Tuesday, 6 July 2010

Mining for sustenance

Views

Уул уурхай буюу амин дэм

Монголд уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуур мөн, биш, даруй ашиглах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд өндөр хөгжилтэй улсын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг орлох шийдлүүдийг олох тал дээр идэвхтэй ажиллан захаасаа үр дүнгүүд гаргаад эхэлжээ. Өдөр ирэх тусам нөөц нь барагдаж буй байгалийн баялаг дээр түшиглэн ирээдүйн урт хугацааны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд хүндрэлтэй болсон тул өндөр хөгжилтэй орнууд ховор болон нөөц нь багасч тэр чинээгээрээ дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэж буй металууд болон бусад эрдэс бодисуудыг зохиомол аргаар гаргаж авах, эс бөгөөс ижил төстэй материалыг шинжлэх ухааны ололт дээрээ суурилан шинээр “үйлдвэрлэх” тал дээр өдөр шөнөгүй ажиллаж буй бололтой. Иймээс эдгээр улсуудын энэхүү үйл ажиллагааг А төлөвлөгөө гэж үзвэл хөгжиж буй улсуудаас тэр дундаас Монголоос уул уурхайн түүхий эд, бусад боловсруулсан бүтээгдэхүүн авах үйл ажиллагааг Б төлөвлөгөө нь гэж хэлж болохоор санагдав. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд Монгол шиг улсуудаас хэл ам болон байж уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн импортлох нь урт хугацааны туйлын зорилго нь биш бөгөөд харин богино болон дунд хугацааны асуудлаа түр шийдэх “запаас” стратеги нь гэж маргаж болохоор.  

Дэлхий дахинд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн салбарын амин дэм буюу витамин гэж нэрлэдэг аж. Тиймээс ч бизнес, улс төрийн хүрээнд талуудын хооронд нилээд өрсөлдөөн явагддаг тухай ЭНЭХҮҮ нийтлэлээр тэрлэж байжээ. Энэхүү витамин дутагдаж, байгаа нэгнийх нь үнэ нь дийлдэхгүй болж байгаа үед жишээ нь Япон улс индийг (indium) орлох хувилбарыг цайрын ислээр (zinc oxide) шийдээд байна. Энэхүү шийдэл нь үйлдвэрлэлийн түвшинд зардлыг 100 дахин багасгах боломжтойг эрдэмтэд амьдрал дээр батлаад байгаа юм билээ. Индийг хавтгай дэлгэц бүхий телевизор, гар утасны дэлгэц хийхэд зайлшгүй ашигладаг бөгөөд Япон улсын хувьд энэхүү түүхий эдийн тасралтгүй бөгөөд тогтвортой нийлүүлэлт ямар чухал нь ойлгомжтой буй заа. Хэдий олдоц нь харьцангүй элбэг ч гэсэн төмрийг орлох шийдлийг автомашины мотор үйлдвэрлэлийн салбарт Мицүбиши корпораци гаргаад зогсохгүй тоормоз гишгэх үед зарцуулагддаг энергийг автомашинд хэрэглэгдэх цахилгааны эх үүсвэр болгон хувиргах туршилтуудыг амжилттай хийгээд байна. Энэ шийдлийг Тоёотагийн Приус-тэй цогцоор нь хамтатгавал ирээдүйд нефтийн эрэлт нилээд буурахыг үгүйсгэхгүй. Японы эрдэмтэд төмрийн хувьд молекулын түвшинд өөрчлөлтийг хийж байгаа гэж “The Nikkei Weekly сэтгүүл дээр дурджээ. Хэрэв үүнийг масс үйлдвэрлэлд ашиглавал автомашины үйлдвэрлэлийн зардал даруй 20%-р буурах боломжтой гэж тооцогдож байна. Бид, бид ч юу байх вэ дарга нар, зарим нэг эх оронч нар Оюу Толгойн зэсийн орд дээр маргалдаж байх хооронд нанотехнологийг ашиглан зэсээс хамаагүй илүүтэйгээр цахилгаан дамжуулдаг материалыг үйлдвэрлэн гаргах боломжууд аль хэдийн амьдрал дээр нээгдсэн байна. Тэр бүү хэл тун удахгүй цагаан алтыг ч бүх төрлийн үйлдвэрлэлийн түвшинд катализаторын үүргээс чөлөөлөн шинэ орлох бодис бий болгох болно гэж Японы их сургуулийн эрдэм шинжилгээний багууд ээлж дарааллан мэдэгдэж, эхний туршилтуудаа амжилттай хийгээд байна.

Монгол улсын байгалийн баялгийг хэрэглэгч томоохон улсууд нь (эрэлт болон тээврийн нөхцлийг харгалзвал) Оросыг эс тооцвол Азийн улсуудаас Хятад, Өмнөд Солонгос, цаашилбал Япон улс байх боломжтой. Гэтэл энэ оны 4 сард “Зүүн хойд Азийн улсуудын гурван талт форум”-ийг эдгээр гурван улс зохион байгуулан хоорондоо уулзаж эдийн засгийнхаа өсөлтийг хүрээлэн буй орчны тогтвортой хөгжилтэй баланслуулахаар албан ёсоор хоорондоо тохирч байгаль орчинд халгүй технологийг бүхий салбартаа нэгдсэн нэг стандартаар эрчимтэйгээр хэрэглэж эхлэхээр тохиролцсон байх юм. Эдгээр үйл ажиллагаагаа улс бүр мөнгө болон санхүүгийн бодлогоор стратегийн түвшинд дэмжин ажиллахаар үгсэн нэгджээ. Тэгэхээр 10-30 жилийн дараа Таван Толгойн нүүрс Хятадад борлогдох, эс борлогдох асуудал ч үүсэж болохоор байгаа бус уу. Хэрэв энэ асуудлыг эрсдэл гэж үзвэл "Yes, We Khan" гэж цоллуулаад байгаа бидний хэдэн Монголчууд дэлхийн зах зээлээс гуяа ганзаглаад буцах аюул ойрхон байж болохоор. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сүүлийн гурван жилийн турш Хятад улс нийт нэг мянга гаруй нүүрс галлан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудаа хаагаад байгаа төдийгүй салхин эрчим хүч буюу байгальд ээлтэй технологийн хэрэглээгээр дэлхийд толгой цохиж эхэлж буйг эндээс дэлгэрүүлж үзнэ үү.

Энэ бүхнээс юу гэж дүгнэж болохоор байна вэ гэвэл дэлхийн гол хэрэглэгч нар байгалийн шавхагдах баялаг дээр суурилан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах биш харин ч эсрэгээр буюу Нэгт, бидний эргэн тойронд элбэг байдаг бодис, материалуудыг ашиглан энгийн бус аргаар байгалийн түүний эдийг орлох шийдлүүдийг олох; Хоёрт,  байгаль орчинд халгүй, “ногоон” үйлдвэрлэл, бизнесийг улс орныхоо бүхий л түвшинд дэмжин ажиллах хандлаганд аль хэдийн орсон байна. Өнөөдөр бид бүхний ам уралдан ярьж буй нөөц нь хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх ордууд маань хэдэн жилийн дараа энэхүү үнэ цэнээ хадгалж чадах уу гэсэн сонирхолтой асуулт зүй ёсоор гарч ирж байна. The time is no problem but timing is the problem буюу ”Цаг хугацаа бол асуудал биш харин цаг хугацааны сонголтоо зөв хийж чадах эсэх нь асуудал” гэсэн үгээр энэхүү бичлэгийг жаргаахыг хүсэв.

6 comments:

Ochkoo said...

Тэгвэл газраа ухах гэж уралдаж байснаас, тэр нанотехнологи гэх мэт өндөр технологи, байгаль орчинд халгүй бодлоготой нь зэрэгцээд эсвэл угтаад явж болдоггүй юм байх даа

Solar Sky said...

тэр болж байтал мөдгүй байхаа. Нэг худалдаачны тухай эндэхийн драм байдын. Дээх нь үед нөгөө хүн орхоодойг тодорхой хугацаатай Хятадад аваачиж зардаг байж л дээ. Ер нь Гуулин улсын худалдаачдын гадаад худалдаанаас хамгийн их ашиг олдог салбар нь тэр байсан байгаа юм. Нэг удаа Хятадад очсон чинь нөхдүүд бид нар наадахыг чинь яг адилхан орчинд ургуулаад эхэлчихсэн тэгэхээр тэндээс гарч байгаагаас бага үнээр л авбал авна гээд хөөрхий халиуны зулзага шиг нөхдүүд яахаа мэдэхгүй байхад нь манай гол дүрийн нөхөр бусад пүүсүүдээсээ 20 хувь илүү үнээр худалдаад авчихна. Нөгөө хэд нь ч угаасаа энэ галзуу болчихож чанар нь хүртэл адилхан хүн орхоодой аль хэдийнэ ургаж байхад энэ галзуу гэж байлаа. Тэгсэн нөхрийн тагнуулын мэдлэг сайн байсны хүчинд Гуулин улсынхаа тэргүүний баян болдог түүх. Яасан гэсэ? Хятадууд үнэхээр гаднаас үнэтэй олддог тэр хүн орхоодойг яг адилхан орчин бүрдүүлж ургуулсан ч жинхэнээсээ илүү гарч чадахгүй байсанд байгаа юм.

Тэгэхээр нүүрс гэх мэтийн хувьд аль хэдийнэ шалгараад боловсруулах технологи нь хаана л бол хаана байж байдаг эд болчихсон. Харин тэр шинэ юмнууд ямар бол гэдэг эргэлзээтэй. Дор хаяж 20 30 жил болж байж зах зээл рүү ороод зэс, нүүрсний залгамжийг автал дахиад 20 30 жил болох болов уу. Гэхдээ миний л бодол.

Koyuki said...

Япон 2015 он гэхэд бүх машиныхаа 15 хувийг нарны батарейгаар ажилладаг болгоно гэж байгаа. Манай улс гялс энэ завшааныг ашиглаад японтой хамтраад батарейн үйлдвэр байгуулбал тун ашигтай байхдаа. Би өөрөө Copper indium gallium selenide solar cell судалж байгаа юм. Зэс бол мэдээж монголд байгаа. Харин бусад индий гэх мэт ховор металлын нөөц монголд хир байдаг болон хаанаас ийм мэдээлэл олж болох талаар мэддэг хүн байвал коммент дээр үлдээнэ үү? Баярлалаа.

Anonymous said...

Энэ санааг нэг биш хүн Монголд яриад л бгаан.
Бодох л асуудал, зөв шийдэлдээ цаг алдалгүй хүрэх хэрэгтэй.

Frank said...

Байгаагаа зөөж дуусгаад баялаггүй үлдсэн хойнноо бага ч гэсэн ухаалаг байгаасай.

Anonymous said...

Odoo yur n huvantsar ba keramikeer buh materialiig orluulj hamaagui buh esvel hamaagui sain tsahilgaan damjuulaltai tehnologi gargah sudalgaa mash erchimjisen bur amerikiin neg kompani narnii erchim huchiig huraadag huvantsar hurtel buteesen baisan. Bidnii ogt duulaagui shahuu eh uusverees tsahilgaan gargah tiim tehnologi bas anu-d duuldaad baigaa. Ooroor helbel manai nuurs evgui boloh handlaga ajiglagdaad baigaa.