Saturday 31 July 2010

Anarchism

Сингапур улс 30 гаруйхан жилийн өмнө загасчны ядуу тосгон байсан бол өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болсон буй. Энэхүү амжилтын гол нууц нь төрийн хатуу диктатур байсан ба зарим үед төр иргэдээ айлгах, зүрхэнд нь шар ус хуруулах замаар энэхүү өндөрлөгт хүрсэн гэж “The Coming Anarchy” номыг бичсэн Robert D. Kaplan маргасан байна. Бидний үеийнхнийг арван жилд байхад ардчиллын хөдөлгөөн өрнөж, бараг бүхий л зүйлс чөлөөтэй болж, зарим үед бүр эмх замбараагүй ч болж байсан нь үнэн. Тэрний нэг жишээ нь ардчилал гэдэг дутуу ойлголттой бидний хэдэн сурагч шаардлага тавьсан багшийнхаа өөдөөс “захиргаадахгүй шүү” хэмээх хоосон том толгойлдог байсан сан. Анги даасан багш маань тэр үед “Ардчилал хэтэрвэл анархизм” болдог юм шүү, та нар битгий давраад байгаарай” гээд үе үе зэмлэдэг байж билээ. Одоогийн Монголын маань нийгэм ардчилал хэмээх зүйлсийн үр шимийг зарим үед дэндүү хэтрүүлэн хэрэглээд байгаа юм болов уу? Ямартаа ч гаргасан хуулиа яв цав биелүүлж чаддаг систем бий болгож чадаагүй үед Монгол азийн бар болох нь лөөлөө биз. Энэхүү системийг бий болгохыг тулд буюу бүх нийтийн эрх ашиг, тунгалаг нийгмийн төлөө зарим үед төр төмөр нүүрээ гаргах цаг нь болоогүй юм болов уу гээд хааяа боддог юм. Төрийн төмөр нүүрийг ачаар л Сингапур одоогийн өндөрлөгт хүрсэн гэж дээрх хүний маргаж буй нь үндсэндээ энэхүү утгаар хэлсэн санаа билээ. Эс бөгөөд ардчилал хэмээх зүйлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн орны сонгодог жишээ нь саяны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болдог Өмнөд Африк юм. Эрх чөлөөг тунхагласны дараа хэдхэн жилийн дотор хүн амины хэргийн гаралт асар өндөр, олон улсын хар тамхины сүлжээний гол боомт болон хувирсан гэдэг. Саяны дэлхийн аваргын үеэр ч гэсэн нилээд орны ямар ч олон сэтгүүч, энгийн үзэгч нар юмаа суйлуулан, буудлын өрөөгөө тонуулан, гудамжинд зодуулж дээрэмдүүлсэн мэдээ гарав даа. Мань эр цаашаа дурдахдаа аливаа улсын ёс суртахууны эрх ашиг нь стратегийн эрх ашигтай нь зөрчилдсөн тохиолдолд улс хоорондын дайн үүсдэг гэсэн байв. Ухаан нь Сувдан эргийг Япончууд бөмбөгдсөн нь Дэлхийн хоёрдугаар дайны гол эхлэл байсан болохоос Хитлер Еврей нарыг хядаж эхэлсэн үе нь уг дайны эхлэлд яаж ч бодсон тооцогдохгүй. Энэхүү талаар дэлгэрэнгүй бичлэг энд буйг үзнэ үү. Түүнтэй адил Саддам Хусейн Курдуудыг тамлаж байсан нь шалтаг болохоос Саудын Арабын газрын тосны нөөцүүдийг эзлэх гэсэн оролдлого нь Иракийн дайны гол шалтгаан нь байсан билээ.   

Нийгэм замбараагүй байх үед хүмүүс бие биенээ хүн шиг биш араатан шиг харьцаж ханддаг. Тогтворгүй нийгэмтэй буюу хууль дүрэм үйлчилдэггүй, ихэнх зүйл мөнгөөр үнэлэгдэх болсон үед хүмүүс өөрийн мэдэлгүй өөрийн үнэ цэнээ алддаг байх. Өчүүхэн юмны төлөө өөрийгөө бусдад худалдахад бэлэн хүмүүс үй түмээрээ гарч ирэх агаад ийнхүү өөрийгөө бусдад худалдаж буй хүн аав, ээж, ах, дүү, найз нөхөд, эх орноо бусдад худалдахад өчүүхэн ч ажрахгүй биз ээ. Учир нь өөрийгөө хайрлаж, хүндэлдэггүй хүн бусдыг хэрхэн хайрлаж, хүндэлж чадах, тэрхүү эрхэм нандин зүйлийг яахин мэдэрч чадах билээ. Түүнчлэн хүн хэдий хэмжээний эд хөрөнгө буюу материаллаг баялаг хуримтлуулах тусам, ялангуяа тэрхүү эд хөрөнгөө шударга бус аргаар олж авсан үед, ямар ч тохиолдол гарсан тухайн эд хөрөнгөө хамгаалахаар зорилгоор анх тухайн хөрөнгийг олж авснаас илүү хүч хөдөлмөр, зардал мөнгө, нерв стресс шаарддаг нь бараг л илэрхий. Монголд том хэмжээний бизнес, төслүүд парламентийн сонгууль, намуудыг хурлыг хүлээдэг болоод нилээд удаж буй. Тэрхүү хэсэг бүлэг хүмүүсийг бид өдгөө олигархууд хэмээх болжээ. Хэдэн мянган жилийн өмнө Аристотел Whether the few or the many rule is accidental to oligarchy and democracy – the rich are few everywhere, the poor many гэж хэлж байсан байх юм. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг бол ядуучуудад хэрэгтэй зүйл бол олигархи гэдэг нь баячуудад ашигтай хувилбар юм. Тэгэхээр нийгэмд баян хүмүүс олшрох тусах ардчилал гэж цээжээ дэлдсэн хүмүүсийн тоо буурах юм шиг байгааа юм. Харамсалтай нь Аристотел ядуучуудын тоонд нийгмийн дундаж давхаргыг оруулан тооцсон байх юм билээ. Монголд одоо масс дундаж давхарга байгаа гэдэг нь асар эргэлзээтэй санагдаж буй.

Жил бүрийн хавар, эсвэл сонгуулийн өмнө бараг толгойтой бүхэн улстөрч болж, Монголын төлөө санаа нь зовсон эгэл биетнүүд болон хувирах агаад хүн бүрийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг айл бүрийн хаалгыг тогшин гуйдаг билээ. Энэ талаар Spring Syndrome-Politics гэсэн энэхүү бичлэгийг дээр бичиж байв. АНУ-д улстөрчид өрсөлдөхдөө аль болох олон санал авахын тулд нийгмийн дунджаас доод давхарга буюу боловсрол муутай болон цагаач иргэдийн тархийг угаах стратеги барьж байсан түүхтэй юм билээ. Ихэнх тохиолдолд иймэрхүү “төрлийн” хүмүүс улс төрийн маш өндөр идэвхитэй байдаг нь үнэн билээ. Яг үнэндээ бол улс төрийн бүрэн идэвхгүй байгаа нь тухайн нийгэм эрүүл байгаагийн шинж гэж зарим судлаачид ярьдаг. Учир нь нийгмийн масс бүлгийн амьдрал нь тогтворжсон, бүх зүйл нь нэг стандарт болсон байх тул улс төрийн хүрээнээс хүсэх зүйлс бараг байдаггүй. Бараг аль ч нам ялж байсан тэдний өдөр тутмын амьдралд падлий байхгүй байх нь. Үүнтэй шууд холбож бичин батлахад ярвигтай ч миний анзаарснаар сүүлийн хэдэн сонгуульд хот болон орон нутгийн иргэдийн сонгуулийн ирц, оролцоо харьцангүй зөрөөтэй байсан билээ. Үүнийг хүний “чанартай” холбохоос илүү мэдээллийн ялгаатай холбосон нь Монголд бараг онох болов уу. Олон судлаачид хэлсэн байдгийн нэг нь Sir Moses Finley бөгөөд мань эр нийгмийн захирагч ба захирагдагч буюу дагуулагч ба дагагч давхаргын гол ялгаа нь тэдний бичиг үсэгт тайлагдсан явдал буюу боловсрол, мэдлэгийг түвшин гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч ном уншиж чадахгүй хүн тухайн номыг зөв ч юм уу, санаатайгаар буруу ч юм уу уншиж буй нэгнийг дагаж, ойлгож, итгэхгүй гээд хаа холдох билээ. Ямар чи худлаа уншаад байна гээд маргаж чадах биш. Гэхдээ ном уншиж сурсан нь дээд оргил биш бөгөөд уншсан номоо буруу ойлгож, нийгэмд буруу мэдээлэл түгээх нь юун нөгөө эрдэм сурсан хэрэг болох нь тодорхой. Өөрөөр хэлбэл мэдээллийг задлан шинжилж, өөрийн дүгнэлт гаргаж чаддаг байх нь уншиж сурахаас ч чухал зүйл гэсэн үг. Ухаан нь чи бол тэнэг гээд бичсэн өгүүлбэрийг уншаад би тэнэг юм байна гээд ойлгоод, итгээд, сэтгэлээр унаад эхлэхтэй агаар нэгэн буй. Иймээс өвөг дээдэс маань эд баялгаас илүү эрдэм мэдлэгийг эрхэмлэх тухай зүйр үг энэ тэрээр дамжуулан хэдэн зуун жилийг дамнан та бидэнд захисаар ирсэн буй заа.

Дутуу эзэмшсэн мэдлэгээс мунхагийн харанхуй нь хамаагүй дээр гэдэгчлэн анархизм бол үнэхээр тахир дутуу ардчилал бус уу?    

Sunday 18 July 2010

The Second World War and Japan

Дэлхийн 2-р дайн ба Япон Улс

Япон улсын түүхэнд дэлхийн хоёрдугаар дайн нилээд гүн сорви үлдээсэн байдаг. Нилээд дээхнэ орон нутгийн хоёр хөгшинтэй Япон хэлтэй найзаараа дамжуулан юм ярьж байхад ах нар нь дөнгөж цэл залуухан 20 насандаа дайнд дайчлагдан явж Халх голд амь алдсан тухайгаа намайг Монгол гэж мэдээд гунигтай ярьж билээ. Номонханы дайн гэдэг нэрээр Халх голын дайныг Япончууд хэлдэг юм билээ. Дэлхийн 2-р дайны тухай, ялангуяа Япон улсын оролцсон шалтгаан зэргийг ухан сонирхвол их сонирхолтой фактууд гарч ирдэг юм байна. “Essential Histories: The Second World War – The Pacific“ гэсэн нэртэй David Horner-ийн бичсэн цомхон хөөрхөн ном байна. Энэ номон дээр дурдсанаар бол түүхчид Япончууд Манжуур руу 1930-аад оны эхээр өргөтгөсөн цэргийн хүчээр дайрсан тэр үеэс эхлэн Наран улс Ази тивийг өөрийн колони болгон үндсэн үйл ажиллагаагаа эхэлсэн гэж үздэг юм байна.

Тухайн үед олон улсын хэмжээнд засгийн газар хоорондын “League of Nations хэмээх нэртэй одоогийн НҮБ-ийн эцэг байгууллага байсан агаад уг байгууллагын гишүүд дайн эхэллээ хэмээн Японыг буруутгах үед үүнээс эмээлгүй уг байгууллагын гишүүнчлэлээ Германы нэгэн адил цуцлуулан дайнд бэлдэн улс орныхоо асар их мөнгө, цаг, цусыг урсгах шийдвэр гаргаж байжээ. Япон улс “League of Nations”-с гарахдаа эмзэглээгүй төдийгүй харин нь дорно зүгт энх тайван тогтоох үндсэн “Holy Mission”-тэй Япон улсын үйл ажиллагааг дэмжээгүйд нь бусад гишүүн улсуудаа зөрүүлэн буруутгаж байжээ. Үнэхээр ч Япон улсын Ази, Номхон далайд эхлүүлсэн энэхүү дайны нөлөөгөөр Азийн олон улс барууны колоничлолоос ангижран дайны дараа бүгд тусгаар улсууд болсон билээ. Жишээ нь Бирм, Малай, Индонези, Филиппин, Вьетнам, Лаос, Кампож (Монгол хэлээр хэрхэн зөв бичдэг вэ энэ улсыг?), Бруней, Бангладеш, Шри Ланка, Пакистан улсуудыг дурдаж болно. Цаашилбал Энэтхэг улсын тусгаар тогтнолд ч гэсэн уг дайн жинтэй хувь нэмэр оруулсан гэж яригддаг юм байна. Уг нь тухайн үеийн Японы засгийн газрууд дайны эсрэг байсан боловч ерөнхий сайдаасаа авахуулаад засгийн газрын нилээд олон сайд, парламентийн гишүүд уг дайныг дэмжээгүйн төлөө “эх оронч нар”, самурай ба мафийн бүлэглэл, хөлсний алуурчдад амиа хөнөөлгөж байсан гашуун түүх байдаг юм билээ. Үнэндээ тухайн үед Японы цэргийн эрх дархтанууд улсынхаа төрийн шийдвэр гаргагч нараас илүү эрх мэдэлтэй, нөлөөтэй байсан гэж хэлж болохоор юм билээ. Ялангуяа Квантунын арми нь бараг хагас биеэ даасан вант улс байсан гэх агаад Японы хамгийн шилдэг бөгөөд амбицтай офицеруудийн хорхой шуналыг нь татдаг арилжааны хэлбэрт суурилсан цэвэр улс төрийн байгууллага байсан гэж уг номонд тэмдэглэжээ. Ер нь бол Японы Ази, Номхон далайд хийсэн энэхүү дайн нь тухайн үндэстнүүд биш харин тухайн үндэстнүүдийг колоничилж байсан барууныханы эсрэг хийсэн дайн байжээ гээд хэлэхэд буруудахгүй юм шиг. Жишээ нь тухайн үед Англи улс Малай, Бирм, Энэтхэгийг хянаж байсан бол Францууд Энэтхэг, Хятададын өөрийн эзэмшлийн газартай, Голландууд одоогийн Индонезийг бариастай, Герман хүртэл Шинэ Гвинейг удирдаж байсан аж. Тухайн үед бужигнаж байсан замбараагүй Хятадад хүртэл Америк болон европын бусад улсууд өөрийн эзэрхийллийг тогтоохоор оролдож байсан ажээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хамгийн их олз хүртэж, давуу тал авсан улсуудын тоонд Япон улс ордог юм байна. 1904 онд Солонгосын хойг, Манжуур орчимд Япон улсын арми Оросын эсрэг тулалдаж ялалт байгуулсан нь тухайн үед анх удаагаа Азийн цэрэг, армийн хүчин барууны хүчинг ялсан тохиолдол байсан гэж түүхийн номонд дурдагджээ. Үүнээс хойш Япончууд Манжуурын төмөр замын бүрэн хяналтанд авсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд том амбицтай орох нэг шалтаг нь болсон бололтой.       

Хэрэв тухайн үед Япон улс бүх Хятадын төлөвлөсөн ёсоороо богино хугацаанд эзэлж чадсан бол Монголыг дайран эзлээд өөрийн хамгийн том дайсан болох ЗХУ-тай тулах байсан аж. Энэхүү дайныг дуусан дуустал Монголын зүүн болон зүүн өмнөд хил байнгын эрсдэл дор байсан нь дайны цэргийн газрын зураг дээрээс тодхон харагдаж байна. Япон Хятадыг эзэлж чадаагүйн шалтгаан нь оросууд байсан гэх агаад тэд бүхий л талаараа Хятадуудад Японы эсрэг босох тусламжийг ил болон далдаар өгч байв. Эцэстээ Квантунын арми 1939 оны 7 сард Монголын хилийг нэвтрэн орж ирсэн бөгөөд энд Оросын армийн хүчтэй тулж 18,000 цэргээ алдсан гэж бичдэг юм байна. Яагаад ч юм хэд хэд ном гүйлгэж харахад Номонханы дайны үед Монголын цэрэг, армийн талаар бараг нэг ч өгүүлбэр байхгүй байх юм билээ. Япон улс бүх Хятадыг эзэлж чадаагүйгээр барахгүй хойд Хятадад хийсэн дайндаа асар их хүн хүч, санхүүгийн нөөцөө үрсэн тул дайны санхүүжилт, түлш болон бусад нөөцөө хангалттай базаахын тулд зүүн өмнөд азийн улсууд руу дайрах нь зүйтэй хэмээн Япон генералууд шийдвэр гаргасан бөлгөө. Энэхүү шийдвэр нь АНУ-тай дайн эхлэх үндсэн шалтгаан болсон бололтой юм билээ. Япон Америкийн дайнтай холбоотой хамгийн сонирхолтой баримт нь Wingston Churchill-ийн тухай нэг баримт байв. Тухайн үед Английн тагнуулынхан Япончууд АНУ-ын ямар цэгт, хэзээ, хир хүчээр цохилт өгөх гэж буй тухай мэдээг олж авсан боловч Roosevelt ерөнхийлөгчид хэргээр дамжуулаагүй бөгөөд энэ нь АНУ-д цэрэг дайны хохирол амсуулсан зорилготой байсан гэж. Шалтгаан нь Англи өөрийн армийг аль болох дайнд бага хохирол амсуулах зорилгоор Америк цэргүүдийг дайнд оролцуулах стратегийн сонирхолтой байжээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл энэхүү мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй юм билээ. Ирээдүйд ч бараг л батлагдахгүй буй заа. Roosevelt ерөнхийлөгчийн АНУ-ын конгресс дээр Японы эсрэг дайн зарлан хэлсэн үг нь онцгой бөгөөд блог дээрээ буулгавал Yesterday, December 7 1941 – a date which will live in infamy – the United States of America was suddenly and deliberately attacked. The surprise attack thus ensured that the USA would not rest until it had crushed Japan.

Япончууд нэр төрөө машид их эрхэмлэнэ. Дайнд ялагдах нь гарцаагүй байхад л амиа золиослогчдын анги нэгтгэлийг арми дотроо албан ёсоор байгуулж Америктай Окинавагийн орчимд хийсэн нэг тулалдаанд л гэхэд “To die for the Emperor” хэмээх философи бүхий 1,900 камиказэ нарыг агаарт хөөргөж төдий хэмжээний хохирлыг Америкийн армид үзүүлсэн байна. Өнөөгийн алдарт Мицүбиши корпораци тухайн үед “The Japanese Zero хэмээх нэртэй хөнгөн, хурдтай, манувер сайтай тухайн үеийн шилдэг байлдааны агаарын хөлгийг бүтээн армид нийлүүлж байсан түүхтэй юм билээ. 1945 оны 8 сард Америкууд Хирошима ба Нагасаки хотууд дээр “Little Boy” нэртэй цөмийн бөмбөг хаяагүй бол энэ дайн хэзээ дуусах байсан нь тухайн үед хэнд ч тодорхойгүй байх байсан биз ээ. Бас яагаад энэ хоёр хотыг сонгон уг бөмбөг хаясан нь сонин санагдаж байв. Дайны сүүлийн өдрүүдэд бүх талаараа бүрэн бүслэлтэнд орж, гадаад ертөнцөөс, гадаад дахь цэргийн хүчнээсээ тасраад байсан ч тухайн үед Япон улс богино хугацаанд 60 дивиз бүхий 2 сая цэргийг дахин зохион байгуулж, 3,000 агаарын камиказэ, 5,000 агаарын хөлөг онгоц, 3,300 далайн камиказэ болон нийт 28 сая сайн дурын иргэдийг эцсийн мөч хүртлээ дайтахаар бэлтгээд байсан билээ. Гэвч бүслэлтэнд удаан байснаас болж тэдэнд хангалттай зэвсэг хэрэгсэл, хоол унд, түлш үлдээгүй бөлгөө. 

Цөмийн бөмбөг ба Оросууд Манжуурыг эзэлсэн давхар шокийн мэдээн дунд зургаан хүнээс бүрдэх эзэн хааны зөвлөл дайнд бууж өгөх эсэх тал дээр санал хураалт явуулснаас гурван гишүүн бууж өгөхийг дэмжиж, үлдсэн гурван гишүүн үргэлжлүүлэн тулалдах санал өгч, эзэн хаан өөрөө бууж өгөх шийдвэр гаргаснаар уг зөвлөл 4:3-ийн харьцаагаар бууж өгөх тухай мэдэгдлийг парламентад хүргүүлсэн түүхтэй юм билээ. Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараахан хэд хэдэн армийн офицерууд нийлэн төрийн эргэлт зохион байгуулах гэж оролдсон удаатай боловч амжилт олоогүй ажгуу. Хэрэв тэр үед Дайны Яамны Сайд Генерал Анами Корэчика энэхүү төрийн эргэлтийг дэмжсэн бол Японд төр эргэж дайн үргэлжлэх маш өндөр магадлалтай байжээ. Гэвч тэрбээр болон түүнийг дагалдагч нар амиа хорлосноор энэхүү эрсдэл үгүй болсон түүхтэй.

Энэхүү дайны үеэр нэр алдар нь дуурссан Япон адмирал Яамомото Исорүкү тухайн үед If we are ordered to [go to war with the USA] then I can guarantee to put up a tough fight for the first six months but I have absolutely no confidence about what would happen if it went on for two or three years гэж хэлж байжээ. Өөрөөр хэлбэл хэдий энэ дайныг Япон өдөөсөн ч дайн эхлэхээс өмнө Япон улс дайнд ялах боломжгүй гэдгээ сайтар мэдэж байсан гэж зарим түүхчид ярих юм. Гэвч дайны үед эзэлж авсан улсууд, газар нутгаас нь дайны дараа багахан нь ч болов Японы мэдэлд ирэх байх гэсэн найдлагатай энэхүү дайнд хамаг бүхнээ зориулсан бололтой. Энэхүү дайны цар хүрээ нь зүүн өмнөд азийн бараг бүх арал улсууд буюу Мадагаскарын арлаас эхлэн Энэтхэг, Бирмийг оруулан Хавайн эрэг хүртэл, урагшаагаа Австрали улсыг хүртэл хамарсан түүхтэй. Дайнд оролцсон гол улсууд болох Япон, АНУ, Хятад, Энэтхэг, ЗХУ-ууд тус бүр нэг сая орчим цэргүүд гарган газар, агаар, тэнгисээр ширүүн байлдсан түүхтэй ажгуу.

Дайны дараа бусад улсуудтай байгуулсан Япон улсын энхийн гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байдаг агаад Япон дахь АНУ-ын цэргийн баазууд өнөөг хүртэл Японы улс төрийн хамгийн хурц асуудал байсаар л байна. Энэхүү баазуудын тухай дайны үеийн нууц гэрээ байдаг гэж сонингууд дээр нь бичигдээд байдаг юм билээ. Энэхүү дайн нь АНУ-ын хувьд том сургамж болж өдийг хүртэл Өмнөд Солонгос, Япон, Гуамын арлуудад цэргийн хүчээ байнгын бэлэн байдалд байршуулсаар байна. Ёокохамад байх Америк цэргийн хуарангийн хажуугаар хэрэг гарган гарч, хашааг нь бүтэн тойрч сонирхож хүртэл үзэв шүү дээ. Түүнчлэн ихэнч судлаачид энэхүү дайн нь 38-р өргөргөөр хуваагдсан Хойд Солонгосыг эс тооцвол өнөөгийн Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Хонг Конг, Сингапурын хурдацтай хөгжлийн суурийг нь тавьж өгсөн гэж мэтгэлцдэг юм билээ. Үүнийг үгүй гэж батлахад ч тун хэцүү юм. Товчхондоо энэхүү дайн нь Ази тивийг орвонгоор нь гэж хэлэхгүй ч нилэнхүйд нь өөрчилсөн бөгөөд АНУ-ын хувьд тухайн үеийн заналт дайсан байсан Япон улс өнөөдөр хамгийн том найз нь болж эсрэгээрээ дайны үед холбоотон байсан Орос, Хятад хоёр дайсан нь гэхэд хаашаа юм, гэхдээ цэрэг, эдийн засаг, улс төр, геополитикийн хамгийн том өрсөлдөгчид нь болсон бололтой. Ямартаа ч, хэзээ ч, ямар ч хүнд нөхцөлд улс орнууд орсон бай дэлхийн гуравдугаар дайн бүү гарах болтугай!!!

Tuesday 13 July 2010

The Mongol mission

Наадам болж Монгол түмэн маань түүх, соёл, уламжлалаараа бахархаж буй энэ өдрүүдэд Монголын түүхийн холбогдолтой хоёр сонирхолтой ном уншив. Эхнийх нь Christopher Dawson-ийн 1955 онд бичсэн “The Mongol Mission”, нөгөөх нь Jack Weatherford-ийн хэдхэн жилийн өмнө гаргасан “Genghis Khan and the making of modern world” гэсэн номнууд. The Mongol Mission номон дээр Плано Карпини болон Уиллам Рубрукийн Монголын эзэнт гүрэнд аялсан өдрийн тэмдэглэл нь байх агаад түүнийг нь уншихад яг л тухайн цаг үед очсон мэт гайхалтай сонин мэдрэмж өөрийн эрхгүй төрж байв. Энэхүү номны хамгийн эхний сонирхол татсан хэсэг нь Аргун хааны Францын хаанд илгээсэн захидлын англи орчуулга нь байлаа. Энэхүү захидал эх нутагтаа эргэн ирсэн тухай мэдээлэл олж үзэв. 1291 оны үед Аргун хаан өөрийн 20,000 морьт цэргээр Францтай хүч хавсран Египетийг эзлэн авч “бонуст” нь Францын хаанд Иерусалемийг өгөх тухай “хоншоортой” загнаж байж. Гэвч Аргун хаан хүслээ биелүүлж амжилтгүй таалал төгссөн бөлгөө. Карпинигийн тэмдэглэлд дурдсанаар бол тэр үед Монголчууд ихэс дээдэс, настай хүмүүсээ асар их хүндэтгэдэг байсан төдийгүй хоорондоо муудалцах, зодолдох гэсэн ойлголт бараг байхгүй юм байна гэж бичсэн байна. Хангалттай биш ч гэсэн байгаа хоолоо хоорондоо хувааж иддэг асар их эв нэгдэлтэй ард түмэн байна гэж бүр онцгойлон тэмдэглэсэн байна билээ. Өнөөгийн буюу шинэ Монголчуудад дутагдаж буй хамгийн том зүйл тэртээ Монголчуудыг дэлхий дээр ид мандаж явахад өдөр тутмын амьдралынх нь үндсэн философи нь байжээ. Хэдий тийм боловч бусад үндэстэнтэй харьцахдаа их бардам, их зантай, бүдүүлэг хандахаас гадна архийг асар ихээр ууж алжаалаа тайлах нь энгийн үзэгдэл гэж дурдсан байв. Орос ах нарыг бид өөрсдийгөө архинд оруулсан гэж “гөрддөг” ч яг ухаад үзвэл Оростой Оросгүй бидний өвөг дээдэс идээний дээжийг эртнээс хэтрүүлэн барин байнга хэрэглэдэг байсан байж болохоор баримтууд байх аж. Ногоо иднэ гэсэн ойлголт бараг байхгүй боловч махыг асар ихээр Монголчууд хэрэглэдэг тухай гайхсан байртай бичсэнээс гадна хэдий тийм боловч зун цагт Монгол цэргүүд мах байтугай хоол бараг идэхгүй харин айргийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан тухай дурджээ.

Карпиниг тухайн үед Монголын эзэнт гүрэнд аялаж байхад бусад улсуудаас Гүюг хаанд бараалхаж бэлэг өгөхөөр ирж буй 4,000 гаруй элч төлөөлөгчтэй тааралдсан тухайгаа бичсэн байв. Эдгээр элчүүдийн дотор Оросын гүнгийн элчээс авахуулаад Багдадын халиф, Энэтхэг, Туркийн султануудын хэдэн арван элчүүд багтах агаад бэлгүүд дунд торго дурдан, алт эрдэнэс, үнэт ангийн үс, арьс, адуу, тэмээнээс гадна гаршуулсан ирвэсүүд хүртэл эгнэж байжээ. Эдгээр олон мянган элчүүдийн дотор элчийн дүр эсгэн явдаг туршуул болон бусад хүмүүс багагүй байсан бололтой юм. Тухайн элчийг үнэхээр өөр улсыг төлөөлөн ирсэн элч мөн эсэхийг маш няхуур шалгах агаад “хуурамч” элч гэж үзсэн тохиолдолд өчиггүй газар дээр нь цаазалдаг байжээ. Карпини тухайн үед Гүюг хаан их хуралдайгаас Монголын эзэнт гүрний их хаанд өргөмжлөгдөн сонгогдсон үйл явдлын гэрч нь болсон байдаг юм билээ. Карпини их хаанаас та бэлгэнд юу авмаар байна гэж асуухад юу ч хэрэггүй, энэ дэлхий дээр байгаа бүх юм надад байна гэж хариулсан тухай тэмдэглэл дээр нь байх ажгуу. Түүнчлэн Карпини нь улс төлөөлсөн элч гэхээс илүү шашны номлогч байсан боловч түүний дараа Монголыг зорьсон Рубрук нь илүү “улс төр”-ийн зорилготой элч байсан юм уу гэж ойлгогдож байна. Рубрук өөрийн тэмдэглэл дээрээ Бат хааныг хорин зургаан эхнэртэй байсан бөгөөд зарим нэг том цэргийн жанжин, эсвэл баян хүмүүс нь олон эхнэртэй байдаг тухай дурдаад иймэрхүү хүмүүсийн гэр, суурин нь багахан хэмжээний хот шиг том байсан тухай бичжээ. Шинэ төрсөн хүүхдийн хонго, нуруу, зарим үед гар дээр байдаг хөх толбыг Японд Монгол толбо гэдэг юм билээ. Хэдий тийм ч энэхүү хөх толбо нь Монгол цусыг баталгаажуулж буй тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хараахан олж уншиж амжаагүй байна. Ямартаа ч Япон, Солонгост бол улаан нялзрай нар нь хөх толботой төрөх тохиолдолд нилээд их байдаг юм байна. Харин Хятадуудын хувьд ёстой мэдэхгүй юм. Тэнд байдаг хүн байвал энэ талаар мэдээлэл өгөөрэй.  

Харин Jack-ийн бичсэнээр бол Чингис хаан бага залуудаа өлсгөлөн, үхэл хагацал, доромжлол, хууран мэхлэлт зэрэг бүхий л зовлон зүдгүүрийг хангалттай туулсан нь мань эрийг хурцалж, дэлхийн шилдэг хүнээр олон зууны дараа шалгарахад нөлөөлсөн гэж товч дүгнэжээ. “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц” дээр гэж ярьдагчлан амьдрал, тулааны зааг дээр нь байж үзээгүй хүн амжилт гаргахад хэцүү гэдэгтэй санал нийлэхээр барахгүй хүн залуу дээрээ аль болох эрсдэл хүлээж, унаж босож явах нь ирээдүйн амжилтын үүд нь гэж бодном. Хорин тавхан жилийн дотор Чингис хаан Ромчуудын дөрвөн зуун жил зарцуулж “хурааж цуглуулсан” газар нутаг, хүмүүсээс илүү газар нутаг, хүмүүсийг өөрийн эзэнт гүрний эрхшээлд оруулсныг нь онцлон дурдсан байв. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл дэлхийн ямар ч эзэнт гүрэн буюу улс, түүний удирдагч нар Чингис хааны байлдан дагууллын үеийн шиг хэмжээний газар нутгийг өөрсдийн мэдэлд авч захирч үзээгүй юм. Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно. Эдгээр хүмүүсээс шигшиж авсан нэг зуун мянга хүрэхтэй үгүйтэй цэргүүдээр дэлхийн талыг эзэлж байсан нь одоогоор бол тэр үеийн Чингис хааны цэргүүд саяны Өмнөд Африкт болж өнгөрдөг хамгийн том цэнгэлдэх хүрээлэн дотор элбэг багтана гэсэн үг бөлгөө. Хүний олон биш, хамгийн гол нь эрхэм зорилго, нэгдсэн зохион байгуулалт, удирдлагын арга барил, эдгээрээс онцлон сахилга хариуцлага энэ бүх амжилтын тулгуур нь байсан болов уу. Жишээ нь, Dawson-ийн номонд дахь Карпинигийн тэмдэглэлд Монгол цэргүүд аравтын системээр хуваагдан аравт, зуут, мянгат, арван мянгат тус бүрдээ аравтуудын захирагчтай байх агаад хэрэв тулааны үед уг арван цэргийн нэг нь л тушаал үл биелүүлсэн, зөрчсөн, урвасан, ухарсан үед тухайн арван цэрэг арвуулаа өчиггүй цаазлуулдаг, хэрэв аравтын цэргүүдийн талаас илүү нь тулаанаас ухарсан, зугтсан бол тухайн аравтын цэргүүдийн харъяалагдаж байсан зуутын цэргүүдийг нь хичнээн эрэлхэг гарамгай байлдсаныг үл харгалзан захирагчтай нь цуг бүгдийг нь шууд цаазалдаг байсан байна. Түүнчлэн аравтын цэргийн нэгжээс нэг юм уу хоёр цэрэг нь л бүх ачааллыг авч байлдсан бол “идэвхгүй” байлдаж, тулаанд хувь нэмэр оруулаагүй тухайн нэгжийн үлдсэн бүх цэргүүдийн толгойг нь мөн авдаг байсан аж. Цаашилбал цэргүүдээс нь дайсны талд олзлогдох үед уг олзлогдсон цэргээ аварч чадаагүй аравтын даргыг мөн үхлээр шийтгэдэг байжээ. Үүнийг сахилга бат гэхээсээ илүү хатуу чанд дүрэм, түүнийг мөрдүүлэх схем нь байсан гэвэл зохилтой. Багийн тоглолт буюу багаар нь тоглуулах гэдэг энэ буй заа.

Түүнчлэн Jack-ийн үзэж буйгаар Чингис хааны хамгийн сүүлчийн залгамжлагч нь Бухарын эмир Алим Хан байсан бөгөөд 1920 хүртэл буюу Узбекстанд Оросын хувьсгал гарах хүртэл хаан ширээнд сууж байжээ. Эдгээр хоёр номон дээр Чингис хааны үхлийн тухай янз бүрээр бичсэн байх нь олонтоо тааралдаж байв. Жишээ нь, аянганд ниргүүлж нас барсан, тулаанд явж байхдаа өвдгөндөө сумны шарх авч нас барсан, Тангудын хааны хорлол туссан, тэр бүү хэл Тангудын хааны бэлэглэсэн гүнж нь үтрээндээ хор түрхэн ирж хаантай бэлгийн ажил хийн хөнөөсөн гэж хүртэл дурдсан байх юм. Цаашилбал мань эр Чингисийн үеийн Монголчуудыг хэдий бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч биш ч гэсэн бусдын бүтээсэн, хийсэн зүйлсийг цуглуулж аван хооронд нь солилцоо хийн дараа үеийнхэндээ дамжуулж байсанд гол ач холбогдлыг өгсөн байна. Жишээ нь, Герман уурхайчинг Хятадад, Хятад эмчийг Персид аваачин ажиллуулах, Хятадад баригдах Христийн сүмийг санхүүжүүлэх, Орост нээгдэж буй Лалын сургуулийг бүх талаар дэмжиж байсан гэх мэт. Хархорин хотод байсан гэгддэг Мөнгөн модны загварыг Парисийн барималч бүтээсэн гэгддэг билээ. Өөрөөр хэлбэл энэ бүх үйл ажиллагааг 1990-ээд оны үеийн интернэтийн эрин үетэй харьцуулж ч болохоор байгаа юм. Түүнчлэн дараах ишлэл ихэд сонирхол татав. As English scientist Roger Bacon observed in the twentieth century, the Mongols succeeded not merely from martial superiority; rather, they have succeeded by means of science. Although the Mongols are eager for war, they have advanced so far because they devote their leisure to the principle of philosophy гэжээ. Маш олон өнцгөөс, маш олон байдлаар энэхүү өгүүлбэрүүд дээр анализ хийж болохоор. Цаашилбал Монголчуудын нөлөөгөөр Европчууд сэргэн мандлын үедээ шинжлэх ухаан, хувцас, хоол, утга зохиол, дуу хөгжимдөө өөрчлөлт оруулж, одоо үеийн анхны хэлбэрийг тухайн үедээ үүсгэсэн гэж зарим түүхчид үздэг юм байна. Энгийн нэг жишээ нь hurray буюу хурай. Хамгийн сонирхолтой нь 2000 он гарахаасаа өмнөхөн Арабын зарим нэг улстөрчид хэрэв Монголчууд бидний эцэг өвгөд, эрдэмтэдийн өв цуглуулга болсон номыг санг байлдан дагууллын үедээ шатааж устгаагүй байсан бол Муслимчууд бид Америкчуудаас өмнө атомын бөмбөг бүтээх байсан юм гэж ярьж байсан ажээ. Тун сонирхолтой ярианы сэдэв биш гэж үү? 2002 онд Америкууд Талибанчуудын эсрэг дайн зарлан бөмбөгдөж эхлэхэд Талибанчууд энэхүү дайныг Монголчуудын эзлэн түрэмгийлэлтэй адилтган авч үзэж байсан төдийгүй Саддам Хусейн хүртэл ингэж үг хэлж байсан нь тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан билээ. Хамгийн харамсалтай нь Монгол цустай үй олон Хазара нарыг энэхүү өшөө хонзонгийн зорилгоор хүйс тэмтэрсэн юм.

Чингис хааны жинхэнэ зураг, түүхэн дүрийг нь бид өнөөдөр хүртэл яв тав мэдэхгүй ч энэ хүн бол үнэхээр дэлхийн түүхэнд тодоор бичигдэх хүн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Түүхийн номууд дээр Mongolia гэхээс илүү дандаа Mongol гэж англиар бичсэн байх бөгөөд сүүлийн үед янз бүрийн маягт, гаалийн мэдүүлэг энэ тэр бөглөхдөө Nationality гэсэн асуултанд дандаа MONGOL гэж бөглөж буй. Mongolia гээд сулхан хэлсэн үг Angola гэдэг үгтэй ойролцоо сонсогдоод байдаг юм билээ. MONGOL гэж ярьж, бичсэн нь яаж ч бодсон их сайхан байгаа юм. Бараг Монголын олон улсын нэршлийг нь болдог бол Mongolia биш Mongol гээд сольчихмоор хааяа санагддаг.  

Эдгээр номуудыг уншиж байхад Аргун, Мөнх, Гүюг хаадуудын европын хаадууд руу бичиж байсан захидлууд тааралдах агаад миний хувьд хамгийн сонирхолтой нь Гүюг хааны Поп Инносент IV-д явуулж байсан захидал байсан тул дор бичиж блог дээрээ оруулмаар санагдав. Зарим хүмүүст сонирхолтойгоос гадна хэрэгтэй байж мэднэ хэмээн сэтгэв.

Guyug Khan’s letter to Pope Innocent IV (1246)1

We, by the power of the eternal heaven,

Khan of the great Ulus2

Our command:-

This is a version sent to the great Pope, that he may know and understand in the [Muslim] tongue, what has been written. The petition of the assembly held in the lands of the Emperor [for our support], has been heard from your emissaries.

If he reaches [you] with his own report, Thou, who art the great Pope, together with all the Princes, come in person to serve us. At that time I shall make known all the commands of the Yasa.

You have also said that supplication and prayer have been offered by you, that I might find a good entry into baptism. This prayer of thine I have not understood. Other words which thou hast sent me: “I am surprised that thou hast seized all the lands of the Magyar and the Christians. Tell us what their fault is.” These words of thine I have also not understood. The eternal God has slain and annihilated these lands and peoples, because they have neither adhered to Chingis Khan, nor to the Khagan3, both of whom have been sent to make known God’s command, nor to the command of God. Like thy words, they also were impudent, they were proud and they slew our messenger-emissaries. How could anybody seize or kill by his own power contrary to the command of God?

Though thou likewise sayest that I should become a trambling Nestorian Christian, worship god and be an ascetic, how knowest thou whom God absolves, in truth to whom He shows mercy? How dost thou know that such words as thou speakers are with God’s sanction? From the rising of the sun to its setting, all the lands have been made subject to me. Who could do this contrary to the command of God?

Now you should say with a sincere heart: “I will submit and serve you.” Thou thyself, at the head of all the Princes, come at once to serve and wait upon us! At that time I shall recognize your submission.

If you do not observe God’s command, and if you ignore my command, I shall know you as my enemy. Likewise I shall make you understand. If you do otherwise, God know what I know.

At the end of Jumada the second in the year 6444.

The seal

We, by the power of the eternal Tengri, universal Khan of the great Mongol Ulus-our command. If this reaches peoples who have made their submission, let them respect and stand in awe of it.

1 -Translated from the Persian
2 – Ulus is a large or small social group, here consisting of all the peoples under the supreme ruler as a community  
3 – Khagan is the supreme ruler
4 – The date at the end of the document corresponds to November A.D. 1246.

Tuesday 6 July 2010

Mining for sustenance

Уул уурхай буюу амин дэм

Монголд уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуур мөн, биш, даруй ашиглах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд өндөр хөгжилтэй улсын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг орлох шийдлүүдийг олох тал дээр идэвхтэй ажиллан захаасаа үр дүнгүүд гаргаад эхэлжээ. Өдөр ирэх тусам нөөц нь барагдаж буй байгалийн баялаг дээр түшиглэн ирээдүйн урт хугацааны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд хүндрэлтэй болсон тул өндөр хөгжилтэй орнууд ховор болон нөөц нь багасч тэр чинээгээрээ дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэж буй металууд болон бусад эрдэс бодисуудыг зохиомол аргаар гаргаж авах, эс бөгөөс ижил төстэй материалыг шинжлэх ухааны ололт дээрээ суурилан шинээр “үйлдвэрлэх” тал дээр өдөр шөнөгүй ажиллаж буй бололтой. Иймээс эдгээр улсуудын энэхүү үйл ажиллагааг А төлөвлөгөө гэж үзвэл хөгжиж буй улсуудаас тэр дундаас Монголоос уул уурхайн түүхий эд, бусад боловсруулсан бүтээгдэхүүн авах үйл ажиллагааг Б төлөвлөгөө нь гэж хэлж болохоор санагдав. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд Монгол шиг улсуудаас хэл ам болон байж уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн импортлох нь урт хугацааны туйлын зорилго нь биш бөгөөд харин богино болон дунд хугацааны асуудлаа түр шийдэх “запаас” стратеги нь гэж маргаж болохоор.  

Дэлхий дахинд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн салбарын амин дэм буюу витамин гэж нэрлэдэг аж. Тиймээс ч бизнес, улс төрийн хүрээнд талуудын хооронд нилээд өрсөлдөөн явагддаг тухай ЭНЭХҮҮ нийтлэлээр тэрлэж байжээ. Энэхүү витамин дутагдаж, байгаа нэгнийх нь үнэ нь дийлдэхгүй болж байгаа үед жишээ нь Япон улс индийг (indium) орлох хувилбарыг цайрын ислээр (zinc oxide) шийдээд байна. Энэхүү шийдэл нь үйлдвэрлэлийн түвшинд зардлыг 100 дахин багасгах боломжтойг эрдэмтэд амьдрал дээр батлаад байгаа юм билээ. Индийг хавтгай дэлгэц бүхий телевизор, гар утасны дэлгэц хийхэд зайлшгүй ашигладаг бөгөөд Япон улсын хувьд энэхүү түүхий эдийн тасралтгүй бөгөөд тогтвортой нийлүүлэлт ямар чухал нь ойлгомжтой буй заа. Хэдий олдоц нь харьцангүй элбэг ч гэсэн төмрийг орлох шийдлийг автомашины мотор үйлдвэрлэлийн салбарт Мицүбиши корпораци гаргаад зогсохгүй тоормоз гишгэх үед зарцуулагддаг энергийг автомашинд хэрэглэгдэх цахилгааны эх үүсвэр болгон хувиргах туршилтуудыг амжилттай хийгээд байна. Энэ шийдлийг Тоёотагийн Приус-тэй цогцоор нь хамтатгавал ирээдүйд нефтийн эрэлт нилээд буурахыг үгүйсгэхгүй. Японы эрдэмтэд төмрийн хувьд молекулын түвшинд өөрчлөлтийг хийж байгаа гэж “The Nikkei Weekly сэтгүүл дээр дурджээ. Хэрэв үүнийг масс үйлдвэрлэлд ашиглавал автомашины үйлдвэрлэлийн зардал даруй 20%-р буурах боломжтой гэж тооцогдож байна. Бид, бид ч юу байх вэ дарга нар, зарим нэг эх оронч нар Оюу Толгойн зэсийн орд дээр маргалдаж байх хооронд нанотехнологийг ашиглан зэсээс хамаагүй илүүтэйгээр цахилгаан дамжуулдаг материалыг үйлдвэрлэн гаргах боломжууд аль хэдийн амьдрал дээр нээгдсэн байна. Тэр бүү хэл тун удахгүй цагаан алтыг ч бүх төрлийн үйлдвэрлэлийн түвшинд катализаторын үүргээс чөлөөлөн шинэ орлох бодис бий болгох болно гэж Японы их сургуулийн эрдэм шинжилгээний багууд ээлж дарааллан мэдэгдэж, эхний туршилтуудаа амжилттай хийгээд байна.

Монгол улсын байгалийн баялгийг хэрэглэгч томоохон улсууд нь (эрэлт болон тээврийн нөхцлийг харгалзвал) Оросыг эс тооцвол Азийн улсуудаас Хятад, Өмнөд Солонгос, цаашилбал Япон улс байх боломжтой. Гэтэл энэ оны 4 сард “Зүүн хойд Азийн улсуудын гурван талт форум”-ийг эдгээр гурван улс зохион байгуулан хоорондоо уулзаж эдийн засгийнхаа өсөлтийг хүрээлэн буй орчны тогтвортой хөгжилтэй баланслуулахаар албан ёсоор хоорондоо тохирч байгаль орчинд халгүй технологийг бүхий салбартаа нэгдсэн нэг стандартаар эрчимтэйгээр хэрэглэж эхлэхээр тохиролцсон байх юм. Эдгээр үйл ажиллагаагаа улс бүр мөнгө болон санхүүгийн бодлогоор стратегийн түвшинд дэмжин ажиллахаар үгсэн нэгджээ. Тэгэхээр 10-30 жилийн дараа Таван Толгойн нүүрс Хятадад борлогдох, эс борлогдох асуудал ч үүсэж болохоор байгаа бус уу. Хэрэв энэ асуудлыг эрсдэл гэж үзвэл "Yes, We Khan" гэж цоллуулаад байгаа бидний хэдэн Монголчууд дэлхийн зах зээлээс гуяа ганзаглаад буцах аюул ойрхон байж болохоор. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сүүлийн гурван жилийн турш Хятад улс нийт нэг мянга гаруй нүүрс галлан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудаа хаагаад байгаа төдийгүй салхин эрчим хүч буюу байгальд ээлтэй технологийн хэрэглээгээр дэлхийд толгой цохиж эхэлж буйг эндээс дэлгэрүүлж үзнэ үү.

Энэ бүхнээс юу гэж дүгнэж болохоор байна вэ гэвэл дэлхийн гол хэрэглэгч нар байгалийн шавхагдах баялаг дээр суурилан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах биш харин ч эсрэгээр буюу Нэгт, бидний эргэн тойронд элбэг байдаг бодис, материалуудыг ашиглан энгийн бус аргаар байгалийн түүний эдийг орлох шийдлүүдийг олох; Хоёрт,  байгаль орчинд халгүй, “ногоон” үйлдвэрлэл, бизнесийг улс орныхоо бүхий л түвшинд дэмжин ажиллах хандлаганд аль хэдийн орсон байна. Өнөөдөр бид бүхний ам уралдан ярьж буй нөөц нь хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх ордууд маань хэдэн жилийн дараа энэхүү үнэ цэнээ хадгалж чадах уу гэсэн сонирхолтой асуулт зүй ёсоор гарч ирж байна. The time is no problem but timing is the problem буюу ”Цаг хугацаа бол асуудал биш харин цаг хугацааны сонголтоо зөв хийж чадах эсэх нь асуудал” гэсэн үгээр энэхүү бичлэгийг жаргаахыг хүсэв.

Friday 2 July 2010

Gisele suggests that…

Жизель зөвлөж байна…

Ойрмогхон нэг өдөр вагонд сууж явангаа сонин гарчиглаж суутал дэлхийн хамгийн алдартай бөгөөд баян загвар өмсөгч нарын нэг Жизель Бундхен тун эрэмгий уриалгыг өөрийн блогоороо дамжуулан дэлхий нийтэд цацсан байв. Энэхүү үзэсгэлэнт бүсгүй маань байгаль орчин хамгаалах хөдөлгөөний идэвхтэй гишүүн агаад чухам энэхүү зорилгоороо хүмүүсийг шүршүүрт орж байхдаа хөнгөнөөр бие засч байхыг уриалсан байна. Чухам ингэж чадвал хүн бүр нижгээд жилд 4,000 литр ус хэмнэж, тэр чинээгээрээ эх дэлхийгээ хамгаалах үйлст жинтэй хувь нэмэр оруулах болно гэжээ. 180 сая америк долларын хөрөнгөтэй 29 настай энэхүү бүсгүйн зоримог бөгөөд “логиктой” уриалга ихэд таалагдсан бөлгөө.