Sunday 1 May 2011

Perfection

Төгс байхуй

Аливаа хүмүүний баруун, зүүн хоёр мөрөн дээр нь бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн суугаад хүний амьдралын буян, нүгэл хоёрыг дэнслэн байдаг гэж хаа нэгтээгээс уншиж байсан санаж байна. Энэ хорвоо дээр төгс хүн байдаггүй гэж бараг хүн болгон ярьдаг.

Харин төгс гэдэг үгийг хүмүүс хэрхэн томъёолон ийнхүү ярьдаг нь сонин билээ. Зөвхөн өөрөө аз жаргалтай байж чаддаг эсвэл байдаг хүнийг хэлж байна уу, эсвэл огт нүгэл үйлдээгүй хүнийг ойлгодог уу? Өөрөө жаргалтай явж байгаад хажуу дахь хүндээ туслахгүй, нийгэмдээ хувь нэмэр оруулахгүй бол тэр хүн төгс гэдэг тодорхойлолтонд хамаарагдах уу? Өрөөлд дэм болдоггүй ч (албагүй тул) гай болохгүй яваад байдаг хүнийг төгс биш гэж маргах ёстой юу? Бусдад буян үйлдэхийн тулд өрөөлд нүгэл үйлдэх зайлшгүй шаардлагыг эсвэл хийсэн нүглээ цайруулан буян үйлдэн он цагийг элээх та бидний эдгээр амьдралын хэмнэлийг буян, нүглийн дэнс хэмээдэг болов уу.

Хүн бүр нүүрэндээ багтай амьдардаг гэдэг яриаг дээрх асуултуудтай бас холбож болох юм. Магадгүй хүн болгоны сэтгэлийн дунд “дотор хүн” нь оршиж, зарим үед бие хүн болон дотор хүний аймшигтай зөрчилдөөн гарч ухамсарт болон ухамсарт бус үйлдлийг хийхэд хүргэдэг байх. Энэхүү “дотор хүн”-ээ ялсан бодгаль магадгүй “төгс” хүн гэж цоллогдох учиртай юм болов уу даа. Энэхүү ялалт нь нэг удаагийн ялалт бус байх учиртай биз. Эс бөгөөс их унгасан ч өмхий, бага унгасан ч өмхий гэдэгчлэн бидний үйлдэж буй буян, нүгэлд их багийн ялгаа байхгүй билээ. Хэрэв ялгаа байдаг байсан бол төгс гэдэг ойлголт өөрөө утгагүй асуудал болох байх.

Тэгэхээр төгс болохын тулд буюу төгс болж харагдахын тулд бид заримдаа бодит бус зүйлстэй хий дэмий тэмцээд байдаг юм уу?