Tuesday 24 March 2009

Russia

Миний мэдэх Орос Улс

Тэртээ 1989 онд аав, ахтайгаа “Зөвлөлт Холбоот Улс” улс руу аялж билээ. Одоо Зөвлөлт гэж бичээд утгыг нь ойлгох гэж хичээхэд хэцүү болсон байна шүү. Энэхүү аялалын үеэс л эхлэн оюутан болтлоо би өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм билээ. Хэд хоногийн өмнө новшоо ухаж байгаад Орос руу явж байхдаа бичсэн “Оросын нэгэн вагоноор хэмээн эхэлж буй мангар бацаан”-ы бичсэн тэмдэглэлээ уншаад өөрийгөө ямар их өхөөрдөв өө. Ямар ч байсан Москва хүртэлх бүхий л точик, зогсоолыг нэг бүрчлэн жагсаан бичсэн байх. Одоо миний санаанд шууд орж байгаа зүйл бол зогсоол болгон дээр бабушка нарын зардаг цаасанд боолттой жимс, савтай напитокнууд. Бодсон чинь шууд арааны шүлс асгарч байна. Одоо зайлуул тэр эмээ нар байхгүй болсон ч энэ гоё ориг жимс, жүүснүүд нь байгаа болов уу? Дараагийн санаанаас огт гардаггүй зүйл нь Орос залуугийн ой мод мэт тэр их үстэй цээж. Ялаа цээжин дээр нь суугаад явж чадахгүй орооцолдож байгааг ажин хэвтэхдээ харь гаригийн хүн харсан юм шиг л байж билээ.

Тюмень хотод ахын минь сурдаг сургууль байх бөгөөд анх удаагаа спортын хувцас, хэрэглэлээр дагнасан их дэлгүүрээр орж, гудамжны шоу, барааны захаар зочилж өрнийн ертөнцийн зах зухаас харж аялал минь эхэлсэн. Монгол залуусын оюутны байр, Динамо багийн плакат дүүрэн бүхий хана, оюутны гуанз, чайка, жигули, лада машинууд, кукла шиг шав шар үс, цэв цэнхэр нүд бүхий хүмүүстэй дасах гэж дотроо хэсэг юм болж байж билээ.

Тэгээд Тюмениэс Владивосток орж тэндээсээ цахилгаан хурдан галт тэргээр Москва явсан гэнэ ээ. Энэ талаараа би яагаад ч санаж чаддаггүй. Хэт жаахан байсан уу, үгүй байх аа. Шөнө дунд намайг унтсан хооронд үүрээд явсан байх аав, ах хоёр. Хэхэ. Харин ёстой тэр үед Москва хот биднийг бороогоор угтаж авсаныг тодхон санаж байна. Яагаад гэвэл таксин дотор ах минь яг ингэж хэлээд намайг тэмдэглэл дээрээ ингэж бичээрэй гэж захиж байсан юм. Москвад хийсэн, үзсэн юмны тэмдэглэл маш товч. 20 жилийн өмнө бичиж байсан юмаа тэр чигээр нь буулгавал: “Москвад ирээд метро гэдэг хурдан галт тэргэнд суусан. Өөр цахилгаан шатаар явсан. Кремлийн ордон үзсэн. Зураг авахуулсан. Кремлийн ордны цагийг дуугарахыг үзсэн. Их дэлгүүртэн орсон. Ресторанд орсон. Өөр улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтын үзэсгэлэн үзсэн. Арбатын гудамжаар явсан. Зоо парк үзсэн. Телевизорийн цамхаг дээр гарсан. Кутузов үзсэн. Тэгээд Ленинград явсан” хэмээжээ. Одоо тэр Кутузов энэ тэр нь юу байсан юм, бүү мэд. Останкино дээр гарч бүр алтан зааланд нь орж хооллосон гэж байгаа. Хоол идэж байх хооронд заал нь тойрон эргэж хотыг харах боломжийг олгож байсан санаж байна.Тэр үед би загасны үнэр авч ерөөсөө чаддаггүй байсан ба нилээд тураад Монголд ирж билээ. Арбатын гудамжинд үнсэлдэж явж байгаа хосыг хараад ямар ч байсан “хэвийн бус” юм хийж байна гэхдээ болохгүй нь юу гэж хэмээн “хөндлөнгөөс дүгнэн“ алхаж байснаа харин санаж байна шүү гэж. Овоо муу гар шүү.

Москвагаас Ленинград руу харин онгоцоор явсанаа ёстой санадаг юм. Яагаад гэвэл тэр үед моторны хажууд нь сууж таарсан уу, яасан, нислэгийн туршид чих минь өвдөж дарсаар байгаад бууж билээ. Тэр онгоц нь Ту-154 гэдэг онгоц байсан гэж 20 жилийн өмнөх жижигхэн Ганзориг бичсэн байна. Аав, ахын найз Володя ах, Зина эгчийнд очсоноо их тод санадаг юм. Орос Улс мундаг байсан шүү. Тэр үед нь одооны биднээр бол орцондоо Домофон системтэй байсан юм даа. Муухай хар мууртай. Би тэрэнд нь дургүй гэж. Тэр нь тэгсэн нойлын өрөөндөө орж өөрөө биеэ засаад усаа татдаг амьтан байсан. Одооний зарим нэгэн хөдөөний гэхэд ч хаашаа юм, соёлгүй залуусаас хамаагүй дээр. Цагаан шөнө нь таараагүй үзэж чадаагүй буцсан. Түүчлэн Оросын хааны ордон үзэж, бас л анх удаагаа “Метеор-4 ингэдэг порхоодонд суусан” гэжээ. За тэр үед анх удаагаа шилтэй Пепси ундааг ууж амтанд нь орсон сон. Одоог хүртэл надад Кока коланаас Пепси кола нь хамаагүй илүү, гоё амттай санагддаг. Даанч энэ Номин Холдинг оруулж ирэхгүй бараагаа тасалсан байна лээ.

Ленинградаасаа буцаад Тюмень руу онгоцоор явсан. Гэхдээ билет нь олдохгүй нилээд юм болж байгаад авснаас гадна онгоцны буудал дээр аав, ах хоёр надаас нуугдаж, алга болж хүн айлгаж уйлуулж байсныг хальт санаад байгаа юм. Монголоос хамаг цайны хувцас, пионерийн гал улаан галстукаас авч яваад Оросоод ёстой шавайгаа ханатал өнгөт зураг даруулж байгаад ирсэн өдгөөг хүртэл зургийн цомогт минь байдаг юм.

Тюмениэс вагондоо суугаад Монголдоо ирж билээ. Шөнө унтаж байхад нэг эмээ л намайг тойроод эргэлдээд байх шиг санагдаад би нойрондоо дийлдээд огт анзааралгүй унтаж өгсөн. Өглөө бостол эмээ намайг ортой цуг дангинатал хүлчихсэн байж билээ. Би жаахан амьтан хоёр давхрын орон дээр унтсаныг сайхан сэтгэлтэй эмээ хараад орноосоо уначихна гээд хаанаасаа ч юм олс олоод уясан тухайгаа өглөө нь бидэнд хэлж билээ. Ах, аав хоёр “хүнд гарууд” намайг хаяад нам унтааский. Бодвол жаахан пиво энэ тэр уусан биз тэр үед. Би лав хүүхдээ ядаж нэг давхрын орон дээр нь тавьж байгаад уух байлаа гэж гээл үү.

Дарханд буухад ижий, дүү, ах, эгч нар тосоод л. Ижийдээ хайж хайж хөлд нь амар зөөлхөн буузан хоншоортой гутал авч очиж байснаа бас тодхон санаж байна. Би ч бөөн баатар вагоноос бууж байсан. Даанч тэр үед хэдхэн хүн вагоноос буугаад. Уул нь кинон дээр гардаг шиг “алалдана” гэж бодож байлаа. Ихэнх зорчигч нь Улаанбаатарт буудаг гэж тэр үед миний балчирхан ухаанд хэрхэн буух билээ.

Тэрхүү үеэс эхлэн Орос, Монгол, Хятад гурвын дунд цөм эргэдэг наймааны алтан үе эхэлсэн юм шиг байгаа юм. Би уул нь нилээд юм үзсэн боловч балчирхан ухаан нь шингээж чадалгүй өдийг хүрээд ихэнх дурсамжаа мартсан байна. Одооны Орос орныг Дэлхийн баавгайтай би зүйрлэн харж байна. Бас мафиараа их алдартай болсон гэж байгаа. Шилжилтийн үеийг хүндхэн туулсан том гүрнийг хэлэх үү харилцааны соёл бас болоогүй л байна лээ. Ноднин жил Герман явахдаа Москвагийн онгоцны буудал дээр сувенир авах гэж дэлгүүрээр нь хэсэж байгаад муухай ааштай Орос авгайд хэмх загнуулж билээ. Өөдөөс нь хэрэлдэх гээд Орос үг, өгүүлбэр толгойд орж ирдэггүй, хэлгүй Каролиа царайлж нүдээрээ хэрэлдэж байгаад гарч билээ. Дараа нь өө нээрээ “чорт бабири” гэдэг байж гэж санасан гэж байгаа. Уул нь арван жилд байхдаа Радуга 1-7 хүртэл долоон жил Орос хэл үзэж, ангидаа номер нэг нь байж, Оросоор зохион бичлэг энэ тэрийг сараачдаг байлаа шүү дээ. Зуны амралтаараа хөдөө хамаатаныдаа очоод приставкаар гаргадаг орос орчуулгатай видео киног байшин дүүрэн сууж үзэх хүмүүст орчуулж өгдөг байлаа цаг сайхан байхад. Хэрэглээ нь байхгүй болохоор ямар ч эрдэм алга болох юм даа. Эргэж Орос хэлээ сэргээх юмсан, дахиад нэг орчин үеийн Орос оронд тухтай зочлохсон.

Monday 23 March 2009

Aphorism

Муу дарханы багаж олон

Сайн хүн явснаа

Муу хүн идсэнээ

Дэлхий дээрх аугаа юм бүхэн айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй

Ааш занг засахаас эвдэх илүү амархан

Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа

Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр

Сурахаасаа хэвших нь чухал

Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай

Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар

Мөнгөөр сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний сүүлээ шарвахыг худалдан авч чадахгүй

Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авъя. Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү

Явж сурахаасаа өмнө мөлхөж сур

Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог

Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй

Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг

Унаж үзээд босож сур

Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах

Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил

Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй нэгд

Амжилт гэдэг амжих гэсэн үг

Удирдагчийг ухаанаар нь үнэлэхээс насаар нь ялгадаггүй

Бүгдэд таалагдахыг хүсэх нь сүйрлийн эхлэл гэсэн үг

Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай

Нулимснаас ч дор инээд гэж байдаг

Бага зүйлд дэндүү махруу хүн аугаа зүйлд чадвар муутай байдаг

Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ

Мөрөөдөгч нар ганц бие байдаг

Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийн биелүүлбэл татвар авна

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг

Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэг алга

Сүүлийн судалгаагаар бол хүүхдүүд бус эцэг, эхчүүд гэрээсээ их дайжжээ

Үзэгчгүй баатар гэж байдаггүй

Зарим нэгний амьдрал дөч гараад тэгширдэг байхад заримынх нь зуун граммын дараагаас эхэлдэг

Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх явдал

Зөвлөгөөг хэн ч худалдаж авдаггүй учраас үнэгүй байдаг

Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг

Thursday 12 March 2009

The very special gift given by God

Бурхнаас заяасан өвөрмөц хүмүүний ертөнц

Жил бүрийн 3-р сарын 21-ний өдөр бол Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих Дэлхийн Өдөр билээ. Энэхүү өдрийг дэлхийн улс орнууд нийгмийн бүхий л давхаргын хүрээнд үр бүтээлтэй ажлаар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол Улс энэ жил анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” ТТБ буюу Down Syndrome Association Mongolia-гийн гүйцэтгэх захирал, хатагтай Ч.Эрдэнэчулуунтай ярилцсан юм.

· Юуны өмнө энэхүү үйл ажиллагааг Монголд анх удаа зохион байгуулах гэж буй танд баяр хүргэе! Ярилцлагын эхэнд та Дауны синдром гэж юу болох тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуулна уу?

· Хүний хромосом, түүнийг бүрдүүлдэг генийн тухай хүн бүхэн мэддэг. Гэвч эдгээрийн гинжин хэлхээний талаар мэргэжлийн голдуу хүмүүс л нарийн мэдлэг, мэдээлэлтэй байдаг болов уу. Хүний эр ба эм эс тус бүрдээ 23 хос хромосомтой байдаг бөгөөд үр тогтох үед эр, эм эсүүд нийлж 46 хромосомтой шинэ эс үүсдэг. Эрэгтэй хүүхэд X ба Y, эмэгтэй хүүхэд бол хоёр X хромосомтой төрдөг бөгөөд жирийн хүмүүс 23 хос хромосомтой байдаг. Харин Дауны синдром буюу хам шинжтэй хүмүүсийн 21 дэх хос хромосом нь нэгээр илүү бөгөөд нийтдээ 46 биш 47 хромосомтой байдаг гэсэн үг. Дауны хам шинж дотроо 3 төрөл байдаг бөгөөд хамгийн их тархсан хэлбэр нь Trisomy 21 (монголоор 21 дэх хромосомын гурвал) гэж нэрлэгддэг бөгөөд нийт даунтай хүмүүсийн 95% нь энэ төрлийн өөрчлөлттэй байдаг. Дауны хоёр дахь төрөл нь Translocation буюу (зөөвөрлөлт) гэж нэрлэгддэг бөгөөд нийт даунтай хүмүүсийн 2-3%-ийг эзэлдэг. Ийм хүмүүсийн 21 дэх хос хромосомын илүү нь ихэвчлэн 13, 14, 15 дахь хос хромосомтой нийлсэн байдаг. Энэ төрлийн хүмүүсийн эцэг, эхийн аль нэг нь өвөрмөц бүтэцтэй хромосом тээж явдаг бөгөөд даунтай хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг. Дауны гурав дахь хэлбэр бол Mosaic буюу (цоохортол) юм. Товчхондоо, даунтай хүмүүсийн мөн л 2-3%-ийг эзэлдэг бөгөөд эс нь ердийн болон ердийн бус гэсэн шугамтай байдаг юм. Эртний европчууд Азиудыг Монголын их эзэнт гүрний байлдан дагууллын үеийн Монголчуудаар төсөөлдөг байсан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр дауныг Mongoloid хэмээн нэрийддэг байсан хэдий ч нэлээд хэдэн жилийн өмнөөс энэхүү нэр томъёог олон улсад хэрэглэхээ больсон байгаа. Синдром гэдэг үгийг ч цаашид хэрэглэх шаардлагагүй бөгөөд яг энэ талаар дэлхий даяар хэлэлцүүлэг ид явагдаж байна. Учир нь хромосомын өөрчлөлттэй эдгээр хүмүүсийг багаас нь нийгэмшүүлж, зааж, сургаж чадвал өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай бөгөөд энгийн хүүхдүүдийг бодвол бие бялдар болон оюун ухааны хөгжил нь хэдэн жилээр хоцрогдож явдаг. Тэдний дунд бас гоц ухаантан, авъяастан ч бий ажээ. Дэлхий дээрх 800 төрөлт тутмын нэгд даунтай хүүхэд төрдөг бөгөөд энэ нь арьсны өнгө, яс үндсээс огт хамаардаггүй юм.

· Та бүхнийг Монголдоо Дауны холбоог үүсгэн байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гэдгийг дуулсан. Холбоо тань хэзээ үүсгэн байгуулагдав, өнгөрсөн хугацаанд ямар ямар гол ажлуудыг амжуулав?

· Саяхныг хүртэл даунтай хүмүүс “Хөгжлийн бэрхшээлтэй ” гэсэн том харъяалалд багтаж ирсэн бөгөөд тэдэнд тохирсон хөгжүүлэх хөтөлбөр ч манайд байсангүй ээ. Тэр бүү хэл, Дауны чиглэлээр мэргэшин энэ чиглэлээр идэвхтэй практик үйл ажиллагаа явуулж байгаа боловсон хүчин ч байхгүй байна. Өнөөдрийг хүртэл энэ төрлийн нарийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж, лаборатори Монголд алга. Дээрээс нь мэдлэг, мэдээлэл муутайгаас олон эцэг эхчүүд хүүхдээ оюуны хомсдолтой хэмээн бусдаар тодорхойлуулж нуух, гэрээсээ гаргахгүй байх зэргээр нийгмээс тусгаарласан хэвээр. Гэтэл энэ төрлийн хүүхдүүд бусдын хайрыг онцгой татаж чаддаг, олон нийт дунд байх дуртай, тэднээс сурах сонирхолтой хүмүүс байдаг юм. Холбоо маань Дауны хам шинжтэй хүүхдүүдийг дэмжих, тэднийг хөгжүүлэхэд гэр бүл, нийгэмд туслах эрхэм зорилготойгоор 4 гэр бүлийн санаачилгаар байгуулагдаж 2008 оны 3-р сарын 22 буюу Дэлхийн Дауны Өдрөөс эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Өнгөрсөн нэг жилийн дотор бид нийгэмд хандсан багагүй ажил хийж нийт 40 орчим гэр бүлийг хамран үйл ажиллагаагаа явуулж байна. Юуны түрүүнд бид өөрийн орны холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүстэй холбогдон үйл ажиллагаандаа татан оролцууллаа. ЭНЭШТ, Эрүүл мэндийн болон Боловсролын их сургуулиуд, Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн г.м. олон газрын эмч, мэргэжилтнүүд бидэнд дэмжлэг үзүүлж байгаа. Түүнчлэн Олон Улсын Дауны Холбоотой албан ёсны холбоо тогтоож, Японы Nippon Foundation, NISVA зэрэг байгууллагуудын тусламж дэмжлэгээр Японы мэргэжилтнүүдийг Монголд урин ажиллуулж байна. Түүнчлэн Израилийн Иерусалим дахь Дауны хам шинжийг судлах төвд манай Холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун айлчилсны дараа тус Төвийн захирал, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг, АУ-ны доктор хүн манайд ирж ажиллаад буцсан. Эдгээрээс гадна Франц, Өмнөд Солонгосын Холбоодтой манай удирдах зөвлөлийн гишүүд очиж танилцан албан ёсны холбоо тогтоон хамтын ажиллагааны эхлэлийг хэдийнэ тавиад байгаагийн дээр Сингапур, Япон улсуудын Дауны Холбоодтой хамтран ажиллах бэлтгэлээ базааж байна. Бидний хийж гүйцэтгэсэн томоохон, бодитой ажлуудын нэг нь 25-р тусгай дунд сургуультай хамтран Даунтай хүүхдүүдэд зориулсан анги нээж, хамтран ажилладаг сайн санаат хүмүүс, байгууллагуудын тусламжтайгаар засварлан тохижуулж, гадаадын мэргэжилтнүүдийн туршлагыг ашиглан ганцаарчилсан хөтөлбөрт сургалт явуулахыг хичээж байна. Цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цогцолбор болон манай Холбоо хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай анги нээхээр үндсэндээ тохиролцлоо. Мөн мэргэжлийн эмч, сургагч, гэр бүлүүдэд зориулсан сургалт, семинарыг удаа дараа хийсний дээр бүх хүүхдүүдээ зүрх, чих хамар хоолой, сонсголын нарийн үзлэгт хамруулж амжаад байна. Бид өөрсдийн чиглэлээр хоёр ч төсөл бичиж санхүүжилт авсан бөгөөд эх эцгүүд болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага бэлдэхэд нэлээд хугацаа зарцууллаа.

· 3-р сарын 21-нд зохион байгуулах өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл та өгнө үү?

· Би түрүүн хэлсэнчлэн Монгол улсад маань одоог хүртэл Дауны анхан шатны болон нарийвчилсан шинжилгээ хийх лаборатори, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний нөөц байхгүйгээс эхчүүд гадаад улс руу явж шинжилгээ өгөх, боломжгүй нэг нь ямар ч сонголтгүй үлдэж байгаа нь харамсалтай байдаг юм. Энэ өдөр бидний зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэг нь Fund Raising буюу Хандивын үдэшлэг байх юм. Гол зорилго нь өнөөг хүртэл хараахан боломжгүй байсан зүйлийг бодитой болгох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг сайн санаат, буянтай хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс олохоос гадна Дауны тухай ойлголт, зөв мэдээллийг нийгэмд өгөх, эдгээр хүүхэд, хүмүүсийг нийгэмшүүлэхэд бусдын дэмжлэгийг авах явдал юм. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ард түмэнд энэ талын мэдээлэл өгөх, Дэлхийн Дауны Холбооноос ирүүлсэн зөвлөмжийг хүргүүлэх ажлууд багтаж байгаа.

· Та бүхний цаашид хийх ажлын талаар маш их сонирхож байна.

· Өнгөрсөн богино хугацаанд Холбооны хамрах хүрээг багагүй тэлсэн бөгөөд ирээдүйд зохион байгуулалтаа илүү боловсронгуй болгон шат дараалсан ажлуудыг эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, нийгэм гэсэн чиглэлүүдээр хийхээр төлөвлөж байгаа. Энэ жилийн томоохон ажлуудын түүчээ нь Дэлхийн Дауны Өдрийг Монголд тэмдэглэх явдал юм. Түүнчлэн шинэхэн эцэг эхчүүддээ хандан нэлээд ажил хийхээр бэлтгэж байна. Нэгэн алдартан, Даунтай хүүхэдтэй гэр бүлийнхэнд хандан “Зөвхөн танай гэр бүл л энэхүү хүүхдийг өсгөн хүмүүжүүлж хүн болгож чадах учраас бурхан түүнийг танайд илгээсэн юм” гэж хэлсэн байдаг. Даунтай хүүхэд нь үнэхээр бурхнаас заяасан, хайр татам өвөрмөц ертөнц юм шүү дээ. Тухайлбал, өндөр хөгжилтэй Англид жирэмсэн эмэгтэйчүүд энэ төрлийн шинжилгээг заавал хийлгэдэг бөгөөд ураг Даунтай гэдгийг мэдсэн хэдий ч хүүхдээ гарган бүл нэмсэн түүх бишгүй байдаг нь үүний нотолгоо биз ээ

· Нийгэмд маш буянтай ажил санаачлан хийж буй та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

· Баярлалаа! Манай Холбоо чамгүй амжилт, үр дүнтэй ажиллаж байгаагийн гол үндэс нь биднийг сэтгэл зүрхнээсээ дэмжин хамтран ажилладаг байгууллага, иргэд юм аа. Нийт гишүүд, хүүхдүүдээ төлөөлөн тэдэндээ маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Бүгдийг нь нэрлэхэд цаг зай их авах ч зарим нэгийг нь төлөөлөл болгон дурьдвал: Английн ЭСЯ, НҮБ-ын Хүн Амын Сан, Английн Хүүхдийг Ивээх Сан, Nippon Foundation, NISVA, Зориг Сан, Шведийн Rainbow Сан, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Эцэг Эхийн Холбоо, 25-р тусгай дунд сургууль, ЭНЭШТ, Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн, 29-р тусгай дунд сургууль, DHL Danzas Co, Арвис Консалтинг ХХК, Цэрэн Турс ХХК, Хаан Гэр сүлжээ, NTV, Eagle телевиз зэрэг байгууллагуудыг хэлэх хэрэгтэй. Цаашид манай холбоонд нэгдэн орох хүсэлтэй эцэг эхчүүд, иргэд болон хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст манай хаалга үргэлж нээлттэй болохыг хэлэхэд таатай байна. Сонирхсон хүмүүс дараах хаягаар бидэнтэй холбогдоорой: Шуудангийн хайрцаг 46/717, Улаанбаатар- 210646, Монгол улс; цахим шуудангийн хаяг: downsyndrome_mon@yahoo.com; цахим хуудсанд зочлох хаяг: www.dsassociation.mn

Wednesday 11 March 2009

We will pay back a lot for everything consumed mercilessly

Бид гамгүй эдэлсэн бүх зүйлстээ эргэж өндөр төлбөр төлнө

Үнэгүй бөгөөд дундарч дуусахгүй мэт сэтгэн ариг гамгүй хэрэглэж буй бүх зүйлстээ бид, бидний хойч үе маш их төлбөр төлөх болно гэдгийг энэхүү ороо бусгаа нийгэмд ойлгож буй хүмүүн заяатнууд тун ховор дог оо. Би ердөө ус, агаар гэсэн хоёрхон л жишээ авах гэсэн юм аа.

Хорь хүрэхгүй жилийн өмнө жаахан хүүхдүүд байхдаа бид гадаадын улсуудад савтай цэвэр усаа худалдаж авч уудаг гэсэн, шал тэнэг гээд л инээлдээд ярьцгаадаг байсан сан. Гэтэл одоо аминдаа арчаатай гарууд цэвэр ус худалдаж авахаасаа гадна ус шүүн цэвэрлэх төхөөрөмжгүй айл өрх бүү хэл албан газрууд ч ховор болсон байна. Дор хаяж 300 доллар байдаг ийм төхөөрөмж, дээрээс нь сар, улирал бүр шүүлтүүрийг нь солиулах ёстой. Нөгөө үнэгүй, шууд крантнаас уудаг ус хөөрхөн мөнгө зулгааж эхэлсэн байгаа биз. Хотын ойролцоох голоос шууд залгилан усыг нь уух зоригтой аавын хүү, ээжийн охин одоо байхгүй. Уурхай, үйлдвэрийн химийн бодис, дутуу цэвэрлэгдсэн бохирын усны хольцоо бүхий ус ууж бурханы оронд цагаасаа эрт очихыг хүсдэг хорвоогийн тэнэг та бидний дунд үгүй биз. Алтан бөгж, гинж зүүн бусдын анхаарлыг өөр дээрээ хэсэг татаад, гадагш зарсан алтны мөнгөөрөө хэдхэн хоног дэлбэртэл шоудаад эцэст нь “бяцхаан” өртөг үнэ бүхий цэвэр ус ууж байгаа нь бидний зол ажгуу.

Уснаас гадна үнэгүй бөгөөд хамгийн их байдаг, өдөр тутам бидний найгүй ихээр хэрэглэдэг зүйл бол агаар. Одоо бол баруун тийш 22-ын товчоо өнгөрсөн ч, хойшоогоо Хандгайт, Найрамдал өнгөрсөн нь утаанаас гарахгүй болсон байна лээ шүү дээ. Цэвэр агаарт засгийн газар болон хувь хүмүүс ямар их үнэ төлж эхэлсэнийг та бид анзаарсан уу. Засгийн газрын тайланд хэдэн арван тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахын эсрэг зарцуулсан гэж дурдсан байгаа. Аминдаа арчаатай, арай нэг боломжийн айлууд нь агаар цэвэршүүлэгч, ионжуулагчтай энэ тэр гээд нижгээд нь дахиад л 200-500 долларын үнэтэй төхөөрөмжүүд гэртээ, оффистоо авч тавиад удаж буй. Дээрээс нь хэрэглэж байгаа үедээ цахилгааны мөнгөө нэмж төлнө. Нэмээд филтерийг нь сар, улирал бүр дахиад сольж байх ёстой. Уул нь энэ мэт нь илүү зардал баймаар. Салж унах гэж буй машины оронцогууд чөлөөтэй хилээр оруулж, дугуй, хаймар шатаан дулаацан, хоол цайгаа хийж идэж буй гэр хорооллын замбараагүй бодлого, удаан хөгжлөөс болж бидэнд наалдаж буй “бичигхээн ёндоо” нь ердөө л уушигны сүрьеэ, бронхит, алерги, гуурсан хоолойны өрөвсөл, сульдаа. Томхон ёндоо нь шууд бөгөөд аажуухан биднийг мэрэн идэх ҮХЭЛ. Эдгээрээс хол байя гэвэл та мөнгөө төлөх л болж дээ хонгор минь.

Энэ мэтээрээ яваад байвал таны төрсөн, дагавар, нууц, ил хүүхдүүдээс цаашлаад ач, гуч, жич, дөч гээд хэдэн үе дамжих тусам өртөг нь улам л дийлдэхгүй болох бий вий дээ Чингис агаагийн хамаатануудаа. Яахав сэтгэлээ “хүчээр өег” байлгах ганц зүйл нь тэр үед та бид тамын тогооны халуун тосон дотор ч гэсэн ядаж цэвэр ус, агаартай нөгөө ертөнцөд “идээшлэн налайж” байх буй заа. Аз болж сүнс заавал агаар амьсгалж, ус уух шаардлагагүй ч байж мэдэх юм. Тэгвэл ёстой “азны колъяа” болох биз мань мэт шиг зөвхөн өөрсдийгөө л боддог хөгийн гаруудад.