Sunday 26 September 2010

Oblique smile

Солгой инээд

Нилээд хүмүүстэй уулзаад явж байхад дараах хэдэн зүйлс нийтлэг анзаарагдав.

Нэг сая ам.доллараас доош хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл байх юм бол миний уулзсан хүмүүс огт тоохгүй гэж байна. Ийм хэмжээний хөрөнгө бол өнөөгийн Монголын нөхцөлд бизнес хийхэд хөшүүрэг болж чадахгүй гэж маргаж байх. Ярьж байгаа бизнесүүд нь ихэвчлэн хэдэн арван сая, зарим нь хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй байх.

Гадны нэр алдар бүхий томоохон компаниуд салбараа аль хэдийн нээжээ. Хэдхэн хоногийн өмнө алдарт GE корпораци Ньюком групптэй санамж бичигт гарын үсэг зураад байна. Түүнчлэн Big 4-ийн нэг гол тоглогч болох PwC нь Central Tower-т оффисоо нээсэн байна билээ. Дахиад цаана нь дэлхийн том акулууд, хөрөнгө оруулалтын топ банкууд Монголд өнөө маргаашгүй төлөөлөгчийн газраа байгуулах гэж байгаа албан бус сураг байх. Зарим нь байгуулагдсан боловч одоогийн байдлаар нам жим буюу “underground” байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй гэсэн хов жив бас сонсогдов. Дотоодын банкуудын нэг зээлдэгчид өгөх зээлийн дээд хэмжээ дэндүү бага, зээлийн хүүгийн өртөг дэндүү өндөр тул ихэнх том компаниуд гадаадын банкуудаас урт хугацаа бүхий, хүү багатай санхүүжилт өөрсдөө авч ашигладаг болжээ. Түүнчлэн дээр дурдсан гадны том банкууд ороод ирвэл Монголд Хаан банкнаас бусад нь тун хэцүү байдалд орохоор. Мэдээж Монгол банк арилжааны банкны тусгай зөвшөөрлийг тэд нарт тийм ч амар өгөхгүй буй заа. Харин хөрөнгийн зах зээл рүү тэдгээрийг түлхвэл бидэнд ашигтай мэт. Гэтэл МХБ-ийн удирдлагын тендер зарлагдаад оролцогч нараас саналаа аваад эцсийн дүнгээ хэлэхгүй шууд цуцлагдаж буй бололтой мэдээлэл цацагдаж байгаа нь хөрөнгө оруулахаар сонирхож буй ихэнх хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа нь мэдээж. Цаашилбал Шангри Ла, Хилтон буудлууд сүндэрлэхээр сууриа цутгаснаас гадна Шератон (Sheraton) болон Хаяат (Hyatt) буудлууд баригдахаар зураг төсөл, санхүүжилтийн ажлууд нь ид явагдаж байна билээ.

Том хэмжээний бизнес дээр хүмүүс бие биетэйгээ хамтрахдаа эхний шатан дээрээ нэгнийгээ учиргүй харддаг бололтой. Чи хэний хүн бэ, чиний ард хэн байгаа вэ гэх зэрэг байдлаар. Эдгээрийн аль аль нь өнөөгийн бизнесээ цэврээр хийдэггүй, эсвэл анх эхлэхдээ цэвэр мөнгөө эхлээгүй тул хамаг “но”-г нь мэдэхээс нилээд эмээдэг байж магадгүй гэж бодогдох. Дээрээс нь аль нэг бүлэглэл, ашиг сонирхлын группт орохгүй бол тухайн хүн бизнесээ өргөтгөх, том хэмжээний төслүүд рүү ороход, хамгийн гол нь танил, найз нөхдийн хүрээгээ тэлэхэд тун хэцүү байх нь. Тиймээс иймэрхүү хүмүүст үнэнч буюу итгэлт найз нөхөд тун ховор тул өдрийн дийлэнх цагийг нүүрэндээ хуурамч баг зүүн үрдэг байх. Харин хааяа нэг дотны хүмүүстэйгээ чөлөөтэй ярьж хөөрөн, сэтгэлийн цэнгэл эдэлдэг буй заа. Амьтны хүрээлэнгийн төмөр торон дотор байх араатантай ч төстэй мэт. Угаас Монгол маань тэр чигээрээ амьтны хүрээлэн болсон мэт санагдах. Харин ямар амьтных нь тор нь хаана, ямар хэмжээтэй байхыг нь “амьтан сургагч” нар мэдэх нь мэдээж. Хэдхэн хоногийн өнгөц ажиглалтаар буруу дүгнэж байж болох талтай тул өөрийн цэвэр сэтгэлээр эгэлгүй сайхан хөдөлмөрлөж буй тэр нэгэн хэсэг хүмүүс хамаатуулж хэлж байгаад минь өршөөнө буй заа. Бүгд биш дийлэнх хүмүүс гэж бичих нь зүйтэй байх.

Гэтэл зарим нөхдүүд архины лонхонд толгойгоо нэвт мэдүүлэн үлгэн салган амьдарч байх юм. Барилга, дэд бүтцийн салбарт ажиллаж буй нөхдүүдийн хэлж байгаагаар “хар ажил” хийдэг хүмүүсийнхээ цалинг баасан гаригт л тавьдаг гэнэ. Эс бөгөөс нөхдүүд цалингаа аваа л бол архидаад маргааш нь ажилдаа ирдэггүй аж. Зарим нь ажилдаа байтугай гэртээ харилгүй халаасандаа хорин мянган төгрөгтэй л эхнэр, хүүхдүүд дээрээ очдог байх юм. Тиймээс зарим компаниудын ня-бо нар тээврийн товчоон дээр хөдөөнөөс томилолтоос ирэнгүүт нь цалинг нь эхнэр, хүүхдүүдийнх нь нүдэн дээр өгдөг “мэргэн” арга олсон гэж байна. Ямар ууж ханадаггүй архи, урагдаж дуусдаггүй элэг юм бол оо? Шил архиар менежмент хийгээд явбал дороо амжилт олох юм шиг байгаа юм уул нь. Нөгөө талаас харахад заавал тэгж хүний барьсан махыг хараад дуудагдан ирдэг нохой шиг аяглах хэрэг галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй залууст юу байдаг юм бол доо гэж харамсах юм. 

Дээр дурдсан нэг сая ам.доллараас дээш хэмжээний бизнес ярьж, тэр хэмжээгээр сэтгэдэг бүлэг хүмүүс болон өөрийн элгээ хамгаалахаа бүү хэл гэр бүлийн гишүүдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээж, эгэл хүний ухамсар хэмээгч зүйлийн үнэр ч байхгүй хүмүүсийн хоорондын тооны харьцаа (чанарын харьцааг энд дурдаад ч хэрэггүй билээ) асар зөрүүтэй байгаа бус уу. Ёстой цаг хугацаа л бүх зүйлийг харуулж шүүх биз ээ. Дээрээс нь та бидний холч ухаан, зөв сэтгэлгээ, эерэг энерги, харилцан ашигтай хамтын ажиллагаа энэхүү “зохисгүй” харьцааг удаандаа ч гэсэн бага багаар хэмлэн багасгах нигууртайг бултаараа нэг анзааръя.

Том усан сангийн жижиг загас байх уу, жижиг аквариумын том загас байх уу гэсэн сонголт хүн болгонд байгаа буй заа. Гэвч том усан сан руу үсрээд орох гэхээр өмхийрсөн устай байх гээд байх шиг, жижигхээн аквариумдаа сэльюү гэхээр мэдээллийн ялгаанаас болоод том зургаа харж ажиллаж, амьдрах боломж нь нилээд хязгаарлагдах бололтой. Аль аль усан сангийн загаснууд уул нь инээх юм. Даанч инээдний өнгө нь цаанаа л солгой өнгөтэй буюу чин сэтгэлийн инээдний цуурай нилээд цаана сонсогдох ажгуу. Чих муутай хүн бол бараг тэр инээдийг ялган олж сонсож чадахгүй байх аа. Чин сэтгэлээсээ инээх инээдний хүчтэй царгиа болон тэрхүү сайхан инээдийг олж сонсон дэмждэг мэдрэмжтэй “чих”-ний тоо олшрох болтугай.

Юутай нь бараг зургаан жилийн өмнө бичиж байсан нэг файлаа саяхан үзээд дараах хэсгийг энэхүү бичлэгт хамаатуулан оруулмаар санагдсан бөлгөө.

many argue that private property is not a perfect solution for effectiveness of the commons (Hardin, 1968; Ehrlich & Harriman, 1971; Barke & O’Hare, 1984; Pipes, 1999; Ostrom et al, 1999). Ostrom (2000, p. 148) described that commons meant ‘…resources are natural or humanly created systems that generate a finite flow of benefits where it is costly to exclude beneficiaries and one person’s consumption subtracts from the amount of benefit available to others’. Hardin (1968, p. 371) emphasized, ‘Freedom in a commons brings ruin to all’ and it seems that it is difficult to find rules, which are perceived by all users as legitimate, fair, equal, and effective.

Another land using form is a communal land. If land were communally owned, everyone would try to maximize his or her communal rights. Then, there would be an overwork because some of the costs of his or her going were borne by others. It would result in degradation of land, over hunting and environmental pollution (Ostrom, 2000). There is no perfect way to use lands effectively for everyone; however there are many forms to use the land. 

Saturday 11 September 2010

Be my friend!

Монголд ирээд хамгийн их бодогдож байгаа зүйлийг маань Albert Camus их гоёоор хэлсэн байдаг юм байна. 

“Don’t walk behind me; I may not lead. Don’t walk in front of me; I may not follow. Just walk beside me and be my friend.” 

Монголоор махчилан орчуулбаас: 

“Надаас дэндүү их битгий чирэгдээрэй; Би чамайг үргэлжид зөв чиглэл рүү чинь манлайлж чадахгүй ч байж мэднэ. Намайг хаяж хэт хол бүү түрүүлж яваарай; Би өөрийг чинь хэзээ ч гүйцэхгүй ч байж мэднэ. Надтай мөр зэрэгцэн алхах дотны анд минь байгаач.”

Monday 6 September 2010

Sayonara Japan

Япон улсад жил гаран амьдарч буй нь миний хувьд Австрали улсад хоёр жил MBA хамгаалан сурсны дараах удаан амьдарсан хоёр дахь улс маань болж буй юм. Бразил ба Япон улсууд миний хувьд очиж үзэх, болбол хэсэг хугацааг өнгөрүүлэх юмсан гэж бодож явдаг хоёр улс маань байсан бөлгөө. Акедемик сургалтын хувьд элдэв янзын тэтгэлэг олдох боломж Австралийг бодвол маш их байдаг нь гайхалтай байв. Жаахан Япон хэл гадарладаг бөгөөд хичээл, олон нийтийн ажилдаа идэвхтэй бол сургалтын болон амьжиргааны тэтгэлэг олох боломж асар өндөр гэж дүгнэв. Зарим нэг “сул” оюутнууд бараг зүгээр байж байгаад янз бүрийн тэтгэлэг авч байгаа нь гайхмаар. Гэвч барууны болон миний уулзсан бүх Япон профессорууд Японд битгий PhD-гээ хийгээрэй гэж захих юм. Учир нь Японы докторын зэрэг баруунд үнэлэгддэггүй бөгөөд АНУ-д доктор хийх нь хамгийн зөв сонголт гэж байв.

Өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг аз жаргал хэмээнэ гэж хүмүүс ярьдаг боловч зарим хүмүүс өөрт байгаа “юмнуудаа” бусадтай хуваалцаж байж жинхэнэ аз жаргалыг мэдрэх юм. Японы нийгэм хүний төлөө гэж улсууд хэлэлцэх. Ухаан нь эмнэлэгт очоод тариа тариулахад сувилагч нь таныг одоо бага зэрэг өвтгөх нь байна шүү, намайг уучлаарай гээд онц ноцтой гэмт хэрэг хийсэн юм шиг л аашлах. Тэрийг нь зарим хүмүүс наадуул чинь тэгж л байж цалин авч, ажил дээрээ тогтож байгаа шүү дээ, жинхнээсээ тэгж байгаа юм биш гэж дүгнэх юм билээ. Үүнтэй агаар нэгэн Япон хүний хамгийн сайхан зан бол за гэвэл ёстой ёогүй. Үнэхээр найдвартай улс. Гэм нь үгүй гэж хэлж чаддаггүй буюу дотоод сэтгэл, бодлоо чөлөөтэй гадагш барагтай бол гаргахгүй л над шиг “задгай” хүнд үнэн төвөгтэй, зарим үед “цохиж аваад”, удаан үйл хөдлөлийг нь өргөж аваад сэгсэрч цочроомоор санагдах. Хэдийгээр өөрсдөө багаар ажилладаг, хүний төлөө нийгэм гэж ярьдаг ч нэг гайхшруулсан зүйл нь вагонд настай хүн, хүүхэдтэй хүнд суудал тавьж өгөх нь тун ховор юм билээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай суудал байх боловч залуус нь суучихаад унтаж буй дүр үзүүлээд босно оо гэж гонж. Нүдээ нам аниад, амаа байдгаараа ангайгаад аймшигтай гүн нойрсож буй мэт боловч буух буудал нь болоод метроны хаалга онгоймогц юу ч болоогүй юм шиг гэнэт босоод гараад явчихна. Холливүүдэд иймэрхүү авъяас их үнэлэгдэнэ шүү. 6 настай нэг бандиа хөтлөөд 6 сартай болов уу нярайгаа энгэртээ тэвэрсэн ээж орж ирэхэд би өөрийн мэдэлгүй босоод суудал тавьж өгөхөд тав тух алдуулсанд уучлал гуйгаад, суухгүй гэж гүрийж гүрийж миний суудал дээр сууж байгаа юм. Буух буудал нь болоод буух үедээ нөгөө 6 настай бандидаа энэ ах чинь суудал тавьж өглөө баярлалаа гэж хэл гээд нэмж хүзүүн дээр нь дарж миний өмнө хүчээр бөхийлгөж байх юм. Тэр жаахан банди зайлуул юугаа мэдэх билээ. Галт тэрэг хөдөлж байхад би цонх руу хараад сууж байхад хоёр хүүхэдтэй нөгөө ээж маань миний өмнөөс бөхийн хүндэтгэл үзүүлсээр буудал дээрээ үлдэж билээ.

Маш сонирхолтой нийгэмтэй бүхий улс. Одоог хүртэл Японы ажил олгогч, ажилтан хоёрын харилцааны тухай уулзсан Япон болгонтойгоо “ном хаялцаад” л яваа. Японы бизнесийн орчин албан тушаал, нас, хүйс дээр голлон суурилах тул нэг компанид ажилд орсон Япон хүн тэр ажлаа солих нь өдрийн од мэт ховор. Мизухо банкинд ажилладаг найзаасаа Сити банк чамд хоёр, гурав дахин өндөр цалин өгье гэвэл чи ажлаа солих уу гэхэд эргэлзэх юмгүйгээр үгүй гэх. Яагаад гэхээр Мизухо банкинд арав гаруй жил болсон түүх, нэр хүнд маань цалингаас үнэтэй гэх. Түүнчлэн үнэхээр та нар хүнээ боддог юм бол дарга нь яваагүй байхад явж болдоггүй ажлынхаа соёлыг юу гэж боддог вэ. Хийх ажлаа цагтаа дуусгасан ч гэсэн дарга нь ажил дээрээ хэд хүртэл оройтно тэр хүртэл бүх ажилчид нь сууж л байна. Хүнээ үнэхээр боддог юм бол тэр олон ажилтнаа гэр рүү нь явуулж эхнэр, хүүхэдтэйгээ тоглох цагийг нь өгөхөд яадаг юм гэж Япончуудтай хааяа ярихаар бараг хэрүүл болох дөхнө. Дипломын ажлын судалгаагаа хийхээр Солонгос явж Самсунг дээр дадлага хийгээд ирсэн ангийн 4 Япон оюутнууд хэлэхдээ Япон гайгүй хэвтэнэ, харин Солонгосын компаниуд бол бараг армийн зохион байгуулалттай, Японы компаниудаас хамаагүй чанга, хүнд сурталтай юм билээ гээд толгой сэгсэрч байх юм билээ. Үнэхээр ч хамгийн олон цаг ажилладаг улсаар Солонгос, хамгийн бага ажилладаг улсаар Франц шалгарсан байсан тухай ойрмогхон нэг судалгааны ажлаас уншиж байсан юм байна. Япон улсын бие биенээ дэмжин түшин тулж буй амьдралын хэв маяг нь бизнес, улс төрд тэр хэмжээгээрээ том масштабаар дүрслэгдэж буйг “Япон загвар” гэсэн энэхүү бичлэгээрээ бичиж байжээ.

Нилээд олон удаа парти хийж ууж идэн нүүр хагарсаны дараа буюу номүникэйшн хийсний дараа Япон найзууд маань өөртөө байхад нууц дансны тухай дурдсан юм. Бараг эрчүүд болгон нэг болон нилээд хэдэн банкны нууц данстай байдаг юм байх. Илүү цагийн цалин, бонус зэргээ тэр дансандаа хурааж хуримтлуулах аж. Өглөө ажилдаа гараад л шөнө гэртээ орж ирдэг тул эхнэр, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг тун хомс. Тийм учир эхнэр нь хэзээ нэгэн цагт хаяад явлаа гэхэд нөгөө хураасан мөнгөөрөө болгох юм гэсэн. Өчигдөрхөн гуч дөнгөж гарч буй Япон залуутай уулзан жаал хууч хөөрөхөд саяханыг хүртэл Япон улсыг буюу эх орноо дэлхийн дугаар нэг улс гэж бодон бусад улсыг сонирхох ямар ч хүсэлгүй амьдарч байснаа өгүүлсэн юм. Хагас жилийн өмнө АНУ явж ирээд Япон улс энэ дэлхий дээрх өчүүхэн арал юм байна гэдгээ би мэдэрсэн гэж бага зэрэг гунигтай хэлж байв. Мань эрийг арван жилд байхад нь дэлхийн түүх, дайны тухай хичээл дээр нь Японы эерэг талуудыг заагаад сөрөг талуудыг бодлогоор дурддаггүй байсан юм билээ. Яг энэ залуутай адил сая сая Япон залуучууд энэ арал дээр амьдарч байна. Дотоод хэрэглээ өндөр, түүхий эдийг эс тооцвол дотоодын нөөцөөрөө бараг бүхий л зүйлсээ өөрсдөө хангаж чаддаг тул “байгаа юмандаа сэтгэл ханасан” гэх юм уу даа. Саяхан эндэхийн ТВ-ийн мэдээгээр их сургууль төгсөж буй оюутнуудаас санал асуулга авахад 70 хувь нь гадаадын улсуудад сурч, ажиллах ямар ч сонирхолгүй, Япондоо үлдэнэ гэсэн байсан билээ.

Амьдралын үндсэн философийн хувьд Монгол ба Япон улсууд төстэй мэт. Ах захаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах хайрлах тал дээрээ. Хамгийн энгийн жишээ нь Тоторо (Totoro) гээд Японы дээр үеийн хүүхэлдэйн кино байна. Уулын лус савдагийн тухай. Барууны залуус үзээд шууд ойлгоход хэцүү боловч Монгол хүн үзэхэд их ойлгомжтой буюу энгийн сэдэв байх. Япон хэл үзэж буй хүмүүст тохирсон их хөөрхөн кино билээ. Гэвч багийн ажил, хувь хүний үнэ цэнийн хувьд нилээд ялгаа Япон ба Монгол хүмүүсийн дунд буйг нэгэн Япон хүн дээр үед бичиж байсныг энд оруулж байжээ. Бушидо хэмээх зүйл энэ улсад өнөөг хүртэл хүчтэй оршсоор байна. Өнгөрсөн долоо хоногт Японы зураач нэгэн эмэгтэйтэй хууч хөөрч байхад Япон хүүхдүүдэд том цагаан цаас өгөөд зураг зур гэхээр тэрүүхэн тэнд нь жижигхэн зүйлс зурдаг. Харин Монгол хүүхдүүд нөгөө цаасаа дүүртэл буюу том том “масштабаар” зургаа зураад багтахгүй болохоороо дахиад шинэ цаас нэхдэг гээд инээж байсан юм. Ерөнхийд нь ажиглахад нь Япончууд хүн чанар гэсэн ойлголтоос хэдийнээ хальж байгаль орчин гэсэн дараагийн шат руу масс нийгэм нь шилжээд удаж буй бололтой. Нэг жил богино мэт боловч багагүй зүйлсийг Япон улсад ирснээр мэдэрч, харж, сурч авсан нь миний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт байлаа. Хөгжиж буй орны хувьд хөгжингүй орноос сурах зүйлс асар их нь ойлгомжтой ч ганц хоёр улсаар аялан “нүд тайлсан” хүмүүс одоо алийн болгон гадаадууд гэдэг юм бэ, Монголчууд өөрсдөө чадна гээд сайн дурын буюу Монгол хүүхдүүдийг үнэгүйгээр оношилж, эмчлэхээр очсон Япон эмч нарыг буцааж, зарим Монголчууд бүр тэднээс “Монгол хүүхдүүдийг үнэгүй эмчлэх үйлчилгээний хөлс” гэж мөнгө нэхсэн тухай хэд хэдэн баримт сонсоод гутрахаасаа илүү дахин иймэрхүү байдал гаргуулахгүйн төлөө Монголдоо энэ долоо хоногтоо очоод улам эрч хүчтэй ажиллах хор шар хөдөлж байнам.

Эцэст нь дүгнэхэд Япон улсад богино хугацаагаар аялах, амралтаараа ирэхэд гайхалтай улс боловч миний хувьд урт хугацаагаар ажиллаж амьдрахад нилээд тэсвэр тэвчээр шаардах улс байх бөлгөө. Нэмээд хэлэхэд энэ улсад бүхий л төрлийн дэд бүтэц, нийгмийн архитектур нь өндөр хөгжсөн боловч энэхүү дэд бүтэц, сүлжээг ашиглан түгээгдэх мэдээллийн урсгал, шинэ санаачлага, галзуу санаанууд нь өдгөө арай л цөөдөөд байгаа юм болов уу гэж өнгөц ажигласан бөлгөө.

Arigato my Japanese friends and Sayonara Japan!