Monday 27 July 2009

The Richest Man on Earth?

Дэлхийн хамгийн баян хүн хэн бэ?

Аль арав гаруй жилийн өмнө Авро Манхэттэнийн бичсэн “Ватиканы Тэрбумууд” (THE VATICAN BILLIONS by Avro Manhattan) хэмээх номны нэгэн хэсгийг дэлхий даяар санхүү, эдийн засаг, худалдааны гурвалсан хямралтай өнөө үед уншаад толгойны маань үс босов. Яагаад гэдгийг одоохон бичээд өгье. Энд дурдагдаж буй тоонууд арван жилийн өмнөх бөгөөд одоогийн ханш, үнэлгээгээр тооцон анализ хийхээ мартав аа.

Христийн шашны гол төв болох Ватикан хэмээх хот улс нь дэлхийн нөлөө бүхий том санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын маш сайн түнш нь ажээ. Жишээлбэл Англи, Франц, Америк дахь Rothschild-ийн салбарууд, Лондон ба Цьюрих дахь Credit Suisse-ийн салбарууд, Америкийн хөрөнгө оруулалтын томоохон институцууд болох Morgan, Chase-Manhattan, the First National Bank of New York, the Bankers Trust Company зэрэг банкууд, байгууллагууд жагсаалтанд нь хөврөх юм. Эдгээрээс гадна дэлхийн хүчирхэг корпорациуд болох Gulf Oil, Shell, General Motors, Bethlehem Steel, General Electric, International Business Machines зэргийн хэдэн тэрбумаар тоологдох хувьцааг эзэмшдэг гэвэл яах уу? Ватиканы зөвхөн АНУ дахь хөрөнгө оруулалтын үнэлгээ нь аль дивангарын үед 500 сая доллараар хэмжигдэж байжээ.

АНУ-ын хамгийн том 4 сүмийн нэг болох the Boston archdiocese нь 10 жилийн өмнө 635 сая долларын хөрөнгө бүртгүүлсэн байсан бөгөөд энэ нь өөрсдийнх эх үүсвэрээс бараг 10 дахин их гэсэн үг. Энэхүү аварга сүмийн цэвэр үнэлгээ нь 10 гаруй жилийн өмнө л гэхэд 571 сая доллараар хэмжигдэж байжээ. Хэрэв зөвхөн АНУ дахь иймэрхүү сүмүүдийн нийт хөрөнгө, баялагийн үнэлгээг нь нэгтгэн гаргавал ямар тоо гарна гэж бодож байна та? Бостоны энэхүү сүм нь 1,8 сая гишүүнтэй ч гэсэн хамгийн том сүмдээ тооцогдоггүй гээд бодохоор... Эдгээр сүмийн Treasury буюу Санхүү хариуцсан захирал, менежерүүд нь банкууд, корпорацийн захирлуудыг хараад хааяа жаахан инээд нь хүрдэг биз ээ.

Нью-Йоркт тээр жил болсон Католикуудын их хурал дээр хамба ламууд хоорондоо “Тэрний сүм жилийн худалдан авалтын төсвөөрөө АНУ-ын засгийн газрын дараа орж байна” гэж ярьж байсан түүхтэй бөлгөө. Бүр нэгэн хамба ламтан ингэж айлдсан байх юм. “Католик сүмүүд АНУ-ын хамгийн том корпораци нь байх ёстой. Бид муж, хот, тосгон болгонд өөрийн салбартай тул бидний хөрөнгө ба үл хөдлөх хөрөнгийн хэмжээ Standard Oil, A.T.%T., U.S.Steel компаниудын бүх хөрөнгийг нийлүүлсэнээс илүү байх нигууртай. Сүмийн гишүүдийн сүмдээ өгдөг татвар, өргөлийн нийт хэмжээ, санхүүгийн урсгал нь АНУ-ын төсөвт иргэдийн өгдөг татварын хэмжээнээс нэг их дутах ёсгүй” хэмээн бардамнасан байх юм.

Хэрэв дэлхийн бүхий л сүмүүдийнх хөрөнгийг нийлүүлбэл Католик сүм нь энэ дэлхийн хамгийн том санхүүгийн тоглогч болох нь гарцаагүй. Гэхдээ энэ нь нэг их хүсээд байх зүйл гэж би хувьдаа бодохгүй байна. Попын үе үеийн залгамжлагч нар АНУ-д улам бүр элгэмсэг хандах болж байгаа бөгөөд The Wall Street сэтгүүлд бичигдсэнээр бол Ватиканы АНУ-д хийдэг нэг удаагийн санхүүгийн арилжаа, хэлцэлийн хэмжээ нь маш том байдаг бөгөөд үе үе хэдэн сая долларын өртөгтэй алтыг авах, зарах арилжааг хийдэг гэжээ. НҮБ-ийн тооцоолсоноор Ватиканы биет алтны үнэлгээ нь хэдэн тэрбум доллараар хэмжигддэг бөгөөд эдгээр алтны дийлэнх хэсгээ АНУ-ын холбооны нөөцийн банкинд, үлдсэнийг нь Англи, Швейцарт байршуулдаг юм гэнэ. Ватиканы нийт хөрөнгийн зөвхөн АНУ-д байршуулж буй “өчүүхэн” хэсэг нь л дэлхийн хамгийн том 5 компанийн хөрөнгөтэй тэнцэж байгаа нь сайны ёр уу, муугийн ёр уу?

1980 онд Италид болсон аймшигт газар хөдлөлтийн үеэр ПОП АНУ-д айлчилж таараад тухайн үеийн сенатор Кеннедид “АНУ баян улс мөртлөө яагаад гамшигт нэрвэгдсэн нэг улсад өршөөлийн гараа сунгаж болохгүй гэж?” хэмээнгүүт АНУ-ын сенатор тэр дороо “Итали улсад бид дор хаяж 45 сая доллар өгөх ёстой” хэмээн мэдэгдсэн түүхтэй. ПОП-ын тухай онигоо хүртэл байдаг шүү дээ. Кока колагийн босс ПОП дээр очоод та сүсэгтэн олны мөргөлд байдаг талх гэсэн үгний оронд кока кола гэж солиод баталгаажуулаад өгөөч гээд авилгалаа өгтөл дугтуйг нь нээж харснаа Пепси надад арай илүү санал өгсөн юм байна гэсэн утгатай санаж байна. The Da Vinci Code болон сүүлд гарсан Angels & Demons киноны утга, үйл явдал нь ерөнхийдөө Ватиканы мафи, дотоод, гадаад сүлжээг уран сайхны аргаар гайхалтай харуулсан байгаа. Заавал үзэх ёстой кинонуудын нэг.

Харин Монголын хийдүүдийн бэл бэнчин, түүний менежмент хир байдаг юм бол оо? Сүсэгтэн олны бузгай мөнгө тэнд цугларч буй нь лав. Өргөл барьцад нь тохирсон сэтгэл ханамж бүхий үйлчилгээг тохилог орчинд үзүүлж чадаж буй эсэх? Хөрөнгө, мөнгөний удирдлагадаа санхүүгийн хэрэгсэл, хөшүүргүүдийг ашигладаг эсэх? гээд хэдэн асуулт өөрийн эрхгүй гарч ирэх ажгуу. Монголын санхүүгийн байгууллагууд болох арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудтай тулж харьцвал бузгай эх үүсвэр цуглуулах боломжтой бус уу? Даатгалын компаниудыг шашны байгууллагатай хамтран ажиллах санал тавь гэж хэлэх нь хаашаа юм. Тэгвэл хүний өөрийн бурхан шашинг доромжилсон юм болох байх. Бөхийн өргөөний хойно маш чанартай, харваас өртөгтэй баригдсан Мормоны сүмийн тэргүүн нь дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн туршлагатай өндөр түвшиний мэргэжилтэн байдаг гэж эчнээ сонссон юм байна. Бараг л гандангийн ламуудтай энэ сэдвээр ярьсанаас мань эрээс очоод зөвлөгөө авсан нь дээр байх нь. Хямрал энэ тэр нүүрлэсэн ороо бусгаа энэ үед банк, санхүүгийн салбараас их мөнгө гадагшилж, оронд нь мэргэч төлөгч, үзмэрч, шашны байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжин тэр чинээгээр энэ салбар руу бузгай мөнгө урсан ордог ерөнхий зүй тогтол байгаад байх шиг байдаг юм хаа сайгүй.

Товчхондоо дэлхий даяар хэрхсэн христийн сүмүүдийг удирддаг ПОП чинь дэлхийн хамгийн баян хүн бус уу? Учир нь түүний мэдэлд католик сүмүүд хэмээх дэлхийн хамгийн том санхүүгийн хүч байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн ямар ч том санхүүгийн институци, корпораци, банк, хөрөнгө оруулалтын сан, засгийн газартай зүйрлэшгүйг та бүхэн анзаарсан буй заа.

Жич: Эдгээр мэдээллийн цэгцэлсэн ориг эх сурвалжийг эндээс харна уу.

Tuesday 21 July 2009

Sun activation and its effect

Нарны идэвхжил ба түүний нөлөөлөл

Амласан ёсоороо энэхүү бичлэгийн үргэлжлэл болгож энэ нийтлэлийг бичиж байна. Аливаа эдийн засаг өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадвартай, харьцангуй бие даасан систем байх учиртайг хүн төрөлхтөн ухаарч түүнийг залж жолоодохыг эрмэлзсээр бараг 300 орчим жилийг ардаа орхижээ гэж хэлж болно. Ингэхдээ үндэсний эдийн засгийн долгионлог хөгжил, тогтворжилтын дотоод хуулийг таньж, энэ үндсэн дээр түүнийг жолоодох, учирч болох эрсдэлээс хамгаалах, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь хөтөлбөржүүлэхийг эрмэлзсээр иржээ. Үүний хамгийн сонгодог жишээ нь залуус бидний хувьд моодонд ороод байгаа форексийн техник шинжилгээний арга, онолууд байж болно. Элдэв зүйлд сонирхож явдгийн үрээр нягтлан бодох бүртгэлээр сурч байсан хирнээ бакалаврын дипломын ажлаа нарны идэвхжилийг судлан үзэж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, бууралт, амжилт, уналтыг түүнд нөлөөлж буй хүрээлэн буй орчин буюу нарны өөрчлөлтөөс эрж олохыг зорьж саваагүйтсэн явдал байлаа. Учир нь тухайн үед Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь ҮНБ-ий 40% орчим, ХАА-н бүтээгдэхүүний бараг орчим 90%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд хүн амаа хүнс, өргөн хэрэгцээний бараагаар хангадаг, өөрөөр хэлбэл нийт хүн амаа хооллож хувцасладаг улсын маань эдийн засгийн гол салбар байсан тул. Гол уруу татсан факт нь мичин жилийн зуд хэмээх гамшиг байсан юм. Яахаараа жаран бүрийн 12 жил тутам Монголын мал хуй ташраараа үхэж байх ёстойг мэдэх туйлын хүслэн байсан хэрэг. Энэхүү судалгааны ажил анхнаасаа цаг ууртай шууд холбогдож эхэлсэн бөгөөд явж явж нартай холбоотой ч юм шиг болоод явсан тухайн үедээ.

Нар нь өөрийн гадаргуу дээрээ хар толбуудтай байдаг бөгөөд түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг одон орны шинжлэх ухаан судалдаг билээ. Харин тэр толбожилт эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг аль ч шинжлэх ухаанд төдийлөн гүнзгий авч үзэж байгаагүй бололтой гэж тухайн үед “судлах гэж оролдсон” ухаантай. Нарны толбо онцгой олон байдаг жилийг өндөр жил гэх бөгөөд нарны толбо нь цөөрсөөр байгаад 7-11 жилийн дараа толбууд нь хамгийн цөөн болно. Цөөн болсон тэр жилийг нам буюу min жил гэнэ. Хамгийн бага буюу нам жил өнгөрмөгц нарны толбын тоо олширч түүний хэмжээ нь улам томорсоор 10 гаруй жилийн дараа дахин хамгийн их буюу өндөр жил болно. Ингэж солигдох явдал нь дундыг баримталбал 11.2 жилийн үечлэл хэмнэлттэй болохыг 1848 онд Цюрихийн одон орон судлаач Вольф, Австрийн эмийн санч, одон орон сонирхогч Швабегийн 17 жилийн ажиглалтын судалгааг үргэлжлүүлэн хийж баталсан байна. Нарыг судлах явцдаа Вольф 11 жилийнхээс гадна 22-23 жилийн өвөрмөц мөчлөг байгааг тодорхойлжээ. Наран дээрх толбожилтын тоог Вольфийн тоо хэмээх болсон төдийгүй нийгмийн бүхий л салбарт эрчимтэй судалж эхэлсэн. Өдгөө дэлхий дээр нарны нам идэвхжилийн үе тохиож буйг та бүхэн эндээс харж болох нь ээ. Магадгүй үүнээс болоод сүүлийн үед байгалийн гамшигийн давтамж ихсэж, Улаанбаатар хотод хүртэл үер усны аюул тохион эрдэнэт хүний амь үрэгдэж буйг хэн мэдлээ. Үүнийг судалдаг ихэнх судлаач нар нарны идэвхжил нь хүн, амьтан, ургамал, түүний тоо толгой, үржил хөгжил, өвчин тахал, ган, зуд болон нийгмийн хямрал цэцэглэлтэнд нөлөөлдөг гэдгийг батлахыг хичээсээр байгаа нь их сонирхолтой. Сүүлд Оросын эрдэмтэн А.Л.Чижевский нарны идэвхжил байгаль, нийгэмд яаж нөлөөлдөгийг судлан, гелиобиологи буюу нарны биологи хэмээх шинжлэх ухааныг үндэслэсэн байна. Энэ шинжлэх ухаан астрономи, түүх, биологи, анагаах ухаан, ургамал судлалтай холбогдож, тэдгээрийн зүй тогтлыг нэгтгэн дүгнэх, холбох байдлаар үүсчээ.

Нарны идэвхжилийн нам үед явагдах зуд нь зундаа ган болж бэлчээр тэжээл хомсдосноос мал сүрэг үй олноор үхэж үрэгдэх, хүн малын халдварт өвчин, тахал дэгдэх явдал өндөр, үүнээс үүдэн тэжээлийн хомсдол буй болж, нийгмийн бухимдал ихэсч, эдийн засаг тогтворгүйтдэг байж болох юм. Тухайн үед ХҮДС-ийн рестор байсан Нямзагд багштай хамт хийж байсан судалгаагаар нарны идэвхжилийг 1749-2000 оныг хамруулан авч үзэхэд нам үе нь:

9 жилийн давтамжтай – 2 : 1775, 1784

10 жилийн давтамжтай – 6 : 1833, 1843, 1923, 1933, 1954, 1964

11 жилийн давтамжтай – 5 : 1766, 1867, 1878, 1889, 1944

12 жилийн давтамжтай – 4 : 1810, 1901, 1913, 1976

13 жилийн давтамжтай – 2 : 1823, 1856

14 жилийн давтамжтай – 1 : 1798 он гэж тус тус гарсан байна.

Дэлхийн хэмжээнд уур амьсгал өөрчлөгдөн байгаль цаг агаарын аюул гамшгийн давтамж ихсэж, эрч хүч нь нэмэгдэж байгааг та бид өдөр тутам сонсож, харж байна. Судалгаанаас үзэхэд нарны идэвхжилийн гол үзүүлэлт болох Вольфын тооны хамгийн их, бага утгын ойролцоох жилүүдэд ган, зуд болох магадлал өндөртэй байна. Өөрөөр хэлбэл мичин жилийн зуд айхтар байдаг гэж ярьдагчлан 12 жилийн циклээр нарны идэвхжил явагддаг нь нэг талаар батлагдаж буй мэт. Монголчуудын сэтгэлд хар толбо үлдээн одсон 1922, 1923, 1944 оны мичин жилийн зудны үед нарны идэвхжил буюу Вольфын тоо хамгийн бага /6 орчим/ байсан юм. Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад тохиолдсон холер, тарваган тахлын дэгдэлтүүд 4, 9, 11, 22, 33, 44 жилийн хэмнэлтэй, сахуу 11, менингет 22 жилийн хэмнэлтэй, малын галзуу 11, шүлхий 10-11, мялзан 8-9 жилийн хэмнэлтэй явагдаж байсан болон зарим өвчнүүд одоо ч тодорхой үед ихэсдэг болно. Тухайлбал, амьсгалын замын менингетээр 1954 онд 3000 орчим хүн өвчилж 200-д хүн эндсэн мэдээлэл байгаа бөгөөд ээлжит дэгдэлт 2014-2015 оны үед тохиож байна. Мөн нарны идэвхжилтэй холбоотойгоор хүний анхаарал болгоомж суларснаас авто хөсгийн аваар осол ихэсдэг байна. Японы эрдэмтэн Ш.Масамурын судалгаагаар Японы 10 том хотод наран дээрх өөрчлөлт, соронзон шуурганы дараа автын осол хэвийн өдрөөс огцом өссөн, Хамбург, Мьюнхенд наран дээрх дэлбэрэлтээс 2 хоногийн дараа 100,000 автын осол, Томскт авто осол 4 дахин ихэссэн нь нарны идэвхжил хүний сэтгэц анхаарал болгоомжид нөлөөлдөг байж болох маргааныг судлаач нарын дунд өрнүүлсэн бөлгөө.

Үүнтэй нэгэн адил нарны идэвхжилтийн долгион нь эдийн засагт нөлөөлсөөр авай. Улс орны эдийн засаг, нийгэмд байгалийн гамшгаас учрах хохирол улам бүр өсөн нэмэгдэж байна. Цаг агаарын гэнэтийн аюул жил бүр 25-30, зарим жил 40 хүртэл удаа тохиолддог бөгөөд үүний 1/3 орчимд нь хүний амь нас эрсдэж, 5-7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирдаг ажээ. Аль 1998, 1999 онд энэ төрлийн хохирол 12-17,5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. 1999 оны зун нутгийн 60 орчим хувь гантай буюу гандуу байж, өвөл нь зуд нүүрлэснээс 40-өөд мянган га-гийн ургац алдаж 4 тэрбум, том малын зүй бусын хорогдол 2,6 саяд хүрч тэр үеийн ханшаар 90-ээд тэрбум төгрөгийн хохирол учирч байж. 2009 онд хэд гарах бол? Хэрэв цаг агаарын мэдээ байдаггүй бол дээрх эрсдэл 30%-р нэмэгдэж гарна гэж үздэг юм билээ. Ер нь цаг уурын мэдээлэл асар чухал бөгөөд маш их хөрөнгө мөнгө хэмнэдэг салбар юм. Энэ бол далд ажилладаг том тогтолцоо гэж хэлж болно.

Манай орон өнөөдөр цаг уураас шалтгаалдаг эдийн засагтай биш, цаг уурын мэдээнд үндэслэсэн эдийн засагтай болох хэрэгтэй байна. Энэхүү судалгааг үргэлжлүүлэн нарны идэвхжилийн үеүд нь Монгол улсын малын тоо толгой, ургац хураалтанд хэрхэн нөлөөлж буйг корреляцийн хамаарлыг ашиглан барагцаа авах гэж үзэж байлаа тухайн үед. Хэрэв энэхүү барагцаалал нь үндэслэлтэй гэж үзвэл нарны идэвхжил онцгой буурсан жилүүдэд ган зуд болох магадлал өндөр гэдгийг мэдэрч мал нядлах, мах бэлтгэх ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, тариа, ялангуяа ус их шаарддаг хүнсний ногоо тариалахыг хязгаарлаж, үндэсний эдийн засаг түүний суурь салбар болсон хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн эрсдэлийг багасгах зориудын менежментийг хэрэгжүүлэх тухай судалгааг удирдаж байсан багштайгаа ярьж байсан ухаантай. Бүр Монголын зарим судлаачид алдарт бөхчүүдийг бүгдийг нь судлаад чухам ясны бөх хүн нарны идэвхжилийн жилүүдэд төрсөн тухай батлан сонинд судалгаагаа нийтлүүлсэн байсныг тодхон санаж байна.

Тухайн үедээ энэхүү судалгаанд итгэлтэй оюутан төгсөж байж. Дараа нь мастераа хийж байхдаа эдийн засгийн хичээлийн нэг бие даалтаа энэхүү сэдвээр авч судалгаагаа бататгахыг хичээсэн нь надад маш их зүйлийг өгсөн бөлгөө. Онцгой зуд бүхий 1922, 1923, 1944 оны жилүүдийг жирийн жилүүдийн дундажтай харьцуулан би юмаа батлах гэж хичээсэн хэрэг. Энэхүү судалгаан дээрээ зөвлөгөө авах зорилгоор профессор багш маань Австрали улсын шинжлэх ухаан, судалгааны гол агентлаг буюу CSIRO (Australian Commonwealth Scientific and Industrial Research Organization)-ын далай болон уур амьсгал судлаач эрдэмтэнтэй (Oceanographer/climate scientist) шууд холбож өгсөн юм. Энэ нөхөр урт хугацааны мөчлөг бүхий сери корреляцийн судалгаа хийдгээрээ алдартай бөгөөд үнэхээр энэ санаа үнэн бол шинжлэх ухааны үүднээс болон эдийн засгийн үүднээс маш чухал зүйл юм гээд их дуртай зөвлөгөөгөө өгч билээ. Гэвч хэд хоногийн дараа энэхүү сэдэв маань барууны шинжлэх ухааны стандартаар эерэг байдлаар батлагдах хэмжээнд хүрээгүйг ойлгосон юм. Учир нь корреляцийн хамаарал төдийлөн хүчтэй байж чадаагүй, уур амьсгалаас гадна өөр хүчин зүйлсүүд малын хорогдол, газар тариалангийн эрсдэлд нөлөөлөх магадлалыг тооцоогүй, зуд, ган гэдгийг хүчтэй, дундаж, зөөлөн гэх мэтээр ангилж индекжүүлэх ёстой байсан, сонгож авсан цаг хугацааны мөчлөг нь дэндүү богино байсан гэсэн шүүмжүүдийг авч билээ. Надад өгсөн зөвлөмж нь нар биш улирлын нөлөөг судалбал илүү тохиромжтой гэсэн бөлгөө.

Энэ зуур профессор маань корреляцийн хамаарлын болгоомжтой ашиглахгүй бол маш олон судлаач, эрдэмтэд нар буруу ашиглан, буруу дүгнэлт гаргаж аймшигт үр дүнд хүрч байсан жишээг хэлж байсан юм. Үүний тухай энэхүү бичлэгээрээ дээр үед бичих гэж оролдож байж. Эцэст нь юу гэсэн ойлголт төрсөн бэ гэхээр байгаль эх аливаа зүйлсийн зүй тогтол, тоо хэмжээг “цаанаасаа” зохицуулсан байдаг. Яаж ч бодсон 20 сая мал тааваараа бэлчингээ бэлчээрээ сүйтгэхгүй байх талбай дээр 40 сая мал хүчээр бөөгнүүлэхээр эсрэг үр дүн гарч үүнийг нь хүн төрөлхтөн ган, зуд гэсэн нэр томъёогоор тайлбарладаг болоо юу даа гэж. 40 байтугай сая мал Монголд байж болно, гэхдээ уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаар лав биш гэсэн дүгнэлт тухайн үедээ хийсэн ажгуу. Үүнийг би дипломын ажил биш жирийн нэг бие даалтаараа судалсан юм.

Магадгүй хэн нэгэн нь үүнийг бүр гүнзгий судалж үзвэл юмыг яаж мэдэх вэ маш сонирхолтой тоо баримт гаргаж, онцгой дүгнэлт хийж бататгах боломжтой ч юм билүү? Үүнтэй нэгэн адил үерийн далан дээр "хэргээр" буугаад, эсвэл үерийн суваг шуудуйг хог хаягдлаар дүүргээд, авто болон явган зам, нийтийн эзэмшлийн талбайдаа ус зайлуулах суваг бариагүй атлаа жаахан удаан бөгөөд хүчтэй орсон борооны "хүчиндүүлж" цуглуулсан усаа үер хэмээн нэрийдэж, дэд бүтцээ зөв хийгээгүй үйлдлээ хүний амь насаар төлж буй нь гамшигтай холбоотой корреляцийн хамаарлын тухай хийгдэж болох буруу дүгнэлтүүдийн нэг байж болох юм шүү ах дүү нар аа. Үүнийг нарны идэвхжилтэй холбон тайлбарлавал шал өмнөө хэрэг болох буй заа.

Friday 17 July 2009

Free to choose

Сонголт чөлөөтэй

Амралтын өдрийн дуг сайхан нойрыг минь хэдэн байшингийн дунд, тэр дундаа тагтны минь доор тачигнан хэрэлдэх хүмүүсийн чарлалдаан сэрээлээ. Хэсэг сонсон хэвтэж байгаад тэсэлгүй цонхон дээрээ очоод хартал халамцуу залуугийн хоёр талд эхнэр, ээж хоёр нь зад хэрэлдэж байна. Хүүхэд архинд орууллаа гээд ээж нь бэр рүүгээ уурласан бололтой. Бэр юу гээд над руу дайраад байгаа юм чаддаг юм бол хүүхдээ өөрөө аваад хүмүүжүүлээч, энэ чинь намайг дагаад салахгүй байна гээд цухалдаж байх шиг. Гол баатар залуу маань харж хэсэг зогссоноо ээж рүүгээ та чаддаг юм бол намайг архинаас гаргачих, чадахгүй шүү дээ хэмээснээ эхнэрээ суга татан цааш нь аваад явна лээ. Ээж нь хөөрхий амьтан майжигнаад араас нь хэсэг явж байгаад үлдэнэ лээ. Эр хүний хийморь лундаа, ноён нуруу, гэрийн багана, эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэн, ялдам зан, хайр энэрэл энэ тэр гэсэн нийгмээр хүлээн зөвшөөрсөн амьдралын теором, аксиомууд энэ гэр бүлийн хувьд долоон уулын далд аль хэдийн оржухуй.

Энэхүү үзэгдэл нь ээжийн өрөвдөлт дүр, эхнэрийн “бахархмаар” дүр, нөхрийн “арчаагүй үхээнц” дүр бүхий манай нийгмийн хэсэг хүмүүсийн амьдралын эмгэнэлт реалити шоу болоод удаж буй. Төрсөн эцэг, эхээ хайрлаж чадахгүй, үл тоож байгаа хүн хүний үрийг хайрлан, бусад хүнд хайрлагдах ямар ч учир жанцан, үйлийн үр байхгүй мэт. Залуугийн архинд орсон хүндэтгэх шалтгааныг би лав ойлгоогүй. Ижий нь байна (магадгүй аав нь над шиг цонхоороо харан зогссон байх, үгүй бол дээд тэнгэрт хажуу хавирганы хүмүүстээ ийм хүүхэдтэйнхээ төлөө “онигоо” болоод сууж байгаа биз. Аягүй бол бурхан, чөтгөрийн аль нэг нь бас үе үе жогтой харж, нуг нуг инээж аавыг нь ичээгээд л), ааштай ч гэсэн гэргий нь байна, бие эрүүл, хөл гар бүтэн, бодвол цаанаа байр сав байгаа байлгүй (харваас халуун устай байранд амьдардаг нь илт байсан). Гуанзанд аяга угааж мөнгө олохоосоо ичээд архи уудаг юм болов уу?

Хувьдаа би лав ээжид нь буруу өгмөөргүй байна. Тэр сахалтай хар залууг (барагцаалбал 30 эргэм насны) өдий хүртэл өсгөж торниулахаас өөр юу хийх ёстой гэж. Баруунд бол 18 нас хүрэнгүүт нь чемодантай нь хүүхдээ гэрээсээ бараг хөөгөөд шахуу гаргадаг. Одоо бие даан амьдарч сур, эцэг эхдээ дараа болохоо боль гээд. Сурагч, оюутнууд ч багаасаа завсар зайгаараа ажил хийж мөнгө, амьдралын үнэ цэнэ, амт, гашууныг мэдрэн бие хүмүүн болон томоожоод байх шиг. Харин манайд бол 30 байтугай 40, 50 хүрчихсэн мөртлөө гэр оронгүй, архичин, хулгайч, худалч хэмээх албан бус хоббитой, настай эцэг, эхээ түшиж биш түлхэж амьдардаг “мэргэжлийн” шимэгч хорхойнууд бузгай байна аа. Хөгшчүүдийн тэтгэвэрийн мөнгийг хүлээж амьдардаг хүдэр чийрэг, уран гоо биетэй идэр насны залуус зөндөө байдаг юм гэж өдөр тутмын сонингуудад бичигдээд байдаг. Урд насанд нь яасан гэж хөөрхий эцэг, эхчүүдийг нь хөгшин хонины насан дээр нь ингэж зовоож байгаа юм бол?

Эхнэрийн хувьд нэг бодлийн бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын өрөвдмөөр ч юм шиг. Учир нь энэ согтуу, арчаагүй хар “юмыг” (амьд биен дээр төлөөлөн бичих гэхээр гар хуруу ивлэхгүй байна) өдий хүртэл чирэн тойгдон авч явааг нь хэдий цаад нарийн эмзэг учир шалтгааныг нь мэдэхгүй тул бахархмаар. Нөгөө талаасаа гайгүй Монгол залуутай биш юмаа гэхэд нөгөө “моодонд ороод” байгаа солонгос, европуудтай суугаад аятайхан амьдрах боломжийг нь харахаар өрөвдмөөр, хайран залуу насных нь өмнөөс нь харамсмаар ч юм шиг.

Дээрх гурвыг бужигнан байх хооронд лааз, шил түүдэг хоёр эмэгтэй, нэг залуу гурав чанга чанга дуугаар ярингаа пижигнэн өнгөрсөн юм. Хоёр хүүхэн нь тийшээ одоо явна аа, өдийд яг хаягдлууд гарч байгаа, хурдан очиж авах ёстой гээд, нэг залуу нь би очсон, юм байгаагүй, дахин тэр хол газар явах хэрэггүй гээд аргагүйн эрхэнд дагаад явна лээ. Сайн анзаарвал ээж, хүү, эхнэр гурвын микро хэмжээний хэрүүлийн хажуугаар айхтар нарийн зохион байгуулалт бүхий бизнес, ложистикийн макро яриа сүнгэнэн өнгөрч байгаа нь тэр. Энэ хоёр бүлэг хүмүүс хааш хаашаагаа жаахан л орчноо мэдрээд хазгай эсвэл зөв гишгэвэл байр нь солигдоход их ойрхон санагдсан.

Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг бусдын хувийн амьдралыг хэт өөрийнхөөрөө дүгнэчихлээ. Товчдоо юу хэлэх гээд хэсэг илжиг шиг жороолон кийбоард нүдсэн вэ гэвэл бидний эргэн тойронд сайхан амьдрах зөндөө БОЛОМЖ, муухай амьдрах зөндөө ШАЛТАГ байжухуй. Сонголт чөлөөтэйг болгоон ажаамой!