mongolchuud atarhaj bolno, muu helj bolno gehdee Banknii salbart ajildag bid nart Ul*** bol Mr. Hero yum ."


Аль аль түүх нь хүсэлт тэмүүлэл, тэрхүү хүсэл тэмүүлэлдээ хүрэх итгэл үнэмшил, тууштай байдал байгаад байна залуусаа. Ингэхэд та бүхэн бүгд өөрийн хүсэл тэмүүллээ тодорхойлж амжсан байгаа юу?

Wednesday 4 November 2009

Viral marketing

Viral marketing хэмээх ойлголт байх аж. Хүргэж буй мессеж, мэдээлэл хүмүүсийн дунд вирус мэт тархана гэсэн утгатай юм уу даа барагцаалан орчуулбал. Ухаан нь дээр үеийн Монгол кинон дээр гардаг даа. Хүүхээ, тэнд эртүүд нэг тийм юм болж гэж улсууд цугаараа ярих юм. Аятайхан юм болсон дог шүү. Юу болсон юм бол, мэдээгүй биз айн?

Хүмүүсийн дунд ам дамжин яригдаж буй мэдээ, мэдээлэл бол яах аргагүй хамгийн хүчтэй зэвсэг юм. Компани болгоны маркетингийн менежер, захирлууд өөрсдийнхөө компанийг (мэдээж сайн талаараа) ийнхүү хүмүүсийн хооронд ам дамжин яригдаасай гэж мөрөөддөг. Энэхүү мөрөөдөл компанийн соёл, харилцагчид нартаа хүргэх үнэ цэнэтэй нийлэн компанийн эрхэм зорилгыг тодорхойлдог болов уу.

Дийлэнх Монгол компаниудын явуулж буй маркетингийн стратеги нь бид шилдэг, бид мундаг, бид цорын ганц гэсэн гол мессежийг баруун солгойгүй цацаж байгаа. Энэ мессеж хүмүүсийн чихэнд хүрч байгаа болохоос зүрхэнд нь хүрэхгүй байгаа гэж тааж байна. Хар ухаанаар бодоход Дорж эсвэл Дулмаа өөрийгөө би шилдэг нь шүү дээ, надаас өөр мундаг хүн энэ хавьд байхгүй дээ гээд чамтай уулзах болгондоо өөрийгөө магтаад байвал танд ямар сэтгэгдэл төрөх бол? Магадгүй хэдэн уулзалтын үеэр за шилдэгүүдийн нэг байж магадгүй гэж бодох боловч арван уулзалтын дараа ямар тэнэг залуу эсвэл хүүхэн бэ гэж хүмүүс дотроо эхэлж бодох өндөр магадлалтай. Ямар хүнийг сайн хүн, дажгүй хүн гэж та үнэлэх вэ? Хэлсэндээ хүрдэг, ажлаа чанартай хийдэг, түрэмгий биш энэ тэр гээд хэдэн гол үзүүлэлтүүд байх. Чухам тиймэрхүү хүмүүс л ам дамжин хүмүүсийн дунд яригдаж, барааг нь хараагүй хүн хүртэл тэр хүн их дажгүй хүн юм гэсэн хэмээн автоматаар эерэг төсөөлөлтэй болдог.

Яс юман дээр компанийн маркетинг чухамхүү ингэж явагдаж гэмээнэ бизнесийн салбарт тогтвортой ажиллаж, урт хугацаанд ашиг хийх ажгуу. Үүнийг л ухаан нь Viral marketing гээд байх шиг байгаа юм. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь энэ тос сайн тос, чи найзыгаа бодоод заавал авч нүүрэндээ түрх гэдэг сүлжээний бизнес биш. Хэдий тос зарж буй хүн тухайн тос, компанийг бусдад сурталчилж барааг нь зарж буй боловч зарсан барааны тоо, хувиар авч буй урамшуулал, бонустаа урамшин энэхүү ажлыг хийж буй. Үүгээрээ энэхүү Referral marketing нь Viral marketing-с ялгагдах аж.   

Сүүлийн үед зарим нэг компаниуд YouTube-ийг маркетингийн хэрэгсэлдээ өргөнөөр ашиглах болжээ. Үүний нэг гайхалтай жишээ нь BooneOakley хэмээх компани юм. Юу гэвэл уг компанийн вэбсайтаар ороход уламжлалт вэбсайт руу хандахгүй бөгөөд шууд YouTube дээр хийсэн компанийн танилцуулга руу орж байна. Энэ маркетингийн дараагийн түвшин мөн үү?

Сүүлийн үед компаниуд нийгмийн хариуцлага хэмээх их ярих болсон. Эдгээрийн дийлэнх нь үндсэн бизнес буюу бараа, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэж, харилцагч нараа сэтгэл ханамжтай байлгаж чадаагүй, чадахгүй байгаа хирнээ хэт “глобаль” юм яриад, шал өмнөө юм хийгээд явах нь жаахан утгагүй л харагдах юм билээ. Английн T-Mobile хэмээх гар утасны компанийн энэ оны нэг сард цацагдсан нэгэн өвөрмөц реклам энэ байна. 

“Life’s for sharing” гэсэн уриатай хийгдсэн энэхүү арга хэмжээнд гурван зуу гаран хүмүүс оролцсон агаад метроны буудал дээр олон нийтийн дунд санамсаргүй байдлаар гэнэт хийсэн энэхүү арга хэмжээ нь нэг хэсэг хүмүүсийн дунд ам дамжин яригдсан бололтой. Хэсэг хугацаанд олон хүмүүсийг хөгжөөн, эерэг энерги бэлэглэсэн энэхүү “күүл” ажил нь бараг уг компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж хэлэхэд болохгүй мэт.