Monday, 16 April 2012

Media

Views

Хэвлэл мэдээлэл

Та бид хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал хэмээн нэрийдээд удаж байна. Гэхдээ 4 дэх засаг гээд өөрсдийгөө ойлгочихсон хэдхэн сэтгүүлч нар бас байх шиг байгаа юм.

Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил энэхүү ойлголтыг хүн болгонд бататган өгч байна. Жиргээ хийдэг зарим хүмүүсийн дагагч нар нь Монголын хамгийн том өдөр тутмын сонингуудын сар, жилийн захиалагч нарын тооноос даваад удаж байна. Хэвлэл мэдээлийн хувьд интернэт нь өөрөө текст, дуу, видео бичлэгийн нэгдсэн талбар болоод буй нь магадгүй Монголд мэдээлэл харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн салбаруудын синержиг үүсгэх үндсэн нөхцөл болж буй болов уу.

Хэвлэл мэдээлэл гээд судлахаар мэдлэг ба мэдээллийн монополь гэсэн ойлголт нилээд тааралдах аж. Ухаан нь дундад зууны үед сүмүүд албаар латинаар бүх харилцаа холбоогоо хийдэг байсан тул зөвхөн латин хэлтэй, боловсролтой, нийгмийн дээд давхаргад сүмийн үйл ажиллагаа хүрч үйлчилж, тэр чинээгээр улс орны гол шийдвэрүүд цөөн хэдэн хүний хүрээнд гарч мэдлэг үйлдвэрлэл, хадгалалт, хуваарилалт хязгаарлагдмал хүрээнд байжээ. Түвдээр байгаа бүх шашны номыг Монголоор орчуулж хүргэх, мэтгэлцэх үйл ажиллагаа яагаад хийгдэхгүй байгаа бол? Мөнгө болон эрх мэдлээс гадна мэдээлэл нь аливаа улсын хувь заяаг шийдвэрлэх голлох хүчин зүйлс болоод удаж байна.

Иймээс хэвлэл мэдээлэлтэй холбоотой технологийн асуудал дээр мэдээллийн эх сурвалжид шууд орох, хандах боломж буюу эрх, түүнчлэн дэд бүтцийн хяналт маш чухал зүйлд тооцогдох нь байна. Яагаад бизнес эрхлэгч нар RIM технологи бүхий Blackberry утсыг хэрэглээд байна гэвэл мэдээллийн аюулгүй байдал, яагаад CDMA технологи дэлхий даяар хүчтэй тархаагүй гэхээр цэргийн технологиос үүдэлтэй гэх мэт. Интернэтэд ФМ радио хөгжлийн цулбуураа атгуулаад зах зээлээс арчигдах шахаж байсан боловч интернэт орчны Streamed Radiо-гийн шинэ загвар эргээд хүчээ авч байх жишээтэй.

Мэдээллийн хувь үнэтэй ба үнэгүй гэсэн 2 төрөл байх шиг байгаа юм. Үнэгүй мэдээлэл нь ихэвчлэн масс нийгэмд зориулагдсан бөгөөд ТВ, интернэт, ФМ байхад явж байгаа мэдээллийг нь төлбөр төлөхгүйгээр үзэгч, сонсогч нар авах боломжтой. Харин сэтгүүл, сонин, төлбөрт суваг зэргийг мөнгө төлж байж авна. Иймээс редакцийн бодлого гэх мэт зүйлээрээ мэдээллийн сувгууд ялгаатай байхаас гадна зорилтот зах зээл нь ч өөр байх нь. Ухаан нь шууд масст хандсан мэдээлэл нь чухал байх уу, эхлээд нийгэм, хамт олны сэтгэлзүйг бүрдүүлэгч бүлэг хүмүүст (opinion leaders) хандах уу гэх мэт. Мэдээлэл үнэтэй болж эхлэнгүүд мэдээллийн эх сурвалжууд болон мэдээллийг мэдээ, анализ болгож байгаа хүмүүсийн үнэ цэнэ, зохиогчийн эрх зайлшгүй яригдаж эхлэх ёстой.

Яг дээрх асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн асуудал үргэлж сөхөгдөнө. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь чухал ч гэсэн түүнээс эрхэм чухал зүйлс бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлага байх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл нийгэмд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийг боловсрол, ухамсрын түвшинд сургах, чиглүүлэх, зөв бөгөөд бодит шийдвэр гаргахад нь туслах ёстой. Хэвлэл мэдээллийн сувгуудын төрөлжилт явагдаж эхлээд байна. Хүн дуртай хувцсаа авч өмсөж, дуртай дуугаа сонсож, дуртай хоолоо ресторанаас захиалдаг шиг мэдээллийн сувгуудыг удахгүй үзэгч сонсогч нар personalization, customization хийх нь бараг тодорхой чиглэл болоод байх шиг байна. Мөнгө төлж байгаа бүхий л этгээдүүдийн хүслийг нь биелүүлдэг, редакцийн бодлого байхгүй, аль нэг тал руу туйлширсан хэвлэл мэдээллийн байгууллага урт наслахгүй. Өнөөдөр Монголд байгаа 130 сонин, 95 телевиз, 72 радио, 102 сэтгүүлүүд хар аяндаа зах зээлийн жамаар зах зээлээс шахагдаж гарах, хоорондоо нэгдэх процесүүд явагдах нь тодорхой биз ээ. Магадгүй огт реклам явуулдаггүй телевизийн сувгуудийг үзэгч нар сар болгон тогтмол мөнгө төлж захиалан үздэг хандлага ч шинэ зах зээл болох боломжтой.

Түүнчлэн ардчилсан нийгэм бүхий улсад үзэгч сонсогч нар нь өөрсдийг нь төлөөлөн сонгогдсон төрийн түшээд нь юу ярьж хийгээд байгаа нь хангалтгүй санагдсан үед хэвлэл мэдээллээр дамжуулан төрд нөлөөлөх, нийгмийг оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг нь дэлхийн хэвлэл мэдээлэл ба улс төрийн түүхүүдээс тодхон харагдана.

Товчхондоо мэдээлэл бол мэдлэгийн цуглуулга байх ёстой болохоос биш цуу яриа, хов жив, захиалгат бичлэгүүдийн хогийн сав байх ёсгүй билээ. 

No comments: