Views
Олон улсын ил тод байдал – Авилгын эсрэг даяар нэгдэл
Газрын тос ба байгалийн хийн компаниудын орлогоо ил тод тайлагнах явдлыг нэмэгдүүлэх нь
Аливаа улс байгалийн баялагаасаа олж буй орлого, ашгаараа ард түмнээ, үндэсний хөгжлөө тэтгэх зүй ёсны үүрэгтэй байдаг. Иймээс улс олж буй орлого, ашгийн мэдээллээ цаг тухайд нийтэд түгээн, ард иргэдтэйгээ хуваалцаж байх нь иргэний нийгмийн гишүүдийг улс орныг төлөөлөн шийдвэр гаргагч бүлэг хүмүүстэй нягт холбож тэр чинээгээрээ улс орныхоо төлөө хийж буй бодит хувь нэмэр гэж үнэлэгддэг жамтай. Засгийн газар болон компаниуд газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбараас олж буй орлогын мэдээллийг чанарын өндөр түвшинд системтэйгээр нийтэд мэдээлж хараахан хэвшээгүй л байна. Нийтэд гаргах мэдээллийн бүрэлдэхүүн хэсэгт тухайн улсад үйл ажиллагаа явуулж ашиг олохын тулд хувийн хэвшлээс засгийн газарт төлж буй мөнгөн төлбөрүүдээс гадна тухайн улс өөрөө энэхүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулдаг тухай төсвийн мэдээллүүд заавал байх ёстой. Эдгээр мэдээлэл нь тухайн улсын иргэн бүрт эх орных нь газрын хэвлийн арвин баялагаас олж буй орлогыг засгийн газар нь ард түмнийхээс төлөө хэрхэн хуваарилж, зарцуулж буйд хяналт, зүй ёсны шаардлага тавих боломжийг хөдлөшгүй баримтын хамт бүрдүүлж өгөх учиртай юм.
1. Байгалийн баялаг ба эдийн засгийн хөгжил
Аливаа улсын газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбар буюу олборлох салбар нь (ОС буюу EI-Extractive Industry) нь үндэсний баялагийг голлон бүрдүүлэгч асар том нөөцөд зүй ёсоор тооцогддог. Саяханы хийсэн судалгаагаар дэлхий даяарх газрын тосны экспортын нийт орлого нь ойролцоогоор 900 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ядуу 53 орны үндэсний баялагийн тэн хагастай нь тэнцэж, зарим тохиолдолд илүү ч гарч байлаа.
Байгалийн баялаг нь үнэ цэнэтэй, зах зээлд эрэлттэй хэдий ч зарим орнуудын хувьд энэ нь бурхнаас өгсөн гэсгээл шиг үйлчилж байна. Дэлхийн ядуусын бараг 60 орчим хувь нь байгалийн баялагаар баян орнуудад амь зогоож байна. Хөгжиж буй орнуудын бодит туршлагаар батлагдсан баримтаар бол байгалийн баялагаар арвин орнуудын бүлэглэл хоорондын зөрчилөөс болж эдийн засгийн өсөлт нь удааширч, иргэний дайн үүсэх нь түгээмэл байдаг бөгөөд үүний сонгодог бөгөөд эмгэнэлтэй жишээ нь газрын тосоор баян Нигер Дельта орчмын бүс нутаг юм.
Газрын тосоор эдийн засгаа тэжээж явдаг улс орнууд нь нийгмийн хариуцлага, иргэний ба улс төрийн эрхийн хувьд маш доод түвшинд байдгийг Дэлхийн Банкны хийсэн судалгаа ч мөн давхар нотолж буй. Байгалийн баялгаас улсын төсөвт орж ирж буй асар их мөнгөн урсгалыг засгийн газар нь хэрхэн зарцуулж буйг хянах боломж ард иргэдэд бараг байхгүй байгаа бөгөөд энэ салбарын ил тод байдлыг сайжруулах нь үр дүн нь алсын боловч хамгийн чухал зорилтод зүй ёсоор тооцогдож байна.
Чухам энэхүү нөхцөл байдал нь авилгал, хээл хахууль цэцэглэх үндсэн суурь руу хөтөлж буй хэрэг юм. Байгалийн баялаг арвин улсуудын хувьд авилга гэдгийг байгалийн баялагаас орж буй орлого нь сургууль, эмнэлэг, улсын дэд бүтэц, цэвэр усны хангамжинд хөрөнгө оруулалт хэлбэрээр орохгүй замаасаа “алга болох”, “дутуу ирэх” замаар улс орны хөгжлийг боомилж байгаа зүйл гэж тодорхойлж болно. 1997-2002 оны хооронд Ангол улсад газрын тосны экспортоос орж ирсэн 4 тэрбум ам.доллар зүгээр л “ гэнэт алга болсон” бөгөөд энэхүү мөнгөөр тус улсын 5 жилийн нийгмийн халамжийн бодлогын хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлэх боломжтой байсныг “Human Right Watch” буюу “Хүний Эрхийн Төлөө” төрийн бус байгууллага тооцоолсон байдаг.
Нигер улсад жил бүр байгалийн баялагаас орж ирдэг маш их хэмжээний орлого замаасаа “алга болж”, авилга, хээл хахууль нь улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг улам хурцатгаж байгааг орон нутгийн болон олон улсын ажиглагч нар сануулсаар байна. Хэдий Нигер улсын газрын тосны экспортын цэвэр орлого нь 2007 оны байдлаар нэг хүнд 411 ам.доллар ногдох хэмжээнд өндөр байсан ч бодит амьдрал дээр ихэнх Нигерчүүд өдрийн 1 ам.доллараас бага мөнгөөр голоо зогоон амьдарч байна.
Энэхүү улс нь дээрх асуудлыг арилгахын тулд Нигер улсад байгалийн баялагийг нь олборлон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудыг орлогын мэдээллээ нэг бүрчлэн нийтэд гаргахыг шаардсан. Тус улсад 2004 онд үндэсний эрхзүйн орчин бүрэлдэж, 2007 онд энэ төрлийн хууль нь батлагдсан нь зохих үр дүнгээ өгсөн юм. Энэхүү сайн жишээ нь хуулийн зохицуулалт, эрхзүйн орчин нь улсын баялагийг ард түмэнд зүй зохистой хуваарилах, улмаар авилгалыг таслан зогсоож улс орны хөгжлийг дэмжих боломжтойг баталж байгаа хэрэг юм.
2. Авилгыг таслан зогсоох ба орлогоо ил тод тайлагнах зарчмыг хөхүүлэн дэмжих
Байгалийн баялаг нь үнэ цэнэтэй, зах зээлд эрэлттэй хэдий ч зарим орнуудын хувьд энэ нь бурхнаас өгсөн гэсгээл шиг үйлчилж байгааг бид олон жишээн дээр батлан хэлж чадна. Үүнийг эсрэгээр нь буюу байгалийн баялаг бол бурхнаас өгсөн хишиг болгож өөрчлөхийн тулд нөөц, баялагийн ил тод, нээлттэй засаглал, удирдлагыг хэрэгжүүлэх явдал юм. Ил тод байдал нь хариуцлагатай, шударга удирдлагыг бий болгосноор тухайн компани, улс, иргэн бүр дараах байдлаар ач тусыг нь харилцан хүртэх учиртай. Үүнд:
- Нийгмийн хариуцлагыг дэмжих. Ард иргэдийн хувьд ил тод мэдээлэл, түүний эх үүсвэр рүү хандахгүйгээр ямарваа нэгэн өөрчлөлтийг хийж чадахгүй билээ. Мэдээлэлтэй иргэн хүн нь хоорондоо нэгдэн өөрсдийн эрхийнхээ төлөө зогсож, төрийн байгууллагыг улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж чадна. Үүний тулд цаг үеийн бөгөөд зөв мэдээлэл маш чухал бөгөөд уул уурхайн салбарын орлогын мэдээлэл, засгийн газрын төсвийн хуваарилалт ба зарцуулалт нь нийтэд тогтмол бөгөөд ил тодоор тайлагнагдаж байх ёстой ч ихэнх улсад энэ зарчим мөрдөгдөж чадахгүй байсаар л байна.
- Авилгыг багасгах. Ил тод байдал л авилгыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь бодит туршилт, судалгаагаар батлагдсан зүйл. Жишээ нь, чөлөөт хэвлэл бүхий улс орнууд нь авилгыг хазаарлах маш том боломжтой болсон байдаг. Түүнчлэн улс орнуудын ард иргэдийн зарлагын тогтмол давтамжтой судалгаагаар (PETS – Public Expenditure Tracking Surveys) хангалттай мэдээлэл бүхий хүмүүс улс төр ба бусад хүнд суртал, шаардлагагүй шат дамжлага, төсвийн цоорхой, зүй бус ашиглалтыг соргогоор харж, бусад олж болох боломжтой орлогуудын төрлийг гаргаж ирэх боломжтой байдгийг батлаад буй. Энэхүү судалгааг 2001 онд Уганда улсад хийсэн бөгөөд мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй хослуулан кампанит ажил өрнүүлж, дээрээс нь засгийн газрын хяналтыг сайжруулснаар зах хязгаар нутгийн боловсролын байгууллагууд очих ёстой хөрөнгө оруулалтын 20 хувь нь л очдог байсан бол энэ хувийг 80 хувьд хүргэж чадсан байна.
- Компанийн сайн жишээ, туршлагыг (ашиг) хөхүүлэн дэмжих. Байгалийн баялагийг бизнес болгон ажиллаж буй компаниуд дунд ард иргэдэд нээлттэй байж, мэдээллийг ил тод байлгах зарчмыг чанд баримталснаар асар их хэмжээний хөрөнгө босгож, тэр чинээгээрээ ашиг олж, нэр алдар олсон гайхамшигтай жишээнүүд багагүй байдаг. Компанийн амьдралд оролцогч, оролцохыг хүсэгч хэн боловч тухайн компанийн нээлттэй байдал, үйл ажиллагаа, ёс зүй, нийгмийн хариуцлагын өндөр стандартад л итгэж, тэр хэмжээгээр хөрөнгө оруулагч нар санхүүгийн шийдвэр гаргаж, нийгмийн өндөр хариуцлагатай компанийн засаглалаар дамжуулан санхүүгийн зах зээл дээр давуу талаа үүсгэхийг чармайдаг. Олон нийтэд түгээх, ил гаргах мэдээлэл нь компанийн нэр хүндийг өсгөөд зогсохгүй гадны, дотны нэр хүндийн эрсдэл, аюулаас хамгаалж чаддаг. Товчхондоо ил тод тайлагналын зарчим нь компани, хөрөнгө оруулагч, шинжээч нарын хувьд хамгийн үр дүнтэй бөгөөд найдвартай эрсдлийн урирдлагын хэрэгсэл юм.
3. Зөвлөмжүүд
Хэдийгээр нэр бүхий цөөн хэдэн компаниуд орлогоо ил тод тайлагнах зарчмыг баримтлан бусаддаа үлгэр дууриал болж, энэхүү салбарт өөрчлөлт хийхийг чармайж байгаа боловч үр дүн нь энэхүү салбарыг бүрэн хамарч чадаагүйгээс гадна уул уурхайн салбарт цогц өөрчлөлт хэрэгтэй байсаар л байна. Санал болгож буй зөвлөмжүүдийг тухайн бизнесийг аль улсад хийж байгаа, баялаг хаана байршиж байгаагаас шалтгаалж компаниуд, улс орнууд, засгийн газрууд нь өөрсдийн нөхцөлд байдалдаа тохируулан өөрчлөн хэрэглэх нь зүйтэй.
Орлогоо нээлттэй тайлагнах зарчмыг хөхүүлэн дэмжихийн тулд доорх нийгмийн бүлэг, давхрага бүрт Transparency International дараах зөвлөмжийг санал болгож байна. Үүнд:
- Газрын тос ба байгалийн хийн компаниудад: Хамгийн эхлээд байгалийн баялагийг нь ашиглахын тулд тухайн улсын засгийн газарт төлсөн бүхий л төлбөрүүдийг нийтэд мэдээлэх ёстой. Ингэхдээ тайлагнах нэгдсэн стандарт форматыг бий болгон ашиглах нь зүйтэй бөгөөд энэ нь дэлхийн бүхий л улс орнуудад ижил тайлбарлагдаж ойлгогдох ёстой. Компаниуд энэ үйлдлийг өөрсдөө санаачлан хийх нь зүйл нийцэх бөгөөд тухайн улсын хуулийн байгууллагуудаар шахуултлаа хүлээх ямар ч шаардлагагүй.
- Тухайн компанийн өөрийн улсын засгийн газар ба бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улсын засгийн газруудад: Компанийн орлогыг ил тод тайлагнах зарчмыг зохицуулсан эрхзүйн орчныг аль аль талдаа бий болгох. Тухайн компанийн өөрийн улсын засгийн газар нь өөрийн улс дотроо болон хилийн чанадад байгалийн баялаг болон түүнээс үүсч байгаа мөнгөн хөрөнгийн урсгал, компанийн үйл ажиллагаатай холбоотой тайланг нээлттэй байдлаар авч байх эрхзүйн орчныг бүрдүүлэх. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улсын засгийн газар нь өөрийнх нь улсад үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудаас хир хэмжээний татвар, хураамж, төлбөр авснаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлах ёстой. Засгийн газар өөрийн улсын хил хязгаар дотор үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудад орлогоо ил тод тайлагнах зарчмыг мөрдөж, мэдээлээ ард иргэдэд нь нээлттэй байлгахыг шаардах ба ингэхдээ бизнесийн дотоод нууцад хамаарах асуудлыг нь хамаагүй хөндөхгүй байхаар гэрээг байгуулах нь зүйтэй.
- Бие даасан зохицуулах зөвлөлд: Энэхүү зөвлөл буюу хороо нь компаниудын ил тод ажиллах стандартыг нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тавигдах шаардлагын хүрээнд боловсруулан гаргаж мөрдүүлэх.
- Компаниуд ба зохицуулах агентлагуудад: Эдгээр нь хамтдаа орлогын ил тод тайлагнагдах зарчмыг хамарсан мэдээллийг олж авах, задлан шинжлэх, харьцуулан судлах зорилгоор дэлхий даяар мөрдөгдөх тайлагналын нэгдсэн стандартыг бий болгон мөрдөж хэвшүүлэх.
- Иргэний нийгмийн төлөөлөлд: Тухайн улс орон бүртээ байгалийн баялагийн бизнес эрхлэгч компаниудад хандан засгийн газрын хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрийг хянах, нийгмийн сайн сайхны төлөө болгоход нь шаардлага тавих.
No comments:
Post a Comment