Friday 22 June 2012

Let us make ethical revolution more than economic revolution

Эдийн засгийн бус этикийн хувьсгал хийе

Хувьсгал гэдэг үгийг заавал үймээн самуун, бослого хөдөлгөөнөөр ойлгох албагүй болов уу. 20 гаруй жилийн турш бид нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийсээр ирлээ. Ижил зорилгод өөр өөр арга замаар хүрэхээр тэмүүлж буй улс төрийн ялгаатай үзэл бодол бүхий намууд энэхүү өөрчлөлтүүдийг хийх явцдаа өөрсдөө ч гэсэн багагүй хөгжиж, төлөвшиж авсан байх.

Ямар ч тушаал шийдвэрийг гаргах, гаргасны дараа хүчээр байна уу, аясаар нь байна уу хэрэгжүүлэхэд  амархан мэт боловч хүмүүсийн ухамсарын түвшинд хүртэлх гүнзгий өөрчлөлтийг хийхэд багагүй хугацаа шаардлага гэдгийг бидний жишээ маш тодоор харуулж чадна гэж бодож байна.

Улс орноо хөгжүүлэх, сайхан амьдрахыг адгийн архичингаас авахуулаад бүхий л улстөрчид нь бодож хичээдэг л байх. Гэхдээ хувийн явцуу сонирхол бүхий санхүүгийн сахилга батгүй, мэргэжлийн ёс суртахуунгүй нөхдүүд төрийн, бизнесийн, анги хамт олны, өрх гэрийн бүхий л түвшинд тааралдаж байдаг. Тааралдахаар барахгүй заримдаа биднийг удирдахаас гадна бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг шийдэх шийдвэр гаргах түвшинд гаргадаг, гарахад нь ч өөрсдөө ч мэдэлгүй тусалсан байдгаа гарсан хойноо л мэдэж араас нь харамсах аж.

Бизнесийн түвшинд энэхүү байдал харьцангүй гайгүй байна гэж хэлж болно. Монгол компаниуд олон улсын зах зээл дээр гарч эхэлснээс гадна хаалттай компаниудыг нээлттэй болоход нь хөшүүрэгдэж санхүүгийн дэд бүтцүүдийг бий болгоод байна. Үүнтэй уялдан компанийн сайн засаглал гэж олон жил яригдаж багагүй ч ажил хийгдэж буй ч үүний дараагийн түвшин болон компанийн эзэд болон эзэн гэр бүлийн засаглал гэсэн томоохон сорилт Монгол компаниудад тулгарч эхэлж байгаа. Хувийн өмчийг 8 настай балчираас 80 настай буурай хүртэл яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн нь ардчилалын гол үнэт зүйлсийн нэг боловч яаж тэрхүү хувийн өмчтэй болох нь хувь хүний боловсрол, овсгоо, ур чадвараас гадна ёс суртахууны маш том сорилт юм.  

Анги, хамт олон, гэр бүлийн хүрээнд өөрт ногдсон ажлыг аль болох өөр дээрээ эрсдэл багатайгаар буюу хариуцлага хүлээхгүйгээр, хурдан хугацаанд, нүд хуурч, бусдыг ашиглаж хийхийг оролддог, хийдэг хэсэг ч элбэг байдаг. Эдгээр хүмүүсийг саяхныг хүртэл бид ямар овсгоотой юм, ямар сэргэлэн юм, ямар овоо юм гээд магтдаг байсан. Тэр чинээгээр тэд өөгшиж 5 найз, ангийн 30 хүүхдүүдийнхээ өмнө хийдэг байсан үйлдлээ бизнес болон төрийн түвшинд зоригтой хийдэг болсон бус уу? Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг ч бүтээлч буюу асуудлыг шийдэх шийдэл бүхий шүүмж манай нийгэмд асар их дутагдаж байна.   

200,000 дөнгөж гаруй өндөр настнууд, 70,000 хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн эмзэг бүлэг,  60,000 орчим ажилгүйчүүд иргэдээс бүрдсэн 3 хүрэхгүй сая хүнийг жилийн 10 гаруй хувийн өндөр өсөлттэй 8 гаруй тэрбум ам.доллар бүхий эдийн засгаар дамжуулан улсад бүртгэлтэй 60,000 орчим аж ахуйн нэгжүүдийг оролцуулан, зах зээлийн үнэлгээ нь 1.3 триллион ам.доллар бүхий шуугиулаад байгаа уул уурхайн том  10-хан ордуудыг ашиглах эрх бүхий шийдвэрийг гаргах 76-хан Монгол хүнийг сонгох, эргээд нөгөө 3 хүрэхгүй сая Монгол иргэд өөрсдөө төрийн эрх барихаар сонгогдох эрх нь нээлттэй байгаа бидэнд. Энэ бол шинжлэх ухааны хүнд сонголт биш, энэ бол урлаг, уран сайхны түр зуурын сонголт бүр ч биш. Харин ёс суртахуун буюу этикийн сонголт гэж бодож байна.

Хэн нэгнийг дохиж ажлаа хийлгэдэг, хэн нэгний дохиур болж амьдардаг хүмүүсээс бид нийгмийн бүхий л түвшиндээ салах цаг нь болжээ. Сонгогдох гэж хүмүүсийн этикээс илүү сонгогч олны ухамсарын түвшин, төлөвшил бүхий л юмны үндэс суурь юм.

Зүрх ба толгой хоёрын тулаанд ходоод хождог гэсэн нэг хэлц байдаг юм гэсэн. Эдийн засаг хэдий чухал ч этикгүй эдийн засгийн удирдлага нь чөтгөрийн тойргийг үүсгэхээс гадна нэг нь унавал бүгд унах тул дохьдог, дохиулдаг нөхдүүдийн зохион байгуулалт улам “төгөлдөрших” аюултай билээ. Улс орны шийдвэр гаргах дээд түвшний институцийг сонгохын тулд бид зарим нэг этикийн доройтолд орсон хүмүүст “ухамсрын шанаа” өгөх өдөр айсуй!

Thursday 14 June 2012

С.Оюун: Улстөр миний хувьд үүрэг, хариуцлага

Сэлэм эргүүлээд том том реформ гэхээс илүү бага багаар байгаа юмнуудаа л сайжруулаад л явах нь илүү чухал байна - Hard work and details

5 жилийн өмнө хүүхдүүдээрээ дамжиж би Оюун эгчтэй анх танилцаж байсан. Тэр үед буюу 2007 оноос бид Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан гэдэг ТББ-р дамжин холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны удирдах зөвлөл хуралдаж холбооныхоо тэргүүн болох С.Оюуныг сонгуулийн үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээгээр дэмжиж оролцох, өөрсдийн чаддаг, мэддэг зүйлээрээ туслах шийдвэрийг гаргасан юм. Би магадгүй миний хамгийн сайн чадах юм нь сайхан чөлөөтэй ярилцлага хийгээд тэрийг нь блогоороо дамжуулан олон нийтэд хүргэх гэж бодлоо. Энэ ч зорилгоор холбооныхоо гүйцэтгэх захирал Ариун, түүний 2 охинтой нь цуг холбооныхоо тэргүүнтэй ярилцага хийлээ. Өмнө нь би Тимтэй энэхүү ярилцлагыг хийж байснаас бус Монгол хүнтэй албан ёсоор ингэж сурвалжлагч шиг ярилцлага хийж байгаагүй юм байна. Онцолж хэлэхэд энэ бол захиалгат бичлэг, эсвэл цэвэр улс төрийн сурталчилгаа огт биш бөгөөд би хувьдаа хүндэлж явдаг хүнийгээ өөрийн нүдээр харж, ярилцаж, мэдэрч, эргээд энэхүү мэдрэмжээ миний блогийг уншдаг та бүхэнтэй хуваалцахыг зорьсон билээ. Харин миний бичлэгүүдээс хааяадаа авч сайт дээрээ тавьдаг сайтуудын хүмүүсийг энэхүү бичлэгийг олон хүнд тараавал бид их баярлах болно.

-Та бид хоёр холбоогоор дамжин танилцсан ч ингэж тухтай ярьж байгаагүй юм байна. Өмнө нь ажил хэргийн шугамаар уулзаж, таны талаар сонин хэвлэлийн түвшинд л мэдээлэлтэй байдаг. Одоо тухтай ярилцаж намтарыг тань сонсмоор байна.
-Нээрээ бид хоёр тухтай ярилцаж байгаагүй юм байна. Би 1964 онд Улаанбаатарт төрсөн. Аав маань Санжаасүрэн гээд Дорнодын Дашбалбарын гаралтай буриад хүн байсан. Багш, түүхч мэргэжилтэй, төлөв даруу, номын хүн байсан. Ээжийг минь “Сэрэлт” кинонд тоглосноор нь хүмүүс мэддэг. Доржпалам гээд эмч мэргэжилтэй, анагаахыг төгссөн. Анагаахад сурч байхад нь буюу оюутан байхдаа “Сэрэлт” кинонд тоглосон байдаг. Ээж ааваасаа гурвуулаа хоёр ахтай. Бид 23 дугаар сургуулиар хүмүүжсэн. Сургуульд орохоосоо өмнө бичдэг, уншдаг болоод хичээл номоо ах нартайгаа хамт хийдэг байлаа. Яагаад ч юм өөрөө болъё гээгүй байхад л ангийн дарга, пионерийн бүлгэмийн зөвлөлийн дарга болсы дарга болчихдог байсан. Гэхдээ хувь хүн талаасаа би өөрөө амбиц их багатай л даа. Магадгүй энэ нь улс төрчийн хувьд сул тал байх. Дарга болъё гээгүй байхад болчихсон байдаг. Тиймээс заримдаа би өөрөө өөрийнхөө эсрэг яваад байгаа юм шиг санагддаг л юм. Улс төрд оръё өөрөө хүсээд зүтгээгүй л дээ. Харин дараа нь ахынхаа нэр хүнд, олон түмний хариуцлага, итгэлийг дааж өндөр хариуцлагатай явах ёстой гэж бодон хичээж явдаг болохоос ерөнхийлөгч болно, ерөнхий сайд болно гэж амбицалж байсангүй. Ард түмэн их том итгэл үзүүлсэн болохоор амбицаас илүү хариуцлагыг эрхэмлэж явдаг. Итгэл даах ёстой, надад итгэж байгаа хүмүүсийнхээ төлөө ямар нэг юм хийх ёстой, нэг л том хариуцлага юм шиг бодогдоод өнөөг хүртэл улс төрд явж байна.
-Таньтай нэгэнт уулзсаных улс төр, түүний систем, дэд бүтэц, зохион байгуулалтын талаар бас ярилцаж, мэдээлэл авмаар байна. Энгийн жишээгээр сонгуулийн мажоритари ба пропорциональ системийг тайлбарлаж өгөөч?
-Пропорциональ систем гэдэг нь сонгогч намд саналаа өгнө. Улстөрийн намууд жагсаалтаа гаргаад авсан саналын хувиараа парламентад суудал авна. Тухайлбал, бид нийт сонгогчдийн 10 хувийн санал авлаа гэхэд парламентад бүлэг байгуулах хэмжээнд хүрнэ гэсэн үг. 2008 оны сонгуулиар 11 хувийн санал авсан юм. Мажоритар систем нь нэр дэвшигч тойргоос санал авч парламентад орж ирнэ. Нам сонгогчдын 10 хувийн санал авсан ч парламентад нэг ч суудалгүй үлддэг “Winner takes all” буюу ялагч бүгдийг хамна гэдэг зарчмаар энэхүү схем ажилладаг. Тойргоос хүн гарна, аль нэг тойрогт хэн хамгийн их санал авсан нь гарч байгаа юм. Том хүчин зүйлс нь намын рейтинг байдаг. Нийт сонгогчдын талаас бага буюу 40 хувийн санал авсан хирнээ парламентын нийт суудлын 70-80 хувийг авах боломжтой байдаг. Жишээ нь, 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН сонгогчдын 53 хувийн санал авсан боловч парламентын нийт суудлын 95 хувийг авсан байдаг. Тэгэхээр улстөрийн нам хөдөлгөөн эвсээд байсан шалтгаан нь энэ юм.
-Улстөрийн намууд нэгнээсээ хэрхэн ялгарч байна. Юугаараа ер нь ялгарах ёстой байдаг юм бэ?
-Дэлхийд улс төрийн намуудын гурван том үзэл баримтлал байдаг. Социалистууд буюу Социал демократууд (МАН), Консерватив буюу барууныхан (АН), Либерал буюу төвийг сахисан намууд (ИЗНН). Манай намын хувьд төвийг сахисан, аль нэг тал руу туйлшрахгүй, бүх юмыг зах зээлд даатгахгүй, шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэсэн бодлоготой. Хүн өөрөө хөдөлмөрлөж, төр хөдөлмөрийг нь үнэлж амьдрал ахуй нийгэм хөгжинө, харин нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай бүлэгт төр халамжаа үзүүлэх ёстой гэж үздэг.
-ИЗНН-ын мөрийн хөтөлбөр Амьдрал гэсэн нэртэй. Энэ хөтөлбөрийн гол агуулга, зорилго нь юу вэ?
-ИЗНН 2012 оны сонгуульд “АМЬДРАЛ” хөтөлбөртэйгээр орж байна. Үргэлж иргэдийнхээ дунд байж жаргал зовлон, хүсэл тэмүүллийг нь мэддэг болохоор Амьдрал хөтөлбөрийг боловсруулсан.
1. Өрх толгойлсон эмэгтэйчүүд
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
3. Жижиг дунд бизнес буюу хувийн хэвшил гэсэн нийгмийн амин чухал асуудлыг шийдэхгүйгээр ирэх 2020, 2030 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр байх ёстой ч хувийн хэвшлээ дэмжсэн зах зээлийн эдийн засаг байх ёстой. Улс төрийн хариуцлагагүй амлалтыг болиулах цаг болж. Жишээ нь, 21000 төгрөгийг долдугаар сарын 1-нээс эхлэн өгөхөө болино. Одоо хавтгайрсан халамж бус нийгмийн зорилтот бүлэг болох өрх толгойсон эх, халамжлах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ өгөх хэрэгтэй.
-Танай нам хэдэн жил болж байна. Анх байгуулагдахдаа л либераль үзэл баримтлалтай нам гэж явсан уу?
-Үүсгэн байгуулагдаад 12 жил болж байна. Анхнаасаа төвийг сахисан, аль нэг тийшээ туйлшрахгүй, зах зээлд бүх юмыг даатгахгүй, гэхдээ зөвхөн шаардлагатай хэмжээнд төрийн оролцоог байлгана гэж ярьж байсан. Нөгөө талаар бизнесийг дэмжих ёстой, татварыг бууруулах талаар бас ярьж байсан. Энэ нь эдийн засгийн либераль талдаа бодлого юм. Одоо байгалийн баялаг, эрчим хүч гэдэг нь стратегийн түвшинд яригдаж байна. Ийм үед зах зээлд бүгдийг даатгаж болохгүй.
-Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засгийн эрх барих хэрэгтэй. Гэтэл нэг нам хэт олонхи болох хандлага алга. Намууд манайх ялна, тэдэн хувийн санал авна гэж мэдэгдэх болж. Энэ нь сонгогчдын санал өгөх итгэлийг алдаад байна уу?
-ИЗНН-ын хувьд 2008-2012 оны парламентад 3 суудалтай байлаа. Одоо энэ тоог бүлэг байгуулах хэмжээнд буюу 8 суудлаас дээш суудал авахын төлөө ажиллаж байна. Бүлэг байгуулж чадвал парламентад тавих хяналтаа сайжруулж асуудал шийдэх боломж нээгдэнэ.
-УИХ-ын сонгууль асар их мөнгөөр явагдах болж. Мөнгөний сонгууль гэсэн нэр томъёо бий болоод байна?
-Ардчилал хөгжсөн улс орнуудад сонгуулийн зардал харьцангуй цомхон байдаг билээ. Европт гхэд монгол мөнгөөр бодоход 30-50 сая төгрөгийг нэр дэвшигч зарцуулж байх жишээтэй. Гэтэл өнөөдөр Монголд нэр дэвшигч тойрогт 900 сая төгрөг зарцуулсан гэж байх юм. Эрх барьж байгаа том намууд сонгуулийн сурталчилгааны ажлын өртөгийг өсгөөд байгаа нь мөнгөний сонгууль гэх яриаг гаргаад байна. Европын орнуудад сонгуулийн сурталчилгааны үед төлбөртэй сурталчилгаанд маш хатуу хязгаарлалт тавьдаг юм байна лээ. Манайд бас ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн нөлөөнд байна. Хэдий хэвлэл нь, сэтгүүлч нь ярилцлага аваад, бидний мэдээллийг түгээмээр байдаг, надад сайн ч гэсэн эзэд нь улс төрийн хувьд өрсөлдөгчид учир боломжгүй байх жишээтэй.
-Танай нам сонгуульд нийгмийн бүхий л давхаргаас нэр дэвшүүлэхийг зорьсон нь харагдаж байна. Энэ нь зөв үү эсвэл том зургаа харж чаддаг лидерүүдээ илүү төлөөлж сойх ёстой юм уу?
-Улстөрчийн хувьд парламентад орж ажилласан байдлаасаа лидер мөн биш нь мэдэгддэг. Харин салбар бүртээ амжилттай ажиллаж, амьдарч буй олон хүмүүс нийгэмд байгаа. УИХ-д орвол одооны их хурлын лидерүүдээс ерөөсөө дутахгүй ажиллах боломжтой залуус олон бий. Гол нь явцуу эрх ашгийн төлөө явдаггүй зөв хүмүүс л байх ёстой. Манай намаас Алтанхуяг гээд евангилист хүн дэвшиж байгаа. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүсийг асардаг. Энэ залуу яг л хүмүүсийн төлөө явдаг, өөрийн итгэл үнэмшилтэй, өөрөө мөнгө төгрөгөө босгоод л гүйж байгаа. Магадгүй их хуралд орлоо гэхэд макро эдийн засгийн том том тоонууд ярьж, эрчим хүч, уул уурхай гэж ярихгүй байж магадгүй ч нийгмийн халамж, нийгмийн бодлого, эрүүл мэндийн чиглэлээр үнэн сэтгэлээсээ ажиллах хүн. УИХ-д одоо нормальний, улс орноо л гэсэн сэтгэлтэй хүн дутагдаад байгаа юм шиг санагддаг. Бизнесмэнүүд улс төрд орж болно л доо. Гэхдээ дэндүү ихээр орох нь эрсдэлтэй юм. Яагаад өндөр цалинтай, ашиг хийдэг бизнесмэнүүд улс төр рүү шуураад байгаа юм бэ? Бизнесийн мэдээлэл урьдчилан авах, өөрсдийн лоббиг хийгээд явцуу эрх ашгийн төлөө явчих бий л гэдэгт аюул бий.
-Танай намын гишүүд хэд орчим байна одоо?
Түрүүчийн сонгуулиар бид нар 126000 гаран хүний санал авсан гэж тооцохоор бидний дэмжигчдийн тоо 100000 гаруй байна. Яг батлахтай гишүүдийн тоо нь 30000 гаруй хүн байдаг.
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудлыг та анх хөндөж байсан санагдах юм?
-Жендэрийн хууль боловсруулахаас өмнө ярьдаг байсан. 2004-2008 онд сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга байхдаа нэлээд сайн лобби хийж байж эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар батлуулж байсан боловч сонгуулиас өмнө уначихсан юм.
-Энэ 30 хувь зөвхөн нэр дэвшигч нарын хувьд л яригдаж байснаас парламентад суух гишүүдийн 30 хувь биш, тийм үү?
-Мажоритари системийн хувьд зөвхөн нэр дэвшигчид гэж явахаас өөр аргагүй юм байна лээ. Харин пропорцианаль системийн хувьд болдог. Намууд дүрэмдээ 30 хувиас доошгүй нь эмэгтэй байна, эмэгтэйчүүдийн намын жагсаалтын дээгүүр бичүүлнэ гэх мэт аргаар оруулж болж байна. Одоогийн хуулиар 20 хувь болсон байгаа. Манай намын хувьд намын жагсаалтын эхний зургаад хоёр эмэгтэй байгаа бол Ардын намын хувьд эхний аравт нэг л эмэгтэй байх жишээтэй. Тэгэхээр 30 хувийн санал авч байж 1 эмэгтэй гарах нь. Гэхдээ эмэгтэйчүүдийн сонгуулийн явцыг сонсож байхад манай эмэгтэйчүүд сайн явж байх шиг байна.
-Дээр ярьсан бүх юмыг базаад та ИЗНН-ын философи, хэтийн зорилгыг маш товчоор хэлээд өгөөч?
-Бидний хэтийн зорилго сайн засаглалын хамгийн том дуу хоолой болж улс төрийг илүү ил тод, нээлттэй болгож, шударга ёсыг бий болгохыг хүсэж байна. Энэ нь хяналт гэсэн үг. Нөгөө талаар эдийн засгийн хувьд либераль бодлого баримтлах, мөн сүүлийн үед ногоон бодлого хүчтэй орж ирж байгаа гэсэн гурван гол зүйл байна. Хяналт гэдгийн хувьд бүлэг байгуулах хэмжээнд буюу 8-10 хүнтэй их хуралд ажиллахыг хэлж байгаа болохоос би одоо энд 30, 40 суудал авна гэж худлаа ярих хэрэггүй. Ер нь их хурлад 3 гол үүрэг байдаг. Хууль тогтоох (legislative) буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайгаас болж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх сан байгуулах гэх мэт, гүйцэтгэх засаглал буюу засгийн газрыг хянах (oversight), иргэдээ төлөөлөх (representative) гэх. Ер нь УИХ гэдэг чинь ямар учиртай байгууллага юм, ямар эрхтэй юм гэдгийг бас тэр болгон хүмүүс мэддэггүй тохиолдол байдаг юм билээ.
-За энэ удаагийн сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэж зорьж байгаа юм байна. Тэгвэл арай урт хугацааны зорилго буюу жишээ нь 10 жилийн дараа ИЗНН хаана явна гэж төсөөлж, төлөвлөж байна?
-10 жилийн дараа өөрийн гэсэн байр суурь, орон зайтай, тэргүүлэх 2, 3 улстөрийн хүчний нэг байгаасай л гэж хүсч байна.
-Таны хувьд тэгвэл их хурлын гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга, засгийн газрын гишүүн ч байж үзсэн юм байна. Аль ажил нь хамгийн кайфтай ч гэх юм уу, таны хувьд илүү бүтээмжтэй нь байсан бол?
-Улстөрд явсан өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дийлэнхэд нь сөрөг хүчин байсан л даа. Хоёр жилд нь л төр барилцсан байдаг юм. Энд бол кайфтай эсвэл кайфгүйгийн асуудал биш . Улстөрийн хүчин бол засгийн эрх барихын төлөө л явдаг. Тэгж байж бид нар бодлогоо хэрэгжүүлнэ. Гэхдээ сөрөг хүчин байснаар хий хоосон шүүмжлэхийн оронд бүтээлчээр шүүмжилж, шийдэл тал дээр нь ажиллахыг үргэлж хичээсээр ирсэн. Их хуралд суугаад туршлагатай болсны дараа эргээд харахад цөөнх байсан ч гэсэн хичээж ажиллавал 1 сая, 1.5 сая шиг мөнгө, том бодлогын асуудал биш юмаа гэхэд хууль санаачлан батлуулах, санал гаргах зэрэг ажлуудыг хийгээд яваад байж болдог юм.
-Улстөртэй холбоотой асуултуудаа дуусгая аа. Сонирхож байсан юмнуудаа таниас асууж хариултаа авлаа. Гэхдээ энэ сэдвийг базаад та улстөрд байгаа 10 гаруй жилийн хугацаанд хувийн зүгээс болон нам тань Монголын төрд хийсэн, улс эх орныхоо төлөө хийсэн 3 том бодит ажлаа нэрлээч гэвэл юу юу байна?
-Эхнийх нь Авлигатай тэмцэх хуулийг анх санаачлаад, ажлын хэсгийг нь даргалаад, хуулийг нь батлуулсан. Өнөөдөр үүний үр дүнд Авлигатай тэмцэх газар нь байгуулагдаад ажиллаж байна. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ бид сайн дураар мэдүүлдэг болоод хэвшиж байна. Хоёр дахь нь Атрын 3-р аян. Манай намын гишүүн Ганхуяг ХАА-н сайд байхдаа хамгийн том хийсэн ажил нь энэ байсан. Бид засгийн газарт орохоосоо өмнө ХАА-д татаас өгөх ёстой, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж мөрийн хөтөлбөртөө нилээд ач холбогдол өгч оруулсан байдаг юм. Тэр үед зах зээлд бүх юмыг даатгах юм шиг хандлага өргөн байсан. 2000, 2001 оноос эхлэн зарим салбаруудаа, ялангуяа ХАА, хүнсний салбар дээр хамгаалалтын бодлого байх ёстой юм байна гэж ажиллаж байсан. Хятадын чанаргүй, хямд бүтээгдэхүүнтэй дотоодын аж ахуй эрхлэгч нарт татаас өгч дэмжиж байж л өрсөлдөх боломж гарахаар байдаг юм. Үүнийг Ганхуяг маань санаачилсан юм. Хэдийгээр үүнд нэр дурдаглахгүй байгаа ч гэлээ үнэхээр хэрэгжүүлэхэд нь гар бие оролцсон хүн. Мөн энд зээлийн баталгааны санг дурдмаар байна. Одоо хууль нь батлагдаад байгаа болохоос бид 10 жилийн өмнө үүнийг анх ярьж байсан юм. Тухайн үед хүмүүс шоолоод л юун зээлийн баталгааны сан бэ? Зээл чинь зах зээлийнхээ хуулиар л явна биз дээ, баталгааны сан гэхээр чинь бүр дампуу юм болохгүй юу гэдэг байсан. Гадны туршлагаар ЖДҮ-т их байдаг юм байна лээ. 2004-2005 онд би Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг даргалж байсан юм. Лүндээжанцан бид хоѐр даргалж байсан. Энэ хуулиар сонгуулийн тогтолцоо, намуудын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт зэргээр нилээд өөрчлөлт оруулсаны нэг нь эмэгтэйчүүдийн квотын асуудал байсан юм. Улстөр дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн асуудал дээр би өөрийгөө нилээд оролцоотой байсан гэж боддог.
-Таны талаарх сонин хэвлэлийн мэдээллийг харж байхад ээжийн чинь тухай нилээд гардгаас бус аавын тань тухай мэдээлэл хомс санагдсан. Иймээс та аавынхаа тухай дэлгэрэнгүй ярих боломжтой юу надтай?
-Аав Дорнодын Дашбалбарын хүн. 13 хүүхэдтэй малчин айлын отгон хүү нь байсан юм билээ. Гэхдээ гэрээсээ ганцаараа дээд сургууль төгссөн хүн нь. Дорнод аймгийн төв Чойбалсанд байгуулагдсан анхны 10 жилийн анхны төгсөлт. Дараа нь Улаанбаатарт ирээд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Москвад нийгмийн ухааны академд докторын зэрэг хамгаалсан. Монголдоо буцаж ирээд боловсролын салбарт олон жил ажилласан. Боловсролын яамны дэд сайдаар хүртэл ажиллаж байснаас гадна Дээд боловсролын хороонд орлогч дарга хийж байгаад МУИС-ийн нийгмийн ухааны факултетийн декан хийж байсан. Ер нь бол их төлөв даруу, номын, их тийм ажилсаг, шударга, хүмүүст их тусладаг хүн байсан. Гэвч аав харьцангүй эрт буюу 51 насандаа намайг дөнгөж 10 дугаар ангиа төгсөж байхад өвчнөөр нас барсан.
-Танай аав, ээж хоёр анх яаж танилцаж байсан юм бол?
-Тухайн үед ээж “Сэрэлт” кинонд тоглоод “од” болсон байсан гэсэн. Манай ээжийг эргүүлдэг байсан нэг залуу хойшоо дипломатын сургуульд явах болоод найздаа ээжийг танилцуулж манай Доржпаламыг сайн харж хандаж байгаарай гээд явсан гэдэг. Ирсэн чинь нөгөө найз нь буюу манай аав ээжтэй суучихсан байсан гэсэн. Ээжийн аав Симуков гэдэг орос хүн байсан. 1923 онд Козловын экспедиц гэж том баг Монголд ирсэн байдаг. Энэ нь Козловын 2 дахь том баг нь байсан бөгөөд Козлов нь өөрөө том судлаач, географик хүн байсан. Өвөө минь Монголд үлдээд 15 жил Монголыг нэвт шувт судлан тухайн үеийн газарзүйн хүрээлэнгийн эрхлэгчээр нь олон жил ажиллаж, Монгол хэлийг ус цас шиг эзэмшин, түүх соёлыг нь Монгол хүнээс илүү судалсан байдаг. Тухайн үед өөрийнх нь Орос эхнэр ирээд 5 жил Монголд амьдарсан байдаг. Манай энэ Орос эмээгийн нилээд их зураг хөрөг үлдсэн байдаг. Цугтаа өвөөтэй цуг Монголоор экспедицээр чамгүй их явсан байдаг. Өвөө маань манай орос эмээгээс Монгод хоёр хүүхэдтэй болсон ч Алтай нэртэй эхний хүүхдээ багад нь өвчний улмаас алдсан. Хоёр дахь хүүхэд нь охин гарангуут Говь гэж нэр өгөөд эхнэртэйгээ цуг Орос руу буцаасан юм билээ. Өөрөө удалгүй араас нь 1, 2 жил ажиллаад очно гэж байтал хэлмэгдүүлэлтийн үе эхэлж өвөөг KБГ баривчлан 1939 онд Орос руу авч явсан. Ээж маань нялхаасаа Монгол айлд үрчлэгдсэн тул Монгол хүн шиг өсч хүмүүжсэн ба өргөж авсан ээж нь Өвөрхангай аймгийн маш сайхан сэтгэлтэй ээж байсан гэж ярьдаг юм. Гэвч манай ээжийг 17 настай байхад нь бурхан болсон юм билээ.
-Улстөрч гэдэг хүний хувьд, улс төр гэдэг ажлын хувьд таны хувьд ажлын чинь хамгийн гоё үе, хамгийн муухай буюу үзэн ядмаар хэсэг нь юу байдаг вэ?
-Хамгийн муухай зүйл нь улс төрийн ажлыг арга барил нь нэг нэгнээ унагаах гэж хэлмээр юм уу даа. Тэгж өрсөлдөгчөө унагааж байж, шүүмжилж байж, хянаж байж ялалтанд хүрэх тул өөрөө энэ чинь их ядаргаатай ажил байхгүй юу. Муухай ч ажил юм шиг, тийм ээ? Гэхдээ үүнийг зөвөөр бодох юм бол зөв л дөө. Жишээ нь үнэхээр буруу зөрүү юм байгаа бол тэрийг нь шүүмжилнэ, илрүүлнэ, засна. Нэг талдаа улс эх оронд хэрэгтэй юм шиг мөртлөө нөгөө талдаа дандаа ийм хурц тэмцлийн дунд бие биеэсээ өө хайж явах, дээрээс нь захиалгатайгаар буруу мэдээлэл бичих, хүнийг гүтгэх, доромжлох асуудлууд дунд явах нь миний хувьд их хэцүү санагддаг.
-Зарим хүмүүс чинь улстөргүй бол амьдарч чадахгүй мэт байх юм. Таны хувьд?
-Улс төрийг миний нийгэмд, улс орондоо оруулах үүрэг, хариуцлага гэж ойлгож, хийх ёстой гэж бодож явдаг. Дээрээс нь нам байгуулаад, толгойлоод, олон мянган хүнийг түүчээлээд явж байгаагийн хувьд тэр олон хүний өмнөөс хариуцлага хүлээгээд явж байна гэж ойлгодог.
-Та С.Зориг агсны хэрэг илрэхгүй нь гэж итгэл алдарч байсан уу. Одоо ч таньд итгэл байна уу?
-Бага зэргийн итгэл байгаа. Миний бодлоор мөрдөн байцаагчид хичээж ажиллаад, хамгийн сүүлд Ерөнхийлөгч хүртэл аюулгүйн зөвлөл дээр сонсоод ингэ тэгэ гээд анхаарал хандуулаад байгаа ч мухарлаж чадаагүй байна. Бусад орны иймэрхүү захиалгат хэргүүд илрэх нь бас ховор байдаг юм билээ.
-Та бид хоёр 2007 онд танилцаж байсан. Хүүхдүүдийнхээ талаар ярилцая?
-Тийм байх. Тэр үед Магнай та хоёр, бас Эрдэнэ (Эрдэнэчулуун эгч маань Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан ТББ-ийн анхны гүйцэтгэх захирал) багш хэдүүлээ уулзаж байсан.
-Би ер нь бол Тэмкаг л цухас мэдэхээс бус танай хүүхдүүдийг сайн мэдэхгүй л дээ. Та бас нэг хүүхдээ өргөж авсан гэдэг байх аа?
-Тийм байх. Чи манай хүүхдүүдийг сайн мэдэхгүй болов уу. Нэг хүүхдээ өргөж авсан. Гэхдээ тэрийгээ одоо хэлэхээ больсон.
-Яагаад?
-Яагаад гэвэл хүүхэд том болоод. Бид нар багаас нь Анарт хэлээгүй учраас... Би бол хэлэх ёстой гээд номноос уншсан л даа. Тэртэй тэргүй хүүхэд том болохоор хэн нэгнээс мэдчихдэг юм байна. Тиймээс хөндлөнгийн хүн хэлэхээс өмнө хэлэх ёстой юм билээ.
-Нөхөртэйгээ яаж танилцаж байсан билээ?
-Нөхөртэйгээ юу. Багаасаа, бараг 6, 7 настайдаа танилцаж байсан гэж байвал яах уу? (тачигнатал инээв) Манай Баяраа ахтай хамт гимнастикийн сэкцэнд явдаг байсан юм. Манай Баяраа ах гимнастикаар их сайн хийчээллэдэг байсан.
-Ах чинь тэгвэл бас дүүгээ сайн захиж үлдээсэн чинь таныг аваад суучихсан уу, үгүй юу?
-Хэхэ. Манай Энхбаяр чинь гимнастикийн сэкцэнд идэвхтэй явдаг, гимнастикийн улсын 6 удаагийн аварга шүү дээ. Тэр чинь аягүй мундаг тамирчин байхгүй юу. Ах нартай найз. Дараа нь Зоригоо ахыг хойно сурч байхад Энхбаяр бас хойно оюутан болж очиж байсан. Биеийн тамирын дээд сургууль төгссөн, хажуугаар нь бас сэтгүүлчийн анги төгсөж мэргэжлийг нь эзэмшсэн, манай Зоригоо ахтай бас найз, Москвад. Тэгээд ирээд Монголын радио, телевизэд нилээд хэдэн жил ажилласан. Нилээд чадалтай сэтгүүлч л дээ. 1998 онд Зоригоо ахын хэрэг явдал гараад гэртээ ирэхэд надад хамгийн их тусалж, дэмжиж, түшиж байсан хүн. Тэр үед маш хэцүү үе байсан. Удалгүй нөхөн сонгууль гээд явахад бүх юмыг маань хийлцээд л явсан. Улс төрд ч гэсэн аягүй их түшиг болоод л. Тэгээд л... Би чинь одоо 34, 35-тайдаа ирсэн юмуу даа Англиас. Тэгээд л сүүлдээ 4-үүлээ болоод л бага хүүхдээ гаргах гэсээр байтал 38, 39-тэй болчихсон.
-Хүүхдүүд чинь одоо хэдтэй билээ?
-3-тай, 6-тай, 9-тэй. Тэмүүлэн, Анар, Нарангоо. Тэмүүлэн маань 2003 онд төрөөд, дараа нь Анарыг 3 жилийн дараа өргөж аваад, тэгээд Нараа төлөвлөгөөгүй гарчихсан (инээв).
-Та Дауны синдром буюу хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах холбоон дээрээ тэргүүн гээд явдаг. Магадгүй өөрөө тийм хүүхэдтэй болохоор ч тэр үү танай намын мөрийн хөтөлбөр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэлсэн бодлого нилээд байх шиг байна лээ. Улс төрөөс гадна энэхүү холбооныхоо ирээдүйг та яаж харж байна?
-Энэ маань сайн дурын ажил. Хэдхэн гэр бүл авч явж байгаа ч бид нилээд хичээж ажиллаж байгаа гэж боддог. Дор дороо зөндөө л ажил хийсэн, хийж байгаа. Цаашдаа бидний гол зорилго бол тогтолцоог өөрчлөөд, төр нь бидний хийгээд байгаа, хийх гээд байгаа зүйлсийг тогтолцоондоо оруулж, системийн хүрээнд шийдүүлдэг байх юм. Үүний тулд бид өөрсдийн үйл ажиллагаагаа төрд сайтар ойлгуулах, нийгэмд зөв ойлголтыг бий болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх ажлууд их чухал гэж бодож байгаа. Яг бид нар чинь улсын өмнөөс бүх ажлыг холбоо хийж чадахгүй шүү дээ. Бүх гэр бүлүүд, бүх хүүхдүүдэд хүрч чадахгүй. Чадлаараа ажиллаж байгаа ч гэсэн бид энэхүү тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чадах юм бол бид нарын хамгийн гол ажил болно гэж бодож явдаг. Тэгээд дээрээс нь заавал том ажил гэлтгүй эцэг эхчүүд маань хоорондоо уулзаад, зөвлөлдөө, бие биеэ дэмжээд, туршлагаа хуваалцахад нь бид туслах нь холбооны бас нэг гол ажил байх ёстой. Төрөөс үзүүлэх ёстой боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн ажлуудыг бид тэртэй тэргүй хийж чадахгүй шүү дээ дангаараа нэг төрийн бус байгууллага. Тэгэхээр яг тэр зөв системийг нь бүрдүүлэхэд бид өөрсдийн зөвлөгөө, сэтгэл, мэдлэг туршлагаараа хувь нэмэр оруулах, том зураг буюу roadmap гаргахад нь төрд туслах ёстой. Учир нь бид өөрсдөө амьдрал дээрээ энэ бүх зүйлсийг үзээд, даван туулаад, шийдлүүдийг туршаад явж байгаад болохоор тэрийгээ төр засагт ойлгуулж, төр засаг нь ийм системтэй болоход нь зөв нөлөөлөх юм бол бидний гол ажил болно оо. Харин нэгэнт ийм тогтолцоо бий болсон тохиолдолд бидний хийх гол ажил бол гэр бүлүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулаад л явна. Гэхдээ хандах, хүрэх ёстой бүх гэр бүлүүдэд хүргэх цогц үйлчилгээг ТББ хэзээ ч хүргэж хийж чадахгүй шүү дээ. Тийм хүлээлтийг ч гэсэн хүмүүст, нийгэмд бий болгох хэрэггүй л дээ.
-Эцэст нь асуухад сонгуулийн үр дүн дээр таны таамаглал юу байна?
-Би ингэж бодож байгаа. Хоёр том намын аль нь үнэмлэхүй ялалт авахгүй юм шиг байна. Дээрээс нь 5 хувийн босгыг манайх болон МАХН давах байх гэж бодож байна. Бусад намууд хэцүү.
-5 хувь гэдэг нь?
-Нөгөө намын жагсаалтын дагуу сонгогч нарын 5 хувийн саналыг авч байж л тухайн нам парламентад суудалтай болно. 5 хувь гэдэг нь бараг 70000 сонгогч гэсэн үг. Бидний хувьд их хуралд бүлэг байгуулах хэмжээ гэж байгаа боловч бас л чанга.
-За цаг гаргаж надтай уулзаж ярилцсанд баярлалаа!
-Чамд ч гэсэн баярлалаа!