Wednesday 29 August 2012

Vulture

Тас

Санхүүгийн хямрал нь далд болон ил эдийн засгийн зөрүүг бага ч болов багасгах давуу талтай. Үүнийг онигоороо тайлбарлаж болох. Хэсэг найзууд наргиж байгаад хоолонд орох болжээ. Хоолоо захиалаад тооцоогоо хийх гэтэл хэн ч надад мөнгө байхгүй гээд мөнгө гаргасангүй. Хоолоо идэж чадалгүй зоогийн газраас гараад замдаа юунаас ч юм болж муудалцаад бүгд халамцуу байсан тул цагдаад баригдан эрүүлжүүлэхэд оров. Эрүүлжүүлэхэд орохдоо бүгд халаасаа нэгжүүлж бүртгэл хийлгэтэл бүгд ил болон далд халаасандаа багагүй хэмжээний мөнгөтэй байж бие биенийхээ өмнө шившиг болсон гэдэг.

Энэ оны эхний хагас жилийн байдлаарх банкуудад буй аж ахуйн нэгжүүдийн хадгаламжийн хэмжээг бүртгэлтэй буй 66.000 компанид тэгшитгэн хуваавал нэг компани 30 тэрбум төгрөгийн хадгаламжтай байхаас гадна иргэдийн хадгаламжийг хүн амын тоонд шууд тэгшитгэн хуваавал иргэн бүр ойролцоогоор банкинд 1 сая төгрөгийн хадгаламжтай байна. Өөрөөр хэлбэл банкуудад буй 4.3 триллион төгрөгөөс хувь иргэдийн хадгалж нь 2.8 триллон төгрөг байна. 2 гаран тэрбум ам.доллар гэсэн үг. Түүнчлэн Монголын банкуудад байршиж буй хадгаламжийн хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 26%-р өсч 4.3 их наяд (trillion) төгрөгт хүрсэн байна. Иргэд болон байгууллагуудын гудас болон сейфэн доторх мөнгө үүнд ороогүй байгаагаас гадна манайхны гадаадад байршуулсан мөнгөний дүн ч үүнд ороогүй байгаа. Яаж бид бүхэн ийм хуримтлалтай болов?

Чөлөөт эдийн засаг бүхий тогтолцоонд шилжээд бид даруй 20 гаран жил болж буйн илрэл болж Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой шил дарааллан болж байна. Зуу зуун жилийн настай барууны компаниудтай харьцуулахад 20 жил гэдэг бол хүнээр бол шилжилтийн нас нь болов уу. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны эхэн үед манай бизнесменүүдийн хувьд ганзагын наймааны алтан үе гэгддэг хугацаа нь бизнес, арилжааны ертөнцөд хөлөө олох гол хөшүүрэг болсон болов уу.  Энэ үед торноос суллагдсан шувуу шиг л хувь хүмүүс, за үсрээд л гэр бүлийн хүрээнд чухам өөрсдийн зөн совин, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн юуг, яаж хийх вэ гэдэг асуултын хариуг олохоор дор бүрнээ хөдөлж эхэлсэн.

Компаниудын амьдралын мөчлөгийн дараагийн үе нь ХЭАА, нөхөрлөл, хоршоод үүссэн үеэс эхэлсэн гэж хэлж болно. Энэ үед хүмүүс илүү хоорондоо хамтран ажиллах, харилцан итгэлцэх байдлаар багаар ажиллаж бие биенийхээ дутууг нөхөж, байгууллагын онолоор бол функциональ хуваарилалтыг хийж эхэлж байжээ. Энэ үеийн бизнесийн гол зорилго нь яаж хурдан өсөлт хийх вэ, яаж хурдан бизнесээ томруулах вэ гэдэг дээр төвлөрч байсан ба өмч хувьчлал нь энэ үеийн циклийн гол импактад тооцогдох байх.

Харин эдийн засгийн өсөлт, хямралын энэ үед Монголд бүртгэлтэй байгаа 60 гаран мянган аж ахуйн нэгжүүдийн гол зорилго нь санхүүгийн удирдлагаар дамжуулан бизнесээ хэрхэн хянах, хэрхэн нэгдсэн төлөвлөлтөнд оруулж базах вэ гэдэг дээр байгаа байх. Өөрөөр хэлбэл хяналт, хяналт, бас дахин хяналт.

Нарийн анзаарч харвал дээрх дурдсан бүртгэлтэй олон аж ахуйн нэгжүүдийн нилээд хэд нь зөвхөн дотоод төдийггүй гадаад зах зээлийн орчинд тохируулан маркетинг болон хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Ихэнх групп компаниуд өнөөдөр 5-9 бизнесийн үндсэн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас салбарын орлого ба зах зээлийн өсөлтөөс илүү оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөж дээр түлхүү төвлөрч эхэлсэн. Энэ ч шалтгаанаар томоохонд тооцогддог групп компаниудын зарим нь үндсэн бус элдэв бизнесээсээ гарч, цөөн хэдэн болон үндсэн бизнес дээрээ л төвлөрөх хандлага харагдаж байна. Байгууллагын амьдралын мөчлөгөөр бол энэхүү үе шатыг тогтворжилтийн үе гэнэ. Улс харин эсрэгээр эдийн засгийн солонгоржилт гэдэг бодлогыг түлхүү ярьж эхэлж байх жишээтэй.

Дахиад л дээр дурдсан компаниудаас цөөн хэд нь өрсөлдөх давуу талаа олж авах, олж авсанаа баталгаажуулж салбар дахь байр сууриа батжуулах зорилгоор стратегийн түвшний удирлагыг хийгээд эхэлсэн буй. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд зарим групп компаниуд өдий хүртэл авч явж ирсэн гэр бүлийн бизнесээ задлах, хамтрагч нар салж тусдаа гарах, бүтэц болон өмчлөлийн өөрчлөлт хийх, стратегийн хөрөнгө оруулагч нарыг гаднаас оруулж ирэх зэрэг үзэгдлүүд анзаарагдаж байна. Үр дүнд эдгээр компаниудад бизнесээ өргөжүүлэн гадаад зах зээл рүү тэлж гарах, олон улсын санхүүгийн захаас харьцангүй хямд санхүүгийн эх үүсвэр босгох боломж гарч байна. 2011 оны улсын төсвийн татварын орлогын 72%-ийг бүрдүүлээд байгаа топ 100 компаниудын цөөн хэд нь стратегийн удирдлагаар дамжуулан компанийн бизнес ба санхүүгийн тогтвортой байдлыг эдийн засгийн ороо бусгаа энэ үед хангахын тулд бусдаасаа нилээд ахисан түвшинд ажиллаад хэдийнээ эхэлжээ. Өөрөөр хэлбэл өмчийн эзэн бүгдийг мэддэг, хийдэг ХЭАА биш хувьцаа эзэмшигчид компанийг өмчилж, ТУЗ нь компанийг засаглаж, гүйцэтгэх удирдлага удирддаг сонгодог тогтолцоо руу хүссэн хүсээгүй бид алгуурхан боловч явж байна.

Ямар ч хувь хүн, байгууллага, улсын хувьд аливаа юмыг ойлгож байж хийх, эсвэл бусдыг шууд дагалдан дуурайх, эсвэл өөрсдөө хийж үзэж байж туршлагажих гэсэн ерөнхийг гурван тохиолдол байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилүүдийг гүйлгээд харвал бид аливаа юмс үзэгдэл гэх нь хаашаа юм ойлголтыг зөрүүнээс салаагүй л байна. Салтлаа бас овоо хэдэн жил болохоор ч байна. Нөгөө талаасаа бусдыг шууд хуулбарлан дууриаж өсөж хөгжинө гэдэг нь ч зарим зүйл дээр баталгаагүй болж байна. Иймээс хамгийн эрсдэл өндөр нөхцлөөр буюу өөрсдөө өөрсдийнхөө хүсэл, чадлаар хийж “шууд хийх” л хандлага хаа сайгүй хүчтэй анзаарагдаж байна. Гэхдээ энэ процесс дунд free riders, short termism, hot money, responsible leadership, ethical choice зэрэг хувь хүн, компанийн хүрээнээс гадна төрийн бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай асуудлууд, эрсдлүүд байгаа.

Тас хэмээх том бөгөөд сүртэй шувуу байх. Гэвч жаахан өөлбөл өөрөө ан хийхээсээ илүү бусдын барьсан бэлэн олз дээр ирж ходоодоо дүүргэдэг аж. Гэхдээ л экологи талаасаа байгаль цэвэрлэж байдаг ачтай амьтад. Дарвины онолоор бол хүчтэй, хурдан, чадалтай нь шигшигдэн дараа дараагийн үеэ төрүүлэн чадавхижиж байдаг байгалийн шалгарлын зүй тогтол буй аж. Харин хүний нийгэмд булчингийн хүчээр бус ухааны цараар асуудлыг шийдээд олон мянган жил болж байгаа мэт боловч зарим үед биеийн хүчээр шийдсэнээс долоон дор шийдэл, шийдвэрүүд гарсаар л байна.

Иймээс дээрх асуудлуудыг цогцоор шийдэхийн тулд бид төрийн засаглал ярихаасаа илүү намуудын засаглал, компанийн засаглал гэхээсээ илүү өмчлөгч гэр бүлүүдийн засаглалын асуудлуудыг нухацтай ярилцаж тунгаан хэрэгжүүлэх цаг айсуй.

Дээрээс нь халамж тусламж биднийг хол явуулахгүй гэдгийн жишээ нь Африк тив. Африкийн улсууд өнгөрсөн 42 жилийн хугацаанд нийт 568 тэрбум ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж гаднаас авсан боловч нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн хэмжээ нь 0% байх юм.

Эцэст нь хэлэхэд бидний агаа, эгээ, заримынх нь аав ээжүүд маань шагшин ярьдаг ганзагын наймааны алтан үе ард хоцорч магадгүй түүний хоёр дахь давалгаа буюу боломж нь нэмүү өртөг ба оюуны баялаг бүтээж ашиг олох алтан үе залуус бидний өмнө аль хэдийн ирээд байнам. Аливаа компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга, гишүүн болох тийм ч хүнд биш. Харин болсон хойноо тас шувуу шиг бусдын барьж хаясан сэгээр хооллон голоо зогоох бус бодитоор биет болон биет бус баялаг бүтээж, бусдын өмнө хариуцлагатай манлайлал үзүүлнэ гэдэг нь том даалгавар мэт.