Wednesday 23 March 2011

Satisfaction

Сэтгэлийн таашаал

World Down Syndrome Day-г дэлхий даяар 3-р сарын 21-нд жил бүр тэмдэглэдэг заншилтай. Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан ТТБ нь энэхүү өдрийг гурав дахь жилдээ Монголд зохион байгуулав. Гишүүд, хамтран ажиллагч, шинээр бидэнтэй нэгдэж буй эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ хамт энэхүү өдрийг маш сайхан өнгөрөөсөн нь ойрд аваагүй сайхан “кайф” байв.

Дараагийн сайхан мэдрэмж нь Японоос ирсэн доор хавсаргасан цахим шууданг унших үед төрсөн юм. ХӨХТСанд хамгийн ихээр тусалдаг хүмүүс, байгууллагын нэг нь яах аргагүй Япон улсын иргэд, байгууллагууд байдаг юм. Байгалийн гамшгийн улмаас учраад буй хохирлыг нь бяцхан ч гэсэн хуваалцах зорилгоор дээр дурдсан үйл ажиллагааны үеэр хандивын хайрцаг ажиллуулан эцэг эхчүүд өөрсдийн боломжийн хэмжээнд мөнгө хандивлан, дээрээс нь холбоо өөрөө мөнгө нэмээд уригдаж ирсэн Япон эрхэмд гардуулсан юм.

Амьдралын аз жаргал, амьдын сэтгэл ханамжийг мэдрэхийг хүсээд жаахан л хичээвэл тийм ч хэцүү биш ажгуу.

Dear DSAM members,

This is Mr. Takehiro Umemura of Nippon Foundation, who is in charge of NISVA. We highly appreciate your heartfelt donation for supporting the damaged people by the earthquake and
Tsunami. We will spend your precious money in supporting the old aged, the handicapped and the children who are suddenly left orphans.

We got very devastating damage by the earthquake, while we are felt and firmly believed the strong bond of solidarity of the Japanese people to overcome this difficulties together. We the all  members of The Nippon Foundation, including our chairman, surely promise to support them.

We thank you very much again for your sincere consideration on this matter and precious donation.

Yours sincerely,
Takehiro Umemure
The Nippon Foundation
March 23, 2011

Японд хэсэг байж хоолыг нь хороосных нэг сургууль төгссөн анд маань Японы олон улсын их сургуулийг төгсөөд Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй төгсөгч нартаа Японд туслахыг уриалсан юм. Хамтраад уриалга гаргаад хүсэлт явуулсан боловч 20 хүрэхгүй хувь нь л бидний хүсэлтийг дэмжсэн байх аж. Японы засгийн газар болон олон улсын байгууллагуудаас иж бүрэн тэтгэлэг авч сохор зоос ч өөрсдийн халааснаас гаргаагүй сураад ирсэн зарим хүмүүсийн хувьд өмнөөс нь жаахан санаа зовмоор л юм билээ. 

Хэн нэгэн бусдад туслах огтхон ч албагүй ч бусдад туслаад тэдний баярласан сэтгэлийн эерэг энергийг авч, гол нь мэдэрч чадахгүйд л зарим хүмүүсийн өмнөөс үе үе бага зэрэг харамсах бөлгөө. 

Monday 14 March 2011

Sacrifice

Золиос

Бид аливаа шийдвэрийг гаргахын тулд зэрэгцээ байсан бусад бүхий л боломжуудийг ямагт золисолж байдаг. Хэрэв зөв шийдвэр байнга гаргадаг бол бид золиос гэдэг нэр томъёог бараг хэрэглэхгүй байсан байх биз ээ. Эдийн засагт үүнийг алдагдсан боломжийн өртөг гэж хэлээд байх шиг байгаа юм. Гаргаж буй шийдвэрийн үр дүн нь богино эсвэл дунд, урт хугацаанд гарахаас хамааран ихэнх хүмүүс сонголтоо хийхийг хичээдэг байх. Дийлэнх хүмүүс богино хугацаанд өгөөж хүртэхийг хүсдэг нь энэ нь өөрөө хамгийн эрсдэлтэй шийдвэр гаргалтын үндэс болж өгдөг. Нэгэнт гаргасан шийдвэрийг хойноос харамсах нь шийдэл биш боловч дараагийн шийдвэрийг гаргахад туршлага болох нь дамжиггүй.

Японд хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар дэлхийн тэнхлэг бага зэрэг хазайлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр цацагдаж буй. Харин бидний цөөхөн Монголчуудын маань амьдралын үнэ цэнийн тэнхлэг бүр байраа солиогүй биз дээ гэсэн бодол зэрэгцээд төрсөн бөлгөө.

Бид Масловын хэрэгцээний шатлалын онол гэж их сургуульд үздэг байсан. Энэхүү онолоор бол аливаа хүн эхэлж физиологийн хэрэгцээгээ хангаж байж аюулгүй байдал, эд хөрөнгө цаашилбал найз нөхөрлөл, хамтын амьдрал, бүр дээшилбэл өөртөө итгэл итгэл, бусдыг хүндэтгэх, бусдаар хүндлүүлэх зэрэг шатаар дамжсаар эцэстээ өөрийгөө таньж нийгэмдээ хаана яваагаа мэдэрдэг гэж заадаг билээ. Нэгэнт дээр дурдсан бүхий л шатыг амжилттай давсан нөхөр ёс суртахууны хувьд төлөвшин, асуудлыг бодитойгоор шийдэхийг хичээхээс гадна аливаа баримтыг хүлээн зөвшөөрөх чадвартай болдог. Ухаан нь өөрийгөө бүрэн дүүрэн ухаж мэдэж танисан гэсэн утгатай юм уу даа.

Энэхүү шатлалын яг эсрэгээр амьдралын зургаа зурмар аядаад явж буй нижгээд хүмүүстэй би ойрмогхон тааралдсанаас гадна ижил төстэй нөхдүүдийн талаар хэвлэлээр хангалттай мэдээлэл авах юм. Ухаан нь яагаа ч үгүй байж өөрийгөө аль хэдийн таниад мэдэрчихсэн нөхдүүдийн талаар хэлж байгаа хэрэг бөгөөд эдгээр нөхдийн анхан шатны хэрэгцээ нь өөрийгөө таних болон бусдад ямар ч хамаагүй аргаар таниулах. Богино хугацааны өгөөж харсан шийдвэрийнхээ эрсдлийг бууруулахын тулд худлаа ярьдаг, хулгай хийдэг, магадгүй хүн ч алахаас сийхгүй. Ингэж байж нөхөр өөртөө итгэлтэй болох агаад бусдын хүндлэлийг хүчээр буюу мөнгөөр авахыг оролдоод байдаг юм уу даа гэж харагдах юм. Нэгэнт анхнаасаа иймэрхүү харилцаан дээр эхэлсэн нөхөрлөл цаг зуурын хэврэгхэн холбоос байх нь элбэг бөгөөд гэр бүлийн харилцаа нь ч гэсэн эд хөрөнгө, нэр төр гэсэн өнгөн дээр суурилсан амархан салдаг гагнаас байх нь дамжиггүй. Гэсэн ч яагаад ингэж ижил буруу дугуйнууд хоорондоо нийлээд байгаагийн шалтгаан нь магадгүй эргээд л хялбар аргаар мөнгө олох гэсэн, бэлэн зэлэн амьдрал мөрөөдсөн нөхдүүдийн нэгдэл байх нь элбэг болов уу. Зуурдын ч болтугай иймэрхүү харилцаанд орж байж нөгөө нөхөр маань түр зуур ч болов толгой хорогдох тансаг оромжтой, чадахгүй ч гэсэн хий цалин авдаг ажлын байртай, болсон болоогүй хөрөнгийн цуглуулгатай болдог юм болов уу? Масловын пирамидын орой нь эдгээр хүмүүсийн хувьд физиологийн хэрэгцээ нь болж таарах гээд байгаа юм. Гэвч хүний амьдралыг тэтгэгч агаар нь хорт хий болсон, хоол нь химийн хороор тэжээгдсэн, ус нь уул уурхайн хүчлээр найрагдсан орчин бүхий нийгмийг бүрдүүлснээ өвчний улмаас дутуу нойртой хонож эхлэх эсвэл гаж хөгжилтэй ураг тээснээрээ мэдэх авай.

Бид аливаа шийдвэрийг гаргахдаа заавал нөгөө зүйлийг нь золиосолж байдаг. Гэхдээ тэрхүү золиос нь та бидний ирээдүй байж хэрхэвч таарахгүй.

Энэхүү сэдэвтэй холбоотой байж болохоор энэ бас энэ бичлэгүүдийг тэрлэж байв.

Our problems are man-made, therefore they may be solved by man. No problem of human destiny is beyond human beings. John F. Kennedy

Sunday 6 March 2011

ASX

Австралийн хөрөнгийн бирж

Тус улсын хөрөнгийн биржийн гол хөдөлгүүр нь байгалийн баялаг дээр дулдуйдан бизнес хийдэг компаниуд байх аж. 2010 оны 12-р сарын байдлаар тус биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ нь 1,5 триллион долларт эргэлдэж байв. Үүний 45.1%-ийг байгалийн баялаг, ашигт малтмалын компаниуд эзэлж байна. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр нийт 2,216 компани тус бирж дээр бүртгэлтэй байгаагаас 36.8% нь мөн л эрчим хүч, уул уурхай, металийн компаниуд байх бөлгөө. Зах зээлийн үнэлгээгээр Ази тивдээ Японы дараа хоёрт жагсах боловч хөрөнгө оруулалтын сангийн хэмжээгээр Америк, Люксенбүрг, Францын дараа дэлхийд дөрөвт, Ази тивдээ нэгт бичигдэж байна. Үүний гол ид шид нь Superannuation fund буюу тэтгэврийн сан юм. Энэхүү санд яг одоогийн байдлаар 1,199 тэрбум австрали доллар эргэлдэж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хурдыг эрчимжүүлэх нэг хөшүүрэг нь яах аргагүй энэхүү тэтгэвэрийн сангийн схем юм.

Австралийн хөрөнгийн биржийн мэдээллийг харж байхад хамгийн сонирхолтой санагдсан тоо нь тус биржийн индекс байв. 2000-2010 оны хоорондын индексийг нь Hang Seng, Dow Jones, Nasdaq, Nikkei, FTSE 100 зэрэгтэй харьцуулахад тогтмол өндөрт явж байсан байх юм. Өөрөөр хэлбэл биржүүдийн индексийн өөрчлөлтийн хувийг 2000 оноос хойш тооцон гаргасан мэдээг нь харвал S&P/ASX 200 нь 51% ба Hang Seng нь 40%-ийн өсөллтэй байхад Nasdaq -38%, Nikkei -52%, FTSE 100 -17%, Dow Jones -3%-ийн сөрөг өөрчлөлттэй байгаа нь сонирхолтой мэдээлэл байв.

2011 оны 1 сарын байдлаар Австралийн хөрөнгийн биржийн дэлхийн 8 дахь том биржид албан ёсоор тооцогдож байгаа бөгөөд 9 ба 10-р байранд Nasdaq OMX групп ба Лондонгийн хөрөнгийн биржүүд жагсаж байгаа нь тус биржийн чансааг бас харуулж буй хэрэг юм. Дэлхийн том хөрөнгийн биржүүд нь нэгдэл нь энэхүү жагсаалыг нилээд өөрчлөх нь ойлгомжтой хэрэг бөгөөд хэрэв Австралийн хөрөнгийн биржийн Сингапурын хөрөнгийн биржтэй нэгдэх хэлцэл амжилттэй хийгдвэл энэхүү групп нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн жагсаалтанд 5-д эрэмблэгдэх боломжтой гэж тус биржийн төлөөлөл уулзалтын үеэр хэлж байв. Энэхүү нэгдэлд дэлхийд тэргүүлэгч Хонг Конгийн хөрөнгийн бирж хүртэл сонирхлоо илэрхийлсэн гэсэн албан бус мэдээллүүд ид урсаж байна. Англи, Канад ба Герман, Америкийн (NYSE) хөрөнгийн биржүүдийн нэгдлүүд нь цаашид биржүүд газар зүйн онцлог гэхээсээ илүү борлуулж буй бүтээгдэхүүнээрээ төрөлжин томрох дүр зураг харагдаж байна.

2010 оны санхүүгийн жилд хамгийн их мөнгө босгосон 5 биржүүд нь Нью-Иорк, Хонг Конг, Лондон, Насдак болон Австралийн хөрөнгийн биржүүд болж байна. Тэр дундаа уул уурхайн компаниудын хөрөнгө босголт дээр Австралийн хөрөнгийн бирж Торонтогийн хөрөнгийн биржтэй өнгөрсөн онд эн тэнцүү өрсөлдөж бараг ижил хэмжээний хөрөнгүүд буюу тус бүрнээ 12 тэрбум орчим ам.долларын хөрөнгө босгосон байх юм. Хайгуулын шатанд яваа уул уурхайн компаниуд хөрөнгө босгоход хамгийн таатай бирж нь ASX гэдэгт маргах хэрэггүй аж. Гэхдээ тус биржийн ажилчдын хэлж байснаар 20 жилийн өмнөхтэй харьцуулбал байгалийн баялаг ашиглан хөрөнгө босгох компаниудын тоо эрс цөөрсөн гэж дурдаж байв. ASX-ийн гол онцлог нь биржид бүртгүүлэх шалгуур нь нилээд уян хатан байх бөгөөд BHP Billiton, Rio Tinto гэсэн аварга компаниуд бүртгэлтэй байдаг нь тус биржийг дэлхийд өрсөлдөхүйц болгож буй хэрэг биз ээ.