Views
Мөнгөний харшил
Хураана, хаана,
цуцлана, зогсооно гэсэн үгс сүүлийн үед хаа сайгүй сонсогдож, тэрэнд нь түрлэг
нэмэн “ард түмэн” шаагилдах аж. Хүн юм мартахдаа их амархан юм. Хэвлэлийн
мэдээгээр болон мэдээжээр ажилгүй, харваас чадваргүй хэсэг хүмүүсийн яриагаар
бол дээхнэ үед улаан “пропуск”-аар туулайчлан Орос дэлгүүр орж гоё юм авдаг,
саяханыг хүртэл картын бараагаар өл залгуулж байсан Монгол улсын иргэд өнөөдөр тэрнээсээ
долоон дор байдалд амьдарч буй бололтой юм.
Ер нь бол төрийн
хүч чадал, эрх мэдэл нь баялаг, нэмүү өртөг бүтээгч нараас татвар цуглуулах болон
хуулийг мөрдүүлэх үндсэн чиглэлээр тодорхойлогдох байх. Мөнгөний эрх мэдэл нь
татвараар дамжих тул цуглуулах татвартай байхын тулд бодитой бөгөөд бяртай татвар
төлөгчтэй байх ёстой болж таарах нь. Татвараа зохих ёсоор төлж байна уу,
хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж байна уу гэдэг асуудлууд нь төрийн бас нэг
зохицуулах үүрэг мөнөөс мөн. Түүнээс бус төр аливаа бизнесийг удирдаж түүнээсээ
төсвийн орлогоо бүрдүүлэхээсээ илүү хувийн хэвшилтэй шууд өрсөлдөх нь үнэндээ “Монгол
Улс ХХК”-ийн хувьд “илүүц” ажил юм. Ашгийн төлөө бус ажилладаг төрийн бус
байгууллага гэсэн статустай хуулийн нэгж байдагчлан ашгийн төлөө ажилладаг
төрийн байгууллага? Ер
нь бол хийж байгаа бизнестээ сэтгэл ханамжгүй байгаа нөхөр хэрэглэгчийн эрх
ашиг, сэтгэл ханамжийг бодно гэвэл юу л бол. Нөгөө талаасаа нэг удаа хийгээд
гарах бизнесийн хувьд тухайн бизнес эрхлэгчид сэтгэл ханамж огт падгүй билээ.
Магадгүй баялаг
бүтээдэггүй, “бага” хэмжээгээр бүтээдэг улсын “ард түмнийг” тархиар нь
удирдахаас илүү ходоодоор нь удирдах хялбар гэдгийг “арилжаа” хийж богино
хугацаанд тэнгэрт тулсан нэг удаагийн ашиг хийх гэсэн хүмүүс сайн мэддэг ба энэ
схем нь ч сайн ажилладаг. Түүнчлэн мөнгийг татвараар хурааж цуглуулдаг нөхөр уг
мөнгийг яаж хөдөлмөрлөж олдгийг огт ойлгохгүй юмаа гэхэд ойлгож буй царай
гаргаж суралцах “ахуйн соёл” ч зарим хүмүүст ус агаар нэгэн адил хэрэгтэй мэт.
Мөнгө гэдэг зүйл
бол үнэндээ солилцоо, арилжааны л итгэлцүүр хэрэгсэл. Хуучин 5 ширхэг дугуй
булантай цай 1 төлөгтэй тэнцдэг байсныг л юниверсал болгож мөнгөн тэмдэгттэй
байхад л цайгаа авна уу, хонио авна уу уян хатан болгосон хэрэг. Үүнд төрийн
бодлого явдаг байх. Харин чи их цай уугаад “давамгайлах” байдалтай хэрэглэгч
болоод байна, эсвэл чи хэт цөөн хонь зараад зах зээл дээр “цөөнхийн дарангуйлал”
үүсгээд байна гэж ярьж байгаа бол нөхдүүд өрсөлдөж чамаас их цай ууж шингээдэг,
эсвэл олон тооны хонь зардаг, “үйлдвэрлэдэг” хүмүүс хэрэгтэй. Хамгийн гол нь
ийм өрсөлдөгч нарыг төр зохиомолоор үүсгэх ёсгүй юм. Тэр дундаа тэр өрсөлдөгч
нар нь гонгиносон “ард түмэн” огтоос биш юм. “Энгийн” хүнээс илүү цай уудаг
нөхрийг төр чи хэрэглээгээ багасгаач, бусдыгаа бод гэж хэлж болмоор мэт боловч
өөр хоньтой айл байхгүй байхад хямгадаж зарж байгаа хонийг нь бүгдийг нь зар,
ард түмэн өлсөөд байна гээд төр шууд оролцох нь логикгүйгээр барахгүй гэмт
хэрэг билээ.
Магадгүй гарц нь төр хонь тэжээж, мал маллах байх. Нэгдлээ буцааж
байгуулаад “улсын малчин” гэсэн төрийн албан хаагчдаар махны үнээ хянаж, удирдаж
чадахгүй гэж үү? Цай “их”
уудаг хүний хувьд хэрэглээгээ багасга гэж хүчлэхээс гадна төрийн үүрэг бол өөр
цай хийдэг, оруулж ирдэг, зардаг үүсвэрийг олох, хөхүүлэн дэмжих явдал байх.
Гэхдээ оролцогч нар нь дэлхийнхийг байг гэхэд улсын болон үйлдвэрлэл,
худалдааны стандартыг заавал хангаж, хатуу мөрдөх ёстой. Тэрнээс бус өглөө хонь
нядалсан нүцгэн гараараа өдөр нь цай нунтаглаад уутлаад сууж байж болохгүй л
болов уу.
Харшил гэсэн нэг
ойлголт байдаг. Шарилжны, гичний, амьтны, ургамлын гээд л. Үүн дээр нэмэгдээд
мөнгөний харшил үүсч буй бололтой. Магадгүй их мөнгөний бараа хараагүй, том
урсгал дунд явж үзээгүй байхад нь мөнгө муухай, мөнгөтэй хүмүүс муу, ядуу
амьдрах нь бахархал, шантаажилж ажиллах нь гайхамшиг гээд “нөгөө нэг” экосистем
нь мөнгөний харшлын үндэс суурийг бэлдээд өгдөг байх. Зөв экосистем дотор уул
нь мөнгө зарцуулдаг бүлгээс илүү мөнгө олдог, баялаг бүтээдэг бүлэг нь илүү нэр
хүндтэй байдаг юм билээ. Хувийн хэвшлийг нийтээр нь үзэн ядаж байгаа нь унаж
яваа морио нядалж буйтай адил. Эсвэр “төр” гэдэг огт хоол иддэггүй, ус огт уудаггүй
морьтой болох ёстой. Ядаж байхад морь унасан нь толгойгүй ч юм шиг.
Аливаа харшлийг
эмчлэхийн тулд дарах эмийг нь уудаг эсвэл харшил үүсгэгч объекттой “хүрэлцэхүйн
эрхтэнүүдээрээ харилцана таалалцахгүй” байх ёстой. Мөнгөтэй харилцаж “хүрэлцэж”
харшил авахгүйн тулд мөнгийг байхгүй болгож буцаад бартерийн систем рүүгээ
шилжих сонголт онолын хувьд байж болох. Даанч хонь зардаг нөхөр ууж барахгүй их
цайгаар хонио солих нь юу л бол. Тэр ч утгаараа мөнгийг таалахгүй “мунхаг”
этгээд маш цөөхөн бололтой юм билээ. Бартердах гэхээр өөрсдөө үйлдвэрлэдэг
бүтээгдэхүүн буюу баялаг цөөн, тэр дундаа энэ үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүнүүдээс нь бэлэн мөнгөөрөө байг гэхэд бардердаад авъя аа гээд оочирлодог
худалдан авагч бүр цөөн. 1990-ээд оны сүүлээр Талх Чихэр компани дээр үйлдвэрлэлийн дадлага хийж байхад
ажилчид нь цалингаа нэмүүлье гээд дарга дээрээ орж билээ. Дарга ганц л өгүүлбэр
хэлээд хаалгаа хааж байсан юм. Тэр нь дэлгүүрүүдийн лангуугаар дүүрэн хэвтэж
байдаг зарагддаггүй чихрүүдээ зарчихаад цалингийн нэмэгдлээ надаас нэх гэж.
Уул нь аливаа нэг
салбарын тэргүүлэгч, манлайлагч, лидер байна гэдэг нь аж ахуйн нэгждээ ч тэр, хувь
хүн талдаа ч тэр дээд зэргийн бахархал байх ёстой. Манай орны хувьд тэргүүлэгч,
лидер байна гэдэг нь бахархал бус шийтгэл, ял болж хувираад байна уу даа.
Хамгийн царайлаг хүүхэн нь янхан, залуу нь гэй, амжилттай ажиллаж буй залуус нь
хэн нэгний татаас, бууны нохой, дарга хийж байгаа нь гуйлгачин байсан
луйварчин, гайгүй ажиллаж байгаа компани нь түмнийг шулагч, ардыг мөлжигчөөрөө
дуудуулаад л явж байна. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн энэ том масс дотор
сайн нь ч бий, муу нь ч буй нь ойлгомжтой. Хамгийн чухал нь сайн уу, муу юу, “ориг”
нь уу, хулхи нь уу гэдэг стандарт норм ба түүний хяналт, ил тод байдлыг нь л
тодорхой болгож хатуу хэрэгжүүлэх нь төрийн үндсэн үүрэг бус уу?
Хөрөнгө оруулагч
нар гадаад улсад бизнес эрхлэхдээ хэдхэн хүчин зүйлсийг л харгалздаг. Үүний нэг
нь хямд ажиллах хүчин. Ийм ч учраас Хятад, Энэтхэг, Зүүн Европ руу дэлхийн
бүхий л том компаниуд салбараа нээж үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Австрали улс
гэхэд жишээ нь Holden гээд
өөрийн үндэсний брэнд автомашин гаргаад олон жил болж буй боловч амжилтанд
хүрээгүйгээр барахгүй Япон, Солонгос, Америк машины импорт жилээс жилд
нэмэгдээд байв. Шалтгаан нь Австралийн машины үйлдвэрт ажиллах нэг ажилчны
зардал ухаан нь Тоёотагийн зүүн өмнөд азийн аль нэгэнд буй салбарын ажилчны
цалингаас нилээд өндрөөр барахгүй зөрүү нь улам ихэссээр байх аж. Эцсийн
дүгнэлт нь хүний нөөцийн зардлын хувьд Австрали улс зүүн өмнөд азитай өрсөлдөж
чадахгүй ажээ. Үүнтэй адил Монгол шиг Вьетнамуудаар машинаа засуулдаг, Хятадуудаар
байшингаа бариулдаг, Хойд Солонгосуудаар замаа бариулдаг, Филиппинүүдээр
хүүхдээ харуулж, хоолоо зөөлгөдөг, Украинуудаар дуугаа дуулуулдаг, зүүн
европууд байтугай хар арьстан бүсгүйчүүдээр тайчуулдаг амьтад маань хүний
нөөцийн хувьд хямдхан байж, жишээ нь Хятад, Энэтхэгтэй жинхнээсээ өрсөлдөж
чадах уу? Жинхнээсээ гэдэг нь
цалингийн хэмжээнээс гадна бүтээж буй бүтээмж, оруулж буй хувь нэмрээрээ? Мөнгөний харшилтай хүмүүст зохих уу?
Социализмийн үед
өвөө эмээгийн бүтээсэн бааз суурин дээр аав, ээж нарын маань зах зээлийн
шилжилтийн үед бий болгосон нэмүү өртөг, үнэ цэнийг өнөөх өвөө, эмээ нарын хөөрхөн
ач хүү, зээ охид нь харин ч арай сүйдийг нь хутгачихгүй байлтай.
Тиймээс явж явж харшлийн
эсрэг эм л ганц хувилбар юм уу даа. Тэр эм нь харин юу юм бол доо золиг гэж?
Зарчмын хувьд бол
шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө тухайн хувь хүн шатаана уу, луувангаа үрнэ үү,
лаагаа асаана уу, түүнтэй адил хуулийн хүрээнд хөлсөө гоожуулан бүтээсэн
баялагаа аж ахуйн нэгжүүд хэрхэн үрж, ямар нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхээ “ард
түмнээс” асууж “зөвлөлдөх” ямар ч үүргийг хуулийн өмнө хүлээгээгүй байдаг юм
билээ. Магадгүй хуульчилбал хуулиа л дагах байх л даа манай хувийн хэвшлийнхэн...
1 comment:
Улам бүр анзаараад, байтлаа өөрөөсөө хүртэл олж хараад байгаа нэг доголдол согог бол тамын тогооны сэтгэлгээ юм даа. Би төрөхдөө хажуу оронд чарлаж байгаа нярай нөхөрт атаархаагүй л байлтай. Харин бойжиж төлжихдөө өөртөө хурааж, хуримтлуулаад байгаа сэтгэлгээ нь яалт ч үгүй бусдын илүүд жөтөөрхөж, буруушаан нухчин дарж, социалист байдлаар ижил түвшинд оршин тогтнох гэсэн эрэмдэг суртахуун болж байна. Энэ эмгэг хэдэн арван жилийг дамжин эдгэхийг хэлж мэдэхгүй ч ирээдүйдээ өвлүүлэхгүй өөрөө авсандаа авч орохсон гэсэн бодол л тээж байна даа
Таны өгүүлэл цаанаа ёж утгатай наанаа чамин гаргалгаатай яв цав, товч тодорхой байдгын учир нь их уншиж, удаан тунгаасан оюуны нөөц гэж бодох юм. Бичээд л байгаарай. Нэг тийм мөлжүүртэй үгс үргэлж л дутагддаг юм!
Post a Comment