Thursday 19 November 2009

Current Political Situation in Japan

Views

Япон улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал

Янз бүрийн сонирхолтой зочид ирж сургууль дээр лекц, нээлттэй ярилцлага хийдэг ч миний хичээлийн цагтай давхцаад байдаг тул огт оролцож чаддаггүй байв. Харин өнөөдөр Япон улсын Либерал ардчилсан намын төлөөлөгч, парламентийн доод танхимын гишүүн ноён Таро Конотой чөлөөт уулзалт хийх завшаан тохиолдов. Өнөөг хүртэл миний уулзаж байсан Япон хүмүүсээс хамгийн цэвэрхэн англиар ярьдаг нь гэж хэлмээр байна. Жаахан хардуу, “байгалийн биш” царайтай харагдаад байсан чинь танилцуулгыг нь манай олон улсын харилцааны сургуулийн профессор хэлж байхад элэгний донор болж эрүүл элгээ аавдаа өгч өөрөө хиймэл элэгтэй байгаа юм билээ. Энэ хүн 1996 оноос хойш тасралтгүй парламентад байгаа бөгөөд нийт 5 удаа сонгогдоод байгаа юм билээ. Энэ жилээс эхлэн анх удаа сөрөг хүчин болж байгаа төдийгүй намынхаа даргын сонгуульд саяхан өрсөлдөж байсан нөхөр байх аж. Японы гадаад харилцааны зөвлөлийн тэргүүн, хууль зүйн яамны дэд сайд хийж хийж байсан гэж танилцуулга нь уншигдаж байна лээ. Намтраасаа эхлүүлээд ярьж байгаа, хэлж байгаа зүйлс, хийж бүтээсэн ажлууд, үзэл бодол нь асар их таалагдав. Тийм ч учраас тэсэлгүй блог дээрээ тавихаар цаг гарган сууж байнам.

Японд Либерал Ардчилсан Нам буюу Liberal-Democratic Party of Japan (LDP) ба Ардчилсан нам буюу The Democratic Party of Japan (DPJ) гэсэн улс төрийн хоёр том хүчин байна. Одоогийн ерөнхий сайд Хатояама тэргүүтэнгүүд 1955 оноос хойш анх удаа Японы ардчилсан намыг төрийн эрх барьж буй билээ. Өөрөөр хэлбэл ноён Тарогийн хувьд анх удаа сөрөг хүчин болж үзэж байгаа хэрэг. Өөрөө тэрийгээ хэлэхдээ сөрөг хүчин байх нэг бодлын амар юм. Болохгүй юм гарангуут, эрх баригч нам алдаа гаргангуут нь шүүмжлээд л гээд инээж байх. Парламентийн доод танхим нь нийт 119 гишүүнтэй гэх агаад мань эр одоо 46 настай хирнээ хамгийн залуу гишүүдийн 18-т бичигддэг гээд бодохоор Японы улс төрийн эгнээ хир “хөгшин” буй нь анзаарагдаж буй биз ээ. Яг одоо доод танхимд 20 гаран настай 1 залуу (ерөнхий сайд асан Коизумигийн хүү), 30 гаран насны 2 хүн л байна гэнэ лээ. Мань эрийн сонгосон хүчин зүтгэж буй Либерал ардчилсан нам нь 1955 онд үүсгэн байгуулагдсан агаад Ардчилал, Зах зээлийн эдийн засаг, Либериализм гэсэн гурван зүйлсийг үнэт зүйлээ болгосон агаад тухайн үед ЗХУ хамгийн том дайсан нь байсан гэж ярьж байх юм.

Ер нь ЛАНам гэж юу юм бэ, улс төрийн ямар тодорхойлолт байна гэсэн асуултанд эрх барьж байх үед бол эрх баригч нам гэж хариулдаг байлаа энэ асуултанд. Одоо бол сөрөг хүчний нам гэж тодорхойлж болно гэж хошигнож байснаа яг үнэнийг хэлэхэд хэдэн жилийн өмнө ийм л байсан. Харин одоо бид үзэл баримтлалаа шинэчлэн өөрсдийгөө тодорхойлж байна гээд дараах зүйлсийг хүүрнэв. Мунхаг миний ойлгож буйгаар бол ЛАН нь Монголоор бол Ардчилсан нам, Японы ардчилсан нам нь МАХН болоод байх шиг. Хальт зүйрлэн жишвэл. Учир нь одоогийн эрх баригч нам буюу Ардчилсан нам зүүний чиглэл буюу нийгмийн халамж, бүх хүнийг тэгш байлгах гэсэн зарчим дээр суурилсан зарим нь популист гэмээр амлалтуудыг өгөн сонгуульд ялсан түүхтэй. Жишээ нь хүүхдийн мөнгө (3 хүүхэдтэй айл жилд 1 сая орчим иэн хүүхдийн мөнгөнд авах юм билээ), хурдны замыг төлбөргүй болгоно гэх мэт. Мань эр яагаад өөрийнх нь нам нь үзэл баримтлалаа эргэн харж буй вэ гэхээр аль аль нам нь ардчилсан зарчмыг гол жанжин шугамаа болгодог бөгөөд хоорондоо ялгарах юмтай байж өрсөлдөгч болно. Ялгарахгүй, яг ижил зорилготой бол хоёр тусдаа нам байх угаасаа ямар ч шаардлага байхгүй гээд дараах ялгааг тайлбарлаж өгөв. Либерал ардчилсан нам аль болох цомхон засгийн газар, эдийн засаг, баялгийн өсөлтийг дэмжиж байгаа бол Ардчилсан нам нь нүсэр бүтэц бүхий төрийн дэд бүтэц, нийгмийн баялаг, эх үүсвэрийг ард иргэдэд тэнцүү хуваах зарчимтай ажиллаж байна. Цаашид улс төрийн карьераа хийн дээшлэхийн тулд мань эр дараах зүйлсийг төлөвлөж, саналаа бүр танхимдаа уламжлаад амжсан юм билээ. Үүнд, Японы том компаниудыг төрөөс дэмжин татаас өгдөгийг болиулах (ялангуяа цагаан будааны салбарт асар том татаас улсаас өгдөг юм байна), гүйцэтгэх засаглалын нилээд их эрх мэдлүүдийг орон нутгийн өөрөө удирдах нэгжид шилжүүлэх, хэт их байгаа дүрэм, журам, хязгаарлалтуудыг цуцлах гэсэн гурван том ажил байгаа аж. Энэхүү саналаа баталгаажуулан маш сонирхолтой тоо баримтуудыг дурдав. Жишээ нь, Нарита ба Ханедагийн нисэх онгоцны буудлуудыг дотоод ба олон улсын нислэгээр нь ангилсан журам гаргаснаас болж аль аль өрсөлдөх чадвараа алдаж дунд нь Сеүл дахь Инчонийн нисэх онгоцны буудал олон улсын нислэгийн хамаг орлогыг нь сорж буй аж. Хуучин цаг сайхан байхад Япон улс өрсөлдөх давуу талтай байсан бол одоо Хятад улстай хямд зардал бүхий үйлдвэрлэл дээр өрсөлдөхөд хүнд болж буйг дурдаж байв.

Хэрвээ би ерөнхий сайд болбол (манай сургуулийн зарим профессорууд дараагийн ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн нэг гэж хэлж байсан) Коизумигийн эхлүүлээд дутуу үлдээсэн ажлуудыг дуусгана гэж хэлснээс гадна одоогийн ерөнхий сайд нэг их удахгүй, дараа оны дунд хүртэл албан тушаал дээр үлдвэл их юм гэж тун итгэлтэй хэлнэ билээ. Үүнийгээ дараах зүйлсээр нотлохыг оролдов. Японы төсвийн алдагдал 800 триллион иэнд хүрсэн бөгөөд орон нутгийн төсвийн алдагдлыг оруулбал энэхүү тоо 1100 триллионд дөхөж буй аж. Гэтэл Японы санхүүгийн баялаг буюу нийт хөрөнгийн үнэлгээ одоогийн байдлаар 1400 триллион байна. Энэхүү улс жилд ойролцоогоор 46 триллион иэн төсвийн орлого хэлбэрээр цуглуулдаг агаад үүний 36 триллионийг татварын орлогоор, үлдсэн 10 триллионийг төрийн бусад үйлчилгээ, хураамжаас цуглуулдаг аж. Гэтэл одоогийн эрх баригч намын амласан сонгуулийн амлалтын өртөг нь 97 триллион болоод байгаа бөгөөд зөрүү болох 50 триллион иэнийг хэрхэн, хаанаас босгох нь бараг тодорхойгүй бөгөөд үүнээсээ болоод Хатояама тус удахгүй огцорно гэж байх юм. Тун удахгүй улс төрийн хямрал болно. Энэхүү популист амлалтаас болоод Япон хүн бүр хохирол амсах том эрсдэлтэй буйг хэлж байв. Харамсалтай улстөрчид үүнийг тоохгүй ирэх жил болох парламентийн дээд танхимийн сонгуульд хамаг анхаарлаа тавьж байгааг хурцаар шүүмжилж байв. Өөрөөр хэлбэл no policy but power буюу ямар бодлого байхгүй мөртлөө эрх мэдлийн төлөө үхэлдэж байна гэмой.

Хэрэв ЛАНам засгийн эрхэнд гарвал цагаачлалын асуудлыг илүү чөлөөтэй болгоно гэж ярьж байв. Учир нь Японы хөгширч хүн хүн ам. Зүй нь залуу үеийн татварын мөнгөөр тэтгэврийн хүмүүсийн тэтгэвэр, халамжийг бүрдүүлдэг. Гэтэл залуу хүмүүс ба тэтгэврийн хүмүүсийн харьцаа нь тэнгэр газар шиг зөрүүтэй болж буйгаас гадаадаас ажиллах хүчин оруулж байж энэхүү зөрүүг нөхөхөөс өөр аргагүй гэж баталж байна. Япончууд залуу ажиллах хүчин бэлдэхийн тулд өнөө шөнө “хүүхэд хийлээ” гэхэд 20 жилийн дараа л тэрхүү хүүхэд эдийн засгийн баялаг бүтээж эхэлнэ буюу “It takes 20 years for baby to be in shaped to work” гэж үнэнгээсээ хэлж байв. Тэр хүртэл хүлээвэл Японы эдийн засаг аль хэдийн нураад унасан байхыг баттай хэлсэн. Насны пирамид зурвал Японы улсынх уруугаа харсан пирамид болоод байгаа юм билээ үнэхээр.

Японы санхүүгийн салбарын хэт хаалттай бодлогын талаар асуухад санал нэг байгаагаа хэлээд хязгаарлалтуудыг аль болох багасгаж гадаадын санхүүгийн институцуудыг аль болох олноор оруулж ирэхийг ямагт дэмждэг ба цагаачлалын асуудал ба санхүүгийн эрх чөлөөний асуудлаас болоод Гадаад хэргийн сайдтайгаа хонь, чоно болоод байгаагаа биднээс нуусангүй. Гэхдээ ЛАН ямагт хөдөө аж ахуй, банк, автомашины үйлдвэрлэлийг дэмждэг. Үүнд Сони, Тоёота, Рохм зэрэг хагас дамжуулагчийн томоохон үйлдвэрүүд орох агаад нууц нь ЛАН эдгээрээс голлох санхүүжилтээ авдаг аж. Тэрийгээ харин ч ёстой шударгаар хэлж байна лээ дээ. Коузимиг огцруулсан шалтгаан нь түүний хийж эхэлсэн огцом реформ нь хүмүүсийг сандал, ширээнээс нь салгах эрсдэлд хүргэн нийтээр дэмжигдээгүй юм байна. Аль аль нам дотор байх томоохон фракцуудын талаар бас дурдаж байна билээ. Энэ хоёр намын гол том ялгаа нь ЛАН бизнесменүүдийг түшиглэдэг бол Ардчилсан нам Үйлдвэрчин, Хөдөлмөрчдийн Эвлэлийг түшиглэн стратегийн харилцаатай ажилладаг аж. Үүнээс л энэхүү хоёр намын гол ялгаа, жанжин шугам мэдрэгдэх буй заа. Мань эрийн хэлж буйгаар энэ хоёр нам арав, арван жилээр ээлжлээд төр бариад явбал яг таарна гэж байв. Учир нь ЛАН гараад арван жилийн турш баялаг бүтээх, бизнесийн дэмжих, төрийн дэд бүтцийг цомхон болгох дээр ажиллаад, дараагийн арван жил Ардчилсан нам төрийн эрх мэдэл, нийгмийн халамж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэх мэт. Амлалтаа биелүүлэх мөнгө босгохын тулд тун удахгүй Ардчилсан нам архи, тамхины татварыг нэмэх гэж байгаа агаад дараагийн шатанд чинээлэг хүмүүсийн татварыг нэмэх сурагтай.

Энэ хүн байгаль орчин, хүрээлэн буй орчны талаар маш эмзэг бөгөөд сайхан үзэл баримтлалтай явдаг юм байна. Байгаль орчноо одоо л бид аврахгүй бол оройтлоо гэж халаглах агаад улс бүр төсвийнхөө 25%-ийг байгалиа хамгаалах, байгаль орчинд халгүй технологи хийхэд зарцуулах ёстой. Хувь хүн ч гэсэн адил. Энэ нь нийт таны орлогын 25 хувиас шууд хасагдана гэсэн үг биш, таны орлого жил ирэх тусах өсч байгаа тул орлогын өсөлт чинь л энэ хувиар буурна. Хүмүүс цэвэр орлого нь шууд энэ хувиар буурах юм шиг бодоод байдаг гээд график зуран тайлбарлав. Одоо орлогын 25 хувиа зарцуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа амьд үлдэхийн тулд хүн төрөлхтөн бүх орлогоо байгалиа хамгаалахад зарцуулах болно гэж хатуухан хэлж байна.

Хэрвээ би ерөнхий сайд болвол гадаад тусламжийг 50%-р шууд танана гэж байв. Буцалтгүй тусламж гэхээс илүү хөрөнгө оруулалт дээр анхаарна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж Японы улсын байр суурийг булааж буй Хятад улстай маш анхааралтай харилцана гэсээр яриагаа өндөрлөв. Ирак руу Япон цэрэг явуулахыг хатуу эсэргүүцэж байсан агаад шалтгаан нь тэрхүү дайн нь үнэхээр дайн мөн байсан уу. Иракаас цөмийн зэвсэг олдсон юм уу. Дайн үүссэн шалтгаантай одоо хүртэл санал нэг биш байдаг тул хэзээ ч Ирак руу цэрэг явуулсан шийдвэрийг дэмжихгүй гэж байна. Парламентийн хурлаа бараг таслаад хулгайгаар танай сургууль дээр энэхүү ярилцлаганд ирлээ. Хэвлэлийнхэн намайг асуувал би энд байгаагүй шүү гэж хошигносоор бидний үдэв. Энэ агшинд аавдаа элэгээ өгсөн түүний үйлдэл миний сэтгэлийг хөдөлгөсөн хэвээр буйг анзаарав. Ямар их эрч хүч, ямар их агуу сэтгэл, ямар их эерэг энерги авав аа өнөөдөр! Мань эрийн таамаглал, мэдрэмж үнэн бол тун удахгүй Японы улс төрд хөөрхөн бужигнаан үүсэх нь дээ.

2 comments:

Specter said...

Гоё бичлэг байна. Та ямар мэргэжилээр аль сургуульд сурж байгаа вэ? Их сонирхолтой бичлэгүүд байна.

Leaders of Tomorrow said...

Сонирхолтой байлаа. Баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.