Thursday 28 October 2010

Tim Cope Journeys

Tim Cope хэмээх Австрали залуутай жил хагасын өмнө анх танилцаж түүний хийсэн гайхамшигт аялалуудын тухай танилцуулгыг нь сонсож байсан билээ. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг Австрали руу үдэн гаргаж өгөх үдэшлэгт уригдан очиж түүнтэй дахин уулзаж далимдаа товч ярилцлага авч блог уншигч нартаа хүргэе хэмээн сэтгэсэн бөлгөө. Энэхүү үдэлтийн үдэшлэг Амстердам кафед болсон агаад Цэрэн тур компани мань эрийн хувьд Монгол дахь хамгийн том туслагч бөгөөд хамтрагч нь юм.

·         Өөрийгөө товч танилцуулаач хөө?
·         Би Австралийн Викториа мужид төрж өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав маань аялал жуулчлалын салбарт ажилладаг байсан тул би багаасаа л энэ салбарыг мэдэрч өссөн гэх үү дээ. Жишээ нь аав ой шугуй болон далайн аялалуудыг хүмүүстэй хамтран их олон удаа зохион байгуулдаг байсан юм. Анх 16 настайдаа Балбын вант улс руу явсан нь миний хувьд хилийн дээс алхсан анхны тохиолдол байсан юм.
·        Яагаад анх аялах болсон, тэр дундаа адал явдалт аялалын кайф нь юундаа вэ?
·         Балба явж ирсний дараа миний хувьд ертөнцийг үзэх үзэл эрс өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэр хүмүүсийн найрсаг зан, хамтын амьдрал миний хувьд онцгой сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Дараа нь оюутан болоод Европ тивээр бараг бүтэн аялсан. Үүргэвчээ үүрээд л замын машинд дайгдаад явдаг байлаа. Тухайн үед иргэний дайн хийж байсан улсуудаар хүртэл явж байсан. Энэ үеэр баруун ба зүүн европын ялгааг маш ихээр мэдэрсэн. Дараа нь Австралидаа буцаж ирээд хуулийн ангид элсэн орж байлаа. Миний хувьд адал явдалт аялал буюу үүргэвчээ үүрээд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан (замын унаанд дайгдах, завь, дугуй, морь ашиглах гэх мэт) аялах нь тухайн орон нутгийн хүмүүстэй илүү дотно танилцах боломж олгодог нь аялалаас авч буй хамгийн том таашаал байдаг. Ихэвчлэн ганцаараа аялдаг. Учир нь аялалын баг олон хүнтэй байх тусам тэр тоогоор ялгаатай хүсэл, сонирхол, тухайн хүмүүсийн аялал туулах чадварын ялгаа ихсэж тэр хэмжээгээр зөрчилдөөн үүсэх, цаг хугацаа алдах асуудал гардаг.
·         Хэдэн улсаар одоогоор аялаад байна? Аль нь хамгийн их онцлог байв?
·        Одоо яг хэдэн орноор аялаад байгаа тоог нь шууд хэлж чадахгүй байна. Миний хувьд Монгол улс хамгийн сонирхолтой гэж хэлэх байна.
·         Анх Монгол Улстай хэрхэн яаж холбогдсон бэ?
·        1999 онд Оросоос Хятад хүртэл дугуйгаар (recumbent bike) аялах замдаа Монгол Улсаар дайрч гарсан нь миний хувьд Монголтой танилцах анхны боломж минь байсан юм. Ямар ч хашаагүй цэлгэр уудам газар, нүүдэлчин соёл зэрэг нь миний хувьд маш их сонирхолтой санагдсан. Тухайн үед Хятад Улс руу дугуйгаар нэвтрэн орохын тулд виз авах ёстой болсон. 2000 онд визээ хөөцөлдөн Хятадын элчин сайдын яаман дээр явж байхдаа анх Цэрэнгийн гэр бүлтэй танилцаж одоог хүртэл анд нөхдийн сайхан холбоотой явж байна.
·        Аялал жуулчлалын салбарын талаарх Монголын сул болон давуу талыг та юу гэж харж байна?
·         Байгалиа хамгаалах, түүхээ соёлоо эрхэмлэн хадгалж үлдэх нь маш чухал гэж бодож байна. Хүмүүс Монголд өндөр байшин үзэх гэж ирдэгүй, тансаг буудал, амралын газарт амрах ирэх гэж ирдэггүй. Тэд чухам л ялгаатай соёл заншил, түүх, тухайн орон нутгийн өвөрмөц байгалийн тогтоц, үзэгдлийг л үзэх гэж мөнгө төлж ирдэг. Анх би Балба явахдаа Австралиас тодорхой хэмжээний мөнгө босгон авч яваад нутгийн хүмүүст өгч багахан ч болов тус болсон нь тэдгээр хүмүүсийг маш их баярлуулсан бөгөөд энэ нь миний хувьд тэр улс руу явсан хамгийн гайхалтай сайхан дурсамж нь болон үлдсэн. Үүнээс хойш аялан явж буй улсуудын сайн сайхныг үзээд, тухайн улсуудыг соёл уламжлалаас сурахаас гадна аянчин, жуулчин хүн өөрөө тэр улсуудад ямар нэгэн зүйл үлдээх, өгөх, тодорхой бодит ажлуудыг хийх ёстой юм байна гэдэгт улам бүр итгэсэн. Яг үүнтэй холбоотойгоор “Responsible Tourism буюу “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголт байдаг бөгөөд миний дээр хэлсэн санаа нь үндсэндээ энэ юм. Гадаад эзэнтэй том аялал жуучлалын компаниудаар дамжин ирж буй жуулчдын мөнгө тэр компани руугаа л дийлэнх нь ордог. Үүргэвчтэй аялал хийдэг хүмүүс том компанийн шугамаар ирсэн жуулчидтай харьцуулахад бага мөнгө үрдэг нь ойлгомжтой. Иймээс үндэсний компани буюу орон нутгийн уугуул эзэнтэй аялалын компаниуд Монголд олон болох тусмаа тустай. Одоогоор миний анзаарснаар жуулчдын ихэнх мөнгө Улаанбаатарт үлддэг. Хөдөөд бодит хөрөнгө оруулалт болж “наалддаг” нь тун цөөн. Орон нутаг, хөдөөд аялал зохион байгуулахдаа орон нутгийн хүмүүсийг хөлсөлж, орон нутагт бодит ажил хийж үлдээж байвал уул нь зүйтэй юм. (Жич: Цэрэн Тур компани Австрали жуулчидтай хамтран Увс аймгийн Ховд сумын арван жилийн сургуульд 10,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг 2011 онд хийхээр баталгаажуулаад байна.) Үүнийг л “Responsible Tourism” гэж байгаа юм аа. Дахин хэлэхэд жуулчид, аялалын компаниуд Монголын соёл, байгаль, түүхийг өөрсөддөө хэрэгтэй нөөц болгон ашиглаж байгаа тул эргээгээд тэрхүү нийгэмд, улсад шууд болон шууд бус хэлбэрээр бодит хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаагаа харж ажилладаг компани, бизнесийн хувьд заавал хэрэгжүүлэх ёстой зүйл.
·        Хөгжиж буй орнууд руу явж байгаа аянчин, жуулчдын хувьд энэхүү “Хариуцлагатай аялал жуулчлал” гэсэн ойлголтыг мэдэрч болохоор байна. Харин өндөр хөгжилтэй орнуудыг зорьж буй аянчин, жуулчдын хувьд энэхүү ойлголт нь ямар утгаар байх ёстой вэ?
·        Үндсэндээ адилхан шүү дээ. Гэхдээ энэ нөхцөлд тухайн улсынхаа соёлыг хүндэтгэн авч үзэх, хууль журмыг нь алхам тутамдаа чанд мөрдөн дагах, байгаль орчныг нь хайрлан хамгаалах, тухайн улсын иргэдийг хүндэтгэн харьцах нь “Хариуцлагатай аялал жуулчлал”-ын нэг хэсэг болно.
·         Ямар нэг шашин шүтдэг үү?
·        Бүх шашныг хүндэтгэн авч үздэг ч аль нэгийг нь тухайлан шүтдэггүй. Гэхдээ Чингис хааны түүхийг судалж байхдаа олж мэдсэн “Хөх тэнгэрийн дор нэг хаан байх ёстой”  гэдэг үзэл баримтлал маш их таалагдсан. Улс орнуудаар аялаад явж байхад шашин тухайн үндэстэний соёлд шууд нөлөөлдөгийг анзаарсан. Харин хүчээр нутагшуулсан шашин хэзээ ч тухайн улсад суурьшдаггүй гэдэгт бат итгэдэг.
·         Тэгвэл даяарчлал ба үндэсний соёлыг хэрхэн хооронд нь зохистой баланслуулах нь зүйтэй бол?
·         “Thing globally, Act locally” гэдэг үг байдаг даа. Надад нэг Орос хүн хэлж байсан юм. Тэр нь аливаа хүн өөрийн улсаа мэдэхгүй, түүхээ ойлгохгүй бол бусад хүнийг, бусдын түүхийг хэрхэн ойлгож чадах юм бэ гэж билээ. Монгол Улс хоёр хөлтэй хүн гэж тооцвол нэг хөл нь Монгол, нөгөө хөл нь дэлхий байх ёстой. Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях ёстой. Жишээ нь гар утас, түүний хөгжил Монголд хэрэгтэй. Гэвч дулаан орны газар тариалангийн технологи Монголд хэрэгтэй байж чадах уу? Би өөрөө хөдөө төрж өссөн. Миний анзаарснаар Монголын хөдөөгийн нүүдэлчид байгаль дэлхий, ан амьтадтай цаг үргэлж харьцдаг тул байгалийн экосистемийг маш сайн мэдэж, тэр чинээгээр зохистой буюу тэнцвэртэй харьцааг нь хадгалахын төлөө хайрлаж хамгаалж явдаг. Гэтэл хотын хүмүүсийн хувьд жишээ нь зуд боллоо гэхэд хотын хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх нөлөөлөл бага. Харин хөдөөгийн хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралын маш хүнд сорилт болдог. Өөрөөр хэлбэл капиталист нийгмийн бүх юм нь төгс биш шүү дээ. Жишээ нь Балбад явж орон нутгийн хүмүүсийн найрсаг зочломтгой зан нь гайхалтай байсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс материаллаг баялгаас илүү гэр бүл, найз нөхдийн харьцааг үргэлж эрхэмлэдэг юм. “Sense of community” буюу амьдралын үнэ цэнэ нь ихэнх өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсээс өөр. Жишээ нь хөгжилтэй орнуудад баян, ядуугийн ялгаа их байдаг бол Балбад хүмүүсийн амьдрал жигдхэн. Хөгжиж буй орнуудын хувьд хэт олон хүний урсгал байх нь байгаль орчинг сүйтгэн аялалыг аялал биш болгодог сул талтай байдаг.
·        “Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдүүд Туслах Сан”-д өөрийн чинь болон Цэрэн Тур компанийн зохион байгуулсан аялалын аялагчид маш их тусламж дэмжлэг үзүүлсэн, одоо ч үзүүлж буйд маш их баярлаж явдаг. Ер нь өмнө нь хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байв уу?
·        Энэ бүх ажил маань Балбад туулсан миний анхны аялалын туршлагаас эхтэй бөгөөд хүн баярлуулах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл одоо хүртэл байсаар байгаа.  Түүнчлэн энэхүү ажил нь дээр дурдсан “Хариуцлагатай Аялал Жуулчлал” гэсэн ойлголттой нягт уялдаж буйг анзаарч буй биз ээ. Монголын хувьд World Expedition компанийн шугамаар нилээд олон Австрали жуулчид танай улсад ирж, Цэрэн Турын зохион байгуулсан аялалын ачаар Монгол улсын хүн ард, ёс заншилтай танилцан өндөр сэтгэгдэлтэй буцсан. Би одоогоор Австралид амиа хорлохын эсрэг хөдөлгөөний сайн дурын элч хийдэг юм. Хамгийн анх Балга явж ирээд тэнд харсан үзсэн зүйлсээ үеийн найз нөхөдтэйгээ хуваалцан, дараа нь арван жилийн болон их сургуулиудад энэ чиглэлээрээ лекц уншиж эхэлсэн юм. Харин одоо бол энэ ажил миний карьер болоод байгаа шүү. Одоо бол миний лекцийн билет 5 доллараар үнэлэгддэг юм.
·        Цаашдын төлөвлөгөө чинь одоогоор юу байна вэ?
·        Хоёр дахь номон дээрээ ид ажиллаж буй. Гурван ч кино хийсэн. Киноны эрхээ бусад мэргэжлийн байгууллагад зарсан тул Монголд гаргах боломжтой эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Гэсэн ч “The Trial of Genghis Khan баримтат кино маань миний хувьд хамгийн том төсөл минь болж байгаа. (Жич: Мань эр энэхүү бүтээлээ хийхийн тулд Монголоос Унгар улс хүртэлх 10,000 км зайг мориор 3 жил гаран туулж, уг бүтээлээ нийт 6 жилийг зарцуулан хийсэн юм.)

·        Ийм хүнд хэлбэрийн (extreme and adventurous trips) аялал хийдэг хүн ямар төрлийн даатгалтай байдаг нь сонин байна?
·        Тусгайлсан янз бүрийн даатгал байхгүй ээ. Энгийн л даатгалтай явдаг.
·        Өөрийн тань цахим хуудаснаас харж байхад дэлхийд нэр хүндтэй багагүй шагналуудыг “түүсэн” юм билээ. Эдгээрээс хамгийн эрхэм нь аль нь байдаг бол?
·        2006 онд хүртэж байсан "Australian Geographic Adventurer of the Year Award" маань миний хувьд хамгийн эрхэм гэж хэлж болно. 
·        Монголчуудад зориулан таны зүгээс хэлэх зүйл байгаа болов уу?
·        Өөрийн үндэснийхээ бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг гэж битгий бодоорой. Төв Азийн орнуудаар явж байхад ихэнх улсууд нь Орост уусчихсан байсан. ЗХУ задран нурахад тэд юу ч үгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үндэсний соёл, уламжлалтай гэхэд хэцүү, огт байхгүй гэхэд бас хэцүү. Иймээс өөрийн гэсэн юмтайгаа үлдэх ёстой шүү. Танай орны байгалийн баялаг нөөц дуусахад барууны компаниуд гараад л явна. Тэр үед л та нар юутай үлдэх вэ гэдгээ одооноос сайн бодоорой.
·        Сонирхолтой ярилцлага өгч цаг гарган надтай уулзсанд баярлалаа!
·         Баярлалаа!

Thursday 21 October 2010

Discrimination

Ялгаварлан гадуурхалт

Англи хэлэнд хамгийн таагүй хараалын үг нь what the **** болон mother****** гэх зэрэг үгс байдаг. Монголчуудын түгээмэл хэрэглэдэг Орос хараалын үг ч гэсэн ер нь бол үндсэн утга ойролцоо. Харин Монголчууд хамгийн дургүй буюу үзэн ядсан хүнээ “муу хужаа”, хятадын эрлийз гэх. Олон зууны турш Хятад ба Монгол үндэстнүүд хоорондоо тулалдаж байснаас үндсэн шалтгаан үүдэлтэй мэт боловч өдгөө хүртэл бие биенээсээ харилцаа хамаарал их байгаа тул энэхүү үг, хэллэг амь бөхтэй оршсоор буй заа. Зүүн өмнөд азийн орны нөхдүүдийг төлгүүд гэж зарим Монголчууд бас хэлэлцдэг. Монгол ба эдгээр улсуудын хооронд ямар харилцаа, уялдаа, асуудал байсан болоод яг ямар утгаар ингэж хэлдгийг нь даанч мэдэхгүй юм.

Твиттер дээр Далай ламыг дагадаг болсноос хойш мань хүний нийтэд цацаж буй философи, онч үгсийг таамшаалан уншиж буй. Саяхан оруулсан нэг “жиргээ” нь дараах зүйл байв. “We must cultivate a universal responsibility toward each other and extend it to the planet that we have to share.” Each other гэдэгтээ үндэстэн, яс үндэс, нас, хүйс, баян, ядуу, цаашилбал бэлгийн чиг хандлага гэх мэт бүхий л ойлголтыг багтаан хэлсэн буй заа. Улам бүр даяар болж буй энэхүү дэлхийд Монгол үндэсний язгуур эрх ашиг гэдэг төрийн үндсэн философийг өнөө цагийн шашны том төлөөлөгчийн энэхүү айлдвартай хэрхэн нийцүүлэх ёстой вэ?

Хэдхэн саяас эхлэн тэрбум гаран хүнтэй улс орон дотор бурхан шиг сайхан хүмүүстэй зэрэгцэн адгийн шаарууд мөр зэрэгцэн хорвоогийн тоосыг хөдөлгөж буй нь мэдээжийн хэрэг боловч муу хүмүүсийн хийсэн буруу хэргийн үйл лайг нь мөрөөрөө яваа сайхан ардууд нь нуруун дээрээ үүрдэг нь хир шударга хорвоо билээ. Товчхондоо хэлэхэд аливаа улс үндэстэнд өөрийн гэсэн өвөрмөц заншил, өв уламжлал, хэл соёл байх нь зүйн хэрэг боловч эдгээр нь тухайн улсын иргэд бусад улсын иргэдийг ялгаварлан гадуурхах, түүхийн “давуу”-гаар дээрэлхэх шалтгаан болон эсрэгээр түүх “нимгэн”-ээрээ бусдад дээрэлхүүлэх шалтаг болох учиргүй мэт.

Бас нэгэн гайхаж явдаг зүйл нь эмэгтэй хүнтэй холбоотой зарим ёс заншлууд. Эмэгтэй хүнийг, ижий хүнийг амьд бурхан хэмээн цаасан дээр буулгах атлаа зарим уул, овоо дээр эмэгтэй хүн гарах нь хориотой байх төдийгүй зарим эд зүйл, хэрэглэлд гар хүрэх нь зарим нэг уламжлал, ёс заншлийн дагуу эмэгтэй хүний хувьд огт боломжгүй зүйл. Казакстанд 10 төрсөн эмэгтэй 11 дэх хүүхдээ гаргах үед санаандгүй шахуу тааралдсан барууны эмч эхийн бие нь дийлэхгүй, гаргаж болохгүй гэж хэлээд бүсгүйн нөхөрт алуулах шахсан байдаг. Нөхрийн тал болон бусад хүмүүс нь “бидний үр удмыг таслах” гэлээ гэсэн шалтгаанаар энэхүү барууны эмчийг тасчиж хаяхаа шахсан гэж найз нь болох танил маань хүүрнэсэн билээ. Тэрхүү ээж бусдын хувьд хүүхэд гаргах “машин” уу, бусдын адил энэ хорвоод амьдрах эрхтэй эрдэнэт хүмүүн үү? Хаана, хэн хүнийг хүн гэж үзэж харьцана тэр чинээгээр тэрхүү газарт аз жаргал бялхах мэт боловч тэр чинээгээр нийтээр дагаж мөрдөгдөж ерөнхий стандартууд ямар нэгэн хэмжээгээр гарч ирдэг байх. Ялгаатай соёл, ертөнцийг үзэх үзлийн улмаас энэхүү улс гүрний тэрхүү стандартууд хоорондоо зөрчилдөөд эхэлжээ. Үүнийг л Далай лам маш товчоор дээрх байдлаар томъёолсон буй заа.

Хайранд хязгаар байхгүй гэж ихэнх хүмүүс ярьж, амраг саднууд бие биендээ хязгааргүй хайртай гэж “нялуурдаг” билээ. Харин “хязгааргүй уучлах” гэсэн ойлголт бидэнд байдаг эсэх, ер нь байх ёстой эсэх? Далай ламаас аливаа уучлалд хязгаар байх уу гэж уулзах боломж гарвал асуух юмсан. Өөрөөр хэлбэл аливаа хүний нөгөө хүнийхээ, аливаа үндэстэн нөгөө үндэстнийхээ "хайр даах хязгаар" гэсэн ойлголт, хэмжүүр, "стандарт" байх ёстой эсэх? Орчлон ертөнц бүхэлдээ хайр ба уучлалт гэсэн хоёр дэнсэн дунд дэнжигнэн оршдог ч байж мэдэх юм. Энэ дэнс нь нөгөө тийшээ жаахан хазайвал ялгаварлан гадуурхалт болон бусад бурангуй ёс журмуудыг хүн хүнийхээ эсрэг гарган хана хэрэм өрөөд байгаа бус уу?

Wednesday 13 October 2010

Disposable service

Нэг удаагийн үйлчилгээ

"Харилцагч Хаан" гэдэг үг байдаг боловч тэрхүү хаан нь эрх мэдэлгүй, билэгдлийн шинжтэй "албан тушаал"-ын нэр болжээ. Энэхүү хэлцийг байгууллагууд оршин тогтнох үнэт зүйлс болгохоосоо илүү маркетингийн өгөөш болгон харилцагч нарын ам руу хэвлэл мэдээллээр хайр найргүй цацдаг болоод удаж буй бус уу манай Монголд. Хэдэн "сайхан" жишээ байна.
  • МИАТ-ийн онгоцоор ирж байхад хоолны дараа сонин унших зуур уугаад дуусгасан шар айрагны лаазаа авахаар ирж буй онгоцны эрэгтэй үйлчлэгчийн надад хэлж байгаа нь: "Хөгшөөн наад лаазаа наашаа явуулчих даа!" Би ч уурлахаасаа илүү инээд хүрээд уриалагхан аргагүй лаазаа өөрөө өндийж гарт нь атгуулаад мань эрийг онгоцны арын суудалд эртхэн хэвтэж унтахад нь тусалсан даг.
  • Гар утасны зайгаа солиулах гээд ТЭДҮ орох үед учиргүй зайгаа рекламдаад байсан бүсгүй дээр очиж наймаа хийхээр болов. Бүсгүй зайлуул зайнаасаа биш ч байж мэдэх юм ер нь таны утсыг нэг мөр үнэгүй оношлуулаад өгье гэхээр баярлаад тэг л дээ гэсэн болой. Гэтэл оношилгоо хийдэг залуу нь наад утас чинь яачихаад байгаа юм вэ гэхээр нь зай муудсан юм болов уу даа, бүтэн цэнэгтэй байж байгаад гэнэт унтраад байна гэхэд тэгвэл зай нь л муудсан гэж бодож байвал зайгаа л худалдаад авахгүй юу, юуг нь үзүүлэх гээд байгаа юм гээд цаашаа хараад тоглоом тоглоод сууж орхисон бөлгөө. Бүсгүй уул нь надад аятайхан үйлчилгээ үзүүлэх гэсэн нь хамтрагчийн аашнаас болоод будаа. Гэхдээ тэр бүсгүйгээс худалдаж авсан л даа зайгаа.
  • Банкинд хугацаа нь дууссан зээлийн картаа сунгуулахаар очив. Иргэний үнэмлэхээ канондоо ир гэх. Би шинээр карт авах гээгүй, хугацаа нь дууссан картаа сунгуулж байна, миний бүх мэдээлэл, бичиг баримтын хуулбар танай дээр байгаа гэтэл тэр хамаагүй хэмээн уг охинд учиргүй намжирдуулав. За тэгвэл хуулбар хийлгэе гэсэн чинь манай дээр канон байхгүй гарч яваад өөрөө канонд гэхээр нь яаж тэсэх вэ салбарын захирлын өрөө рүү нь харайлгаж явтал өөр нэгэн бүсгүй замаас харин скайнердаж байгаад таны иргэний үнэмлэхийг би хэвлээд өгье гэж цусны даралт жаахан буулгав.
  • Шинэ авсан рамандаа шил тааруулах гээд хоёр ч газраар оров. Эхний газарт нь миний хараанд таарах шил нь бэлэн байсангүй ээ. Яг шил тааруулдаг залуугаас нь юм асуухаар үгээр ерөөсөө хариулахгүй юм. Толгой дохиж эсвэл сэгсэрч миний асуултанд хариулна. Хэлгүй юм уу гээд бодож суутал менежерийнхээ нэрийг намайг цочтол танхимаар цуурайтуулан чанга орилон дуудаж надтай уулзуулав. Энэ залуутай харьцуулбал дөнгөж хэлд орж буй миний охин хир баргийн хүнтэй илүү ойлгомжтой харьцана шүү. Ойр хавьд шил яаралтай хийлгэх газар менежер бүсгүйгээс асуувал бусад газраа учиргүй муулах юм. Хужаагаас оруулж ирдэг л гэнэ, хуурамч л гэнэ. Арга бараад дараагийн газар очоод танайхыг ингэж байна тэр газар, аль нь үнэн бэ гэхэд эргээгээд л бусдыгаа муулах юм. Дэлхий дээр байдаггүй юмыг тэд ярьдаг гэж яг надад хэлсэн шүү. За ядаж дэлхий дээр байдаг юм ярьдгаар нь танайд захиалга өгье гээд бэлэн болохоороо миний гар утас руу залгаад хэлчих үү, би ирээд авъюу хэмээтэл та өөрөө залгаж асууж байгаад ир, бид залгахгүй гэдэг байгаа.
  • Гар өргөөд такси барих үед та биш жолооч таны очих газрыг заах болно. Та "гүрийгээд" тийшээ л явмаар байна гэвэл хоёр зээрдэндээ найдах л үлдсэн гэсэн үг.

Дээрх үйлчилгээний газрууд бүгд нь аминдаа нэртэй, томоохон газрууд байгаа юм. Саяхан Хаан банкны шинэхэн томилогдсон захирал болох Саймонтой уулзаж танилцангаа жаахан хууч хөөрөн суухад мань эр асууж билээ. Яагаад Монголд харилцагчийн үйлчилгээ ийм муу байдаг юм бэ гэж асуухад үнэндээ шууд хариулж бараг чадаагүй. Нээрээ яагаад вэ? Шалтгаан нь бидний нүүдэлчин "угшил" уу, эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар 70 орчим жил явсны гай юу? Эсвэл ерөөсөө өлсгөлөн, гуйланчлал гэдэг амьдралыг үзээгүй "цамаан" Монгол зан уу, эс бөгөөс хэний янаагүй өнөө маргаашаа аргацаан амьдармар ядаад байгаа юм болов уу?

Ийм аргацаасан үйлчилгээгээр энэ жижиг зах зээл дээр хир удаан өөрийн бизнесээ оршин тогтнуулна гэж тооцож харилцагч нартайгаа харьцдаг нь их сонин буй биз? Загнуулан барин, гуйж аргадах шахуу үйлчилгээ авч буй хүмүүс нь байгаад байгаа болохоор нөхдүүдэд өрсөлдөөн байхгүй, бүх зах зээлээ атгачихаад байгаа мэт. Баруунд бизнесменүүд нь харилцагч нартаа хошуугаа дэвсэн барин үйлчилдэг нь тэдний бүтээгдэхүүн чанаргүй гэсэн үг биш харин ирээдүйн олон жилийн бизнесийн тогтвортой бөгөөд найдвартай байдлаа хангаж буй хэрэг гэж би ойлгоод явдаг. Тэгэхээр Монголын үйлчилгээнүүд бүгд нэг удаагийн хэрэглэл гэсэн үг болох уу? Сайн бизнесийн санаатай, сайхан бизнес төлөвлөгөө хийсэн найзын найз маань хадгаламжиндаа байгаа нэг сая төгрөгөө бүгдийг хоосолж аваад уг мөнгөндөө тааруулаад хамгийн сайн чанар бүхий костюм, гутал аваад том бизнесменүүдтэй уулзаж төслөө амжилттай эхлүүлсэн түүхтэй. Энэ харилцагчийн үйлчилгээг арай өөр өнцгөөс харсан эерэг жишээ бөлгөө. Үүнтэй төстэй эсрэг жишээ бас байна. Нэг найз маань 9911-тэй дугаартай хирнээ саянаас урьдчилсан төлбөрт дугаар давхар барих болж. Яаж байгаа юм гэтэл 9911-ээрээ захиалагч, түншүүдтэй ярихаар бараа, үйлчилгээнийхээ үнийг хоёр дахин нэмээд байх юм аа. Урьдчилсан төлбөрт дугаараас ярихаар шууд боломжийн үнэ дуугардаг юм гэсэн билээ.

Томоохон үйлчилгээний байгууллагуудад дээд удирдлага нь энэхүү зовлонг ойлгож харж буй боловч уг мэдээ, мэдээлэл байгууллагын хөндлөн түвшинд нилээд сайн дамжаад босоо түвшинд хангалттай хэмжээгээр хэрэгжихгүй байгаа гэж тааж байна. Ухаан нь гүйцэтгэх захирлын бодож мөрөөдөж буй ажлын хамгаалагч, цэвэрлэгч нь ойлгохгүй, тэдэнд мэдээлэл өгөхгүй бол яаж байгууллагын үнэт зүйлс бүрдэх билээ. Чиний загнаж буй харилцагч чиний цалинг өгдөг, загнахгүй сайхан үйлчлээд эргэж ирсэн үйлчлүүлэгч чиний жилийн эцсийн бонусыг өгнө гэдгийг дунд, доод шатанд ойлгож буй хүн цөөн, тэрхүү ойлголтыг өгөх мэдээллийн дэд бүтэц нь зарим байгууллагын хувьд замбараагүй баригдсан Улаанбаатарын барилгуудтай адилхан байх шиг байгаад байгаа юм.

За болъё тэгвэл тэр ашиг орлого, харилцагчийн үйлчилгээний стандарт гэж ойлгохгүй байлаа гэхэд ядаж хүнтэй аятайхан харьцаад, толгойгоо бөнжигнүүлж харьцахаас гадна за зү гэж эгшиг, гийгүүлэгч хоршуулж үг нийлүүлэн дуу авиа гаргаад салбал ядаж нь энэ их стресстэй нийгэмд түр ч атугай хүмүүс бие биендээ эерэг энерги өгч, үсээ буурал болгох хугацаагаа хэдэн өдрөөр ч болов хойшлуулах боломжтой гэж тунгаахыг хүсдэггүй юм гэж үү?

Монголд анх удаа гэсэн тодотголтой реклам явахаар эхлээд инээд хүрдэг байсан бол одоо уур хүрэх гээд байдаг болсон байна билээ. Өөрөөр хэлбэл Монголд одоо ойрын хэдэн жилд бараг шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ гаргах шаардлага алга. Харин бидэнд шинэ стандарт, шинэ харилцагчийн үйлчилгээний түвшин хэрэгтэй байна. Нэг удаа хэрэглээд хаядаг аяга, тавга шиг бие биетэйгээ харьцмааргүй байна. Ядаж л угаагаад олон дахин хэрэглээд бүр болохгүй бол хана руу шидээд хагалдаг шаазан аяганы стандарт бидэнд хэрэгтэй байгаа бус уу. За тэр нөгөө хагардаггүй материалаар хийсэн түвшний харилцагчийн үйлчилгээний стандартанд хүрсэн үед л байгууллага "Харилцагч бол бидний хаан" гэж нүүр бардам, цээж төвхөгөр зогсож "унзад" хоолойгоор хүнгэнүүлэн хэлэх учиртай гэж сэтгэнэм. Яг ижил бүтээгдэхүүнийг сайхан үйлчлүүлсэнийхээ төлөө илүү мөнгө төлөөд авах бүхэл бүтэн зах зээл Монголд аль хэдийн бий болсныг нэг анзаараасай. 

Monday 11 October 2010

Quote of the day

“The stock exchanges of the future will migrate away from the geographical bounds that the interest groups behind any potential European Stock Exchange seek to retain. Instead of a national view, a sector approach is emerging: for example, investors will not view the market in terms of, say, Germany, Sweden, or the UK. Instead, their view will be in terms of pharmaceuticals, IT or forest products.” Per. E. Larrsson, CEO, OM Group

Guess that when did he say so?