Views
6 сарын дундуур Аэро Монгол компанийн Фокер-50 онгоцыг хөлөглөн анх удаагаа Баян-Өлгий аймгийг зорин явлаа. Изинис компанид ажилладаг найз маань манай онгоцоор ниссэнгүй гэж утсаар гомдол тавьсаныг эс тооцвол Аэро Монгол компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна. Орон нутгийн нислэгээр мөн анх удаагаа нисэж байсан тул юм бүхэн надад шинэхэн бөгөөд сонирхолтой байв. Эелдэг, шуурхай онгоцны үйлчлэгч залуус, ил сэнс бүхий жижигхэн онгоц, Баян-Өлгий дэх шороон зам бүхий онгоцны буудал, мөнх цасан орой бүхий сүрлэг өндөр уулс, цавчим хурц хад асга бүхий нурууд, дээгүүр эргэлдэн нисэх элээ шувууд, шавар байшин, чулуун хашаанууд, хамгийн гол нь Монгол улсын маань нэгэн ам бүл болох Казах зон олон, тэдний амьдрал ахуй, ёс заншил, уламжлал нь онцгой анхаарлыг минь татаж байв.
Бороо хур багатайгаас болоод зуншлага хаа сайгүй тааруу байгаа нь хамгаас харамсалтай байлаа. Жаахан салхи гарангуут л нүүр нүдгүй шороо шуурах нь үнэхээр хэцүү. Ялангуяа Өлгий хавиар хад асга бүхий өндөр уулс, шороо, элсэн давхарга бүхий газар нутагтай бөгөөд энэ газраас хонь, ямаа нь яаж өвс, тэжээлээ олж идэн голоо зогоодог юм бол гэж гайхмаар бас өрөвдмөөр. Гэсэн ч санасныг бодвол Өлгий хот маань харьцангүй том суурин газар байсан бөгөөд гадаадын нэг хотод ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шашны хүмүүс, бүсгүйчүүдийнх нь өмссөн хувцас, алчуур, хэл яриа, үндэсний хоол зоог нь үнэхээр сонирхолтой бөгөөд дэгжин аж. Зарим хүмүүс Монголоор сайн ойлгодоггүй, Монгол хэлээр ярьж чадахгүй байснаас хэл нэвтрэлцэхэд үл ялиг бэрхшээл гарч байв. Харин Казах охидууд Халх охид бүсгүйчүүдийг бодвол нүд, хөмсөг сайтай юм байна гэсэн хувийн дүгнэлт хийгээд ирсэн гэж байгаа. Баян-Өлгийд очиж байсан “билгийн” нүдтэй нөхдүүд надтай санал нийлэх байх аа гэж бодож байна. Автомашин, өөрөө явагч хэрэгслийн тоогоороо Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дараа ордог гэдгийг өөрөө очиж үзээд л итгэлээ. Үнэхээр машин ихтэй газар байх боловч энэ аймагт амьдардаг 30,000 хүн маань зам харгүйн асуудлаа тийм ч сайн шийдээгүй нь мэдрэгдсэн.
Түрэг, Орос нөхдүүд цөөнгүй явж байснаас гадна суурин бизнэс эрхэлдэг бөгөөд гадны жуулчид их ирж Алтай Таван Богд, Цамбагарав Хайрханыг зорин явдаг юм байна. Энэ аймгийн давуу тал нь шууд Орос, Хятадтай хиллэх бөгөөд худалдаа арилжаа хийж чанартай, боломжийн үнэ бүхий бараа товаарыг Улаанбаатараас зөөлгүй авах боломжтой.
Махыг аймшигтай ихээр хэрэглэдэг ард түмэн байх аж. Нэг ам бүл өвөл идшиндээ дунджаар нэг адуу, нэг үхэр, арван хонь төхөөрдөг гэх. Үндэсний хоол болох чанасан мах, ногоо, гурил нь салахын аргагүй амттай. Хамгийн хүндтэй хүмүүстээ чанасан толгой бүхий тэргүүтэй цартай махыг өргөн барьдаг бөгөөд дундаа хоолоо тавин гараа угааж байгаад олуулаа хуваан иддэг нь энэ ард түмэн “багийн” тоглолт сайтайг илтгэж байгаа мэт бөгөөд ширээ тойрон сууж байгаа хүмүүсийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг юм билээ. Хоолныхоо өмнө мөн хамгийн настай, эсвэл хамгийн хүндтэй хүн нь ерөөл айлтгаж, Аллах тэнгэртээ залбирдаг бөгөөд би насны шалгуураар нь биш шүү гэхдээ нэрийн хуудсан дээрх “албан тушаал”-ын шалгуураар ерөөл хэлэх болж Аллах бурханд хамт олноо төлөөлөн нийт хамт олныхоо эрүүл мэнд, ажлын өндөр амжилтыг хүсэн хандсан билээ. Өдөрт таван удаа мөргөлийн цаг байдаг бөгөөд тухайн цагуудад аймгийн төв даяар цагаан хоолойгоор мөргөлийн дуу явж, хүмүүсийг мөргөлөө үйлдэхийг сануулдаг юм билээ. Сүмд нь очиж үзнэ гэж төлөвлөж байсан боловч цаг гаргаж амжаагүйдээ жаахан харамсаж сууна. Казах хүн казах хүнтэйгээ суухыг эрхэм болгодог ч сүүлийн үед залуус нь чөлөөт сонголт хийж байгаа гэж ярьж байна лээ. Хайр сэтгэл гэдэг хаашаа ч хамаагүй визгүй зорчдог зүйлийг ямар ч шашин барьж дийлэхгүй биз дээ.
Казах ард түмнийг хөдөлмөрч ард түмэн гэж ярьдаг нь хоосон яриа огт биш байсан бөлгөө. Бидний буудалласан казах эсгий гэр бүхий хотхоныг ямар сайхан тохижуулсан байсан гэж санана. Дээр хэлсэнчлэн хад асга, элс, шороо бүхий гудамжин дунд баянбүрд мэт нов ногоон орчныг бүрдүүлж, төрөл бүрийн үзэсгэлэнт мод тарьсан байхаас гадна зүсэн зүйлийн шувууд жиргэлдсэн диваажин мэт орчныг бүрдүүлсэн байлаа. Энэ хотхон руу ороход такс нь нэг зуун төгрөг гэх бөгөөд залуус оройдоо ирж төгөлд суун юм ярилцан хөгжилдөж чөлөөт цагаа өнгөрөөдөг юм билээ. Энэхүү хотхоны эзэн нь хийж буй ажил болох байгаль орчиноосоо үнэн кайф авдаг этгээд бөгөөд ёстой насны жаргалаа эдэлж буй атаархмаар хүн байх.
Казах эсгий гэрт хоног төөрүүлж, домборын гайхамшигтай аялгууг сонсон, тэнгэрийн хүчит араатан болох бүргэдийг гар дээрээ суулган дэвүүлж, үндэснийх нь чамин эдлэлээр гоён гангарч, “Найрамдал” уулан дээрээс нь Өлгий хотыг тольдон, спорт урлагийн төрлөөр хоорондоо өрсөлдөн, хамт олныхоо санал, сэтгэгдэл, шүүмжлэлийг сонсон Ховд голын эрэг дээр бултаараа хөгжилдсөн мартагдашгүй сайхан дурсамжийг тээн Улаанбаатар хотноо буцан ирлээ. Мартагдашгүй сайхан гэдэг нь Увс, Ховд аймгаас ирсэн салбарын залуус маань Өлгийн салбарынхан, Улаанбаатараас очсон бидэнтэй хэдий хоёрхон хоног цуг байж танилцсан ч хоёр жил цугтаа ажилласан юм шиг бие биенээ ойлголцон хамт олон, найз нөхөд болж, тус тусын аймаг, хот руу явахдаа бүгд бие биендээ хоргодон зарим хүмүүс нь нулимс унагаж байснаар хэмжигдэх буй заа.
Бид эх орондоо хайртай!
2 comments:
Nice writing. F50 bol uneheer dajgui agaariin hulug shuu. Gehdee suuliin ued delhii deer accident bolson statistic-eer bol jaahan hetsuu. Airline gedeg chin ashiglaj baigaa ongotsnoosoo gadna hamgiin gol zuil bol safety baidagiig medeh baih. Ter talaaraa l AeroMongolia jaahan muu baidag yum shig nadad sanagddag. Gehdee bi end AeroMongoliag muulah gej baigaan bishee. AeroMongolia sain ajillaj baival ard tumend, ter tusmaa airline businessd private company ajillaj boldog gedgiig ene tur zasagt medruulj, haruulahad chuhal ach holbogdoltoi yum. Ene salbariin huvid ene asuudal ni mash chuhal. Mongoliin tur zasag chin MIAT gedeg compania tahin shutsen, teriigee tegeed tur l hariutsaj ajilluulbal ashigtai, naidvartai gedegt itgedeg subject shuu de. Mongoliin agaariin teevriin salbart liberilization zailshgui amin chuhal asuudal bolood baigaa ni bodit yum. MIAT JSC-iig huvichilaad, agaariin teevriin salbariig liberalchilj, ene salbart ursulduun oruulj baij ene salbar uuruu eruul buguud ursulduunt orchind orno. ingesneer uil ajillagaa naidvartai, ayulgui bolj, hamgiin gol ni une buurna gedeg ni oilgomjtoi. Alivaa negen business urtug buyu cost-d suurilsan baidag buguud yalanguya airline business-iin uil ajillagaa urtugt suurilsan baih yostoi. Ingej baij l ayulgui, naidvartai uil ajillagaa yavuulah bilee. Urtugt suurilsan price-gui, gadaad nislegiinhee orlogoor dotoodiinhoo nislegiin aldagdalaa nuhdug MIAT geech hadnii mangaag ali boloh ert huvichilna, ter tusmaa Mongoliin niit ard irgeded sain gedgiig hen hungui medej baigaa gedegt itgej baina.
Er ni bi neg Airline-iin business-iin talaar neg bichij chinii ene blog deer taviulya. Bolno biz de?
Cheers,
Bi bas 90-eed onii suuleer Ulgiid ajlaar ochij 2 honoson. Gadaadad irchihsen yum shig sanagddag ni unen shuu. Ter uyed Hovdiin gol uyerleed budag shig shav shar unguur ursaj baisan ni odoo hurtel setgeld todhon. Lagman gedeg hooloor dailuulj baisan. Tom tom havtgai guriltai hool bailuu daa.
Saihan yavaad irjee. Bid yer ni Mongol nutgaa ter bolgon medehgui dee. Yalanguya uzesgelent saihan baigalitai gazruudaaraa neg yavaad uzchihmeer...
Post a Comment