Wednesday 31 July 2013

Reglobalization?!

Дахин даяарчлал?!

Дэлхийн эдийн засгийн форум, Олон улсын санхүүгийн корпораци, Маккинсей компани хамтран уул уурхай, металын зах зээлийн төлөв байдлын судалгаа, таамаглал, төсөөллийг 2030 он хүртэл харж хийжээ. Уг судалгаа, дүгнэлтийг гаргахдаа бизнес, төр, эрдэм шинжилгээ, судалгаа, их дээд сургууль, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд дахь дэлхийн топ гэгдэх 200 лидерүүдийг оролцуулсан бөгөөд 2009-2010 оны хооронд 1 жилийн хугацанд хийсэн байна. Ингэхдээ бүс нутаг тус болгонд уулзалт, ярилцлага, судалгаанууд хийсэн бөгөөд жишээ нь Лондон, Вашингтон, Рио Де Жанейро, Давос, Женев, Дубай, Кэйп таун, Тяньжин, Манила хотуудад семинаруудыг зохион байгуулжээ.

Их сонирхолтой баримт, төсөөллүүдийг дэлгэж тавьсан байна. Юуны түрүүнд байгаль орчин гэдэг бол хамгийн түрүүнд уул уурхайн бизнес баримтлах стандарт нь байх бөгөөд Green Trade Alliance нэгдэлд орсон улс ба оруугүй улс гэдэг 2 бүлэгт дэлхийн бүх улсууд 2030 гэхэд хуваагдах аж. Энэ бүлэгт голцуу аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнууд багтахаас гадна байгалийн баялагаар элбэг бөгөөд хөгжиж буй улсууд ч орох аж. Энэ нэгдэлд орсон улсууд хооронд худалдаа ба арилжааны хөнгөлөлттэй нөхцлүүд эдлэгдэх ба энэ нэгдлийн гадуур буй улсуудтай хийх худалдаанд янз бүрийн тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхлэнэ.
Дараагийн нэг гол концепц бол хуучин эрх мэдэл гэдэг зүйл мөнгө, хөрөнгө дагаж ирдэг байсан бол 2030 он гэхэд байгалийн баялаг дагаж мөнгө хөдөлдөг болох нь. Үүнийг дагаад улс орнуудын иргэний нийгмийн үүрэг оролцоо асар өндөр болох бөгөөд иргэний нийгэм том компаниудын стратеги бодлогод хүчтэй нөлөөлдөг болохоор аж. 2030 гэхэд өндөр хэрэглээ, худалдан авалт бүхий Европын холбоо, Хойд Америк, Хятад, Бразил, Энэтхэг зэрэг улсууд дэлхийн эдийн засгийн хүчийг атгасан хэвээр байх боловч байгалийн баялаг бүхий улсуудгүйгээр дангаараа эдгээр улсууд даяар шийдвэр гаргаж чадахгүй түвшинд очно гэжээ.

Хамгийн сонирхолтой үзэл санаа нь 2030 он гэхэд даяарчлалын эрин үе аль хэдийн дуусгавар болчихсон байна гэх. Одооноос эхлээд улс орнууд бие биеэсээ хэт хамааралгүй байхыг зорих бөгөөд өөрөөр хэлбэл “амь амиа” бодож эхлэнэ. 2030 он гэхэд дэлхийн улсууд дотоод нөөц, байгалийн баялаг дээрээ тулгуурлан картелиуд байгуулж эхлэх ба ингэхдээ бүс нутгаараа нэгдэх, эсвэл ашиг сонирхол, үзэл суртлаараа нийлэх процесууд явагдаж эхэлнэ. Үүний гол зорилго нь аж үйлдвэржсэн улсуудын эдийн засгийн хүчийг блоклох, нео колончлолын эсрэг үйл ажиллагаа ба импортын бүтээгдэхүүний хараат байдлаас гарахгүй юм аа гэхэд тэнцвэржүүлэх гол бодлого байх юм. Өөрөөр хэлбэл 2030 гэхэд байгалийн арвин баялаг бүхий хөгжиж буй улсуудын хувьд бизнес ба зах зээл дээр нь төрийн шууд оролцоо асар их нэмэгдэж, хил дамнасан бүтээгдэхүүн, хүний нөөц, мөнгөний урсгал одооныхоос эрс хязгаарлагдмал болно гэж судлаачид дүгнэж байна.

Байгаль орчны асуудал, байгалийн баялаг ашиглах, эс ашиглах асуудлаас болж улс орнууд хооронд нилээд зөрчил үүсэх ба дэлхийн худалдааны байгууллага (WTO) маань даацтай худалдааны байгууллага буюу Sustainable Trade Organization (STO)-р солигдоно. Мөн 2030 оны үед дэлхийн эдийн засгийн өсөлт жилд 2% орчим байх ба дэлхийн улс орнуудын хөгжлийн хэмжүүр дээр ДНБ-ээс гадна хүрээлэн буй орчин, тулхтай хөгжил ба нийгмийн бусад үзүүлэлтүүд давхар тооцогдож явдаг болох нь ээ. Түүнчлэн улс орнууд мөнхийн хөрш гэж ярьдагчлан газарзүйн байршлаараа хоорондоо нэгдэж хамтардаг байсан бол тун удахгүй газарзүйн байрлалаас үл хамааран үзэл суртал, үнэт зүйлсээрээ нэгдэн хамтрах аж.

Судалгаанаас харахад байгалийн баялаг, эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөөн, эрэлт хэрэгцээний үндсэн шалтгаан нь хотжилт гэж хэлж болохоор байна. Жишээ нь 2000 онд дэлхийн нийт хүн амын 46,6% нь суурин газарт амьдардаг байсан бол 2010 онд 50,6% болж, 2050 онд 69,6% болохоор байна. Энэ нь тухайн улс орон, хотын хувьд дэд бүтцийн асар том дарамт үүсгэх нь мэдээж. Суурийн амьдралын гол өртөг бол дэд бүтэц ба үүнийг байгуулах үндсэн материал нь байгалийн баялаг болж таарах нь. Дэлхийн статистик мэдээллээс харахад дэлхийн хотуудын хүн ам 45 жилийн дотор 2 дахин нэмэгдэж байна. Жишээ нь, жил бүр 60-80 сая хүмүүс хот руу шилжиж байгаа нь жил бүр бүхэл бүтэн Герман эсвэл Францын хүн амтай тэнцэх хүмүүс хотын иргэд болж байгаа хэрэг юм. Дээр дурдсанчлан хотын хамгийн том өртөг бол дэд бүтэц ба үүнд шаардагдах үндсэн материалууд нь байгалийн баялаг.

Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн газрын зургийг гаргавал: Хойд Америк алмааз, Өмнөд Америк зэс, Евро бүс мөн алмааз, Африк цагаан алт, Ази нүүрс, Австрали номхон далайн орнууд төмрийн хүдрээр дэлхийн зах зээлийг барьж байна. Дэлхийн топ 10 орд бараг бүгд шахуу хөгжиж буй улсуудын газар нутаг дээр байна.

Гео эдийн засаг гэсэн ойлголт сүүлийн үед багагүй яригдаж байгаа. Үүнтэй холбоотой дараах хэдэн асуултанд судлаачид дараах хариулт, таамаглал, төсөөллийг өгсөн байх юм. Үүнд:

Ирээдүйд Ази тив гео эдийн засгийн үндсэн төв байх уу, эсвэл дэлхий даяар жигд байрших уу?

Эдийн засгийн хүч баруунаас зүүн тийш шилжиж байгаа нь үнэн. Ялангуяа Хятад руу. Гэхдээ 20 жилийн дараа яг ямар байх вэ гэдэг дээр Хятад улс гэж 100% итгэлтэй хэлэхэд хэцүү.

Хил дамнасан нөөц, капитал, мөнгөний урсгал ирээдүйд улам чөлөөтэй болох уу, эсвэл эсрэгээрээ одооныхоос хязгаарлагдмал болох уу?

Хил дамнасан урсгал гэдэгт ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөц, эд хөрөнгө, технологи, оюуны бүтээлүүд орно. Сүүлийн 10-аад жилд хил дамнасан урсгал асар чөлөөтэй байсан бол ирэх жилүүдэд улс орнууд тус бүрдээ хамгаалалтын бодлогуудыг нилээд өндөр түвшинд ярьж эхлээд байна.

Чөлөөт зах зээл оршин тогтнох уу, эсвэл төвлөрсөн буюу төрийн шууд оролцоо давамгайлах уу?

2030 он хүртэлх таамаглалыг харахад засгийн газрууд шууд зах зээлд оролцон бүгдийг зохицуулах эсэх нь тун эргэлзээтэй. Глобал түвшинд ч гэсэн чөлөөт зах зээл баттай орших уу, эсвэл төрийн шууд удирдлага бүхий схем ноёлох уу гэдгийг шууд хэлэхэд их төвөгтэй.

Гео улс төрийн байдал ирээдүйд тогтвортой байж чадах эсэх?

Гео улс төрийн тогтвортой байдал нь зөвхөн дайн байлдаанаар хэмжигдэх ёсгүй. Үүнээс гадна улс төрийн шийдвэр гаргалт ба тоглоомын дүрэм зохиолт ба хэрэгжүүлэлтээс шууд хамаарна. Үүнд улс орнуудын гадаад бодлого, худалдааны дүрэм, үзэл суртал, философи хүртэл орно.

Иргэний нийгэм нь хүчтэй болохын хирээр тухайн улс бусад улсын өмнө өөртөө итгэлтэй бол мөнхийн хөршүүдээ давж харьцан, гуравдагч ба дөрөвдөгч хөршүүдтэй стратегийн харилцаанд орж эхэлдэг практик Өмнөд Америк ба АНУ, Монгол ба Хятад, ОХУ ба хуучин ЗХУ-ын харъяанд байсан станууд хооронд нийтлэг харагдаж байна.

2010-2030 оны хүртэлх дэлхийн байгалийн баялагийн удирлдага, аюулгүй байдлын талаар судлаачид дараах баримт, таамаглалуудыг дэвшүүлж байна. Хамгийн гол зүйл нь даяарчлал гэдэг зүйл төгсгөл болсон гэж маргаж байх юм. Бүр даяарчлал 1989 онд төрөөд 2011 онд таалал төгссөн гэж мэтгэлцэж байна. Чөлөөт худалдаа, зах зээлийн сонгодог онол нь уул уурхайгаас бусад салбар дээр хэрэгжээд, уул уурхайн хувьд төрийн шууд оролцоо ирээдүйд ноёлох болно гэх. Хөгжингүй орнуудын цэрэг ба эдийн засгийн хүчийг одоо үед хүмүүнлэг ба бүс нутгийн хөгжил гэж “утгачлан орчуулах” ёстой ч гэж маргаж байна.
Өөрөөр хэлбэл Бразил, Энэтхэг, Хятад улсууд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчид тооцогдох ба эдгээр улсуудыг тогтвортой бөгөөд байнгын өсөлттэй эдийн засгийг бий болгож барихийн тулд байгалийн баялагийг өөрийн эзэмшил, хяналтанд байлгах зайлшгүй шаардлага үүсэхээр ажээ.

Гео эдийн засаг ба гео улс төрийн хүрээнд дараах 4 стратеги, хувилбарыг судлаачид хэлж байна.

Картелийн стратеги. Энэ бол төр улсуудын хоорондын картель бөгөөд зорилго нь өөрсдийнх нь газар нутаг дээр дотоодын хэрэгцээнээс нь илүү их хэмжээтэй байгаа байгалийн баялагийн удирдлагад шууд оролцоход чиглэнэ. Илрэл нь өөрийн улсаас гаргах байгалийн баялаг дээрээ хатуу хяналт тавьж, өндөр экспортын татвар ногдуулж, эсвэл байгалийн баялагтай улсууд нийлэн нэгдэл байгуулж зарах буюу экспортын үнэ дээрээ шийдвэр гаргагч байхыг оролдоно.

Нөөцлөх стратеги. Энэ бол дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй буй улсуудын стратеги юм. Энэ тохиолдолд төр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж хориглох, эсвэл асар өндөр татвар тогтоох, эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь үлдэгдэл гарвал экспортонд гаргах гэсэн ач холбогдлын эрэмбүүдийг тогтоодог.

Колонийн стратеги. Энэ улс хангалттай байгалийн баялаггүй төр улсуудын баримтлах стратеги юм. Гол илрэл нь тухайн улс өөрийн эдийн засаг, улс төр, зэвсэгт хүчинг ашиглан хилийн чанадаас байгалийн баялаг оруулж ирэх юм.

Орлуулах стратги. Аж үйлдвэр, шинжлэх ухааны нилээд ахисан түвшинд гарсан улсууд хэрэглэх бөгөөд бусад улсууд худалдааны асуудалтай буй улсуудын хувьд ч нийтлэг сонголт нь байдаг. Зарим улсуудын хувьд энэ стратеги нь цорын ганц сонголт байдаг бөгөөд учир нь эдгээр улсууд бусдаас байгалийн баялаг худалдан авах чадваргүй, боломжгүй улсууд байдаг. Харин зарим улсуудын хувьд бусдаас хамааралгүй байхын тулд, эсвэл үзэл суртал дээрээ дулдуйдан энэхүү оруулах стратегийг сонгодог.

Нилээд экстрем таамаглалуудыг дурдвал: Жишээ нь, ОХУ, Иран, Катар 3 нийлээд байгалийн хийн картель байгуулж, Европын холбоонд дарамт үзүүлэх ба бүр “Байгалийн хий экспортлогч улсуудын холбоо”-г ч байгуулах боломжтой. Мөн Хятадын шинэ удирдлага “Хятадын баялаг зөвхөн Хятад улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө зориулагдана” гээд ажилаж эхэлбэл энэ дэлхий дээр юу болох бол?

Хамгийн ойрын хамгийн том эрсдэл нь хөгжиж буй орнуудын хувьд популист улстөрчид нь соёл ба үзэл суртлаар зэвсэглэсэн бизнесмэн болж хувирах юм. Эрэлт ба нийлүүлэлт дээр суурилан тогтдог үнийг төр буюу улстөрчид оролцон механикаар удирдаад эхлэхээр уул уурхайн үнийн хэлбэлзлэлийг таамаглах бараг боломжгүй болно. Жишээ нь, Бразил, Эквадор, Болив, Перу, Венесуэл, Куба улсууд нийлэн нэгдэл байгуулж, байгалийн бүх баялагаа нэг сан болгож, зөвхөн өөрсдийн эдийн засгаа хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд ашиглана, илүү гарч буйг нь асар өндөр татварын дор экспортолж АНУ, Хятад, Европын холбооны эсрэг босох боломж онолын хувьд бий.

Африк тивийг ядуурал, баялагийн хараалын сонгодог жишээгээр их олон судлаачид авч үздэг. Африк тивийг хуучин колончилж байсан улсууд болон байгалийн баялагийг нь ашиглах гэсэн хөгжиж буй улсуудын хооронд томоохон өрсөлдөөн аль хэдийн өрнөөд эхэлжээ. Ялангуяа Хятад улс бол Африк тивд үндсэндээ ёстой “цусыг нь хольж” өгч байна. Зарим судлаачид ба бизнесмэнүүд харин ч хэн ч тоохгүй орхигдоод байсан хар тивийг олон улс, хөрөнгө оруулагч нарын анхааралд оруулж байна гэж эерэгээр харж байхад зарим нь яг эсрэгээр дүгнэж буй. Эерэг талаас нь харвал гадаадын хөрөнгө оруулалт цутгаснаар тус тив түүхэндээ анх удаагаа эдийн засгийн өндөр өсөлт үзүүлэх боломжтой ба нийтийн тээвэр, дэд бүтэц, инженерийн байгууламж зэрэг салбар дээр огцом хөгжлийг бодитой нааж чадна. Мөн үүнийгээ дагаад экспортын бүтээгдэхүүний тоо ба хэмжээ нь эрс өсч, мөнгөний дотогшлох урсгал эрс нэмэгдэнэ. Гэвч нөгөө талдаа нийгэм ба байгаль орчны үзүүлэлтүүд хэвээр байхын сацуу зарим үзүүлэлт нь өмнөхөөсөө бүр муудна. Бага цалинтай, ур чадвар шаардахгүй ажлын байр бараг стандарт болох бөгөөд мэргэжил ба мэргэшлийн нарийн ур чадвар шаардагдах өндөр цалинтай ажлын байруудыг гадаад улсуудаас импортолсон мэргэжилтнүүдээр дүүргэсэн хэвээр байна. Африк тивийн ерөнхий боловсрол, хүний нөөцийн ур чадварын үзүүлэлт, стандартад олигтой ахиц бараг гарахгүй. Эрүүл мэндийн салбар хамгийн сул хөгжилтэй салбарын нэг хэвээр үлдсэн ба халдварт өвчингүүд болох хумхаа, ДОХ, нярайн эндэгдлийн хувь хэвээр байх төдийгүй аажим өсөх хандлагатай байна. Уул уурхайн олборлох салбарын хувьд дотоодын ажилчдын хувьд хөдөлмөр, аюулгүй байдлын стандарт нийтлэг хэмжээгээр муу хэвээр ба цэвэр усны дутагдал, хөрс ба агаарын бохирдол, хүний эрхийн зөрчил түгээмэл анзаарагдсаар л байх. Үүнийг нео колончлол гэх бөгөөд улс төрчид маань ноён нуруу, алсын хараатай байж, өөрөөсөө бусдыг хааяа ч гэсэн анзаарч харж хайхарч байхгүй бол тун удахгүй Африк тивийн дараа дурдагдах жишээ болоход ойрхон байж болох бодит эрсдэл нүдэн дээр харагдаж байна.

Ирээдүйд мөнгөтэй улсууд байгалийн баялагтай улсуудын газрыг худалдан авах, түрээслэх үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд үүнийгээ элдэв янзын хөгжлийн хөтөлбөр, гадаад бодлого, буцалтгүй тусламж, өр хаах, зуучлал үзүүлэх зэргээр халхавчлан хийдэг практик элбэг бөлгөө. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, тухайн улсыг эрсдэл, аюулд орсон нөхцөлд цэрэг зэвсгийн хүчээр хамгаална гэсэн гэрээ хийж, үнэхээр ч шаардлагатай гэвэл дайн хийдэг бөгөөд чухам энэ л шалтгаанаар дэлхий даяар зэр зэвсэг, цэрэг, армид зарцуулж буй хөрөнгө оруулалт, мөнгө жилээс жилд нэмэгдэж байна. Энэ тоо ялангуяа сүүлийн 20 жилд мэдэгдэхүйц өсөлттэй байгаа ажгуу.

Эдийн засгийн өсөлт царцсан үед хүмүүс хийх ажилгүй, орлогогүй, мөнгөгүй болно. Хийх ажилгүй хүмүүс үндсэндээ цаг нөгцөөхийн тулд асуудал, алдаа, болохгүй юм болгоныг хайж, гаргаж ирэх нь түгээмэл ажээ. Гэвч харамсалтай нь олж, бий болгосон асуудлаа хэзээ ч шийдэж чаддаггүй. Хил дамнасан худалдаа, арилжааг зогсоож царцааснаар эдийн засгийн өсөлтийг нам цохиж буй хэрэг юм. Хятад мэтийн хангалттай том дотоод зах зээлтэй улсуудын хувьд энэ нь мэдээж өөр хэрэг билээ.

Дээр дурдсанчлан даяарчлалын эрин үе дуусгавар болсон гэж буй судлаачид дахин даяарчлалын (reglobalization) эрин үе эхэлж байна гэж ярьж эхэлжээ. Барууны эдийн засгийн философи дээр 100% суурилсан капиталист схем хил хязгааргүй дэлхий даяар ноёлож, үр дүн дэлхийн хүн амын 1/3-с илүү хувь нь нэн ядуу амьдарч, баялаг, бүтээмжийн шударга бус хуваарилалт, жигд бус зарцуулалт хийгдэж, үүний хариуцлагыг эцсийн дүндээ хувийн хэвшил, төрийн аль нь хүлээхээргүй болжээ. Иймээс концепц, үзэл баримтлал, үнэт зүйлс, философио дахин сайн эргэж харж, эцсийн дүндээ дахин даяарчлал гэдэг нэр томъёон дор төрийн оролцоо, улс төрийн шийдвэр гаргалт бүхий хувилбарыг стратегичид судлаачид гаргаж ирсэн байна. Гэхдээ л дахин даяарчлал үнэхээр бодит амьдрал дээр шууд хэрэгжих үү гэвэл бас л том асуултын тэмдэг! Жишээ нь арктикийн бүс нутагт буй алмааз, байгалийн хий, газрын тос, загас, далайн замуудыг ашиглахын тулд ОХУ, АНУ, Канад, Грийнланд, Норвеги улсууд хүссэн хүсээгүй хамтран ажиллах л болно. Өөрөөр хэлбэл энэ хамтын ажиллагаа дахин даяарчлал бус даяарчлалын схем дор л амжилттай хэрэгжих боломжтой ажгуу.

Миний дээр бичиж байсан энэхүү бичвэрт Crony Capitalism гэдэг талаар цухас дурдсан байгаа. Үнэндээ дахин даяарчлалын буруу хэлбэр нь крони капитализм гэж харагдахаар ч юм шиг. Хутгыг яаж ашиглахаас хамааран нэг бол тогооч нэг бол алуурчин болохтой агаар нэгэн мэт. Саяханыг хүртэл Индонез улсын нийт компаниудын нийт хөрөнгийн 17%-ийг нэг гэр бүл дангаараа эзэмшиж байсан. Цаашилбал Индонез, Филиппин, Тайланд улсуудад арван гэр бүл л тухайн улсын компаниудад харъяалагдаж буй нийт хөрөнгийн талыг нь, Хонг Конг ба Солонгос улсуудад 1/3-ийг мөн л арван гэр бүл хянаж байсан жишээтэй. Гэвч улс орны ерөнхий эдийн засаг өсч дээшлэхийн хирээр ганц хүний эсвэл гэр бүлийн гарт байсан компаниудын хувь эзэмшил, хяналт аажим багасч буй статистик буй. Тухайн үед Сухартогийн гэр бүл Индонезид нийт 417 ХК болон ХХК-тай байсан бөгөөд эдгээрийг нь хүүхдүүд нь, хамаатнууд нь, түншүүд нь авч явдаг байсны дийлэнх нь засгийн газрын өндөр албан тушаалтнууд байсан билээ.

Филиппинийн ерөнхийлөгч Ф.Маркосын салсан эхнэр нь 1998 онд Financial Times-д ярилцлага өгөхдөө:

“We practically own everything in the Philippines from electricity, telecommunications, airlines, banking, beer and tobacco, newspaper publishing, television stations, shipping, oil and mining, hotels and beach resorts, down to coconut milling, small farms, real estate and insurance”

гэж хэлсэн байдаг юм билээ.

Төр ба бизнесийн энэхүү “янаг амрагийн холбоо” бүхий зах зээлийг судлаачид CRONY CAPITALISM гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол улс энэ замналаар замнаж буй эсвэл замнах эсэхийг УИХ-д байгаа гишүүд, дэвших гэж байгаа нөхдүүдээр баримжаалан тодорхойлж болох байх.

Эцэст нь судлаачид дүгнэхдээ уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх үндэсгүй гэх. Учир нь засгийн газрууд үнэ бүрдүүлэлтийн тогтолцоонд шууд оролцоод эхэлсэн төдийгүй ихэнх засгийн газрууд иргэний нийгэм ба ТББ-уудаа сайн сонсож, хамтарч ажиллахгүй байгаа. Гагцхүү иргэний дайн, бослого хөдөлгөөн гарах үед л зөвшилцөх төдий чихгүй царайлж буй. Үүнээс үүдээс зөвхөн бослого хөдөлгөөн л гаргах зорилго бүхий буруу гарын нөхдүүд нийлэн элдэв холбоо, байгууллага байгуулж нийгмийг уруу татаж эхэлсэн туршлага байдаг байна. Жишээ нь, төрийн эргэлт, хувийн өмчийг нийгэмчлэх, төр олон нийт ба олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлэхгүй зөрчих гэх мэт.


Хэдхэн хоногийн өмнө Оюу Толгойтой холбоотой гаргасан төрийн шийдвэр бидэнд болон гадны улсуудад ямар дохиог өгч байна вэ? Яагаад үүнийг хүмүүс сайтар мэтгэлцэж ярихгүй байна? Монгол улсын өмч болсон Оюу Толгойн хувьцаа илт унаж байхад санаа нь зовдоггүй юмаа гэхэд эх оронч царай гаргаад ядаж худалдан авалт хийж яагаад хөрөнгө оруулахгүй байгаа юм бол бид гээд энгийн юм шиг мөртлөө тэнэгдүү асуултуудад бид өөрсдөө хариулах л ёстой байх даа уг нь. Монгол улсыг олон улсын судлаачид дараагийн Африк тивийн жишээгээр нео колони улс болно гээд кэйс материалууд дээр дурдаад эхэлсэн байна билээ шүү та минь ээ.