Sunday 24 August 2008

One World – One Dream!

Нэг дэлхий – Нэг л хүсэл мөрөөдөл

Эртний Грекийн Олимп уулын бэлд үүссэн хүн төрөлхтөний спортын их наадмын мөнгөөр үнэлэшгүй гайхамшигийг Монголчуудад мэдрүүлээд зогсохгүй Үндэсний бахархалыг бадруулж буй Зевс бурханд баярлалаа. Зуны олимпын 29-р наадам Монголын эзэнт гүрний эртний нийслэл Бээжин хотноо амжилттай болж өнгөрлөө. Монголын цээжин дээрээс нийслэл хотоо Бээжин рүү шилжүүлж байхдаа Хубилай хаан маань чухам эндээс л ач, гуч, дөч болох Монголчууд хүн төрөлхтөний спортын их наадам олимпоос анхны алтан медалиа авна гэж төсөөлж байгаагүй биз дээ. Өвөг дээдсийн минь хэсэг зуур амьдарч байсан буйр буянаа хайрласан буй заа гээд бичээд эхлэхээр нэг их өөртөө итгэлгүй, хоосон сүжиг бишрэлд автсан хүн шиг болох гээд ч байх шиг. Гэвч хоёр сая долоон зуу орчим хүнээс хорин есөн хүн олимпод оролцохоор шалгаран үлдэж үүнээс тамирчид маань нижгээд хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан нь Монгол зоны түүхэнд байгаагүй өндөр амжилт байлаа. Үүнээс илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсныг дурдах нь илүүц биз. Олимпт оролцсон дэлхийн 205 орноос амжилтаараа 31-р байранд эрэмблэгдэнэ гэдэг нь Монгол улсын олимпт оролцож ирсэн 44 жилийн түүхэнд рекорд тогтоогоод зогсохгүй эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол улсын дэлхийд жагсаж буй байраас ч даруй хэдэн арваар түрүүлж буй хэрэг юм. Авсан медалийн тоо, чанарыг нь эдийн засгийн үзүүлэлт, хүн амтай нь харьцуулбал Монгол улс дэлхийд 3-т жагсаж байгаа юм уу даа.

Намбарын хүүхдээс өгсүүлээд зарим хүмүүс амьд явбал олимпоос алтан медаль авахыг харна гэж яриад байна билээ. Би бол амьд явбал Монгол улс олимпийг эх орондоо зохион байгуулахыг харна гэж ярьж эхлэх ёстой гэж аймшигтай том “амбицлаад” байгаа дотроо битүүхэндээ. Бээжингийн хүн амын амьжиргааны стандарт хэрхэн дээшилж, спорт, нийтийн үйл ажиллагааны ямар том, гоё хэрэгсэл, талбайнуудтай болсон бол оо гээд бодохоор атаархахгүй байхын аргагүй байна даа үнэхээр. Бөх, бокс, буудлагын дугуйлан, секцүүдэд хүүхдээ, дүүгээ бүртгүүлэх гээд очсон чинь хүүхдийн тоо нь хэтрээд авахгүй гэнэ гэж хүмүүс их ярьж байна. Спортын ач гавъяа энэ мөнөөс мөнөөс гадна спортын клубуудыг маш хурдан барууны загварын арилжааны хэлбэрт шилжүүлж шударга өрсөлдөөнд оруулбал Монголчуудын дэлхийд өрсөлдөх чадварыг улам өсгөнө гэж бодох юм. Бензин тос нэмэгдлээ, амьдрал хэцүү байна гээд л яриад байдаг мөртлөө долоо хоногийн аль өдөр зоог болон уушийн газрууд байнга битүү байдаг болж, гудамж замаар явах машины тоо нь хэрээс хэтрэн, Бээжин явж олимп үзэж буй Монголчуудын тоог хараад тооцоод үзэхээр Монголд лав ядуу хүн алга аа. Аваргуудад уралдаж шагнал амлаж буй компаниудын мэдээг харахад Монголд лав бизнес хийхэд хэцүү гэж гомдоллох аж ахуйн нэгж байх үндэслэл алга аа.

Өчигдөр буюу Бадар-Ууган маань алтан медаль авдаг өдөр Тэрэлжээс хот руу орж ирж байхдаа амьдралдаа анх удаа сэтгэл хангалуун, замын стрес бухимдалгүй машин барьж явж үзлээ. Зөрж өнгөрч буй машин болгон бие биедээ найр тавин зам чөлөөлж, гэрэлээ асаан амжилт гаргасан тамирчидаа хүндэтгэхээс гадна жолооч, зорчигч болгон бие бие рүүгээ даллаж явж байсан. Сүүлдээ миний гар чилээд залхуураад гэрлээ анивчуулаад халтуурдаж эхэлсэн дэг. Хотод юу болж байсныг энд бичих нь илүүц биз ээ. Хэдий хүйтэн дайны үед Лос Анжелес, Москвагийн олимпуудад улс орнууд бойкот хийж оролцоогүй, Мюьхенийн олимпийн үеэр Изралийн 11 тамирчинг хөнөөсөн балмад хэргүүд гарсан хэдий ч энэхүү арга хэмжээний нэр хүнд огт буураагүйгээр зогсохгүй оролцож буй орнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь Улс үндэстнүүдийн энх тайвны билэгдэл болсон дэлхийн хамгийн том үйл ажиллагаа болсныг илтгэж байна. 1913 онд бий болсон олимпын туган дээрх таван тивийг төлөөлөн холбогдсон цагирагнуудын учир жанцан чухам хүү энд оршин буй заа. Явж явж спорт, шашин хоёр л Жорж Бушийн хэлдгээр “Муу муухайгийн тэнхлэг”-ийн улсуудыг хүртэл нэгтгэх юм бус уу. Дэлхийн хэддүгээр дайны үеэр билээ дээ, тулалдаж буй цэргүүд Зул сарын баярын шөнө хоорондоо байлдахаа болиод эвлэрээд гэр гэр рүүгээ буцсан бодит түүх байдаг юм билээ. Түүгээр нь ч гайхамшигтай гоё шүүдэр ший хийсэн байдгийг та бүхэн үзсэн биз ээ.

One World – One Dream уриан доор зохион байгуулсан энэхүү тоглолтын зорилго, үр дүнг анхны алтан медалиа авсан Монголчууд улам ихээр ойлгож мэдэрсэн буй заа. Мэтгэлцэж хэрэлдээд байсан улс төрийн хүчнүүд эвлэрдэг юм байна, том жиптэй, сүрчиг, гель үнэртүүлсэн залуу баярлаад хир даг, нэвширсэн үнэр ханхлуулсан гудамжны архичин өвөөтэй тэврэлддэг юм байна, танихгүй хүмүүс хоорондоо хэзээ язааны хамаатан садан шиг харилцдаг юм байна, тэрийг нь миний хараа муутай хоёр мэлмий цэнхэр дэлгэцээр болон оригоор нь хажуугаас нь хардаг юм байна. Эндээс ингээд хараад дүгнэхэд хүн гэдэг амьтан маш жаахан юман дээрээс кайф авч, өөрсдийгөө хөгжөөмөр аяддаг биологийн нэгж биш гэж үү? Хэрвээ бид хүсвэл өдөр болгон бие биетэйгээ ингэж гоё харилцан эерэг энерги бие биедээ өгч, сайн сайхныг хүсэн нийгэм, эргэн тойрноо аз жаргалаар бялхааж чадахаар байгаа биз дээ? Манай аав архи уухаараа маш сайхан ааштай болдог. Гэхдээ аавыгаа сайхан ааштай байлгахын тул байнга архи уулгаж согтуу байлгалтай биш дээ гэж ярьдаг хүүхдийн түүхтэй төстэй юм уу даа миний хэлэх гээд байгаа санаа минь. Бид өөрөө өөрсдийгөө сайхан, аз жаргалтай байлгаж чадна. Ингэхийн тулд бидэнд “шалтаг” хэрэгтэй. Монгол хүн бүр маань эдгээр амжилт гаргасан тамирчид шигээ өөрсдийн хариуцсан ажилаа яс тас хийн оргилд нь хүрч зорилгодоо хүрэхэд л боллоо. Мөрөөдөл гэдэг үг хэрэглэхээс аль болох зайлсхийж зорилго гэж ярьж, бичиж занших ёстой ч юм шиг. Монгол хүний бие онцлогт тохирсон буудлага, чөлөөт бөх, жүдо, бокс, хүндийг өргөлт, дугуй, байт харваан төрлүүдээс улам олон олимпын аваргууд төрөх бүрэн боломжтой байна. За тэгээд удахгүй Сумо олимпын төрөлд орчихвол тэнд барилдаж буй наян Монголчууд хамаг медалийг нь түүж Япончуудыг харикери хийхэд хүргэх бий вий дээ.

Бид энд анхны аваргатай боллоо гэж хөөрцөглөж байхад бидэнтэй адилхан дөрвөн мөчтэй Янк залуу найман алтан медаль хүзүүндээ зүүчихсэн гүйж явна. Энэ тухай телевизийн сурвалжлагч гудамжинд явж буй хүмүүсээс асууж санал сэтгэгдлийг нь сонсъё гэсэн чинь нэг халамцуу байрын хүнд гар “Ганц тийм п****-тай болчих юмсан” гэж авдаг юм даа. Тиймээс энэхүү амжилтандаа пологтон бид Чингэсийн удам, бид бол хийморьтой ард түмэн, ер нь би гээд ярих, биеэ авч явахад жаахан ичмээр ч юм шиг. Аварга болоход асуудалгүй харин аваргаа хамгаалах хэцүү гэдэг. Олимпын аварга болж ард түмнээ баясгасан хоёр залуудаа амьдрал дээрээ үргэлж аварга байж нэр төрөө гамтай авч яваарай гэж хүсье. Зарим хүмүүс амжилт, мөнгө, нэр алдарт живж “нас бардаг”. Энэхүү амьдралын том далайг сэлж гараад бусаддаа зөв үлгэр дууриал үзүүлэх нь та хоёрын иргэний үүрэг л гэж би хэлэх байна. Тэгэхгүй бол зарим хүмүүс, “үзмэрч” нар аль хэдийнээ та хэдийг хэдэн төгрөгтэй болсон, болох, хэзээ, хэдэн удаа эхнэр, хүүхэд солих тухай “урьдчилсан таамаглал” гаргачихсан хоорондоо мэтгэлцээд тууж явна билээ. Зарим охид хүүхнүүд, бүр аав ээж нар нь охин хүүхдээ аваргад бэлдэж байна гэж тоглоом шоглоом хийн ярьж явна гэнэ билээ шүү бурхан минь.

Мөнгөн медаль авсан хоёр залуудаа бас талархах учиртай. Ойрын хэдэн жил гаргаагүй амжилтыг гарган булган сүүлээр далласан залуус. Алтан медалийн оосроос атгаад алдсан боловч цаашаа зөндөө боломж та хоёрыг хүлээж байгаа. За тэгээд медаль авч чадаагүй тамирчдын хувьд хэрвээ би медаль авсан бол ямар их нэр хүнд олж амьдрал ахуй нь дээшлэх байсан бол оо гэж дотроо шаралхан харамсаж, тэр хирээр өөрсдийгөө дараа дараагийн уралдаан тэмцээндээ хурцалж буй заа.

Зөвхөн спорт ч биш нийгмийн бусад бүхий л салбарт бидний аваагүй “алтан медалиуд” зөндөө байна шүү дээ. Оскарын шагнал авмаар байна, Нобелийн шагналд нэр дэвшмээр байна. Мэдлэг чадвар, авъяас билгээрэээ цоороод дээшээ бүгдээрээ гаръя, хийж буй зүйлийнхээ оргилд нь бүгдээрээ цугтаа хүрье. Спортоор бол бэртэл гэмтэл, бизнест бол алдагдал, хохирол гэсэн эрсдлүүд тулгарах болно. Тэрийг давах ёстой. Спортоор бол сэргээш, допинг, бизнест бол шударга бус өрсөлдөөн гээд хэрэглэх ёсгүй арга хэрэгслүүд бий. Тэрнээс бид хол явах ёстой. Ингэж чадаад амжилт гаргасан тохиолдолд бидэнд өгөх алдар нэр, мөнгө төгрөг Монгол улсад, компаниудад хангалттай байгаа. Амжилт гаргаж чадах л юм бол шагналуудаа цуглуулаад банкны хадгаламжинд хийгээд зөвхөн хүүгээр нь амьдраад, “гэртээ гэдсээ илээд хэвтэж” байх боломж их ойрхон байна. Аа гэхдээ (DZ Man-ийн дууны үгнээс “иш татав”) нэр алдар, хөрөнгө мөнгөний төлөө амжилт гарга гэж хэлж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Энэ бол зөвхөн шалтаг. Шалтгаан нь юу билээ найз нар аа?

Wednesday 20 August 2008

Shit happens. That is why insurance

Гай газар доороос гарч ирдэг учраас л даатгал

Арван жилийн нэгэн найзаараа дамжуулан танилцаж одоог хүртэл гэмгүй сайхан нөхөрлөж буй нэгэн анд маань даатгалын тухай блог дээрээ бичээч гээд, би сайн мэдэхгүй салбарын талаар хамаагүй бичмээргүй байна гэсэн чинь зөрүүлээд баахан ном, материал өгөөд дахиад бичээч гэж хүссэн юм. Ажил ихтэйгээс болоод нөгөө зузаан номыг тухтай уншиж, энэ тухай бичих зав гарахгүй байсаар өнөөг хүрчээ. Андаасаа хүлцэл өчиж байна.

Ер нь даатгал гэдэг зүйл миний хувьд саяханыг хүртэл огт хэрэглэж үзээгүй үйлчилгээ байлаа. Зээлээр хэдхэн жилийн өмнө байр авч байхдаа манайх руу дээд айлаас ус алдах, манайх ус алдаад доод айлдаа санхүүгийн бэрхшээл учруулах вий, түүнд зориулаад бөөн мөнгө болон цаг хугацаа зарлагадах вий гээд жилийн хугацаатай даатгал Улаанбаатар даатгалаар хийлгэж байсан юм. Саяхан жолоочийн хариуцлагын даатгалыг нэмж Прайм даатгал компаниар хийлгэлээ. Гол нь над шиг ойрд машин бариагүй бөгөөд баахан зээлтэй, санхүүгийн “дарамтанд” амьдардаг амьтан хүний машин очоод мөргөчихвөл бага мөнгө төлөх гэсэн ухаантай. Би өөрөө тийм хогийн гутранги үзэлтэй, машин огт барьж чаддаггүй модон гартай хүн биш л дээ. Аа гэхдээ, дээр дурдсан санхүүгийн асуудал гарвал би шууд бүх зардлыг төлөн хуучин хэвэнд оруулах бэлтэй хүн биш, бэлтэй байлаа гээд орон байрны ус алдалт, машин тэрэг засуулсан хөлс, зардал нь миний гэр бүлийн хоолны мөнгөнөөс хороох ёсгүй гэж боддог юм.

Даатгал гэж ярихад би машин лаг барьдаг, өвчин тусахгүй, зовлон тохиолдохгүй гэж хэзээ ч ярьж болохгүй. Гай газар доороос хэзээ л бол хэзээ гарч ирдэг. Чухам энэ нөхцөлд л өөрөө өөртөө хүндрэл багатай асуудлыг шийдэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй багахан шиг төвөг удах нь иргэн хүн бидний үүрэг гэж ойлгож байгаа. Монголчууд болохоор амны билэггүй, муу ёртой гээд элдэв юм өөдөөс ярих. Монголд маань даатгал амжилттай хөгжөөд ирэхээд хөөрхий зарим “халтуурны” зурхайч, мэргэ төлөгч нарын бизнес нилээд хумигдах байх даа. Далдыг хардаг хүмүүс тэрийгээ эртнээс “хараад” мэргэжил, ахуйгаа сольж байгаа болов уу даа бараг.

Саяхан болдог 7-р сарын 1-ний олон нийтийн эмх замбараагүй байдал даатгалын сонгодог жишээ болж байна. МАХН-ын байр, Соёлын төв өргөөнд байрлаж байсан ямар олон бизнесийн байгууллагууд халдлагад өртөж, хэдэн саяас эхлээд хэдэн тэрбум төгрөгөөр хохирлоо шүү дээ. Байгууллагын зүгээс тэдний зарим нэгэнд чадах ядахаараа хандив өргөн, манайхаас зээлтэй хүмүүст зээлийн хөнгөлөлт үзүүлэнгээ хүлээн авч уулзахад даатгал хийлгэхгүй яав даа гээд толгойгоо барьж суусан даа ихэнх нь. Улс төрийн намын байранд ер нь бизнес эрхлэх дэмий юм шиг байгаа юм. Аягүй бол одоо даатгалын компаниуд намын байранд байгаа бизнесийг даатгахгүй гэх вий дээ.

Даатгал гээд ярихаар санхүүгийн дарамт, хүндрэл гээд яриад ирэх байх ихэнх хүмүүс. Үнэн хэрэг дээрээ тэрбайтугай мөнгөөр шоудаж, зодоон хийж, үр дүнгүй тансаглаж байгаа ихэнх хүмүүсийн хувьд. Уул нь бол Монголын даатгалын бизнес нь дал гаран жилийн түүхтэй бөгөөд өдгөө нийт хорь орчим даатгалын компаниуд байгаа юм уу даа. Судалж дуулсанаар бол урьд нь Улсын мэргэжлийн хяналтын газрын Даатгалын хяналтын алба энэ салбарыг хариуцан авч явж байгад одооноос Санхүүгийн зохицуулах хороо хариуцан авч явж эхэлсэн байна. Жил гараны өмнө даатгалын зах зээлийн багтаамжийг хувиараа судалж үзэж байхад зах зээлийн багтаамж нь дунджаар 6 сая ам.доллар байсан бөгөөд энэхүү салбарын жилийн зардал нь 2 орчим сая ам.доллар болсон гэсэн тооцоог олж үзэж байсан. Энэ нь маш хангалтгүй тоо бөгөөд нэг хүнд ногдох даатгалын хураамж нь 2-3 ам.доллар гэсэн үг юм. Гэтэл зах зээлд бараг ижил хугацаанд шилжсэн ОХУ-д 40, цаашлаад АНУ-д 3000, Японд 4000 ам.доллар байдаг юм гэнэ билээ. Монголд боломж асар их байна аа. Зөвхөн 2003 онд болсон нийслэлийн өмчийн тооллого болон дахин үнэлгээний дүнгээс үзэхэд нийслэл хот л гэхэд нийт 314 тэрбум төгрөгтэй гэж гарсан байхаас гадна тэр жилдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн даатгалын дүн 100 орчим сая төгрөгт хүрээд байсан байна. Даатгалын секторын хураамжийн орлого болон нөхөн олговрын бүтцээс харж байхад дийлэнх хувь нь аж ахуйн нэгжийн эд хөрөнгийн даатгал болон нефтийн бүтээгдэхүүний даатгал байна. 2006 онд билүү дээ, Энрон корпорацийн захирал луйврын хэргээр арван жилийн ял авч шоронд суусан. Үүний өмгөөлөгчийн хөлсөнд нь Захирлын хариуцлагын даатгалаас нь л гэхэд 19 сая ам.доллар гаргасан гэж интернэтээр уншиж байсан юм байна.

Бид орон байр, машин гээд хэдэн саяар нь хөрөнгө оруулалт хийж аваад хэдэн мянгаар нь даатгал хийлгэдэг мөртлөө амь нас, эрүүл мэндээ огт хайхардаггүй юм билээ. Чухам энэ үед Амьдралын даатгал хэмээх шинэ ойлголтыг National Life Даатгал компанийн хамт олон бидэнд танилцуулж бүтээгдэхүүнээ зарж, маркетингаа хийж эхэлсэн байна. Амь насыг мөнгөөр үнэлэхэд хэцүү ч нэгэнт үнэлээд даатгачихсан байхад ар гэр, хамтран амьдрагч, тэжээн авч явдаг хүмүүстээ маш том буян, их алсыг харсан шийдэл болох байх. Нөхөн төлбөр нь хэдэн зуун сая байтугай тэрбумаар ч яригдах боломжтой бөгөөд хуурамж даатгалын хэрэг гаргаж их хэмжээний мөнгө авах гэсэн оролдлого бүхий утгатай их олон кинонууд байдгийг та бүхэн санаж байгаа байх. Холливууд, спортын одод хоолой, хөл, гар, өгзөг тэргүүтэнээ хэдэн сая доллараар даатгадаг тухай та бүхэн мэдээллийн сувгуудаар уншиж л байсан байх. Бид яагаад өөрсдийгөө үнэлээд, эвгүй тохиолдол болсон үед амьдрал ахуйгаа унагахгүйгээр санхүүгийн асуудлаа шийдэж болохгүй гэж.

Нийгмийн даатгалын газрыг иймэрхүү төрлийн арилжаанд оруулахад болохгүй зүйл үгүй санагдаад явчихсан шүү. Хувийн арилжааны хэлбэрт оруулбал тэнд төвлөрдөг хэдэн тэрбум төгрөгийг илүү үр ашигтай зарцуулахаас гадна даатгал төлөгч нарт илүү өргөн хүрээтэй, боловсон, алсыг харсан бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлэх боломжтой доо уул нь.

Баруунд бол настай хүмүүс нь оршуулгын газраа өөрсдөө худалдаж авдаг юм билээ. Үүнийг нь мөн даатгалын схемээр шийдээд өгчихсөн байдаг. Австралид цуг амьдардаг байсан айлын их сургууьд багшилж байгаад тэтгэвэрт гарч байгаа хүн надад бүр оршуулгын газраа машинаараа хажуугаараа явангаа “бахархалтайгаар” зааж өгч байсан юм. Анх сонсоход эвгүй ч гэсэн ойлгоод эхлэхээр зөв систем мэт.

Гурван жилийн өмнө хариуцлагагүй эмч нарын үйл ажиллагааны улмаас аав минь хэд хэдэн удаа дараалсан хагалгаанд орж бараг найдваргүй гэж яригдаж байсан юм. Тэр үед хөөрхий минь тэтгэвэрийн мөнгөө хурааж байгаад 100.000 төгрөг болгоод хав дарчихсан байсан. Өнгөрөхөөр бол миний оршуулганд хэрэглээрэй гэж дараа нь хэлж ах бид хоёрыг сэтгэлдээ мэгштэл айлгаж, ашгүй дараа нь эдгэрч магнай хагартал баярлуулж билээ. Сард хэдхэн кило мах авах хэмжээний тэтгэвэрээ хэдэн сар цуглуулсан бол доо зайлуул. Санаа нь үлдэж буй бид нартаа л төвөг учруулахгүй гэсэн биз дээ аав минь. Тэрнээс биш би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодож, тийм үйлдэл гаргаж явдаг битүү толгойтой, ширэн нүүрлэсэн хүмүүсийн хувьд энэ даатгал гээд яриад байгаа долоон үсэгтэй юмыг яаж ч хэлээд ойлгуулж, мэдрүүлэхэд тун хүнд л дээ. Ийм хүмүүсийг нас барахаар нь гадаа хээр тавихаар тас байтугай хэрээ шувуу, нохой ч бараг тоож ирэхгүй байх. Бусдынхаа төлөө жаахан ч гэсэн анхаарч амьдарч, ядаж “дараа” нь хээрийн нохой, шувуунд “тоолгомор” аядаарай даа ах дүүс нар аа.

Monday 11 August 2008

Organizational behavior

Байгууллагын зан төлөв

Аливаа бодгал бүхэн тус бүрийн өвөрмөц зан араншин, хариу үйлдэлтэй байдгийн агаар нэгэн аливаа байгууллага болгон бас өөрийн өвөрмөц соёл, дотоод уур амьсгалтай байдаг гэдэгтэй та нар надтай санал нийлнэ буй заа. Энэ нь магадгүй жижиг байгууллагын хувьд дарга, удирдагчаас нь илүү их хамаардаг байж болох юм.

Миний энэ бичих гээд байгаа зүйлийг ямарваа нэгэн байгууллагад анх ажилд орж буй, орсон залуус илүү их “мэдэрч” унших болов уу. Арван жилд байхад ангид шинэ хүүхэд шилжиж ирэхэд хүүхдүүд их шохоорхож, сонжиж, сорьж үздэгтэй адил юм уу даа. Шинэкоовт хэн нэгний тусламж маш их байдаг бөгөөд байгууллагууд иймэрхүү “тусламжийн” системтэй байвал багийн уур амьсгал богино хугацаанд эерэгээр бүрэлдэн тогтох үндэслэлтэй. Ядаж л нөгөө анх орж байсан шинэкоов чинь дараагийн орж ирж байгаа жинхэнэ шинэкоовдоо сэтгэл зүрхнээсээ туслах хөшүүрэг болдог байх.

Шинэ орчинд анх шууд ороход тухайн орчинд түргэн дасан зохицох чадвар хувь хүнээс шаардагдахаас гадна орчин нь өөрөө тухайн хүнийг хир хүлээж авахаас их шалтгаалах биз. Маш олон жил цугтаа ажилчихсан, гэр бүлийн уур амьсгалд орчихсон байгууллагууд байж л байгаа. Иймэрхүү газрыг хүмүүс цус нь ойртчихсон газар гэж ярихаас гадна тэдгээр нь шинэ зүйлд дургүй, аливаа өөрчлөлтийг хүлээн авахдаа их хүнд хүмүүс байх вий. Иймэрхүү сэдвүүдийг хөндсөн Холливуудын гоё гоё сүүдэр шийнүүд байдаг даа.

Дээрээс нь ямар ч хамт олон дотор өөрсдийн ашиг, сонирхол, хоббигоороо нэгдсэн хэсэг бүлэг фракцууд байх нь элбэг. Хувь хүмүүс хоорондоо мэдлэг чадвар, ур ухаан, ажлын бүтээмжээрээ өрсөлдөхөөс гадна фракц хоорондын тэмцэл мэр сэр гардаг тухай найзууд маань зөндөө л ярьдаг юм. Шинэ орж ирж байгаа залуусыг энэхүү фракцууд “буланд шахах” үйлдэл үзүүлэх өндөр магадлалтай. Иймээс хувь хүн өөрийн мэдлэг чадвар, үр бүтээмжээрээ шударга өрсөлдөж байж фракцд нэгдэх, өөрийгөө харуулах, үнэлүүлэх, эсрэгээрээ чадваргүй нэг нь ажлаасаа гарах, халагдахгүйн тулд аль нэг фракцийн “хүндэт” гишүүн болж хов зөөх, хор найруулах зэрэг хогийн шалдир булдар ажлуудыг хийн айрагандаа пологтоод бөөлжсөн хүмүүсийн бөөлжсийг гүйж ирж долойдог арчаагүй ноход шиг ажиллаж эхэлдэг хандлага байдаг бус уу. Бөөлжисөө долоолгож байж кайф авдаг “гаж зуршилтай” гарууд байгаад байдаг нь угаасаа буруу л байхгүй юу. Энэ сэдвийн тухай энэхүү бичлэгээр цухас бас бичиж байсан юм байна.

Фракц гээд яриад байгаа учир нь алив байгууллагын ажил багийн ажил байдаг тул хичнээн саак, гавал толгойтой нөхөр байгаад ганцаарчилсан тоглолт хийх боломж тун ховороос гадна тэрхүү “аз жаргал” удаан үргэлжлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн аливаа хүн хүнд харилцааны культур, за гэсэн бол ёогүй байдаг, ялангуяа эрэгтэй хүнд сибирийн мужик чанар заавал байх ёстой мэт. Одоо чинь болсон болоогүй юм ярьж шалчигнасан, бараг доодохыг нь барьж үзэхгүй бол эр, эм нь гаднаасаа хараад мэдэгдэхгүй ээээрэгтэйчүүд олдох гээд байдаг болсон гэж хүмүүс ярих. Түүнчлэн бусдыг сонсож сурах чадвар их чухал нь мэдрэгдээд байгаа. Дүлий дүмбэ оргичихоод дөргүй бух шиг зүтгээд байгаа нөхөдийг хараад хүн үү, мал уу гэж бодоод учрыг нь олдоггүй юм.

Эцэст нь байгууллага болгон хэсэг нэгж, фракцуудаас бүрдэнэ. Хэсэг нэгж, фракц болгон хувь хүмүүсээс бүрдэнэ. Тухайн группт цугларсан хүн гэдэг амьтаны нэгдэл өөрөө ямар төрлийн итгэл үнэмшил, зорилго, үнэт чанар, ажил, амьдралын философитой байхаас хамаарч байгууллагын зан төлөв тогтож тодорхойлогдоно. Иймээс баг бүрдүүлж байгаа нөхдийн хувьд анхнаасаа зөв хүмүүсээ сонгох, нэгэнт бүрдчихсэн багт орж байгаа хүмүүсийн хувьд өөрийгөө нээх, мэддэг, чаддаг юман дээрээ мэргэжлийн бөгөөд ёс суртахууны зөв бөгөөд том амбицтай байж өөрсдийгөө мэдрүүлэх, харуулах ёстой гэж бодном. Ингэж чадахгүй бол худлаа үнэн юм ярьж утсан чинээ улаан амиа торгоож бусдын цаг зав, нервийг барж байснаас нөгөө “Боол би үхвэл таарна” гэдэг шиг өөрөө сайн дураараа үтэр түргэн зайлбал зохистой. Ижил олон дугуйнууд хаа сайгүй зөндөө элбэг байх бий вий. Бас нэг сонголт байж болох юм байна. Газар хөдөлж, тэнгэр дуугарч, галав юүлж байсан ч үхсэн, амьд нь мэдэгдэхгүй хорвоогийн шар бор тоосыг хөдөлгөн ажиллаж амьдрах. Гэхдээ ингэж явж дэлхийн зургаа гаран тэрбум хүний хоолыг хороолцож байснаас Чингэс өвөө, Есүүс ах, Мухамед нагац дээр очиж гар хөлийн үзүүрт нь зарагдсан нь дээр байх шүү гэж.

Monday 4 August 2008

A blog counter hits 10.000

Блог маань 10.000 дахь зочноо хүлээн авлаа

Нэг жил гаруйханы өмнөхөн шүү дээ анх блог гэдэг юм байдаг юм байна, би өөрөө блог нээж бусадтай үзэл бодлоо хуваалцаж болох юм байна гэж мэдээд ажлын цагаа хугаслан блогоо нээж анхны бичлэгээ 2007 оны 6 сард бичиж байснаас хойш яг өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 10.000 хүн хойд болон өмнөд америк, африк, европ, ази, австрали зэрэг таван тивийн 55 улсаас зочлоод байна. Тоолуур тавихад хэдээс л бол хэдээс эхлүүлж болох юм билээ. Яг нөгөө чингэлэгээс бууж буй япон тэргүүдийн гүйсэн замыг нь багасгаж өөрчилдөг нөхдүүд шиг. Би ерөөлийг бодож 9-ийн тоогоор блогийнхоо тоолуурыг эхлүүлж байсан юм. Тэгэхээр ачир дээр яг 10.000 хүн биш 9.991 хүн юм байна шүү анд нараа. Зарим блогерууд дуртай тоогоо тавьсан байх гэж би хардаад байдаг юм. Үгүй ээ, тэр нь ч одоо надад ямар пад байх билээ.

Хаа байсан Зааны ясан эргийн улсаас эхлээд хойд Америкийн баруун эргээс нилээд цааш орших би нэрийг нь үл мэдэх жижиг арлаас хүртэл хэд хэдэн хандалт хийсэн байсан нь миний сонирхолыг одоог хүртэл татдаг юм. Гүүгэлдэж байгаад олсон уу, эсвэл интернэтээр дэмий тэнэж байгаад орсон уу гэж.

Ер нь анх яах гэж блог нээсэн тухайгаа энэхүү бичлэгээрээ бичиж байсан бөгөөд өдрөөс өдөрт блогоор зочилж буй хүмүүсийн тоо маань нэмэгдээд одоо дунджаар өдөрт 20 гаран хүн ордог болсон юм уу даа. Блогийг минь унших дуртай найз нөхдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна ийм, тийм сэдвээр бичээч гэж “захиалга” хүртэл өгдөг болоод байгаа. “Нөхөргүй эмэгтэйчүүд”-ийн тухай бичиж нэг бичлэгийн “өрнөөсөө” арай гэж салаад байж байна. Даатгалын талаар бичнэ гэж нэг найздаа амлаад одоог хүртэл явуулсан номыг нь уншиж амжихгүйгээс бичлэгээ бичиж завдахгүй л яваад байна. Тун удахгүй амьдралын даатгал гэж юу юм гэдгийг өөрөө эхэлж ойлгочихоод бичнэ ээ.

Нийтдээ блог нээснээс хойш 56 нийтлэл, бичлэг бичсэн байгаа нь сард дунджаар 4 бичлэг бичдэг юм уу даа. Сэдвүүдээ би 5 үндсэн төрөлд хуваасан бөгөөд эрээвэр хураавар бодлууд хэсэгт л хамгийн их бичлэг байх шив. Нэг анзаарагдсан бөгөөд жаахан харамсалтай санагдаад байгаа зүйл нь гэвэл жаахан ажил хэрэгч нийтлэл, судалгаа, шинжилгээний бичлэг бичихээр хүмүүс бараг сэтгэгдэл үлдээхгүй шүү. Харин ч архи дарс, “авгай хүүхэн”, ааш зан, худал хуурмаг энэ тэр гэсэн “хүнд” боловч нэг их “академик” ач холбогдолгүй сэдвээр хааяа бичихээр та хэд сэтгэгдэлийг бөмбөгдөж өгөх юм аа. Зарим нь чиний бичлэгээс гадна хүмүүсийн бичсэн сэтгэгдэлүүдийг унших их сонирхолтой гэж хэлж байдаг юм. Би өөрөө анх сэтгэгдэлүүдийг нэг их уншдаггүй, тоодоггүй байснаа сүүлийн үед харин хүмүүсийг аль болох их сэтгэгдэл бичээсэй, ямар реакци миний бичсэн юмны эсрэг гаргах бол гэж их сонирхдог болоод байгаа. Магадгүй тэдгээр нь миний дараагийн бичлэгийг санаанд чиглүүлж өгөөд байдаг шиг санагдаад байгаа. Гэхдээ би хэзээ ч блогоо арилжааны хэлбэрт оруулахгүй гэдгээ амлаж байна.

Яваандаа жаахан мэргэжлийн түвшинд бичиж эхлэхгүй бол хэт хар яриагаар бичээд байна гэсэн шүүмжлэл бас нижгээд авснаас гадна Сангийн сайд асан Очирсүх ах миний хоёр ч нийтлэлийг блогоос маань авч Зууны мэдээ сонин дээр гаргасан. Бас Очироо ахаас гадна нижгээд хүмүүст блог хэрхэн нээхийг зааж өгсөн гэж байгаа. Түүнчлэн нэрийг нь дурдаад яах вэ, нэгэн “Баагий” сонинд их аятайхан ярилцлага өгсөн байхаар нь шимтээд уншсан чинь миний блог дээрээ бичээд тавьсан нэгэн нийтлэлээс цэг, таслалын ч алдаагүй хэдэн өгүүлбэр copy, paste хийгээд тавьсан байж билээ. Тухайн байгууллагын маркетингийн ажилтан руу хандаж хэлсэн л дээ, боль л доо, нэр ус дурдаж бай л даа, дахиж битгий “хулгай” хийгээрэй гээд. Мэдээж би бүх хүнтэй мэдлэг, мэдээллээ хуваалцах гэж л юм бичээд байгаа ухаантай. Гэвч миний бичсэн юмыг өөрөө бичсэн юм шиг жүжиглэж сонин хэвлэлээр нэг нөхөр дүвчигнээд байхаар чинь аягүй сонин санагддаг юм билээ.

Бас нэг сонин гэвэл нэр сарын өмнөхөн байна уу даа блогеруудын уулзалтанд найзаараа дамжуулан уригдсан боловч ажил амжаагүйгээс очиж чадаагүй. Сүүлд сонсохнээ Монголын блогеруудын холбоо байгуулах зорилготой уулзалт болж нилээд хүмүүс очсон гэнэ лээ. Бодоод байхнээ очоогүй нь ч дээр болсон юм уу даа. Учир нь би аль нэг холбоо энэ тэр харъяалуулахыг хүсэхгүй байнам. Дараа нь тэр холбооны дүрэм журам, өөр юу байдаг юм, юманд нь баригдаад үзэл бодол “дутуу илэрхийлэх”, дуу хоолойгоод “боомилуулах” асуудал гарах байх гэж “өмхий санаалаад” л. Яагаад гэвэл чухам миний өөрөө өөртөө блог нээсэн хамгийн гол шалтгаан маань үзэл бодол, мэдлэг, мэдээллээ хэнээс ч хамааралгүйгээ энэ бөмбөрцөгийн булан тохой бүрт суугаа нутгийн индиан нартай ч хамаагүй хуваалцаж, илэрхийлэх чөлөөт индэр байна, байлгана гэж зорьсон ухаантай бөлгөө. Тийм ч болоод хаа байсан тэр жижиг арал, Зааны ясан эрэг, Алжир, Сенегал, Египет, Бразил, Кени, Пакистан, Иордан, Нигер, Эквадор зэрэг “сонин сонин” газруудаас зочид орсон буй заа. Та бүхэн ажаамой.