Saturday 27 November 2010

Principles of management

Удирдахуйн үндэс

Менежментийн онолын суурь болсон төлөвлөлт, зохион байгуулалт, манлайлал, хяналт гэсэн үндсэн 4 функц байна аа. Дэлхийн ямар ч их сургуулийн хүний нөөцийн үндсэн хичээлээр эдгээрийг дурддаг болов уу. Ухаан нь энэ 4 функцыг сайтар зохион байгуулж хоорондын тасралтгүй холбоосийг гагнаж байж тухайн байгууллага, цаашилбал тухайн улсын эрхэм зорилго бүрэлдэж, тэр чинээгээрээ байгууллагын бүтэц нь ойлгомжтой болж, улмаар тухайн байгууллагын өөрийн гэсэн өвөрмөц соёл нь бүрэлдэж, ирээдүй рүү яаж явах зам нь зурайх буюу байгууллагын дунд, урт хугацааны стратеги, бодлого нь саруулхан болох учиртай юм шиг байгаа юм. Энэ 4 функцыг хувь хүний төлөвшилд ч шууд хэрэглэж болохоор. Бараг 10 орчим жил төрийн ба хувийн янз бүрийн байгууллагуудад нилээдгүй төрлийн ажлуудыг хийж байсны хувьд дээр дурдсан удирдлагын онолын эхлэл болох төлөвлөлт, төгсгөл болох хяналтын үйл ажиллагаа Монголын зарим нэг байгууллагуудад учир дутмаг мэт анзаарагдаад буй.

Төлөвлөлтийг хийхдээ ихэнх байгууллагууд богино хугацааны буюу өнөө, маргаашийн ашиг орлого дээр суурилан хийдэг нийтлэг хандлага байна. Хулхи бизнесээр нилээд мөнгө цохиж аваад дараа нь компаниа дампууруулж, эсвэл нэрийг нь солиод дахиад л өнөөх олиггүй бизнесээ давтаад явна. Сонгодог макро түвшний жишээ нь УИХ-ын сонгуулийн амлалт, сонгуулийн үйл ажиллагаа ба дахин сонгууль. Богино хугацаанд суурилсан, баахан элбэг бэлэн амлалт өгч байгаад сонгогдоно. Дараа нь тойргоо солиод дахиад үзнэ. Ер нь УИХ-ын гишүүнийг жалгын хогоо цэвэрлүүлэх гэж, дүүргийн эмнэлэг, цагдаад машин авч өгүүлэхийн тулд сонгох ёстой эсэх? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр цагаан цаасан дээр юу ч бичсэн болохоор ард түмэн, өөрөөр хэлбэл “зах зээл” нь бэлэн байгаа тул нөхдүүд улс төр болон эдийн засгийн хувьд шууд бизнес хийх платформ байдлаар та биднийг ашиглаж байна. Буруу хэллээ. Та бид өөрсдөө ашиглуулаад байна.

Зохион байгуулалтын хувьд бол бараг барууныхан Монголчуудаас сурах цаг нь болсон бус уу. Том жижиггүй нийгмийн бүхий л түвшинд хуваах бялууныхаа хэмжээ, хувиа тохирсон байхад зохион байгуулалт бол ямар ч асуудал биш. Юун тэр Италийн мафийн зохион байгуулалт юм шиг байгаа юм. Хүн болгон бие биенээсээ эдийн засаг, нэр хүнд, цаашилбал амь насаараа хамааралтай болсон байдаг тул ингэхээс ч өөр аргагүй мэт. Гол нь энэхүү зохион байгуулалтын нэгдлийг макро түвшинд буюу улс орны хэмжээнд задалж томруулж өгвөл, түүнчлэн нөхдүүдийн ашиг сонирхол, эрхэм зорилгыг тулга тойрсон биш, тив тойрсон хэмжээнд өргөжүүлэх боломжийг нь олговол ажил ямар хурдан явж, улс орон ямар түргэн хөгжих бол оо гэж хааяа бодогдох.

Манлайлал хэмээгч функцын хувьд жаахан гадаад хэл гадарладаг болсон, эсвэл зурагт, сонингоор гарах эмгэгт баригдсан хүмүүсийн тоо геометрийн прогрессоор өсөөд байгаа мэт хандлага зэрвэс ажиглагдах аж. Нэг л их том том ярьсан улсууд байх боловч ярьсан юмаа утга найруулгыг нь болъёо гэхэд дүрмийн алдаагүй Монгол, Англиар бичээд хэвлээд гаргах хүн хэдэн хувь нь байгаа бол гэдэг сонирхолтой асуудал шүү. За тэр бичгийн хэвийг нь энд дурдахаа болъё доо. Зарим хүний бичгийг лав би нилээд хэдэн шил шар айраг уусны дараа л хальт гаргахаар юм билээ. Товчхондоо манлайлах гэдэг амбиц хүн болгонд ижил заяасан боловч чухам юун дээр манлайлах ёстой вэ гэдэг ухааныг бурхан даанч харам заяаж дээ та бидэнд. Тухайн хүний үнэ цэнийг нь байгууллагын урт хугацааны зорилготой уяж чадвал алсдаа бүгд биш юм аа гэхэд дийлэнх хүмүүс дор бүрнээ өөрийн оюуны болон биеийн хүчний дээд, доод хязгаарыг мэдрэн бурхангүй газрын бумба үе үе галзуурдагаа болих нигууртай бус уу. Хэлэх гээд байгаа санаа маань урт хугацааны төлөвлөлт байхгүйгээс зарим нэгэн маань 25 км-ийн марафонд гарч байж 100 метрт гүйх гэж байгаа юм шиг хамаг хүчээ эхний хэдхэн секүндэд шавхсан хирнээ бусдыгаа айлгаж эсвэл аргадан байж тэднээрээ эргэж чирүүлэн бариандаа орж буйгаар зүйрлэмээр санагдав. Тэгэн барин байж барианд орсон байж зарим нь ёс суртахуун, этикийн хувьд ичмээр гэхэд ч гоёдмоор авир гаргахыг нь харахаар бурханы нулимс дуусдаггүй юм байхдаа гэж гайхмаар.

Хяналт гэдэг үгний үндсэн утга орчин цагийн Монгол хэлэнд энэ утгаараа хэвээр байгаа юу гэдэгт би хааяа дотроо бодоод эргэлзээд байдаг болсон байна лээ. Хяналт, хариуцлага гэдэг үг Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл шиг хязгаарлагдмал, Японы эзэн хааны эрх мэдэл шиг бэлгэдлийн шинжтэй болоод удаж буй бус уу? Богино хугацааны төлөвлөлт буюу нэг удаагийн “цавчаа” дээр угаас хянах гэдэг утгагүйгээр барах уу боломжгүй зүйл болох нь гарцаагүй. Түүнчлэн тийм дээд зэргээр зохион байгуулагдсан мафийн шинжтэй гадаад орчин буюу масс хүмүүсээс тусгаарлагдаж хязгаарлагдан хамгаалагдсан бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хянах тохиолдуулах нь хар арьстан хүмүүсээс бүрдсэн хоккейн баг өвлийн олимпын аварга болохтой агаар нэгэн бөлгөө.

Аж ахуйн нэгжээс эхлэн төрийн түвшинд хүртэл нэг иймэрхүү нийтлэг дутагдалтай хандлага байгаа мэт надад харагдах бөгөөд эдгээр буруу зөрүү хандлагын улмаас бид өөрсдийн үнэ цэнээ мэдрэхгүйгээр үр барам эх захаа алдаад удаж байна. Үр дүнд нь ахмад, дунд, залуу үеийн хоорондох үл ойлголцол, замбараагүй соёлын нэгдэл болон зөрчил үүсч хөдөөгийн олон салаа зам шиг хөгжил рүү хөтлөх үндсэн замаа тод харах билгийн мэлмийгээ та бид өөрсдөө булингартуулж байнам.

Тэгээд шийдэл юу вэ гэж үү? Шийдэл бол та! Маргааш таныг бурхан өөр дээрээ ир гэж имэйл явууллаа гэж бодоод дараа нь таныг энэүү ертөнцөөс үдэж гаргах ёслол дээр хэн хэн ирж, юу юу гэж хэлэх бол оо гээд нэг тунгаагаад үзээрэй. Ашгүй нэг хоолны сав хорогдлоо гэж дотроо сэм бодох хүмүүс мэр сэр байх бий вий гэж хааяа хэний янаагүй айж, ичиж явбал энэ улс маань жаахан ч гэсэн хөгжих байлгүй дээ эрх биш. Чингисийн удмын, тэнгэр заяат Монголчууд айна гэж юу байх вэ. Харин бид нар жаахан ичээд л сурчих хэрэгтэй байна. “How to be shy for dummies” гэдэг ном байдаг болов уу?    

Monday 22 November 2010

Mining empire

Уул уурхайн вант улс

Ажлын шугамаар уул уурхайгаараа дэлхийг шуугиулаад байгаа том, жижиг таван толгойнууд байрлах Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Оюу толгой байрлах Ханбогд сум, цаашлаад Гашуун сухайтын хилийн боомт орж ажиллав. Ажил, амьдрал ид буцалж буйг захиалга өгөхгүй бол олдохгүй зочид буудал, Улаанбаатар хотын ресторантай бараг адил үнэтэй хоол, сар тутам шинээр баригдаж буй барилгын ажлаас нь бэлхнээ харж болно. Хэдхэн мянган хүнтэй Цогтцэций суманд гэхэд л бараг 10-аад арилжааны банкууд салбараа нээж, 2 ч АТМ суурилагдаж байна. Сумын цагдаагийн машин нь дандаа Ланд-80. Ер нь явж буй бүх машин нь жийп. Улсуудын ярьж буй бизнесийн хэмжээ нь дунджаар 1 сая ам.доллар буюу түүнээс дээш. Уудаг архи нь Соёмбо эсвэл виски. Болор архи ганзаглаж очоод хүмүүст ад үзэгдэв. Мэдмээр юм билээ золиг гэж.    

Өмнө тийшээ зам маш сайн баригдаж байгаа юм байна. Ирэх зун гэхэд Мандалговь хүртэл цэлийсэн сайхан өргөн зам баригдан дуусч, цаашилбал Оюу толгойгоос хилийн зурвас хүртэл хар зам дуусах бололтой. Зам зуур замын компаниудын инженерүүдтэй ганц хоёр шар айраг уун хууч хөөрөх зуур тэднээс гадныхан чадаж байхад бид нар яагаад чаддаггүй юм гэсэн хор шар, ижил хэмжээний техник, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө гаргаад өгвөл тэднээс хэд дахин илүү хийж чадах тухайгаа байж суун ярина билээ. Даанч төсөв батлагдаад мөнгө нь тэд нарын гар дээр ирэх хүртэл хэдэн дарга нарын гараар дамжиж, анх батлагдсан төсвийн бараг 30%-с доошхи дүн нь дансанд нь ордог гэж батлан ярих юм билээ. Даанч дээ л гэмээр байв.

Бас нэг ихэд анзаарагдсан зүйл нь хаа ч очсон, ямар ч байгууллагын шийдвэр гаргах төвшний хүмүүс, голлох менежерүүд миний үеийн залуус болжээ. Ахархан зуур танилцаж, хэл амаа ойлголцоход ч тун амар юм адилхан залуу улс болохоор. Аргагүй 70, 80-аад оны үеийнхний бүтээн байгуулалтын үе хүссэн хүсээгүй иржээ. Ханбогд сумыг Цогтцэций сумтай харьцуулахад арай л өөр дүр зураг бууж байх. Хүмүүс Energy Resources Монгол компани юм болохоор эх орондоо наах юм хийж байгаа. Харин Оюу толгой дээр ийм үлдэцтэй бүтээн байгуулалт байхгүй гээд байсан нь дэд бүтцийн байдлыг нь харахад үнэний ортой ч юм шиг зэрвэс ажиглагдав. Улаанбаатарын стандартыг сум дээрээ бий болгоно хэмээн зүтгэж буй Цогтцэций сумын засаг даргын амбиц ихэд таалагдсан бөлгөө.

Зам зуур байрлах хоолон гэрүүдэд үндсэндээ шөл, цуйван гэсэн хоёр төрлийн л хоолны сонголт байна. Харин нэг гэрт ороод ямар хоол гарах уу гэтэл дурын хоол гарна гэж байна. Гуляш авъя гэтэл гуляш гэж юу байдаг юм гэсэн гэдэг. Зам зуур хааяа нэг тааралдах говийн айлуудаас зам асуухад зарим айлууд нь гадаа нь машинаа сингалдаад байхад гарч ирэхгүй, хаалганы завсраар шагайж харчихаад буцаад эргэх юм билээ. Мань мэттэйгээ адилхан төөрсөн хүмүүсээс залхсан бололтой.

Уурхайн амнуудаас 60-100 тоннын чиргүүлтэй болон чиргүүлгүй хүнд даацын тэргүүдээр ёстой л өдөр шөнөгүй нүүрс зөөж байна билээ. Тэрхүү аварга тэрэгнүүдийн явдаг замыг “Мангарын зам” гэх агаад уг зам дээр дунджаар 7 хоногт 6 осол аваар гарч тэр тооны жолооч нар амь эрсддэг гэнэ. Анх ч хүн нас барлаа гэхэд хүү хаа гэдэг байсан бол сүүлдээ Хятад бол дүүрч, Монгол жолооч нас барсан бол хайран байна гэж халагладаг болжээ. Харин одоо нутгийн жолооч л биш бол уг зам дээр хүн нас барахад тоодог хүн бараг л алга болжээ. Тэр олон мянган машины цуваанаас үүссэн нүүрсний тоосжилт, замын тоос орчны үзэгдэх байдлыг хязгаарлаж, рейсний мөнгөө ахиухан авахаар нойр хоолгүй зүтгэж байгаа жолооч нар аваар хийдэг байна. Дээрээс нь согтуу жолооч нар, дээрээс нь хүнд даацынх хирнээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад аваар хийж буй тохиолдолууд зөндөө юм.

Хилийн цаана жолооч ах хүүгийн танилцсан өвөр Монгол залуугийн гэрт очиж гэр бүлтэй нь танилцан нэг сагс пийжүү уун ярих зуур өөрийгөө Монголоор тун муу ярьдгаа мэдрэв. “Love actually” кинон дээрх гардаг Англи залуу Америк явж Бритиш аялга бүхий англи хэлээр Америк бүсгүйчүүдийн эгдүүг хүргэдэг үзэгдэл санаанд байн байн орж, хэлсэн юмыг нь дахиад хэл дээ, энийг юу гэдэг вэ гэж байн байн нөгөө Өвөр Монгол залуугаас асууж инээдээ барж суув. Өвөр Монголчуудын хэрэглэж буй үгс нь утгын хувьд яалт ч үгүй бидний хэрэглэдэг үгнээс хамаагүй утга төгөлдөр байх юм. Хэдий анх сонсоход инээдтэй ч гэсэн. Жишээ нь, цайх бүрэх-цай хандлах, танай хэлийг төхөөрөхгүй-танай хэлийг ойлгохгүй, юутай вэ-хэдэн настай вэ буюу ямар жилтэй вэ, хөнгөн толгойтой цус-Монголоор бол п**** гэсэн хараалын үг, эхээ ухмар-mother****** (энэхүү хэллэгийг Хятадаас орж ирсэн гэх агаад Монгол хүмүүс яавч ийм зүйл бодож хэлэхгүй гэж байв), дотуур өмд-огтор өмд, мөнгө үйрүүлэх-мөнгө задлах, навч-тамхи, цэгээ-айраг, луухаан-хөгширч үхэх гэж байгаа хүн, авхай-гуай, Голомт Монгол-Ар Монгол, цахиур дэн-тамхины асаагуур, гэгээмсэг-агуу, хөл залгагдах-хугарсан хөлөө бороолохыг хэлж буй, сүүдэр авах-рентген зураг авахуулах гэх мэт. Хятадуудаа муу Хуцаа (Хужаа) гээд бас их дургүй юм. Хааяа Өвөр Монгол ба Хятадуудын хооронд зодоон болдог юм гэсэн. Улаанбаатар гэж дуулснаас очиж үзэхийг мөрөөдөхөөс ч айдаг энэхүү шавар тагзанд амьдарч буй Өвөр Монгол гэр бүлийг хараад өр өвдөх шиг л болсон сон. Нөхөр нь хүнд даацын тэрэгнүүдийн моторын тосыг солих агаад өдөр шөнөгүй ажиллах. Ажил хийхгүй л бол энэ олон зуун сая хүн дотор амиа хорлож байна л гэсэн үг гэх. Эдний хажууд Монголын өвгөнтийн хөндийнхөн бол үнэн жаргалтай амьдардаг юм билээ шүү.

Богинын болон алсын тээвэрт явдаг жолооч нар дээр хилийн цаана тээвэр хийж буй тэрэгнүүдийг оруулбал нийт 10,000 орчим хүнд даацын тэрэг Монголоос Хятад руу нүүрс зөөж байна. Хил давангаа Хятадын боомт хотод оройн хоол идэх зуур алсын тээврийн Монгол жолооч нартай ярилцахад сайн гүрийвэл сард 4-6 сая төгрөг хийдэг гэнэ шүү. Гэхдээ энэ мөнгийг их л зовж олохыг хэлнэ билээ. Уг боомтын хилийн наана, цаана байх Монгол, Хятадын тосгоныг шууд харьцуулбал Том Круз, Николь Кидман нарын тоглосон “Far and Away” киноны үзэгдэл. Зэрлэг өрнөд гэж ярьдаг байсанчлан Зэрлэг Өмнөд гэж хэлэхээр. Газар олж авахын тулд яаж тэмцэж, эмх замбараагүй, бохир заваан хотод хэрхэн амь зууж буйг харуулдаг билээ түүнтэй яг адил. Хүмүүсийн ярихнээ 1990-ээд оны Эрээн хот гэх. Тун удахгүй Эрээнээс том, Эрээнээс өндөр хөгжилтэй хот болгохоо тосгоны дарга амласан байна билээ. Хилийн цаана байрлах энэхүү тосгонд нүүрс хүлээн авах асар том байгууламжууд ээлж дарааллан баригдаж байна.   

Харин Өмнөговь аймгийн маань засаг даргад маань ийм том амбицтай төлөвлөгөө, алсын мөрөөдөл бий болов уу? Эрээн ба Замын Үүдийн түүх энэхүү хилийн зурвас дээр бүү давтагдаасай билээ гэж буцах замдаа дотроо залбирч явлаа. Бид уул уурхайн баялаг маань дуусах үед Монгол улсдаа, өөрсөддөө юу авч үлдэх юм бэ гэдгээ одооноос сайтар бодож, үйл хөдлөлөөрөө хийж явахгүй бол ч...