Views
Бусадтай тэнцүү харьцаж бусдаар ижил хүндлүүлье!
Алив зүйлийн борлуулалт, амжилтын 90 гаруй хувь нь яриа буюу хүмүүс хоорондын харилцаа байдаг гэсэн судалгаа, онол байдаг. Би хувьдаа хүмүүсийг ялгалгүй харьцаж аль болох нээлттэй байхыг эрмэлздэг. Магадгүй заримдаа хэт нээлттэй байдаг болов уу. Тийм ч болохоор миний найзууд, танилуудын хүрээ бас ч гэж харьцангүй өргөн. Нөгөө талаасаа шууд надтай тулж чөлөөтэй ярих нь ховор (Үүнд “хүмсүүдийн” согтолтын зэргийг нь оруулж тооцоогүй хэлсэн болно). Миний найзууд дотор удам дамжсан “тасарсан” баян айлын хүмүүс, жинхэнэ “бор зүрхээрээ” бусдад гай болохгүй яваа хүмүүс, мундаг толгойтой боловсролтой залуус, өнөө маргаашийг аргацаан өнгөрүүлж буй нөхдүүд, худлаа үнэн ярьж “бүлт авдаг” хүнд гарууд, согтохоороо ирж машин барь, эрүүлжүүлэхээс гаргаж өг гэж “эелдэг” загнах андууд, улаан цагаан худлаа ярьж архины мөнгө авдаг хамаатнууд ч бишгүй бий. Дээр үеийн жишээ гэвэл аль дивангарт буюу арван жилд байхад манай ангийн зарим охидууд сарын юм ирсэн чинь дамсагний мөнгө байдаггүй. Мөнгө зээлээч гээд хаалга тогшдог байж билээ. Саяны жишээ гэсэн чинь манай байрны гараажийн жижүүр залуу аминчлан дуудаад уулзаж байна аа. Яасан гэсэн чинь ажил явдал гараад хамаг мөнгөө шавхсан чинь сургалтын төлбөрөө төлж чаддаггүй. “Хэдэн” сарын хугацаатай “хүүгүй” мөнгө зээлдүүлэх үү гэж асууж билээ.
Миний зарим “фракцийн” найзууд хааяа хэлдэг юм. Чи бидэнтэй бусад найзалдаг найзуудаа танилцуулаач гэж. Би одоохондоо үгүй ээ л гэдэг. Дээр дурдсан эрс тэс “бүлэглэл, зиндааны” хүмүүсийг хооронд нь танилцуулдаг, дараа нь хоорондоо таардаггүй, хэрүүл уруул, зодоон цохион болох бий гэж эмээдэг учраас л тэр билээ. Хааяа зарим хүмүүсийг хараад хэлмээр санагддаг юм. Юу гэвэл хааяа ч гэсэн зиндаа, зэрэг дэв, албан тушаал гэсэн нүүрний багаа хуулж хаян автобус микронд сууж, билет таслагчид “загнуулахаа” болъёо гэхэд хог ачиж буй залуу, орцны цэвэрлэгч эгч, байрны жижүүр өвөөтэйгээ тааралдах болгондоо мэндэлж байвал “нөл” цагаан энерги цуглууллаа л гэсэн үг бус уу (Уул нь үүнийг заавал шашин, сүсэг бишрэлтэй холбох албагүй л дээ!). Эсрэгээрээ хөөрхий хөөрхий гээд байхад тоодоггүй, даварсаар даварсаар “Дагвын” оронд очих гээд байгаа эрхмүүдэд эрийн хугархай, эмийн хэлтэрхий байж, бусдад эрхлэхээ багасга гэж хэлмээр ч юм шиг. Мэдээж эхний ээлжинд аль аль талаасаа тэвчээр гаргаж, харилцан бие биенээ уучилж сурах ёстой юм шиг байгаа юм. Нэгэн алдартаны хэлсэн үгийг саяхан харж байсан юм. Тэр нь “Амьдрал бол мөрөөдөл, айдас хоёрын нийлбэр” гэж. Энэ хоёрын алтан тэнцвэрийг олж амьдрах ухааныг хүн ялгалгүй харьцаж сурахтай хослуулсан нийгэм байгуулах нь хүмүүн төрөлхтөний бас нэгэн мөрөөдөл биз ээ.
Ямар ч төрлийн, зиндааны хүмүүстэй уулзан ярилцахад тухайн хүмүүсийн орчинд нь байвал ярьж буй хүмүүсээ илүү их би мэдэрдэг. Хар “гонжоом”, цагаан цамцаар гангалаад тансаг буудлын хурлын өрөө, эсхүл ресторанд гадна, дотны ажил хэрэгч хүмүүс, түшмэдтэй уулзан Монгол байтугай дэлхий дахины нөхцөл байдлын тухай ярьж байснаа орой нь элэгдсэн “шоорт, ханцуйг нь тайрсан цамц, сандаалтай талх авах гэж гарангаа байрныхаа жижүүр залуу болон шинэ сүү зардаг жижиг дэлгүүрийн худалдагч эгчтэй хууч хөөрөхөд ямар сайхан бөгөөд сонирхолтой мэдрэмж төрдөг гээч. Түүнчлэн эмх цэгц бүхий оффисийн өрөөнд эрээн зангиа тэргүүтэнээр хувцаслан жигдэрсэн хамт олныг, тэрхүү орчныг, ярьж буй сэдвүүд, ертөнцийг үзэх үзлийг нь яарсан үедээ барингаа мэнд мэдэн хууч хөөрч сонин сайхан солилцдог таксины жолооч, лагерь явах гэж дайгддаг микрийн “кондуктор” хүүхдүүдтэй харьцуулахад бас л нэгэн амьдралын өөр кайфыг авч, нэг бүлэг нь цагаан өнгийг цагаан гэж мэтгэж байхад нөгөө бүлэг тас хар гэж баталж байгааг сүүлдээ өөрөө ч ойлгохгүй амьдралын философи дунд манарах ажгуу.
Нилээд хэдэн сарын өмнө хүүхдэдээ төрсний гэрчилгээ авах гээд дүүрэг дээр шинэ маамуутай болсон эцэг эхчүүдын дунд оочерлон зогсож байв аа. Бараг хоёр цаг гаран зогссон байх. Гэтэл 30 гаран насны залуу нярай хүүхдээ тэврээд эхнэртэйгээ хүрч ирэн хүмүүстэй юм ярьж явснаа оочерын хамгийн эхэнд хээв нэг зогсож билээ. Хүмүүс ч хүүе хаая болоод ирсэн дугаараараа зогс гээд шаардлага тавиад эхэлсэн чинь өнөөх чинь харин хүүхэд нялх, гэр холын хол гэр хороололд тул намайг та нар урдуураа оруулах ёстой гээд жишим ч үгүй шүднийхээ завсраар сийгүүлдэг байгаа. Миний арын залуу би ч гэсэн нялх хүүхэдтэй, хүүхдээ машинд гадаа хүнд харуулаад орхисон байгаа, тэр маань энэ хүмүүст хамаагүй болохоор би бусадтай адил оочерлоод одоо эхэнд нь ирж байна гээд учирлатал нөгөөх “домбоо” чинь надад тэгвэл машин байхгүй гэж элийрээд. Арын бүсгүйчүүд тэгсэн хэний төлөө амьдраад байгаа юм, оочерлож чадахгүй юм бол яах гэж хүүхэд гаргасан юм гээд тачигнаад эхэлсэн тулдаа эхнэр нь санаа зовж хоёулаа дугаарлаж зогсоё гэтэл залуу эд нар заавал намайг урдуураа оруулах ёстой гээд нэг үзээд, байцаагчийн өрөөнд дайрч орж нэг үзээд биднийг дийлээгүй. Миний ард зогсож байсан залуу энэ мууг барьж аваад нүдчих үү гээд, би боль яах юм энэ тэр гэж төрийн цагдаагийн үүрэг хэдэн хором гүйцэтгэв шүү дээ. 30 нилээд гарсан энэхүү залууг бүх талаар нь өөрийнхөө 4-р ангийн дүүтэйгээ харьцуулахад яалт ч үгүй манай дүү илүү болж таараад байгаа юм. Гэвч “тэр муу” залуу “учрыг нь олоод” секс хийгээд хүүхэд гаргачихсан байдаг. Элээ минь! Яаж тэр вэ? Ээ, хожуу ч гэсэн оочирлох ёстой гэж ухамсарласан эхнэр шүү юм нь “тусалж юм хумыг” нь чиглүүлсэн байж таарах нь л дээ зайлуул гэж. Өрх гэрийнхээ гишүүнтэйгээ харьцахдаа гаргадаг эелдэг харьцаа, соёлтой хандлагаа бид нар яагаад хааяа ч болтугай гудамжаар зөрөн өнгөрч буй, таньтай нийгмийн бүх төрлийн харьцаанд ямар ч түвшинд орж буй үл таних тэр нэгэн эрхэмд гаргаж болохгүй гэж? Тэр эрхэм нь заавал мөнгөтэй, эрх мэдэлтэй, алдар нэртэй, царайлаг, өндөр, туранхай, залуухан, ардаа татлаа түтлээгүй байх албагүй биз дээ журмын нөхөд минь? Та бидний амьдран буй нийгмийн багагүй хувь нь бие биенээ билгийн биш “бэлгийн” нүдээр хардаг болсонд харамсан энэхүү бичлэгийг тэрлэн суугаа ухаантай. Зарим хүмүүс “дайсны талын” нөхдүүдийн “бэлгийн” нүдэнд өртчих санаатай нүүрэн дээрээ нүүр зуран алиалагч болж, толгой, бөгснийхөө байрлалыг солин барин алиатаж гэр бүлийн гишүүдээ алдар нэр, мөнгөний төлөө худалдахад ч бэлэн байгаа араншин гарган, үйлдэл үзүүлж байгаа бодит жишээ магадгүй танд дор хаяж нэг байгаа даа? Байхгүй бол сайн байна. Байгаа бол бүр сайн. Яагаад гэвэл өөрийг тань бурхан тусгай шалгуураар сонгон тэрхүү “чаралба, шимнуус” нарыг сургах, ухааруулах, хүмүүжүүлэх тусгай даалгаврыг өгсөн гээд л ойлгочих. You are the one dear!
Гэхдээ мэдээж сайхан эерэг энерги “харилцан өгөлцдөг” халуун дулаан харилцааг хөрш айлынхаа хүнээ хүндэлж хариу хүндлэл хүлээх байдлаар бага багаар эхэлсэн нь дээр биз ээ! Тэрнээс биш учиргүй “гудманд” яваа хүн болгоны өмнө хошуугаа дэвсээд гүйж яв гэсэн үг биш болмой. Аан! Уул шугамандаа чухам ингэж, “тал талаасаа сэтгэл, зүтгэл” нэгэн зэрэг гаргаж байж л нийгэм маань бултаараа “балансжин” иргэн бүрийн үндсэн хуульд заагдсан ардчилалын эрхэм заалтууд жинхэнэ утгаараа биелэгдэх юм байна шүү дээ. Гэтэл “одооны” зарим залуус яаж байна. Болохгүй ээ! Хүндлүүлж тоогдохын тулд эхлээд хүндэлж тоож сурна аа гэдэг юм шүү дээ! Merci Beaucoup! (Сүүлийн хэсэгт Ди Зи Мэн ахын дуунаас “гулгуулчихлаа”. Нэрийг нь дурдсан учраас B Production зохиогчийн эрх гэж “айлгахгүй” хэмээн найдаж байнам).
5 comments:
hey how to select that funny, interesting, cool reactions?
Hi dear!
Please play with your blog template! It is Dashboard - Layout - Blog Post and check Reactions!
Have a fun!
Dear Vganzorig,
I know that you used to work for TDB, but what do you do for living right now?
Also you mentioned about a club of CFOs in one of your previous posts.
I would happily join the club if I somehow manage to pass your criteria.
I realy enjoyed with reading your article and writing style.
hi Ganzorigoo, chinii blog deer comment uldeehdee zaaval angli hel deer bichih yostoi yu???
Chi joohon huuhedtei bolson yum u?
Post a Comment