Thursday, 11 September 2008

Banquiers Sans Frontieres

Views

10 нас хүрч буй Хил Хязгааргүй Банкирууд Эх Орондоо Хайртай

Хамт олныхоо хийсэн, хийж буй ажлыг олон нийтэд тайлагнах зорилгоор "хальт" ярилцлага өгсөн ухаантай. ХасБанк гэж хэн бэ гэдгийг та бүхэнд бас мэдээлмээр санагдлаа.

ХасБанкны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд түүхт энэ ойгоо ажлын ямар амжилтаар угтаж байгаа талаар тус банкны Маркетингийн Газрын Захирал В.Ганзоригтой уулзаж ярилцлаа.

  • Юуны өмнө танд болон танай хамт олонд төрсөн өдрийн мэндийг хүргэе!
  • Маш их баярлалаа! ХасБанкны 1,000 гаруй ажиллагсад, 310,000 гаруй харилцагчид болон олон арван хувь нийлүүлэгч, хамтрагч түншүүд нараа төлөөлөн нийт уншигчиддаа бас энэ өдрийн мэндийг хүргэе!
  • ХасБанк өөрөө том холдинг компанийн охин компани гэж сонссон. Толгой компанийн тухай товч танилцуулна уу?
  • Тийм ээ. ХасБанк нь хуучнаар “ХАС-ГЭ” буюу саяхан бид нэрээ өөрчилж “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” хэмээн нэрлэх болсон холдинг компанийн хамгийн том охин компани юм. Уг групп дотор одоогийн байдлаар банк, санхүүгийн түрээс буюу лизинг, хөрөнгө оруулалт, зөвлөгөө, мэдээллийн технологи зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй олон компани ажиллаж байна.
  • Зөв Банк хэмээх алдрыг богино хугацаанд олж авч, бичил санхүүгийн салбарт бусдыгаа түүчээлэн буй банк 10 жилийн өмнө хэрхэн үүссэн нь сонин байна?
  • Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 1998 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх “Майкро Старт” буюу “Бичил Гараа” төслийн хүрээнд бидний үйл ажиллагаа эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, ”Монголын эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар шалгаран, мөн тэдгээрийн хажуугаар Хөгжлийн Алтан Сан хэмээх бичил зээлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулагдсан юм. 1999 онд дээрх төрийн бус байгууллагууд дээр ”Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”, ”Улаанбаатар Ротари клуб”, ”Монголын нээлттэй нийгэм хүрээлэн”, ”Орон нутгийн удирдлагын хөгжил сан” зэрэг дотоодын дөрвөн төрийн бус байгууллагууд нэгдэн, албан ёсоор компани үүсгэн байгуулж, МонголБанкнаас хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрлийг авсан нь “ХАС” буюу “Хөгжлийн Алтан Сан” ХХК болсон билээ. 2001 онд “ХАС” ба “Говийн Эхлэл” ББСБ-ууд Монгол орон даяар нийт иргэддээ хүрч ажиллах, хүмүүнлэгийн чиглэлээр нийгэмд хүчтэй нөлөөлөх зорилгоор нэгдэх шийдвэр гаргасны үр дүнд 2001 оны 12-р сарын 27-нд хоёр байгууллага нийлж, улмаар арилжааны банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг МонголБанкнаас авч, Монгол Улсын арилжааны банкуудаас ашгийн болон байгаль, нийгмийн чиг баримжаатай тулхтай хөгжлийг тууштай дэмжигч ХасБанк үүссэн түүхтэй.
  • Нас бие гүйцэж, эрийн цээнд хүрсэн ХасБанкны үйл ажиллагааны цар хүрээг одоо цухас дурдвал?
  • Банк маань яг өнөөдрийн байдлаар Монгол орны өнцөг булан бүрд байх 74 тооцооны төв, өргөтгөл нэгжээрээ дамжуулан харилцах, хадгаламж, зээл, гуйвуулга, худалдааны санхүүжилт, цахим банк, хөрөнгө зохицуулалт, санхүүгийн түрээс, сургалт, зөвлөгөө зэрэг нийт 40 орчим бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголынхоо ард иргэддээ хүргэж байгаагаас гадна 5 тивд орших 10 гаруй харилцагч банкууд, тухайн улс орнуудын хэдэн мянган шуудангийн салбаруудаар дамжуулан SWIFT, Western Union, Eurogiro-ийн сүлжээг ашиглан Монголыг дэлхийтэй холбосон санхүүгийн гүүр болоод байна. Бидний үйл ажиллагааны 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт төвлөрдөг бөгөөд бүх аймгуудын төвөөс гадна хөдөлгөөнт банкны схемээр 180 сум, хадгаламж зээлийн хоршоод бүхий “Хөгжлийн хөтөч” франчайзингийн загвараар 74 сум, нийт 250 гаруй сумдуудад шууд хүрч үйлчилж байна. 2008 оны эхний хагас жилийн байдлаар банкны актив 177 тэрбум төгрөгийг давж, зээлийн багц 137 тэрбум болж, цэвэр ашгийн хэмжээ 2 тэрбум төгрөгт хүрсэн нь ХасБанкны ажилтан тус бүрийн гавъяа, бахархал юм. Энэхүү амжилт нь ХасБанкны нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг 400 саяас 750 сая төгрөг хүртэл өсгөж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөн хүрээнд цогцоор дэмжих таатай боломжийг ХасБанкинд бий болгоод байна. Нийт хөрөнгийн өгөөж 2.36 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 30.24 хувьд хүрч хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. Үүнээс гадна олон улсын түвшинд хөрөнгө оруулалт хийх, бусад зах зээлд гарч ажиллах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд “Хил Хязгааргүй Банкирууд” уриан дор Хятад, Киргизстан, ОХУ зэрэг төв азийн улс орнуудын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулах, салбар төлөөлөгчийн газар нээх, техникийн туслалцаа үзүүлэх, туршлага солилцох зэрэг байдлаар хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
  • Ийнхүү амжилттай ажиллаж байгаагийн шалтгаан нь юунд байна вэ?
  • Юуны түрүүнд улс орны маань хурдацтай хөгжил, тэр дундаа банк, санхүүгийн салбарын өрсөлдөөн их нөлөөлж байна. 2008 оны эхний хагасын байдлаар Монголын банкны салбарын нийт зээлийн багц 2.6 их наяд төгрөгт хүрч 60 хувийн өндөр өсөлтийг үзүүлээд байгаагаас гадна банкны секторын нийт ашгийн өсөлт 68 хувьд хүрсэн нь банкууд дотоодын зах зээлд амжилттай ажиллаж байгааг илтгээд зогсохгүй гадаадын улс орнуудаас их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж чадаж байгааг илтгэж байна. Зарим банкууд нийтэд хувьцаагаа арилжаалж эхэлснээс гадна гадаадын санхүүгийн байгууллагуудын хувьцааг худалдан авч эхлээд байна. Товчхондоо дүгнэхэд том болон жижиг банкуудын ялгаа улам ихэсч, банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээ нэг стандарт болж байгаа нь яах аргагүй энэ улсын хамгийн хурц бөгөөд “харгис” өрсөлдөөн явагдаж буй салбар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ хүнд хэцүү өрсөлдөөн дунд ХасБанк маш амжилттай явж байгаа төдийгүй зарим нэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлэн ажиллаж байгааг дуулгахад урамтай байна. Жишээ нь, ХасБанк нь түүхэндээ анх удаа нийт активын хэмжээ, харилцах дансны багц, зээлийн багц гэсэн гурван гол үзүүлэлтийн өсөлтийн хурдаараа арилжааны бусад банкуудыг энэ оны эхний хагаст ардаа орхиод байна. Өөрөөр хэлбэл асуултын тань хариуд улс орны эдийн засгийн хурдацтай хөгжлөөс гадна Зөв Банкны зөв удирдлага, ажилтан тус бүрийн шаргуу хөдөлмөрийн нэгдэл гэж хэлмээр байна. ХасБанкны нэг харилцагчид олгож буй дундаж зээлийн хэмжээ 10 жилийн өмнө 100,000 хүрэхгүй төгрөг байсан бол одоо 2 сая төгрөг болсон байгаа нь ХасБанк харилцагч нартайгаа цуг өсөн хөгжиж байгаагийн нэг бодит жишээ юм.
  • Гайхалтай! Энэхүү амжилтын үр дүнгээ нийгэмдээ хэрхэн хүртээж, хамт олонтойгоо хэрхэн хуваалцдаг бол?
  • Дээр дурьдсанчлан ХасБанк нь тулхтай хөгжлийг дэмжигч, нийгмийн хариуцлагыг дээдлэн хэрэгжүүлдэг банк юм. Тус банкны Ерөнхий захирал М.Болд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд 2007 оны 11-р сард үүсгэн байгуулагдаж нийт 20 гаруй тэргүүний шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг багтаасан “Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл”-ийн даргаар сонгогдон идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд банк өөрийн эрхэм зорилгодоо “эрдэнэт хүмүүн, эх дэлхий, эрхэм түншлэл”-ийг онцгойлон тунхаглан мөрддөг хуруу дарам цөөхөн байгууллагуудын нэг юм. Манай хамт олон нийгэм, байгаль орчны удирдлагын тогтолцоог ISO 14001 стандартын дагуу 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль орчин бидний хамгийн чухал сэдэв хэзээд байх болно. ХасБанк “Даяар Тайлагнах Санаачлага” (Global reporting initiative) болон НҮБ-ын “Даян Дэлхийн Гэрээ” (Global compact)-нд нэгдэн орсон албан ёсны гишүүнээс гадна спорт хувцасны дэлхийд алдартай “Nike” пүүстэй хамтран гол цэвэрлэх, хог түүх ажлуудыг нийтийг хамруулан зохион байгуулдаг уламжлалтай. Яг одоо “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк”, “Nike” корпорацитай хамтран Монголынхоо, тэр дундаа алслагдмал газар ажиллаж, амьдардаг охид, бүсгүйчүүддээ зориулан цоо шинэ банкны бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байгаагаас гадна бизнес санаа, санаачлага, хүсэл эрмэлзлэл дүүрэн байвч санхүүгийн боломжоосоо болон мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүст зориулан “Амьдрал үргэлж сайхнаараа” хэмээх реалити телевизийн нэвтрүүлгийг “МХАҮТ”, “Петровис” компани, “Боловсрол” телевизтэй хамтран зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Бид нийгэм, эдийн засаг, боловсрол, спорт, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарыг хамарсан олон арван томоохон ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар ирсэн юм. Он гарсаар “Ирээдүйн Саятан Хасхүү” хүүхдэд зориулсан урамшуулалт хадгаламжийн аян, байгаль орчин, эко системд хор хөнөөлгүй үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хараагүй иргэдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн даавуун уут үйлдвэрлэх төслийг санхүүжүүлж шинэ ажлын байрыг нэмэгдүүлсэн төсөл, Нидерландын “Lek En Linge” ахлах сургуулийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 10 жилийн 88 дугаар дунд сургуульд 55 мянган евротой тэнцэхүйц буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж байгаа, цэвэр усны ундрагыг хамгаалж хүрээлэн буй орчноо цэвэр байлгах “Туул голоо хамгаалъя” зэрэг нийгмийн бүхий л салбаруудад чиглэсэн үйл ажиллагааг анхлан зохион байгуулж дотоод гадаадын байгууллагуудыг түүчээлэн оролцож байна. ХасБанк “Нээлттэй хаалганы өдөр” жил болгон зохион байгуулж гэр бүлийн хүмүүс, хамаатан садан, найз нөхөддөө банк, хамт олон, хамтран ажиллагсдаа танилцуулдаг сайхан уламжлалтай бөгөөд өнгөрсөн хагас сайн өдөр энэ жилийн арга хэмжээгээ маш амжилттай зохиолоо. Дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 70,000 гаруй хүмүүс оролцоод байна. Түүнчлэн өнгөрсөн 7-р сарын 1-ний гунигт хар өдрийн үйл явдалд хохирсон хүмүүст зориулан ХасБанк хамгийн түрүүнд хандивын данс нээж, банк өөрөө 10 сая төгрөг хандивласан бөгөөд цугларсан мөнгийг халдлагад өртсөн аж ахуйн нэгж, харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн ар гэрт зориулан тараагаад байна. Түүнчлэн банк маань “Хасын Хүлгүүд” нэртэй хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн багтай бөгөөд сагсны баг маань сагсан бөмбөгийн лигийн аварга, хөлбөмбөгийн баг маань Боргио цомын аварга, Улсын аваргын мөнгөн медаль, лигийн хүрэл медаль хүртсэн амжилтуудаараа 10 жилийн ойд бэлэг бариад байна.
  • 10 жилийн ойгоороо “Бид эх орондоо хайртай” гэдэг уриан доор танай банк нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж бараг брэнд болгосон гэхэд хилсдэхгүй. Сая олимпийн алт, мөнгөн медальтангууд төрөх үед энэ үг, урианы мөн чанарыг хүмүүс улам их ойлгох шиг болсон.
  • Бид олимпын тоглолтонд оролцсон тамирчин болгоныг явахаас нь өмнө дансандаа мөнгөн урамшуулал бүхий ХасБанкны нэрийн олон улсын төлбөрийн картаар мялааснаас гадна зээлийн эрх нээж өгсөн юм. Түүнчлэн UBS телевизтэй хамтран Монголын олимпийн аваргууд төрөх алтан агшин бүрийг Монголчууддаа шууд дамжуулан үзүүлсэн билээ. Тэгэхээр Монгол Улсын маань анхны хос алт болон мөнгөн медальд ХасБанк өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа шүү. “Бид эх орондоо хайртай” гэж бусдыг уриалан зүгээр нэг реклам сурталчилгаа хийхдээ гол утга нь биш байсан юм аа. ХасБанкны гол санаа, зорилго нь эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, багийн уур амьсгалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, бие биенээ хүндэтгэх, өтгөс нялхсаа хайрлах, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, түүх соёлоороо бахархах чин эрмэлзлэлүүдийн цогц юм. Магадгүй өнөөдөр ХасБанк ургийн овгоо албан ёсоор ажил дээрээ хэрэглэдэг цорын ганц албан байгууллага байх. Уриа үгээр бид реклам хийгээд зогсоогүй банкны бодит бүтээгдэхүүн болгож гаргасан. Энэ нь та бүхний сайн мэдэх алтан соёмбот төрийн далбааны зураг бүхий “Үндэсний бахархал” төлбөрийн дотоодын болон олон улсын эрхтэй Мастер болон Виза картууд юм. Энэ карт Монгол улсын бэлэн бус төлбөр тооцоо, картын зах зээлд хамгийн богино хугацаанд хамгийн олон тоогоор зарагдсан гэсэн үзүүлэлтээрээ рекорд тогтоогоод байна. Түүнчлэн ХасБанк нь нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, улс төрийн үзлээр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай байдаг бөгөөд энэ ч утгаараа үлгэр жишээ ажил олгогч төдийгүй үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэж хэлж болно. Түүнчлэн бид “Олон нийтийн зөвлөл”-ийг банк дээрээ ажиллуулдаг бөгөөд зөвлөлийн гишүүдээр Ерөнхий сайд асан Бямбасүрэн болон Содном гуай, Сангийн сайд асан, нийтлэлч Баабар, Хамба лам Чойжамц, хөгжмийн зохиолч Жанцанноров, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Мөнхөө гуай зэрэг хүмүүс ажиллаж банкны нийгмийн хариуцлага, олон нийтийн ажилд хамтран ажиллаж тусалж явдаг.
  • Мэдээж хэрэг ийм өргөн хүрээнд далайцтай ажиллахад санхүүгийн нэр хүндээс гадна дэд бүтэц маш чухлаас гадна найдвартай байх ёстой биз?
  • Тэгэлгүй яах вэ. ХасБанк нь 2004 онд Монголын арилжааны банкуудаас хамгийн түрүүнд олон улсын хөндлөнгийн үнэлгээг бичил санхүүгийн байгууллагуудын үнэлгээ дагнан хийдэг олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний байгууллага болох “Planet Rating”-р үнэлүүлж “А” үнэлгээг авч байсан бөгөөд 2006 онд “Moody’s Investors Service” байгууллагаас “Ва1” буюу тогтвортой гэсэн үнэлгээг аваад байна. Энэ жил нэмж гуравдагч үнэлгээний байгууллага болох “Fitch Ratings”-р үнэлгээгээ хийлгэж нэр хүндээ улам төгөлдөршүүлэхээр ажиллаж байгаагаас гадна санхүүгийн тайлангаа олон улсын “KPMG”, “Ernst&Young” компаниудаар баталгаажуулдаг уламжлалтай. Банк санхүүгийн салбарын хурдацтай хөгжлийг даган явахын тулд Монголын бараг бүх томоохон арилжааны банкууд банкны үндсэн системээ сольж шинэчлээд байна. ХасБанк ч мөн адил банкны үндсэн системээ сольж байгаа бөгөөд бид мөн л Монголд анх удаагаа банкны үндсэн системийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг “iFlex” компани буюу өнгөрсөн 8-р сард “Oracle” корпораци 81 хувийг нь худалдан авснаар нэрээ өөрчилж “Oracle Financial Services Software Limited” нэртэй болсон энэхүү компанийн дэлхийд нэртэй “Flexcube” гэдэг банкны системийг худалдан авч суурилуулж байгаа нь банкны салбарын түүхэнд хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалтанд зүй ёсоор тооцогдож байна. Түүнчлэн карт эзэмшигч нартаа хүргэх үйлчилгээгээ улам ойртуулахын тулд АТМ буюу бэлэн мөнгөний машин оруулж ирсэн бөгөөд одоо мөн л үйлчилгээний цэгүүд дээрээ суурилуулалтын шатандаа явж байна. Эдгээр бүх програм хангамж, тоног төхөөрөмжийг дагалдаад асар их хэмжээний мэдлэг мэдээлэл, дагалдах жижиг тоног төхөөрөмжүүд ирж байгаа нь зөвхөн ХасБанк гэлтгүй Монголчуудын хувьд оюуны томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэж бид дүгнэж байгаа.
  • Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил, технологи дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Энэ нь ирээдүйд ХасБанкийг хаашаа чиглүүлж байна гэсэн үг вэ?
  • Монгол орон шиг цөөн хүн амтай мөртлөө өргөн уудам нутаг дээр тархай бутархай суурьшдаг улсын хувьд иргэн бүрд санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх хамгийн боломжит бөгөөд найдвартай суваг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, түгээлтийн сувгууд юм. Зөвхөн санхүүгийн үйлчилгээг хүргээд зогсохгүй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөвлөгөө өгөх ажил бидний эрхэм зорилго үргэлж байсаар ирсэн. Бидний гол зорилго маань дундаж болон дунджаас доогуур орлоготой, банк санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, эсвэл бүр авч чаддаггүй алс хязгаарт суугаа иргэн бүрт хүрч үйлчлэх, тэр хэмжээгээрээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, түргэсгэх явдал юм. Гэвч ийм төрлийн зах зээлд хүрч үйлчлэхэд зардал маш өндрөөс гадна эрсдэл бас чамгүй өндөрт тооцогддог.
  • Энэ бүх ажлыг Монголчууд дангаараа хийхэд хэцүүгээс гадна туршлагагүйтэх явдал гардаг уу? ХасБанкны гадаад харилцааны талаар сонирхмоор санагдлаа?
  • Эхлээд ХасБанкны хүний нөөцийн талаар дурдах нь зүйтэй байна. ХасБанкны нийт ажиллагсдын дундаж нас 27 бөгөөд харин захирлуудын дундаж нас 35 байна. Шинэ ажиллагсаддаа зориулж тогтмол зохион байгуулдаг “Хасжуулах” хөтөлбөр байдаг бөгөөд үүний тусламжтайгаар анх шинээр орж буй залуус маань банкныхаа бусад 1,000 залуустай цаг хугацаа алдалгүй мөр зэрэгцэн алхдаг юм. Түүнчлэн удирдлагын баг болон газар, хэлтэс, нэгж болгон сар, улирал тутам хотоос зайдуу гарч чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх, нийт ажилчид шийдвэр гаргах түвшинд хуралдаж санал, шүүмжлэлээ солилцдог сайхан уламжлалтай нь багийн уур амьсгал, хамтач сэтгэлгээнд эерэгээр нөлөөлдөг. Гадаад харилцаа, сүлжээгээрээ Монгол улсын хамгийн том банк гэж хэлмээр байна. Бидний хувь нийлүүлэгч, хамтрагч, түншүүдийн заримаас нь цухас дурдвал IFC буюу Олон улсын санхүүгийн корпораци, EBRD буюу Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, АНУ-ийн Morgan Stanley Банк, Shore Банк, MercyCorps, MicroVest Вест бичил санхүүгийн байгууллага, Calvert-ийн Сан, Голландын Triodos Банкнаас гадна Хөгжлийн Банк болох FMO, Oikocredit, Triple Jump зэрэг сангууд, Швейцарын Credit Suisse Банк, Blue Orchard Санхүүгийн Корпораци, Symbiotics, Dexia зэрэг хөрөнгө оруулалтын сангууд, Германы Хөгжлийн Банк болох KFW, Deutsche Банк зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай өдөр тутмын харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Эдгээрээс гадна Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллага, АДРА, Дэлхийн Банк, Нэн Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк, Германы Техник, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг зэрэг дотоод, гадаадын олон байгууллагуудтай түншийн гэрээтэй ажилладаг. Эдгээр байгууллагуудтай зөвхөн хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэл дээр хамтраад зогсохгүй техникийн туслалцаа, хүрээлэн буй орчинг хамгаалах, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, сургалт, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох төслүүд дээр өргөн хүрээтэй харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Зөвхөн энэ оны эхний 8 сарын байдлаар л гэхэд ХасБанкны нийт 40 гаруй ажилчид АНУ, Герман, Голланд, Бельги, Франц, Англи, Марокко, БНХАУ, Орос, Казакстан, Киргизстан, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Сингапур, Вьетнам, Лаос, Камбож, Балбын вант улс, Египт, Индонези, Энэтхэг зэрэг 20 гаран улсууд руу сургалтанд явж, олон улсын хуралд илтгэл тавьж бусадтай харилцан туршлага солилцон ирээд байна. Банкинд гадаадын зөвлөх мэргэжилтэнгүүд тогтмол ирж ажилладаг бөгөөд яг одоо бидэнтэй тохой нийлүүлэн Энэтхэг, Франц, Герман, Өмнөд Африк, АНУ-ын мэргэжилтэнгүүд хөдөлмөрлөж байгаагаас гадна зарим нь Монгол залуусын шууд удирдлаган доор ажиллаж байгаа нь ХасБанкны гадаад харилцааны түвшин хир зэрэг өндөр байгааг илтгэж байна. Дунд болон дээд шатны менежерүүдийн хувьд ажлын байран дээр англи хэл өдөр тутмын харилцааны хэл болж хэвшээд удаж байна.
  • Гадны иргэд ХасБанкинд ажиллаж байгаа гэдэгт та бүхэн өөрсдийн мэдлэг, туршлага, ноу хаугаа тэдэнтэй хуваалцаж байгаа гэсэн үг үү?
  • ХасБанкны хувьд энэ үйл ажиллагааг нилээд эртнээс эхэлсэн. Банкны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд, газар, хэлтсийн захирлууд, удирдлагууд хөгжиж буй болон хөгжингүй улсуудын бичил санхүүгийн байгууллагууд, банкуудад очиж сургалт явуулах, лекц унших, тухайн байгууллагын удирдлагад гэрээгээр ажиллан техникийн туслалцаа үзүүлдэг. Түүнээс гадна ХасБанкны “Сургалт, Хөгжлийн Төв” энэхүү зөвлөгөө, сургалтыг цогц хэлбэрээр гадаадын байгууллагын мэргэжилтэнгүүдэд хийж мэдлэгээ экспортолдог. Жишээ нь, сүүлийн гурав хүрэхгүй жилийн дотор ХасБанк дээр Камбож, Балбын Вант Улс, Оросын Холбооны Улс, Узбекстан, Казакстан, Киргизстан, Тажикстан, Босни-Герцеговин зэрэг нийт 10 орчим улсын 100 гаруй төлөөлөгч нарт 300 гаран хүн өдрийн хичээл зааж, сургалт хийгээд байна. Маш богинохон хугацааны дотор төслөөс эхлээд ББСБ болж, удалгүй арилжааны банк болтлоо өсөж хөгжсөн загвар гадаадын улс орнуудад бараг байдаггүй юм билээ. Чухам энэхүү туршлага, загвар, мэдлэг нь бидний үнэт капитал гэж үнэлэгдэн гадны улс орнуудад үлгэр жишээ болж байгаа хэрэг юм. Өнгөрсөн 5 сард ХасБанк “Олон улсын бичил санхүүгийн төв”-ийн 11-р бага хурлыг Ази тивд анх удаа зохион байгуулах эрхийг авч нийслэл хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор маш амжилттай зохион байгууллаа.
  • Уучлаарай, Олон Улсын Бичил Санхүүгийн Төв гэдэг нь ямар байгууллага билээ?
  • Энэхүү байгууллага нь Польш улсад төвтэй бөгөөд эгнээндээ дэлхийн 30 гаруй улсын 110 гаруй бичил санхүүгийн байгууллагуудыг нэгтгэж нийтдээ 700,000 гаруй хүмүүст санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, боловсрол, сургалт, зөвлөгөө өгдөг юм. Энэ хурлын үеэр манай банкны ажиллагсад, удирдлагууд нь хурлын төлөөлөгч, гишүүдэд төдийгүй “Олон улсын бичил санхүүгийн төв”-ийн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралд төлбөртэйгээр сургалт явуулж, туршлага, мэдээллээ хуваалцаж өндөр үнэлгээ авсан юм. Энэ хурал Монгол улсад оюуны болон бодит маш том хөрөнгө оруулалт болсноос гадна зөвхөн ХасБанк гэхэд л нэг өдрийн дотор 22 сая америк долларын гэрээнд гарын үсэг зурсан. ХасБанкны Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Олон Улсын Бичил Санхүүгийн Төв”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний нэр хүндтэй албыг хашин Монгол Улсаа олон улсын тавцанд төлөөлөн ажиллаж байна. Энэхүү хурлыг зохион байгуулахаас өмнө бид Монгол Банктай хамтран “Хөгжлийн Санхүүгийн Үндэсний Анхдугаар Бага Хурал”-ыг зохион байгуулж “Үндэсний Ассоциаци” байгуулан ажиллаж байна. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Euromoney” хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож зарим салбар хуралдааныг нь удирдан зохион байгууллаа.
  • 10 жилийн ойн төрсөн өдөртөө барьсан хамгийн том бэлэг нь магадгүй энэ олон улсын цуврал хурлууд байж болох юм. Өөр ямар ажил, үйл ажиллагаагаараа ажилчид, харилцагч, ард түмэндээ бэлэг барих гэж байна?
  • Аливаа байгууллага амжилттай, ашиг орлоготой ажиллахын хирээр хамт олон, ажиллагсад нь хамгийн түрүүнд үр шимийг нь хүртэх нь зүйн хэрэг билээ. Он гарсаар бид ажиллагсдынхаа цалинг шат дараатайгаар 2 удаа нэмэгдүүлээд байгаа бөгөөд банкны салбартаа хамгийн өндөр цалинтай байгууллага болох зорилттой байгаа. Цалингаас гадна улирал бүр ажлын гүйцэтгэлд үндэслэн олгогддог урамшуулал, гар утасны төлбөрийг төлөх, гадаад, дотоодод сургалтанд хамрагдах, тэтгэврийн сан буюу нэрийн данс, хөнгөлөлттэй үнээр байгууллагын хувьцаа худалдан авах эрх, ажилчдын бүх төрлийн хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг ажилчиддаа тусгайлан зориулж ажиллаж ирлээ. Түүнчлэн “Орчлон клуб”-т тэргүүний ажилчдаа сар бүр хөнгөлөлттэй нөхцлөөр явуулж, гадаадын улс орнуудад амраадагаас гадна сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн, бэлтгэлийг долоо хоног болгон тогтмол хийдэг. Эдгээр арга хэмжээ, зохион байгуулалттай ажлууд нь бидний нийгэм рүү чиглэсэн томоохон компанит ажлуудын эхлэл болдог бөгөөд банк хажуудаа “Их талын дуулиан”, ”ХАС” гэсэн хоёр ч ТББ ажиллуулж нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар хэрэгжүүлж ажилласаар байна. Эдгээр байгууллагууд маань “Дуулиан 2020” хэмээх Монгол Улсад брэнд болсон хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон зуун тэмцээнийг орон даяар зохион байгуулж нийт 27,000 гаруй хүмүүсийг хамруулж 488 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулаад байгаагаас гадна Амгалан дахь хүүхдийн асран хүмүүжүүлэх төв, сургуулиудтай урт хугацаанд байнгын холбоотой ажиллаж эрүүл мэнд, боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг. Түүнчлэн наран мандах зүг болох нийслэл хотын зүүн захад баригдаж байгаа “Ургах Наран” хорооллыг сүндэрлүүлж энэ жилдээ багтаж 484 айлыг тохилог орон сууцтай болгох “Монгол Мөрөөдөл”-ийг биелүүлэхээр ХасБанк, “Монгол Мөрөөдөл” төсөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж байна. Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэд, залуу гэр бүл болон нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөө “Нийгмийн Хариуцлагыг хэрэгжүүлэгч” ХасБанк нь Ургах Наран хороололд сүндэрлэж буй орчин үеийн тохилог орон сууцны эхний 114 айлын орон сууцыг эздэд нь хүлээлгэн өгөөд байгаагаас гадна залуу гэр бүлийг дэмжих зорилгоор ТВ5 телевизтэй хамтран “Монгол Мөрөөдөл” реалити шоу зохион байгуулж, нэвтрүүлэгийн ялагчийг 2 өрөө байр, тус нэвтрүүлэгт оролцсон зургаан залуу гэр бүлийг ХасБанкны орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулж гал голомтыг нь асаалцлаа.
  • Танай банкны сурталчилгаа их хүчтэй бөгөөд тогтмол хийгддэг юм шиг санагддаг?
  • Баярлалаа! Нийгмийн бүхий л салбарт хүрч ажиллахыг хичээдэг учраас хүмүүст илүү хүрдэг байх. Харилцагчийн үйлчилгээ нь бидний амин чухал асуудал байдаг бөгөөд энэ ч утгаараа салбар, нэгж болгон дээрээ “Харилцагчийн үйлчилгээний менежер”-ийг тогтмол ажиллуулж байгаагаас гадна ачаалал ихтэй томоохон салбаруудаасаа эхлэн дугаар зохицуулагч машинуудыг суурилуулаад эхэлсэн байгааг та бүхэн анзаарсан биз ээ. Саяхан болж өнгөрсөн сумогийн “Монгол Башё”-гийн гол ивээн тэтгэгчээр оролцон Монгол улсаа Японы бөхчүүдэд, ард түмэнд сурталчилж, арлын оронд амжилттай барилдаж буй бөхчүүдээ дэмжсэнээс гадна “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн цуврал тэмцээнийг “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээр дамжуулан түгээж хамтран ажиллан хойч үеэ дэмжиж байна. Үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, бүх үүрэн телефоны оператор компаниуд, Миний дэлгүүр, Монгол Шуудан ХХК-тай стратегийн түвшинд харилцан ашигтай хамтран ажиллах хэлцэл хийж ажиллаж буйгаас гадна банк хоорондын картын нэгдсэн сүлжээ байгуулах, бэлэн бус төлбөр тооцооны үндэсний стратеги боловсруулах, Цахим арилжааны хуулийн төслүүд, Монголын үнэт цаасны хоёрдогч зах зээл, Зээлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг үндэсний хэмжээний төслүүд дээр “Монголын Банкуудын Холбоо”, “Монголын Ипотекийн Корпораци”, “Төлбөр Тооцооны Үндэсний зөвлөл”, “Олон Улсын Бичил Санхүүгийн Төв”-ийн гишүүнчлэлээрээ дамжуулан идэвхтэй оролцон өөрсдийн зохих хувь нэмрээ оруулсаар байна. Түүнчлэн Монгол Улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, хувийн хэвшлийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлсон бизнесийн бүхий л салбарын дотоодын томоохон төлөөлөл санаачлан МҮХАҮТ-ын дэргэд “Гүйцэтгэх Захирлуудын Клуб” буюу “CEO (Chief Executive Officer) Club”-ийг байгуулсан юм. Гадны бодлого, зааврын дагуу бус Монголчууд өөрсдийн оюун бодол, санал санаачлагаар нэгдэж, улс орноо хурдан хөгжүүлэх боломж бүрэн байгаа бөгөөд тус клуб нь Монгол улсын эдийн засаг, хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн бодлого боловсруулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. “CEO Club” нь анхны хуралдаанаасаа ХасБанкны Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуягийг Ерөнхийлөгчөөрөө сонгон ажиллуулж байна.
  • Энэхүү ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе.
  • Нийт Хасчууд, харилцагч, түнш, хамтран ажиллагсад нартаа амжилт бүтээл дүүрэн 10 жилийн ойн мэндийг хүргэж олон улсад "ХИЛ ХЯЗГААРГҮЙ БАНКИРУУД" уриан дор мэдлэг чадвараа сорьж ажиллан, Монголдоо “БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” уриан дор ажиллан бусдыгаа манлайлж эх орноо хайрлаж хөгжүүлэхийг уриалж байна. 2008 он дуустал бид харилцагчиддаа зориулан төрсөн өдрийн бэлгүүдээ үргэлжлүүлэн барьсаар байх болно. 10-р сарын 10-ны өдөр ХасБанкны өдөр байх болно.

3 comments:

gegeen said...

sain u, mandaad l yavna uu. zurgaa bas tavichaach, hehe. soningiin article-uud deer zuragtaigaa l yavaad baigaa haragdsan, hoorhon l garsan zurguud baileeshdee.

Christian Music Blog said...

Хас Банкны удирдлага, нийт ажилчидад 10 жилийнх нь баярын мэнд хүргэе. Шилдэг нь болохыг зорьж буй зорилгодоо заавал хүрээрэй.
Надад харин хувийн асуулт байна.-Би энэ ондоо багтаж гэрлэх гэж байгаа юм. Тэгээд танай "Ургах Наран" цогцолбор юм уу эсвэл өөр газар байр зээлээр авах боломж байгаа юу, (Бусад банкнууд орон сууцны зээл өгөхгүй байгаа юм байна лээ.) Танай банк харин залуу гэр бүлүүдийг их дэмждэг болхоор энэ талаар сонирхож асууж байна лдаа. Энэ талаар мэдээлэл өгч туслаач. Баярлалаа. Blessings.

Vinzo said...

Сайн байна уу? За та надаас асуулт асуулаа, би хариулъя аа гээл үү. Нөгөө Сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга шиг. Дэлхийн эдийн засгийн хямрал, Монголын өндөр инфляциас болоод манай бүх банкууд зээлээ хязгаарлаад, зарим нь зогсоосон байгаа. Бид ч бас энэхүү давалгаанд өртөж байна. Та өөрийн хүссэн мэдээллээ 1888 руу залгаж асуугаарай. Орон сууцны зээл хариуцсан менежертэй яръя гээрэй.