Views
Эртний Грекийн Олимп уулын бэлд үүссэн хүн төрөлхтөний спортын их наадмын мөнгөөр үнэлэшгүй гайхамшигийг Монголчуудад мэдрүүлээд зогсохгүй Үндэсний бахархалыг бадруулж буй Зевс бурханд баярлалаа. Зуны олимпын 29-р наадам Монголын эзэнт гүрний эртний нийслэл Бээжин хотноо амжилттай болж өнгөрлөө. Монголын цээжин дээрээс нийслэл хотоо Бээжин рүү шилжүүлж байхдаа Хубилай хаан маань чухам эндээс л ач, гуч, дөч болох Монголчууд хүн төрөлхтөний спортын их наадам олимпоос анхны алтан медалиа авна гэж төсөөлж байгаагүй биз дээ. Өвөг дээдсийн минь хэсэг зуур амьдарч байсан буйр буянаа хайрласан буй заа гээд бичээд эхлэхээр нэг их өөртөө итгэлгүй, хоосон сүжиг бишрэлд автсан хүн шиг болох гээд ч байх шиг. Гэвч хоёр сая долоон зуу орчим хүнээс хорин есөн хүн олимпод оролцохоор шалгаран үлдэж үүнээс тамирчид маань нижгээд хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан нь Монгол зоны түүхэнд байгаагүй өндөр амжилт байлаа. Үүнээс илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсныг дурдах нь илүүц биз. Олимпт оролцсон дэлхийн 205 орноос амжилтаараа 31-р байранд эрэмблэгдэнэ гэдэг нь Монгол улсын олимпт оролцож ирсэн 44 жилийн түүхэнд рекорд тогтоогоод зогсохгүй эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол улсын дэлхийд жагсаж буй байраас ч даруй хэдэн арваар түрүүлж буй хэрэг юм. Авсан медалийн тоо, чанарыг нь эдийн засгийн үзүүлэлт, хүн амтай нь харьцуулбал Монгол улс дэлхийд 3-т жагсаж байгаа юм уу даа.
Намбарын хүүхдээс өгсүүлээд зарим хүмүүс амьд явбал олимпоос алтан медаль авахыг харна гэж яриад байна билээ. Би бол амьд явбал Монгол улс олимпийг эх орондоо зохион байгуулахыг харна гэж ярьж эхлэх ёстой гэж аймшигтай том “амбицлаад” байгаа дотроо битүүхэндээ. Бээжингийн хүн амын амьжиргааны стандарт хэрхэн дээшилж, спорт, нийтийн үйл ажиллагааны ямар том, гоё хэрэгсэл, талбайнуудтай болсон бол оо гээд бодохоор атаархахгүй байхын аргагүй байна даа үнэхээр. Бөх, бокс, буудлагын дугуйлан, секцүүдэд хүүхдээ, дүүгээ бүртгүүлэх гээд очсон чинь хүүхдийн тоо нь хэтрээд авахгүй гэнэ гэж хүмүүс их ярьж байна. Спортын ач гавъяа энэ мөнөөс мөнөөс гадна спортын клубуудыг маш хурдан барууны загварын арилжааны хэлбэрт шилжүүлж шударга өрсөлдөөнд оруулбал Монголчуудын дэлхийд өрсөлдөх чадварыг улам өсгөнө гэж бодох юм. Бензин тос нэмэгдлээ, амьдрал хэцүү байна гээд л яриад байдаг мөртлөө долоо хоногийн аль өдөр зоог болон уушийн газрууд байнга битүү байдаг болж, гудамж замаар явах машины тоо нь хэрээс хэтрэн, Бээжин явж олимп үзэж буй Монголчуудын тоог хараад тооцоод үзэхээр Монголд лав ядуу хүн алга аа. Аваргуудад уралдаж шагнал амлаж буй компаниудын мэдээг харахад Монголд лав бизнес хийхэд хэцүү гэж гомдоллох аж ахуйн нэгж байх үндэслэл алга аа.
Өчигдөр буюу Бадар-Ууган маань алтан медаль авдаг өдөр Тэрэлжээс хот руу орж ирж байхдаа амьдралдаа анх удаа сэтгэл хангалуун, замын стрес бухимдалгүй машин барьж явж үзлээ. Зөрж өнгөрч буй машин болгон бие биедээ найр тавин зам чөлөөлж, гэрэлээ асаан амжилт гаргасан тамирчидаа хүндэтгэхээс гадна жолооч, зорчигч болгон бие бие рүүгээ даллаж явж байсан. Сүүлдээ миний гар чилээд залхуураад гэрлээ анивчуулаад халтуурдаж эхэлсэн дэг. Хотод юу болж байсныг энд бичих нь илүүц биз ээ. Хэдий хүйтэн дайны үед Лос Анжелес, Москвагийн олимпуудад улс орнууд бойкот хийж оролцоогүй, Мюьхенийн олимпийн үеэр Изралийн 11 тамирчинг хөнөөсөн балмад хэргүүд гарсан хэдий ч энэхүү арга хэмжээний нэр хүнд огт буураагүйгээр зогсохгүй оролцож буй орнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь Улс үндэстнүүдийн энх тайвны билэгдэл болсон дэлхийн хамгийн том үйл ажиллагаа болсныг илтгэж байна. 1913 онд бий болсон олимпын туган дээрх таван тивийг төлөөлөн холбогдсон цагирагнуудын учир жанцан чухам хүү энд оршин буй заа. Явж явж спорт, шашин хоёр л Жорж Бушийн хэлдгээр “Муу муухайгийн тэнхлэг”-ийн улсуудыг хүртэл нэгтгэх юм бус уу. Дэлхийн хэддүгээр дайны үеэр билээ дээ, тулалдаж буй цэргүүд Зул сарын баярын шөнө хоорондоо байлдахаа болиод эвлэрээд гэр гэр рүүгээ буцсан бодит түүх байдаг юм билээ. Түүгээр нь ч гайхамшигтай гоё шүүдэр ший хийсэн байдгийг та бүхэн үзсэн биз ээ.
One World – One Dream уриан доор зохион байгуулсан энэхүү тоглолтын зорилго, үр дүнг анхны алтан медалиа авсан Монголчууд улам ихээр ойлгож мэдэрсэн буй заа. Мэтгэлцэж хэрэлдээд байсан улс төрийн хүчнүүд эвлэрдэг юм байна, том жиптэй, сүрчиг, гель үнэртүүлсэн залуу баярлаад хир даг, нэвширсэн үнэр ханхлуулсан гудамжны архичин өвөөтэй тэврэлддэг юм байна, танихгүй хүмүүс хоорондоо хэзээ язааны хамаатан садан шиг харилцдаг юм байна, тэрийг нь миний хараа муутай хоёр мэлмий цэнхэр дэлгэцээр болон оригоор нь хажуугаас нь хардаг юм байна. Эндээс ингээд хараад дүгнэхэд хүн гэдэг амьтан маш жаахан юман дээрээс кайф авч, өөрсдийгөө хөгжөөмөр аяддаг биологийн нэгж биш гэж үү? Хэрвээ бид хүсвэл өдөр болгон бие биетэйгээ ингэж гоё харилцан эерэг энерги бие биедээ өгч, сайн сайхныг хүсэн нийгэм, эргэн тойрноо аз жаргалаар бялхааж чадахаар байгаа биз дээ? Манай аав архи уухаараа маш сайхан ааштай болдог. Гэхдээ аавыгаа сайхан ааштай байлгахын тул байнга архи уулгаж согтуу байлгалтай биш дээ гэж ярьдаг хүүхдийн түүхтэй төстэй юм уу даа миний хэлэх гээд байгаа санаа минь. Бид өөрөө өөрсдийгөө сайхан, аз жаргалтай байлгаж чадна. Ингэхийн тулд бидэнд “шалтаг” хэрэгтэй. Монгол хүн бүр маань эдгээр амжилт гаргасан тамирчид шигээ өөрсдийн хариуцсан ажилаа яс тас хийн оргилд нь хүрч зорилгодоо хүрэхэд л боллоо. Мөрөөдөл гэдэг үг хэрэглэхээс аль болох зайлсхийж зорилго гэж ярьж, бичиж занших ёстой ч юм шиг. Монгол хүний бие онцлогт тохирсон буудлага, чөлөөт бөх, жүдо, бокс, хүндийг өргөлт, дугуй, байт харваан төрлүүдээс улам олон олимпын аваргууд төрөх бүрэн боломжтой байна. За тэгээд удахгүй Сумо олимпын төрөлд орчихвол тэнд барилдаж буй наян Монголчууд хамаг медалийг нь түүж Япончуудыг харикери хийхэд хүргэх бий вий дээ.
Бид энд анхны аваргатай боллоо гэж хөөрцөглөж байхад бидэнтэй адилхан дөрвөн мөчтэй Янк залуу найман алтан медаль хүзүүндээ зүүчихсэн гүйж явна. Энэ тухай телевизийн сурвалжлагч гудамжинд явж буй хүмүүсээс асууж санал сэтгэгдлийг нь сонсъё гэсэн чинь нэг халамцуу байрын хүнд гар “Ганц тийм п****-тай болчих юмсан” гэж авдаг юм даа. Тиймээс энэхүү амжилтандаа пологтон бид Чингэсийн удам, бид бол хийморьтой ард түмэн, ер нь би гээд ярих, биеэ авч явахад жаахан ичмээр ч юм шиг. Аварга болоход асуудалгүй харин аваргаа хамгаалах хэцүү гэдэг. Олимпын аварга болж ард түмнээ баясгасан хоёр залуудаа амьдрал дээрээ үргэлж аварга байж нэр төрөө гамтай авч яваарай гэж хүсье. Зарим хүмүүс амжилт, мөнгө, нэр алдарт живж “нас бардаг”. Энэхүү амьдралын том далайг сэлж гараад бусаддаа зөв үлгэр дууриал үзүүлэх нь та хоёрын иргэний үүрэг л гэж би хэлэх байна. Тэгэхгүй бол зарим хүмүүс, “үзмэрч” нар аль хэдийнээ та хэдийг хэдэн төгрөгтэй болсон, болох, хэзээ, хэдэн удаа эхнэр, хүүхэд солих тухай “урьдчилсан таамаглал” гаргачихсан хоорондоо мэтгэлцээд тууж явна билээ. Зарим охид хүүхнүүд, бүр аав ээж нар нь охин хүүхдээ аваргад бэлдэж байна гэж тоглоом шоглоом хийн ярьж явна гэнэ билээ шүү бурхан минь.
Мөнгөн медаль авсан хоёр залуудаа бас талархах учиртай. Ойрын хэдэн жил гаргаагүй амжилтыг гарган булган сүүлээр далласан залуус. Алтан медалийн оосроос атгаад алдсан боловч цаашаа зөндөө боломж та хоёрыг хүлээж байгаа. За тэгээд медаль авч чадаагүй тамирчдын хувьд хэрвээ би медаль авсан бол ямар их нэр хүнд олж амьдрал ахуй нь дээшлэх байсан бол оо гэж дотроо шаралхан харамсаж, тэр хирээр өөрсдийгөө дараа дараагийн уралдаан тэмцээндээ хурцалж буй заа.
Зөвхөн спорт ч биш нийгмийн бусад бүхий л салбарт бидний аваагүй “алтан медалиуд” зөндөө байна шүү дээ. Оскарын шагнал авмаар байна, Нобелийн шагналд нэр дэвшмээр байна. Мэдлэг чадвар, авъяас билгээрэээ цоороод дээшээ бүгдээрээ гаръя, хийж буй зүйлийнхээ оргилд нь бүгдээрээ цугтаа хүрье. Спортоор бол бэртэл гэмтэл, бизнест бол алдагдал, хохирол гэсэн эрсдлүүд тулгарах болно. Тэрийг давах ёстой. Спортоор бол сэргээш, допинг, бизнест бол шударга бус өрсөлдөөн гээд хэрэглэх ёсгүй арга хэрэгслүүд бий. Тэрнээс бид хол явах ёстой. Ингэж чадаад амжилт гаргасан тохиолдолд бидэнд өгөх алдар нэр, мөнгө төгрөг Монгол улсад, компаниудад хангалттай байгаа. Амжилт гаргаж чадах л юм бол шагналуудаа цуглуулаад банкны хадгаламжинд хийгээд зөвхөн хүүгээр нь амьдраад, “гэртээ гэдсээ илээд хэвтэж” байх боломж их ойрхон байна. Аа гэхдээ (DZ Man-ийн дууны үгнээс “иш татав”) нэр алдар, хөрөнгө мөнгөний төлөө амжилт гарга гэж хэлж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Энэ бол зөвхөн шалтаг. Шалтгаан нь юу билээ найз нар аа?
6 comments:
Ёстой бид бүхэнд монголын залуучууд, ирээдүй хойч үед маань маш хэрэгтэй тэмдэглэл болсон байна. Шалтгааныг заавал байлгах хэрэгтэй гэдгтэй санаа нэг байна.
Нээрээ тэр өдөр монгол хүн болгоны нүд нь гэрэлтэж нүүрэнд нь мишээл тодорч байсан. Би монголчуудыгаа анх удаа тэгэж амьдралдаа аз жаргалтай, эв нэгдэлтэй байхыг харсан ховорхон завшаантай өдрүүд.
Та ч давгүй бичих юмаа, сумо олимпийн наадамд орж байна гээд төсөөлсөн чинь бүр бөөн алт нүдэнд харагддаг байна ш д,
hehe, chaddag chaddag salbartaa altnii toloo zutgeed baij dee. XAC-n gargaj baigaa cartuudiig harlaa. niitleliin zavsaraar bas hoorhon surtalchilgaa yavlaashd
Hehe, huvi ba huvsgaliin ajluudiig hosluulah geed l uzeed bna daa. Chi sonirhoj orj uzsen bol yamai daa. Tegeed hurdan cardaa abaarai:))
hehe,. jolooch nar biy biydee nairsgaar zam tavih tuhaid uneheer tiim bsn shuu,. gaihaltai,. gudamjaar ineesn,bayr baysgalantai tsarainuudtai taaraldah uneheer saihn bsn shuu,. Olimpoos hos alt,hos mongon medal avsn tamirchid,olimp.d oroltsson niit bag tasgaljuulagch tamirchiddaa bayrlalaa,.
ene amjiltuud mongolchuudad gantsxan sportoor xicheelleed amjilt uzuulj bolxiin bn gedgees gadna bux talaar uram zorig erch xuch itgel naidvar toruulj chadsan gej bodoj bn, Sxan niitlel bolson bn.
Post a Comment