Sunday, 5 July 2009

Economic cycles

Views

Эдийн засгийн мөчлөгүүд

Нарны идэвхжил хэмээх өөр сэдвээр нэг бичлэг оруулах гээд сууж байснаа эхлээд энэхүү сэдвийг оруулбал илүү логиктой болох юм шиг харагдаад тэрлэн сууна. Оюутан байхдаа эдийн засгийн мөчлөг, долгионы онолын тухай сонирхогчийн түвшинд хэдэн ном, зохиол орчуулж уншин нийлүүлэн бичиж байснаа энд сийрүүлье. Харамсалтай нь тухайн үед ашигласан ном зүйн жагсаалт маш хангалтгүй хийснээс энэхүү бичлэг дээр referencing сайн хийх боломжгүй байгаад хүлцэл өчиж байна. Ямар ч байсан Кондратьев эрдэмтэний ном, тухайн үед дипломын удирдагч багшид маань байсан гар бичмэлийг нь нилээд нухсан санаж байна. Саяны энэхүү хямрал болох ёстой зүйл байв уу, гэнэтийн зүйл байв уу гэдэг дээр олон хүмүүс ухаанаа уралдуулан судалж хэлэлцэж байна. Ямартаа ч Азийн улсуудаас Өмнөд Солонгос улс хямралаас гарч эхэлсэн тухайгаа зарлаад байна. Нилээд олон эдийн засагч нарын эх сурвалжийг базан дүгнэхэд дэлхийн эдийн засаг буцаж хэвийн нормондоо орох замдаа аль хэдийн орсон бөгөөд уналтын доод цэгээс хэвийн хэмжээний шугаманд хүрэх замынхаа талыг аль хэдийн туулаад байгаа ажээ. Гэхдээ энэхүү үлдэж буй тал замаа ямар хугацаанд туулах нь бас л сонирхолтой асуулт болон үлдэж байна.

Ер нь эдийн засгийн өсөлт нь жигд бус, нэг хэмтэй өсөх өсөлт байдаг. Нийгмийн үйлдвэрлэлийн хөдөлгөөний явцад зарим жилүүдэд үйлдвэрлэлийн үндсэн хэмжээний өсөлт нь маш хурдан явагддаг байхад зарим жилүүдэд удаан, зарим үед бүр уналтанд ордог. Хамгийн гол судлууштай зүйл бол тодорхой цаг хугацааны хооронд байнга давтагддаг нийгмийн үйлдвэрлэлийн хөдөлгөөний хэлбэлзэл нь түүний хөгжлийн мөчлөгийн шинж чанарыг илэрхийлдэгт байгаа юм. Харин ганцаарчилсан мөчлөгийн цар хүрээ нь эдийн засгийн нэг хямралаас нөгөөд шилжих эдийн засгийн хөдөлгөөнийг хамаардаг. Ийм хэлбэлзэлийн учир шалтгааныг эдийн засгийн хөгжлийн явцад янз янзаар тайлбарладаг. Ж.Б.Сей, Д.Рикардо болон бусад эдийн засагчид нь бүх нийтийн эдийн засгийн хямралыг огт хүлээн зөвшөөрдөггүй, зарим нэгэн хэт үйлдвэрлэлийн хямралыг үйлдвэрлэлийн өөр өөр төрлийн харилцан шүтэлцээ алдагдсанаар тайлбарладаг ба энэ нь зах зээлийн эдийн засгийн хөдөлгөөний өөрийнх нь явцад засагддаг гэж үздэг байхад өөр бусад эдийн засагчид нь (Ж.Кейнс, Э.Хансен) хэт үйлдвэрлэлийн хямралыг хэрэглээг дутуу үнэлж, энэ нь олж буй ашигийн өсөлтөөс хоцросноор тайлбарлаж, хямралаас гарах арга замыг нийт хэрэглээг урамшуулахад оршино гэж үздэг. Мөн зарим эдийн засагчид хямралын шалтгааныг зээл мөнгөний бодлогыг буруу явуулсанд оршдог гэж үздэг. Одоо та бидэнтэй нүүрэлдээд байгаа дэлхийг хамарсан хямралын эсрэг улс орнууд дээр дурдсан бүхий л арга хэрэгслүүдийг ээлжлэн ашигласан ч ер нь сонгодог болон орчин үеийн эдийн засгийн онолууд 21-р зуунд тохирох зүйл мөн эсэх дээр асуудлыг босгож ирээд байна. Дээрх байдлаас үзэхэд зах зээлийн эдийн засгийн хөдөлгөөний мөчлөгийн явцын нэгдсэн шалтгааныг нэрлэхэд хүндрэлтэй асуудал болох нь харагдаж байна. Эдийн засгийн мөчлөгийн хөдөлгөөнд үелэн өнгөрөх хямрал, уналт, сэргэлт, өрнөлт гэсэн 4 үе шат байдаг.

Хямрал бол эдийн засаг дахь тэнцвэртэй байдлын алдагдал бөгөөд хямралаас болж үйлдвэрлэл буурах, зогсоход хүрэх ба нэн хүнд үед үйлдвэрлэх хүчин устахад хүрнэ. Үйлдвэрлэлийн хямралын 2 янзын хэв маяг байдаг. Барааны хэт үйлдвэрлэлийн хямрал ба дутуу үйлдвэрлэлийн хямрал. Зах зээлийн эдийн засгийн үед дутуу үйлдвэрлэлийн хямрал илүүтэй нүүрлэдэг. Тэр нь доорх байдлаар илэрдэг.

1. Төлбөр төлөх чадварын эрэлттэй харьцуулахад барааны илүү үйлдвэрлэл үүсэж, үүнээс шалтгаалан үйлдвэрлэгдсэн бараа борлогддоггүй.

2. Захиалгат барааг илүү үйлдвэрлэснээс шалтгаалан үнийн огцом уналт үүсдэг. Жишээ нь : 1929-1933 онуудад үүссэн хямралын улмаас барааны үнэ АНУ-д 54%, Англид 58%-р тус тус буурсан байдаг.

3. Үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурдаг. Энэ нь хэрэв үйлдвэрлэгдсэн бараа борлогдохгүй байгаа нөхцөлд үнэ буурч байхад үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх нь зөвхөн алдагдалд хүрнэ л гэсэн үг юм.

4. Үр дүн нь олонх үйлдвэрлэгч нар нь өр зээлээ төлж чадахгүйд хүрч дампуурна.

5. Үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нь ажилгүйчүүдийн эгнээг ихэсгэж, үүнээс хамааралтайгаар амьдралын түвшингийн хэмжээ буурч, эрэлт ч мөн хэмжээгээр буурна. Эцэст нь зээлийн систем нь хямралт байдалд татагдан орно. Учир нь бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээ ихэд өснө. Энэ нөхцөлд үйлдвэрлэгч нар нь зээлийн төлөө улам ихээр өсөх хувийг төлөхөд бэлэн байх боловч банкнаас авч буй хадгаламж их болох тусам олонхи банкнууд хадгаламж эзэмшигч нартаа хадгаламжийн хүүг нь байтугай хадгаламжийг нь өгч чадахгүйд хүрч дампуурна. Энэ цаг үетэй хамт үнэт цаасны үнэ унана. Монгол улсын хувьд өнөө цагийн барилгын салбар сонгодог жишээгээр тайлбарлагдаж болно.

Уналт нь хямралын араас эхлэх бөгөөд энэ үед илүүдэл бараанууд бага үнээр борлуулах, муудаж үрэгдэх замаар алга болно. Барааны борлуулалт сэргэж, үнийн уналт зогсоно. Уналтын үед хямралын үетэй харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Мөн энэ үед их хөрөнгө үйлдвэрлэл болон худалдаанд байраа олоогүйн улмаас банкинд төвлөрч, энэ нь бэлэн мөнгө олгох хэмжээг ихэсгэнэ. Гэвч бэлэн мөнгөний эрэлт бага байгаа нөхцөлд хүүгийн хувийн хэмжээ нь минимум хэмжээнд унана. Харин Монгол улсад маань энэхүү үзэгдэл “онол ёсоороо” явахгүй байгаа нь бид алдагдсан боломжийн өртөгт маш их зардал гаргаж буй хэрэг гэж би хараад байгаа.

Сэргэлт, өрнөлтийн үе шат нь үйлдвэрлэлийн өсөлтөөр илэрхийлэгддэг. Сэргэлтийн шатанд үйлдвэрийн үйлдвэрлэлийн өмнөх хэмжээ сэргээгддэг бол өрнөлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тухайн мөчлөгийн хүрээнд шинэ махсимум хэмжээнд хүрнэ. Өрнөлтийн шатанд үйлдвэрлэлийн өсөлт хурдасч, барааны үнэ үлэмж өсч, ажилгүйдэл багасаж, мөнгөний эрэлт ихэсч, хүүгийн хувь хэмжээ мөн өснө.

Циклийн мөчлөг дуусч, шинэ үйлдвэрлэл нь шинэ хямралын эхийг тавина. Үйлдвэрлэлийн мөчлөгийн үндсэн үе шат нь дараагийн мөчлөгийн шатны эхлэлийн үндэс болсон хямрал байна. Ирж буй хямралын эхний шинж тэмдэг урт хугацаанд эдлэгддэг бүтээгдэхүүнийг (автомашин, тоос сорогч, угаалгын машин гэх мэт) үйлдвэрлэдэг аж ахуйнуудад илэрдэг. Эдгээр бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдсэнээс болж үйлдвэрлэл буурах ба эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хэсгүүдийн эрэлтийг мөн бууруулдаг. Үр дүн нь ажилчид орлогоо алдаж, эрэлт улам бүр буурна. Үүнтэй хамт үйлдвэрлэлийн мөчлөгийн үе шат бүр нь дараагийн шатанд шилжих шилжилтийн зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Үнийн уналт болон худалдан авагчийн төлөөх өрсөлдөөн нь үйлдвэрлэгч нарыг үйлдвэрлэлийн зардлыг бууруулах арга замыг хайх сонирхолыг төрүүлдэг. Үүнийг хуучин машин механизмийг илүү бүтээмжтэй тоног төхөөрөмжөөр солих, үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны шинэ арга техникийг нэвтрүүлэх зэрэг замаар шийдвэрлэнэ. Хямралын дараа үндсэн хөрөнгийн шинэчлэл эхлэх ба их хэмжээний шинэчлэл нь үйлдвэрлэлийн хэрэгсэлийг үйлдвэрлэдэг аж ахуйн хөгжилд түлхэц болж өгдөг. Эдийн засаг нь сэргэлтийн шатанд орж, дараа нь өрнөлтийн үе шатанд шилжинэ. Ийм байдлаар үндсэн хөрөнгийн давтагдах байнгын шинэчлэлд хямралын үе үе давтагдах материаллаг үндэс оршино. Зах зээлийн эдийн засгийн үед мөн хэсэгчилсэн хямрал үүсэх ба эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг хамардаг. Жишээ нь: Мөнгөний эргэлт болон зээлийн салбар дахь хямрал. Мөн салбарын хямрал үүсч болох ба эдгээр нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, зам тээврийн аль нэг салбарт хамаарна. Жишээ нь: Нэхмэлийн үйлдвэрлэлийн хямрал. Эдийн засгийн хямралын өөр нэг төрөл нь бүтцийн хямрал болно. Энэ нь улс ардын аж ахуйн хөгжилд үүсэх тэнцвэргүй байдлаас хамаарна. Эдийн засгийн хямрал нь нэг орны эдийн засгийг хөнөөхөөс гадна дэлхийн хэмжээний шинж төлөвийг хамарч болно. 1929-1933 онуудад болсон дэлхийн хямрал нь бүх үйлдвэржсэн улс орныг хамарч, гүн гүнзгий ул мөр үлдээснээрээ алдартай юм. Эдгээр улс дахь үйлдвэрлэлийн нэгдсэн хэмжээ нь тэр үед 46%-р буурсан ба ган хайлуулалт 62%-р, хөлөг онгоцны үйлдвэрлэл 87%-р, гадаад худалдааны эргэлт 67%-р тус тус унасан байна. Ажилгүйчүүдийн тоо нийт ажиллагсадын 25%-д хүрч, иргэдийн орлого дунджаар 58%-р буурсан. Энэ хямралын эдийн засгийн ба нийгмийн үр дагавар нь чөлөөт үйлдвэрлэгчдийн эдийн засгийн системийн оршин тогтнох үндсийг аюулд учруулсан ба “шинэ курс” хэмээх бодлогыг боловсруулахад хүргэсэн бөгөөд энэ нь эдийн засгийн процессийн явцад төрийн оролцоог ихэсгэхэд тулгуурладаг. Яг энэ түүх одоо ч мөн давтагдаж бид бүгдээрээ хямралын гэрчүүд болж байна. Шинжлэх ухаан, техникийн хувьсгал хурдацтай хөгжиж буй нөхцөлд төрийн шууд нөлөөлөл нь мөчлөгийн хэлбэлзэлийн эсрэг үр дагаварыг зөөлрүүлэхэд ихээхэн нөлөөлөх ба үечлэлийн явцад үндсэн өөрчлөлтүүдийг оруулна. Үе шатны хугацаа багасна гэж эдийн засагчид үздэг. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үе дэх 8-10 жил үргэлжилсэн хямралтай харьцуулахад нэг хямралаас нөгөөд шилжихэд хэрэв төрийн оролцоо байвал ойролцоогоор 5 жил зарцуулж байсан байна. Мөн циклийн бүтэцийн өөрчлөгдөнө. Жишээ нь: 1929-33 онуудын хямралын мөчлөгт өрнөлтийн (босолтын) үе шат байдаггүй. Удтал үргэлжилсэн уналт ба хөнгөн сэргэлт үүссэн 1937 оны дунд үед дэлхийн эдийн засгийн ээлжит хямрал эхэлсэн. Гэвч бүрэн хөгжиж чадалгүй дэлхийн 2-р дайн эхэлснээр тасарсан. Дайны дараа эдийн засгийн өсөлт удаан үргэлжлээгүй.

Ийнхүү эдийн засгийн ухаан нь цаг хугацааны урт үеийг (урт мөчлөг) хамарсан үечилсэн хэлбэлзэлийг гаргаж илрүүлсэн байна. Анх Английн эдийн засагч Кларк 1793-1847 онуудад болсон хямралын хоорондох урт хугацааны үе нь (54 жил) зүгээр тохиолдол бус харин тодорхой учир шалтгаанаас үүдэлтэй гэж үзсэн. Дээрх үзэл санаанд Оросын эрдэмтэн Кондратьев их хувь нэмэр оруулсан. Европын олон улс орны хөгжлийн эрчийг 100-150 жилийг хамруулан бие биесээ хамаарах үзүүлэлтүүдээр судалсны эцэст тэрээр доорх гол дүгнэлтэнд хүрсэн байна. Зах зээлийн хөгжил нь давалгаа хэлбэрээр явагддаг, үйлдвэрлэл нь том шатлалын хүрээнд (45-60 жил) хөгждөг бөгөөд мөчлөг бүр нь босолтын шат ба уналтын шат гэсэн 2 том шатлалаас бүрддэг хэмээх ихэнх эдийн засагчид баталдаг.

Кондратьев дараах том мөчлөгүүдийг (урт давалгаа) ялгаж гаргасан.

Босолт буюу өрнөлтийн үе

Уналтын үе

Техникийн шинэчлэлүүд

1778-1813

1814-1842

Уурын хөдөлгүүр, сүлжмэл ба нүүрсний үйлдвэрлэл

1843-1869

1870-1890/95

Усан онгоц, төмөр зам, ган хайлуулалт

1890/95-1914/20

1920-1935/40

Электрон техник ба химийн шинэчлэлүүд, дотоод шаталтын ба дизель хөдөлгүүр

1940/45-1965

1965/70-1985

Автомашин, электрон техник, химийн үйлдвэрлэл

Кондратьев өөрийн судалгаагаа 1920 он хүртэл хийсэн ба сүүлийн 20-30 жилийг үйлдвэрлэлийн уналт болно гэж үзсэн байдаг.

Үе шатууд

Өсөлтийн жилийн тоо

Уналтын жилийн тоо

1822-1843 оны хоорондох их мөчлөгийн уналтын долгион

9

12

1843-1874 оны хоорондох их мөчлөгийн өсөлтийн долгион

21

10

1874-1895 оны хоорондох их мөчлөгийн уналтийн долгион

6

15

1895-1912 оны хоорондох их мөчлөгийн өсөлтийн долгион

15

4

Кондратьевийн урьдчилан хэлснээр, барагцаалбал 1920 оны үеэс дэлхийн аж ахуй 3 дахь их мөчлөгийн уналтын долгионд орсон ба энэ нь ихэнх капиталист орнуудыг хамарсан 1929-1933 онуудын гүнзгий хямралаар бүрэн батлагдсан болно. Эдийн засагчид түүний үзэл санааг дараагийн хөгжлийн үед ашиглан анализ хийн 4 дэх давалгааг гаргаж ирсэн ба босолт нь 1940-өөд оны төгсгөлөөс 1970-аад оны дунд үе хүртэл, харин уналт нь 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжлэхээр тооцжээ.

Урт хугацааны хэлбэлзэлийн нөлөөн дор богино хугацааны мөчлөгүүд өөрчлөгддөг. Хэрэв богино хугацааны мөчлөг нь “урт давалгааны” босолтын шатанд багтсан бол тэдгээрийн өөрсдийн босолтын шат нь уртасна. Хэрвээ “урт давалгаа”-ны уналтын шатанд багтсан бол хямралын ба уналтын шатууд уртасна. Зах зээлийн эдийн засаг нь дутуу үйлдвэрлэлийн хямралаас мөн хамааралтай. Жишээ нь: Түүхий эдийн ба хүнсний бүтээгдэхүүний хямрал нь (1970 оны дунд үе дэх) хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, нефтийн үнийг дэлхийн зах зээл дээр огцом өсөхөд хүргэсэн ба барууны орнуудын үйлдвэрлэлийн харилцааг эвдсэн байна. Хэдхэн жилийн өмнө бидэнд тохиолдсон улаан буудай, цагаан будааны үнийн өсөлт ч үнийг нотлоно. Дутуу үйлдвэрлэлийн хямрал үүсэхэд эдийн засгийн хүчин зүйлүүдээс гадна байгалийн, нийгмийн шинж чанарууд (ган, ургац алдах, улс хоорондын болон дотоодын зөрчлүүд) ихээхэн нөлөө үзүүлдэг.

Эдийн засгийн хямрал нь арван жилээр ч тогтохгүй үргэлжилдэг. 19-р зуунд судлаачид 7-11 жил үргэлжилсэн, эсвэл 3,5 жилийн хугацаа бүхий дундаж мөчлөгүүдийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Ж.М. Кейнс энэ тухай “мөчлөгийн хөдөлгөөний тухайд бид бүхэн эдийн засгийн хөгжлийн доорх системийг, тухайлбал өсөлтийн тал руугаа, гэхдээ үүнийг өдөөгч хүчин зүйлс нь хуримтлагдаж бие биежээ хүчирхэг болгож, дараа нь аажмаар буурах, тэгээд тодорхой цаг хугацаанд эсрэг чиглэлд үйлчлэх хүчин зүйлүүд үүсдэгийг судлах ёстой. Өөрийн үедээ эсрэг үйлчлэх хүчнүүд нь тодорхой цаг хугацааны туршид хүчирхэгжиж бие биеэ харилцан идэвхжүүлээд өөрийн дээд хязгаартаа хүрээд эргэж буурч өөрийн суудлыг эсрэг талдаа өгөх гэх мэт. Бид мөн өсөх, буурах хандлагын үргэлжлэл ба дараалалд мэдэгдсэнээр байнга тогтмолжих хандлага байгааг мэднэ” гэжээ. Байгалийн, нийгэм ба эдийн засгийн шинжлэх ухааны зааг дээр оршдог долгионы хэлбэлзэх үйл явцын асуудлууд нь байгалийн шинжлэх ухааны эрдэмтдийн санааг нь зовоож байна. Дээрх асуудлаар жишээ нь, Саратовийн их сургуулийн физикч эрдэмтэд болох Трубецков, Роках нар гүнзгий тулхтай судалгаа хийж байна. Трубецков жишээ нь доорх зүйлсийг тэмдэглэсэн байна. “Долгион ба хэлбэлзлийн онол нь бүх төрлийн байгалийн систем дэх хэлбэлзэл ба давалгаат долгионы хөдөлгөөнийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Гэхдээ долгионы ба хэлбэлзэлийн онолын хувьд гол нь хэлбэлзэх ба долгионы ерөнхий шинж чанар нь байх ба харин түүний тодорхой байгалийн (физик, биологи, эдийн засаг гэх мэт) орчны үүсэлтэй холбогдсон систем дэх зан байдал нь гол хүчин зүйлс болдоггүй. Эдгээр ерөнхий шинж чанар нь бодит системд цөөхөн эталоны загварын үндсэн дээр тогтоогддог. Эдгээр загварууд нь дүрэм ёсоор голчлон макро эдийн засгийн өөрчлөлтүүдийн харилцан үйлчилгээг дүрсэлдэг. Үүнд жишээ нь, хөрөнгө оруулалт, улс төрийн ба шашны үзэл санаа, үйлдвэрлэл ба барааны хэрэглээний үзүүлэлтүүд гэх мэтгэжээ.

Амьдралын олон талт үзэгдэлд дээрх хандлагын гол шинж чанар нь тойрон хүрээлж буй зүйлсийн мөн чанарыг олон талаас нь судлахдаа мөчлөгийн ба долгионы хандлагаар дам үзэхэд оршино. Энэ судалгааны арга нь амьдрал дахь нээгдээгүй байгаа нийгэм, эдийн засгийн зүй тогтлын нийтлэг түлхүүр болж өгдөг. Л.Гумилев нь дээрх аргыг түүхийн шинжлэх ухаанд амжилттай хэрэглэж, зууны угсаатны ёсзүй, соёлын хөгжил цэцэглэлт, уналтанд, мөн тухайн улсын ба үндэсний үүсэл хөгжилд долгионт шинж чанартай процесс бий байгааг баталсан. Орос, Америкийн нэрт эрдэмтэн Сорокин социологи ба философид мөн адилхан аргыг хэрэглэсэн. Сорокины дээрх хандлага нь шинжлэх ухаан, техникийн хүрээнд бараг хэрэглэж дууссан мэт харагдах боловч (шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл гэх мэтийн цагийн хуваарилалтын мөчлөгт шинж чанарт олон эрдэмтэд анхаарлаа хандуулж ирсэн.) бусад ахуйн хүрээн дэх адил төст зүй тогтоцын үүсэл нь нээлтийн шинж чанарыг илэрхийлж байсан. Ёс суртахуун дахь хямралт үзэгдлүүд болон мөн хүн төрөлхтний хөгжлийн янз бүрийн үе шатан дахь хууль эрхзүйн хэм хэмжээний өөрчлөлтүүдийг судлах явцдаа эрдэмтэд тэдгээрийн хөгжлийн мөчлөгт долгион хэлбэртэй шинж чанарыг гаргаж ирж чадсан. Сорокин өөрийн нэгэн бүтээлдээ шинжлэх ухаан, философи, шашны болон урлагт хямралт үзэгдэл байгааг болон тэдгээрийн үе шатыг үзүүлсэн байдаг. Эдийн засагч Кейнс мөчлөгийн янз бүрийн үе шатанд удирдлагын аппаратын үйлчлэлийн янз бүрийн арга хэмжээг эдийн засагт хэрэглэх хэрэглээ болон улс төрийн хүрээнд үүсэх мөчлөгийн үйлчлэлд анхааарлаа хандуулсан. Кейнс бичихдээ “нийт хэрэглээний өсөлтийн хэмнэл өөрчлөлт нь нэгдүгээрт үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэнд, дараа нь зарцуулалт ба үнэнд нөлөөлдөг. Иймд эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг, түлхэц өгдөг улс төрийн бодлого нь эхлээд өсөлтийг, дараа нь уналтыг өгдөг бол өсөлтийг хязгаарладаг улс төрийн бодлого нь эсрэг байдаг.” Мэдээж хэрэг ойрын үед сонгуульд оролцох гэж улс төрчид урамшуулах бодлогыг сонгодог. Үр дүнд нь улс төр нь үргэлж доорхи томъёогоор илэрхийлдэг. “ Урагшаа – Зогс – Урагшаа ” гэсэн байдаг.

Америкийн эрдэмтэн М.Ш.Артур АНУ-ын бүх түүхийг мөчлөгт процессийн дагуу авч үзсэн. Тэрээр эдийн засаг, улс төр, сэтгэлзүй, нийгмийн мөчлөгүүдийг харилцан үл хамаарах үзэгдэл болгон салган үзэж дараах баяжуулсан тодорхойлолтыг өгсөн. “Мөчлөгийн нийгмийн зорилтууд болон хувь хүний сонирхлын хоорондох үндэстний хүчний хэрэглээний цэгийн үргэлжийн шилжилт гэж тодорхойлъё. Гэвч тодорхойлолт бол бүрэн тайлбар биш. Яагаад мөчлөг ийм байдлаар явагддаг вэ ? Чухам юу эдгээр үечилсэн өөрчлөлтүүдийг авчирдаг вэ? Хэрвээ энэ нь үнэхээр мөчлөг мөн юм бол хариултыг түүний, юуны өмнө дотоод орчинд нь хайх хэрэгтэй. Шинэ мөчлөг бүр нь өмнөх нөхцлөөс болон түүний угийн зөрчилдөөнөөс урган гарах ёстой бөгөөд тэдгээрт байж дараагийн эргэлтийн нөхцлийг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ мөчлөг нь өөрөө нөхөн үйлдвэрлэгч байх ёстой. Хэрвээ зөвхөн процесс нь сүйрэлтэй тулгараагүй бол түүнийг гадны хүчин зүйл тодорхойлж чадахгүй.” Эндээс үзэхэд хөдөлгөөний мөчлөгийн ба долгионы хэлбэр нь эдийн засаг, социологи, улс төрийн процессийн үндэс нь болдог. Эдгээр нь мөн биологийн, эмнэлэг, эрүүл мэндийн, кибернетикийн болон бусад техник, байгалийн шинжлэх ухаанд зонхилдог. Үүнд энэ хандлагын ямарваа нэгэн биет болон үзэгдэл юмсыг судлахад хандах нийтлэг байдал илэрдэг.

Осиновын ажил их сонирхолтой ба тэрээр нийгмийн харилцааны процессын тухай нийгмийн ухааны сонгодог схемийг физикийн ухааны Кирхгофийн хууль дээр үндэслэсэн цахилгааны схемтэй харьцуулснаар, энэ нь (цахилгаан схем) нөхөн үйлдвэрлэлийн процессын загварын нэгэн адил байж болохыг баталсан.

Мөчлөгийн ба долгионы ойртох хандлагын нийтлэг байдлын зарчим нь зарим барууны эрдэмтэдийн судалгаагаар батлагдсан ба энд төвлөрсөн төлөвлөгөөт /ЗХУ/ системийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлах явцад мөн ижил төстэй шинж чанартай процессууд байгааг батлаж чадсан байна. Энэ утгаараа Кондратьевын дэвшүүлсэн эдийн засаг дахь давалгаат процессын үндэслэлийг баталсан. ЗХУ дахь өсөлтийн явцын үечилсэн хэлбэлзэлийн тухай номондоо Хатгинс бичихдээ: “Хэдийгээр эсрэг утгатай батлагдаагүй мэдээлэл байгаа боловч ЗХУ-д үйлдвэрлэлийн өсөлтийн хурдацын үечилсэн хэлбэлзэл байдаг. Өгөгдсөн төлөвлөгөөт хугацаанд жилийн өсөлтийн хурдац нь дунд үед нь буюу арай хойхно өсөлт рүү тэмүүлж, дараа нь буурдаг” гэжээ.

Сүүлийн хоёр зууны туршид Орос оронд хийгдсэн эдийн засаг болон цэргийн өөрчлөлтийн амжилтанд Кондратьевын мөчлөгийн нөлөөллийг үзүүлсэн хүснэгтийг авч үзье.

Учир байдлын их мөчлөгүүд ба тэдгээрийн Орос орны

Эдийн засаг болон цэргийн өөрчлөлтийн амжилтанд нөлөөлөх нөлөөлөл.

(18-р зууны 80-д оноос 20-р зууны 90-д он)

Өсөлтийн давалгаан

Уналтын давалгаан

1

2

3

18-р зууны 80-д оны сүүлч үеэс 1810-1817 он хүртэл

Александр 1 хааны шинэтгэл (1801-1817), М.М. Сперанскийн дэвшилтэт шинэтгэлийн төслүүд

1810-1817 оноос 19-р зууны 40-д оны сүүл үе, 50-д оны эхэн үе хүртэл

Николая 1-ийн эсрэг шинэтгэл (1825 оноос 19-р зууны 50-д оны эхэн үе хүртэл), Е.Ф. Канкринагийн шинэтгэх үйл ажиллагаа

1

18-р зууны 80-90 онуудад Хар болон Азовын тэнгист болон Прибалтик дахь Оросын бодлогын бэхжилт

Рулянцев, Суворов, Ушаков, Кутузов нарын дэвшилтэт үйл ажиллагаа

Амжилт (ялалт) олсон дайнууд : Үүнд : Ирантай (1804-1813), Турктэй (1806-1812), Шведтэй (1808-1809), Напелеонийн армийг ялсан ялалт (1812-1814)

Аракгеевын цэргийн эсрэг шинэтгэл, 1816 оноос эхэлсэн цэргийн суурингийн дэлгэрүүлэлт /нэвтрүүлэлт/, Николая 1-р хааны зүгээс хийсэн декабристуудын бослогын даралт болон улс оронд тогтоосон цэрэг улс төрийн дарангуйлал.

Үр дүнд нь : 1853-56 онуудын Крымийн дайны ялагдал

2

40-д оны сүүлч 50-д оны эхэн үеэс 19-р зууны 70-д оны эхэн үе хүртэл

19-р зууны 60-д оны Александр 2-р хааны “Их шинэтгэл”, хамжлагын эрхийн халалт

1857 оны цэргийн суурингуудын халалт, 19-р зууны 60-д оны Милютиний ардчилсан цэргийн шинэтгэлүүд

19-р зууны 70-д оны эхэн үеэс 90-д он хүртэл

19-р зууны 80-д оноос хийсэн Александр 3-р хааны шинэтгэлийн эсрэг үйл ажиллагаа, 1870-1880 онуудын анхны гүнзгий газар тариалан ба үйлдвэрлэлийн хямралууд

19-р зууны 70-д оны цэргийн шинэчлэлийн программын цомхотгол, 1904-1905 оны Орос-Японы дайнд Оросны флот сүйрэхийг зөгнөсөн, Александр 3-ын эсрэг шинэтгэл

3

19-р зууны 90 оноос 1914-1920 он

19-р зууны 90-д оны үйлдвэрлэлийн өсөлт, 1895-1910 онууд дахь Стольтины ардчилсан шинэтгэл

1904-1905 оны Орос-Японы дайны ялагдал.

Дэлхийн 1-р дайнаас хамаарсан 1905-1914 онууд дахь цэргийн ардчилсан шинэтгэлийн тасалдал

20-р зууны 1914-1920 оноос 46 оны эхэн үе

Шинэчилсэн эдийн засгийн бодлогын /нэн/ уналт сүйрэл, 1920 оноос хойших Сталингийн удирдан захирах тушаах системийн тогтолт

1924-25 оны цэргийн шинэтгэлийн ерөнхий бус амжилт, хаалттай зан чанар, дэлхийн 2-р дайны өмнө зэвсэгт хүчний байлдах чадварын сулралт

4

20-р зууны 40-д оны дунд үеэс 60-д оны сүүл үе хүртэл

“Дулаан” цаг үе, нэг хүнийг тахин шүтэх асуудлыг дуусгасан үе, 1956-68 оны Хрущев-Косыгины шинэтгэл

Эх орны агуу их дайнд Зөвлөлтийн арми ялсан ялалт, 1945-1948 оны нийтийг хамарсан цэргийн халалт, цэргийн чанарын өөрчлөлт (50-д оны дунд үеэс 60-д он хүртэл) олон нийтийн бүтээн байгуулалт

20-р зууны 70-д оны эхэн үе 1989-1992 он

Зогсонги үеийн эрин, Брежневийн эдийн засгийн, Сусловын үзэл санааны хатуу чиг шугамын үе.

Цэргийн үгүйрүүлсэн улс төрийн бодлого, эдийн засгийн дэндүү цэрэгжүүлсэн бодлого, 1985-99 оны “энх тайвны ялагдал”, ЗХУ-ын зэвсэгт хүчний уналт, задрал

Монгол улсын хувьд иймэрхүү судалгааг хийж үзвэл бас их сонирхолтой бөгөөд учир шалтгааныг тайлбарлаж болохүйц дүгнэлт гарах бүрэн боломжтой бөгөөд дараах чиглэлээр судалгааны ажил хийвэл практик ач холбогдолтой байх өндөр магадлалтай байх болох юм. Үүнд:

· Тогтмол болон тогтмол бус хэлбэлзэлүүдийг нь тооцсон эдийн засгийн учир байдлын өөрчлөлтүүд ба түүхэн байдлын бичиглэл, тэмдэглэлийн хураангүйг системтэй байдлаар багцлах

· Эдийн засгийн мөчлөгийн гол санааны нөлөөллийг тооцсон улс орны санхүүгийн хамгаалалтын ба эдийн засгийн хүрээн дэх нөхцөл байдлын хөгжил, бууралтын арга судлал, аргазүйн боловсруулалт

· Бүгдийг хамарсан, цомхотгосон онолыг бий болгох оролдлого

· Хямралт үзэгдлүүдийн цаашдын судалгаа, тэдгээрийн ялангуяа бүс нутгийн цэргийн болон улс төрийн шинж чанартай үйл явдалтай холбогдох харилцан холбоос

Дээрх судалгааны санал нь ойрын 10 жил дэх Монгол улсын эдийн засгийн хөгжлийн эрчимийг урьдчилан харах, эсвэл бүхэлд нь дэлхийн эдийн засгийн, нүүдэл, цэрэг дайны хөгжлийн эрчмийг урьдчилан харахдаа гол нь биш юм. Эдгээр нь хүн төрөлхтөнд цаг хугацаанд нь баялагийн ашиглах, нөөцлөх, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн чиглэлийг сонгохыг тоймлоход, түүнчлэн хүн амыг хүнсээр хангах, эрүүл мэндийг нь хамгаалах, түлш, эрчим хүч, уул уурхайн баялагийн хуваарилалт болон дутагдал, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нэг улс орны төдийгүй дэлхийн аж ахуйн хөгжил дэх даяарчлалын асуудлуудын хурцдах үеийг урьдчилан харахад туслах юм болов уу гэж мунхаг би сэтгэн суумой. Дараагийн бичлэгээрээ энэхүү сэдэвийг нилээд багасган нийгмийн зөвхөн нэг салбар дээр жижиглэн буулгах гэж оролдсон оюутан үеийн гэнэн ч гэмээр, зоригтой ч гэмээр нэгэн ажлынхаа талаар оруулъя.

No comments: