Saturday 26 September 2009

Running on empty


“Harvard International Review” сэтгүүлийн 2009 оны 9-р сарын дугаарт “Running on empty; Mongolia’s economic crash” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Aaron Mattis бичсэн байна. Гарчигнаас нь авахуулаад бүхий л хэлсэн санаа, баримт нь үнэхээр анхаарал татмаар бичигджээ. Гол санаа нь Монгол Улсын гадаад өр эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд саяхан ОУВС-с авахаар болсон 229,2 сая ам.долларыг оролцуулбал улсын маань нийт өр 1 тэрбум ам.долларт дөхөж буйг дурдсан байна. ОУВС ийнхүү тусалж буйн шалтгааныг санхүүгийн хямралд нэрвэгдэн өндөр инфляци, төсвийн алдагдалд орж түүнийгээ нөхөхийн тулд өр зээлэнд баригдаад байгаа Монгол Улсын хөрвөх чадварыг түр хугацаанд дэмжиж хамгийн гол нь уул уурхайн салбараас ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг гадаад өр, зээлээ, түүн дотор ОУВС өөрийн өгсөн мөнгөө найдвартай буцааж авах том баталгаа гэж харж буй аж.
Ноолуур болон эрдэс бодисын дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэлтэй орлогыг ухаалаг зарцуулж чадаагүй “шоу”-даад үрсэнийг “Ноолуураа зарж гэнэт их мөнгө олж гэртээ агааржуулагч авсан малчин нь одоо агааржуулагчийнхаа лизингийг төлж барахгүй төдийгүй банкнаас нэмж зээл авч чадахгүй байна” гэсэн жишээгээр тайлбарласан байх аж. Гэсэн хэдий ч алдарт Оюу толгойн орд нь Монголын ДНБ-ийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтойг бататгаад зогсоогүй Таван толгойн нүүрсний ордыг мөн онцгойлон дурджээ.
Сонирхолтой нь одоогийн ерөнхийлөгчийн талаар “Elbegdorj has a long track record of populist rhetoric and well-documented suspicions of foreign businesses, both of which unnerve analysts and investors who wish to see the Oyu Tolgoi mining project and other deals approved as quickly as possible” гэсэн дүгнэлт хийсэн нь барууныханд хэрхэн ойлгогдож буйг хэлэхэд хэцүү юм. Хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгаас уул уурхай дээр суурилсан эдийн засаг руу шилжихэд тийм ч амархан байхгүйгээс гадна үр шимийг нь тэр дороо хүртэхгүйг анхааруулжээ. Монголчуудад хэлж буй гол мессежийг нь богино хугацаанд ДНБ-нээ эрс өсгөн азийн бар, арслан болохын гол аюул нь хэн ч таамаглаж чадахгүй үнийн уналт, санхүүгийн гэнэтийн хямрал байдаг. Иймээс ухаалаг хэрэглээ, хэмнэлттэй зарцуулалт байх ёстой шүү гэж би ойлгов.
“Running on empty” гэдэг нь англи хэлц үг агаад утга нь бензин нь дуусаад улаан гэрэл нь ассан машинаар явах гээд ухнатаад буйг зүйрлэсэн ёжлол аж.
Мөн түүнчлэн Business Monitor International 2009 оны 8-р сарын 31-нд гаргасан тайланд Монголын банкны сектор хүнд байдалд байгааг дурдаад энэхүү хүндрэлээс ойрын хугацаанд гарах хамгийн боломжит арга нь уул уурхайн салбар гэж тодотгосон байв. Алдарт уул уурхайн төслүүдийг даруй эхлүүлж чадвал 2010 оны дунд үеэс нь банкны салбар хэвийн байдал руугаа хэвийх хандлагатай болохыг дүгнэн бичжээ.
Машинаа таг зогсохоос нь өмнө та бид түлшний савандаа зээлээр ч болтугай түлш авч хийж хаазаа гишгэх цаг нь нэгэнт болжээ гэж дүгнэх байна.



Wednesday 23 September 2009

Stephen Covey’s Seven Habits

Амжилтанд хүрэхэд туслах долоон зөвлөмж

Доктор Stephen Covey гээд хүний зөвлөсөн дараах долоон зөвлөмж нь алив хүнийг ажилдаа хэрхэн амжилт гаргаж, богино хугацаанд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болоход тань нэмэр болох маш дажгүй мэдээлэл байх ажгуу. Үүнийг би халтар хултар орчуулмар аядаж зарим нэг жишээгээр хачирлан баяжуулж тайлбарлах гээд оролдоод үзье.
Идэвхтэй, зоригтой байх. Та бол “амьдрал” хэмээх хүлэг морь унаж яваа хүн. Аргамаг хүлгээ хаашаа залах, хэзээ зогсоох, хэзээ ташуурдахаа та л мэднэ, та л зохицуулна. Иймээс хүлгийнхээ эзэн нь бол! Зарим хүмүүсийн хувьд хувийн болон нийгмийн амьдралын ямар ч идэвхгүй, зарим нь бол өдөр хоногоо арай ядан өнгөрүүлж буй үхээнц байдал нижгээд харагддаг. Бороо, цас орж магадгүй гэж цаг агаарын мэдээгээр зарлаад байхад нимгэн хувцастай гарч хатгаа аваад эмнэлэгт ажлын чадваргүй болоод хэвтэж байгаа хүн үүний сөрөг жишээ юм уу даа. Хэн ч чиний өмнөөс бороо орох гэж байна, шүхэр аваад гар миний хүү гэж хэлэхгүй, хэлэх ч албагүй.
Насны бөгст нэр төртэй байхыг эрмэлз. Ирсэн л бол буцах ёстой энэхүү хорвоод та бидэнд бурхан хэзээ нэгэн цагт тэнгэр рүү нисэх “үнэгүй тийз”-ийг илгээнэ. Иймээс таньтай салах ёс гүйцэтгэх ёслолын тэрхүү агшинд бусад хүмүүс таныг дурсах, таниар бахархах, таньгүй байхдаа харамсах үнэ цэнийг заавал үлдээх ёстой. Ашгүй энэ нэг юм “явж” санаа амраалаа гэж гэрийнхэн, найзууд, хамтран ажилладаг байсан хүмүүс чинь хөгжилдөн цэнгэн бодох бий вий. Хээр газар чоно, нохойны хоол болмооргүй байгаа бол энэ бас бодох л асуудал байгаа юм. Ядаж л ач хүү, зээ охин чинь таныг мэдэхгүй, дурсахгүй бол чиг... юутай харамсалтай, юутай эмгэнэлтэй байх билээ.
Ажил, амьдралын ач холбогдлоо эрэмбэлж занш. Яаралтай ажлаа бус чухал ажлаа түрүүлж хий гэсэн үг байх нь. Юу юугүй од болох гэж тэмүүлээд насны юм болохгүй гэсэн үг юм уу даа. Ухаан нь онгоц хөх тэнгэрийн уудамд өндөрт хөөрөн нисэхийн тулд хангалттай урт бөгөөд сайн чанарын гүйлтийн замтай байх ёстой. Энхэл донхол зассан муу зам, богино зурвас дээрээс хөөрөх гэж хөөрцөглөж байгаад унаж цаг хугацаа болон мөнгөөр бүү шатаарай гэж хэн ах хэлээд байх шиг байна.
Аль аль талууд өгөөж хүртэх ёстой. Алив үйл ажиллагааг аль аль талдаа үргэлж ашигтай байхаар зохион байгуулах. Ухаан нь чи үргэлж дарга хийгээд байх ёсгүй л гэсэн үг. Хажуугийн хүндээ хүрд эргүүлэх боломж өгөх, бусад хүмүүст боломжийг олгож түүнийгээ харж таашаал авах нь амьдралын баясал байх ёстой. Иймээс оролцогч бүх талууд өгөөж хүртэж шийдвэрийг цаг ямагт олохыг хичээ гэж энэ гадаадын эрдэмтэн ах сургасан байна.
Бусдыг эхэлж ойлгоод дараа нь өөрийгөө бусдад ойлгуул. Өөрөөр хэлбэл хэтэрхий их битгий ярь, харилцан ярианд гүн бүү авт. Бусдыг бүрэн дүүрэн ойлготлоо тэвчээртэйгээр сонсож сур гэсэн байна лээ. Түүний дараа өөрийгөө бусдад илэрхийлсэн нь хамаагүй үр дүнтэй гэмой. Жишээ нь ажилд шинээр орох гэж байгаа хүн тухайн компанид юу хийж чадах вэ, ямар ашиг, өгөөж өөрийн зүгээс оруулж чадах, ямар түвшиний ямар ажлын байр байгааг нь мэдэхгүй, судлаагүй байж 1,000 ам.долларын цалин авъя гэж шууд хэлж болохгүй л гэсэн үг юм.
Synergize гэсэн байгаа юм. Үүнийг нь би Монголоор орчуулж чадсангүй ч утга нь бол 1+1=3 гэсэн үг. Ухаан нь хүн бүхэнтэй хамтарч ажиллахыг хичээ. Учир нь хүн болгонд сул ба давуу талууд байдаг тул бусад хүмүүсийн онцлог давуу талуудыг ашигла гэсэн үг байх нь. Төвийн болон барууны чиглэлийн үзэл баримтлалтай намууд анх удаа нэгдэн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож зүүний чиглэлийн намыг ялж Элбэгдорж ерөнхийлөгч болсон тухайг үүнд жишээгээр авч болох юм.
Цаг үргэлж өөрийгөө ирлэ. Бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүсэг бишрэлээ цаг үргэлж “дасгалжуулж” сэргээж байвал зохилтой хэмээжээ. Зөвхөн биеийн бодибуйлдинг биш хааяадаа заавал тархины, сэтгэлзүйн, ертөнцийг үзэх үзлийн бодибуйлдинг та бид бултаараа хийж “хий хуй”-гаа гарган бие болоод сэтгэл санаагаа ариусгаж байх ёстой юм шиг байна даа хөө. Удахгүй иог-д явж сонирхож үзнэ ээ. Энэ хүний ном нь амазон дээр зөндөө байна лээ шүү.

Monday 14 September 2009

Japan

Япон Улс

Япон улс нь номхон далайд харъяалагдах арал улс агаад Хятад, Орос, Солонгос улсуудтай тэнгисээр хил хийн бөөр залган орших авай. Тус улс нь нийт 6.800 ширхэг арлаас бүрддэг гэдгийг та бүхэн мэдсэн үү. Гэхдээ эдгээрээс 340 нь л 1 километрээс урт бөгөөд Хоккайдо, Хоншю, Шикокү, Кюшү гэсэн энэ 4 арал нь нийт газар нутгийн 99,37%-ийг эзэгнэнхэн орших бөлгөө. Ер нь бол сайхан уулархаг нутаг байх шиг санагдсан хэдий ч хүмүүс нь тал газар амьдрахыг эрхэмлэдэг юм уу даа. Учир нь газар тариалан, тээвэр, холбоо гэхээр уулархаг газар зардал өндөр гардаг бололтой. Мэдээж хамгийн алдартай уул нь Фүжи хайрхан. Энэ нэр нь ч Японд их түгээмэл юм. Арал улс болохоор тэр байх, газар хөдлөлт, галт уул, хар салхи гэсэн гамшигууд энд байна аа. Гэхдээ ихэнх барилгууд нь хир баргийн газар хөдлөлтийг торохгүй давна гээд бараг бассан маягтай бидэнд ярих нь бахархалтай. Хүн амын тоогоор дэлхийд эхний аравт орох бөгөөд 2003 оны тооллогоор нь 127,5 сая хүн тоологдсон нь нэг км.квадрат талбайд бараг 350 орчим хүн амьдрах нигууртай аж. Ийм ч учраас энэ улсад хүн ард нь талаар нэг тарж биш тэнгэр өөд баганадан амьдарч байхуй. Миний оюутны байрны өрөө нь хаа хаашаа 4 алхам байх юм аа. 00-ийн өрөө нь онгоцны 00 шиг л надад санагдаад болдоггүй. Нилээд гүзээ суусан Монгол дарга ирвэл 00-д нь эргэхийн тулд яах аргагүй буяны таргаа хасахаас өөр аргагүй юм билээ. Энэ өрөө нь Токио хавийн зарим оюутны байруудаас харин ч том байна гэсэн шүү бурхан минь. Токио, Осака, Нагоя, Ёокохама, Саппоро, Кобэ, Кёото, Фукуока, Кавасаки, Хирошима, Китакюшү, Сэндай хотууд нь метрополитан буюу 1 саяас олон хүн амтай гол суурин газрууд нь байгаад байх шиг байгаа юм. Хүн амын масс хөгшрөлт маш том асуудал болж байгаа нь илт анзаарагдаж байна. Наритагаас Токио орох замд зэрвэс ажвал азийн бусад хотуудаас нэг их ялгарах юмгүй санагдсан хэдий ч булан тохойг нь гүйцэд үзэж амжаагүй байж өмнөө дүгнэлт хийж байвал өршөөнө буй заа. Хүмүүсийн захиж хэлсэнчлэн анхнаасаа би бүх юм нь гял цал улс байх гэж бодож байсан хэдий ч Сеүл, Сидней, Сингапур, Бангкок, Тайпэй, Шанхай, Хонг Конг зэрэг хотуудаас тэгтлээ тасарчихсан гэж хэлж боломгүй л байна одоогоор бол. Токио хот нь 1868 оноос эхлэн албан ёсны нийслэл гэж цоллуулж эхэлсэн юм билээ. Газарзүйн байршлаасаа болж энд их эрт нар мандаж эрт харанхуй болох юм. Тийм ч учраас Наран улс хэмээн бид цоллодог байх нь.

Энэхүү улс нь ардчилсан засаглалтай, парламентийн хоёр танхимтай агаад үе дамжин ирсэн эзэн хаантай. Хаан нь одоо үндсэндээ бэлэгдлийн шинжтэй болсон юмуу даа. Яг өдийд Юкио Хатояама (Yukio Hatoyama) хэмээх эр энд ид од болж байна. The Nikkei Weekly” сонинд бичсэнээр бол тэрээр Японы ардчилсан намын дарга бөгөөд саяны болж өнгөрсөн парламентийн сонгуульд гайхалтай ялалт байгуулж 1955 оноос хойш парламентийг эзэгнэж байсан Либерал ардчилсан намыг номхруулж дөнгөснөөрөө Японы Обама хэмээн өргөмжлөгдөж буй аж. Ялсан намын мөрийн хөтөлбөрт ахлах сургуулиас доош насны бүх хүүхдэд сар бүр 26.000 иен (390.000 орчим төгрөг) өгнө гэсэн зүйлс байсан. Магадгүй иймэрхүү амлалтууд нь ялалтын гол үндэс нь ч байж болох юм. Энэ эрийн намтрыг цухас сонирхсон чинь чухам л элит гэр бүл гэдгийн сонгодог жишээ байх ажгуу. Өдгөө 62 насны сүүдэр тухайлсан энэ хүн Японы ардчилсан намыг үндэслэгч нарын нэг төдийгүй түүний өвөө нь ерөнхий сайд, аав нь Гадаад харилцааны сайд, ах нь Дотоод явдал, харилцаа холбооны сайд байсан юм билээ. Америкийн Кеннедигийн гэр бүлтэй төстэй “загвартай” гэж хэлж болохоор. Нөхцөл байдал ямар байгааг, хэнтэй ярьж байгааг үл тоон хэлэх гэсэн юмаа шулуухан хэлдгээрээ Японы улс төрд алдартай бөгөөд сонгуульд ялсаныхаа дараахан “Япон улс АНУ-ын түүчээлсэн эдийн засгийн салхинд хэт их намирч байна” хэмээн шулуухан мэдэгдэл The New York Times-д өгөөд амжсан гэж байгаа. Энэ өгүүлбэрийг би өөрийнхөөрөө Монгол руу буулгамар аядсан шүү. Буруу зөрүү байх вий. Англиар the Japanese economy has been buffeted by the winds of market fundamentalism in a U.S.-led movement гэж мань эр хэлсэн байна лээ. Нялуунаас шулуун нь дээр гэдэг зарчмыг би өөрөө ч бас баримталдаг тул 9-р сарын 16-нд Япон улсын ерөнхий сайдын сэнтийд албан ёсоор залрах энэхүү эрхэмд амжилт хүсье ээ гэж. Энэ улсын англи хэл дээр гардаг сонингуудыг цухас гарчиглахад үнэхээр мэргэжлийн түвшинд, сэдэв, жанраараа дагнасан, тусгай колумнист буюу шинжээчид голлон байдаг юм байна. Уншихад урамтай гэж. Монголынхоо өдөр тутмын аж үйлдвэр, нийгмийн салбараар мэргэшин ажиллаж буй сэтгүүлч нарыг энд хэдэн сарын дадлага хийлгэх юмсан. Ямар их эерэг өөрчлөлт, шинэчлэлийг хэвлэлээр дамжуулан нийгэмд гаргаж чадах бол оо.

Эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэх агаад тэр чинээгээрээ дэлхийн ээжийн үүрэг гүйцэтгэж хөгжиж буй орнуудад асар их хэмжээний тусламж үзүүлдэг. Зөвхөн 1999 онд 15,32 тэрбум ам.долларыг гадагшаагаа тусламжаар цацсан гэнэ. Эсрэг нэг мэдээлэл нь алив нэг хөгжиж буй улсад үзүүлж буй мөнгөн тусламжийн тодорхой хувь нь маргааш нь гэхэд Швейцарийн банк руу шилжүүлэг болон ордог гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагч, эрх баригч нарын дундаас нь идэж буй мөнгө. Энэ мэдээллийн эх сурвалжийг мартсан байна. Ямар ч байсан олон улсын нэг байгууллагын хийсэн судалгааг эртээд интернэт дээрээс яг харж байсан юм шүү. 1868 он буюу Мэйжигийн үеэс эхлэн Япон улс нь гадаад харилцаагаа чөлөөтэй болгосноор бусад улстай, ялангуяа барууны улсуудтай нягт холилдож эхэлсэн байна. Яг энэ түүхийн сонгодог жишээ нь Том Круизийн тоглосон “Сүүлчийн самурай” кино юм даа. Уламжлалт өв заншил, соёл урлаг, харилцаа нь Ёокохама хотын боомтоор орж ирж буй барууны соёлтой хэрхэн зөрчилдөж буйг гайхмаар сайхан харуулсан кино. Ер нь бол анх энэ улсыг барууны улсад мэдүүлсэн хүн нь Марко Поло гэдэг юм билээ. Өдгөө Япон улс нь дундаж наслалт ба дээд боловсролын багш, оюутны зохистой харьцаа, автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд 1-д, ДНБ, бусад улсад үзүүлж буй зээл, буцалтгүй тусламж, өдөр тутмын сонингийн эргэлт, тоо, цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-т тус тус орж буй хүчирхэг гүрэн ажээ. Өдийд энэ улсад байгаль дэлхийд ээлтэй технологи моод болж өнгөрөөд өдөр тутмын хэрэглээ болсон байна. Жишээ нь, Токиогийн их сургуулийн хуучин ерөнхийлөгч саяхан өөрийн хаусны дээврээ тэр чигээр нь нарны цахилгаан эх үүсвэр болгож үүндээ 4 сая иен зарцуулсан тухай The Nikkei Weekly сэтгүүлд бичсэн байна. Японд буй бүх машинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгосон ч агаарт ялгаруулж буй хорт хийг дөнгөж 10%-р л бууруулах боломжтойг эд нар судлаад гаргасан байна.

Хоолны хувьд буурцаг буюу miso шөл ба будааны хүүхэд болох шинжтэй. Шингэц сайтайгаас гадна хурдан хугацаанд хийж болдог амар хоол юм. Сакэ нь Солонгост байдаг сөөжүүг бодвол арай үнэтэй юм. Гэхдээ “чанар”-ын хувьд ялгааг нь үл мэдрэв. Асахи пиво нь харин их таалагдаад байгаа. Энэ зурган дээр байгаа манай оюутны байрны хажууд байдаг дэлгүүрээс ойр зуурын юмаа яарсан үедээ аваад байгаа. Япон нь халуун рашаан, саунаараа их алдартай юм. Манай сургуулийн 50 өөр улсаас ирсэн 50 оюутан нэгэн зэрэг саунд орж энэ үзүүлэлтээрээ Гиннесийн номонд бичигдсэн юм байна. Гэрчилгээ нь оюутны хоолны газарт өлгөөтэй байна билээ. Спортоор бараг хүн болгон хичээллэх юм. Спортын олон клубууд сургууль дээр байгаагаас би айдо буюу богино хугацаанд илд гаргаж наадах, мөн кэндо, амжвал иогийн клубд нь явах санаа төрөөд сачийгаа мэдэхгүй суугаад байна. Өчигдөр айдо заалган модон илдээр наадаж буй Канад оюутныг харсан чинь их сайхан мэдрэмж төрсөн. Тэр Япон багшид нь нэг ойрмогхон очиж шавь орох санаа буй. Миний байгаа газарт өвөл цас их унадаг тул цанын баазууд эргэн тойрон зөндөө байдаг юм гэсэн. Сургуулиас цана, чарга, цанын боард аваад явж болох юм билээ. Ер нь бол нилээд уулархаг газар тул ой мод ихтэй дээрээс нь уул, үүл холилдон буй байгалийн сайхан зураг дунд хэсэг ном нүдэх болсон нь сайхан л байна. Загас мэдээж гол хоолны орц. Одоогийн байдлаар бараг 400.000 ширхэг хөргөгчөөр тоноглогдсон загас агнуурын хөлөг онгоцууд нь жил бүр ойролцоогоор 6 сая гаран тонн загас барьдаг ч энэ нь хаанаа ч хүрэхгүй дахиад гадны улсуудаас загас импортолдог юм байна. Бусад улсууд хэлээд, хориглоод байхад халим агнаад байдаг нь жаахан тоогүй. Тэр том сайхан амьтныг алаад, өвчөөд байгааг нь харахаар үнэхээр муухай юм билээ.

Тээврийн хувьд эд нар дугуйнаас авахуулаад шинкансэн хэмээх хурдан галт тэргээр зорчих ажгуу. Дэд бүтцийн хөгжлийг нь ганц жишээгээр хэлье. 1 км.квадрат талбайд 3 км авто болон төмөр замтай гэнэ. Токиогоос шинкансэнд суугаад оюутны хотхон руугаа ирж байх зуур галт тэргэн дотор байх явуулын дэлгүүрийн каталогийг үзээд л энэ улсын хөгжлийг шууд дүгнэж болох санагдсан. Тэр зарж байгаа юмнууд нь хүний нарийн, бүдүүн бүхий л хэрэгцээ, тав тухыг хангахын төлөө хийгдсэн зүйлс байгаа нь гайхалтай. Жишээ нь, хэвтэж байгаад ном, сонин уншихад зориулсан тавиур, цамцаа дотуураа хийгээд өмд өмсөхөөр цамц хааяа гадуур гараад, хөдлөөд байдгийг болиулах бүс маягийн юм, таяг ба шүхэр хоёрын “эрлийз”, зөв унтахад зориулсан дэр, тэвэрч унтдаг чихмэл маягийн юм, нүдээ ойр ойрхон анивчдаг хүнд зориулсан тусгай мэдрэгчтэй нүдний шил, дугуй унаад явж байх зуур зураг авах зориулалттай камер гэх мэтчилэн.

Японд ирээд шууд анзаарагдсан, их амар санагдсан зүйл бол хүмүүс нь шүлс, нус, цэрээ хаяна гэсэн ойлголт байхгүй. Улаанбаатарт байхад ёстой үгээ хэлээд л гудамжаар явдаг даа. Өөдөөс ирж байгаа хүн ках ках гээд л улаан хоолой, гавлын ясан доторх бүхий л нунжгай шингэнээ аман дотроо цуглуулж цуглуулж пүд хийтэл урд хаях нь ямар жигшмээр гээч. Ялангуяа хүүхэд шуухадтай явж байгаа, мөн элдэв халдварт өвчин гараад байгаа энэ үед бусдын хажууд гаргаж боломгүй үйлдэл байхаар. Та нар Улаанбаатарын гудамжаар явангаа ажиглаад үзээрэй. Өөдөөс чинь болон зөрж өнгөрч буй хүмүүсийн талаас илүү нь хажууд чинь пад пад хийтэл шүлсээ хаяж, хурууныхаа өндгөөр хамрын үзүүрээ жаахан дээшлүүлж байгаад машид сурамгай нусаа хийх бий вий. Тэр нус мус нь ямар ч бэлэн хамрын үзүүр дээр нь байдаг юм. Энэ зүйл бол яах аргагүй бидний нийтлэг муу зуршлуудын нэг юм даа. Гадаад орчин нь сайхан болоод эхлэхээр хүмүүс энэ муу дадлаа хаях биз ээ. Дараагийн нэг онцлох ёстой зүйл бол хогийг ялгаж хаяхаас гадна том хэмжээний хог хаях, хуучин тавилга, эд хогшлоо шинэчлэх бол зүгээр гудамжинд гаргаж хаяж болохгүй мөнгө төлж байж хаях юм. Жишээ нь ТВ ба хөргөгч хаях бол тус бүр 4.000 иен (60.000 орчим төгрөг), 6.000 иен (90.000 орчим төгрөг). Машин энэ тэр нь бүр үнэтэй болох байх. Өнөөдөр ойр байх жижиг хот руу явж танилцаж, хүнсний юм цуглууллаа. Хэл мэдэхгүй хүний лай нь ёстой гарах юм. Элсэн чихэр, давсаа дэлгүүрт нь ялгаж чадахгүй болохоор уур ч хүрэх шиг. Нялх хүүхдүүд бүх юмыг ам руугаа хийж амталж хорвоотой танилцдаг бол япон хэлгүй миний бие бараг бүх юмыг хамартаа ойртуулж үнэрлэж л “хэл нэвтрэлцэж” өнгөрлөө дэлгүүрт нь. Гараад алхаж байгаад маш сайхан цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн цогцолборт орсон юм. Сонирхон цаашаа явтал “ариун ус” маягийн булаг, ус уух зориулалттай бололтой модон шанага, аяга байх. Учир мэдэхгүй тул тааж байгаад хутгаад уугаад, толгойгоо норгож сэргэнгээ эргэн тойрноо сайтар анхаартал оршуулгын газар байдаг байгаа. Энэ хүмүүс алив юмыг ингэж л тохижуулж, хүндэтгэж, арчилж явдаг нь үнэхээр биширмээр юм.

Япон хэл сурах гэж элэгийг нь авч байна. Хирагана, катагана, канжи гээд гурван өөр төрлийн үсэг, зурлага хэрэглэх юм энэ “балай” хогнууд чинь. Өнөөдөр багшаасаа яагаад ийм олон төрлийн зурлага хэрэглэдэг юм гэсэн чинь эдгээр нь 6-р зууны үед хятадын ханз үсгээс санаа аваад үүссэн аж. Гэхдээ анх үүсч байхдаа зөвхөн эрчүүд нь катагана, канжи, харин эмэгтэйчүүд нь хирагана хэрэглэдэг байсан, хэрэглэхийг шаарддаг байсан гэнэ лээ. Катагана нь хурц өнцгүүд ихтэй “эршүүд” зурлага бол хирагана нь үүнийг бодвол арай “ормоонтик”, уян зөөлөн зурлага гэж үнэхээр ажиглагдах юм. Миний хувьд катаганаг бичихэд илүү амар санагдсан агаад сараачаад сараачаад явуулаад байгаа. Одоо яаж энэ олон учир нь олдохгүй “эрэгтэй”, “эмэгтэй” 94 зурааснуудыг цээжилнэ ээ золиг гэж. Канжи нь бол бүр 2.000 гаран байдаг гэж байгаа. Японоор цээж бичиг хийж шалгалт өгнө гэж бодохоор л зуу байтугай зарааг зулзагатай нь залгисан юм шиг болоод байх юм. Харин дуудлагын хувьд анги дээр өдөр болгон сайн дурын Япончууд болох орон нутгийн хөгшид, ахлах сургуулийн охид, залуус ирж танхимд бидэнтэй цуг суун яриа, дуудлага дээр их туслах юм. Японд анх ирсэн эхний хэдхэн хоногийн сэтгэгдэл маань нэг иймэрхүү л байх шив дээ. Удахгүй албан ёсны хичээл эхлэхээр маш завгүй болох байх гэж бодон суух ажгуу. Наран улсад Монголчууд бишгүй байдаг бололтой. Удахгүй энэ улс дахь Монголчуудын community-ийн нэг хэсэг болох биз ээ.

Дээр бичсэн тоон мэдээллүүдийг Views of Japan”, ”Student guide to Japan” гарын авлага, The Nikkei Weekly” ба “Japan Plus” сэтгүүлүүд, The Nikkei Weeklyсонингоос авсан болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл харах болон мэдээллийг бататгахыг хүсвэл эдгээр эх сурвалжуудыг ухаад үзээрэй. Зурагнуудыг манай сургуулийн Koy ба Tee хэмээх хоёр Тайланд оюутан авсан болно.

Monday 7 September 2009

Leaving for Japan

Япон явахаар шийдлээ

Нэгдүгээр курсын оюутан байхад эдийн засгийн онол ордог байсан багш минь хичээлийн жилийн төгсгөлийг хааж бэсрэг яриа өрнүүлж билээ. Хэлэхдээ оюутан болоод та нар нэг жил боллоо. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулсан бэ, ирэх онд юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэж асуухад хариулах хариулт тухайн үед ёстой олдоогүй. Өөрөөр хэлбэл юу ч хийж амжуулаагүй байсан гэсэн үг. Түүнээс хойш эрчимтэйгээр бүхий л зүйлийг амжуулах гэж хичээж, системтэй төлөвлөлт хийх заншихаар мэрийж эхэлсэний үр дүнд дараа жил нь гарын арван хуруунд багтах хариулттай болсон байж билээ. Төгсөх жилээ бузгай хэдэн жааз бүхий шагналын гэрчилгээ, ганц хоёр “төмөр”, талархлын тууз цуглуулж, шагналын мөнгөөрөө голцуу ангийн банди нараа овоо хэдэн “100”-ийн хуушуур, хэдэн халуун сав сүүтэй цайгаар цайлсан тооцоо гарч байсансан. Худалч хүнд бол заримдаа бараг л дараа сарынхаа оюутны амьдралын тарчигхан хэсэг зардлаа удахгүй болох тэр тэр илтгэл, уралдааны шагналаас “босгоно” гэж тооцоолдог байж билээ. “Залуухан” ч байж, “халуухан” ч байж!

Би сурах дуртай. Тэр ч эрчээрээ “хар залуудаа” Австралид МВА хийж, одоо бодоход арай л эртэдсэн гэдгээ ойлгоод байгаа. Тухайн үед олигтой ч ажлын туршлага байхгүй жаахан банди 20-40 жилийн ажлын арвин туршлагатай ахлах менежерүүд, компанийн захирлуудтай хамт нэг баг болон бие даалтын ажлууд хийж, марган мэтгэлцэж байснаа одоо бодохоор сүрдмээр бас ичмээр. Чухам тэр үед л практик мэдлэг, ажлын туршлага гэж үнэлж болшгүй чухал зүйл юм гэдгийг ухаарч эхэлж билээ. Акедемик мэдлэг олж авахад бол асуудал байхгүй, сураад гарахад цаг хугацаа ч нэг их орохгүй. Мөнгө байхад, мөнгө байхгүй бол толгой байхад тэтгэлэг хаанаас л бол хаанаас олдоно. Харин ажлын туршлагын хувьд хамгийн том төлбөр нь цаг хугацаа юм даа яалт үгүй. Ямар ч их мөнгө төлье гэсэн чи маш богино хугацаанд туршлага хуримтлуулна гэдэг юу л бол? Тэр ч утгаараа ер нь гадаадад мастер хийж ирээд Монголдоо болон хувийн амьдралдаа хир ахиц гаргаж чадав, боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж амжив уу гэж өөрөөсөө асууж үзлээ. Боломжийн боловч чамлалттай буюу үүнээс дээр байж болохоор л байлаа гэдэг хариулт гарч ирж байна. Хамгийн гол нь сайн баг, сайхан хамт олны оломгүй их хүчээр банкны салбарт гарын арван хуруунд элбэгхэн багтах шинэ бүтээгдэхүүнүүдийг Монголдоо анхдагч болж гарган нутагшуулж, маркетингийн нижгээд шийдлүүдийг хэрэгжүүлэн, хэд хэдэн олон улсын зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихчаан аяджээ. Түүнчлэн хэдэн төрийн бус байгууллага, клубт элсэн, заримыг нь сэтгэл нийлсэн нөхөдтэйгээ хамтран байгуулцаж нийгэмдээ идэвхтэй ажиллаж амьдрахыг хирэндээ л эрвийх дэрвийхээрээ хичээсэн аж. Хийж байсан ажлынхаа дээжийг мэдээлэл болгон анхны бичлэгээ болгон блог гэж энэхүү зүйлийг хөтлөн эхэлж, яг одоогоор өөрсдийнх нь хэлснээр шинэ бичлэг бүрийг минь хуруу даран хүлээдэг таван уншигчтай болоод сууж байна. Энэ бүхий л үр дүнд хүрэхэд амархан байгаагүй бөгөөд бүгд хамт олны багийн ажил байсан гэдгийг хэлэх ёстой. Цэвэр Монгол сэтгэлгээ, хандлагыг яаж барууны маягтай хослуулах, байгууллага доторх фракц бүлэглэлүүдийг мэдрэх, хамтрах, хооронд нь тааруулах, хувийн тоглолт ихтэй хүмүүсийг багаар ажиллуулах, хувь хүн бүрийн чадвар, ёс суртахууныг амтлах, хамт ажиллах, мэтгэлцэх, хэрэлдэх, заримдаа ажлын төлөө хоорондоо заамдалцаж ажлын байрныхаа 00 руу орж “поогоо” хийх гэж хүртэл “далдайж” л байлаа. Хамгийн анхны төсөл дээр хэрүүл хийж намайг хүлээн авч байсан анд маань одоо миний хамгийн сайн багийн тоглогч болсон байгаа нь сайхан санагддагаас гадна маш олон сайхан хамт олон, банкны салбарт мэдэгдэхүйц танилын сүлжээтэй болсон юм. Энэ бүх зүйлийг би дэмий нэг өгүүлсэнгүй. Дээрх бүх туршлагыг танд дэлхийн ямар ч том, алдартай их, дээд сургууль чамайг хэдэн арван мянган доллар төлье гэсэн ч өгч чадахгүйд хамаг учир байгаа бөлгөө. Иймээс graduate буюу мастер, доктороо хийх гэж байгаа хүмүүст заавал арвин их ажлын туршлага байхыг шаарддаг нь ийм нигууртай ажгуу.

Голлон ажилласан төслүүд маань ихэвчлэн мэдээллийн технологи, цахим технологийн мэдлэг, мэдээлэл шаардсан ажлууд байсан тул энэ чиглэлээр номын дуу сонсох юмсан гэж ихэд хүсэмжилж “тэчъяадан” явсан бөлгөө. Хааяа ай-ти-гийн залуустай ном хаялцаад мэдэхгүй юм ярьж эхлэхээр нь бизнес санаагаа ойлгуулж чадсангүй гэж гутран өөрийгөө голдог юм. Бараг тохиолдлын шахуу японы нэгэн сургуулийн танилцуулах өдөрлөгт уригдан очоод бодож явсан хүслээ биелүүлэх эхлэлээ тавьсан юм. Сургуулийн дүрэм ёсоор бүхий л шат дамжлагуудыг нь дамжсаны эцэст сургуульд сурах урилга, сургалтын тэтгэлэг авсан минь яалт ч үгүй дээр нуршин дурдаад байгаа ажлын туршлага, бүтэлтэй болон бүтэлгүй болсон төслүүдийн түүхүүд, өөрийн эрхэм зорилгоо илэрхийлж бичсэн хоёр эссэтэй салшгүй холбоотой бөлгөө. Техник, технологиороо дэлхийд тэргүүлэгч улсад энэ чиглэлээр нь мастерын зэрэг хамгаална гэдэг бас ч гэж дажгүй сонголт, хүнд даваа байх болов уу гэж дотроо бодож сорилтыг амтлахаар сонголтоо хийлээ. Хэдийгээр нэг бус хүн дахиж Мастерийн зэрэг авахаар цаг үрэн сурах хэрэг байгаа эсэх, танилтай бол Монголд бүх юм ОК үгүй бол хичнээн мастер хийгээд ч хэрэггүй шүү дээ чин сэтгэлээсээ зөвлөснийг дурдах хэрэгтэй болов уу. Гэсэн хэдий ч тун удахгүй манай нийгмийн масс хэсэг хүмүүсийг танил тал, хамаатан садан биш чадвар, боловсролоор нь үнэлдэг үе ирнэ гэдэгт мунхаг миний бие яагаад ч юм бат итгэлтэй байгаа бөлгөө. Тэртээ тэргүй хүнийг аргалж ажиллуулдаг, хүн аргалж амиа зогоодог хэсэг бүлэг хүний оронцог, хүүхэлдэйн тоглоомууд нь аяндаа зах зээлийн хатуу нугачаанд нухлагдаад, ижил сүргээсээ ялгаран идээшилж эхэлсэн буй.

Миний шалгарч сонгогдон Цахим бизнесийн удирдлагаар мэргэшин мастер цол горилж буй International University of Japan (IUJ) буюу Японы олон улсын их сургууль, энэхүү сургуулийн “бүтээгдэхүүнүүд” нь 2009 онд ажил олгогч нарын шилдэг сонголтоор шалгарсан бөгөөд энэ нь дэлхийн 200 шилдэг бизнесийн сургуулиудыг бизнесийн удирдлагын мастерийн програмаар төгссөн залуусыг ажиллуулж байгаа корпорациудаас авч үнэлсэн үнэлгээ юм байна. Ойрхи дорнодоос эхлэн Энэтхэг, Хятад, АСЕАН-ийн орнуудыг оруулан Австрали тив хүртэлхийг багтаасан энэхүү бүс нутагтаа нэр хүндээрээ 27-д жагсаж байгаа бөгөөд бөгөөд Япон улсдаа 1 номер гэж энд бичсэн байх юм. Энэхүү судалгааг QS хэмээх 1990 онд байгуулагдсан 5 тивд орших 100 гаруй төлөөлөгчидтэй, Лондон, Парис, Сингапур, Аликант, Бээжин, Иохансбург, Сидней, Вашингтонд салбартай дээд боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгч медиа, үйл ажиллагаа зохион байгуулагч, мэдээлэл технологийн компани хийсэн, тогтмол хийдэг юм байна. Эдний зохион байгуулдаг the QS World MBA Tour нь их алдартай гэгддэг бөгөөд жил бүр дэлхийн 39 орны 70 хотод нийт 50,000 гаруй МВА хийхээр амбицалж буй шижигнэсэн залуусыг дэлхийн шилдэг сургуулиудтай нүүр тулан уулзуулдаг аж. Түүнчлэн QS компани нь Wharton, NYU, Chicago, INSEAD, LBS, IESE зэрэг дэлхийн 400 гаруй бизнесийн сургуулиуд, Columbia, MIT, Duke, California, LSE, Warwick, Edinburgh, Melbourne, Politecnico di Milano, National University of Singapore зэрэг дэлхийн 180 гаруй их сургуулиуд, Goldman Sachs, Morgan Stanley, AT Kearny, Bain, Eli Lilly, GE, Shell, McKinsey зэрэг 200 гаруй үндсэнтэн дамнасан ажил олгогч корпорациудтай шууд харилцан мэдээлэл солилцон ажилладаг юм байна.

За энэ сургуулийн зэрэглэл, нэр хүнд ч яах вэ. Хурдан очоод сурах, зулгаах юмнуудыг нь бүгдийг нь гүйцээгээд үтэр түргэн буцаж Монголдоо ирэх минь. Монголд орхиод явж байгаа ажлууд, цаг хугацаа, алдагдах боломжийн өртөгүүд маш хайран байна үнэхээр. Өөрт таатай нилээд боломжийг огоорон энэхүү сонголтыг хийлээ. Гэсэн хэдий ч Япон улсын ёс заншил, хөгжлийн хурдацаас амтлаад ирнэ гэдэг тийм ч муу сонголт байх ёсгүй гэж итгэж буй. Саяхан харж нилээд таалсан мэргэн үгээр энэхүү бичлэгийг жаргаая.

A fool's brain digests philosophy into folly, science into superstition, and art into pedantry. Hence University education by George Bernard Shaw (1856-1950)