Wednesday 18 April 2012

Economic growth

Эдийн засгийн өсөлт

“Catch me if you can” гэдэг кино шиг Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган дээшилж чадахгүй бол хувь хүн, компаниуд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэдэг зүйл болох биз. Гэхдээ энэхүү өсөлт хязгаартай ба хугацаатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ДНБ-ийн бодит өсөлтийг 2014 он хүртэл дунджаар 14% гэж тооцож байна.  City групп (2011 оны 2 сар) 2015 онд хүртэл хамгийн хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнуудын жагсаалтыг гаргахад Монгол улс жилийн 14.2%-ийн өсөлтөөр жагсаалтыг тэргүүлж, ардаа Ирак, Энэтхэг, Хятад зэрэг улсуудыг орхисон байх юм. Түүнчлэн 2030 онд хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэх улсуудыг тооцоход ч мөн адил Монгол улс 9.7%-ийн жилийн дундаж өсөлтөөр тэргүүлсэн байна.

Энэ их эдийн засгийн өсөлтийн хаялага хаана, хэнд, хэрхэн “наалдаж” байгаа нь сонин. Нэг хүнд ногдох ДНБ-ийн (PPP аргачлал) хэмжээгээр энэхүү үзүүлэлтийг дунджаар гаргадаг. Цөөхөн хэдхэн улсын хувьд эдийн засаг хурдацтай тэлэхийн хирээр хувь хүний хөгжил нүдэн дээр харагдах ёстой. МcKinsey&Company-ийн 2011 оны судалгаагаар дараах сонирхолтой дүр зургууд гарсан байх юм.

Дэлхийн эдийн засгийн түүхэнд нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн богино хугацаад 2 дахин өссөн улсуудыг Англи улс 1800-гаад оны дунд хүртэл тэргүүлж байжээ. 1700-1854 оны хооронд Англичууд нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж чадсан ба үүндээ тэд бүхэл бүтэн 154 жилийн зарцуулжээ. Тухайн хугацаанд энэхүү улсын хүн ам 9 сая байсан байна. Дараа нь АНУ 1800-аад оны эхнээс сүүл хүртэлх 53 жилийн хугацаанд мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж тухайн үеийн 10 сая хүнээ баясгаж байжээ. Цаг хугацааны үечлэлээр Герман улс дараа нь бичигдэх агаад 65 жилийн хугацаанд 28 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөсөн байна.

Хамгийн сонирхолтой нь 1900 оны эхнээс энэхүү давалгаа Ази тив рүү шилжин орж ирсэн байх юм. Ази тивийг түүчээлэн Япон улс 20-р зууны эхний хагаст 33 жилийн дотор 48 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөж чадсан бол Солонгос улс үүнд 16-хан жилийг зарцуулж 22 сая хүндээ хүргэж чадсан байна. 20 ба 21-р зууны зааг дээр Хятад улс гайхамшигтай амжилт гарган 12 жилийн дотор л тэрбум гаруй хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөсөн бол Энэтхэг улс 16 жилийг зарцуулжээ.

Монгол улсын хувьд энэхүү мэдээллийг эх сурвалжаар аван тооцож үзэж болохоор санагдав. 1990-2010 оны хооронд Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн дунджийг тооцвол 5% л гарч байх юм. Харин 2002-2010 оны өсөлтийн дундаж нь бараг 10% дөхөж байна. Огцом өсөлт 2004 оноос үүссэн байх бөгөөд 2010 он хүртэлх тоог харвал 8 жилийн дотор Монголчуудын нэг хүнд ногдох ДНБ 2 дахин өсчээ. Катар энэ тэрийг харсангүй ч Хятад, Энэтхэгийн амжилтыг аль хэдийн даваад гарчээ.

Улс үндэстний баялаг, орлогын тэгш хуваарилалтыг хэмждэг ЖИНИ индекс гэж буй. Энэхүү үзүүлэлт 0 рүү тэмүүлэх тусам бүх ард иргэдэд баялаг тэгш хуваарилагдаж байна гэж үзэх боловч амьдрал дээр ийм байх боломжгүй. Хамгийн бага ЖИНИ индекс бүхий улсууд болох баруун европын хэдхэн улсуудад л энэхүү индекс нь 20 орчим байх юм. Харин Монгол улсын хувьд жилээс жилд энэхүү индекс өсч буй баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй гэж дүгнэж болох. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Монголтой ойролцоо ЖИНИ индекс бүхий орнуудыг гүйлгэн харвал Австрали, Канад, нөгөө өндөр хөгжилтэй баруун европын зарим орнууд хүртэл байх юм. Бусад улсуудыг сайн мэдэхгүй, гэхдээ Австрали улсад хэсэг байсных, Австраличууд хэрхэн хөдөлмөрлөж, цалингаа сараар, долоо хоногоор, үйлчилгээний газрууд бүр цагаар хэмжиж хуваарилдаг болохыг мэднэ. Баялаг бүтээхэд хөдөлмөрийн чадвартай бараг хүн бүр оролцож байх шиг байгаагаас гадна Австрали улсын ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх аж. Гэтэл Монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин 11 орчим хувьтай байгаа атлаа Австрали болон Канадын иргэдтэй бараг адил хэмжээнд орлогын хуваарилалттай байна.

Тэгэхээр баялаг, үнэ цэнийн тэгш хуваарилалт гэж ярих нь утгагүй хэрэг болох нь. Харин баялаг, үнэ цэнийн шударга хуваарилалт гэж байх ёстой болох нь. Халаас нь цоорхой архичин нөхрийн 21,000 төгрөгийг илүү цагаар хагас, бүтэн сайн өдөргүй ажиллан татвараар дамжуулан өгч буй залуус ЖИНИ индексийг багасгаж байна гэж бодоод байдаг. Ажилгүй, бэлэнчлээд сууж байгаа идэр насны залуусын тоог цөөлөхгүйгээр (механик бууралт буюу нас баралт энэ тэрийг хэлээгүй юм шүү) олон улсын тавцанд ЖИНИ индекс яагаад ч буурахгүй билээ. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил яагаад надад наалдахгүй байна гэдэг асуултыг төрөөс биш, гудамжинд орилж буй нөхдүүд өөрсдөөсөө асууж, шалтгаанаа хайвал зохилтой. Гэхдээ согтуу биш эрүүл үедээ!    

Monday 16 April 2012

Media

Хэвлэл мэдээлэл

Та бид хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал хэмээн нэрийдээд удаж байна. Гэхдээ 4 дэх засаг гээд өөрсдийгөө ойлгочихсон хэдхэн сэтгүүлч нар бас байх шиг байгаа юм.

Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил энэхүү ойлголтыг хүн болгонд бататган өгч байна. Жиргээ хийдэг зарим хүмүүсийн дагагч нар нь Монголын хамгийн том өдөр тутмын сонингуудын сар, жилийн захиалагч нарын тооноос даваад удаж байна. Хэвлэл мэдээлийн хувьд интернэт нь өөрөө текст, дуу, видео бичлэгийн нэгдсэн талбар болоод буй нь магадгүй Монголд мэдээлэл харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн салбаруудын синержиг үүсгэх үндсэн нөхцөл болж буй болов уу.

Хэвлэл мэдээлэл гээд судлахаар мэдлэг ба мэдээллийн монополь гэсэн ойлголт нилээд тааралдах аж. Ухаан нь дундад зууны үед сүмүүд албаар латинаар бүх харилцаа холбоогоо хийдэг байсан тул зөвхөн латин хэлтэй, боловсролтой, нийгмийн дээд давхаргад сүмийн үйл ажиллагаа хүрч үйлчилж, тэр чинээгээр улс орны гол шийдвэрүүд цөөн хэдэн хүний хүрээнд гарч мэдлэг үйлдвэрлэл, хадгалалт, хуваарилалт хязгаарлагдмал хүрээнд байжээ. Түвдээр байгаа бүх шашны номыг Монголоор орчуулж хүргэх, мэтгэлцэх үйл ажиллагаа яагаад хийгдэхгүй байгаа бол? Мөнгө болон эрх мэдлээс гадна мэдээлэл нь аливаа улсын хувь заяаг шийдвэрлэх голлох хүчин зүйлс болоод удаж байна.

Иймээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой технологийн асуудал дээр мэдээллийн эх сурвалжид шууд орох, хандах боломж буюу эрх, түүнчлэн дэд бүтцийн хяналт маш чухал зүйлд тооцогдох нь байна. Яагаад бизнес эрхлэгч нар RIM технологи бүхий Blackberry утсыг хэрэглээд байна гэвэл мэдээллийн аюулгүй байдал, яагаад CDMA технологи дэлхий даяар хүчтэй тархаагүй гэхээр цэргийн технологиос үүдэлтэй гэх мэт. Интернэтэд ФМ радио хөгжлийн цулбуураа атгуулаад зах зээлээс арчигдах шахаж байсан боловч интернэт орчны Streamed Radiо-гийн шинэ загвар эргээд хүчээ авч байх жишээтэй.

Мэдээллийн хувь үнэтэй ба үнэгүй гэсэн 2 төрөл байх шиг байгаа юм. Үнэгүй мэдээлэл нь ихэвчлэн масс нийгэмд зориулагдсан бөгөөд ТВ, интернэт, ФМ байхад явж байгаа мэдээллийг нь төлбөр төлөхгүйгээр үзэгч, сонсогч нар авах боломжтой. Харин сэтгүүл, сонин, төлбөрт суваг зэргийг мөнгө төлж байж авна. Иймээс редакцийн бодлого гэх мэт зүйлээрээ мэдээллийн сувгууд ялгаатай байхаас гадна зорилтот зах зээл нь ч өөр байх нь. Ухаан нь шууд масст хандсан мэдээлэл нь чухал байх уу, эхлээд нийгэм, хамт олны сэтгэлзүйг бүрдүүлэгч бүлэг хүмүүст (opinion leaders) хандах уу гэх мэт. Мэдээлэл үнэтэй болж эхлэнгүүд мэдээллийн эх сурвалжууд болон мэдээллийг мэдээ, анализ болгож байгаа хүмүүсийн үнэ цэнэ, зохиогчийн эрх зайлшгүй яригдаж эхлэх ёстой.

Яг дээрх асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн асуудал үргэлж сөхөгдөнө. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь чухал ч гэсэн түүнээс эрхэм чухал зүйлс бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлага байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл нийгэмд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийг боловсрол, ухамсрын түвшинд сургах, чиглүүлэх, зөв бөгөөд бодит шийдвэр гаргахад нь туслах ёстой. Хэвлэл мэдээллийн сувгуудын төрөлжилт явагдаж эхлээд байна. Хүн дуртай хувцсаа авч өмсөж, дуртай дуугаа сонсож, дуртай хоолоо ресторанаас захиалдаг шиг мэдээллийн сувгуудыг удахгүй үзэгч сонсогч нар personalization, customization хийх нь бараг тодорхой чиглэл болоод байх шиг байна. Мөнгө төлж байгаа бүхий л этгээдүүдийн хүслийг нь биелүүлдэг, редакцийн бодлого байхгүй, аль нэг тал руу туйлширсан хэвлэл мэдээллийн байгууллага урт наслахгүй. Өнөөдөр Монголд байгаа 130 сонин, 95 телевиз, 72 радио, 102 сэтгүүлүүд хар аяндаа зах зээлийн жамаар зах зээлээс шахагдаж гарах, хоорондоо нэгдэх процесүүд явагдах нь тодорхой биз ээ. Магадгүй огт реклам явуулдаггүй телевизийн сувгуудийг үзэгч нар сар болгон тогтмол мөнгө төлж захиалан үздэг хандлага ч шинэ зах зээл болох боломжтой.

Түүнчлэн ардчилсан нийгэм бүхий улсад үзэгч сонсогч нар нь өөрсдийг нь төлөөлөн сонгогдсон төрийн түшээд нь юу ярьж хийгээд байгаа нь хангалтгүй санагдсан үед хэвлэл мэдээллээр дамжуулан төрд нөлөөлөх, нийгмийг оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг нь дэлхийн хэвлэл мэдээлэл ба улс төрийн түүхүүдээс тодхон харагдана.

Товчхондоо мэдээлэл бол мэдлэгийн цуглуулга байх ёстой болохоос биш цуу яриа, хов жив, захиалгат бичлэгүүдийн хогийн сав байх ёсгүй билээ. 

Thursday 12 April 2012

Prisoner’s dilemma

Сэжигтэний ацан шалаа

Ийм нэг ойлголт бизнесийн сурах бичгүүдэд элбэг тааралддаг. Хоёр нөхөр хулгай хийжээ. Удалгүй цагдаа хоёуланг нь барьсан боловч хангалттай нотлох баримт аль алинд нь цуглуулж чадаагүй байна. Тиймээс энэхүү хоёр сэжигтэнг мөрдөн шалгахаар баривчлан тус тусад нь хорьж бие биенээс нь болон нийгмээс тусгаарлав.

Эхний сэжигтэнтэй цагдаа ганцаарчлан уулзаад хэрвээ та хоёр хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл өөрт нь 2 жилийн хорих ял хүлээлгэнэ. Хүлээхгүй бол цагдаа зайлшгүй нэмэлт нотлох баримт цуглуулах ёстой болох бөгөөд магадгүй хангалттай баримт цуглуулж чадахгүй бол эхний сэжигтэн буруугүйд тооцогдон чөлөөлөгдөж, эсрэгээрээ баримт бүрдвэл 5 жил хоригдох болохыг сануулжээ.

Уг цагдаа нөгөө сэжигтэнтэй уулзаад мөн л яг адил зүйл ярьсан байна. Хоёр сэжигтэн мэдээж цагдаагийн тулгалтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нотлох баримт олдохгүй бол буруугүйд тооцогдож суллагдахаа мэдэж байгаа. Гэвч тэд хоорондоо холбогдож ярилцах боломжгүй бөгөөд нэг нь нөгөөгийнхөө эсрэг юу ярих, яриа нь яаж зөрөхийг аль аль нь таашгүй. Энэхүү хэрэгт сэжиглэгдэж буй хоёр нөхрийн эрсдлүүд болон боломжуудыг дараах зургаар харуулж болох.

Дээрх зургаас харахад мэдээж хоёр сэжигтэн хоёулаа цагдаатай хамтарч ажиллахгүй буюу хэргээ хүлээхгүй байхад өөрсдөд нь хамгийн ашигтай байхаар байна. Харин хэн нэг нь хэргээ хүлээгээд нөгөө нь хүлээхгүй нөхцөлд хэргээ хүлээсэн нь хамгийн муу хувилбар буюу 5 жилийн ял ганцаараа авахаар байна. Гурав дахь хувилбар буюу хоёулаа хэргээ зэрэг хүлээвэл аль аль нь 2 жилийн ял авах нь байна.

Энэхүү тоглоомын онолд бүх мэдээлэл нээлттэй гэж тооцогдох ба хоёр тоглогчтой, нэг удаагийн шийдвэр гаргах, гарсан шийдвэрээс хамаарч үр дүн нь шууд мэдэгдэх тоглоом билээ.

Яагаад ацан шалаа гэхээр аль аль нь хэргээ хүлээхгүй нөхцөл нь сэжингтнүүдэд хамгийн ашигтай боловч хэрэв хэн нэг нь хэргээ дангаараа хүлээвэл хэргээ хүлээгээгүй нөгөө нөхөр хамгийн хүнд ялыг нь ганцаараа үүрэх нөхцөл юм.

Дээрх нөхцөл нь хамтран ажиллаж буй хоёр хувь хүн, бизнесийн байгууллагын хооронд элбэг тохиолдох ерөнхий харилцаа бөгөөд улмаар манай улстөрчдийн хувьд жинхэнэ dilemma болж эхэлж байх шиг байнам. Эвтэй эсвэл Эбтэй байхдаа хүчтэй?